Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2021/01093

 

 

******* ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 183/ШШ2019/02248 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2136 дугаар магадлалтай,

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

*******д холбогдох

 

Нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мягмардоржийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Нандинцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хан-Уул дүүргийн тойргийн нотариатч ******* нь 2016.06.16-ны өдөр иргэн Б.Баярчимэг, ******* ХХК-ийг төлөөлж Б.Баяндүүрэн нарын хооронд байгуулсан түрээсийн гэрээнүүдийн үнэн зөв болохыг гэрчилсэн байдаг. Гэтэл манай компанийн зүгээс иргэн Б.Баярчимэгтэй ямар нэгэн гэрээ байгуулаагүй бөгөөд гэрээ байгуулах итгэмжлэлийг Б.Баяндүүрэн гэх хүнд өгөөгүй. Уг гэрээнд ******* ХХК-ийн үйл ажиллагаа хариуцсан захирал Б.Баяндүүрэн гэж тусгасан байх боловч манай компанид Б.Баяндүүрэн гэх хүн ажилладаггүй мөн Үйл ажиллагаа хариуцсан захирал гэх орон тоо ч үгүй юм. Ийнхүү тус компанийн ажилтан биш, компанийг төлөөлөх эрхгүй этгээд болох Б.Баяндүүрэн нь Б.Баярчимэгтэй түрээсийн гэрээ байгуулсан атал нотариатч ******* нь Нотариатын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д нотариатч үйлчлүүлэгчийнхээ хувийн байдлыг тогтоохдоо түүний иргэний баримт бичиг, хурууны хээ, хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрмийг үндэслэх бөгөөд итгэмжлэл, төлөөлөл нь зохих ёсоор бүрдсэн эрх зүйн чадамжтай эсэхийг шалгаж, шаардлагатай бол эрх бүхий байгууллагын тодорхойлолт, цахим мэдээллийн сангийн мэдээлэл, эсхүл тухайн хүнийг таних хоёр гэрчээр тодорхойлуулан тогтоож болно, мөн хуулийн 46.4-т гэрээ, хэлцлийг төлөөлөгчөөр дамжуулан хийж байгаа бол төлөөлөгчийн бүрэн эрх, итгэмжлэл хуульд заасан шаардлага хангасан эсэхийг нягтална, 46.5-д Хуулийн этгээдийн нэрийн өмнөөс хийж байгаа гэрээ, хэлцлийг гэрчлэхдээ түүнийг хуулийн дагуу төлөөлж байгаа этгээдийн эрх хэмжээ нь гэрээ, дүрэм, Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрт тусгагдсан эсэхийг шалгана гэж заасныг баримтлан шалгах үүрэгтэй бөгөөд хэрвээ төлөөлөх эрхгүй этгээд байх аваас мөн хуулийн 31.1-д Нотариатч дараах тохиолдолд нотариатын үйлдэл хийхээс татгалзана, мөн хуулийн 31.1.4 дэх хэсэгт үйлчлүүлэгч нь эрх зүйн чадамжгүй, эсхүл төлөөлөх эрхгүй байвал гэж заасны дагуу нотариатын үйлдэл хийхээс татгалзах ёстой байсан. Мөн Хууль зүй, дотоод хэргийн Сайдын 2011.10.07-ны өдрийн 171 дүгээр тушаалаар батлагдсан Нотариатын үйлдэл хийх зааврын 2.2 дахь хэсэгт Нотариатын үйлдэл хийхэд шаардагдах баримт бичгийн бүрдүүлбэрийг үйлчлүүлэгч хангасан тохиолдолд нотариатч үйлдэл хийнэ, мөн 4.6 дахь хэсэгт Нотариатч нь үйлчлүүлэгч хуулийн этгээд эрх зүйн чадамжтай эсэхийг түүний улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрмийг үндэслэн тогтоохын зэрэгцээ улсын бүртгэлийн гэрчилгээнд тэмдэглэсэн өөрчлөлтийн талаарх бүртгэлийг нягталж үзнэ. Түүнчлэн хуулийн этгээдийг төлөөлж буй этгээдийн бүрэн эрх болон хувийн байдлыг тогтооно. Ингэхдээ төлөөлж буй этгээдийн бүрэн эрхийг хуулийн этгээдийн гэрээ, дүрэм, Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол зэргийг итгэмжлэлээр төлөөлж буй тохиолдолд тухайн итгэмжлэл хуулийн шаардлага хангасан эсэхийг шалгана гэж заасан. Иймд нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т энэ хуулийн 31.1-д заасныг зөрчиж хийсэн нотариатын үйлдлийг шүүх нотариатчийн болон сонирхогч этгээдийн хүсэлтээр хүчингүйд тооцно гэж заасны дагуу 2018.06.16-ны өдрийн түрээсийн гэрээг гэрчилсэн нотариатч *******ын гэрчилсэн 2386, 2387 дугааруудад бүртгэгдсэн нотариатын үйлдлүүдийг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мягмардорж шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нотариатч ******* нь 2018.06.16-ны өдөр иргэн Б.Баярчимэг болон ******* ХХК-ийн байгуулсан түрээсийн гэрээнүүдийг батлахдаа хуульд заасан шаардлагуудыг бүрэн хангаж, гэрээний төслүүдийг боловсруулж ажилласан бөгөөд иргэн Б.Баяндүүрэнд ******* ХХК-ийг төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, албан бичгийг авч ирэхийг шаардсан. Гэвч гэрээний оролцогч талууд нотариатын боловсруулж өгсөн гэрээний төсөлд загвар оруулсан нотариатаас тавьсан шаардлагуудыг биелүүлсэн дүр эсгэж, тухайн гэрээнүүдийг баталгаажуулсан үйлдэл хийлгэсэн. Мөн тухайн гэрээнд ******* ХХК нь зөвхөн Б.Баяндүүрэнгийн ажлын газар буюу хувийн байдлыг тогтоох зорилгоор тусгагдсан байгааг ******* ХХК болон иргэн Б.Баяндүүрэн нар мушгин гуйвуулж нотариатын үйлдэл хууль бус мэтээр маргаж хариуцагчаар татаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Иймд хариуцагчийн зүгээс тухайн гэрээг байгуулсан гэрээний оролцогч болох Б.Баярчимэг, Б.Баяндүүрэн нарт холбогдуулж Түрээсийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусад тооцуулан тухайн нэхэмжлэлийг Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан бөгөөд шүүх нэхэмжлэлийг хүлээн авч 2019.07.26-ны өдөр 8795 дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байна. Иймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7-д Зохигчийн маргаж байгаа зүйл ба түүний үндэслэлийн талаарх өөр хэргийг шүүх шийдвэрлэж байгаа гэж заасан үндэслэлд хамаарч байгаа тул мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Иймд тайлбарт дурдсан үндэслэлүүдэд дүгнэлт хийж ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, нотариатч *******д холбогдох хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7 дахь хэсгийг үндэслэн мөн хуулийн 117.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ууганбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. 2018.06.16-ны өдөр маргаан бүхий экскаваторыг ******* ХХК болон Баярчимэг хоёрын хооронд байгуулагдсан гэрээг Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаагаар гэрчилнэ. Энэ экскаватор нь 2018.04.05-ны өдөр ******* ХХК-ийн захирал Н.Нандинцэцэг тус компанийн хувьцаа эзэмшигч Баттулга нар Баярчимэгээс экскаваторыг түрээсэлж авсан байдаг. Энэ экскаваторыг тус компанийг төлөөлөн удирдлага хүлээж авангуутаа Дархан-Уул аймаг Шарын гол дахь Алтан уурхай руу манай түрээслүүлэгч Баярчимэгийн ажилтан экскаваторын оператор гэх хүнээр өгч явуулсан. Гэрээ байгуулагдсаны дараа Нандинцэцэг захирлаас Баярчимэгт 110 сая төгрөгийн түрээсийн төлбөр өгсөн байдаг. Түрээсийн гэрээг 2018.06.16-ны өдөр байгуулагдсан, гэтэл уг гэрээ байгуулагдахын өмнө ******* ХХК-ийн үйл ажиллагаа эрхэлсэн захирал Дархан-Уул аймгийн Шарын гол дахь уурхайд ажилладаг ажилтан байсан. Дархан-Уул аймгаас ирээд ******* ХХК-ийн оффис дээр Баяндүүрэн, Баттулга, Нандинцэцэг, Баярчимэг нар уулзаж түрээсийн гэрээ байгуулахаар тохиролцсон. Баярчимэгийн хувьд нотариатаар баталгаажуулна гэдэг саналыг тавьсны улмаас Нандинчимэг, Баяндүүрэн нар гэрээгээ нотариатаар баталгаажуулсан байсан. Уг өдрөө Хан-Уул дүүргийн тойргийн нотариатч дээр очиж гэрээнд гарын үсэг зуран баталгаажуулсан. Баяндүүрэн, Баярчимэг нарт холбогдуулан нотариатч ******* баталсан гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг тул хариуцагчийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай хүсэлтийг дэмжиж байна гэжээ.

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 183/ШШ2019/02248 дугаар шийдвэрээр Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг баримтлан Б.Баярчимэг болон ******* ХХК-ийг төлөөлж Үйл ажиллагаа хариуцсан захирал Б.Баяндүүрэн нарын хооронд байгуулагдсан 2018 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 5544 УН улсын дугаартай Эксковатор Түрээсийн гэрээ, 2018 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 9974 УН улсын дугаартай Эксковатор Түрээсийн гэрээ-ний үнэн зөвийг гэрчилсэн Хан-Уул дүүргийн тойргийн нотариатч *******ын нотариатын үйлдлийг хүчингүйд тооцож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2136 дугаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 183/ШШ2019/02248 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мягмардорж хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч ******* ХХК-ийн зүгээс Хан-Уул дүүргийн тойргийн нотариатч *******ын иргэн Б.Баяндүүрэн /******* ХХК/, болон иргэн Б.Баярчимэг нарын дунд 2018.06.16-ны өдөр байгуулсан Түрээсийн гэрээ-нүүдийг баталгаажуулсан нотариатын 2368, 2387 дугаартай үйлдлүүдийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагчийн зүгээс маргаан бүхий асуудлыг хянан шийдвэрлэхээр зарлагдаж байсан удаа дараагийн шүүх хуралдаануудад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7 дахь хэсгийг үндэслэж мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл бүрдсэн байгааг удаа дараа хүсэлт гаргаж шүүх хуралдаанд тайлбарлаж, мэдэгдэж байсан ч шүүх хүсэлтийг шийдвэрлэлгүйгээр нэхэмжлэлийг шийдвэрлэж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсгүүдийг зөрчсөн зөрчил болсон. Тодруулбал: Нэхэмжлэгч ******* ХХК-ийн зүгээс хариуцагч нотариатч *******д холбогдуулан ...Нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах тухай... нэхэмжлэлийн шаардлага гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан. Шаардлагын хууль зүйн үндэслэл болон маргааны үйл баримтаас үзэхэд нотариатч *******ын хууль бус ямар үйлдлээс болж нэхэмжлэгчийн чухам ямар эрх ашиг, сонирхол хөндөгдсөн, шаардлагын хүрээнд хөндөгдсөн эрх ашиг сонирхол нь хэрхэн сэргэх, сэргэх боломжтой эсэх нь тодорхой бус, хууль зүйн үндэслэл муутай, шаардлага нь нэхэмжлэгчийн хөндөгдсөн гэх эрх ашиг сонирхлыг сэргээх зорилго агуулаагүй, талуудын дунд үүссэн маргаан бүхий асуудлыг эцэслэн шийдвэрлэх боломжгүй шаардлага байгаад хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Учир нь Түрээсийн гэрээ нь хуульд зааснаар заавал нотариатаар батлуулахыг шаарддаг гэрээний төрөл биш бөгөөд тухайн гэрээнүүдийг баталсан нотариатын үйлдлийг хүчингүй болгосон ч гэрээнээс гарах эрх зүйн дагавар дуусгавар болохгүй. Иймд нотариатын үйлдлийг хүчингүй болгосон ч талуудын дунд үүссэн түрээсийн гэрээнээс үүдэлтэй маргаан бүхий асуудал хэвээр үргэлжлэх боломжтой байх тул хариуцагчийн зүгээс 2019.07.17-ны өдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч Б.Баяндүүрэн, Б.Баярчимэг нарын дунд 2018.06.16-ны өдөр байгуулсан нотариатын Г-2386, Г-2387 дугаартай Түрээсийн гэрээ-үүдийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж шүүх нэхэмжлэлийг хүлээн авч 2019.07.16-ны өдөр шүүгчийн 8795 дугаартай захирамжаар иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна. Иймд ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй хэргийн хүрээнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7 дахь хэсэгт заасан ...Зохигчийн маргаж байгаа зүйл ба түүний үндэслэлийн талаарх өөр хэргийг шүүх шийдвэрлэж байгаа... гэх үндэслэл тогтоогдож Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдааны явцад хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдож байгааг удаа дараа хүсэлт гаргаж тайлбарлаж мэтгэлцсээр байхад анхан болон давж заалдах шатны шүүх хүсэлт, гомдлыг хүлээн авалгүй хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх зарчмыг алдагдуулсан, анхан болон давж заалдах шатны шүүхүүд хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэлгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн ноцтой зөрчил юм. Хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасны дагуу хэрэгсэхгүй болгох тухай гаргасан хариуцагчийн удаа дараагийн хүсэлтийг анхан шатны шүүх хэрхэн дүгнэсэн, хүсэлтэд дурдсан нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийн талаар хэрхэн хэлэлцэж шийдвэрлэсэн талаар шүүхийн шийдвэрт тусгагдаагүй байгаа нь хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг эдлүүлээгүй, ноцтой зөрчсөн зөрчил болно. Нэхэмжлэгчийн зүгээс нотариатын 2018.06.16-ны өдрийн 2386, 2387 дугаартай үйлдлүүдийг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагууд гаргасан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд гаргаж буй шаардлага тус бүрдээ тохирох улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан төлөх үүрэг хүлээдэг. Гэтэл нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа зөвхөн 70,200 төгрөг урьдчилан төлж шүүх тус баримтаар нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэн нэхэмжлэлийг шийдвэрлэж байгаа нь хуулиар тогтоосон тэмдэгтийн хураамж төлөх журмыг ноцтой зөрчсөн зөрчил байгаад анхан болон давж заалдах шатны шүүхүүд дүгнэлт хийлгүй орхигдуулсан нь төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн ноцтой зөрчил юм. Иймд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.10.22-ны өдрийн 2248 дугаартай шийдвэр болон Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2019.12.18-ны өдрийн 2136 дугаартай магадлалыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4 дэх хэсэгт зааснаар хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Нэхэмжлэгч ******* ХХК хариуцагч *******д холбогдуулан нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан байна.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаж шийдвэрийг хэвээр үлдээжээ.

 

Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэл тогтоогдоогүй гэж үзлээ.

 

Б.Баярчимэг болон ******* ХХК-ийг төлөөлж үйл ажиллагаа хариуцсан захирал Б.Баяндүүрэн нарын хооронд 2018.06.16-ны өдөр байгуулагдсан 55-44 УН болон 99-74 УН дугаартай эксковатор түрээслэх гэрээний үнэн зөвийг Хан-Уул дүүргийн нотариатч ******* гэрчилж нотариатын үйлдэл хийхдээ Нотариатын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 46 дугаар зүйлийн 46.5-д зааснаар ******* ХХК-ийг төлөөлж буй Б.Баяндүүрэнгийн төлөөлөх эрхийг нягтлан шалгаагүй буюу энэ талаарх баримтыг шаардаж аваагүй нь тогтоогджээ.

 

Иймд анхан болон давж заалдах шатны шүүх тухайн нотариатын үйлдлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.4-т заасан үйлчлүүлэгч нь төлөөлөх эрхгүй байвал нотариатч нотариатын үйлдэл хийхээс татгалзана, 31.3-т энэ хуулийн 31.1-д заасныг зөрчиж хийсэн нотариатын үйлдлийг шүүх хүчингүйд тооцно гэж заасныг зөрчөөгүй байна.

 

Хөдлөх эд хөрөнгө түрээслэх тохиолдолд гэрээг нотариатчаар гэрчлүүлэх хэлбэрийн шаардлагыг хуульд заагаагүй тул нотариатын үйлдлийг хүчингүйд тооцсон нь талуудын хооронд түрээсийн гэрээний харилцаа үүссэн, гэрээний хүчин төгөлдөр эсэхэд нөлөөлөхгүйг дурдах нь зүйтэй.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгохыг хүсэж, үндэслэлээ, зохигчийн маргаж байгаа зүйл ба түүний үндэслэлийн талаарх өөр хэргийг шүүх шийдвэрлэж байгаа гэсэн ба шүүх түүний хүсэлтийг хүлээн аваагүй нь хууль зөрчөөгүй байна. Учир нь нотариатч нотариатын үйлдэл хийхдээ холбогдох журам зөрчсөн эсэх маргааны зүйл нь тусдаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар хянан хэлэлцэгдэж буй ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй Б.Баярчимэг, Б.Баяндүүрэн нарт холбогдох түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэлтэй хэргийн маргааны зүйл, түүний үндэслэлээс өөр байна.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөх журмыг зөрчсөнийг анхан болон давж заалдах шатны шүүх анхаараагүй, дүгнээгүй гэсэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэгчийн нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлд 2 эд хөрөнгийг гэрчилсэн гэрээ хамаарч байгаа хэдий ч уг нотариатын үйлдэл нь нэг цаг хугацаанд, нэг ажиллагаагаар хийгдсэн байх тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.3-д тус тус заасныг зөрчөөгүй, өөрөөр хэлбэл, улсын тэмдэгтийн хураамж дутуу төлсөн гэж үзэхгүй.

 

Дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 183/ШШ2019/02248 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2136 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дүгээр зүйлийн 57.4-т заасныг баримтлан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мягмардорж хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020.01.16-ны өдөр 70,200 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЦАГААНЦООЖ

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

 

ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ

 

С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

Х.ЭРДЭНЭСУВД