Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 2136

 

 

 

 

 

 

 

 

 

Х- ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Г.Даваадорж, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 183/ШШ2019/02248 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Х- ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Д.А-д холбогдох

 

Нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.О нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хан-Уул дүүргийн тойргийн нотариатч Д.А- нь 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдөр иргэн Б.Б-, “Х-” ХХК-ийг төлөөлж Б.Б- нарын хооронд байгуулсан “түрээсийн гэрээ”-үүдийн үнэн зөв болохыг гэрчилсэн байдаг. Гэтэл манай компанийн зүгээс иргэн Б.Б-тэй ямар нэгэн гэрээ байгуулаагүй бөгөөд гэрээ байгуулах итгэмжлэлийг Б.Б- гэх хүнд өгөөгүй. Уг гэрээнд “Х-” ХХК-ийн үйл ажиллагаа хариуцсан захирал Б.Б- гэж тусгасан байх боловч манай компанид Б.Б- гэх хүн ажилдаггүй мөн Үйл ажиллагаа хариуцсан захирал гэх орон тоо ч үгүй юм. Ийнхүү тус компанийн ажилтан биш, компанийг төлөөлөх эрхгүй этгээд болох Б.Б- нь Б.Б-тэй түрээсийн гэрээ байгуулсан атал нотариатч Д.А- нь Нотариатын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “нотариатч үйлчлүүлэгчийнхээ хувийн байдлыг тогтоохдоо түүний иргэний баримт бичиг, хурууны хээ, хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрмийг үндэслэх бөгөөд итгэмжлэл, төлөөлөл нь зохих ёсоор бүрдсэн эрх зүйн чадамжтай эсэхийг шалгаж, шаардлагатай бол эрх бүхий байгууллагын тодорхойлолт, цахим мэдээллийн сангийн мэдээлэл, эсхүл тухайн хүнийг таних хоёр гэрчээр тодорхойлуулан тогтоож болно”, мөн хуулийн 46.4-т “гэрээ, хэлцлийг төлөөлөгчөөр дамжуулан хийж байгаа бол төлөөлөгчийн бүрэн эрх, итгэмжлэл хуульд заасан шаардлага хангасан эсэхийг нягтална”, 46.5-д “Хуулийн этгээдийн нэрийн өмнөөс хийж байгаа гэрээ, хэлцлийг гэрчлэхдээ түүнийг хуулийн дагуу төлөөлж байгаа этгээдийн эрх хэмжээ нь гэрээ, дүрэм, Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрт тусгагдсан эсэхийг шалгана” гэж заасныг баримтлан шалгах үүрэгтэй бөгөөд хэрвээ төлөөлөх эрхгүй этгээд байх аваас мөн хуулийн 31.1-д “Нотариатч дараахь тохиолдолд нотариатын үйлдэл хийхээс татгалзана”, мөн хуулийн 31.1.4 дэх хэсэгт “үйлчлүүлэгч нь эрх зүйн чадамжгүй, эсхүл төлөөлөх эрхгүй байвал” гэж заасны дагуу нотариатын үйлдэл хийхээс татгалзах ёстой байсан. Мөн Хууль зүй, дотоод хэргийн Сайдын 2011 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 171 дүгээр тушаалаар батлагдсан Нотариатын үйлдэл хийх зааврын 2.2 дах хэсэгт “Нотариатын үйлдэл хийхэд шаардагдах баримт бичгийн бүрдүүлбэрийг үйлчлүүлэгч хангасан тохиолдолд нотариатч үйлдэл хийнэ”, мөн 4.6 дах хэсэгт “ Нотариатч нь үйлчлүүлэгч хуулийн этгээд эрх зүйн чадамжтай эсэхийг түүний улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрмийг үндэслэн тогтоохын зэрэгцээ улсын бүртгэлийн гэрчилгээнд тэмдэглэсэн өөрчлөлтийн талаарх бүртгэлийг нягталж үзнэ. Түүнчлэн хуулийн этгээдийг төлөөлж буй этгээдийн бүрэн эрх болон хувийн байдлыг тогтооно.  Ингэхдээ төлөөлж буй этгээдийн бүрэн эрхийг хуулийн этгээдийн гэрээ, дүрэм, Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол зэргийг итгэмжлэлээр төлөөлж буй тохиолдолд тухайн итгэмжлэл хуулийн шаардлага хангасан эсэхийг шалгана” гэж заасан. Иймд нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “энэ хуулийн 31.1-д заасныг зөрчиж хийсэн нотариатын үйлдлийг шүүх нотариатчийн болон сонирхогч этгээдийн хүсэлтээр хүчингүйд тооцно” гэж заасны дагуу 2018 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн түрээсийн гэрээг гэрчилсэн нотариатч Д.А-ын гэрчилсэн 2386, 2387 дугааруудад бүртгэгдсэн нотариатын үйлдлүүдийг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нотариатч Д.А нь 2018 оны 6 дугаар сарын 16-ны өдөр иргэн Б.Б- болон “Х-” ХХК-ийн байгуулсан түрээсийн гэрээнүүдийг батлахдаа хуульд заасан шаардлагуудыг бүрэн хангаж, гэрээний төслүүдийг боловсруулж ажилласан бөгөөд иргэн Б.Б-д “Х-” ХХК-ийг төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, албан бичгийг авчирхыг шаардсан. Гэвч гэрээний оролцогч талууд нотариатын боловсруулж өгсөн гэрээний төсөлд загвар оруулсан нотариатаас тавьсан шаардлагуудыг биелүүлсэн дүр эсгэж, тухайн гэрээнүүдийг баталгаажуулсан үйлдэл хийлгэсэн. Мөн тухайн гэрээнд “Х-” ХХК нь зөвхөн Б.Б-гийн ажлын газар буюу хувийн байдлыг тогтоох зорилгоор тусгагдсан байгааг “Х-” ХХК болон иргэн Б.Б- нар мушгин гуйвуулж нотариатын үйлдэл хууль бус мэтээр маргаж хариуцагчаар татаж  байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Иймд хариуцагчийн зүгээс тухайн гэрээг байгуулсан гэрээний оролцогч болох Б.Б-, Б.Б- нарт холбогдуулж “Түрээсийн гэрээ”-үүдийг хүчин төгөлдөр бусад тооцуулан тухайн нэхэмжлэлийг Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан бөгөөд шүүх нэхэмжлэлийг хүлээн авч 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдөр 8795 дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байна. Иймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7-д “Зохигчийн маргаж байгаа зүйл ба түүний үндэслэлийн талаархи өөр хэргийг шүүх шийдвэрлэж байгаа” гэж заасан үндэслэлд хамаарч байгаа тул мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Иймд тайлбарт дурдсан үндэслэлүүдэд дүгнэлт хийж “Х-” ХХК-ийн нэхэмжлэлтэй, нотариатч Д.А-д холбогдох хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7 дахь хэсгийг үндэслэн мөн хуулийн 117.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. 2018 оны 6 дугаар сарын 16-ны өдөр маргаан бүхий экскаваторыг “Х-” ХХК болон Баярчимэг хоёрын хооронд байгуулагдсан гэрээг Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаагаар  гэрчилнэ. Энэ экскаватор нь 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр “Х-” ХХК-ийн захирал н.Н тус компанийн хувьцаа эзэмшигч Ба нар Б-ээс экскаваторыг түрээсэлж авсан байдаг. Энэ  экскаваторыг тус компанийг төлөөлөн удирдлага хүлээж авангуутаа Дархан-Уул аймаг Шарын гол дахь “Алтан” уурхай руу манай түрээслүүлэгч Б-ийн ажилтан   экскаваторын оператор гэх хүнээр өгч явуулсан. Гэрээ байгуулагдсаны дараа Н захирлаас Б-д 110 сая төгрөгийн түрээсийн төлбөр өгсөн байдаг. Түрээсийн гэрээг 2018 оны 6 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан, гэтэл уг гэрээ байгуулагдахын өмнө Х- ХХК-ийн үйл ажиллагаа эрхэлсэн захирал Дархан-Уул аймгийн Шарын гол дахь уурхайд ажилладаг ажилтан байсан. Дархан-Уул аймгаас ирээд “Х-” ХХК-ийн оффис дээр Б, Ба, Н, Б нар уулзаж түрээсийн гэрээ байгуулахаар тохиролцсон. Баярчимэгийн хувьд нотариатаар баталгаажуулна гэдэг саналыг тавьсны улмаас  Н, Б нар гэрээгээ нотариатаар баталгаажуулсан байсан. Уг өдрөө Хан-Уул дүүргийн тойргийн нотариатч дээр очиж гэрээнд гарын үсэг зуран баталгаажуулсан. Б, Ба нарт холбогдуулан нотариатч Д.А- баталсан гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг тул хариуцагчийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай хүсэлтийг дэмжиж байна гэжээ.

 

Шүүх: Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасныг баримтлан Б.Б- болон “Х-” ХХК-ийг төлөөлж Үйл ажиллагаа хариуцсан захирал Б.Б- нарын хооронд байгуулагдсан 2018 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн “5544 УН улсын дугаартай Эксковатор” Түрээсийн гэрээ, 2018 оны 6 дугаар сарын 16-ны өдөр “9974 УН улсын дугаартай Эксковатор” Түрээсийн гэрээ”-ний үнэн зөвийг гэрчилсэн Хан-Уул дүүргийн тойргийн нотариатч Д.А-ын нотариатын үйлдлийг хүчингүйд тооцож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Х-” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдөр төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.А-аас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч "Х-" ХХКомпаний зүгээс Хан-Уул дүүргийн тойргын нотариатч Д.А-ын иргэн Б.Б- /Х- ХХК/, болон Б.Б- нарын дунд 2018 оны 06 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан "Түрээсийн гэрээ"-г баталгаажуулсан нотариатын 2368, 2387 дугаартай үйлдлүүдийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

1. Хариуцагчийн зүгээс маргаан бүхий асуудлыг хянан шийдвэрлэхээр зарлагдаж байсан удаа дараагийн шүүх хуралдаануудад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7-д заасныг үндэслэж мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл бүрдсэн байгааг удаа дараа хүсэлт гаргаж шүүх хуралдаанд оролцсон ч шүүх хүсэлтийг шийдвэрлэлгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэж шийдвэр гаргаж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсгүүдийг ноцтой зөрчсөн зөрчил болсон. Тодруулбал: Нэхэмжлэгч "Х-" ХХКомпаний зүгээс хариуцагч нотариат Д.А-д холбогдуулан "...Нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах тухай..." нэхэмжлэлийн шаардлага гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан. Шаардлагын хууль зүйн үндэслэл болон маргааны үйл баримтаас үзэхэд нотариат Д.А-ын хууль бус ямар үйлдлээс болж нэхэмжлэгчийн ямар эрх ашиг сонирхол хөндөгдсөн, шаардлагын хүрээнд хэрхэн сэргэх болон сэргэх боломжтой эсэх нь тодорхой бус," хууль зүйн үндэслэл муутай, шаардлага нь нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх, ашиг сонирхолыг сэргээх зорилго агуулаагүй, талуудын дунд үүссэн маргаан бүхий асуудлыг эцэслэн шийдвэрлэх боломжгүй шаардлага байгаад хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Учир нь "Түрээсийн гэрээ" нь хуульд зааснаар заавал нотариатаар батлуулахыг шаарддаг гэрээний төрөл биш бөгөөд тухайн гэрээнүүдийг баталсан нотариатын үйлдлийг хүчингүй болгосон ч гэрээнээс гарах эрх зүйн үр дагавар дуусгавар болохгүй. Иймд   нотариатын   үйлдлийг  хүчингүй  болгосон   ч   талуудын  дунд   үүссэн түрээсийн гэрээнээс үүдэлтэй маргаан бүхий асуудал хэвээр үргэлжлэх боломжтой байх тул хариуцагчийн зүгээс 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч Д.Баяндүүрэн, Д.Баярчимэг нарын дунд 2018 оны 06 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан нотариатын Г-2386, Г-2387 дугаартай "Түрээсийн гэрээ" /автомашин/-үүдийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж шүүх нэхэмжлэлийг хүлээн авч 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдөр  шүүгчийн  8795  дугаартай  захирамжаар  иргэний  хэрэг үүсгэн  хэрэг хянаш шийдвэрлэх    ажиллагаа    явагдаж   байна.    Иймд    "Хааны    харгуй"   ХХКомпаний; нэхэмжлэлтэй хэргийн хүрээнд  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7 дахь: хэсэгт заасан "...Зохигчийн маргаж байгаа зүйл ба түүний үндэслэлийн талаархи өөр хэргийг шүүх шийдвэрлэж байгаа..." гэх үндэслэл тогтоогдож Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдааны явцад хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл бүрдсээр байгааг удаа дараа хүсэлт гаргаж тайлбарлаж, мэтгэлцсээр байхад шүүх хүлээн авалгүй хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх зарчмыг алдагдуулсан зөрчил болсон. Хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасны дагуу хэрэгсэхгүй болгох тухай гаргасан хариуцагчийн хүсэлтийг шүүх хэрхэн дүгнэсэн, хүсэлтэнд дурьдсан нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийн талаар хэрхэн хэлэлцэж шийдвэрлэсэн талаар шүүхийн шийдвэрт тусгагдаагүй байгаа нь хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн зөрчил болсон. Нэхэмжлэгчийн зүгээс нотариатын 2018 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 2386, 2387 дугаартай үйлдлүүдийг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагууд гаргасан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд гаргаж буй шаардлага тус бүрдээ тохирох улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан төлөх үүрэг хүлээдэг. Гэтэл нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 70200 төгрөг урьдчилан төлж шүүх тус баримтаар нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэн нэхэмжлэлийг шийдвэрлэж байгаа нь хуулиар тогтоосон тэмдэгтийн хураамж төлөх журмыг зөрчсөн зөрчил болсон. Иймд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 2248 дугаартай шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т зааснаар бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

Нэхэмжлэгч “Х-” ХХК нь хариуцагч Д.А-д холбогдуулан Б.Б- болон “Х-” ХХК-ийг төлөөлж Үйл ажиллагаа хариуцсан захирал Б.Б- нарын хооронд байгуулагдсан 2018 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн “5544 УН улсын дугаартай Эксковатор” Түрээсийн гэрээ, мөн “9974 УН улсын дугаартай Эксковатор” Түрээсийн гэрээг тус тус гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Хан-Уул дүүргийн тойргийн нотариатч Д.А- нь Нотариатын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д зааснаар Б.Б- болон “Х-” ХХК-ийг төлөөлж Үйл ажиллагаа хариуцсан захирал Б.Б- нарын хооронд байгуулагдсан 2018 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн “5544 УН улсын дугаартай Эксковатор”, мөн “9974 УН улсын дугаартай Эксковатор”-ийг тус тус Түрээслэх гэрээг гэрчлэхдээ Нотариатын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт “Нотариатч үйлчлүүлэгчийн хувийн байдлыг тогтоохдоо түүний иргэний баримт бичиг, хурууны хээ, хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрмийг үндэслэх бөгөөд итгэмжлэл, төлөөлөл нь зохих ёсоор бүрдсэн эрх зүйн чадамжтай эсэхийг шалгаж, шаардлагатай бол эрх бүхий байгууллагын тодорхойлолт, цахим мэдээллийн сангийн мэдээлэл, эсхүл тухайн хүнийг таних хоёр гэрчээр тодорхойлуулан тогтоож болно” гэж, мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.5 дахь хэсэгт “Хуулийн этгээдийн нэрийн өмнөөс хийж байгаа гэрээ, хэлцлийг гэрчлэхдээ түүнийг хуулийн дагуу төлөөлж байгаа этгээдийн эрх хэмжээ нь гэрээ, дүрэм, Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрт тусгагдсан эсэхийг шалгана” гэж тус тус заасныг зөрчсөн гэж шүүх дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Тодруулбал, хариуцагч дээрх гэрээнүүдийг гэрчлэх үйлдэл хийхдээ Б.Б-г “Х-” ХХК-ийг төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, албан бичгийг авчирхыг шаардсан боловч дараа авчир ч үзүүлнэ гэж хэлж гэрээг гэрчлүүлсэн талаар өөрөө тайлбар гаргаснаас үзвэл дээрх хуульд заасан холбогдох бичиг баримтыг шалгаж, тодруулах ажиллагааг хийгээгүй болох нь тогтоогджээ.

 

            Нэхэмжлэгч “Х-” ХХК-ийн 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 000143519 дүгээр Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн компанийн дүрэм, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 11/7598 дугаар “Х-” ХХК-ийн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа зэрэг баримтуудаар Б.Б- нь тус компанийн нэрийн өмнөөс бусадтай гэрээ, хэлцэл байгуулах эрхтэй этгээд болох нь тогтоогдохгүй байх ба дээрх гэрээнүүдийг байгуулах эрхийг олгосон баримтыг хариуцагч шалгасан болохыг нотлосон баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Иймээс Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, 83.8, 84 дүгээр зүйлийн 84.1, нэхэмжлэгч компанийн дүрмийн 8.1, 8.2-т зааснаар Б.Б- нь “Х-” ХХК-ийг төлөөлөн, уг компанийн нэрийн өмнөөс бусадтай гэрээ, хэлцэл байгуулах эрхтэй болох нь тогтоогдоогүй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлийг буруутгах үндэслэлгүй.

 

            Дээр дурдсан үндэслэлээр Хан-Уул дүүргийн тойргийн нотариатч Д.А-ын Б.Б- болон “Х-” ХХК-ийг төлөөлж Үйл ажиллагаа хариуцсан захирал Б.Б- нарын хооронд байгуулагдсан 2018 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн “5544 УН улсын дугаартай Эксковатор”, мөн “9974 УН улсын дугаартай Эксковатор”-ийг тус тус Түрээслэх гэрээг 2018 оны 6 дугаар сарын 16-ны өдөр гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцсон анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна. Уг гэрээнүүдийг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцсон нь талуудын хооронд түрээсийн гэрээний харилцаа үүссэн, хүчин төгөлдөр эсэхэд хамааралгүй болно.

 

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 183/ШШ2019/02248 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Э.ЗОЛЗАЯА

     

                                               ШҮҮГЧИД                                  Г.ДАВААДОРЖ

 

                                                                      С.ЭНХТӨР