Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 001/ХТ2020/00614

 

К Б ХХК ДБЭХАийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 102/ШШ2019/02493 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2042 дугаар магадлалтай,

К Б ХХК ДБЭХАийн нэхэмжлэлтэй

НШШГГт холбогдох

НШШГГын 2019 оны 6 сарын 04-ний өдрийн 12 дугаар санал болгох хурлын шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Адилбишийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гантөмөр, Д.Нараа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монголбанкны ерөнхийлөгчийн 2019 оны 4 сарын 08-ны өдрийн А-96 дугаар тушаалаар К БХХК дахь хадгаламж эзэмшигч, харилцагчдын мөнгөн хөрөнгийг хамгаалах зорилгоор К БХХК-ийг 2019 оны 4 сарын 08-ны өдрөөс эхлэн албадан татан буулгахаар шийдвэрлэж, мөн өдрийн А-97 дугаар тушаалаар К БХХК-д банкны эрх хүлээн авагч томилсон. Банкны эрх хүлээн авагч банкны зээл авлагыг төлүүлэх, хөрөнгийг худалдан борлуулах ажиллагааг гүйцэтгэж, орсон орлогоос харилцагч, хадгаламж эзэмшигч төрд учирсан хохирлыг барагдуулах чиг үүрэгтэй ажиллаж байна. Тодруулбал банкны үйл ажиллагаа нь бусдын мөнгийг хуримтлуулан татаж, өөрийн нэрийн өмнөөс зээл олгох бөгөөд банкнаас олгосон зээл чанаргүй болох, банкны төлбөрийн чадвар хэвийн үйл ажиллагаа алдагдахад банкны хадгаламж эзэмшигч харилцагчид эрсдэл учирдаг. Хууль тогтоогчоос банкны харилцагч, хадгаламж эзэмшигчид учрах эрсдэл хохирлыг арилгах хамгийн бага түвшинд хадгалах зорилгоор Банкны тухай хуулийн 73 дугаар зүйлд банкны эрх хүлээн авагчийн төлүүлсэн зээлийн болон банкны хөрөнгийг худалдсан орлогоос эхний ээлжинд харилцагч, хадгаламж эзэмшигчдэд олгох төлбөрийг барагдуулах, тэдгээрийн төлбөрийн шаардлагыг хангасны дараа түүний дараагийн ээлжийн төлбөрийг барагдуулахаар заажээ. Өөрөөр хэлбэл банкны эрх хүлээн авагч нь хуулиар тогтоосон чиг үүргийг зөрчиж, төлбөр барагдуулах дарааллаас гадуур бусад төлбөрийг урьдчилан төлөх боломжгүй болно. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 сарын 11-ний өдрийн 102/ШШ2016/04848 дугаартай шийдвэрээр хариуцагч Анир импекс ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт нийт 402 823 837 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 172 069 төгрөгийн хамт гаргуулж, нэхэмжлэгч К БХХК-д олгож үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн. НШШГГаас барьцаа хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдах ажиллагааг дараах байдлаар 2 удаа зохион байгуулсан. Дуудлага худалдааны орлого өр төлбөрөөс хасагдаж, нийт өр төлбөрийн үлдэгдэл 361 905 906 төгрөг болсон. НШШГГаас 2019 оны 6 сарын 04-ний өдрийн 12 дугаар санал болгох хуралдааныг зохион байгуулахдаа дараах байдлаар төлбөр авагчийн хууль ёсны эрх ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөх үйл ажиллагааг явууллаа. Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.3 дахь хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангах зорилгоор хэд хэдэн зүйлийг барьцаалсан тохиолдолд барьцаалагч нь шаардлагаа хангах барьцааны зүйлийг сонгох эрхтэй бөгөөд энэ нь тухайн шаардлагыг хангахад шаардагдах тоо, хэмжээнээс хэтэрч болохгүй зохицуулалттай. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5.4, 38.5.5 дахь хэсэгт зааснаар төлбөр авагч нь гүйцэтгэх баримт бичиг, шийдвэрт заасан тодорхой хөрөнгийг хүлээн авах, тодорхой хөрөнгийг хүлээн авахаас татгалзах эрхийг эдэлдэг. НШШГГаас санал болгох хуралдаанд төлбөр авагчид эхлээд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хонхор булгачин гудамж, 225 тоот хаягт байрлах 1400 м.кв газар, мөн хаягт байрлах 594 м.кв блокны үйлдвэрийг 430 910 000 төгрөгөөр 361 905 906 төгрөгийн төлбөртөө тооцон авах, зөрүү мөнгийг төлбөр төлөгчид өгөхийг санал болгосон. Төлбөр авагчаас К БХХК-д өнөөдрийн байдлаар үүсээд байгаа нөхцөл болон банкны эрх хүлээн авагчийн хуулиар хүлээсэн чиг үүрэг, төлбөр барагдуулах дарааллыг зөрчин төлбөр төлөгчид зөрүү төлбөрийг олгох боломжгүй шалтгаанаар дээрх үйлдвэрийг төлбөрт тооцон авахыг зөвшөөрөхгүй тул 3 хөрөнгийг төлбөрт тооцон авах саналыг гаргасан. Гэтэл саналыг хүлээн авахгүйгээр харин дээрх үйлдвэрийг төлбөртөө тооцон авахаас татгалзаж байгаа бол нийт 4 үл хөдлөх эд хөрөнгийг 706 160 000 төгрөгийн үнээр тооцож, зөрүү 339 834 100 төгрөгийг төлбөр төлөгчид төлөх, энэ төлбөрийг төлсний дараа хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн авах саналыг тулган тавьсан. Дээрх үйл ажиллагаа санал нь төлбөр авагчийн хуулиар олгогдсон шаардлагаа хангах барьцааны зүйлийг сонгох, эрх тодорхой хөрөнгийг хүлээн авах, тодорхой хөрөнгийг хүлээн авахаас татгалзах эрхийг зөрчсөн гэж үзэж байна. Төлбөрт тооцон авахыг санал болгож байгаа үл хөдлөх эд хөрөнгүүд нь Иргэний хуульд заасан нэг бүрийн шинжтэй өөр өөрийн онцлог шинж чанартай хөрөнгө бөгөөд энэ утгаараа хөрөнгө тус бүрийн үнийг шинжээчийн үнэлгээгээр тогтоож, хөрөнгө тус бүрээр албадан дуудлага худалдааг зохион байгуулсан. Иймд санал болгох хуралдаанд хөрөнгө тус бүрээр албадан дуудлага худалдааг явуулсан дарааллын дагуу, тухайн хөрөнгийн тогтоосон үнээр төлбөр авагчид санал болгох ажиллагааг дэс дараатай явуулах ёстой байсан боловч нийт хөрөнгийн үнийн дүнгээр багцлан санал болгож байгаа нь төлбөр авагчийн хууль ёсны эрх ашиг сонирхолд сөрөг үр дагаврыг бий болгож, төлбөр төлөгч талд илт давуу ашигтай байдлыг бий болголоо. Учир нь төлбөр төлөгч нь 361 905 906 төгрөгийн өр төлбөртэй байсан бол санал болгох хурлын шийдвэрийн үр дүнд 2 удаагийн албадан дуудлага худалдаагаар худалдагдаагүй хөрөнгөө төлбөр авагч нь банкинд өгч, зөрүүд нэмж 339 834 100 төгрөгийг авахаар болж, төлбөр авагч нь 361 905 906 төгрөгийн авлагатай байсан бол эсрэгээрээ нэмж 339 834 100 төгрөгийн өглөгтэй болгож байна. Энэ зөрүү дүнд банкнаас хуулиар тогтоосон дарааллын дагуу төлбөр авах харилцагч, хадгаламж эзэмшигчид, төр, түүний байгууллагын хууль ёсны эрх ашиг сонирхол давхар зөрчигдөж хохирох үр дагаврыг үүсгэлээ. Нөгөө талаар банкны эрх хүлээн авагчаас дарааллыг зөрчин, зөрүү төлбөрийг олгох боломжгүй тул хөрөнгийн өмчлөлийг шилжүүлэн авах боломжгүй болсноор хөрөнгийг худалдан борлуулж чадахгүй болж, банкны эрх хүлээн авагчийн хуулиар хүлээсэн чиг үүргээ тогтоосон хугацаанд шуурхай гүйцэтгэх боломжгүй болгож байна. Банкны эрх хүлээн авагчаас шүүхээс урьдчилан шийдвэрлүүлэх журмын дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт 2019 оны 6 сарын 11-ний өдрийн 679 дугаартай санал болгох хурлын шийдвэрийг хүчингүй болгуулах гомдол гаргах тухай албан бичгээр гомдол гаргасан. Тус газрын 2019 оны 7 сарын 04-ний өдрийн 4/1457 дугаартай гомдолд хариу өгөх тухай албан бичгээр гомдлыг хангахаас татгалзсан тухай албан бичгийн хариуг 2019 оны 7 сарын 09-ний өдөр шуудангаар ирснийг хүлээн авч шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Дээрх үндэслэлээр гомдлыг хангаж, НШШГГын 2019 оны 6 сарын 04-ний өдрийн 12 дугаар санал болгох хурлын шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 сарын 11-ний өдрийн 04848 дугаар шийдвэрээр Анир импекс ХХК-иас 404 995 906 төгрөгийг гаргуулж, К БХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч Анир импекс ХХК-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан хөрөнгүүдийг битүүмжлэн хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу үнийн санал авахад талууд үнийн санал ирүүлээгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт заасны дагуу шинжээч томилон үнэлгээ тогтоож, талуудад мэдэгдлийг хүргүүлж үнэлгээг танилцуулсан. Төлбөр төлөгч Анир импекс ХХК-ийн барьцаа хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулахад эрхийн улсын бүртгэлийн Г-0000000000 дугаартай Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Өлгийн 11 дүгээр гудамж, 155 тоот хаягт байрлах газар худалдан борлогдож, борлогдсон үнийг төлбөр авагч К БХХК-ийн дансанд шилжүүлж, бусад хөрөнгөд үнийн санал ирээгүй тул 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулсан боловч мөн үнийн санал ирээгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.5 дахь хэсэгт заасны дагуу төлбөр төлөгчийн худалдан борлогдоогүй үл хөдлөх хөрөнгийг 2019 оны 6 сарын 04-ний өдрийн санал болгох хурлаар төлбөр авагчид тогтоосон үнэлгээгээр санал болгож, шийдвэрлэсэн нь хуулийн дагуу байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 102/ШШ2019/02493 дугаар шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.5, 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсгүүдэд заасныг баримтлан, НШШГГын 2019 оны 6 сарын 04-ний өдрийн 12 дугаартай санал болгох хурлын шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т заасныг баримтлан, нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2042 дугаар магадлалаар Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 сарын 23-ны өдрийн 102/ШШ2019/02493 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт зааснаар НШШГГын 2019 оны 6 сарын 04-ний өдрийн 12 дугаар санал болгох хурлын шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч К Б ХХК ДБЭХАийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь давж заалдах гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Адилбиш хяналтын гомдолдоо: Магадлалыг дараах үндэслэлээр бүхэлд нь эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Үүнд: Нэг. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчиж хэргийн оролцогч бус этгээдээс гаргасан гомдлыг хэлэлцэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож магадлал гаргалаа. Нэхэмжлэгчээс НШШГГыг хариуцагчаар татсан. Учир нь тус газраас 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 12 дугаар санал болгох хурлыг зохион байгуулахдаа Төлбөр авагчийн хууль ёсны эрх ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөх үйл ажиллагааг явуулсан гэж үзсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ШШГЕГ-ын харьяа Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанаас итгэмжлэгдсэн төлөөлөгч томилогдон ирснийг нэхэмжлэгчээс өөрийн тодорхойлсон хариуцагч биш гэж үзэж, НШШГГыг итгэмжлэгдсэн төлөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлт гаргаснаар шүүх хуралдаанд тус газрын шийдвэр гүйцэтгэгч Д.Мөнхбаяр оролцож тайлбар гаргаж мэтгэлцсэн. Гэвч шүүхийн шийдвэр гарсны дараа шүүхийн шийдвэрт ШШГЕГ-ын харьяа Банк хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанаас давж заалдах шатны журмаар гомдол гаргасныг шүүх хүлээн авч шийдвэрлэлээ. Хоёр. Давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хэрэглэх ёстой хуулийг хэрэглэхгүйгээр шийдвэрийг хүчингүй болголоо. Магадлалд “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.5 дахь хэсэгт зааснаар худалдан борлогдоогүй хөрөнгийг төлбөр авагчид санал болгохдоо тухайн хөрөнгө нэг бүрийн шинжтэй тохиолдолд гэсэн тодотголтой тусгайлсан зохицуулалт байхгүй. Мөн энэ тохиолдолд барьцаа хөрөнгөөс шилж төлбөрийн тодорхой хэсэгт тооцон авах, төлбөрт тооцон авахаас татгалзаж байгаа нэр бүхий хөрөнгийг төлбөр төлөгчид буцаан өгч барьцааны үүргийн гүйцэтгэлийг хэрхэн шийдвэрлэх талаарх шийдвэрлэсэн эрх зүйн зохицуулалт байхгүй гэсэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлтэй” гэж үндэслэлгүй дүгнэжээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуулъ тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, энэ хууль, эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжоос бүрдэнэ” гэж заасан. Иймд тус хуулийн дагуу явагдах ажиллагаа нь Иргэний эрх зүйн агуулга зарчимд нийцэж явагдах ёстой. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Давж заалдах шатны шүүхээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн “73 дугаар зүйлийн 73.5 дахь хэсэг маргаж байгаа зүйлийн талаар эрх зүйн зохицуулалт байхгутл гэж” дүгнэсэн нь дараах хуулийн зохицуулалттай зөрчилдсөн, шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэж үзэх үндэслэл болсон. Үүнд: Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт “Монгол Улсын Үндсэн хууль, энэ хуулиас бусад хууль хоорондоо зөрчилдвөл тухайн асуудлыг илүү нарийвчлан зохицуулсан хуулийн, тийм хууль байхгүй бол сүүлд хүчин төгөлдөр болсон хуулийн заалтыг хэрэглэнэ”, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсэг “Тухайн маргаантай харилцааг зохицуулсан хууль байхгүй бол шүүх төсөөтэй харилцааг зохицуулж байгаа хуулийн хэм хэмжээг хэрэглэнэ. Хэрэв тийм хууль байхгүй бол шүүх Үндсэн хуулийн агуулга, ерөнхий үндэслэл, үзэл санаанд нийцүүлэн шийдвэрлэнэ”, 10.6 дахь хэсэг “Шүүх тухайн маргаантай харилцааг зохицуулсан эрх зүйн хэм хэмжээ байхгүй буюу байгаа нь тодорхой бус гэсэн үндэслэлээр хэргийг хянан шийдвэрлэхээс татгалзаж болохгүй” тус тус. Шүүх хариуцагчийн “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 3.5 дахъ хэсэгт зааснаар худалдан борлогдоогүй хөрөнгийг төлбөр авагчид санал болгохдоо тухайн хөрөнгө нэг бүрийн шинжтэй тохиолдолд гэсэн тодотголтой тусгайлсан зохицуулалт байхгүй” гэх гомдлыг хангаж шийдвэрлэхдээ хариуцагчаас санал болгох хуралдаанд Төлбөр авагчид эхлээд БЗД, 11-р хороо, Хонхор булгачин гудамж, 225 тоот хаягт байрлах 1400 м.кв газар, мөн хаягт байрлах 594 м.кв блокны үйлдвэрийг 430 910 000.00 төгрөгөөр тооцон 361 905 906.00 төгрөгийн төлбөртөө тооцон авах, зөрүү мөнгийг төлбөр төлөгчид өгөхийг санал болгож байсан, саналыг хүлээн аваагүй тул нийт 4 үл хөдлөх эд хөрөнгийг 706 160 000.00 төгрөгийн үнээр тооцож зөрүү 339 834 100.00 /Гурван зуун гучин есөн сая найман зуун гучин дөрвөн мянга нэг зуун/ төгрөгийг төлбөр төлөгчид төлөх, энэ төлбөрийг төлсний дараа хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн авах саналыг тулган тавьсан байдлыг харгалзан үзсэнгүй. Өөрөөр хэлбэл хариуцагчийн үйлдэл нь түүний гаргасан гомдлын үндэслэлтэй зөрчилдөж байсныг анхаарсангүй зөвтгөж байгаа нь шударга бус байна. Дээрх үндэслэлээр магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч К Б ХХК ДБЭХА нь хариуцагч НШШГГт холбогдуулан НШШГГын 2019 оны 6 сарын 04-ний өдрийн 12 дугаар санал болгох хурлын шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгон, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

Магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх хуулийн үндэслэлтэй гэж үзэв. Давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн хэрэглэвэл зохих хэм хэмжээг хэрэглээгүйгээс үндэслэл бүхий магадлал гаргаагүй байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын хэмжээнд, зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргааныг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай болон Иргэний хуулийн холбогдох зохицуулалтын дагуу хянан шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 сарын 11-ний өдрийн 102/ШШ2016/04848 дугаар шийдвэрээр хариуцагч Анир импекс ХХК-иас 402 823 837 төгрөг гаргуулж нэхэмжлэгч К БХХК-д олгож, барьцаа хөрөнгүүд болох Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 16 дугаар байрны 40 тоот, 40 м.кв, 3 өрөө орон сууц, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Өлгийн 11 дүгээр гудамжны 155 тоот, 566.66 м.кв өмчлөх эрхтэй газар, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хонхор өртөө, Булгачин 19 дүгээр гудамж, 1400 м.кв эзэмших эрхтэй газар, мөн хаягт байрлах 594 м.кв үйлдвэрийн байр тоног төхөөрөмж, Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 25 дугаар байрны 01 тоот, 29 м.кв, 2 өрөө орон сууц, Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 7 дугаар хороолол 26 дугаар байрны 29 тоот, 3 өрөө орон сууц зэргийг албадан дуудлага худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ. /хх-ийн 68-73, 78-83-р тал/

Анир импекс ХХК нь шүүхийн шийдвэрээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлээгүй байх тул шийдвэрийг албадан биелүүлэх ажиллагаа явагдсан байна.

НШШГГ барьцаа хөрөнгүүдийг битүүмжлэх, хураах, талуудаас эд хөрөнгийн үнийн санал авах, шинжээч томилох үнэлгээ тогтоолгох ажиллагааг явуулж, албадан дуудлага худалдааг зохион байгуулсан ба эд хөрөнгөөс Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Өлгийн 11 дүгээр гудамжны 155 тоот, 566.66 м.кв өмчлөх эрхтэй газар 43 090 000 төгрөгөөр зарагдаж, бусад хөрөнгө борлогдоогүй ба 43 090 000 төгрөгийг төлбөр авагчид шилжүүлж, биелүүлээгүй төлбөрийн хэмжээ 361 905 906 төгрөг болсон байна. /хх-ийн 63-р тал/

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-д “Энэ хуулийн 72.1, 72.2-т заасны дагуу дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй хөрөнгийг төлбөр авагчид иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахад гарсан зардлыг хасаж төлбөртөө суутган авахыг санал болгоно. Хэрэв төлбөр авагч авахаас татгалзсан, эсхүл хуульд заасан хугацаанд хариу ирүүлээгүй бол худалдан борлогдоогүй эд хөрөнгийг төлбөр төлөгчид, гүйцэтгэх баримт бичгийг төлбөр авагчид буцаана.” гэж, 73.3-д “Дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй үл хөдлөх хөрөнгийг энэ хуулийн 55 дугаар зүйлд заасны дагуу тогтоосон үнээр төлбөр авагчид санал болгоно. Худалдан борлогдоогүй хөрөнгийн үнэ гүйцэтгэх баримт бичигт заасан төлбөрийн шаардлагаас илүү дүнтэй бол төлбөр авагч үнийн дүнгийн зөрүүг төлснөөр худалдан борлогдоогүй хөрөнгийг хүлээн авах эрх нээгдэнэ.” гэж тус тус заасан ба НШШГГ уг ажиллагааг сонгохдоо “худалдан борлогдоогүй хөрөнгүүдийг шинжээчийн тогтоосон үнэлгээ 706 160 000 төгрөгөөр төлбөртөө тооцон зөрүү мөнгө 339 834 100 төгрөгийг өгч, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгохыг санал болгосон нь 2019 оны 6 сарын 04-ний өдрийн төлбөр авагчид санал болгох ажиллагааны тэмдэглэлээр нотлогджээ. /хх-ийн 8-10-р тал/

Төлбөр авагч нь санал болгосон ажиллагааг маргаагүй, харин санал болгосон хөрөнгүүдээс нийт 3 орон сууцыг шинжээчийн тогтоосон үнэлгээгээр төлбөртөө тооцон авахыг хүссэн бол НШШГГ  борлогдоогүй бүх хөрөнгийг санал болгож, зөрүү мөнгийг төлөхийг шаардсан байна.

Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.3-т “Үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангах зорилгоор хэд хэдэн зүйлийг барьцаалсан тохиолдолд гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцаалагч нь шаардлагаа хангах барьцааны зүйлийг сонгох эрхтэй боловч энэ нь тухайн шаардлагыг хангахад шаардагдах тоо, хэмжээнээс хэтэрч болохгүй.” гэж, 165 дугаар зүйлийн 165.4-т “Үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлага нь хэд хэдэн үл хөдлөх эд хөрөнгийн ипотекоор хангагдахаар байвал үл хөдлөх эд хөрөнгө тус бүрийг тухайн шаардлагыг бүхэлд нь хангахад ашиглах бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч шаардлагаа хангуулахдаа аль нэгэн үл хөдлөх эд хөрөнгийг сонгож болно.” гэж тус тус заасан, эдгээр хэм хэмжээ нэхэмжлэлийн эрх зүйн үндэслэл болсон болохыг давж заалдах шатны шүүх анхаараагүй нь алдаатай болжээ.

Барьцаалагч К Б ХХК ДБЭХА нь хуулиар олгогдсон эрхийн дагуу барьцааны зүйлийг сонгох эрхтэй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын санал болгосон ажиллагаа Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.3, 165 дугаар зүйлийн 165.4-т заасан зохицуулалтыг зөрчсөн, төлбөр барагдуулах ажиллагааг оновчтой явуулж чадаагүй тул уг ажиллагааг хүчингүй болгох үндэслэлтэй байжээ.

Харин энэ ажиллагааг хүчингүй болгосон нь дахин уг ажиллагааг явуулахад саад болохгүй болно.

Иймд магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2042 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 сарын 23-ны өдрийн 102/ШШ2019/02493 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т заасны дагуу нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжнаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

                      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                      Х.СОНИНБАЯР

                    ШҮҮГЧ                                                               П.ЗОЛЗАЯА