Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 01828

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: “К” ХК/РД: /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: “А” ХХК/РД: /-д холбогдох,

 

Үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримт мэдээллийг гаргуулах, үл хөдлөх эд хөрөнгийн түлхүүрийг хүлээлгэн өгөхийг даалгах, 304 124 930 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ундрах-Эрдэнэ, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Отгонбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Долгорсүрэн, хариуцагчийн өмгөөлөгч Г.Дэлгэрсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золбоо нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч “К” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ундрах-Эрдэнэ шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2014 оны 5 сарын 30-ны өдөр “К” ХК нь хариуцагч “А” ХХК-тай “Орон сууц захиалан бариулах гэрээ” байгуулж, Сүхбаатар дүүргийн 1-р хороонд байрлах “Олимпик резиденс” оффис, үйлчилгээ, орон сууцны зориулалттай цогцолбор барилгад 205 м.кв орон сууц, авто зогсоолыг бариулж эхэлсэн.

Ингээд манай компани гэрээний дагуу урьдчилгаа төлбөрийн 40 хувь 223,008 ам.долларыг 2014 оны 5 сарын 3-ны өдөр, үлдэгдэл 20 хувийг 111,504 ам.долларыг 2014 оны 10 сарын 1-ний өдөр тус тус төлсөн байдаг.

Гэтэл хариуцагч “А” ХХК нь 2015 оны 6 сарын 30-ны дотор орон сууц, авто зогсоолыг хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй бүтэн 3 жил гаран хугацаанд хугацаа хэтрүүлсэн тул манай компани 2018 оны 5 сарын 8-ний өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, 2015 оны 6 сарын 30-ны өдрөөс 2018 оны 5 сарын 8-ны өдрийг хүртэл хугацаанд гэрээний үүргийг хожимдуулсны алданги нэхэмжилсэн.

Ингээд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 сарын 25-ны өдрийн 181/ШШ2018/01950 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 сарын 5-ны өдрийн 2249 дугаартай магадлалаар алдангид 91 237 479 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 614 137 төгрөгийг тус тус хариуцагч “А” ХХК-иас гаргуулахаар шийдвэрлэсэн байдаг.

Гэвч хариуцагч “А” ХХК нь гэрээний үүргээ биелүүлэхгүй, дахин хугацаа хэтрүүлсээр, 2015 оны 6 сарын 30-ны дотор хүлээлгэн өгөх орон сууцыг удаа дараа шахаж шаардуулсны эцэст 2018 оны 12 сарын 28-ны өдөр бэлэн болгосон юм.

Түүний зэрэгцээ Орон сууц захиалан бариулах гэрээнд орон сууцны түлхүүр гардуулах өдөр сүүлчийн үлдэгдэл 40 хувийн төлбөрийг төлөхөөр заасан байхад “А” ХХК нь түлхүүр гардуулаагүй атлаа үлдэгдэл 40 хувийг төлбөрөө шаардаж эхэлсэн.

Ингээд манай “К” ХК нь шүүхийн шийдвэрийн дагуу “А” ХХК-иас гаргуулахаар шийдвэрлэсэн алданги 91 237 479 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 614 137 төгрөгийг тус тус хасч, орон сууц захиалан бариулах гэрээний сүүлийн үлдэгдэл төлбөр 40 хувийг 2018 оны 12 сарын 31-ний өдөр шилжүүлж төлбөр тооцоог бүрэн барагдуулж дуусгасан юм.

Ийнхүү үлдэгдэл 40 хувь 223 008 долларын төлбөрийг шилжүүлэхдээ гэрээ байгуулах үеийн ханш 1818.32 төгрөгөөр тооцож шилжүүлсэн. Учир нь “Орон сууц захиалан бариулах гэрээ”-ний 2.2 дахь хэсэгт 1 ам.долларыг тооцохдоо гэрээ байгуулах үеийн Монголбанкны ханш 1818.32 төгрөгөөр тооцно гэж, мөн гэрээний 2.3.2-т “төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр хийнэ” гэж тус тус заасан байдаг.

Мөн түүнчлэн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 сарын 25-ны өдрийн 181/ШШ2018/01950 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 сарын 5-ны өдрийн 2249 дугаартай магадлалаар гэрээний үнийг тооцохдоо долларын ханшийг 1 ам долларыг 1818 төгрөгөөр тус тус тооцохоор тогтоосон байдаг.

Гэтэл манай байгууллага төлбөр тооцоог бүрэн барагдуулсан байхад “А” ХХК нь манай байгууллагаас үндэслэлгүй төлбөр нэхэмжлээд зогсохгүй одоог хүртэл манай захиалан бариулсан орон сууцны гэрчилгээг гаргаж өгөөгүй, түлхүүрийг хүлээлгэж өгөөгүй байна.

Орон сууц захиалан бариулах гэрээний 3.2.5 дахь заалтад “гүйцэтгэгч нь барилгын улсын комисс хүлээн авснаас хойш ажлын 10 хоногийн дотор захиалгат обьектыг бүртгүүлж, өмчлөх эрхээ баталгаажуулахад нь бүх талаар дэмжиж хамтран ажиллах үүрэгтэй” гэж заасны дагуу захиалагч “К” ХК нь гүйцэтгэгч “А” ХХК-иас орон сууцыг улсын бүртгэлд бүртгүүлж, орон сууцны гэрчилгээг “К” ХК-ийн нэр дээр гарган баталгаажуулахыг шаардах, түүнтэй холбоотой баримт гаргуулан авах эрхтэй байна.

Мөн гүйцэтгэгч “А” ХХК-д төлөх төлбөрийг бүрэн барагдуулсан тул орон сууцны түлхүүрийг гаргуулан авч орон сууцыг эзэмшиж ашиглах эрхтэй юм. Иймд дараах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Үүнд:

1. Сүхбаатар дүүргийн 1-р хороонд байрлах “Олимпик резиденс” оффис, үйлчилгээ, орон сууцны зориулалттай цогцолборын 1101 тоотод байрлах 205 м.кв талбайтай орон сууц, зоорийн давхарт байрлах 1 ширхэг автомашины авто зогсоолыг “К” ХК-ийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай дараах баримт мэдээллийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Үүнд:

- Сүхбаатар дүүргийн 1-р хороонд байрлах “Олимпик резиденс” оффис, үйлчилгээ, орон сууцны зориулалттай цогцолборын 1101 тоотод байрлах 205 м.кв талбайтай орон сууц, зоорийн давхарт байрлах 1 ширхэг автомашины авто зогсоолыг К ХК-ийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлэх тухай “А” ХХК-ийн албан тоот,

- Сүхбаатар дүүргийн 1-р хороонд байрлах “Олимпик резиденс” оффис, үйлчилгээ, орон сууцны зориулалттай цогцолборын захиалагчдын нэрс, тэдгээрийн оруулсан хөрөнгийн хэмжээг тусгасан үл хөдлөх эд хөрөнгийн захиалагчийн нэрсийн жагсаалт,

- Захиалагч К” ХК нь гүйцэтгэгч “А” ХХК-нд төлбөр тооцооны өргүй, төлбөр тооцоо дууссан тухай албан бичиг;

- Сүхбаатар дүүргийн 1-р хороонд байрлах “Олимпик резиденс” оффис, үйлчилгээ, орон сууцны зориулалттай цогцолборын барилга байгууламжийг бүтэн харуулсан гэрэл зураг;

- Сүхбаатар дүүргийн 1-р хороонд байрлах “Олимпик резиденс” оффис, үйлчилгээ, орон сууцны зориулалттай цогцолборын барилга байгууламжийн зураг төсөл;

- Сүхбаатар дүүргийн 1-р хороонд байрлах “Олимпик резиденс” оффис, үйлчилгээ, орон сууцны зориулалттай цогцолборын барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын дүгнэлт;

- Сүхбаатар дүүргийн 1-р хороонд байрлах “Олимпик резиденс” оффис, үйлчилгээ, орон сууцны зориулалттай цогцолборт эрх бүхий байгууллагаас олгосон байршлын хаяг;

- Сүхбаатар дүүргийн 1-р хороонд байрлах “Олимпик резиденс” оффис, үйлчилгээ, орон сууцны зориулалттай цогцолборын байршиж буй газрын мэдээллийн санд бүртгэгдсэн газрын кадастрын зураг, газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны дүгнэлт;

2. Сүхбаатар дүүргийн 1-р хороонд байрлах “Олимпик резиденс” оффис, үйлчилгээ, орон сууцны зориулалттай цогцолборын 1101 тоотод байрлах 205 м.кв талбайтай орон сууц, зоорийн давхарт байрлах 1 ширхэг автомашины авто зогсоолын түлхүүрийг “К” ХК-д хүлээлгэн өгөхийг хариуцагчид даалгаж өгнө үү.

“К” ХК-ийн нэхэмжлэлтэй, “А” ХХК-нд холбогдох хэрэг тус шүүхэд хянан шийдвэрлэгдэж байгаа билээ.

Тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар нэмэгдүүлж байна. Үүнд:

2014 оны 5 сарын 30-ны өдөр “К” ХК нь хариуцагч “А” ХХК-тай “Орон сууц захиалан бариулах гэрээ” байгуулж, Сүхбаатар дүүргийн 1-р хороонд байрлах “Олимпик резиденс” оффис, үйлчилгээ, орон сууцны зориулалттай цогцолбор барилгад 205 м.кв орон сууц, авто зогсоолыг бариулж эхэлсэн.

Орон сууц, авто зогсоолыг хүлээлгэн өгөх хугацааг 2015 оны 2 дугаар улирал буюу 2015 оны 6 сарын 30-ны өдөр байхаар харилцан гэрээнд тусгасан. Мөн энэхүү хугацаанд гүйцэтгэгч үүргээ биелүүлээгүй бол гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар тооцож алданги захиалагчид төлөхөөр гэрээний 6.1 дэх хэсэгт тусгасан.

Мөн “К” ХК нь гэрээний үнэ 557 520.12 ам.долларыг хуваарийн дагуу төлөхөөр тохирсон.

Гэтэл хариуцагч “А” ХХК нь 2015 оны 6 сарын 30-ны дотор орон сууц, авто зогсоолыг хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй бүтэн 3 жил гаран хугацаанд хугацаа хэтрүүлсэн тул манай компани 2018 оны 5 сарын 8-ний өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, 2015 оны 6 сарын 30-ны өдрөөс 2018 оны 5 сарын 8-ний өдрийг хүртэл хугацаанд гэрээний үүргийг хожимдуулсны алданги нэхэмжилсэн.

Ингээд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 сарын 25-ны өдрийн 181/ШШ2018/01950 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 сарын 05-ны өдрийн 2249 дугаартай магадлалаар алдангид 91 237 479 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 614,137 төгрөгийг тус тус хариуцагч “А” ХХК-иас гаргуулахаар шийдвэрлэсэн байдаг.

Гэвч хариуцагч “А” ХХК нь гэрээний үүргээ биелүүлэхгүй, дахин хугацаа хэтрүүлсээр, 2015 оны 6 сарын 30-ны дотор хүлээлгэн өгөх орон сууцыг удаа дараа шахаж шаардуулсны эцэст 2018 оны 12 сарын 28-ний өдөр бэлэн болгосон юм.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 сарын 25-ны өдрийн 181/ШШ2018/01950 дугаартай шийдвэрээр хариуцагч “А” ХХК-иас алданги нэхэмжлэхдээ 2015.07.01-ны өдрөөс 2018.05.08-ны өдрийг хүртэл хугацаанд нэхэмжилснийг шүүх шийдвэрлэсэн байдаг.

Иймд 2018 оны 05 сарын 08-ны өдрөөс хойшхи хугацааны үүргийн зөрчил, түүний хариуцлагыг нэхэмжлэгч “К” ХК нь нэхэмжлэх эрхтэй юм.

2018.05.08-ны өдрөөс 2018.12.28-ны өдрийг хүртэл хугацааны алдангийг нэхэмжлэхдээ 2018.12.28-ны өдрийн байдлаар захиалагчийн төлсөн 60 хувийн төлбөр болох 334 512 ам.доллараас тооцож алдангийг нэхэмжилж байна.

Энэхүү 334 512 ам.долларыг төгрөгт хөрвүүлэхдээ Орон сууц захиалан бариулах гэрээний 2.2 дахь хэсэг, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 сарын 25-ны өдрийн 181/ШШ2018/01950 дугаартай шийдвэрийг үндэслэн 1 ам.долларыг 1 818.32 төгрөгөөр тооцоход нийт 608 249 860 төгрөг болох ба 1 хоногт 3 041 250 төгрөгийн алданги тооцогдож байна.

Ингээд 2018 оны 5 сарын 8-ны өдрөөс орон сууцыг бэлэн болгосон хугацаа буюу 2018 оны 12 сарын 28-ны өдрийг хүртэл нийт 234 хоногийн алдангийг тооцвол 3 041 250 х 234 = 711 652 500 төгрөг болж байна.

Энэхүү алдангийг хуулийн шаардлагад нийцүүлбэл нийт нэхэмжлэх алдангийн хэмжээ 304 124 930 төгрөг болох юм.

Иймд хариуцагч “А” ХХК-иас Орон сууц захиалан бариулах гэрээний үүргээ биелүүлээгүй 2018 оны 05 сарын 08-ны өдрөөс 2018 оны 12 сарын 28-ны өдрийг хүртэл нийт 234 хоногийн хугацаа хэтрүүлсэн алдангид 304 124 930 төгрөг гаргуулж, “К” ХК-д олгож өгнө үү.” гэв.

 

Хариуцагч “А” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Долгорсүрэн шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ““К” ХК-иас манай “А” ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна.

“К” ХК нь манай компанитай 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 1101 дугаар “Орон сууц захиалан бариулах гэрээ” байгуулсан. Энэхүү гэрээний дагуу захиалагч “К” ХК нийт 557 520.12 ам.долларыг манай компанид бүрэн төлснөөр захиалгат обьектыг хүлээн авах үүрэг хүлээсэн.

Гэвч нэхэмжлэгч “К” ХК нь гэрээний сүүлийн төлбөрт 223 008.12 ам.доллар төлөхөөс 104 111.79/нэг зуун дөрвөн мянга нэг зуун арван нэгэн ам.доллар далан есөн цент/ ам.долларын төлбөрийг дутуу төлсөн. Энэ нь хэргийн материалд буй гэрээ болон төлбөр төлсөн баримтуудаас харагдана.

Нэхэмжлэгчийн зүгээс гэрээний үлдэгдэл төлбөр болох 104 111.79 ам.долларыг бүрэн барагдуулсан тохиолдолд манай компанийн зүгээс захиалгат обьект болон түүнд холбогдох өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг “К” ХК-ийн нэр дээр гаргахад шаардлагатай баримт бичгүүдийг хүлээлгэн өгөхөд татгалзах зүйлгүй.

Нэхэмжлэгч “К” ХК нь 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 1101 дугаар Орон сууц захиалан бариулах гэрээнд заасан төлбөрийг бүрэн төлөөгүй байх тул захиалгат обьектыг хүлээлгэн өгөх, холбогдох баримт бичгийг гарган өгөх боломжгүй байна.

Иймд нэхэмжлэгч “К” ХК-иас гаргасан уг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

“К” ХК нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх болон Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс гарсан шийдвэрийн дагуу Гэрээний төлбөрөө бүрэн төлж орон сууцыг хүлээн авах эрхтэй болох ба энэ талаар “К” ХК-д удаа дараа мэдэгдсэн боловч үлдэгдэл төлбөрөө өнөөдрийг болтол төлөөгүй байна.

Иймд, манай компани 2015 оны 5 дугаар сарын 08-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх алданги 304,124,930 төгрөгийг төлөх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байгаа тул “К” ХК-ийн нэмэгдүүлсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч “К” ХК нь хариуцагч “А” ХХК-д холбогдуулан Үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримт мэдээллийг гаргуулах, үл хөдлөх эд хөрөнгийн түлхүүрийг хүлээлгэн өгөхийг даалгах, алдангид 304 124 930/гурван зуун дөрвөн сая нэг зуун хорин дөрвөн мянга есөн зуун гуч/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч “А” ХХК нь гэрээнд заасан төлбөрийг бүрэн төлөөгүй байх тул захиалгат обьектыг хүлээлгэн өгөх, холбогдох баримт бичгийг гарган өгөх боломжгүй, алданги төлөх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна гэж маргасан.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Зохигчид 2014 оны 5 дугаар сарын 30-ны өдөр № 1101 “Орон сууц захиалан бариулах гэрээ”/цаашид “Гэрээ” гэх/ байгуулсан болох нь Гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Гэрээний 1-ийн 1.2-т зааснаар хариуцагч нь 205/хоёр зуун тав/ м.кв талбай бүхий орон сууц, автомашины зогсоолыг 2015 оны 2 дугаар улирал буюу 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч нь орон сууц, зогсоолын төлбөрт нийт 557 520.12/таван зуун тавин долоон мянга таван зуун хорь ам.доллар, арван хоёр цент/ ам.доллар төлөх үүргийг тус тус хүлээсэн болох нь Гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй ... хөрөнгө ... худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх ... худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж ... хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчийн өмчлөлд хөрөнгө шилжүүлэх, нэхэмжлэгч нь үнийг төлөх үүргийг хүлээсэн тус Гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан Худалдах-худалдан авах гэрээний шинжтэй байх ба Гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 хэсэгт нийцсэн байх тул хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна.

 

Гэрээний 2-ын 2.3.1-т зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчид урьдчилгаа төлбөр болон 2/хоёр/ дахь төлбөрт нийт 334 512/гурван зуун гучин дөрвөн мянга таван зуун арван хоёр/ ам.доллар буюу 608 249 860/334512x1818.32=608249860/ /зургаан зуун найман сая хоёр зуун дөчин есөн мянга найман зуун жар/ төгрөгийг төлсөн болох нь зохигчийн тайлбар, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 01950 дугаар шийдвэрийн болон Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 2249 дугаар магадлалаар тогтоогдож байна.

 

Гэрээний 2-ын 2.3.1-т зааснаар нэхэмжлэгч нь орон сууцны түлхүүр гардуулах өдөр болон түүнээс өмнө үлдэгдэл төлбөр болох 223 008.12/хоёр зуун хорин гурван мянга найман америк доллар арван хоёр цент/ ам.доллар төлөх үүрэг хүлээсэн болох нь зохигчийн тайлбар, Гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч нь 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэгчид Гэрээнд заасан Эцсийн хяналтын өдөр болсон талаар, үлдэгдэл төлбөрийг төлсөн тохиолдолд орон сууцны түлхүүрийг гардуулах болон Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 01950 дугаар шийдвэрт дурдсан төлбөрийг үлдэгдэл төлбөрөөс хасахыг зөвшөөрч байгаа талаар мэдэгдсэн болох нь 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн № 18/134 албан бичгийн хуулбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Гэрээнд заасан эцсийн хяналтын өдөр болохыг хүлээн зөвшөөрсөн байх тул үлдэгдэл төлбөрийг төлөх үүрэгтэй болох нь Гэрээний болон 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн № 01/001 албан бичгийн хуулбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь Гэрээнд заасан үлдэгдэл төлбөрийг бүрэн төлж барагдуулсан гэж, хариуцагч нь үлдэгдэл төлбөрөөс 104 111.79/нэг зуун дөрвөн мянга нэг зуун арван нэгэн америк доллар далан есөн цент/ ам.доллар дутуу төлсөн гэж маргаж байна.

 

Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-т “Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна.”, Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т “Бараа, ажил, үйлчилгээний үнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлж, түүгээр төлбөр тооцоог гүйцэтгэх ба ... хориглоно.” гэж заасан.

 

Гэрээний 2-ын 2.2-т “... Төгрөгийг ам.долларт хөрвүүлэн тооцохдоо гэрээ байгуулсан өдрийн Монгол банкны албан ёсны ханшаар тооцож хөрвүүлсэн бөгөөд 1 ам.доллар нь 1818.32 төгрөг байсан болно.”, 2.3.2-т “Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр хийнэ” гэжээ.

 

Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар зохигчид Гэрээний 2-ын 2.2, 2.3.2-т үл хөдлөх эд хөрөнгийн нийт үнийг төгрөгөөр тогтоож, нийт хэдэн ам.доллар болох талаар тусгасан байх ба Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт зааснаар Гэрээнд 1 818.32/нэг мянга найман зуун арван найман төгрөг гучин хоёр мөнгө/ төгрөгийг 1/нэг/ ам.доллараар тооцох талаар шууд заасан болох нь Гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэг, Гэрээнд зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн нийт үнэ болох 1 013 749 985/нэг тэрбум арван гурван сая долоон зуун дөчин есөн мянга есөн зуун наян тав/ төгрөгийг 557 520.12/таван зуун тавин долоон мянга таван зуун хорин америк доллар арван хоёр цент/ ам.доллар байхаар тогтоосон болох нь Гэрээний хуулбараар тогтоогдож байна.     

 

Гэрээний 2-ын 2.3.1-т зааснаар нэхэмжлэгч нь үлдэгдэл төлбөрт нийт 405 500 124/223008.12x1818.32=405500124/ /дөрвөн зуун таван сая таван зуун мянга нэг зуун хорин дөрөв/ төгрөгийг төлөхөөс 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн № 18/134 албан бичигт дурдсанаар нийт 91 851 616/91237479+614137=91851616/ /ерэн нэгэн сая найман зуун тавин нэгэн мянга зургаан зуун арван зургаа/ төгрөгийг үлдэгдэл төлбөрөөс хасч тооцож, үлдэгдэл 313 648 508/гурван зуун арван гурван сая зургаан зуун дөчин найман мянга таван зуун найм/ төгрөгийн төлбөрт 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 118 896.33/нэг зуун арван найман мянга найман зуун ерэн зургаан америк доллар гучин гурван цент/ ам.долларыг төлсөн болох нь 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн № 01/001 албан бичгийн болон 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн № 19/04 албан бичгийн хуулбараар тогтоогдож байна.

 

Гэрээний 2-ын 2.2, 2.3.2-т зааснаар 118 896.33/нэг зуун арван найман мянга найман зуун ерэн зургаан америк доллар гучин гурван цент/ ам.долларыг төгрөгөөр тооцож төгрөгт шилжүүлбэл 216 191 574/118896.33x1818.32=216191574/ /хоёр зуун арван зургаан сая нэг зуун ерэн нэгэн мянга таван зуун далан дөрөв/ төгрөг болно.

 

Хариуцагч нь Гэрээний үлдэгдэл төлбөрт 313 648 508/гурван зуун арван гурван сая зургаан зуун дөчин найман мянга таван зуун найм/ төгрөгийг төлөхөөс 216 191 574/хоёр зуун арван зургаан сая нэг зуун ерэн нэгэн мянга таван зуун далан дөрөв/ төгрөгийг төлсөн байх ба Гэрээний үлдэгдэл төлбөрт 97 456 934/313648508-216191574=97456934/ /ерэн долоон сая дөрвөн зуун тавин зургаан мянга есөн зуун гучин дөрөв/ төгрөг буюу 53 597.24/тавин гурван мянга таван зуун ерэн долоон америк доллар хорин дөрөв/ ам.долларыг төлөх үүрэгтэй болох нь 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн № 01/001 албан бичгийн болон 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн № 19/04 албан бичгийн хуулбар, Гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь Гэрээний үлдэгдэл төлбөрт 97 456 934/ерэн долоон сая дөрвөн зуун тавин зургаан мянга есөн зуун гучин дөрөв/ төгрөг буюу 53 597.24/тавин гурван мянга таван зуун ерэн долоон америк доллар хорин дөрөв/ ам.долларыг төлөх үүрэгтэй байх тул хариуцагчаас Сүхбаатар дүүрэг, 1-р хороонд байрлах “Олимпик резиденс” оффис, үйлчилгээ, орон сууцны зориулалттай цогцолборын 1101 тоотод байрлах 205/хоёр зуун тав/ м.кв талбайтай орон сууц, зоорийн давхарт байрлах 1/нэг/ ширхэг автомашины авто зогсоолыг “К” ХК-ийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлэх тухай “А” ХХК-ийн албан тоот, “Олимпик резиденс” оффис, үйлчилгээ, орон сууцны зориулалттай цогцолборын захиалагчдын нэрс, тэдгээрийн оруулсан хөрөнгийн хэмжээг тусгасан үл хөдлөх эд хөрөнгийн захиалагчийн нэрсийн жагсаалт, захиалагч “К” ХК нь гүйцэтгэгч “А” ХХК-нд төлбөр тооцооны өргүй, төлбөр тооцоо дууссан тухай албан бичиг, Сүхбаатар дүүргийн 1-р хороонд байрлах “Олимпик резиденс” оффис, үйлчилгээ, орон сууцны зориулалттай цогцолборын барилга байгууламжийг бүтэн харуулсан гэрэл зураг, “Олимпик резиденс” оффис, үйлчилгээ, орон сууцны зориулалттай цогцолборын барилга байгууламжийн зураг төсөл, “Олимпик резиденс” оффис, үйлчилгээ, орон сууцны зориулалттай цогцолборын барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын дүгнэлт, Сүхбаатар дүүргийн 1-р хороонд байрлах “Олимпик резиденс” оффис, үйлчилгээ, орон сууцны зориулалттай цогцолборт эрх бүхий байгууллагаас олгосон байршлын хаяг, Сүхбаатар дүүргийн 1-р хороонд байрлах “Олимпик резиденс” оффис, үйлчилгээ, орон сууцны зориулалттай цогцолборын байршиж буй газрын мэдээллийн санд бүртгэгдсэн газрын кадастрын зураг, газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны дүгнэлтийг гаргуулан нэхэмжлэгчид олгохыг, Сүхбаатар дүүрэг, 1-р хороонд байрлах “Олимпик резиденс” оффис, үйлчилгээ, орон сууцны зориулалттай цогцолборын 1101 тоотод байрлах 205/хоёр зуун тав/ м.кв талбайтай орон сууц, зоорийн давхарт байрлах 1 ширхэг автомашины авто зогсоолын түлхүүрийг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөхийг даалгах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэгч нь Гэрээнд заасан үлдэгдэл төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тохиолдолд хариуцагчаас 1101 тоотод байрлах 205/хоёр зуун тав/ м.кв талбайтай орон сууц, зоорийн давхарт байрлах 1/нэг/ ширхэг автомашины авто зогсоолын өмчлөгчөөр бүртгүүлэхэд шаардлагатай баримт, мэдээллийг гаргуулах болон тус үл хөдлөх эд хөрөнгүүдийн түлхүүрийг хүлээлгэн өгөх тухай нэхэмжлэлийн шаардлагыг дахин гаргахад энэ шийдвэр саад болохгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас алдангид 304 124 930/гурван зуун дөрвөн сая нэг зуун хорин дөрвөн мянга есөн зуун гуч/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д “... хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ.” гэж заасан.

 

Гэрээний 6-ийн 6.2-т зохигчид алдангийн хэмжээ өдөр тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5/тэг аравны тав/ хувь байхаар харилцан тохиролцсон болох нь Гэрээний хуулбараар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч нь Гэрээний 1-ийн 1.2-т заасан орон сууц болон авто зогсоолыг 2015 оны 2 дугаар улирал буюу 2015 оны 6 дугара сарын 30-ны өдөр хүлээлгэн өгөх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн байх тул алданги төлөх үүрэгтэй байна.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдрөөс орон сууцны эцсийн хяналтын өдөр болох 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүртэлх 234/хоёр зуун гучин дөрөв/ хоногийн алдангийг, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын дагуу төлсөн төлбөр болох 608 249 860/зургаан зуун найман сая хоёр зуун дөчин есөн мянга найман зуун жар/ төгрөгөөс тооцон гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т “... Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй.” гэж заасан.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас алдангид нийт 304 124 930/608 249 860x0.5%=3041250, 3041250x234=711652500, 711652500:2=304124930/ /гурван зуун дөрвөн сая нэг зуун хорин дөрвөн мянга есөн зуун гуч/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д “Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно.” гэж заасан.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь өмнө нь Гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой нэхэмжлэгчид алданги төлсөн нөхцөл байдлыг харгалзан үзэж алданги болох 304 124 930/гурван зуун дөрвөн сая нэг зуун хорин дөрвөн мянга есөн зуун гуч/ төгрөгийг тал хувиар бууруулж хариуцагчаас алдангид 152 062 465/нэг зуун тавин хоёр сая жаран хоёр мянга дөрвөн зуун жаран тав/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүртэлх алдангийг гаргуулах маргааныг шүүх шийдвэрлэж байгаагүй байх тул уг маргааныг шүүхээр шийдвэрлэсэн гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлгүй байна.

 

Шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.8, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “А” ХХК-иас нийт 152 062 465/нэг зуун тавин хоёр сая жаран хоёр мянга дөрвөн зуун жаран тав/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “К” ХК-д олгож, үлдсэн 152 062 465/нэг зуун тавин хоёр сая жаран хоёр мянга дөрвөн зуун жаран тав/ төгрөгийг, албан тоот, үл хөдлөх эд хөрөнгийн захиалагчийн нэрсийн жагсаалт, барилга байгууламжийг бүтэн харуулсан гэрэл зураг, барилга байгууламжийн зураг төсөл, барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын дүгнэлт, эрх бүхий байгууллагаас олгосон байршлын хаяг, кадастрын зураг, газрын төлөв байдлын чанарын улсын хянан баталгааны дүгнэлт гаргуулах, 1101 тоот байрлах 205/хоёр зуун тав/ м.кв талбайтай орон сууц, зоорийн давхарт байрлах 1/нэг/ ширхэг автомашины авто зогсоолын түлхүүрийг “К” ХК-д хүлээлгэн өгөхийг даалгах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

  1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.8, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “А” ХХК-иас нийт 152 062 465/нэг зуун тавин хоёр сая жаран хоёр мянга дөрвөн зуун жаран тав/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “К” ХК-д олгож, үлдсэн 152 062 465/нэг зуун тавин хоёр сая жаран хоёр мянга дөрвөн зуун жаран тав/ төгрөгийг, албан тоот, үл хөдлөх эд хөрөнгийн захиалагчийн нэрсийн жагсаалт, барилга байгууламжийг бүтэн харуулсан гэрэл зураг, барилга байгууламжийн зураг төсөл, барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын дүгнэлт, эрх бүхий байгууллагаас олгосон байршлын хаяг, кадастрын зураг, газрын төлөв байдлын чанарын улсын хянан баталгааны дүгнэлт гаргуулах, 1101 тоот байрлах 205/хоёр зуун тав/ м.кв талбайтай орон сууц, зоорийн давхарт байрлах 1/нэг/ ширхэг автомашины авто зогсоолын түлхүүрийг “К” ХК-д хүлээлгэн өгөхийг даалгах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч “К” ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 1 818 980 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “А” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 918 262 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “К” ХК-д олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан   сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ХИШИГБАТ