Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 2042

 

К- ХХК дахь банкны эрх

хүлээн авагчийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч Т.Туяа, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 9 сарын 23-ны өдрийн 102/ШШ2019/02493 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: К банкны эрх хүлээн авагч-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: НШШГГ-т холбогдох,

 

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 6 сарын 04-ний өдрийн 12 дугаар санал болгох хурлын шийдвэрийг хүчингүй болгуулах тухай маргаантай хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Г

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Ц

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Сумъяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монголбанкны ерөнхийлөгчийн 2019 оны 4 сарын 08-ны өдрийн А-96 дугаар тушаалаар К- ХХК дахь хадгаламж эзэмшигч, харилцагчдын мөнгөн хөрөнгийг хамгаалах зорилгоор К- ХХК-ийг 2019 оны 4 сарын 08-ны өдрөөс эхлэн албадан татан буулгахаар шийдвэрлэж, мөн өдрийн А-97 дугаар тушаалаар К- ХХК-д банкны эрх хүлээн авагч томилсон. Банкны эрх хүлээн авагч банкны зээл авлагыг төлүүлэх, хөрөнгийг худалдан борлуулах ажиллагааг гүйцэтгэж, орсон орлогоос харилцагч, хадгаламж эзэмшигч төрд учирсан хохирлыг барагдуулах чиг үүрэгтэй ажиллаж байна. Тодруулбал банкны үйл ажиллагаа нь бусдын мөнгийг хуримтлуулан татаж, өөрийн нэрийн өмнөөс зээл олгох бөгөөд банкнаас олгосон зээл чанаргүй болох, банкны төлбөрийн чадвар хэвийн үйл ажиллагаа алдагдахад банкны хадгаламж эзэмшигч харилцагчид эрсдэл учирдаг. Хууль тогтоогчоос банкны харилцагч, хадгаламж эзэмшигчид учрах эрсдэл хохирлыг арилгах хамгийн бага түвшинд хадгалах зорилгоор Банкны тухай хуулийн 73 дугаар зүйлд банкны эрх хүлээн авагчийн төлүүлсэн зээлийн болон банкны хөрөнгийг худалдсан орлогоос эхний ээлжинд харилцагч, хадгаламж эзэмшигчдэд олгох төлбөрийг барагдуулах, тэдгээрийн төлбөрийн шаардлагыг хангасны дараа түүний дараагийн ээлжийн төлбөрийг барагдуулахаар заажээ. Өөрөөр хэлбэл банкны эрх хүлээн авагч нь хуулиар тогтоосон чиг үүргийг зөрчиж, төлбөр барагдуулах дарааллаас гадуур бусад төлбөрийг урьдчилан төлөх боломжгүй болно. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 сарын 11-ний өдрийн 102/ШШ2016/04848 дугаартай шийдвэрээр хариуцагч “Анир импекс” ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт нийт 402 823 837 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 172 069 төгрөгийн хамт гаргуулж, нэхэмжлэгч К- ХХК-д олгож үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас барьцаа хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдах ажиллагааг дараах байдлаар 2 удаа зохион байгуулсан. Дуудлага худалдааны орлого өр төлбөрөөс хасагдаж, нийт өр төлбөрийн үлдэгдэл 361 905 906 төгрөг болсон. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2019 оны 6 сарын 04-ний өдрийн 12 дугаар санал болгох хуралдааныг зохион байгуулахдаа дараах байдлаар төлбөр авагчийн хууль ёсны эрх ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөх үйл ажиллагааг явууллаа. Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.3 дахь хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангах зорилгоор хэд хэдэн зүйлийг барьцаалсан тохиолдолд барьцаалагч нь шаардлагаа хангах барьцааны зүйлийг сонгох эрхтэй бөгөөд энэ нь тухайн шаардлагыг хангахад шаардагдах тоо, хэмжээнээс хэтэрч болохгүй зохицуулалттай. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5.4, 38.5.5 дахь хэсэгт зааснаар төлбөр авагч нь гүйцэтгэх баримт бичиг, шийдвэрт заасан тодорхой хөрөнгийг хүлээн авах, тодорхой хөрөнгийг хүлээн авахаас татгалзах эрхийг эдэлдэг. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас санал болгох хуралдаанд төлбөр авагчид эхлээд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хонхор булгачин гудамж, 225 тоот хаягт байрлах 1400 м.кв газар, мөн хаягт байрлах 594 м.кв блокны үйлдвэрийг 430 910 000 төгрөгөөр 361 905 906 төгрөгийн төлбөртөө тооцон авах, зөрүү мөнгийг төлбөр төлөгчид өгөхийг санал болгосон. Төлбөр авагчаас К- ХХК-д өнөөдрийн байдлаар үүсээд байгаа нөхцөл болон банкны эрх хүлээн авагчийн хуулиар хүлээсэн чиг үүрэг, төлбөр барагдуулах дарааллыг зөрчин төлбөр төлөгчид зөрүү төлбөрийг олгох боломжгүй шалтгаанаар дээрх үйлдвэрийг төлбөрт тооцон авахыг зөвшөөрөхгүй тул 3 хөрөнгийг төлбөрт тооцон авах саналыг гаргасан. Гэтэл саналыг хүлээн авахгүйгээр харин дээрх үйлдвэрийг төлбөртөө тооцон авахаас татгалзаж байгаа бол нийт 4 үл хөдлөх эд хөрөнгийг 706 160 000 төгрөгийн үнээр тооцож, зөрүү 339 834 100 төгрөгийг төлбөр төлөгчид төлөх, энэ төлбөрийг төлсний дараа хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн авах саналыг тулган тавьсан. Дээрх үйл ажиллагаа санал нь төлбөр авагчийн хуулиар олгогдсон шаардлагаа хангах барьцааны зүйлийг сонгох, эрх тодорхой хөрөнгийг хүлээн авах, тодорхой хөрөнгийг хүлээн авахаас татгалзах эрхийг зөрчсөн гэж үзэж байна. Төлбөрт тооцон авахыг санал болгож байгаа үл хөдлөх эд хөрөнгүүд нь Иргэний хуульд заасан нэг бүрийн шинжтэй өөр өөрийн онцлог шинж чанартай хөрөнгө бөгөөд энэ утгаараа хөрөнгө тус бүрийн үнийг шинжээчийн үнэлгээгээр тогтоож, хөрөнгө тус бүрээр албадан дуудлага худалдааг зохион байгуулсан. Иймд санал болгох хуралдаанд хөрөнгө тус бүрээр албадан дуудлага худалдааг явуулсан дарааллын дагуу, тухайн хөрөнгийн тогтоосон үнээр төлбөр авагчид санал болгох ажиллагааг дэс дараатай явуулах ёстой байсан боловч нийт хөрөнгийн үнийн дүнгээр багцлан санал болгож байгаа нь төлбөр авагчийн хууль ёсны эрх ашиг сонирхолд сөрөг үр дагаврыг бий болгож, төлбөр төлөгч талд илт давуу ашигтай байдлыг бий болголоо. Учир нь төлбөр төлөгч нь 361 905 906 төгрөгийн өр төлбөртэй байсан бол санал болгох хурлын шийдвэрийн үр дүнд 2 удаагийн албадан дуудлага худалдаагаар худалдагдаагүй хөрөнгөө төлбөр авагч нь банкинд өгч, зөрүүд нэмж 339 834 100 төгрөгийг авахаар болж, төлбөр авагч нь 361 905 906 төгрөгийн авлагатай байсан бол эсрэгээрээ нэмж 339 834 100 төгрөгийн өглөгтэй болгож байна. Энэ зөрүү дүнд банкнаас хуулиар тогтоосон дарааллын дагуу төлбөр авах харилцагч, хадгаламж эзэмшигчид, төр, түүний байгууллагын хууль ёсны эрх ашиг сонирхол давхар зөрчигдөж хохирох үр дагаврыг үүсгэлээ. Нөгөө талаар банкны эрх хүлээн авагчаас дарааллыг зөрчин, зөрүү төлбөрийг олгох боломжгүй тул хөрөнгийн өмчлөлийг шилжүүлэн авах боломжгүй болсноор хөрөнгийг худалдан борлуулж чадахгүй болж, банкны эрх хүлээн авагчийн хуулиар хүлээсэн чиг үүргээ тогтоосон хугацаанд шуурхай гүйцэтгэх боломжгүй болгож байна. Банкны эрх хүлээн авагчаас шүүхээс урьдчилан шийдвэрлүүлэх журмын дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт 2019 оны 6 сарын 11-ний өдрийн 679 дугаартай санал болгох хурлын шийдвэрийг хүчингүй болгуулах гомдол гаргах тухай албан бичгээр гомдол гаргасан. Тус газрын 2019 оны 7 сарын 04-ний өдрийн 4/1457 дугаартай гомдолд хариу өгөх тухай албан бичгээр гомдлыг хангахаас татгалзсан тухай албан бичгийн хариуг 2019 оны 7 сарын 09-ний өдөр шуудангаар ирснийг хүлээн авч шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Дээрх үндэслэлээр гомдлыг хангаж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 6 сарын 04-ний өдрийн 12 дугаар санал болгох хурлын шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 сарын 11-ний өдрийн 04848 дугаар шийдвэрээр “Анир импекс” ХХК-иас 404 995 906 төгрөгийг гаргуулж, К- ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч “Анир импекс” ХХК-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан хөрөнгүүдийг битүүмжлэн хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу үнийн санал авахад талууд үнийн санал ирүүлээгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт заасны дагуу шинжээч томилон үнэлгээ тогтоож, талуудад мэдэгдлийг хүргүүлж үнэлгээг танилцуулсан. Төлбөр төлөгч “Анир импекс” ХХК-ийн барьцаа хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулахад эрхийн улсын бүртгэлийн Г-2204001318 дугаартай Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Өлгийн 11 дүгээр гудамж, 155 тоот хаягт байрлах газар худалдан борлогдож, борлогдсон үнийг төлбөр авагч К- ХХК-ийн дансанд шилжүүлж, бусад хөрөнгөд үнийн санал ирээгүй тул 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулсан боловч мөн үнийн санал ирээгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.5 дахь хэсэгт заасны дагуу төлбөр төлөгчийн худалдан борлогдоогүй үл хөдлөх хөрөнгийг 2019 оны 6 сарын 04-ний өдрийн санал болгох хурлаар төлбөр авагчид тогтоосон үнэлгээгээр санал болгож, шийдвэрлэсэн нь хуулийн дагуу байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.5, 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсгүүдэд заасныг баримтлан, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 6 сарын 04-ний өдрийн 12 дугаартай санал болгох хурлын шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т заасныг баримтлан, нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 сарын 11-ний өдрийн 4848 дугаартай шийдвэрээр “Анир импекс” ХХК-иас 402 823 837 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжид 2 172 069 төгрөгийг гаргуулж К- ХХК-д олгохоор шийдвэрлэжээ. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан 5 үл хөдлөх хөрөнгийг битүүмжлэн хурааж шинжээчийн тогтоосон үнэлгээг талуудад хуулийн хугацаанд мэдэгдэж, албадан дуудлага худалдааг Иргэний хуулийн 177 дугаар зүйлд заасны дагуу явуулж төлбөрөөс 43 090 000 төгрөгийг хэсэгчлэн биелүүлж, 361 905 906 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.5 дахь хэсэгт зааснаар худалдан борлогдоогүй 4 үл хөдлөх хөрөнгийг төлбөр авагчид хуулийн дагуу санал болгож, 73.3 дахь хэсэгт зааснаар төлбөр авагч талд үнийн зөрүүг албаны дансанд байршуулснаар барьцаа хөрөнгийг өмчлөх эрх үүсэх тухай мэдэгдсэн. Гэтэл Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 сарын 23-ны өдрийн 2493 дугаартай шийдвэрээр 2019 оны 6 сарын 04-ний өдрийн санал болгох хурлын 12 дугаартай шийдвэр нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.5 дахь хэсэгт нийцээгүй буюу барьцааны зүйлүүд нэг бүрийн шинжтэй, тус тусдаа үнэлэгдсэн хөрөнгүүд байхад, мөн төлбөр авагчийн зүгээс барьцааны зарим хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах хүсэлт тавьсаар байхад тухайлсан нэг хөрөнгийг төлбөрт тооцож өгөх, эсхүл үнийн зөрүү төлсөн тохиолдолд барьцаа хөрөнгүүдийн өмчлөх эрх нэхэмжлэгчид үүсэх агуулгаар асуудлыг шийдвэрлэсэн гэж үзэн хүчингүй болгон шийдвэрлэсэн байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.5-д зааснаар худалдан борлогдоогүй хөрөнгийг төлбөр авагчид санал болгохдоо тухайн хөрөнгө нэг бүрийн шинжтэй тохиолдолд гэсэн тодотголтой тусгайлсан зохицуулалт байхгүй. Мөн энэ тохолдолд барьцааны хөрөнгөөс шилж төлбөрийн тодорхой хэсэгт тооцон авах, төлбөрт тооцон авахаас татгалзаж байгаа нэр бүхий хөрөнгийг төлбөр төлөгчид буцаан өгч барьцааны үүргийн гүйцэтгэлийг хэрхэн шийдвэрлэх талаарх шийдвэрлэсэн эрх зүйн зохицуулалт байхгүй тул Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 сарын 23-ны өдрийн 102/ШШ2019/02493 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү. Мөн төлбөр төлөгч “Анир импекс” ХХК-ийн захирал Л.Гэрэлнямийг гурвдагч этгээдээр шүүх хуралдаанд оролцуулах хүсэлтэй байгаа тул шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч К банкны эрх хүлээн авагч- нь хариуцагч НШШГГ-т холбогдуулан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 6 сарын 04-ний өдрийн 12 дугаар санал болгох хурлын шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. 

 

Анхан шатны шүүх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1, 73.5 дахь хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйгээгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон байна.

 

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 сарын 11-ний өдрийн 102/ШШ2016/04848 дугаар шийдвэрээр хариуцагч “Анир импекс” ХХК-иас 402 823 837 төгрөг гаргуулж нэхэмжлэгч К- ХХК-д олгож, барьцаа хөрөнгүүд болох Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 16 дугаар байрны 40 тоот, 40 м.кв, 3 өрөө орон сууц, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Өлгийн 11 дүгээр гудамжны 155 тоот, 566.66 м.кв өмчлөх эрхтэй газар, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хонхор өртөө, Булгачин 19 дүгээр гудамж, 1400 м.кв эзэмших эрхтэй газар, мөн хаягт байрлах 594 м.кв үйлдвэрийн байр тоног төхөөрөмж, Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 25 дугаар байрны 01 тоот, 29 м.кв, 2 өрөө орон сууц, Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 7 дугаар хороолол 26 дугаар байрны 29 тоот, 3 өрөө орон сууц зэргийг  албадан дуудлага худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ. /хх-ийн 68-73, 78-83-р тал/

 

Төлбөр төлөгч “Анир импекс” ХХК нь шүүхийн шийдвэрээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлээгүй байх тул төлбөр авагч К- ХХК-ийн хүсэлтээр Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 02 сарын 13-ны өдөр 336 дугаар гүйцэтгэх хуудас олгож, хариуцагч НШШГГ- нь барьцаа хөрөнгүүдийн албадан дуудлага худалдааг зохион байгуулахад Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Өлгийн 11 дүгээр гудамжны 155 тоот, 566.66 м.кв өмчлөх эрхтэй газар 43 090 000 төгрөгөөр зарагдаж, уг төлбөрийг төлбөр авагч К- ХХК-ийн дансанд шилжүүлж, үлдэгдэл төлбөрийн хэмжээ 361 905 906 төгрөг болсон байна. /хх-ийн 63-р тал/

 

Анхны болон хоёр дахь дуудлага худалдаагаар барьцаа хөрөнгүүд болох Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 16 дугаар байрны 40 тоот, 40 м.кв, 3 өрөө орон сууц, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хонхор өртөө, Булгачин 19 дүгээр гудамж, 1400 м.кв эзэмших эрхтэй газар, мөн хаягт байрлах 594 м.кв үйлдвэрийн байр тоног төхөөрөмж, Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 25 дугаар байрны 01 тоот, 29 м.кв, 2 өрөө орон сууц, Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 7 дугаар хороолол 26 дугаар байрны 29 тоот, 3 өрөө орон сууц зэрэгт үнийн санал ирээгүй тул хариуцагч НШШГГ- нь 2019 оны 6 сарын 04-ний өдөр төлбөр төлөгч болон төлбөр авагч нарыг оролцуулан худалдан борлогдоогүй хөрөнгүүдийг төлбөр авагчид санал болгох ажиллагааг зохион байгуулжээ. /хх-ийн 8-10-р тал/

 

Дээрх ажиллагаанд төлбөр төлөгч “Анир импекс” ХХК нь Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хонхор өртөө, Булгачин 19 дүгээр гудамж, 1400 м.кв эзэмших эрхтэй газар, мөн хаягт байрлах 594 м.кв үйлдвэрийн байр тоног төхөөрөмжийг төлбөртөө тооцон авахыг К банкны эрх хүлээн авагч-ид санал болгосон боловч тэрээр зөвшөөрөөгүй, бусад барьцаа хөрөнгө болох Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 16 дугаар байрны 40 тоот, 40 м.кв, 3 өрөө орон сууц, Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 25 дугаар байрны 01 тоот, 29 м.кв, 2 өрөө орон сууц, Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 7 дугаар хороолол 26 дугаар байрны 29 тоот, 3 өрөө орон сууцыг төлбөртөө тооцон авах санал гаргасан байна.

 

Иймд НШШГГ- нь дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй үл хөдлөх эд хөрөнгүүдийг шинжээчийн тогтоосон үнэлгээгээр тооцож төлбөр авагчид шилжүүлэхээр 2019 оны 6 сарын 04-ний өдрийн 12 дугаартай санал болгох хурлаар шийдвэрлэсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.3, 73.5 дахь хэсэгт заасантай нийцсэн байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн гомдлыг хүлээн авах нь зүйтэй. 

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч К банкны эрх хүлээн авагч-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4, 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 сарын 23-ны өдрийн 102/ШШ2019/02493 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт зааснаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 6 сарын 04-ний өдрийн 12 дугаар санал болгох хурлын шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч К банкны эрх хүлээн авагч-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь давж заалдах гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

                                                                                     

 

 

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                А.ОТГОНЦЭЦЭГ

 

                               ШҮҮГЧИД                                  Т.ТУЯА

 

Г.ДАВААДОРЖ