Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 111

 

Б.М-, Б.Э- нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2019/00840/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч С.Энхжаргал, Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 1056 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Б.М-, Б.Э- нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Н.А-,  П.Б- нарт холбогдох,

          “11.100.000 төгрөг гаргуулах” тухай иргэний  хэргийг

          Хариуцагч Н.А-, П.Б- нарын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн

          2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Амарсанаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд хариуцагч нарын өмгөөлөгч Ө.Өлзиймаа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч Б.М-, Б.Э- нараас:

 “...Б.М- би танил Н.А-д 10.000.000 төгрөгийг 2018 оны 08 дугаар сард зээлсэн. Учир нь Н.А- нь надад хэлэхдээ мал, махны наймаа хийхэд ашиг ихтэй байна. Би өдөрт 60-70 ширхэг бог мал нядалж борлуулж байна. Чамд мөнгө байвал надад зээлчих би өсгөөд өгч болно шүү гэхээр нь 10.000.000 төгрөгийг сарын 20 хувийн хүүтэй зээлэхээр тохирсон. Н.А- надад хэлэхдээ 10.000.000 төгрөгийг чинь нэг удаа хөдөөгүүр яваад мал авч ирээд борлуулахад 2-3 сая төгрөг унадаг юм. Сардаа доод тал нь 3 удаа хөдөөгүүр явж мал цуглуулдаг гэж ярьж байсан. Удалгүй хэд хоногийн дараа буюу 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдөр
миний утас руу Н.А- залгаад би Хөвсгөл рүү гараад явж байна 10.000.000 төгрөгөө өгчих гэсэн. Тухайн өдөр Н.А-ийн 5073054206 тоот данс руу 3.000.000 төгрөг, маргааш нь  буюу 2018 оны 08 дугаар сарын 18-ны өдөр мөн тоот данс руу 3.000.000 төгрөг, 2018 оны 08 дугаар сарын 26-ны өдөр мөн тоот данс руу 3.000.000 төгрөг тус тус шилжүүлсэн. Харин хэд хоногийн дараагаар Н.А-д өөрийн биеэр бэлнээр 1.000.000 төгрөг өгсөн. Нийтдээ 10.000.000 төгрөг зээлсэн. Тэгээд сарын дараа буюу 2018 оны 09 дүгээр сарын 20-нд нэг сарын зээлийн хүү болох 2.000.000 төгрөг, мөн 2018 оны 10 дугаар сарын 20-нд зээлийн хүү 1.900.000 төгрөг өгсөн. Учир нь би Н.А-ээс 100.000 төгрөгөөр 1 төлөг хонь авсан ба тэр хониныхоо мөнгийг хасаж тооцоод өгсөн юм. Тэгээд зээлийн хүүгээ өгөхдөө чи зээлийн хүүгээ жаахан буулгачих арга тал байна уу хөдөөгүүр хямдхан мал олдохгүй байна, зээлийн хүүгээ бага зэрэг доош нь буулгаад зээлийн гэрээгээ шинээр байгуулчихъя урд нь өгсөн мөнгө төгрөг хамаагүй гээд байхаар нь би үнэхээр тийм боломжгүй байгаа бол сарын 15 хувийн хүүтэй болгоод 2018 оны 10 дугаар сарын 21-ний өдөр манай эхнэр Б.Э-тай Н.А-, П.Б- нар 10.000.000 төгрөгийг сарын 15 хувийн хүүтэй 6 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулсан юм. Н.А- надад хэлэхдээ хүүгээ буулгасан юм чинь сард нэг хонь авч байгаарай гэж хэлсэн. Ингээд 2018 оны 11 дүгээр сарын 21-нд Н.А- надад бэлнээр 1.300.000 төгрөгийг энэ сарын зээлийн хүү, чамд өгсөн 2 хониныхоо мөнгө болох 200.000 төгрөгийг хасчихсан гэж хэлээд өгсөн. Тэрнээс хойш манай эхнэр Б.Э-ын 5863005002 тоот данс руу 2019 оны 01 дүгээр сарын 04-нд 800.000 төгрөг, 2019 оны 01 сарын 25-нд 1.000.000 төгрөг 2019 оны 05 сарын 09-нд 900.000 төгрөгийг зээлийн хүү гэж шилжүүлсэн. Зээлийн гэрээ хийснээс хойш зээлийн хүү гэж нийтдээ 4.000.000 төгрөг өгсөн байна.

Н.А-, П.Б- нараас зээлийн хүү гэж 2 удаа 2 саяар нийт 4.000.000 төгрөг авснаа үндсэн зээл болох 10.000.000  төгрөгөөс хасаж тооцон одоо үлдэгдэл үндсэн зээл 6.000.000 төгрөг, зээлийн хүү болох 5.400.000 төгрөгөөс 2018 оны 11 дүгээр сарын 21-нд Н.А- бэлнээр 1.300.000 төгрөг, манай эхнэр Б.Э-ын данс руу 2019 оны 01 дүгээр сарын 04-нд 800.000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 25-нд 1.000.000 төгрөг, 2019 оны 05 дугаар сарын 09-нд 900.000 төгрөг, нийт 4.000.000 төгрөгийн зээлийн хүүгээ хасаад 1.400.000 төгрөгийн зээлийн хүүтэйгээ нийлээд 7.400.000 төгрөг, зээлийн гэрээнд зааснаар өдрийн алданги 0.5 хувиар тооцож 2019 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөс хойш өнөөдрийг хүртэлх 110 хоногийг 37.000 төгрөгөөр тооцож 4.070.000 төгрөг болсон ба алдангийг 3.700.000 болж байна. Иймээс  үндсэн зээлийн 6.000.000 төгрөг, түүний үлдэгдэл хүү болох 1 сар 16 хоногийн 1.400.000 төгрөг нийт 7.400.000 төгрөг. Зээлийн гэрээнд зааснаар алданги өдрийн 0.5 хувиар тооцож 3.700.000 төгрөг. Нийт 11.100.000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

            Хариуцагч Н.А-, П.Б- нараас:

“...Б.М- Б.Э- нараас гаргасан шаардлагыг зөвшөөрөхгүй байна. 2018 оны 08 сард Б.М-гаас 9 сая төгрөг хэд хоногийн хугацаатай хүүгүй зээлсэн. Бидний хооронд зээлийн гэрээ бичгээр хийгдээгүй. Дээрх 9 сая төгрөгийг хаан банкны миний эзэмшлийн 5073054206 данс руу 5845326469 данснаас 2018 оны 08 дугаар сарын 17, 18, 26-нд тус тус 3 удаа тасалж шилжүүлж хийгдсэн.

            Гэтэл Б.М- хүүгүй мөнгө хүнд өглөө гээд эхнэр уурлаад байна та нар нөгөө 9.000.000 төгрөгөө 10.000.000 гэж зээлийн гэрээ байгуулчих гээд тулгаад түүний эхнэр Б.Э-тай зээлийн гэрээ байгуулсан. Гэхдээ энэ зээлийн гэрээний дагуу Э- бидний хооронд бодитоор мөнгө өгч авалцаагүй. Б.М-гаас авсан 9.000.000 төгрөг дээр Б.Э-аас зээл авсан юм шиг дүр эсгэж гэрээ байгуулагдсан. Б.Э-тай байгуулсан зээлийн гэрээнээс өмнө Б.М- бид нараас анх өгсөн үндсэн зээлээс 4.000.000 төгрөгийг авчихсан байсан. Чи өөрөө мөнгө өгснөөрөө гэрээнд гарын үсэг зураач гэхэд Б.М- би цагдаад ажилладаг хүн мөнгө төгрөг зээлсэн асуудалд оролцмооргүй байна гэсэн. Тэгээд үлдэгдэл 5.000.000 төгрөгөөс бэлнээр 1.300.000 төгрөг, Б.М-гийн гарт өгсөн. Б.Э-ын данс руу 800.000 төгрөг, 1.000.000 төгрөг, 900.000 төгрөг, 1.200.000 төгрөгийг цагаан сарын өмнө тус тус буцааж өгсөн. Буцааж өгч байгаа мөнгөнүүд бүгд үндсэн мөнгөнөөс хасагдах ёстой. Үндсэн мөнгөнөөс одоо үлдэгдэл байхгүй байхад 9.000.000 төгрөг анх өгсөн мөнгөө буцааж авчхаад дахин 11.000.000 төгрөг нэхэмжилж байгааг Н.А-, П.Б- бидний зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 1056 дугаар шийдвэрээр:

            Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д зааснаар Н.А-, П.Б- нараас үндсэн зээл, түүний хүү, алданги нийт 7.900.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгож, нэхэмжлэлийн үлдэх 3.200.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 192.550, төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамж 141.550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Н.А-, П.Б- нар давж заалдсан гомдолдоо:

... Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах давж заалдах гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх 2018 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Б.Э-тай байгуулсан зээлийн гэрээгээр мөнгө өгөлцөж авалцаагүй гэдэг байдал талуудын тайлбараар тогтоогдож байхад энэхүү зээлийн гэрээг хууль ёсны гэрээ гэж үзэн зээлийн гэрээнд заасны дагуу гээд 2019 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүртэл 108 хоногийн алданги 2.700.000 төгрөг болж байгааг анзын нийт гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50%-иас хэтэрч болохгүй гэж заасны дагуу хариуцагч бид нараас үндсэн зээл 5.000.000 төгрөг, алданги 2.500.000 төгрөг, нийт 7.900.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Нэхэмжлэгчээс 9.000.000 төгрөг авсан нь үнэн бөгөөд уг авсан мөнгөнөөс 8.000.000 сая төгрөг дансаар болон бэлнээр буцааж өгч, мөн зээлээсээ 3 хонь хасуулж өгсөн. Б.М- надаас авсан мөнгөө хүүд тооцдог боловч Б.М-тай хүү, алданги тохирсон нотлох баримт энэ хэрэгт байхгүй. Нэхэмжлэгч хүү, алданги тооцох байсан бол анхнаасаа өөрөө зээлийн гэрээг бичгээр байгуулах байсан. Гэтэл биднийг хэзээ хойно нь өөр хүнтэй буюу Б.Э-тай зээлийн гэрээг хийлгүүлж уг гэрээний тал Б.Э- бидэнд нэг ч төгрөг зээлээр өгөөгүй хэрнээ бусдад бодитоор өгөөгүй мөнгөний хүү, алданги шаардсаныг нь шүүх хангаж шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Б.М- Б.Э- нар хариуцагч Н.А- П.Б- нарт холбогдуулж үндсэн зээл  6.000.000 төгрөг, түүний хүү 1.400.000 төгрөг, гэрээгээр хүлээсэн алданги 3.700.000 төгрөг нийт 11.100.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагч Н.А-, П.Б- нар нэхэмжлэгч Б.М-гаас 9.000.000 төгрөг зээлээд бүгдийг нь буцаан төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Анхан шатны шүүх талуудын хооронд 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 5.000.000 төгрөгийн зээлийн гэрээ бичгээр байгуулагдсан байна гэж дүгнээд үндсэн зээл 5.000.000 төгрөг, түүний хүү 400.000 төгрөг, гэрээгээр хүлээсэн алданги 2.500.000 төгрөг нийт 7.900.000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгч нарт  олгож шийдвэрлэсэн байна.

Давж заалдах шатны шүүх хариуцагч Н.А-, П.Б- нарын 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн нэхэмжлэгч Б.Э-тай байгуулсан зээлийн гэрээгээр нэг ч төгрөг аваагүй бөгөөд урьд нэхэмжлэгч Б.М-гаас зээлсэн 9.000.000 төгрөгийн үлдэгдэл 5.000.000 төгрөг дээр нөхөж хийсэн гэрээ бөгөөд бодитоор өгөөгүй мөнгө дээр хүү, алданги тооцож шаардсаныг шүүх хангаж шийдвэрлэснийг хүчингүй болгож өгнө үү гэсэн давж заалдсан гомдлын дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар  зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад шүүхийн шийдвэрт дараах үндэслэлээр өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. 

Хэрэгт авагдсан баримт болон хэргийн болсон үйл баримтаар

1. 2018 оны 08 дугаар сард нэхэмжлэгч Б.М-, хариуцагч Н.А- нар амаар харилцан тохиролцсоны дагуу 10.000.000 төгрөг зээлэхээр болсон бөгөөд нэхэмжлэгчийн эзэмшлийн ХААН банк дахь 5845326469 дугаартай данснаас  хариуцагчийн ХААН банк дахь 5073054206 дугаартай данс руу 2018 оны 08 дугаар сарын 17, 18, 26-ны өдрүүдэд 3 удаагийн гүйлгээгээр 9.000.000 төгрөг шилжүүлсэн болох нь хэргийн 6 дугаар талд авагдсан банкны дипозит дансны хуулгаар нотлогдох ба талууд энэ талаар маргаагүй бөгөөд нэхэмжлэгчээс хариуцагчид бэлнээр өгсөн гэх 1.000.000 төгрөг нь баримтаар нотлогдоогүй болно. 

2. Нэхэмжлэгч Б.М- хариуцагчид зээлүүлсэн 9.000.000 төгрөгөөс 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 2.000.000 төгрөг, 10 дугаар сарын 20-ны өдөр 1.900.000 төгрөгийг 100.000 төгрөгийн хонины хамт авсан болохоо хүлээн зөвшөөрдөг бөгөөд хариуцагч Н.А- нь 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр ХААН банк дахь өөрийн эзэмшлийн 5073054206 дугаартай данснаас нэхэмжлэгч Б.М-гийн эзэмшлийн 5845326469 дугаартай данс руу 1.300.000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр нэхэмжлэгч Б.Э-ын эзэмшлийн ХААН банк дахь 5863005002 дугаартай данс руу  ХААН банк дахь 5073152827 дугаартай данснаас 800.000 төгрөг, 01 дүгээр сарын 25-ны өдөр 1.000.000 төгрөг, 05 дугаар сарын 09-ний өдөр 900.000 төгрөг тус тус шилжүүлсэн болох нь хэргийн 21, 24, 29 дүгээр талд авагдсан банкны дипозит дансны хуулгаар нотлогдох бөгөөд цагаан сараас өмнө бэлнээр 1.200.000 төгрөг өгсөн нь баримтаар нотлогдоогүй болно.

3. Нэхэмжлэгч Б.М- 1.000.000 төгрөг бэлнээр өгсөн, хариуцагч Н.А- 1.200.000 төгрөг бэлнээр буцааж төлсөн гэдгээ хэн аль нь баримтаар нотлоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” гэж заасан үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

4. Нэхэмжлэгч нар нь өмнө хийсэн аман хэлцлээ сүүлд баталгаажуулж 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэгч Б.Э-тай бичгээр гэрээ байгуулсан гэж, тэрхүү гэрээг үндэслэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэдэг бөгөөд энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-т “Энэ хуулийн 56.1.2-56.1.4, 56.1.8-д заасан хэлцлийг хийсэн этгээд уг хэлцлээр илэрхийлсэн хүсэл зоригоо хүчин төгөлдөр болохыг хожим хүлээн зөвшөөрч, хуульд заасан хэлбэрээр илэрхийлсэн бол шинээр хийсэнтэй адилтгаж, хүчин төгөлдөр хэлцэл гэж үзнэ” гэж заасантай нийцэхгүй бөгөөд урьд хийсэн гэрээний хүсэл зориг хүчин төгөлдөр болохыг хожим хүлээн зөвшөөрч, тухайн гэрээнд тавигдах хуулийн шаардлагад нийцүүлж гэрээ хийсэн байхыг ойлгоно.

Үүнээс дүгнэвэл талууд 10.000.000 төгрөгийн зээлийн гэрээг амаар тохиролцож, 9.000.000 төгрөг өгч авалцсан байх бөгөөд уг гэрээний үүргээс 4.000.000 төгрөгийг буцаан төлж, бодит үлдэгдэл 5.000.000 төгрөг байхад 10.000.000 төгрөгийн гэрээ байгуулсан.

Мөн Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд  буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан, талуудын хооронд 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн гэрээгээр нэг ч төгрөг өгч авалцаагүй байна.

      Иймд 10.000.000 төгрөгийн үлдэгдэл дээр гэрээг нөхөж байгуулсан гэж үзэх боломжгүй юм.

Мөн өмнөх амаар хийсэн гэрээнд хүү, алдангийг тохиролцоогүй, талууд хүү, алдангийн талаар шүүхэд харилцан адилгүй тайлбар гаргадаг.

Хүү тогтоосон гэрээг бичгээр байгуулаагүй тохиолдолд хүү шаардах эрхээ алдах тул гэрээг амаар байгуулахдаа хүү тохиролцсон эсэх маргаан, түүнийг нотлох нь хууль зүйн ач холбогдолгүй болно.

Иймд анхнаасаа хүү алдангийн талаар тохиролцоогүй гэрээг  хожим бичгийн хэлбэрт оруулж уг гэрээний дагуу хүү, алданги шаардах эрхгүй юм.

Нэхэмжлэгчийн хүүд тооцсон гэх зээлийн тооцоог зээлийн гэрээний үндсэн мөнгө төлсөн тооцоонд хамааруулж тооцох үндэслэлтэй бөгөөд ийнхүү тооцоход 1.000.000 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

Түүнчлэн хариуцагч нар нь энэхүү зээлийн гэрээг хүчээр тулгаж хийсэн гэрээ гэж шүүхэд тайлбарладаг бөгөөд нэхэмжлэгч нар энэ талаар хариу маргаагүй болно.

Талуудын хооронд 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хийгдсэн бичгийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-т заасантай нийцээгүй тул нэхэмжлэгч нар хүү, алданги шаардах эрхгүй болно.

5. Талуудын шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариу тайлбар, хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Б.М-гаас хариуцагч Н.А-д дансаар 9.000.000 төгрөг шилжүүлсэн, хариуцагч Н.А-ээс нэхэмжлэгч Б.М-, Б.Э- нарт дансаар 8.000.000 төгрөг буцааж төлсөн болох нь тогтоогдож байх тул энэ хэмжээгээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 1056 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн

1 дүгээр заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Н.А-, П.Б- нараас 1.000.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.М-, Б.Э- нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 10.100.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж,

2 дугаар заалтыг ...хариуцагч нараас 28.550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгосугай гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч П.Б-гаас давж заалдах шатанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 141.550 төгрөгийг Төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамжаар буцаан гаргуулсугай.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

                              ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  О.НАРАНГЭРЭЛ

                                                                 ШҮҮГЧИД                                  С.ЭНХЖАРГАЛ                 

                                                                                                                    Л.АМАРСАНАА