Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 128/ШШ2016/0161

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Сайхантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Байчууд овогт Ж*******ийн Б******* /РД: /-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга,

Хариуцагч: Нийслэлийн Өмч, газрын харилцааны алба,

Хариуцагч: Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдох,

Гуравдагч этгээд: Боржигон овогт Дын А******* /РД: /

Нэхэмжлэлийн шаардлага: ...Нийслэлийн Засаг даргын 2012 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн А/80 дугаар захирамжийн Ж*******ийн Б*******т холбогдох хэсгийг хүчингүй болгуулж газар эзэмших гэрээ байгуулж гэрчилгээ гаргуулахыг даалгуулах, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн А/345 дугаар захирамжийн Д.А*******т холбогдох хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2015 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 770 дугаар захирамжийн 475 м.кв газар гэснээс 274 м.кв хэмжээг хасч үлдсэн 201 м.кв газрын хэмжээг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Д*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.З*******, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н*******, Баянзүрх дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Н*******, Ц.М*******, гуравдагч этгээд Д.А*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэвэгмид нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.Б******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Д*******, өмгөөлөгч Ц.З******* нар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт буюу Дарь эхийн гэр хороололд Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр гэр хорооллыг сайжруулах, болон амины орон сууцны хороолол барих төлөвлөгөөний дагуу Мон 1847 төсөл хэрэгжиж эхэлсэн юм.

Уг төсөлд хамрагдсан иргэдэд газар эзэмших эрх олгосон Нийслэлийн Засаг даргын 2008 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 599 дүгээр захирамж гарсан бөгөөд энэ захирамжийн хавсралтын 21 дүгээрт Ж.Б******* миний нэр бичигдсэн бөгөөд уг газарт 115 м.кв газар эзэмших болсон юм.

Төслийн хэрэгжилт маш удаашралтай явагдаж биднийг байнга хүлээлтийн байдалд байлгаж байсан.

Дээрх 399 дүгээр захирамжаар Баянзүрх дүүргийн Засаг дарга, Нийслэлийн газрын албанд тодорхой үүрэг, даалгавар өгөгдсөн боловч хэрэгжилт нь удааширч надад олгосон зурагт заасан газар дээр өөр айл байгаа учир энэ асуудлыг зохицуулсны дараа гэрээ байгуулж гэрчилгээ олгоно гэж хүлээлгэсээр байсан юм.

Гэвч Нийслэлийн Засаг дарга дээрх газар олгосон захирамжаа 2012 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн А/80 дугаар захирамжаараа хүчингүй болгосон гэж сонсоод үнэн эсэхийг тодруулахаар Нийслэлийн Засаг даргад хандсанаар 2013 оны 7 дугаар сарын 09-ний өдөр захирамжийг олж авч танилцсан ба энэхүү захирамж нь миний эрх ашгийг зөрчсөн учир эс зөвшөөрч захиргааны хэргийн шүүхэд хандсан юм.

2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 2740 дүгээр шүүгчийн захирамжаар шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр нэхэмжлэлээ дэмжиж ирээгүй үндэслэлээр миний нэхэмжлэлийг буцаасан юм.

Иймд дахин нэхэмжлэл гаргаж байна гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Д******* 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр түс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ:

...Хариуцагч нь шүүхэд гаргасан хариу тайлбар гаргахдаа маргаан бүхий газарт Баянзүрх дүүргийн Засаг даргын 2011 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн А/270 дугаар захирамжаар иргэн Д.А*******т 274 м.кв хашааны газрыг амины орон сууцны зориулалтаар олгосон болохыг дурдаж уг газар нь нэхэмжлэгчийн газартай давхцаагүй гэдгийг тайлбарласан юм.

Шүүхээс удаа дараа уг газарт хийсэн үзлэг мэргэжлийн байгууллагын хэмжилт зэргээр дээрх газар нь Ж.Б*******ын 115 м.кв газартай давхцаагүй болох нь тодорхой болсон юм.

Хэрэг хянан шийдвэрлэх явцад иргэн Д.А*******ийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулах болсон ба түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б******* шүүхэд тайлбар болон нотлох баримт гаргаж өгөхдөө уг газарт эзэмшиж байсан 274 м.кв газраа Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн А/345 дугаар захирамжаар 476 м.кв болгон нэмэгдүүлж улмаар Нийслэлийн Засаг даргын 2015 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн А/770 дугаар захирамжаар 475 м.кв газрыг өмчлүүлсэн болох нь тодорхой болсон.

Иймд нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх шаардлага гаргасан бөгөөд шүүхэд анх нэхэмжлэл гаргасан 2013 оноос хойш өдий хүртэл уг газар нь маргаан бүхий газар болохыг гуравдагч этгээд болон хариуцагч нар мэдсээр атлаа ийнхүү газрыг хэмжээг нэмэгдүүлэх, өмчлөх зэргээр шинээр маргаан үүсгэж буй нь зориуд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хүндрүүлж будлиан үүсгэж нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчиж байгаа гэж үзэж байна.

Гуравдагч этгээд Д.А******* нь тухайн газарт хэрэгжиж байсан МОН-1847 төсөлд оролцоогүй бөгөөд төслийн хүрээнд газраа чөлөөлөн нүүх айлуудын нэг тул газраа чөлөөлж нүүх зардлаа авсан атлаа нүүхгүй төслийн ажлыг 1 жил гаруй хугацаагаар саатуулж байсан гэдгийг тухайн үед төслийг хариуцаж байсан ажилтан болох гэрч Алтантуяа нь шүүхэд амаар болох бичгээр өгсөн тайлбар мэдүүлэгтээ удаа дараа гэрчилсэн болно.

Иймд нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар нэмэгдүүлж байна.

Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн А/345 дугаар захирамжийн Д.А*******т холбогдох хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2015 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 770 дугаар захирамжийн 475 м.кв газар гэснээс 274 м.кв газрын хэмжээг хасч үлдсэн 201 м.кв газрын хэмжээг тус тус хүчингүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга Ш.Төмөрбаатар нар шүүхэд бичгээр гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Дарь-Эхийн гэр хороололд Азийн хөгжлийн банкны Мон-1847 хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр гэр хорооллын нөхцөл болон амины орон сууцны хорооллын нягтралыг сайжруулах төслийн хүрээнд батлагдсан ерөнхий төлөвлөгөөний дагуу нэр бүхий 58 иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 0.7781 га газрыг эзэмшүүлсэн байна.

Нийслэлийн Засаг даргын 2012 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн А/80 дугаар захирамжаар газар эзэмших эрх олгогдсон иргэдээс тухайн газар дээрээ амьдардаггүй 16 иргэний газар эзэмших эрхийг хүчингүй болгон шийдвэрлэсэн юм.

Иргэн Ж.Б******* Нийслэлийн Засаг даргын 2008 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 599 дүгээр захирамжаар 115 м.кв газрыг эзэмшүүлж шийдвэрлэснийг дээрх А/80 дугаар захирамжаар хүчингүй болгон шийдвэрлэсэн байна.

Иргэн Д.А*******т Баянзүрх дүүргийн Засаг даргын 2012 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн А/270 дугаар захирамжаар 274 м.кв хашааны газрыг амины орон сууцны зориулалтаар олгосон бөгөөд шүүхээс хийсэн үзлэг болон бусад баримтаар тус хашааны газарт иргэн Ж.Б*******ын газар орсон боловч газрын кадастрын мэдээллийн санд давхцаагүй байна.

Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээчийн дүгнэлт, бусад нотлох баримтуудаар иргэн Ж.Б*******ын 115 м.кв газар нь иргэн Д.А*******ийн газартай ямар нэгэн давхцалгүй мөн иргэн Ж.Б*******д уг газрыг нь эзэмшүүлэх боломжтой гэдэг нь нотлогдсон нөхцөлд Нийслэлийн Засаг даргын захирамжид өөрчлөлт оруулах боломжтой байна.

Нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга Ш.Төмөрбаатар, Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Өмчийн харилцааны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н******* нар нь 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдөр тус шүүхэд гаргасан нэмэлт тайлбартаа:

...Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 7 дугаар сарны 24-ний өдрийн А/345 дугаар шийдвэрээр уг газарт олон жил амьдарсан иргэн Д.А*******ийн гаргасан хүсэлт, хорооны Засаг даргын тодорхойлолт болон Газрын тухай хуульд заасны дагуу бүрдүүлсэн материалд үндэслэж талбайн хэмжээг нэмэгдүүлж 476 м.кв газрыг эзэмшүүлж шийдвэрлэсэн байна.

Дүүргийн Засаг даргын эрх хэмжээнийхээ хүрээнд эзэмшүүлж шийдвэрлэсэн уг захирамжийг үндэслэж Нийслэлийн Засаг даргын 2015 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн А/770 дугаар захирамжаар 475 м.кв газрыг өмчлүүлж шийдвэрлэжээ.

Манай мэдээллийн сан дах газрын байршлын кадастрын зурагт Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Дарь-Эхийн 1 дүгээр гудамжны 32 тоот, 18644312843554 нэгж талбарын дугаартай, 475 м.кв хашааны газар нь иргэн Д.А*******ийн нэр дээр бүртгэлтэй байна.

Иймд Нийслэлийн Засаг даргын 2015 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн А/770 дугаар захирамжаар 475 м.кв газрыг иргэн Д.А*******т өмчлүүлж шийдвэрлэсэн нь хууль ёсны дагуу гарсан шийдвэр байх тул нэхэмжлэгч иргэн Ж.Б*******ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Баянзүрх дүүргийн Засаг дарга шүүхэд бичгээр гаргасан тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Н*******, Ц.М******* нар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Иргэн Д овогтой А*******т Баянзүрх дүүргийн Засаг даргын 2012 оны А/270 дугаар захирамжаар 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2 дугаар хэсэг Их Дарь-Эх 1-32 тоотод 274 м.кв газрыг эзэмшүүлэх эрх олгосон байна.

2015 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны 02 дугаар хэсэг Их Дарь-Эхийн 1-32 тоотод оршин суудаг бөгөөд талбайн хэмжээг 274 м.кв газартай тул 476 м.кв болгон талбайн хэмжээг өөрчлөн газар эзэмших гэрчилгээ олгож өгнө үү гэж өргөдөл гаргасан байна. Иргэний гаргасан хүсэлт нь Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаж байсан тул Баянзүрх дүүргийн Засаг дарга нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3-д дүүргийн Засаг дарга энэ хуулийн 21.2.3-т зааснаас бусад газрыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.2-т заасныг баримтлан, дүүргийн хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах, 33 дугаар зүйлийн 33.1.1-д энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т тус тус заасны дагуу 2015 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн А/345 дугаар захирамжаар тус тоотод 476 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэн Б.Дд15 жилийн хугацаатайгаар олгосон байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэмэгдүүлсэн шаардлагын үндэслэлээ 2013 оноос хойш өдийг хүртэл уг газар нь маргаан бүхий газар болохыг гуравдагч этгээд болон хариуцагч нар мэдсээр атлаа ийнхүү газрын хэмжээг нэмэгдүүлэх өмчлөх зэргээр шинээр маргаан үүсгэж буй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хүндрүүлэн будлиан үүсгэж нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчиж байна гэжээ.

Нэхэмжлэгч 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Нийслэлийн Засаг даргын 2012 оны А/80 дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаснаас үзэхэд хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын зүгээс мэдэх боломжгүй тул нэхэмжлэлд бичсэн шиг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хүндрүүлэн будлиан үүсгэх үндэслэлгүй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Гуравдагч этгээд Д.А*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Миний аав Д.А******* эх Ц.Алтанчимэг, хүү А.Б*******, охин А.Онончимэг, охин А.Бямбасувд бид гэр бүлээрээ 2001 оноос эхлэн Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хэсэг их дарь эхийн 1 дүгээр гудамж 32 тоотод өнөөдрийг хүртэл бусад иргэдийн адил оршин сууж амьдарч байгаа юм.

Энэ газарт амьдарч байгаа иргэд бүгд Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Азийн хөгжлийн банкны хамтарсан хөнгөлөлттэй зээлээр гэр хорооллыг сайжруулах, болон амины орон сууцны хороолол барих Мон 1847 төсөл хэрэгжүүлж байсантай холбогдон газрын болон бусад эд хөрөнгийн гэрчилгээ, эрхийг олгоогүй, авч чадаагүй байсан юм.

Төсөл хэрэгжиж иргэд нь Дарь эхэд оршин суугч иргэд болох бидний газрыг дэд бүтцэд холбох, амины орон сууц барих, зам талбай барих зэрэг асуудлыг шийдвэрлэнэ гэж 2003-2007 онуудад тухайн төслийг хэрэгжүүлж байгаад зогсоосон юм.

Бидний орон нутгийн үндсэн оршин суугч иргэд бид Нийслэлийн Засаг даргын болон Азийн хөгжлийн банкны төслийг баяртайгаар хүлээн авч, хашаа байшингаа буулган газраа чөлөөлж өгч орчин үеийн амины орон сууцтай болно гэж итгэж байтал төсөл үл мэдэгдэх шалтгаанаар дууссан юм.

Гэтэл Нийслэлийн Засаг даргын 2008 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 599 дүгээр захирамжаар үндсэн оршин суугчдын дунд төсөл хэрэгжих ёстой байтал, төсөлд хамрагдаагүй өөр иргэдэд бидний газраас хууль бусаар таслан авч хувиарласан байсныг бид сүүлд мэдсэн юм. Гэр хорооллын амьдрал ахуйг сайжруулах төслийг 8 жил хүлээж, газрын гэрчилгээгээ авч чадаагүй, орон байраа барьж чадаагүй, хохирсон үндсэн оршин суугчид эс тэвчиж нэгдэн Оргилуун булаг ТББ-ыг байгуулан Нийслэлийн Засаг даргын хууль бус шийдвэрийг цуцлуулахаар эсэргүүцлийн үйл ажиллагааг эрчимтэй явуулсны үн дүнд Дарь эхэд хаягийн бүртгэлгүй, байнга оршин суудаггүй, оршин суугч биш, бусдын үл хөдлөх эд хөрөнгө болон эзэмшлийн газар давхацсан зарим иргэдийн газар эзэмших эрхийг Нийслэлийн Засаг даргын 2012 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн А/80 дугаар захирамжаар цуцалсан байдаг.

Бидний хувьд 2002 оноос эхлэн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2012 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн А/300, Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/770 дугаар захирамжуудын дагуу хууль ёсоор өөрт ноогдох газрыг эзэмшиж, өмчилж байгаа юм.

Ж.Б******* нь анхнаасаа манай дарь эхийн оршин суугч биш, яг миний эзэмшлийн газартай давхацсан гэх кадастрын албан ёсны баримтгүй, Мон 1847 төсөл бүрэн хэрэгжсэн тохиолдолд ч газар эзэмших эрхгүй, анхнаасаа энэ хүнд Баянзүрх дүүргийн Засаг даргын нутаг дэвсгэрт эзэмшлийн газар байгаагүй, Нийслэлийн Засаг даргын 2012 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн А/80 дугаар захирамж гараад 3 жил гарангийн хугацаа өнгөрч байхад шүүхэд нэхэмжлэл гаргаагүй, хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн зэрэг нөхцөл байдлын үндсэн дээр түүний газар эзэмших эрх нь хуулийн дагуу цуцлагдсан байх тул Ж.Б*******ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч болон хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг хянаад нэхэмжлэгч Ж.Б*******ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Дарь-Эхийн гэр хороололд хэрэгжсэн Азийн хөгжлийн банкны Орон сууцны салбарын санхүүжилт Мон-1847 төслийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын 2008 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Төслийн хэрэгжилтийг үргэлжлүүлэх, газар эзэмшүүлэх тухай 599 дүгээр захирамжаар нэхэмжлэгч Ж.Б*******т Баянзүрх дүүрэг 2 дугаар хороо, Дарь-Эхийн гэр хорооллын 2 дугаар хэсэгт 115 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшүүлсэн байна.

Энэхүү захирамжаар газар эзэмшүүлэхдээ Ж.Б*******тай Газрын тухай хуулийн дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгоогүй, кадастрын зураг мэдээллийн санд оруулаагүй бөгөөд Нийслэлийн газрын алба, Барилга хот, байгуулалт, төлөвлөлтийн газрын дэргэдэх техникийн зөвлөлийн 2011 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн хурлаар хэлэлцүүлэх асуудлын төлөвлөгөөгөөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны 17 иргэний газар эзэмших эрхийг хүчингүй болгох санал гаргажээ.

Улмаар Нийслэлийн Засаг даргын 2012 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн А/80 дугаар захирамжаар иргэн Ж.Б*******ын дээрх газар эзэмшүүлсэн захирамжийг Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдол болон Нийслэлийн Газрын алба, Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газрын дэргэдэх техникийн зөвлөлийн 2011 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн хурлаас гаргасан дүгнэлтийг хянан үзээд нэр бүхий иргэдэд газар эзэмших эрх олгохдоо газар эзэмших эрхгүй боловч тухайн газар дээр амьдарч байгаа иргэдийн үл хөдлөх хөрөнгө бүхий газар дээр давхцуулан газар эзэмшүүлсэн, газар эзэмших эрх олгогдсон иргэд тухайн газар дээрээ амьдардаггүй гэх нөхцөл байдлыг харгалзан үзээд хүчингүй болгосон байна.

Гуравдагч этгээд Д.А*******т Баянзүрх дүүргийн Засаг даргын 2012 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн А/270 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 2 хэсэг, Их Дарь Эх 1-32 тоот хаягт байрлалтай, 274 м.кв газрыг амины хашааны зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар эзэмшүүлжээ.

Түүнчлэн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн А/345 дугаар захирамжаар Б.А*******ийн эзэмшлийн газрын хэмжээг нэмэгдүүлэн 476 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлснийг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2015 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн А/770 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн Дарь эхийн 1 дүгээр гудамжийн 32 тоотод байрлалтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг өмчлүүлж, 2015 оны 02 сарын 01-ний өдөр 000378857 дугаартай гэрчилгээг олгожээ.

Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3-т энэ хуулийн 21.2.3-т зааснаас бусад газрыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.2-т заасныг баримтлан, дүүргийн хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах гэж заасан бүрэн эрхийн хүрээнд газар эзэмших эрхийг шийдвэрлэх боломжтой байх бөгөөд мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ, 27.2-т Газар эзэмших эрхийн гэрчилгээг зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад  олгоно, 27.3-т Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна, 27.4-т Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэж заасан бүрэн эрхийн хүрээнд хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг дарга нь гуравдагч этгээд Д.А*******т Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 2 хэсэг, Их Дарь Эх 1-32 тоот хаягт байрлалтай газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Гуравдагч этгээд Д.А******* нь Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 2 хэсэг, Их Дарь Эх 1-32 тоот хаягт 2001 оноос хойш амьдарч байсан гэдэг нь Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 7003 дугаар тодорхойлолт, Оргилуун булаг төрийн бус байгууллагын 2012 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 01 дүгээр албан бичгийн хавсралт 1, 2008-2013 оны сансрын зургийг кадастрын зурагтай давхцуулсан зургаар хашаандаа дүнзэн байшинтай /хойноос урагш шилжүүлсэн/ хашаа, зэргээр тогтоогдож байх бөгөөд Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4-д Монгол Улсын иргэнд энэ хуулийн 4.1.1-д заасан зориулалтаар газрыг нэг удаа үнэгүй өмчлүүлэх , мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д Иргэнд  газар өмчлүүлэх эрх бүхий Засаг дарга иргэний гаргасан өргөдөл, тухайн иргэн  энэ хуульд заасны дагуу газрыг өмчилж авах эрх бүхий этгээд болохыг нотолсны үндсэн дээр түүнд газар өмчлүүлэх тухай захирамж гаргана гэж заасан бүрэн эрхийнхээ хүрээнд хариуцагч Нийслэлийн Засаг дарга нь гуравдагч этгээдэд 475 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлсэн байна.

Нэхэмжлэгч Ж.Б*******ын эзэмших ёстой байсан гэх газар нь Д.А*******ийн эзэмшиж, өмчилж байгаа 475 м.кв газартай ямар нэгэн хэмжээгээр давхцаагүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримт, үзлэг болон шүүх хуралдаанд гаргасан талуудын тайлбараар тогтоогдож байх бөгөөд Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасан Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэж заасан газар эзэмшүүлэхэд тавигдах шаардлагыг хариуцагч зөрчөөгүй, 2008 онд 599 дүгээр захирамж гарахад уг газрыг Д.А******* ашиглан амьдарч байсан байна.

Өөрөөр хэлбэл Нийслэлийн Засаг даргын 2008 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 599 дүгээр захирамжаар нэхэмжлэгч Ж.Б*******т газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн ч нэхэмжлэгч тухайн газар дээрээ амьдардаггүй, тухайн газрын кадастрын мэдээллийн санд мэдээлэл ороогүй зэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүх хуралдаанд гаргасан талуудын тайлбараар тогтоогдож байна.

Түүнчлэн Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д зааснаар газрыг хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлдэг бөгөөд нэхэмжлэгч Ж.Б******* нь 115 м.кв газрын хууль ёсны эзэмшигч гэж үзэх үндэслэлгүй байхын зэрэгцээ тухайн газарт дээр дурдсан төсөл хэрэгжээгүй байх тул төслийн зориулалтаар газар эзэмшүүлсэн захирамжаа Нийслэлийн Засаг дарга А/80 дугаар захирамжаар хүчингүй болгосныг буруутгах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв.

Иймд Д.А*******т Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн А/345, Нийслэлийн Засаг даргын 2015 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 770 дугаар захирамжуудаар газар эзэмшүүлж, өмчлүүлсэн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байх тул ...Нийслэлийн Засаг даргын 2012 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн А/80 дугаар захирамжийн Ж*******ийн Б*******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулж газар эзэмших гэрээ байгуулж гэрчилгээ гаргуулахыг даалгуулах, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн А/345 дугаар захирамжийн Д.А*******т холбогдох хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2015 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 770 дугаар захирамжийн 475 м.кв газар гэснээс 274 м.кв хэмжээг хасч үлдсэн 201 м.кв газрын хэмжээг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 27 дугаар зүйлийн 27.1, 31 дүгээр зүйлийн 31.3, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Б*******ын гаргасан ...Нийслэлийн Засаг даргын 2012 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн А/80 дугаар захирамжийн Ж*******ийн Б*******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулж газар эзэмших гэрээ байгуулж гэрчилгээ гаргуулахыг даалгуулах, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн А/345 дугаар захирамжийн Д.А*******т холбогдох хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2015 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 770 дугаар захирамжийн 475 м.кв газар гэснээс 274 м.кв хэмжээг хасч үлдсэн 201 м.кв газрын хэмжээг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.  Нэхэмжлэгч Ж.Б******* шүүгчийн захирамжаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА