Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 001/ХТ2021/01170

 

 

 

 

Б.*******, Б.******* нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Б.Мөнхтуяа, Б.Ундрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 1056 дугаар шийдвэр,

 

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 111 дүгээр магадлалтай,

 

Б.*******, Б.******* нарын нэхэмжлэлтэй,

Н.*******, П.******* нарт холбогдох,

 

11,100,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.*******, Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

 

Нэхэмжлэгч Б.*******, Б.******* нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Б.******* би танил Н.*******д 10,000,000 төгрөгийг 2018 оны 08 дугаар сард зээлсэн. Учир нь Н.******* нь надад хэлэхдээ мал, махны наймаа хийхэд ашиг ихтэй байна. Би өдөрт 60-70 ширхэг бог мал нядалж борлуулж байна. Чамд мөнгө байвал би өсгөөд өгч болно шүү, чамд мөнгө байвал надад зээлчих гээд байхаар нь 10,000,000 төгрөгийг сарын 20 хувийн хүүтэй зээлэхээр тохирсон. Тэгэхэд Н.******* надад хэлэхдээ 10,000,000 төгрөгөөр чинь нэг удаа хөдөөгүүр яваад мал авч ирээд борлуулахад 2,0-3,0 сая төгрөг унадаг юм. Сардаа доод тал нь 3 удаа хөдөөгүүр явж мал цуглуулдаг юм гэж ярьж байсан. Тийм болохоор чиний мөнгийг сарын 20 хувийн хүүтэй зээлж байгаа юм гэхээр нь зээлийн гэрээ байгуулна шүү гэхэд мөнгө өгч, авахдаа зээлийн гэрээгээ хийчихье гээд салсан. Удалгүй хэд хоногийн дараа буюу 2018.8.17-ны өдөр миний утас руу ******* залгаад би Хөвсгөл рүү явж байна, тэнд хямдхан мал авахаар хүнтэй ярьж тохироод би одоо Хөвсгөл рүү гараад явж байна чи нөгөө 10,000,000 төгрөгөө ярьж тохирсноороо өгчих гэхээр нь гэрээгээ байгуулж байж өгнө гэхэд хөдөөнөөс ирээд зээлийн гэрээ байгуулъя танихгүй хүмүүс байгаа биш гээд байхаар нь тухайн өдөр нь Н.*******ийн ...тоот данс руу 3,000,000 төгрөг, маргааш нь буюу 2018.8.18-ны өдөр мөн тоот данс руу 3,000,000 төгрөг, 2019.8.26-ны өдөр мөн тоот данс руу 3,000,000 төгрөг тус тус шилжүүлсэн. Харин хэд хоногийн дараагаар Н.*******д өөрийн биеэр бэлнээр 1,000,000 төгрөг өгсөн. Нийтдээ 10,000,000 төгрөг зээлсэн. Тэгээд сарын дараа буюу 2018.9.20-нд нэг сарын зээлийн хүү болох 2,000,000 төгрөг, мөн 2018.10.20-нд зээлийн хүү 1,900,000 төгрөг өгсөн. Учир нь би Н.*******ээс 100,000 төгрөгөөр 1 төлөг хонь авсан ба тэр хониныхоо мөнгийг хасаж тооцоод өгсөн юм. Тэгээд зээлийн хүүгээ өгөхдөө чи зээлийн хүүгээ жаахан буулгачих арга тал байна уу хөдөөгүүр хямдхан мал олдохгүй байна, зээлийн хүүгээ бага зэрэг доош нь буулгаад зээлийн гэрээгээ шинээр байгуулчихъя урьд нь өгсөн мөнгө төгрөг хамаагүй гээд байхаар нь би үнэхээр тийм боломжгүй байгаа бол сарын 15 хувийн хүүтэй болгоод манай эхнэртэй зээлийн гэрээ байгуулчих гэж хэлээд 2018.10.21-ний өдөр манай эхнэр Б.*******тай Н.*******, П.******* нар 10,000,000 төгрөгийг сарын 15 хувийн хүүтэй 6 сарын хугацаатайгаар зээлийн гэрээ байгуулсан юм. Н.******* надад хэлэхдээ хүүгээ буулгасан юм чинь сард нэг хонь авч байгаарай гэж хэлсэн. Ингээд 2018.11.21-нд Н.******* надад бэлнээр 1,300,000 төгрөгийг энэ сарын зээлийн хүү шүү чамд өгсөн 2 хонины мөнгө болох 200,000 төгрөгийг хасчихсан гэж хэлээд өгсөн. Тэрнээс хойш манай эхнэр Б.*******ын ...тоот дансруу 2019.01.04-нд 800,000 төгрөг, 2019.01.25-нд 1,000,000 төгрөг, 2019.05.09-нд 900,000 төгрөгийг зээлийн хүү гэж шилжүүлсэн байсан. Зээлийн гэрээ хийснээс хойш зээлийн хүү гэж нийтдээ 4,000,000 төгрөг өгсөн байна. Н.*******, П.******* нар нь танай мөнгийг ноолуур гарахаар төлж барагдуулна, мал нядлах гэхээр туранхай амины гарз болчих гээд байна та хоёрыг ямар ч байсан хохиролгүй болгоно гэж янз бүрийн шалтаг хэлсээр байгаад өнөөдрийг хүрч байна. Бид хоёр аргаа бараад эвлэрүүлэн зуучлалаар яваад ч нэмэр болоогүй.

Н.*******, П.******* нараас зээлийн хүү гэж 2 удаа 2 саяар нийт 4,000,000 төгрөг авснаа үндсэн зээлсэн 10,000,000 төгрөгнөөс хасаж тооцон одоо үлдэгдэл үндсэн зээл 6,000,000 төгрөг, зээлийн хүү болох 5,400,000 төгрөгнөөс 2018.11.21-нд Н.******* надад бэлнээр 1,300,000 төгрөг, манай эхнэр Б.*******ын данс руу 2019.01.04-нд 800,000 төгрөг, 2019.01.25-нд 1,000,000 төгрөг, 2019.05.09-нд 900,000 төгрөг, нийт 4,000,000 төгрөгийн зээлийн хүүгээ хасаад 1,400,000 төгрөгийн зээлийн хүүтэйгээ нийлээд 7,400,000 төгрөг, зээлийн гэрээнд зааснаар өдрийн алданги 0,5 хувиар тооцож 2019.04.21-ний өдрөөс хойш өнөөдрийг хүртэлх 110 хоногийг өдрийн 37,000 төгрөгөөр тооцож 4,070,000 төгрөг болсон ба алданги 3,700,000 төгрөг болж байна. Иймээс үндсэн зээлийн 6,000,000 төгрөг, түүний үлдэгдэл хүү болох 1 сар, 16 хоногийн 1,400,000 төгрөг, нийт 7,400,000 төгрөг. Зээлийн гэрээнд зааснаар алданги өдрийн 0,5 хувиар тооцож 3,700,000 төгрөг. Нийт 11,100,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Н.*******, П.******* нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Б.*******, Б.******* нар нь хариуцагч Н.*******, П.******* биднээс 11,100,000 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргасантай танилцаад хүлээн зөвшөөрөхгүй байна.

Анх 2018 оны 08 сард Б.*******гаас Н.******* би 9,000,000 төгрөг хэд хоногийн хугацаатай хүүгүй зээлсэн. Бидний хооронд зээлийн гэрээ бичгээр хийгдээгүй танилын журмаар ярилцаж авсан. Түүнээс биш 10,000,000 төгрөг зээлээгүй. Дээрх 9,000,000 төгрөгийг хаан банкны миний эзэмшлийн ... данс руу ...2018.8.17-нд, 18-нд, 26-нд тус тус 3 тасалж шилжүүлж хийгдсэнийг авсан. Гэтэл Б.******* хүүгүй мөнгө төгрөг хүнд өглөө гээд эхнэр уурлаад байна та нар нөгөө 9,000,000 төгрөгөө 10,000,000 төгрөг гэж зээлийн гэрээ байгуулчих гээд тулгаад түүний эхнэр Б.*******тай зээлийн гэрээ байгуулсан. Гэхдээ энэ зээлийн гэрээний дагуу ******* бидний хооронд бодитоор мөнгө өгч авалцаагүй. Б.*******гаас авсан 9,000,000 төгрөг дээр Б.*******аас зээл авсан юм шиг дүр эсгэж гэрээ байгуулагдсан. Б.*******тай байгуулсан зээлийн гэрээнээс өмнө Б.******* бид нараас анх өгсөн үндсэн зээлээс 4,000,000 төгрөгийг авчихсан байсан. Чи өөрөө мөнгө өгснөөрөө гэрээнд гарын үсэг зураач эхнэрээс чинь ямар мөнгө авсан юм уу гэсэн чинь Б.******* би цагдаад ажилладаг хүн мөнгө төгрөг зээлсэн асуудалд оролцмооргүй байна гээд байсан. Тэгээд үлдэгдэл 5,000,000 төгрөгөөс бэлнээр 1,300,000 төгрөг, Б.*******гийн гарт нь өгсөн. Б.*******ын данс руу 800,000, төгрөг, 1,000,000 төгрөг, 900,000 төгрөг, 1,200,000 төгрөгийг цагаан сарын өмнө тус тус буцааж өгсөн. Буцааж өгч байгаа мөнгөнүүд бүгд үндсэн мөнгөнөөс хасагдах ёстой. Үндсэн мөнгөнөөс одоо үлдэгдэл байхгүй байхад 9,000,000 төгрөг анх өгсөн мөнгөө буцааж авчихаад дахин 11,000,000 төгрөг нэхэмжилж байгааг Н.*******, П.******* бидний зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 1056 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д зааснаар Н.*******, П.******* нараас үндсэн зээл, түүний хүү, алданги нийт 7,900,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгож, нэхэмжлэлийн үлдэх 3,200,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 192,550 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамж 141,550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэжээ.

 

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 111 дүгээр магадлалаар: Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 1056 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дүгээр заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Н.*******, П.******* нараас 1.000.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.*******, Б.******* нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 10.100.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж, 2 дугаар заалтыг ...хариуцагч нараас 28.550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгосугай гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч П.*******гаас давж заалдах шатанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 141.550 төгрөгийг Төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамжаар буцаан гаргуулж шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгч Б.*******, Б.******* нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч Б.******* Б.******* бид Дархан-Уул аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.12.20-ны өдрийн 111 дугаартай магадлалыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хяналтын журмаар гомдол гаргаж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрт Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д зааснаар Н.*******, П.******* нараас үндсэн зээл, түүний хүү, алданги нийт 7.900.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгож нэхэмжлэлийн үлдэгдэл 3.200.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэсэнтэй маргаагүй. Гэтэл Дархан-Уул аймгийн давж заалдах шатны шүүх бидний нэхэмжилсэн шаардлагыг үлдэх 10.100.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Учир нь: Анх бид 10.000.000 төгрөг зээлсэн уг зээлийг амаар байгуулсан 2018.10.21 өдөр уг зээлээ баталгаажуулж 10.000.000 төгрөгийг сарын 15 %-ийн хүүтэй 6 сарын хугацаатай зээлүүлсэн. Энэ гэрээг байгуулахдаа ямар нэгэн хүч хэрэглэсэн болон дарамталсан зүйл байхгүй сайн дурын үндсэн дээр гэрээ байгуулж нотариатаар гэрчлүүлсэн тул хүчин төгөлдөр зээлийн гэрээ учраас гэрээний дагуу хүү алданги шаардах эрхтэй.

Гэтэл Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хууль ёсны байгуулагдсан зээлийн гэрээг нотлох баримтад үнэлэхгүй хариуцагч талд ашигтайгаар шийдсэн. Нэхэмжлэгч бид нар хариуцагч нарт мөнгө зээлдүүлэхдээ ямар ч ашиггүйгээр анх өгсөн мөнгөө хэд тасалж авах шаардлагагүй. Ямар ч танихгүй хүнд хүүгүй 10,000,000 төгрөг зүгээр өгнө гэдэг байж болохгүй зүйл. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн 7,900,000 төгрөгийг гаргуулах шийдвэрийг хэвээр үлдээх, давж заалдах шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Б.*******, Б.******* нар Н.*******, П.******* нарт холбогдуулан нэхэмжлэл гаргаж, нийт 11,100,000 төгрөг шаардахдаа ...дансаар 9,000,000 төгрөг, бэлнээр 1,000,000 төгрөг нийт 10,000,000 төгрөгийг нэг сарын 20 хувийн хүүтэй зээлдүүлсэн. ...2 сарын хүү 4,000,000 төгрөгийг хариуцагч нар төлсөн. ...2018.10.21-ний өдөр нотариат дээр очиж зээлийн хүүг багасгаж 10,000,000 төгрөгийг нэг сарын 15 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлдүүлэх гэрээг бичгээр нөхөж байгуулсан. ...энэ хугацаанаас хойш 4,100,000 төгрөг төлсөн. ...одоо үндсэн зээлд 6,000,000 төгрөг, хүү 1,400,000 төгрөг, алданги 3,700,000 төгрөг авна... гэсэн үндэслэл заасан байна.

 

Хариуцагч нар нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө ...2018 оны 8 сард Б.*******гаас 9,000,000 төгрөгийг хүүгүй зээлж авсан. ...гэтэл Б.******* 9,000,000 төгрөгөө 10,000,000 төгрөг гээд зээлийн гэрээ байгуулчих... гэж тулган 2018.10.21-ний өдөр гэрээг бичгээр байгуулсан. ...энэ гэрээний дагуу ...бодитоор мөнгө өгч авалцаагүй, ...мөнгийг буцааж төлсөн... гэж маргажээ.

 

Анхан шатны шүүх ...талуудыг дүр үзүүлэн хэлцэл хийсэн гэж үзэх үндэслэлгүй байна... зохигч амаар байгуулсан зээлийн гэрээг хожим бичгээр байгуулсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг ...үлдэгдэл 5,000,000 төгрөгийг сарын 15 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлдүүлж, зээлийн гэрээг бичгээр байгуулсан, хүчин төгөлдөр хэлцэл байна... хариуцагч алданги төлөх үүрэгтэй... гэсэн үндэслэлээр нэхэмжлэлээс зээлийн төлбөрт 5,400,000 төгрөг, алдангид 2,500,000 төгрөг нийт 7,900,000 төгрөгийн шаардлагыг хангасан байна.

 

Давж заалдах шатны шүүх ...талуудын хооронд 2018.10.20-ны өдөр хийгдсэн бичгийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-т заасантай нийцээгүй тул нэхэмжлэгч нар хүү, алданги шаардах эрхгүй. ...Б.******* нь Н.*******д 9,000,000 төгрөгийг дансаар шилжүүлж өгсөн, ...Н.******* 8,000,000 төгрөгийг буцааж төлсөн нь тогтоогдсон... гээд хариуцагч нараас 1,000,000 төгрөг гаргуулах, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох өөрчлөлтийг шийдвэрт оруулжээ.

 

Магадлалыг хүчингүй болгож, шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

1. Хэрэгт авагдсан баримтаар, зохигч нар мөнгө зээлдүүлэх-зээлэх талаар амаар тохирч Б.*******, Б.******* нар 2018 оны 08 дугаар сарын 17-26-ны өдөр Н.*******, П.******* нарт банкны харилцах дансаар нийт 9,000,000 төгрөгийг шилжүүлж өгсөн нь нотлогджээ.

 

а/ Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлж авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ. Хоёр шатны шүүх зохигчийн хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд нийцсэн байна.

 

б/ Амаар байгуулсан зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгч нь нийт 10,000,000 төгрөгийг хариуцагч нарт хүлээлгэн өгсөн гэж, харин хариуцагч нар 9,000,000 төгрөг хүлээн авсан гэж маргажээ.

 

Хоёр шатны шүүх банкны харилцах дансны мэдээллийг үндэслэн Б.*******, Б.******* нар хариуцагч нарт нийт 10,000,000 төгрөг бус, харин 9,000,000 төгрөг зээлдүүлсэн гэж үзсэнийг буруутгах баримтгүй байна. Иймд Б.*******, Б.******* нар нь Н.*******, П.******* нарт амаар байгуулсан гэрээний дагуу 9,000,000 төгрөг зээлдүүлсэн гэж үзнэ.

 

2. Хэрэгт авагдсан баримтаар, зохигч нар мөнгө зээлдүүлэх-зээлэх талаар амаар тохирч Б.*******, Б.******* нар нийт 9,000,000 төгрөгийг Н.*******, П.******* нарт зээлдүүлснээс хойш хариуцагч нар 4,000,000 төгрөгийг буцааж өгсөн байна.

 

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т зааснаар хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийх ёстой ба энэ шаардлагыг хангаагүй бол зээлдүүлэгч хүү авах эрхээ алдана. Хуулийн энэ зохицуулалт нь амаар байгуулсан гэрээний дагуу хүүг хүлээн зөвшөөрөх зээлдэгчийн эрхэд хамааралгүй хэдий ч хариуцагч нар нэхэмжлэгч нарт 4,000,000 төгрөгийг тухайн үедээ хүүд тооцон төлсөн нь тогтоогдохгүй байна.

 

Иймд уг мөнгийг буюу 4,000,000 төгрөгийг үндсэн зээл 9,000,000 төгрөгөөс хасаж тооцох нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйл, 282 дугаар зүйлийн 282.3-т заасан шаардлагыг зөрчихгүй болно.

 

Дээр дурдсанаар, хариуцагч нь 2018 оны 08 дугаар сарын 17-26-ны өдөр зээлдүүлсэн 9,000,000 төгрөгөөс 2018.10.21-ний өдрийн байдлаар Б.*******, Б.******* нарт 5,000,000 төгрөг төлөх үлдэгдэлтэй байсан нь хэргийн баримтаар нотлогдсон гэж дүгнэв.

 

3. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, талууд 2018 оны 08 дугаар сарын 17-26-ны өдөр амаар байгуулсан гэрээгээ 2018.10.21-ний өдөр бичгийн хэлбэрт оруулсан нь тогтоогдсон бөгөөд энэ гэрээнд Б.*******, Б.******* нар нь 10,000,000 төгрөгийг Н.*******, П.******* нарт нэг сарын 15 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлдүүлэхээр тусгасан байна.

 

2018.10.21-ний өдөр бичгээр хийсэн гэрээнд нэхэмжлэгч нар нь 10,000,000 төгрөгийг хариуцагч нарт нэг сарын 15 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлдүүлэхээр заасан боловч энэ гэрээний дагуу Н.*******, П.******* нар ямар нэг мөнгө хүлээж аваагүй нь нотлогджээ.

 

Иймд зохигч нь 2018 оны 08 дугаар сарын 17-26-ны өдөр амаар байгуулсан гэрээний үлдэгдэл 5,000,000 төгрөгийг нэг сарын 15 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлдүүлэх-зээлэхээр 2018.10.21-ний өдрийн гэрээгээр тохиролцсон гэж үзнэ.

 

Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.4, 56 дугаар зүйлийн 56.3 дахь хэсгийн зохицуулалтыг анхаарч үзээгүй байх тул энэ үндэслэлээр магадлалыг хүчингүй болгоно.

 

4. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангахдаа хариуцагч нараас зээлийн төлбөрт 5,400,000 төгрөг, алдангид 2,500,000 төгрөг нийт 7,900,000 төгрөг гаргуулахаар заасан болохыг дээр дурдсан.

 

Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч нар нь 2018.10.21-ний өдрийн гэрээний дагуу үндсэн зээлийн үлдэгдэл 5,000,000 төгрөг, 6 сарын хүү 4,500,000 төгрөг нийт 9,500,000 төгрөг төлөх үүрэгтэй нь тогтоогдсон байна.

 

Иймд анхан шатны шүүх уг мөнгөнөөс төлөгдсөн 4,100,000 төгрөгийг хасаж үлдэх 5,400,000 төгрөгийг хариуцагч нар төлөх үүрэгтэй гэж үзсэн нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт нийцжээ.

 

Харин, талууд гэрээнд анз төлөхөөр тохиролцсон, анхан шатны шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасны дагуу хариуцагч нараас алдангид 2,500,000 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй гэж шийдвэрлэсэн, хяналтын шатны шүүхээс гэрээ байгуулснаас хойш хариуцагч зээл, хүүг төлсөн нөхцөл байдлыг харгалзан алдангийг гаргуулах үндэслэлгүй гэж үзсэн болно.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан, хариуцагч нараас 5,400,000 төгрөгийг гаргуулан Б.*******, Б.******* нарт олгох өөрчлөлтийг шийдвэрт оруулан, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгч нарын гомдлын зарим хэсгийг хангав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 111 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 1056 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйл, 282 дугаар зүйлийн 282.1-д заасныг баримтлан Н.*******, П.******* нараас үндсэн зээл, хүүд нийт 5,400,000 төгрөг гаргуулан Б.*******, Б.******* нарт олгож, нэхэмжлэлээс үлдэх 5,700,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж, 2 дахь заалтын 141,550 төгрөг гэснийг 101,350 төгрөг гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгч нарын гомдлын зарим хэсгийг хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч нараас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр төлсөн 141,350 төгрөгийг шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч Б.*******, Б.******* нарт буцаан олгосугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ

П.ЗОЛЗАЯА

Б.МӨНХТУЯА

Б.УНДРАХ