Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 1971

 

БНСУ-ын “P” компанийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Мөнхзул, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 181/ШШ2019/01828 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч:БНСУ-ын “P” компанийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “А” ХХК-д холбогдох,

 

Үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргуулах, үл хөдлөх эд хөрөнгийн түлхүүрийг хүлээлгэн өгөхийг даалгах, 304 124 930 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Зохигчдын давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ундрах-Эрдэнэ,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Отгонбаатар,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Долгорсүрэн,

Хариуцагчийн өмгөөлөгч Г.Дэлгэрсайхан

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхнаран нар

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: БНСУ-ын “P” компани нь хариуцагч “А” ХХК-тай 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдөр орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж, Сүхбаатар дүүргийн 1-р хороонд байрлах Олимпик резиденс оффис, үйлчилгээ, орон сууцны зориулалттай цогцолбор барилгад 205 м.кв орон сууц, авто зогсоолыг бариулж эхэлсэн.

Ингээд манай компани гэрээний дагуу урьдчилгаа төлбөрийн 40 хувь буюу 223 008 ам.долларыг 2014 оны 06 дугаар сарын 03-ны өдөр, үлдэгдэл 20 хувь буюу 111 504 ам.долларыг 2014 оны 10 сарын 01-ний өдөр тус тус төлсөн байдаг.

Гэтэл хариуцагч “А” ХХК нь 2015 оны 06 сарын 30-ны дотор орон сууц, авто зогсоолыг хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй бүтэн 3 жил гаран хугацаа хэтрүүлсэн тул манай компани 2018 оны 05 дугаар сарын 08-ний өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл хугацаанд гэрээний үүргийг хожимдуулсны алданги нэхэмжилсэн.

Ингээд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 181/ШШ2018/01950 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 2249 дугаартай магадлалаар алдангид 91 237 479 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 614 137 төгрөгийг тус тус хариуцагч “А” ХХК-аас гаргуулахаар шийдвэрлэсэн байдаг.

Гэвч хариуцагч “А” ХХК нь гэрээний үүргээ биелүүлэхгүй, дахин хугацаа хэтрүүлсэн ба 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр орон сууцыг бэлэн болгосон юм. Түүний зэрэгцээ орон сууц захиалан бариулах гэрээнд орон сууцны түлхүүр гардуулах өдөр сүүлчийн үлдэгдэл 40 хувийн төлбөрийг төлөхөөр заасан байхад “А” ХХК нь түлхүүр гардуулаагүй атлаа үлдэгдлийг шаардсан.

БНСУ-ын “P”  компани нь шүүхийн шийдвэрийн дагуу “А” ХХК-аас гаргуулах алданги 91 237 479 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 614 137 төгрөгийг төлбөрөөс тус тус хасч, гэрээний үлдэгдэл төлбөр 40 хувийг 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр шилжүүлж төлбөр тооцоог бүрэн дууссан.

Ийнхүү үлдэгдэл 40 хувь 223 008 долларын төлбөрийг шилжүүлэхдээ гэрээ байгуулах үеийн ханш 1818.32 төгрөгөөр тооцож шилжүүлсэн. Учир нь Орон сууц захиалан бариулах гэрээний 2.2 дахь хэсэгт 1 ам.долларыг тооцохдоо гэрээ байгуулах үеийн Монгол банкны ханш 1818.32 төгрөгөөр тооцно гэж, мөн гэрээний 2.3.2-т төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр хийнэ гэж тус тус заасан байдаг.

Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрлах Олимпик резиденс оффис, үйлчилгээ, орон сууцны зориулалттай цогцолборын 1101 тоотод байрлах 205 м.кв талбайтай орон сууц, зоорийн давхарт байрлах 1 ширхэг автомашины авто зогсоолыг БНСУ-ын “P” компанийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай БНСУ-ын “P” компанийн нэр дээр уг хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай “А” ХХК-ийн албан бичиг,

-уг цогцолборын захиалагчдын оруулсан хөрөнгийн хэмжээг тусгасан жагсаалт,

-Захиалагч БНСУ-ын “P”  компани нь гүйцэтгэгч “А” ХХК-нд төлбөр тооцооны өргүй, төлбөр тооцоо дууссан тухай албан бичиг,

-уг цогцолборын барилга байгууламжийг бүтэн харуулсан гэрэл зураг,

-уг цогцолборын барилга байгууламжийн зураг төсөл,

-уг цогцолборын барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын дүгнэлт,

-уг цогцолборт эрх бүхий байгууллагаас олгосон байршлын хаяг,

-уг цогцолборын байршиж буй газрын мэдээллийн санд бүртгэгдсэн газрын кадастрын зураг, газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны дүгнэлт зэрэг баримт бичгүүдийг тус тус гаргуулж,

-уг цогцолборын 1101 тоотод байрлах 205 м.кв талбайтай орон сууц, зоорийн давхарт байрлах 1 ширхэг автомашины авто зогсоолын түлхүүрийг БНСУ-ын “P”  компанид хүлээлгэн өгөхийг хариуцагчид даалгах, 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл нийт 234 хоногийн хугацаа хэтрүүлсэн алдангид 304 124 930 төгрөг гаргуулж, БНСУ-ын “P”  компанид олгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: БНСУ-ын “P” компани нь манай компанитай 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 1101 дугаар орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан.

Уг гэрээний дагуу захиалагч БНСУ-ын “P” компани нийт 557 520.12 ам.долларыг бүрэн төлснөөр захиалгат объектыг хүлээн авах үүрэг хүлээсэн. Гэвч БНСУ-ын “P” компани нь гэрээний сүүлийн төлбөрт 223 008.12 ам.доллар төлөхөөс 104 111.79 ам.долларын төлбөрийг дутуу төлсөн.

Нэхэмжлэгчийн зүгээс гэрээний үлдэгдэл төлбөр болох 104 111.79 ам.долларыг бүрэн барагдуулсан тохиолдолд манай компанийн зүгээс захиалгат объект болон түүнд холбогдох өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг БНСУ-ын “P” компанийн нэр дээр гаргахад шаардлагатай баримт бичгүүдийг хүлээлгэн өгөхөд татгалзах зүйлгүй.

Нэхэмжлэгч БНСУ-ын “P” компани нь 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 1101 дугаар Орон сууц захиалан бариулах гэрээнд заасан төлбөрийг бүрэн төлөөгүй байх тул захиалгат объектыг хүлээлгэн өгөх, холбогдох баримт бичгийг гарган өгөх боломжгүй байна.

БНСУ-ын “P” компани нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх болон Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс гарсан шийдвэрийн дагуу гэрээний төлбөрөө бүрэн төлж орон сууцыг хүлээн авах эрхтэй болох ба энэ талаар БНСУ-ын “P” компанид удаа дараа мэдэгдсэн боловч үлдэгдэл төлбөрөө өнөөдрийг болтол төлөөгүй, манай компани 2015 оны 5 дугаар сарын 08-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх алданги 304 124 930 төгрөгийг төлөх хууль зүйн үндэслэлгүй.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.8, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “А” ХХК-аас нийт 152 062 465 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч БНСУ-ын “P” компанид олгож, үлдсэн 152 062 465 төгрөгийг, албан тоот, үл хөдлөх эд хөрөнгийн захиалагчийн нэрсийн жагсаалт, барилга байгууламжийг бүтэн харуулсан гэрэл зураг, барилга байгууламжийн зураг төсөл, барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын дүгнэлт, эрх бүхий байгууллагаас олгосон байршлын хаяг, кадастрын зураг, газрын төлөв байдлын чанарын улсын хянан баталгааны дүгнэлт гаргуулах, 1101 тоот байрлах 205 м.кв талбайтай орон сууц, зоорийн давхарт байрлах 1 ширхэг автомашины авто зогсоолын түлхүүрийг БНСУ-ын “P” компанид хүлээлгэн өгөхийг даалгах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч БНСУ-ын “P” компанийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 1 818 980 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “А” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 918 262 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч БНСУ-ын “P” компанид олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн дүгнэлтээр Орон сууц захиалан бариулах гэрээний үлдэгдэл төлбөрт буюу захиалагч БНСУ-ын “P” компаниас гүйцэтгэгч “А” ХХК-д төлөх 97 465 934 төгрөгийн үлдэгдэл төлбөр байгаа учраас орон сууц, авто зогсоолын түлхүүр, орон сууц авто зогсоолыг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгүүд гаргуулах шаардлагуудыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Шүүхийн энэхүү дүгнэлт Иргэний хуулийн 354 дүгээр зүйлд нийцэхгүй байна.

Иргэний хуулийн 354 дүгээр зүйлийн 354.2 дахь хэсэгт “Хэрэв гэрээний зүйл нь барилга байгууламж буюу түүний тодорхой хэсэг байвал ажил гүйцэтгэгч өөрийн шаардлагыг хангуулахаар барилга байгууламж барих газрын хувьд баталгаат ипотекийн эрхтэй” гэж заасан байдаг ба тухайн газар дээрх барилга байгууламжийн тодорхой хэсэг буюу орон сууцыг барьцаалах эрх гүйцэтгэгчид хуулиар олгогдоогүй байна.

Хариуцагч “А” ХХК болон нэхэмжлэгч БНСУ-ын “P” компанийн хоорондын байгуулсан гэрээний зүйл нь орон сууц, авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө бөгөөд энэхүү үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж үүргийн гүйцэтгэлийг саатуулах эрх хариуцагч “А” ХХК-нд хуулиар олгогдоогүй юм.

Иймд “А” ХХК-аас орон сууц, зоорийн давхарт байрлах 1 ширхэг автомашииы авто зогсоолын түлхүүр гаргуулах, мөн түүнчлэн орон сууц, авто зогсоолыг БНСУ-ын “P” компанийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгүүд гаргуулах нэхэмжлэлийн шаардлага хангагдах үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдлыг тогтоохдоо “ ...хариуцагч нь өмнө нь гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой нэхэмжлэгчид алданги төлсөн ...” гэх нөхцөл байдалд тулгуурлан алдангийг багасгасан.

Хэргийн нөхцөл байдлын хувьд алдангийг багасгах үндэслэл байхгүйгээс гадна хариуцагч үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй, бүтэн 4 жил хугацаа хэтрүүлж нэхэмжлэгчийг хохироосоор байна.

Иймд анхан шатны шүүх алдангийн хэмжээг үндэслэлгүй багасгасанд гомдолтой байна.

 БНСУ-ын “P” компани нь гэрээний үлдэгдэл төлбөр 40 хувь болох 223 008 ам.доллар буюу 405 499 906 төгрөгийг 2018 оны 12 дугаар сарын 31-нд төлөх үүрэгтэй байсан.

Энэхүү 405 499 906 төгрөгийн төлбөрөөс Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 2249 дугаартай магадлалаар “А” ХХК-иас гаргуулсан алдангид 91 237 479 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 614 137 төгрөг, нийт 91 851 616 төгрөгийг хасч тооцоход 313 648 290 төгрөг болж байна. Өөрөөр хэлбэл БНСУ-ын “P”  компанийн нийт төлөх төлбөр нь 313 648 290 төгрөг юм.

БНСУ-ын “P” компани нь 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 118 896 ам.долларыг БНСУ-аас Күүкминь банкнаас Монгол Улсын Худалдаа хөгжлийн банкинд шилжүүлсэн байдаг. Ийнхүү шилжүүлэхдээ Худалдаа хөгжлийн банкинд 1 ам доллар нь 2643.69 төгрөг рүү хөрвүүлж нийт 118 896 ам.доллар буюу 314 325 038.65 төгрөг “А” ХХК-ийн төгрөгийн дансанд шилжүүлсэн.

Иймд 313 648 290 төгрөг төлөхөөс 314 325 038.65 төгрөг төлж 676748 төгрөг илүү төлсөн байдаг. Гэтэл анхан шатны шүүх төлбөр бүрэн төлөгдөөгүй гэж үзсэнд гомдолтой.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх алданги тооцсон үндэслэл нь хуульд нийцээгүй. Учир нь манай компаниас гаргуулах болсон 152 062 465 төгрөгийн алдангийг “гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн үнийн дүнгээс” бус нэхэмжлэгчийн “манай компанид төлсөн төлбөрийн үүргийн үнийн дүнгээс” тооцсон нь хууль болон гэрээнд нийцэхгүй байна.

Өөрөөр хэлбэл, манай компани барилга угсралтын ажил гүйцэтгэж, барилгыг улсын комисст хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн ба энэхүү үүргийн гүйцэтгэл 100 хувь болсон байхад нэхэмжлэгч гэрээний нийт үнийн 60 хувийг төлсөн байсан. Манай компанийн дээрх үүргийн гүйцэтгэлийг нэхэмжлэгчийн төлсөн 60 хувийн дүнгээр тодорхойлох боломжгүй.

Мөн түүнчлэн гэрээний 6.2-т “ашиглалтад оруулах хугацаа”-г хэтрүүлсэн тохиолдолд алданги тооцохоор заасан байхад шийдвэрт “хүлээлгэн өгөх хугацаа” хэтрүүлсэн гэж үзэн алданги тооцсон. Энэ нь Иргэний хуульд нийцэхгүй байна.

Гэрээний 2.1-т заасан 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хугацаа нь “ашиглалтад оруулах хугацаа” байх ба манай компани 1101 тоот орон сууц авто зогсоолыг 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр ашиглалтад оруулсан. Гэрээний 6.2-т заасны дагуу орон сууцыг хугацаанд нь ашиглалтад оруулаагүйн хариуцлагаа манай компани өмнөх шүүхийн шийдвэрүүдийн дагуу хүлээсэн байдаг.

“Хүлээлгэн өгөх хугацаа”-г тогтоох урьдчилсан нөхцөл нь нэхэмжлэгч гэрээний төлбөрөө бүрэн төлсөн байх явдал юм. Гэвч нэхэмжлэгч өнөөдрийг хүртэл гэрээний үлдэгдэл төлбөрөө манай компанид бүрэн төлөөгүй байхад “хүлээлгэн өгөх хугацаа” нь болсон, түүнийг хэтрүүлсэн, хэтрүүлсний алданги тооцсон байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Гэрээний үүрэг гүйцэтгэх ам.долларын ханшийг буруу тогтоосон. Нэхэмжлэгчтэй байгуулсан Орон сууц захиалан бариулах гэрээний 2.2-т хаалтан дотор “төгрөгийг ам.долларт хөрвүүлэн тооцохдоо гэрээ байгуулсан өдрийн Монгол банкны албан ёсны ханшаар тооцож хөрвүүлсэн бөгөөд 1 ам.доллар 1818.32 төгрөг байсан болно” гэж тусгасан.

Анх гэрээ байгуулахад нэхэмжлэгчээс гэрээг ам.доллараар байгуулах хүсэлт гаргасны дагуу “төгрөгөөр” илэрхийлсэн байсан гэрээний үнийн дүнг ам.доллар руу шилжүүлэн гэрээг байгуулсан байдаг. Гэрээний үнийн дүн төгрөг байсан болохыг тус гэрээний 2.2, 2.3.1-т дурдсан хүснэгт хэсгээс харж болох ба 1 ам.доллар 1818.32 төгрөг гэсэн ханш нь гэрээг анх байгуулахад гэрээний үнийн дүнг төгрөгөөс ам.доллар руу шилжүүлэх зорилгоор 1 удаа ашигласан ханш байна.

Гэрээнд 1818.32 төгрөгийг гэрээний хуваарьт төлбөрийг төлөхөд баримтлах талаар шууд илэрхийлсэн заалт байхгүй. Гэрээний 2.2-т хаалтад дотор “төгрөгийг ам.долларт хөрвүүлэн тооцохдоо гэрээ байгуулсан өдрийн Монгол банкны албан ёсны ханшаар тооцож хөрвүүлсэн бөгөөд 1 ам.доллар 1818.32 төгрөг байсан болно” гэж тусгасан байгаа нь гэрээний төлбөрийн үүрэг гүйцэтгэхэд баримтлах хууль зүйн бие даасан зохицуулалт болж чадахгүй.

Нэхэмжлэгч нь гэрээний хуваарьт төлбөрүүдийг ам.доллараар төлж ирсэн болно. Манай компани сүүлийн үлдэгдэл төлбөрийг нэхэмжлэгчээр төлүүлэхээр “төгрөгөөр” тооцсон төлбөрийн нэхэмжлэх явуулсан боловч нэхэмжлэгч мөн л “ам.доллараар” төлбөрийг төлсөн байсан. Нэхэмжлэгч өнөөдрийн байдлаар манай компанид 104 111.79 ам.доллар төлөх үлдэгдэлтэй байна.

Гэтэл шүүх 1 ам.долларыг 1818.32 төгрөгөөр тооцон нэхэмжлэгчийг манай компанид төлөх үлдэгдэл төлбөр 53 597 ам.доллар байхаар тогтоосон нь үндэслэлгүй байна.

Талуудын хооронд харилцсан албан бичгүүдийг үзвэл талууд ам.долларыг төгрөгт шилжүүлэх ханш дээр харилцан тохиролцож чадаагүй. Ийм байхад өмнөх шийдвэрийн дагуу нэхэмжлэгчид төлөх алдангийн дүнг гэрээний үлдэгдэл төлбөрөөс хасч тооцсон байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч БНСУ-ын “P” компани нь хариуцагч “А” ХХК-д холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргуулах, үл хөдлөх эд хөрөнгийн түлхүүрийг хүлээлгэн өгөхийг даалгах, алдангид 304 124 930 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Талууд 2014 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 1101 тоот орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж, уг гэрээгээр “А” ХХК нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрлах Олимпик резиденс оффис, үйлчилгээ, орон сууцны зориулалттай цогцолбор барилгад 205 м.кв талбай бүхий орон сууц, автомашины зогсоолыг 2015 оны 2 дугаар улирал буюу мөн оны 6 дугаар сарын 30-ны өдөр БНСУ-ын “P” компанийн өмчлөлд шилжүүлэх, БНСУ-ын “P” компани нь уг орон сууц, зогсоолын төлбөрт 557 520 ам.доллар төлөх үүргийг тус тус хүлээсэн, талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, нэхэмжлэгч нь хариуцагчид орон сууц, авто зогсоолын төлбөрийн урьдчилгаанд 2014 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 223 008 ам.доллар, 2 дахь удаагийн төлбөрт 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 111 504 ам.долларыг тус тус төлсөн, 1 ам.доллар нь 1818.32 төгрөгөөр тооцохоор тохиролцсон, үлдэх 223 008 ам.доллар төлөгдөөгүй, хариуцагч нь нэхэмжлэгчид алдангид 91 237 479 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 614 137 төгрөг төлөх үүрэгтэй талаарх үйл баримтыг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 01950 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 2249 дугаар магадлалаар тогтоосон.

Дээрх үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар дахин нотлохгүй юм.

 

“P” компани нь гэрээний 2.3.1-д заасан сүүлчийн үлдэгдэл төлбөр болох 223 008 ам.доллараас шүүхийн шийдвэрээр “А” ХХК-аас гаргуулахаар шийдвэрлэсэн 91 237 479 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 614 137 төгрөгийг хасч тооцож 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр банкаар шилжүүлсэн мөнгөн хөрөнгөөр гэрээний үнийг бүрэн төлж үүргээ биелүүлсэн гэж, “А” ХХК нь нэхэмжлэгчийг гэрээний үлдэгдэл төлбөр 223 008 ам.доллараас төлсөн 118 896 ам.доллар, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 01950 дугаар шийдвэрт дурдсан 91 237 479 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 614 137 төгрөгийг хасч тооцсон ч 104 111.79 ам.доллар дутуу төлсөн гэж тус тус маргажээ.

 

 “P” компани нь 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр “А” ХХК-д гэрээний үлдэгдэл төлбөрт шилжүүлсэн 118 896 ам.доллар, шүүхийн шийдвэрээр тогтоосон /91 237 479+ 614 137/ 91 851 616 төгрөгийг төлөх төлбөр болох 223 008 ам.доллараас хасч тооцвол 53 597 ам.доллар болно.

 

Гэрээний талууд 557 520 ам.доллараар гэрээг байгуулсан ба энэ үүргийг ам.доллараар шилжүүлсэн байх тул сүүлийн төлбөр 223 008 ам.доллараас 118 846 ам.долларыг шууд хасч тооцсон нь зөв болжээ.

 

Уг 118 896 ам.долларыг шилжүүлсэн өдрийн ханш 2643.69 төгрөгөөр тооцох нь гэрээний талуудын тэгш эрхийн зарчимд нийцэхгүй, харин улсын тэмдэгтийн хураамжийг төгрөгөөр тооцож шүүх шийдвэрлэсэн нь гэрээний 2.2-д заасан 1 ам.долларыг 1818.32 төгрөгөөр тооцвол 223 008 ам.доллараас 118 896 ам.долларийн үлдэгдэл 53 597 ам.доллар дутуу төлсөн болох нь тогтоогдож байна.

 

Гэрээний 2.3.1 дэх хэсгийн 3 дахь заалтаас үзвэл сүүлийн үлдэгдэл төлбөрийг төлөхөөр орон сууцны түлхүүр гардуулахаар тохиролцсон нь Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт зааснаар өмчлөх эрх шилжих нөхцөлийг үнийг бүрэн төлөхөөр тохиролцсон нь хууль зөрчөөгүй байна.

 

Иймд мөнгөн төлбөрийн үүргийг гүйцэтгээгүй тул гэрээний дагуу үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргуулах, үл хөдлөх эд хөрөнгийн түлхүүрийг хүлээлгэн өгөхийг шаардах эрхгүй гэж анхан шатны шүүх дүгнэн холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй байна.

 

Нэхэмжлэгч нь үлдэгдэл төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тохиолдолд хариуцагчаас гэрээний дагуу өмчлөгчөөр бүртгүүлэхэд шаардлагатай баримт, мэдээллийг гаргуулах болон тус үл хөдлөх эд хөрөнгүүдийн түлхүүрийг хүлээлгэн өгөх тухай нэхэмжлэлийн шаардлагыг дахин гаргахад энэ шийдвэр саад болохгүй болохыг дурдаж шийдвэрлэсэн нь зөв байна.

 

Талууд гэрээний 6.2-т алдангийн хэмжээг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийг хоног тутамд тооцхоор тохиролцсон байх бөгөөд нэхэмжлэгч хариуцагчаас алдангид 304 124 930 төгрөгийг гаргуулахаар шаарджээ. Өмнөх шүүхийн шийдвэрээр хариуцагчийн үүргийн зөрчилтэй холбогдуулан алдангид 91 237 479 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэхдээ хугацааг 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл 234 хоногоор тодорхойлж, алдангийн хэмжээг 304 124 930 төгрөгөөс 91 237 479 төгрөг болгон бууруулж тооцсон байна.

 

Маргаан бүхий цогцолбор барилгыг хариуцагч улсын комисст 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээлгэн өгснөөр хариуцагчийн өмнөх шийдвэрээр тогтоогдсон үүргийн зөрчлийг 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүртэл үргэлжилсэн тодорхойлж, алданги тооцох үнийн дүнг төлбөр төлсөн /223 008- 118 896/ 608 249 860 төгрөгөөс тооцож 50 хувиар хязгаарлаж 304 124 930 төгрөг болгосон байх бөгөөд уг үнийг 152 062 465 төгрөгөөр бууруулж тогтоосон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 232.4, 232.8 дахь хэсэгт нийцжээ.

 

Дээрх үндэслэлээр зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 181/ШШ2019/01828 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 918 270 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 918 270 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ц.ИЧИНХОРЛОО

               

                       ШҮҮГЧИД                                   А.МӨНХЗУЛ

 

                                                                           Э.ЗОЛЗАЯА