Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 001/ХТ2021/00657

 

Кэй Си Эйч Үйлдвэрлэлийн хөгжил ХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 181/ШШ2019/01828 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1971 дүгээр магадлалтай,

Нэхэмжлэгч: Кэй Си Эйч Үйлдвэрлэлийн хөгжил ХК

Хариуцагч: Азиа пасифик ланд ХХК

Үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргуулах, үл хөдлөх эд хөрөнгийн түлхүүрийг хүлээлгэн өгөхийг даалгах, 304,124,930 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг зохигчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ундрах-Эрдэнэ, нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...БНСУ-ын Кэй Си Эйч үйлдвэрлэлийн хөгжил ХК нь хариуцагч Азиа пасифик ланд ХХК-тай 2014.05.30-ны өдөр орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж, СБД-н 1-р хороонд байрлах Олимпик резиденс оффис, үйлчилгээ, орон сууцны зориулалттай цогцолбор барилгад 205 м.кв орон сууц, авто зогсоолыг бариулж эхэлсэн. Ингээд манай компани гэрээний дагуу урьдчилгаа төлбөрийн 40 хувь буюу 223,008 ам.долларыг 2014.06.03-ны өдөр, үлдэгдэл 20 хувь буюу 111,504 ам.долларыг 2014.10.01-ний өдөр тус тус төлсөн байдаг. Гэтэл хариуцагч Азиа пасифик ланд ХХК нь 2015.06.30-ны дотор орон сууц, авто зогсоолыг хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй бүтэн 3 жил гаран хугацаа хэтрүүлсэн тул манай компани 2018.05.08-ний өдөр СБД-н ИХАШШ-д нэхэмжлэл гаргаж, 2015.06.30-с 2018.05.08-г хүртэл хугацаанд гэрээний үүргийг хожимдуулсны алданги нэхэмжилсэн. Ингээд СБД-н ИХАШШ-н 2018.09.25-ны өдрийн 181/ШШ2018/01950 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018.11.05-ны өдрийн 2249 дугаартай магадлалаар алдангид 91,237,479 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 614,137 төгрөгийг тус тус хариуцагч Азиапасифик ланд ХХК-иас гаргуулахаар шийдвэрлэсэн байдаг. Гэвч хариуцагч Азиапасифик ланд ХХК нь гэрээний үүргээ биелүүлэхгүй, дахин хугацаа хэтрүүлсэн ба 2018.12.28-ны өдөр орон сууцыг бэлэн болгосон юм. Түүний зэрэгцээ орон сууц захиалан бариулах гэрээнд орон сууцны түлхүүр гардуулах өдөр сүүлчийн үлдэгдэл 40 хувийн төлбөрийг төлөхөөр заасан байхад Азиапасифик ланд ХХК нь түлхүүр гардуулаагүй атлаа үлдэгдлийг шаардсан. БНСУ-ын Кэй Си Эйч үйлдвэрлэлийн хөгжил компани нь шүүхийн шийдвэрийн дагуу Азиапасифик ланд ХХК-иас гаргуулах алданги 91,237,479 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 614,137 төгрөгийг төлбөрөөс тус тус хасч, гэрээний үлдэгдэл төлбөр 40 хувийг 2018.12.31-ний өдөр шилжүүлж төлбөр тооцоог бүрэн дууссан. Ийнхүү үлдэгдэл 40 хувь 223,008 долларын төлбөрийг шилжүүлэхдээ гэрээ байгуулах үеийн ханш 1,818.32 төгрөгөөр тооцож шилжүүлсэн. Учир нь Орон сууц захиалан бариулах гэрээний 2.2 дахь хэсэгт 1 ам.долларыг тооцохдоо гэрээ байгуулах үеийн Монгол банкны ханш 1,818.32 төгрөгөөр тооцно гэж, мөн гэрээний 2.3.2-т төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр хийнэ гэж тус тус заасан байдаг. СБД-н 1-р хороонд байрлах Олимпик резиденс оффис, үйлчилгээ, орон сууцны зориулалттай цогцолборын 1101 тоотод байрлах 205 м.кв талбайтай орон сууц, зоорийн давхарт байрлах 1 ширхэг автомашины авто зогсоолыг БНСУ-ын Кэй Си Эйч үйлдвэрлэлийн хөгжил компанийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай БНСУ-ын Кэй Си Эйч үйлдвэрлэлийн хөгжил компанийн нэр дээр уг хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай Азиапасифик ланд ХХК-ийн албан бичиг, уг цогцолборын захиалагчдын оруулсан хөрөнгийн хэмжээг тусгасан жагсаалт, Захиалагч БНСУ-ын Кэй Си Эйч үйлдвэрлэлийн хөгжил компани нь гүйцэтгэгч Азиа пасифик ланд ХХК-нд төлбөр тооцооны өргүй, төлбөр тооцоо дууссан тухай албан бичиг, уг цогцолборын барилга байгууламжийг бүтэн харуулсан гэрэл зураг, уг цогцолборын барилга байгууламжийн зураг төсөл, уг цогцолборын барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын дүгнэлт, уг цогцолборт эрх бүхий байгууллагаас олгосон байршлын хаяг, уг цогцолборын байршиж буй газрын мэдээллийн санд бүртгэгдсэн газрын кадастрын зураг, газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны дүгнэлт зэрэг баримт бичгүүдийг тус тус гаргуулж, уг цогцолборын 1101 тоотод байрлах 205 м.кв талбайтай орон сууц, зоорийн давхарт байрлах 1 ширхэг автомашины авто зогсоолын түлхүүрийг БНСУ-ын Кэй Си Эйч үйлдвэрлэлийн хөгжил компанид хүлээлгэн өгөхийг хариуцагчид даалгах, 2018-05-08-с 2018-12-28-г хүртэл нийт 234 хоногийн хугацаа хэтрүүлсэн алдангид 304,124,930 төгрөг гаргуулж, БНСУ-ын Кэй Си Эйч үйлдвэрлэлийн хөгжил компанид олгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт: ...БНСУ-ын Кэй Си Эйч үйлдвэрлэлийн хөгжил компани нь манай компанитай 2014.05.30-ны өдөр 1101 дугаар орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу захиалагч БНСУ-ын Кэй Си Эйч үйлдвэрлэлийн хөгжил компани нийт 557,520.12 ам.долларыг бүрэн төлснөөр захиалгат объектыг хүлээн авах үүрэг хүлээсэн. Гэвч БНСУ-ын Кэй Си Эйч үйлдвэрлэлийн хөгжил компани нь гэрээний сүүлийн төлбөрт 223,008.12 ам.доллар төлөхөөс 104,111.79 ам.долларын төлбөрийг дутуу төлсөн. Нэхэмжлэгчийн зүгээс гэрээний үлдэгдэл төлбөр болох 104,111.79 ам.долларыг бүрэн барагдуулсан тохиолдолд манай компанийн зүгээс захиалгат объект болон түүнд холбогдох өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг БНСУ-ын Кэй Си Эйч үйлдвэрлэлийн хөгжил компанийн нэр дээр гаргахад шаардлагатай баримт бичгүүдийг хүлээлгэн өгөхөд татгалзах зүйлгүй. Нэхэмжлэгч БНСУ-ын Кэй Си Эйч үйлдвэрлэлийн хөгжил компани нь 2014.05.30-ны өдөр 1101 дугаар Орон сууц захиалан бариулах гэрээнд заасан төлбөрийг бүрэн төлөөгүй байх тул захиалгат объектыг хүлээлгэн өгөх, холбогдох баримт бичгийг гарган өгөх боломжгүй байна. БНСУ-ын Кэй Си Эйч үйлдвэрлэлийн хөгжил компани нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх болон Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс гарсан шийдвэрийн дагуу гэрээний төлбөрөө бүрэн төлж орон сууцыг хүлээн авах эрхтэй болох ба энэ талаар БНСУ-ын Кэй Си Эйч үйлдвэрлэлийн хөгжил компанид удаа дараа мэдэгдсэн боловч үлдэгдэл төлбөрөө өнөөдрийг болтол төлөөгүй, манай компани 2015.05.08-с 2018.12.28-г хүртэлх алданги 304,124,930 төгрөгийг төлөх хууль зүйн үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 181/ШШ2019/01828 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.8, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Азиапасифик ланд ХХК-иас нийт 152,062,465 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Кэй Си Эйч Үйлдвэрлэлийн хөгжил ХК-д олгож, үлдсэн 152,062,465 төгрөгийг, албан тоот, үл хөдлөх эд хөрөнгийн захиалагчийн нэрсийн жагсаалт, барилга байгууламжийг бүтэн харуулсан гэрэл зураг, барилга байгууламжийн зураг төсөл, барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын дүгнэлт, эрх бүхий байгууллагаас олгосон байршлын хаяг, кадастрын зураг, газрын төлөв байдлын чанарын улсын хянан баталгааны дүгнэлт гаргуулах, 1101 тоот байрлах 205 /хоёр зуун тав/ м.кв талбайтай орон сууц, зоорийн давхарт байрлах 1 /нэг/ ширхэг автомашины авто зогсоолын түлхүүрийг Кэй Си Эйч Үйлдвэрлэлийн хөгжил ХК-д хүлээлгэн өгөхийг даалгах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч Кэй Си Эйч Үйлдвэрлэлийн хөгжил ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 1,818,980 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Азиапасифик ланд ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 918,262 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Кэй Си Эйч Үйлдвэрлэлийн хөгжил ХК-д олгохоор шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1971 дүгээр магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 181/ШШ2019/01828 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 918,270 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 918,270 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ундрах-Эрдэнэ хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Шийдвэр, магадлалын зарим хэсгийг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Кэй Си Эйч үйлдвэрлэлийн хөгжил ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс анхан, давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалын зарим хэсэг буюу нэхэмжлэгчийн 152,062,465 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон хэсэг, орон сууц, авто зогсоолын түлхүүр, мөн түүнчлэн орон сууц авто зогсоолыг Кэй Си Эйч үйлдвэрлэлийн хөгжил ХК-ийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгүүд гаргуулах шаардлагуудыг хэрэгсэхгүй болгосон хэсгүүдийг тус тус эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүнд:

1. Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй буюу шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 354 дүгээр зүйлд нийцэхгүй байгаа талаар Анхан шатны шүүхийн дүгнэлтээр Орон сууц захиалан бариулах гэрээний үлдэгдэл төлбөрт буюу захиалагч /Кэй Си Эйч үйлдвэрлэлийн хөгжил ХК /-аас гүйцэтгэгч /Азиа пасифик ланд ХХК/-д төлөх 97,465,934 төгрөгийн үлдэгдэл төлбөр байгаа учраас орон сууц, авто зогсоолын түлхүүр, орон сууц авто зогсоолыг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгүүд гаргуулах шаардлагуудыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Шүүхийн энэхүү дүгнэлт Иргэний хуулийн 354 дүгээр зүйлд нийцэхгүй байна. Иргэний хуулийн 354.1-д Ажил гүйцэтгэгч өөрийн шаардлагыг хангах зорилгоор эзэмшилдээ байгаа, захиалагчийн захиалсан ажлын үр дүн болох хөдлөх эд хөрөнгийг барьцаалах эрхтэй. гэж заажээ. Өөрөөр хэлбэл ажил гүйцэтгэгч нь ажлын үр дүнг барьцаалах барьцааны эрхтэй байхаар хуульд заасан боловч энэхүү зохицуулалт нь зөвхөн хөдлөх хөрөнгийн хувьд үйлчлэхээр зохицуулжээ. Харин Иргэний хуулийн 354.2-т Хэрэв гэрээний зүйл нь барилга байгууламж буюу түүний тодорхой хэсэг байвал ажил гүйцэтгэгч өөрийн шаардлагыг хангуулахаар барилга байгууламж барих газрын хувьд баталгаат ипотекийн эрхтэй. гэж заасан байдаг ба тухайн газар дээрх барилга байгууламжийн тодорхой хэсэг буюу орон сууцыг барьцаалах эрх гүйцэтгэгчид хуулиар олгогдоогүй байна. Иргэний хуулийн 4.3 дахь хэсэгт зааснаар тусгай харилцааг тухайлан зохицуулсан хэм хэмжээг бусад харилцаанд төсөөтэй хэрэглэж үл болно. Хариуцагч Азиа пасифик ланд ХХК болон нэхэмжлэгч Кэй Си Эйч үйлдвэрлэлийн хөгжил ХК -ийн хоорондын байгуулсан гэрээний зүйл нь орон сууц, авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө бөгөөд энэхүү үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж үүргийн гүйцэтгэлийг саатуулах эрх хариуцагч Азиа пасифик ланд ХХК -нд хуулиар олгогдоогүй юм. Иймд Азиа пасифик ланд ХХК -иас орон сууц, зоорийн давхарт байрлах 1 ширхэг автомашины авто зогсоолын түлхүүр гаргуулах, мөн түүнчлэн орон сууц, авто зогсоолыг Кэй Си Эйч үйлдвэрлэлийн хөгжил ХК-ийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгүүд гаргуулах нэхэмжлэлийн шаардлага хангагдах үндэслэлтэй байна.

2. Анхан шатны шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж, анзын хэмжээг үндэслэлгүй багасгасан тухайд Иргэний хуулийн 232.8 дахь хэсэгт Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно. гэжээ. Өөрөөр хэлбэл алдангийг багасгах тохиолдолд юун түрүүнд хэргийн нөхцөл байдлыг шүүх тогтоож, багасгах эсэхийг хэргийн нөхцөл байдалд тулгуурлан шийдэхээр хуульчилсан байна. Анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдлыг тогтоохдоо ... хариуцагч нь өмнө нь Гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой нэхэмжлэгчид алданги төлсөн... гэх нөхцөл байдалд тулгуурласан. Өмнө хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, магадлалаар хариуцагч алданги төлсөн нь түүний дараагийн хүлээх хариуцлагыг багасгах, алдангийн хэмжээг бууруулах үндэслэл болохгүй. Мөн түүнчлэн хариуцагч Азиа пасифик ланд ХХК нь 2014.05.30-ны өдрийн Орон сууц захиалан бариулах гэрээгээр орон сууцыг 2015.05.30-ны өдөр хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн. Нэхэмжлэгч Кэй Си Эйч үйлдвэрлэлийн хөгжил ХК нь 2014 оны гэрээний дагуу орон сууцыг 2015 онд авна гэж итгэж, монгол төгрөгөөр тооцож үзвэл тэрбум хоёр зуун сая гаран төгрөг Азиапасифик ланд ХХК-д төлчихсөн атлаа өнөөдрийг хүртэл хариуцагч талаас ширхэг тоосго ч хүлээж аваагүй хэвээр байна. Шүүхээс тогтоосон анз нь энэхүү мөнгөн дүнгийн 12 хувь байгаа нь анзын хэмжээ их биш гэдгийг харуулж байна. Өөрөөр хэлбэл хэргийн нөхцөл байдлын хувьд алдангийг багасгах үндэслэл байхгүйгээс гадна хариуцагч үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй, бүтэн 4 жил хугацаа хэтрүүлсэн буруутай үйл ажиллагаандаа тоомжиргүй хандаж, нэхэмжлэгчийг хохироосоор байгаа юм. Иймд анхан шатны шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж, алдангийн хэмжээг үндэслэлгүй багасгасан, давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийн энэ хэсгийг хэвээр үлдээсэнд гомдолтой байна.

3. Нэхэмжлэгч Кэй Си Эйч үйлдвэрлэлийн хөгжил ХК нь 2018.12.31-ний өдөр нийт 314,325,038.65 төгрөгийг Азиа пасиФик ланд ХХК-ийн төгрөгийн 3005104341 дугаартай дансанд шилжүүлж төлбөрийг бүрэн төлсөн талаар Кэй Си Эйч үйлдвэрлэлийн хөгжил ХК нь гэрээний үлдэгдэл төлбөр 40 хувь болох 223,008.12 доллар буюу 223,008.12 х 1818.32 = 405,499,906 төгрөгийг 2018.12.31-нд төлөх үүрэгтэй байсан. Энэхүү 405,499,906 төгрөгийн төлбөрөөс Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018.11.05-ны өдрийн 2249 дугаартай магадлалаар Азиапасифик ланд ХХК-иас гаргуулсан алдангид 91,237,479 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 614,137 төгрөг, нийт 91,851,616 төгрөгийг хасч тооцоход 405,499,906 - 91,851,616 = 313,648,290 төгрөг болж байна. Өөрөөр хэлбэл Кэй Си Эйч үйлдвэрлэлийн хөгжил ХК-ийн нийт төлөх төлбөр нь 313,648,290 төгрөг юм. Кэй Си Эйч үйлдвэрлэлийн хөгжил ХК нь 2018.12.31-ний өдөр 118,896.33 долларыг БНСУ-ийн Күүкминь банкнаас Монгол улсын Голомт банкинд шилжүүлсэн байдаг. Ийнхүү шилжүүлэхдээ Голомт банкинд 1 ам доллар нь 2643.69 төгрөг рүү автоматаар хөрвөгдөж нийт 118,896.33 х 2643.69 = 314,325,038.65 төгрөг Азиапасифик ланд ХХК-ийн төгрөгийн 3005104341 дугаартай дансанд орсон. Өөрөөр хэлбэл 313,648,290 төгрөг төлөхөөс 314,325,038.65 төгрөг төлж 676,748 төгрөг илүү төлсөн байдаг. Гэтэл анхан шатны шүүх төлбөр бүрэн төлөгдөөгүй гэж үзсэнд гомдолтой. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр шийдвэр, магадлалд зохих өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Долгорсүрэн, өмгөөлөгч Ц.Дарьжав нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Шүүх БНСУ-ын Кэй Си Эйч үйлдвэрлэлийн хөгжил компанийн нэхэмжлэлтэй Азиапасифик ланд ХХК-д холбогдох иргэний хэргийг шийдвэрлэхдээ хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэстэй байна. Шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн асуудлын тухайд: БНСУ-ын Кэй Си Эйч үйлдвэрлэлийн хөгжил компани (цаашид Захиалагч гэх)-ийн болон Азиапасифик ланд ХХК (цаашид Гүйцэтгэгч гэх)-ийн хооронд 2014.05.30-ний өдөр байгуулсан 1101 дугаартай Орон сууц захиалан бариулах гэрээгээр Захиалагч нь Олипик резиденс нэртэй оффис, үйлчилгээ, орон сууцны цогцолборт орон сууцыг авто зогсоолын хамт захиалан бариулж, холбогдох төлбөрийг тус гэрээнд заасны дагуу төлөх, Гүйцэтгэгч нь орон сууцыг авто зогсоолын хамт түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр барьж, Захиалагчид хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн байна. Гэрээний талуудын энэхүү тохиролцоо нь Иргэний хуулийн 343.1-д ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан ажил гүйцэтгэх гэрээний агуулга шинжийг илэрхийлж байх тул маргааныг шийдвэрлэхдээ энэ зүйл заалтыг баримтлах нь хуульд нийцэх байсан. Тус зүйлийн 343.4-т зааснаар төрлийн шинжээр тодорхойлогдох эд юмс хийж захиалагчийн өмчлөлд шилжүүлсэн бол худалдах-худалдан авах гэрээг зохицуулсан журам үйлчилнэ. Гэтэл тухайн орон сууц нь төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгө биш нэг бүрийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгө байтал шүүх Иргэний хуулийн 243.1-д заасан Худалдах-худалдан авах гэрээний шинжтэй гэж дүгнэж, шийдвэрлэсэн нь хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэж үзэхээр байна. Орон сууц захиалах бариулах гэрээний дагуу Гүйцэтгэгч нь орон сууцыг 2018.02.28-ны өдөр улсын комисст хүлээлгэн өгсөн байхад Захиалагч үлдэгдэл төлбөрөө төлж, хүлээж авах байсан атал сүүлчийн төлбөрөө бүрэн төлөөгүй төдийгүй Гүйцэтгэгч нь Захиалагчаас орон сууцыг хүлээж авахыг шаардсаар байтал аваагүй байгаа нь Иргэний хуулийн 351.2-д зааснаар захиалагч гүйцэтгэсэн ажлын үр дүнг хугацаанд нь хүлээн авах үүргээ биелүүлээгүй бол түүнийг тухайн ажлын үр дүнг хүлээн авсан гэж тооцох үр дагавар бий болсон байх ба энэ тохиолдолд алданги нэхэмжлэх боломжгүй болно. Түүнчлэн, Иргэний хуулийн 223, 224 дүгээр зүйлд заасныг тухайн маргааныг шийдвэрлэхдээ шүүх хэрэглэх байсан гэж үзнэ. Захиалагч шүүхэд хандаж гаргасан нэхэмжлэлдээ Гүйцэтгэгчээс тухайн орон сууцыг үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргуулах, үл хөдлөх эд хөрөнгийн түлхүүрийг хүлээлгэн өгөхийг даалгах, алдангид 304,124,930 төгрөгийг гаргуулах тухай шаардлага гаргасныг Гүйцэтгэгч эс зөвшөөрч маргасан асуудал нь Иргэний хуулийн 343.1 дэх хэсэгт заасан Ажил гүйцэтгэх гэрээнээс үүссэн маргаан бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримт дараах байдалтай байна. Үүнд: 1. Орон сууцыг 2015.06.30-ны дотор барьж дуусган, Захиалагчид хүлээлгэн өгөх, Захиалагч нь орон сууц барих ажлын хөлсөнд 557,520.12 ам.долларыг Орон сууцны түлхүүр гардуулах өдөр болон түүнээс өмнө Гэрээнд заасан хуваарийн дагуу төлөхөөр тохирсон баримтууд; 2. Гэрээгээр тохирсон орон сууцыг 2018.02.28-ны өдөр улсын комисст хүлээлгэн өгсөн асуудлаар талууд маргаагүй болохыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018.11.05-ны өдрийн 2249 тоот магадлалд дурдсан; 3. Захиалагч нь Гэрээнд заасан хуваарийн дагуу сүүлчийн үлдэгдэл төлбөр буюу Гэрээний үнийн 40 хувь болох 223,008.12 ам.долларыг бүрэн төлөөгүй нь гүйцэтгэгчийн тайлбар, мөнгө шилжүүлсэн баримтаар тогтоогдсон; 4. Орон сууцыг хугацаанд нь ашиглалтад оруулаагүйн улмаас хугацаа хэтрүүлсний алданги буюу 2015.07.01-с 2018.05.08-г хүртэлх алдангийг шүүхээр шийдвэрлүүлэн, Орон сууц захиалан бариулах гэрээний дагуу гүйцэтгэгчид төлөх сүүлчийн төлбөрөөс суутгаж авсан болох нь Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.09.25-ны өдрийн 181/ШШ2018/01950 дугаартай шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018.11.05-ны өдрийн 2249 дугаартай магадлал зэрэг баримтаар тус тус нотлогдож байна. Иргэний хуулийн 223.2-д үүрэг гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд үүрэг гүйцэтгүүлэгч ямар нэгэн үйлдэл хийх ёстой байсан боловч түүнийг гүйцэтгээгүйгээс хугацаа хэтэрсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ гэж заасан. Хэрэгт авагдсан дээрх баримтуудаас үзвэл үүрэг гүйцэтгүүлэгч болох Кэй Си Эйч үйлдвэрлэлийн хөгжил компани нь орон сууцыг улсын комисст хүлээлгэж өгснөөс хойш үлдэгдэл төлбөрөө төлөөгүйгээс Орон сууцыг хүлээлгэн өгөх боломж бүрдээгүй тул үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзэх хууль зүйн үндэслэл бий болж байна. Иргэний хуулийн 224.2.3-д хугацаа хэтрүүлсэн үүрэг гүйцэтгүүлэгч гэм буруутай эсэхээс үл хамааран мөнгөн төлбөрийн үүрэг ёсоор хүү, анз авах эрхээ алдах үр дагавар үүсэхээр заасан байтал хуулийн энэ зохицуулалтыг шүүх хэрэглэлгүй, алданги гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Орон сууц захиалан бариулах гэрээний 6.2-т Гүйцэтгэгч барилгыг ашиглалтад оруулах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар тооцсон алдангийг хоног тутамд захиалагчид төлнө. гэж заасан. Барилга ашиглалтад оруулах гэдэг ойлголт нь 2018.02.08-ны өдөр улсын комисст хүлээлгэн өгснийг ойлгох тул түүнээс хойших хугацааны алдангийг нэхэмжлэх үндэслэлгүйг шүүх анхаарч үзээгүй байна. Шүүх шийдвэртээ алданги тооцсон гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнг буруу тодорхойлсон. Гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн гэдэг нь Гүйцэтгэгчийн хийж гүйцэтгээгүй ажлын үнэлгээ байхаас биш Захиалагч талын гүйцэтгэсэн үүргийн үнийн дүнгээс алданги тооцсон нь 232.6 дахь хэсгийг зөрчсөн гэж үзэхээр байна. Гүйцэтгэгч нь Орон сууц захиалан бариулах гэрээний төслийг Захиалагчид хүргүүлэхдээ төлбөр тооцоог төгрөгөөр хийхээр тооцож гэрээний төслийг хүргүүлсэн. Гэтэл Захиалагч төлбөр тооцоог ам.доллароор хийхээр санал оруулж, гэрээ байгуулах өдрийн албан ханш 1,818.32 төгрөгөөр тооцож Орон сууц захиалан бариулах гэрээний үнийн дүнг төгрөгт хөрвүүлсэн. Энэ нь Орон сууц захиалгын гэрээний 2.3.1 дэх заалтаас харагдах бөгөөд Орон сууц захиалгын гэрээний турш төлөгдөх нийт төлбөр тооцоонд баримтлах ханш биш харин Орон сууц захиалгын гэрээний төсөлд төгрөгөөр тодорхойлсон төлбөр буюу гэрээний нийт үнийн дүнг Захиалагчийн саналын дагуу ам.долларт хөрвүүлэхдээ ашигласан, гэрээ байгуулах өдрийн ам.доллар-төгрөгийн ханш юм. Гэтэл шүүх 198, 41 дүгээр зүйлд заасны дагуу талуудын хүсэл зоригт хууль зүйн үнэлэлт дүгнэлт өгч, хэлцлийг тайлбарлах замаар асуудлыг шийдвэрлэхэд анхаараагүй байна. Дээрх ханшийн маргаантай байдлаас үүдээд Захиалагч тал гүйцэтгэгчид 104,111.79 ам.доллар үлдэгдэлтэй байхад шүүх 53,597 ам.доллар төлөх үлдэгдэлтэй гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Гүйцэтгэгч тал Орон сууц захиалан бариулах гэрээний дагуу төлөгдөх нийт төлбөр тооцоог 1,818.32 төгрөгөөр тооцож хийх нь ханшийн зөрүүний алдагдал хүлээх эрсдэлтэй нь ойлгомжтой учраас гүйцэтгэгч ийм хүсэл зориг илэрхийлэх боломжгүй. Иргэний хуулийн 217.1-д Мөнгөн төлбөрийн үүргийг Монгол Улсын мөнгөн тэмдэгт төгрөгөөр гүйцэтгэнэ, Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4.1-д бараа, ажил, үйлчилгээний үнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлж, түүгээр төлбөр тооцоог гүйцэтгэх ба ...Монголбанкны албан ёсны зөвшөөрөлгүйгээр гадаад валют, тооцооны нэгжээр үнэ тогтоох, төлбөр тооцоо гүйцэтгэх, зарлан сурталчлахыг хориглоно гэж заасныг тус тус зөрчиж ам.доллараар төлбөрийг тогтоож, төлбөр тооцоог гүйцэтгэсэн байна. Хууль зөрчиж хийгдсэн Орон сууц захиалан бариулах гэрээний энэ хэсэгт хууль зүйн үнэлэлт, дүгнэлт өгөөгүйгээс ханшийн маргаан шийдвэрлэгдсэн гэж үзэхээргүй байна. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

БНСУ-ын Кэй Си Эйч үйлдвэрлэлийн хөгжил ХК нь Азиа пасифик ланд ХХК-д холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргуулах, үл хөдлөх эд хөрөнгийн түлхүүрийг хүлээлгэн өгөхийг даалгах, алдангид 304,124,930 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй маргасан байна.

Анхан шатны шүүх алданги гаргуулах нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, нэхэмжлэлийн бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хянаж хэвээр үлдээжээ.

Хяналтын шатны шүүхээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.

1.а/. Зохигчийн хооронд үүссэн гэрээний төрөл, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.

Зохигчийн хооронд 2014.05.30-ны өдөр байгуулагдсан 1101 тоот орон сууц захиалан бариулах нэртэй гэрээгээр нэхэмжлэгч нь хариуцагчийн барьж, бусдад худалдахаар санал болгосон Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрлах Олимпик резиденс оффис, үйлчилгээ, орон сууцны зориулалттай цогцолбор барилгаас 205 м.кв талбай бүхий орон сууц, автомашины зогсоолыг 557,520 ам.доллар төлж худалдан авахаар талууд тохирсон нь тогтоогдсон бөгөөд өмнө нь энэхүү гэрээний үүрэгтэй холбоотой зохигчийн хооронд үүссэн маргааныг шүүх шийдвэрлэж, шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

Уг шийдвэрээр талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдагч нь ...эд хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээсэн гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр гэж дүгнэсэн байх тул энэхүү үйл баримтыг нэгэнт тогтоогдсон, дахин нотлох шаардлагагүй гэж үзэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т заасантай нийцнэ.

Иймд зохигчийн хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн атал шүүх худалдах-худалдан авах гэрээ гэж үзсэн нь хуульд нийцээгүй гэх хариуцагчийн гомдол үндэслэлгүй.

б/. Гэрээний 1.2, 2.3.1-д зааснаар хариуцагчийн эд хөрөнгийг шилжүүлэн өгөх хугацааг 2015.06.30-ны өдөр гэж, нэхэмжлэгчийн үнэ төлөх хугацаа, хэмжээг гэрээ байгуулах өдөр 223,008 ам.доллар, 2014.10.01-ний өдөр 111,504 ам.доллар, орон сууцны түлхүүр гардуулах өдөр болон түүнээс өмнө 223,008.12 ам.доллар гэж тус тус тохирсон, өмнөх шүүхийн шийдвэрт эхний 2 удаагийн төлбөр болох 334,512 ам.доллар буюу 608,249,860 төгрөгийг нэхэмжлэгч төлснийг болон хариуцагч эд хөрөнгө шилжүүлэн өгөх үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн үйл баримтыг тус тус дүгнэж, хариуцагчаас алдангид 91,851,616 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 614,137 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь тогтоогдсон байна.

в/. Зохигч үлдэгдэл төлбөр төлөх хугацааны талаар маргасан байх бөгөөд шүүх уг хугацааг дараах байдлаар тайлбарласан нь үндэслэлтэй байна.

Гэрээний 2.3.1-т үлдэх төлбөр төлөх хугацааг орон сууцны түлхүүр гардуулах өдөр болон түүнээс өмнө гээд, мөн гэрээний 1.2-т эцсийн хяналтын өдөр гэж ...ажлыг хийж гүйцэтгэсний дараа гүйцэтгэгч нь захиалагчид хянуулахаар дахин товлосон өдрийг гэж, түлхүүр гардуулах өдөр гэж худалдан авагч нь төлбөрийн үлдэгдэлгүй байх нөхцөл гэж тус тус зааснаас үзэхэд хариуцагч нь нэхэмжлэгчид эцсийн хяналтын өдөр болсон тухай мэдэгдэх, мэдэгдсэнээс хойш төлбөрийг төлөх, төлбөр төлсөн бол орон сууцны түлхүүр гардуулна гэж ойлгохоор байна. Хариуцагч нь 2018.12.28-ны өдөр нэхэмжлэгчид эцсийн хяналтын өдөр болсон талаар мэдэгдсэн ба уг өдрийг нэхэмжлэгчийн төлбөрийн үлдэх хэсгийг төлөх үүрэг хүлээсэн өдөр гэж шүүх үзсэн нь гэрээний заалтуудад нийцжээ.

д/. Зохигч үлдэх төлбөр болох 223.008 ам.долларыг аль үеийн төгрөгийн ханшаар тооцох талаар маргаснаас төлбөрийн хэмжээний талаар зөрүүтэй тайлбарыг гаргасан байна.

Гэрээний 2.2-т ...орон сууц, авто зогсоолын нийт үнэ 557,520.12 ам.доллар, төгрөгийг ам.долларт хөрвүүлэхдээ гэрээ байгуулсан өдрийн Монгол банкны албан ёсны ханшаар тооцож хөрвүүлсэн бөгөөд 1 ам.доллар нь 1818.32 болно гэж, 2.3.1-д заасан төлбөр төлөх хуваарьт ...3 удаа хэсэгчлэн ам.доллар төлөх-өөр, 2.3.2-т төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр хийнэ гэж тус тус заажээ. Гэрээний эдгээр зохицуулалтыг нэхэмжлэгч, гэрээний төлбөрийг төлөхөд бүхэлдээ энэхүү ханш хамаарна гэсэн бол хариуцагч гэрээний турш төлөгдөх төлбөр тооцоонд баримтлах ханш биш, гэрээний нийт үнийн дүнг захиалагчийн саналын дагуу ам.долларт хөрвүүлэхдээ ашигласан ам.долларын ханш гэж өөрөөр тайлбарлан маргасан байна.

Ингэхдээ нэхэмжлэгч нь үлдэх 223.008 ам.долларыг 1818.32 төгрөгийн ханшаар тооцон нийт 405,499,907 төгрөгөөс өмнөх шүүхийн шийдвэрээр хариуцагчаас нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нийт 92,465,753 төгрөгийг /91,851,616 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 614,137 төгрөг/ хасч 313,648,508 төгрөгийг тооцоолж, 2018.12.31-ний өдөр банкаар 118,896 ам.доллар шилжүүлж, үүнийг тухайн өдрийн ам.долларын ханш 2643.69 төгрөгт хөрвүүлэхэд 314,324,166 төгрөг болж байгаа учир төлбөр бүрэн төлөгдсөн гэжээ.

Хариуцагч нь үлдэгдэл 223,008 ам.доллараас төлсөн 118.896 ам.долларыг хасахад үлдэгдэл 104,112 ам.долларын үлдэгдэлтэй гэсэн тайлбар гаргасан байна.

Зохигч гэрээний заалтын талаар ийнхүү маргасан тохиолдолд шүүх гэрээг тайлбарлах ба гэрээний дээрх зохицуулалтын үгийн шууд утга, талуудын тайлбарыг харьцуулан, зохигч анх гэрээ байгуулж тохиролцохдоо эд хөрөнгийн нийт үнийг төгрөгөөр тогтоож, үүнийгээ ам.долларт шилжүүлж заасан гэж үзсэн нь Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1, 198.2, Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т заасныг зөрчөөгүй байна.

Өөрөөр хэлбэл, 118,896 ам.долларыг шилжүүлсэн өдрийн ханш 2643.69 төгрөгөөр тооцох нь гэрээний талуудын тэгш эрхийн зарчимд нийцэхгүй, харин гэрээний тохиролцооны дагуу 1818.32 төгрөгөөр тооцох ба тус ам.доллар нь 216,191,574 төгрөг болох бөгөөд уг мөнгийг төлбөл зохих 313,648,508 төгрөгөөс хасвал нэхэмжлэгч нь 97,456,934 төгрөг буюу /1818.32 төгрөгөөр тооцоход/ 53,597 ам.долларыг нэхэмжлэгч төлөх үүрэгтэй гэсэн шүүхийн дүгнэлт зөв байна.

Нэхэмжлэгчийн үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргуулах, үл хөдлөх эд хөрөнгийн түлхүүрийг хүлээлгэн өгөхийг даалгах шаардлага нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан үүргээ биелүүлэхийг даалгах агуулгатай ба талууд гэрээндээ үнийг бүрэн төлснөөр түлхүүр гардуулж, орон сууцыг хүлээлгэн өгөх нөхцөлийг тохирсон тул өмчлөх эрх шилжүүлэхийг даалгах нэхэмжлэлийг хангах үндэслэл бүрдээгүй гэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт хууль зөрчөөгүй байна.

2. Алданги гаргуулах шаардлагын зарим хэсгийг шүүх хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6, 232.4, 232.8-д заасныг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй байна.

Гэрээний 6.2-т алдангийн хэмжээг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийг хоног тутамд тооцохоор тохиролцсон нь хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийх, хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр алданги тогтоож болох хуулийн заалтад нийцжээ.

Өмнө гарсан шүүхийн шийдвэрээр 2015.07.01-ний өдрөөс 2018.05.08-ны өдөр хүртэлх алдангийг тооцсон байх бөгөөд уг хугацаанаас хойш хариуцагч орон сууц, зогсоолыг хүлээлгэн өгөх хугацааг орон сууцны эцсийн хяналтын хийсэн буюу 2018.12.28-ны өдөр хүртэл хэтрүүлсэн тул шүүх алдангийн нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй, анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно гэж тус тус заасны дагуу 152,062,465 төгрөг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.

Хариуцагчийн гүйцэтгээгүй үүрэг-г гэрээнд заасан 557,520 ам.долларын үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлэх үүрэг гэж үзэх боловч нэхэмжлэгч алданги гаргуулах шаардлагаа эхний 2 удаагийн төлбөрт төлсөн 334,512 ам.доллар буюу 608,249,860 төгрөгөөс тооцсоны дагуу шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн хүрээнд уг мөнгөний 50 хувь, түүнээс багасгаж шийдвэрлэжээ. Хариуцагчийн гүйцэтгээгүй үүргийг нэхэмжлэгчийн төлөөгүй төлбөрийн хэмжээгээр тооцох нь хуульд нийцэхгүй тул энэ талаарх гомдол үндэслэлгүй гэж үзэв.

Барилгыг улсын комисс 2018.02.28-ны өдөр хүлээн авсан нь тогтоогдсон боловч энэхүү үйл баримт нь хариуцагчийн орон сууц, зогсоолыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх гэрээгээр хүлээсэн үүргийг биелүүлэх нөхцөл бүрдсэнийг нотлохгүй байна.

Хариуцагч орон сууц, зогсоолыг шилжүүлэхэд саадгүй болсон тухай мэдэгдсэн 2018.12.28-ны өдөр хүртэл нэхэмжлэгчийг төлбөрийн үлдэгдэл төлөх үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн гэх үндэслэлгүй тул Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2-т заасан ...үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн гэх, мөн хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3-т заасан ...анз шаардах эрхээ алдсан гэж үзэхгүй.

3. 2018.12.28-ны өдрөөс хойш талуудын хооронд маргаан үүсч, нэхэмжлэгч шүүхэд хандсан, энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар хариуцагчаас алданги гаргуулж шийдвэрлэж байгаа тул зохигчийн хүлээх үүргийг харилцан тооцож маргааныг нэг мөр шийдвэрлэх боломжтойг хоёр шатны шүүх анхаараагүй нь учир дутагдалтай болсон байх тул энэ үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь Иргэний хуулийн 238 дугаар зүйлийн 238.1-д заасан ...хоёр этгээдийн хоорондох ижил төрлийн харилцан шаардлагыг хооронд нь тооцож үүргийг дуусгавар болгож болно гэснийг зөрчихгүй гэж дүгнэв.

Иймд нэхэмжлэгчийн дутуу төлсөн 53,597 ам.доллар буюу 97,456,934 төгрөгийг энэ шүүхийн шийдвэрийн дагуу авах алданги 152,062,465 төгрөгөөс хассанаар үнэ төлөх үүргийг биелүүлснээр тооцож, орон сууц, зогсоолын өмчлөх эрхийг шилжүүлэхтэй холбоотой шаардлагатай бичиг баримтыг гаргуулах, эд хөрөнгийг хүлээлгэн өгөх-ийг хариуцагчид даалгах болон алдангийн үлдэх хэсэг 54,605,531 төгрөгийг олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагчийн өмгөөлөгч болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1971 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 181/ШШ2019/01828 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.8, 238 дугаар зүйлийн 238.1-д зааснаар зохигчийн хооронд 2014.05.30-ны өдөр байгуулагдсан 1101 тоот гэрээнд заасан Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Олимпийн гудамжны, Олимпик резиденс нэртэй оффис, үйлчилгээ, орон сууцны зориулалттай цогцолбор барилгын 1101 тоот 205 м.кв талбай бүхий орон сууц болон зоорийн давхарт байрлах автомашины зогсоолын өмчлөх эрхийг шилжүүлэхтэй холбоотой БНСУ-ын Кэй Си Эйч үйлдвэрлэлийн хөгжил ХК-ийн нэр дээр уг хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай Азиа пасифик ланд ХХК-ийн албан бичиг, уг цогцолборын захиалагчдын оруулсан хөрөнгийн хэмжээг тусгасан жагсаалт, захиалагч БНСУ-ын Кэй Си Эйч үйлдвэрлэлийн хөгжил ХК нь гүйцэтгэгч Азиа пасифик ланд ХХК-д төлбөр тооцооны өргүй, төлбөр тооцоо дууссан тухай албан бичиг, уг цогцолборын барилга байгууламжийг бүтэн харуулсан гэрэл зураг, цогцолборын барилга байгууламжийн зураг төсөл, цогцолборын барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын дүгнэлт, цогцолборт эрх бүхий байгууллагаас олгосон байршлын хаяг, уг цогцолборын байршиж буй газрын мэдээллийн санд бүртгэгдсэн газрын кадастрын зураг, газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны дүгнэлт зэрэг баримт бичгүүдийг гаргуулах болон эдгээр үл хөдлөх эд хөрөнгийг /түлхүүр хүлээлгэн өгөх/ нэхэмжлэгч БНСУ-ын Кей Си Эйч үйлдвэрлэлийн хөгжил ХК-д хүлээлгэн өгөхийг хариуцагч Азиа пасифик ланд ХХК-д үүрэг болгож, тус компаниас алдангид 54,605,531 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай гэж өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагчийн өмгөөлөгч болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахаас татгалзсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т, 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс 2019.12.31-ний өдөр төлсөн 918,270 төгрөгийг шүүгчийн захирамж гарган буцаан олгож, хариуцагчаас 2019.12.25-ны өдөр төлсөн 318,262 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                   ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Г.АЛТАНЧИМЭГ

                                                    ШҮҮГЧИД                                 Г.ЦАГААНЦООЖ

               Д.ЦОЛМОН

                Х.ЭРДЭНЭСУВД