| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энэбишийн Золзаяа |
| Хэргийн индекс | 182/2019/01642/и |
| Дугаар | 2041 |
| Огноо | 2019-12-06 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 12 сарын 06 өдөр
Дугаар 2041
О.Ёийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч Г.Даваадорж, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 182/ШШ2019/01561 дүгээр шийдвэртэй,
Нэхэмжлэгч: О.Ёийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “У” ХХК-д холбогдох,
Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: О.Чинхүслэн
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Цээпилмаа
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхнаран нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О.Ё 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр “У” ХХК-тай хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулан Хан-Уул салбарын захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан ба гэрээний 3.2.1-д хөдөлмөрийн гэрээний хугацаа нэг жил байна, 3.3-т талуудын аль нэг талаас гэрээг цуцлах талаар санал гаргаагүй бөгөөд ажилтан нь ажлын байранд ажил үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэж байгаа тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсэгт заасныг баримтлан энэхүү гэрээг анх заасан хугацаагаар адил нөхцөлтэйгөөр сунгагдсанд тооцно гэж тус тус заасан.
Талуудын хэн аль нь гэрээг цуцлах талаар ямар нэгэн санал гаргаагүй учраас нэг жилийн хугацаагаар гэрээ сунгагдсан гэж үзэн, ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байсан. Банкны удирдлагын зүгээс 2018 оны 12 сард дуудаж 2018 оны 11 сарын 06-ны өдрөөс 2019 оны 07 сарын 01-ний өдрийг хүртэл 8 сарын хугацаагаар хөдөлмөрийн гэрээ байгуул, эсвэл ажлаа өг хэмээн тулган шаардсан тул аргагүй байдалд орж 2018 оны 12 сарын 13-ны өдөр гэрээнд гарын үсэг зурсан.
Гэтэл уг хөдөлмөрийн гэрээ нь 2018 оны 11 сарын 06-ны өдөр дахин нэг жилээр сунгачихсан гэрээ байсан бөгөөд сүүлд гарын үсэг зурсан гэрээнд О.Ёийн хүсэл зориг байгаагүй.
2019 оны 06 сарын 28-ны өдрийн Б/429 тоот Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болох тухай гүйцэтгэх захирлын тушаалаар “талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болсон” гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн ба уг тушаалыг О.Ё 2019 оны 07 сарын 03-ны өдөр гардаж авсан байдаг.
Хариуцагч байгууллага хэвийн ажил үүргээ гүйцэтгэж байгаа ажилтныг үндэслэлгүйгээр ажил үүргээс нь чөлөөлөхийн тулд 8 сарын хугацаатай хөдөлмөрийн гэрээг нөхөж байгуулсан байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн гэж үзэхээр байна.
Мөн “У” ХХК нь О.Ётай салбарын захирлын үүрэг гүйцэтгэгч буюу туршилтын хугацааны хөдөлмөрийн гэрээг 1 жил, 8 сар сарын хугацаагаар ажиллуулж, албан тушаалын цалингийн 70 хувиар тооцон цалинжуулж байсан нь Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн бөгөөд тус хугацаанд албан тушаалын цалинг 100 хувиар нь тооцон олгох байсан.
О.Ё 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл буюу 7 дугаар сард 23 хоног, 8 дугаар сард 22 хоног, 9 дүгээр сард 13 хоног, нийт ажлын 58 хоног ажилгүй байсан бөгөөд 1 сарын 2 274 000 төгрөг буюу нэг өдрийн дундаж цалин 108 285 төгрөг юм. Үүнийг ажилгүй байсан 58 хоногт тооцоход 6 280 571 төгрөг болж байна.
Иймд О.Ёийг ажил, албан тушаалд нь эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор 6 280 571 төгрөг гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О.Ёийг 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн гүйцэтгэх захирлын Б/635 тоот тушаалаар ажилд томилж мөн өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулсан ба хөдөлмөрийн гэрээний 3.1-д гэрээний хугацааг 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 06 хүртэл 1 жилийн хугацаатай байгуулсан. Уг гэрээг талууд дахин 8 сарын хугацаатай сунгасан бөгөөд 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн гүйцэтгэх захирлын Б/429 тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасныг үндэслэн цуцалсан.
Орон тооны онцлогтой холбогдуулан энэ гэрээний хугацаа дууссан. Тэгэхээр нэхэмжлэгч нь хохирсон, буруу халагдсан зүйлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч “У” ХХК-д холбогдох “Ажил албан тушаалдаа буцаан томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгуулж, эрүүл мэнд нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх” тухай нэхэмжлэгч О.Ёийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч О.Ё нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: О.Ё 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр “У” ХХК-тай хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулан Хан-Уул салбарын захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан ба гэрээний 3.2.1-д хөдөлмөрийн гэрээний хугацаа нэг жил байна, 3.3-т талуудын аль нэг талаас гэрээг цуцлах талаар санал гаргаагүй бөгөөд ажилтан нь ажлын байранд ажил үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэж байгаа тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсэгт заасныг баримтлан энэхүү гэрээг анх заасан хугацаагаар адил нөхцөлтэйгөөр сунгагдсанд тооцно гэж тус тус заасан
Талуудын хэн аль нь гэрээг цуцлах талаар ямар нэгэн санал гаргаагүй учраас нэг жилийн хугацаагаар гэрээ сунгагдсан гэж үзэн, ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байсан. Гэтэл банкны удирдлагын зүгээс 2018 оны 12 сард дуудаж 2018 оны 11 сарын 06-ны өдрөөс 2019 оны 07 сарын 01-ний өдрийг хүртэл 8 сарын хугацаагаар хөдөлмөрийн гэрээ байгуул, эсвэл ажлаа өг хэмээн тулган шаардсан тул аргагүй байдалд орж гарын үсэг зурж, 8 сарын хугацаатай гэрээ байгуулахын зөвшөөрч байгаа талаар бичүүлж авсан. Ингэж 8 сарын хугацаатай гэрээг нөхөж байгуулж байгаа нь Иргэний хууль, Хөдөлмөрийн тухай хуулийн зөрчсөн гэж үзэхээр байна.
Гэрээний хугацаа 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр дуусгавар болохоор байхад 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр ажлаас чөлөөлөх тушаал гаргасан байхад шүүх хариуцагчийн үйлдлийг зөвтгөж шийдвэр гаргасан нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзэхээр байна.
Хариуцагч байгууллага байнгын ажлын байран дээр хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулах хуулийн шаардлагыг биелүүлээгүйгээс гадна ажилтны эрх зүйн байдлыг дордуулсан гэрээг давхар байгуулж, хөдөлмөрийн гэрээний хугацааг дуусгавар болгосон гэсэн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаа нь хууль зөрчсөн.
Банкнаас салбарын захирлын үүрэг гүйцэтгэгч гэдэг албан тушаалыг тодорхойлохдоо үүрэг гүйцэтгэгч гэдгийг төрийн албанд ашигладаг байдлаар хэрэглэдэггүй, түр үүрэг гүйцэтгүүлэх ойлголтоос өөр бөгөөд банк дотооддоо ийм албан тушаалын нэршлийг бий болгосон, салбарын захирлын үүргийг гүйцэтгээгүй бие даасан орон тоо гэж тайлбарласан байдаг. Салбарын захирлын үүрэг гүйцэтгэгч болон салбарын захирлын ажлын байрны тодорхойлолт ижил эрх, үүргийн хувьд ялгаатай зүйл байхгүй.
Шүүгч хариуцагчаас удаа дараа салбарын захирлын үүрэг гүйцэтгэгч гэдэг нь түр ажлын байр юм уу, байнгын ажлын байр юм уу гэсэн асуултад салбарын захирлыг ажилд авах хүртэл түр ажлын байр гэж тайлбарласан. Тэгэхээр түр ажлын байран дээр хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан үндэслэл, шалтгаан, талуудын хүсэл зоригийг яагаад тусгаагүй талаар асуухад энэ талаар хөдөлмөрийн гэрээнд заавал тусгах шаардлагагүй гэж үзсэн хэмээн тайлбарласан.
Уг ажлын байрны талаар түр орон тоо гэдэг талаар баримт авагдаагүй байхад хариуцагчийн тайлбарыг үндэслэн түр орон тоо гэж дүгнэсэн нь үндэслэлгүй, талуудын хооронд байгуулагдсан хугацаатай хөдөлмөрийн гэрээнд ямар үндэслэлээр тодорхой хугацаатай ажиллуулах болсон төлөөр дурдаагүй болохыг зөвтгөж Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийг буруу тайлбарлан хэрэглэсэн.
Хөдөлмөрийн гэрээг 1 жил 8 сарын туршилтын хугацаагаар ажиллуулж, албан тушаалын цалингийн 70 хувиар тооцон цалинжуулж байсан нь хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн, 100 хувийн тооцон олгох байсан талаар шүүх анхаарч үзээгүй.
Нэхэмжлэгчид дарамт шахалт үзүүлж хөдөлмөрийн гэрээг давхар байгуулсан болохыг нэхэмжлэгч нотлоогүй гэдэг шалтгаанаар нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож байгаа нь үндэслэлгүй. Хариуцагч байгууллага нь дарамт шахалт үзүүлсэн гэдгийг нотлох үүрэгтэй, нэхэмжлэгч талаас нотлох боломжгүй. Хариуцагчийн хууль зөрчиж байгуулсан хөдөлмөрийн гэрээг үндэслэлтэй гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй.
Иймд анахн шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан шийдвэрлэх нь зүйтэй байна
Нэхэмжлэгч О.Ё хариуцагч “У” ХХК-д холбогдуулан урьд эрхэлж байсан ажилд эгүүлгэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
“У” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн тушаалаар О.Ёийг тус компанийн Хан-Уул салбарын захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилж, түүнтэй 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хөдөлмөрийн гэрээг 1 жилийн хугацаатай байгуулсан, талуудын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.
2017 оны хөдөлмөрийн гэрээний 3.3-т “талуудын аль нэг талаас гэрээг цуцлах талаар санал гаргаагүй бөгөөд ажилтан нь ажлын байранд ажил үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэж байгаа тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсэгт заасныг баримтлан энэхүү гэрээг анх заасан хугацаагаар адил нөхцөлтэйгээр сунгагдсанд тооцно” гэж тохиролцжээ.
Талуудын хооронд байгуулагдсан 2017 оны хөдөлмөрийн гэрээний 1 жилийн хугацаа дууссан өдөр буюу 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс хойш ажилтан О.Ё тус ажил үүргийг үргэлжлүүлэн гүйцэтгэж байсан. Ажил олгогчоос 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн А/90 тоот тушаалаар баталсан Уны дотоод журмын 2.16-д “Захиргаа, ажилтны аль нэг нь гэрээний хугацааг цааш сунгахыг үл хүссэн тохиолдолд хугацаатай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусмагц уг гэрээг дуусгавар болсонд тооцно. Захиргаа, ажилтны аль нэг нь гэрээний хугацааг цааш сунгахгүй тухайгаа гэрээний хугацаа дуусахын өмнө мэдэгдэнэ” гэж заасны дагуу мэдэгдлийг ажилтанд хүргүүлээгүй байна. Иймд талуудын хооронд байгуулагдсан гэрээг 1 жилийн хугацаагаар сунгагдсан, уг гэрээ хүчин төгөлдөр байхад анхан шатны шүүх энэ талаар дүгнээгүй байна.
Хөдөлмөрийн гэрээнд заасан ажлын байрыг талууд салбарын захирлын үүрэг гүйцэтгэгч гэж тодорхойлсноос үзвэл талууд Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 23.2.2-д зааснаар уг гэрээг хугацаатай байгуулжээ.
Хүчин төгөлдөр гэрээний харилцаа дуусгавар болоогүй байхад ажил олгогч нь ажилтантай 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хөдөлмөрийн гэрээг дахин байгуулж, гэрээний хугацааг 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөр тодорхойлж богиносгосон байна.
О.Ё 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр ажил олгогч талд хүсэлт гаргасан байх ба хүсэлтэд “...удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг ойлгож хүлээн авлаа, 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаагаар туршилтын хугацааг сунгаж, туршиж ажиллуулахыг хүлээн зөвшөөрч байна” гэж бичсэнээс дүгнэвэл хөдөлмөрийн гэрээний хугацааг богиносгох гэрээний санал гаргасан, хүсэл зоригийг илэрхийлсэн гэж дүгнэхгүй юм.
Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 23.2.2, 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь заалтыг баримтлан О.Ётай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөр тасалбар болгон цуцлахдаа хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусч, цаашид сунгах боломжгүй гэсэн үндэслэлийг заасан “У” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Б/429 дүгээр тушаал хуульд нийцэхгүй байхад хугацаатай байгуулсан гэрээний хугацаа дууссан гэх үндэслэлээр анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу болжээ.
Харин талуудын хооронд байгуулагдсан 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн хөдөлмөрийн гэрээний хугацаа 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр дууссан тул ажилтан О.Ёийн ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй юм.
О.Ёийн зөрчигдсөн эрхийг сэргээхдээ хөдөлмөрийн гэрээгээр тохиролцсон хугацаан дахь олговрыг тооцож олгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иймд нэхэмжлэгч О.Ёт Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан олговрыг 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэлх 4 сар 4 хоногийн хугацаагаар тооцно.
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын дагуу тооцоход О.Ёийн нийгмийн даатгалын дэвтрээс 2019 оны сүүлийн 3 сарын тогтмол дунджаар тооцож /7 дугаар сар ээлжийн амралтын олговор учир орохгүй/ дундаж цалин 1 сарын 2 331 324 төгрөг гэж тогтоох боломжтой боловч нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа 1 сарын дундаж цалин хөлсийг 2 274 000 төгрөгөөр тодорхойлсноор тооцох нь зүйтэй.
Иймд “У” ХХК-аас олговор 9 519 068 /2 274 000х4 сар+2 274 000:21,5 хоног х 4 хоног/ төгрөгийг гаргуулж О.Ёт олгов.
Нэхэмжлэгч талын “банкны салбарын захирлын үүрэг гүйцэтгэгч гэдгийг төрийн албанд ашигладаг байдлаар хэрэглэдэггүй, түр үүрэг гүйцэтгүүлэх ойлголтоос өөр бөгөөд банк дотооддоо ийм албан тушаалын нэршлийг бий болгосон, салбарын захирлын үүргийг гүйцэтгээгүй бие даасан орон тоо гэж тайлбарласан” гэх гомдол нь үндэслэлгүй болжээ. Учир нь хариуцагч байгууллага дотоод үйл ажиллагаанд хэрэглэх нэр томьёог хуулиар хязгаарлаагүй юм.
Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 182/ШШ2019/01561 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “У” ХХК-аас 9 519 068 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.Ёт олгож, олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл тооцож холбогдох дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг “У” ХХК-д даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөн найруулж шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэл нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ОТГОНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ
Э.ЗОЛЗАЯА