Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 2077

 

Л.Аангийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 184/ШШ2019/02658 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Л.Аангийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ч.Чатад холбогдох,

Худалдах, худалдан авах гэрээг цуцалж, гэрээний үүрэгт төлсөн 10 300 000 төгрөг буцаан гаргуулах тухай иргэний хэргийг

 Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Л.Аан,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: О.Отгонбаяр,

Хариуцагч: Ч.Чат

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхнаран нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.Аан Ч.Чаттай 2019 оны 01 дүгээр сард холбогдон 2185 УНЛ улсын дугаартай Приус-20 маркийн авто машиныг 10 300 000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохиролцсон. Тухайн үед уг автомашин нь “Сайн ломбард” ХХК-д барьцаанд байсан бөгөөд “Сайн ломбард” ХХК нь тээврийн хэрэгслийн нэр шилжүүлэх бичиг хийж өгснөөр миний нэр дээр шилжсэн. Хариуцагчтай бичгээр ямар гэрээ байгуулаагүй, амаар тохиролцсон.

Уг автомашины нэр шилжсэний дараа 140 000 төгрөгийн торгууль байгааг мэдэж, Ч.Чаттай удаа дараа холбогдсоны эцэст 100 000 төгрөгийг төлүүлсэн. Авсан цагаас хойш зарим нэг гэмтэлтэй болох нь тогтоогдож, хариуцагчийг автомашинаа буцаан авахыг хэд хэдэн удаа шаардсан боловч, хариу өгөөгүй. Улмаар автомашиныг 5 дугаар сард Улсын үзлэг, оношилгоонд орохоор оношилгооны газарт хандсан боловч, Тээврийн хэрэгслийн арлын дугаарыг гагнаж, арлын дугаарыг сольсон байгаа тул үзлэгт хамруулах боломжгүй гэсэн хариу өгсөн.

Үүний дагуу Нийслэлийн цагдаагийн газарт өргөдөл өгч хулгайн тээврийн хэрэгсэл эсэхийг шалгуулсан бөгөөд Цагдаагийн газраас уг авто машиныг 10 хоног саатуулан шалгалт хийж, 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 25б-1/2316 тоот албан бичгээр уг авто машинтай холбоотой хулгайн гэмт хэргийн бүртгэл алга байна. Осолд орсон ачааны авто машины арлын дугаарыг сольсон байна гэсэн хариуг амаар өгсөн.

Иймд Ч.Чат нь Иргэний хуульд заасан доголдолтой эд хөрөнгийг шилжүүлсэн тул бидний хооронд амаар байгуулсан худалдах, худалдан авах гэрээг цуцалж, төлбөрт шилжүүлсэн 10 300 000 төгрөгийг хариуцагчаас буцаан гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Э.Ундралын нэр дээр бүртгэлтэй 21-85 УНЛ улсын дугаартай Приус-20 маркийн автомашиныг 2018 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 9 300 000 төгрөгөөр худалдаж авсан. Тус автомашиныг худалдан авахад ямар нэгэн торгуульгүй улсын үзлэг оношилгоонд орсон байсан учир арлын дугаар сольсон тухай мэдээгүй.

Би тус автомашиныг гэр бүлийн хэрэгцээнд унаж байгаад 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Л.Аанд 10 300 000 төгрөгөөр зарсан. Автомашиныг хүлээлцэхэд биет байдлаар ямар нэгэн эвдрэл, гэмтэл доголдолгүй автомашиныг хүлээлгэн өгсөн. Л.Аангийн нэхэмжилсэн 10 300 000 төгрөгийг одоогоор өгөх боломжгүй байгаа учир худалдсан Э.Ундралаас хохирлыг авч барагдуулна. Миний зүгээс нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй, Э.Ундралтай холбоотой асуудал шийдэгдтэл хүлээвэл мөнгийг буцааж өгч болно гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 255 дугаар зүйлийн 255.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ч.Чатад холбогдуулан гаргасан худалдах, худалдан авах гэрээг цуцалж, 10 300 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Л.Аангийн  нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Л.Аангаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 179 750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан гэрээний харилцааг зөв тодорхойлж, эд хөрөнгийн доголдлын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн боловч хэргийн нөхцөл байдлыг бүрэн гүйцэд судлалгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Зам, тээврийн сайдын 2013 оны 232 дугаар тушаалаар батлагдсан “Авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг явуулах журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.1 дэх заалтын дагуу “Авто тээврийн хэрэгслийг өмчлөгч, эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь нийтийн тээврийн үйлчилгээний авто тээврийн хэрэгслийг хагас жилд нэг удаа, бусад авто тээврийн хэрэгслийг жилд нэг удаа тогтсон хугацаанд үзлэгт хамруулна” гэж заасан тул нэхэмжлэгчийн хувьд хариуцагчтай адил нөхцөл байдалтай буюу 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр техникийн улсын үзлэгт орж тэнцсэн тухай тэмдэглэгээ бүхий тээврийн хэрэгслийг 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр худалдан авсан.

Авто тээврийн хэрэгсэл эзэмшигчид нь тээврийн хэрэгслийн улсын дугаараас хамааран татвараа төлж, оношилгоонд ордог бөгөөд худалдах, худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн Приус 20 маркийн тээврийн хэрэгсэл нь 2185 УНЛ улсын дугаартай тул 2019 оны 5 дугаар сард оношилгоонд орсон. Өмнө нь уг тээврийн хэрэгсэл нь Н.Балдандорж гэдэг хүний өмчлөлд байхдаа 8271 ГАҮ улсын дугаартай байсан бөгөөд тухайн үед эзэмшиж байсан Н.Балдандорж нь тээврийн хэрэгслийн дугаарын сүүлийн орны цифрийн дагуу 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр оношилгоонд оруулсан байдаг.

Хэрэг хянан шийдвэрлэсэн шүүхийн ажиллагааны явцад хариуцагч талаас нэхэмжлэгчийг худалдан авах үедээ доголдлыг мэдэх ёстой байсан, мэдэж байсан гэх тайлбарыг дурдаагүй энэ талаар нотлох баримт гаргаж өгөөгүй бөгөөд харин ч тухайн доголдлын талаар өөрөө мэдээгүй байсан, энэ доголдлыг оношилгоонд оруулж мэдэх боломжтой гэх тайлбарыг өгсөн байдаг.

Иймд анхан шатны шүүхээс хууль тогтоомжийг буруу хэрэглэн нэхэмжлэгчид хуульд заагаагүй үүрэг хүлээлгэж, худалдах, худалдан авах гэрээг хийх үед доголдлын талаар мэдэх боломжтой байсан гэх шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Л.Аан нь хариуцагч Ч.Чатад холбогдуулан худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний үнэд төлсөн 10 300 000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

Л.Аан, Ч.Чат нар 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 21-85 УНЛ улсын дугаартай Приус-20 маркийн автомашиныг 10 300 000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээг амаар байгуулсан нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасанд нийцсэн гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

Хариуцагч Ч.Чат нь нэхэмжлэгч Л.Аанд биет байдлын доголдолтой автомашин хүлээлгэж өгсөн нь Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 2019 оны 09 дүгээр сарын 09-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэд “Л.Аангийн эзэмшлийн 21-85 УНЛ улсын дугаартай Приус 20 маркийн NHW203561277 арлын дугаартай автомашины арлын дугаарыг шалгахад гагнаж цохиж өөрчилсөн байна” гэсэн байдлаар тогтоогдож байна.

Шинжээчийн дүгнэлтийг хариуцагч Ч.Чаатар баримтаар няцаагаагүй, тэрээр бусдаас доголдолтой автомашин худалдан авч улмаар Л.Аанд худалдсан, доголдлыг мэдээгүй гэх байдлыг гэрээний үүргийг зохих ёсоор гүйцэтгэсэн гэж дүгнэхгүй. Уг автомашины доголдлыг Л.Аан Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1 дэх хэсэгт зааснаар автомашиныг хүлээж авах үед мэдсэн буюу мэдэх боломжтой байсан гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ. Учир нь уг доголдолыг автомашины үзлэг оношилгоогоор илрүүлсэн байхаас гадна худалдан авагчийн анхаарал болгоомжтой байх үүргийн хүрээнд уг доголдлыг илрүүлэх боломжтойд тооцохгүй.  

Автомашины арлын дугаар солигдсон доголдол арилгах боломжгүй тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзах эрхтэй.

Гэтэл анхан шатны шүүх Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.1 дэх хэсэгт заасан гэрээний үүргийн зөрчилтэй холбоотой гэрээ цуцлаж хохирол шаардах эрхийн зохицуулалтыг нэхэмжлэлийн үндэслэлд хамааруулж дүгнэсэн нь хууль хэрэглээний хувьд оновчгүй болсон. Нэхэмжлэгч хуулийн нарийвчилсан хэм хэмжээг тайлбарлах үүрэггүй бөгөөд харин шүүх нэхэмжлэгчийн тайлбараар гаргасан үйл баримтыг тодруулж шийдвэрлэх учиртай.  

Түүнчлэн анхан шатны шүүхээс Автотээврийн хэрэгслийг техникийн хяналтын үзлэг явуулах журам, Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан журмын татварын тухай хууль, Нийслэлд авто тээврийн хэрэгслийн бүртгэл, төлбөрийн тогтолцоо шинэчлэн нэвтрүүлэх журмын заалтыг дүгнэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу болжээ. Учир нь нэхэмжлэгч автомашиныг үзлэг оношилгоонд оруулах хугацаа, журам зөрчсөн эсэх нь худалдах, худалдах авах гэрээтэй холбоотой шаардлагыг гэрээний эсрэг талд гаргахад огт хамаарахгүй юм.

Худалдагч Ч.Чат Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан биет байдлын доголдолгүй эд хөрөнгө шилжүүлэх үүргээ биелүүлээгүй тул худалдан авагч Л.Аан нь мөн хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзаж, мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар гэрээний үнэд төлсөн 10 300 000 төгрөгийг буцаан шаардах эрхтэй, тэрээр мөн хүлээн авсан автомашиныг буцааж өгөх үүрэгтэй юм.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 184/ШШ2019/02658 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дүгээр зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ч.Чатаас 10 300 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Аанд олгож, нэхэмжлэгч Л.Аангаас 21-85 УНЛ улсын дугаартай Приус 20 маркийн автомашиныг гаргуулж Ч.Чатын өмчлөлд шилжүүлсүгэй” гэж,

2 дахь заалтын “үлдээсүгэй” гэснийг “үлдээж, хариуцагч Ч.Чатаас 179 750 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Аанд олгосугай.” гэж тус тус өөрчлөн найруулж шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 179 750 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ц.ИЧИНХОРЛОО

       ШҮҮГЧИД                                    Д.ЦОГТСАЙХАН

Э.ЗОЛЗАЯА