Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 183/ШШ2019/02248

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Д.А-д холбогдох,

 

Нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: ............ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хан-Уул дүүргийн тойргийн нотариатч Д.А нь 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдөр иргэн Б.Б, “Х” ХХК-ийг төлөөлж Б.Бд нарын хооронд байгуулсан “түрээсийн гэрээ”-үүдийн үнэн зөв болохыг гэрчилсэн байдаг. Гэтэл манай компанийн зүгээс иргэн Б.Б-тэй ямар нэгэн гэрээ байгуулаагүй бөгөөд гэрээ байгуулах итгэмжлэлийг Б.Бд гэх хүнд өгөөгүй. Уг гэрээнд “Х” ХХК-ийн үйл ажиллагаа хариуцсан захирал Б.Бд гэж тусгасан байх боловч манай компанид Б.Бд гэх хүн ажилдаггүй мөн Үйл ажиллагаа хариуцсан захирал гэх орон тоо ч үгүй юм. Ийнхүү тус компанийн ажилтан биш, компанийг төлөөлөх эрхгүй этгээд болох Б.Бд нь Б.Бтэй түрээсийн гэрээ байгуулсан атал нотариатч Д.А нь Нотариатын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “нотариатч үйлчлүүлэгчийнхээ хувийн байдлыг тогтоохдоо түүний иргэний баримт бичиг, хурууны хээ, хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрмийг үндэслэх бөгөөд итгэмжлэл, төлөөлөл нь зохих ёсоор бүрдсэн эрх зүйн чадамжтай эсэхийг шалгаж, шаардлагатай бол эрх бүхий байгууллагын тодорхойлолт, цахим мэдээллийн сангийн мэдээлэл, эсхүл тухайн хүнийг таних хоёр гэрчээр тодорхойлуулан тогтоож болно”, мөн хуулийн 46.4-т “гэрээ, хэлцлийг төлөөлөгчөөр дамжуулан хийж байгаа бол төлөөлөгчийн бүрэн эрх, итгэмжлэл хуульд заасан шаардлага хангасан эсэхийг нягтална”, 46.5-д “Хуулийн этгээдийн нэрийн өмнөөс хийж байгаа гэрээ, хэлцлийг гэрчлэхдээ түүнийг хуулийн дагуу төлөөлж байгаа этгээдийн эрх хэмжээ нь гэрээ, дүрэм, Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрт тусгагдсан эсэхийг шалгана” гэж заасныг баримтлан шалгах үүрэгтэй бөгөөд хэрвээ төлөөлөх эрхгүй этгээд байх аваас мөн хуулийн 31.1-д “Нотариатч дараахь тохиолдолд нотариатын үйлдэл хийхээс татгалзана”, мөн хуулийн 31.1.4 дэх хэсэгт “үйлчлүүлэгч нь эрх зүйн чадамжгүй, эсхүл төлөөлөх эрхгүй байвал” гэж заасны дагуу нотариатын үйлдэл хийхээс татгалзах ёстой байсан. Мөн Хууль зүй, дотоод хэргийн Сайдын 2011 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 171 дүгээр тушаалаар батлагдсан Нотариатын үйлдэл хийх зааврын 2.2 дах хэсэгт “Нотариатын үйлдэл хийхэд шаардагдах баримт бичгийн бүрдүүлбэрийг үйлчлүүлэгч хангасан тохиолдолд нотариатч үйлдэл хийнэ”, мөн 4.6 дах хэсэгт “ Нотариатч нь үйлчлүүлэгч хуулийн этгээд эрх зүйн чадамжтай эсэхийг түүний улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрмийг үндэслэн тогтоохын зэрэгцээ улсын бүртгэлийн гэрчилгээнд тэмдэглэсэн өөрчлөлтийн талаарх бүртгэлийг нягталж үзнэ. Түүнчлэн хуулийн этгээдийг төлөөлж буй этгээдийн бүрэн эрх болон хувийн байдлыг тогтооно.  Ингэхдээ төлөөлж буй этгээдийн бүрэн эрхийг хуулийн этгээдийн гэрээ, дүрэм, Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол зэргийг итгэмжлэлээр төлөөлж буй тохиолдолд тухайн итгэмжлэл хуулийн шаардлага хангасан эсэхийг шалгана” гэж заасан. Иймд нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “энэ хуулийн 31.1-д заасныг зөрчиж хийсэн нотариатын үйлдлийг шүүх нотариатчийн болон сонирхогч этгээдийн хүсэлтээр хүчингүйд тооцно” гэж заасны дагуу 2018 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн түрээсийн гэрээг гэрчилсэн нотариатч Д.А-ын гэрчилсэн 2386, 2387 дугааруудад бүртгэгдсэн нотариатын үйлдлүүдийг тус тус хүчингүй болгож өгнө үү гэв.

 

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ......... шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нотариатч Д.А нь 2018 оны 6 дугаар сарын 16-ны өдөр иргэн Б.Б болон “Х” ХХК-ийн байгуулсан түрээсийн гэрээнүүдийг батлахдаа хуульд заасан шаардлагуудыг бүрэн хангаж, гэрээний төслүүдийг боловсруулж ажилласан бөгөөд иргэн Б.Бд-д “Х” ХХК-ийг төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, албан бичгийг авчирхыг шаардсан. Гэвч гэрээний оролцогч талууд нотариатын боловсруулж өгсөн гэрээний төсөлд загвар оруулсан нотариатаас тавьсан шаардлагуудыг биелүүлсэн дүр эсгэж, тухайн гэрээнүүдийг баталгаажуулсан үйлдэл хийлгэсэн. Мөн тухайн гэрээнд “Х” ХХК нь зөвхөн Б.Бд-гийн ажлын газар буюу хувийн байдлыг тогтоох зорилгоор тусгагдсан байгааг “Х” ХХК болон иргэн Б.Бд нар мушгин гуйвуулж нотариатын үйлдэл хууль бус мэтээр маргаж хариуцагчаар татаж  байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Иймд хариуцагчийн зүгээс тухайн гэрээг байгуулсан гэрээний оролцогч болох Б.Б, Б.Бд нарт холбогдуулж “Түрээсийн гэрээ”-үүдийг хүчин төгөлдөр бусад тооцуулан тухайн нэхэмжлэлийг Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан бөгөөд шүүх нэхэмжлэлийг хүлээн авч 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдөр 8795 дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байна. Иймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7-д “Зохигчийн маргаж байгаа зүйл ба түүний үндэслэлийн талаархи өөр хэргийг шүүх шийдвэрлэж байгаа” гэж заасан үндэслэлд хамаарч байгаа тул мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Иймд тайлбарт дурдсан үндэслэлүүдэд дүгнэлт хийж “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй, нотариатч Д.А-д холбогдох хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7 дахь хэсгийг үндэслэн мөн хуулийн 117.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ... шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. 2018 оны 6 дугаар сарын 16-ны өдөр маргаан бүхий экскаваторыг “Х” ХХК болон Б.Б хоёрын хооронд байгуулагдсан гэрээг Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаагаар  гэрчилнэ. Энэ экскаватор нь 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр “Х” ХХК-ийн захирал н.Н тус компанийн хувьцаа эзэмшигч Б нар Б.Бээс экскаваторыг түрээсэлж авсан байдаг. Энэ  экскаваторыг тус компанийг төлөөлөн удирдлага хүлээж авангуутаа Д аймаг Ш дахь “А” уурхай руу манай түрээслүүлэгч Б.Б-ийн ажилтан   экскаваторын оператор гэх хүнээр өгч явуулсан. Гэрээ байгуулагдсаны дараа Н захирлаас Б.Б-т 110 сая төгрөгийн түрээсийн төлбөр өгсөн байдаг. Түрээсийн гэрээг 2018 оны 6 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан, гэтэл уг гэрээ байгуулагдахын өмнө Х ХХК-ийн үйл ажиллагаа эрхэлсэн захирал Д аймгийн Ш дахь уурхайд ажилладаг ажилтан байсан. Д аймгаас ирээд “Х” ХХК-ийн оффис дээр Бд, Б, Н, Б.Б нар уулзаж түрээсийн гэрээ байгуулахаар тохиролцсон. Б.Бийн хувьд нотариатаар баталгаажуулна гэдэг саналыг тавьсны улмаас  Н, Б.Бд нар гэрээгээ нотариатаар баталгаажуулсан байсан. Уг өдрөө Хан-Уул дүүргийн тойргийн нотариатч дээр очиж гэрээнд гарын үсэг зуран баталгаажуулсан. Бд, Б.Б нарт холбогдуулан нотариатч Д.А баталсан гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг тул хариуцагчийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай хүсэлтийг дэмжиж байна гэв. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

“Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Д.А-д холбогдох, нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

            Б.Б болон “Х” ХХК-ийг төлөөлж Үйл ажиллагаа хариуцсан захирал Б.Бд нарын хооронд байгуулагдсан 2018 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн “.........улсын дугаартай Эксковатор” Түрээсийн гэрээ, 2018 оны 6 дугаар сарын 16-ны өдөр “.........улсын дугаартай Эксковатор” Түрээсийн гэрээ”-ний үнэн зөвийг Нотариатын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д зааснаар Хан-Уул дүүргийн тойргийн нотариатч Д.А гэрчилжээ.

            Хавтаст хэрэгт авагдсан “Х” ХХК-ийн 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 000143519 дүгээр Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн компанийн дүрэм, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 11/7598 дугаар “Х” ХХК-ийн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар “...компанийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч нь Ц.Н, Х.Б нар, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд нь 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдрөөс захирал С.М, 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс гүйцэтгэх захирал Э.Э, 2018 оны 4 дугаар сарын 02-ны өдрөөс Ч.Б нар томилогдсон” болох нь тогтоогдож байх бөгөөд компанийн дүрэмд “...Үйл ажиллагаа хариуцсан захирал, түүний эрх, үүргийн талаар” заагаагүй байх тул Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, 83.8, 84 дүгээр зүйлийн 84.1, компанийн дүрмийн 8.1, 8.2-т зааснаар Б.Бд нь “Х” ХХК-ийг төлөөлөн, уг компанийн нэрийн өмнөөс бусадтай гэрээ, хэлцэл байгуулах эрхтэй болох нь нотлогдохгүй байна.

            Хан-Уул дүүргийн тойргийн нотариатч Д.А нь 2018 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн “......... улсын дугаартай Эксковатор” Түрээсийн гэрээ, 2018 оны 6 дугаар сарын 16-ны өдөр “.........улсын дугаартай Эксковатор” Түрээсийн гэрээ”-ний үнэн зөвийг гэрчлэх нотариатын үйлдлийг хийхдээ Нотариатын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 46 дугаар зүйлийн 46.5-д зааснаар үйлчлүүлэгч болох “Х” ХХК-ийг төлөөлөн Б.Бд нь 2018 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн “.........улсын дугаартай Эксковатор” Түрээсийн гэрээ, 2018 оны 6 дугаар сарын 16-ны өдөр “.........улсын дугаартай Эксковатор” Түрээсийн гэрээ”-г тус тус Б.Б-тэй байгуулах эрхтэй эсэхийг шалгаж, нягтлалгүйгээр мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасан нотариатын үйлдлийг хийсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогджээ.

 

            Иймд Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.4-т “үйлчлүүлэгч нь төлөөлөх эрхгүй байвал нотариатч нотариатын үйлдэл хийхээс татгалзана”, 31.3-т “энэ хуулийн 31.1-д заасныг зөрчиж хийсэн нотариатын үйлдлийг шүүх хүчингүйд тооцно” гэж заасны дагуу Б.Б болон “Х” ХХК-ийг төлөөлж Үйл ажиллагаа хариуцсан захирал Б.Бд нарын хооронд байгуулагдсан 2018 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн “.........улсын дугаартай Эксковатор” Түрээсийн гэрээ, 2018 оны 6 дугаар сарын 16-ны өдөр “.........улсын дугаартай Эксковатор” Түрээсийн гэрээ”-ний үнэн зөвийг гэрчилсэн Хан-Уул дүүргийн тойргийн нотариатч Д.А-ын нотариатын үйлдлийг хүчингүйд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг баримтлан Б.Б болон “Х” ХХК-ийг төлөөлж Үйл ажиллагаа хариуцсан захирал Б.Бд нарын хооронд байгуулагдсан 2018 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн “.........улсын дугаартай Эксковатор” Түрээсийн гэрээ, 2018 оны 6 дугаар сарын 16-ны өдөр “.........улсын дугаартай Эксковатор” Түрээсийн гэрээ”-ний үнэн зөвийг гэрчилсэн Хан-Уул дүүргийн тойргийн нотариатч Д.А-ын нотариатын үйлдлийг хүчингүйд тооцсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Х” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдөр төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.А-аас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            Ж.СЭМЖИД