Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 1056

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, .. дугаар баг, Микр хороолол, ...  тоотод оршин суух, Б.М /утас: /, Б.Э / утас / нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, Малчин баг,  Хүйтний голд оршин суух Н.А /утас .../, П.Б /утас  нарт холбогдох,

 

11,100,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.М, Б.Э, хариуцагч нарын өмгөөлөгч Ө.Ө, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.М, Б.Э нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Б.М би танил Н.А 10,000,000 төгрөгийг 2018 оны 08 дугаар сард зээлсэн. Учир нь Н.А нь надад хэлэхдээ мал, махны наймаа хийхэд ашиг ихтэй байна. Би өдөрт 60-70 ширхэг бог мал нядалж борлуулж байна. Чамд мөнгө байвал би өсгөөд өгч болно шүү, чамд мөнгө байвал надад зээлчих гээд байхаар нь 10,000,000 төгрөгийг сарын 20 хувийн хүүтэй зээлэхээр тохирсон. Тэгэхэд Н.А надад хэлэхдээ 10,000,000 төгрөгөөр чинь нэг удаа хөдөөгүүр яваад мал авч ирээд борлуулахад 2,0-3,0 сая төгрөг унадаг юм. Сардаа доод тал нь 3 удаа хөдөөгүүр явж мал цуглуулдаг юм гэж ярьж байсан. Тийм болохоор чиний мөнгийг сарын 20 хувийн хүүтэй зээлж байгаа юм гэхээр нь зээлийн гэрээ байгуулан шүү гэхэд мөнгө өгч, авахдаа зээлийн гэрээгээ хийчхий гээд салсан. Удалгүй хэд хоногийн дараа буюу 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдөр миний утас руу Н.А залгаад би Хөвсгөл рүү гараад явж байна. Тэнд хямдхан мал авахаар хүнтэй ярьж тохироод би одоо Хөвсгөл рүү гараад явж байна чи нөгөө 10,000,000 төгрөгөө ярьж тохирсноороо өгчих гэхээр нь гэрээгээ байгуулж байж өгнө гэхэд хөдөөнөөс ирээд зээлийн гэрээ байгуулъя танихгүй хүмүүс байгаа биш гээд байхаар нь тухайн өдөр нь Н.А ийн ..... тоот данс руу 3,000,000 төгрөг, маргааш нь буюу 2018 оны 8 дугаар сарын 18-ны өдөр мөн тоот данс руу 3,000,000 төгрөг, 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдөр мөн тоот данс руу 3,000,000 төгрөг тус тус шилжүүлсэн. Харин хэд хоногийн дараагаар Н.А өөрийн биеэр бэлнээр 1,000,000 төгрөг өгсөн. Нийтдээ 10,000,000 төгрөг зээлсэн. Тэгээд сарын дараа буюу 2018 оны 9 дүгээр сарын 20-нд нэг сарын зээлийн хүү болох 2,000,000 төгрөг, мөн 2018 оны 10 дугаар сарын 20-нд зээлийн хүү 1,900,000 төгрөг өгсөн. Учир нь би Н.А ээс 100,000 төгрөгөөр 1 төлөг хонь авсан ба тэр хониныхоо мөнгийг хасаж тооцоод өгсөн юм. Тэгээд зээлийн хүүгээ өгөхдөө чи зээлийн хүүгээ жаахан буулгачих арга тал байна уу хөдөөгүүр хямдхан мал олдохгүй байна, зээлийн хүүгээ бага зэрэг доош нь буулгаад зээлийн гэрээгээ шинээр байгуулчихъя урд нь өгсөн мөнгө төгрөг хамаагүй гээд байхаар нь би үнэхээр тийм боломжгүй байгаа бол сарын 15 хувийн хүүтэй болгоод манай эхнэртэй зээлийн гэрээ байгуулчих гэж хэлээд 2018 оны 10 дугаар сарын 21-ний өдөр манай эхнэр Б.Э тай Н.А, П.Б нар 10,000,000 төгрөгийг сарын 15 хувийн хүүтэй 6 сарын хугацаатайгаар зээлийн гэрээ байгуулсан юм. Н.А надад хэлэхдээ хүүгээ буулгасан юм чинь сард нэг хонь авч байгаарай гэж хэлсэн. Ингээд 2018 оны 11 дүгээр сарын 21-нд Н.А надад бэлнээр 1,300,000 төгрөгийг энэ сарын зээлийн хүү шүү чамд өгсөн 2 хониныхоо мөнгийг мөнгө болох 200,000 төгрөгийг хасчихсан гэж хэлээд өгсөн. Тэрнээс хойш манай эхнэр Б.Эын ..... тоот дансруу 2019 оны 01 дүгээр сарын 04-нд 800,000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 25-нд 1,000,000 төгрөг, 2019 оны 05 дугаар сарын 09-нд 900,000 төгрөгийг зээлийн хүү гэж шилжүүлсэн байсан. Зээлийн гэрээ хийснээс хойш зээлийн хүү гэж нийтдээ 4,000,000 төгрөг өгсөн байна. Н.А, П.Б нар нь танай мөнгийг ноолуур гарахаар төлж барагдуулна, мал нядлах гэхээр туранхай амины гарз болчих гээд байна та хоёрыг ямар ч байсан хохиролгүй болгон гэж янз бүрийн шалтаг хэлсээр байгаад өнөөдрийг хүрч байна. Бид хоёр аргаа бараад эвлэрэн зуучлалаар яваад ч нэмэр болоогүй.

Н.А, П.Б нараас зээлийн хүү гэж 2 удаа 2 саяаар нийт 4,000,000 төгрөг авснаа үндсэн зээлсэн 10,000,000 төгрөгнөөс хасаж тооцон одоо үлдэгдэл үндсэн зээл 6,000,000 төгрөг, зээлийн хүү болох 5,400,000 төгрөгнөөс 2018 оны 11 дүгээр сарын 21-нд Н.А надад бэлнээр 1,300,000 төгрөг, манай эхнэр Б.Э ын данс руу 2019 оны 01 дүгээр сарын 04-нд 800,000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 25-нд 1,000,000 төгрөг, 2019 оны 05 дугаар сарын 09-нд 900,000 төгрөг, нийт 4,000,000 төгрөгийн зээлийн хүүгээ хасаад 1,400,000 төгрөгийн зээлийн хүүтэйгээ нийлээд 7,400,000 төгрөг, зээлийн гэрээнд зааснаар өдрийн алданги 0,5 хувиар тооцож 2019 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөс хойш өнөөдрийг хүртэлх 110 хоногийг өдрийн 37,000 төгрөгөөр тооцож 4,070,000 төгрөг болсон ба алдангийг 3,700,000 болж байна. Иймээс үндсэн зээлийн 6,000,000 төгрөг, түүний үлдэгдэл хүү болох 1 сар, 16 хоногийн 1,400,000 төгрөг, нийт 7,400,000 төгрөг. Зээлийн гэрээнд зааснаар алданги өдрийн 0,5 хувиар тооцож 3,700,000 төгрөг. Нийт 11,100,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв. 

 

Хариуцагч Н.А, П.Б нарын шүүхэд гаргасан тайлбар болон тэдний өмгөөлөгч Ө.Ө шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

 “...Б.М, Б.Э нараас хариуцагч Н.А, П.Б биднийг 11,100,000 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргасантай танилцаад хүлээн зөвшөөрөхгүй байна.

Анх 2018 оны 08 сард Б.Мгаас Н.А би 9,000,000 төгрөг хэд хоногийн хугацаатай хүүгүй зээлсэн. Бидний хооронд зээлийн гэрээ бичгээр хийгдээгүй танилын журмаар ярилцаж авсан. Түүнээс биш 10,000,000 төгрөг зээлээгүй. Дээрхи 9,000,000 төгрөгийг хаан банкны миний эзэмшлийн ..... дансруу ..... данснаас 2018 оны 8 дугаар сарын 17-нд, 18-нд, 26-нд тус тус 3 таслаж шилжүүлж хийгдсэнийг авсан.

Гэтэл Б.М хүүгүй мөнгө төгрөг хүнд өглөө гээд эхнэр уурлаад байна та нар нөгөө 9,000,000 төгрөгөө 10,000,000 сая гэж зээлийн гэрээ байгуулчих гээд тулгаад түүний эхнэр Б.Этай зээлийн гэрээ байгуулсан. Гэхдээ энэ зээлийн гэрээний дагуу Э бидний хооронд бодитоор мөнгө өгч авалцаагүй. Б.М гаас авсан 9,000,000 төгрөг дээр Б.Эаас зээл авсан юм шиг дүр эсгэж гэрээ байгуулагдсан. Б.Этай байгуулсан зээлийн гэрээнээс өмнө Б.М бид нараас анх өгсөн үндсэн зээлээс 4,000,000 төгрөгийг авчихсан байсан. Чи өөрөө мөнгө өгснөөрөө гэрээнд гарын үсэг зураач авгайгаас чинь ямар мөнгө авсан юм уу гэсэн чинь Б.М би цагдаад ажилладаг хүн мөнгө төгрөг зээлсэн асуудалд оролцмооргүй байна гээд байсан. Тэгээд үлдэгдэл 5,000,000 төгрөгөөс бэлнээр 1,300,000 төгрөг, Б.Мгийн гарт нь өгсөн. Б.Эын данс руу 800,000, төгрөг, 1,000,000 төгрөг, 900,000 төгрөг, 1,200,000 төгрөгийг цагаан сарын өмнө тус тус буцааж өгсөн. Буцааж өгч байгаа мөнгөнүүд бүгд үндсэн мөнгөнөөс хасагдах ёстой. Үндсэн мөнгөнөөс одоо үлдэгдэл байхгүй байхад 9,000,000 төгрөг анх өгсөн мөнгөө буцааж авчхаад дахин 11,000,000 төгрөг нэхэмжилж байгааг Н.А, П.Б бидний зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байна.”гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр  шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

      

Нэхэмжлэгч Б.М, Б.Э  нар нь хариуцагч Н.А, П.Б нараас үндсэн зээл 6,000,000 төгрөг, түүний хүү 1,400,000 төгрөг, алданги 3,700,000 төгрөг, нийт 11,100,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч Н.А, П.Б нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан болно.

 

Хэрэгт авагдсан баримтаар:

Б.М, Б.Э нар нь нэг гэр бүлийн гишүүд бөгөөд тэд 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 3,000,000 төгрөг, 2018 оны 08 дугаар сарын 18-ны өдөр 3,000,000 төгрөг, 2018 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 3,000,000 төгрөг, нийт 9,000,000 төгрөгийг дансаар шилжүүлэн хариуцагч Н.А, П.Б нарт зээлдүүлсэн болох нь хэрэгт авагдсан ХААН банкин дахь Б.М гийн ..... тоот дансны хуулга болон талуудын тайлбараар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Б.М шүүх хуралдаан дээр “...Н.А П.Б нарт 9,000,000 төгрөгийг дансаар, 1,000,000 төгрөгийг бэлнээр, нийт 10 сая төгрөг зээлдүүлсэн. Тухайн үед 10,000,000 төгрөгийг сарын 20 хувийн хүүтэйгээр зээлдүүлэхээр амаар тохиролцсон ...” гэсэн тайлбарыг гаргасан боловч түүний 1,000,000 төгрөг бэлнээр өгсөн гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч Б.Э, хариуцагч Н.А, П.Б нарын хооронд 2018 оны 10 дугаар сарын 21-ний өдөр зээлийн гэрээ бичгээр байгуулагдсан бөгөөд уг гэрээгээр хариуцагч Н.А, П.Б нар нь 10,000,000 төгрөгийг сарын 15 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатайгаар зээлж авахаар тохиролцсон байна.

Уг гэрээний талаар нэхэмжлэгч Б.М нь шүүх хуралдаан дээр “...Н.А, П.Б нар нь мөнгө зээлээч, мал махны наймаа хийх гэсэн юм гэхээр нь эхнэр Б.Этай ярилцаж, дансаар 9,000,000 төгрөг, бэлнээр 1,000,000 төгрөг нийт 10,000,000 төгрөгийг сарын 20 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн. Энэ 10,000,000 төгрөг манай гэр бүлийн хөрөнгө. Н.А, П.Б нар нь 2 сарын зээлийн хүүнд 4,000,000 төгрөгийг өгсөн.  Бид зээлийн гэрээгээ бичгээр байгуулаагүй учир 2018 оны 10 дугаар сарын 21-ний өдөр би манай эхнэр Б.Э, хариуцагч Н.А, П.Б бид дөрөв нотариат дээр очиж, 10,000,000 төгрөгийн зээлийн хүү 20 хувийг багасгаж, сарын 15 хувийн хүүтэйгээр, 6 сарын хугацаатай бичгээр гэрээ нөхөж байгуулсан. Гэрээнд манай эхнэр Б.Э гарын үсэг зурсан. Би иргэний үнэмлэхгүй байсан учир гэрээнд гарын үсэг зураагүй...” гэх тайлбарыг,

хариуцагч Н.А, П.Б нар нь “...Анх 2018 оны 08 сард Б.М гаас Н.А би 9,000,000 төгрөг хэд хоногийн хугацаатай хүүгүй зээлсэн. Бидний хооронд зээлийн гэрээ бичгээр хийгдээгүй танилын журмаар ярилцаж авсан... Гэтэл Б.М хүүгүй мөнгө төгрөг хүнд өглөө гээд эхнэр уурлаад байна та нар нөгөө 9,000,000 төгрөгөө 10,000,000 төгрөг гэж зээлийн гэрээ байгуулчих гээд тулгаад түүний эхнэр Б.Этай зээлийн гэрээ байгуулсан. Гэхдээ энэ зээлийн гэрээний дагуу Б.Э бидний хооронд бодитоор мөнгө өгч авалцаагүй. Б.Мгаас авсан 9,000,000 төгрөг дээр Б.Эаас зээл авсан юм шиг дүр эсгэж гэрээ байгуулагдсан. Б.Э тай байгуулсан зээлийн гэрээнээс өмнө Б.М бид нараас анх өгсөн үндсэн зээлээс 4,000,000 төгрөгийг авчихсан байсан. Чи өөрөө мөнгө өгсөнөөрөө гэрээнд гарын үсэг зураач авгайгаас чинь ямар мөнгө авсан юм уу гэсэн чинь Б.М би цагдаад ажилладаг хүн мөнгө төгрөг зээлсэн асуудалд оролцмооргүй байна гээд байсан....” гэсэн тайлбарыг тус тус гаргасан.

Хариуцагч нар нь зээл авснаас хойш 2018 оны 10 дугаар сарын 21-ны өдөр хүртэлх хугацаанд зээлийн төлбөрт нийт 4,000,000 төгрөгийг /бэлнээр 1,900,000 төгрөг + 1 хонь 100,000 төгрөг + бэлнээр 2,000,000 төгрөг/ өгсөн болох нь талуудын тайлбараар тогтоогдож байгаа ба энэ талаар талууд маргаагүй болно.

 

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэж заасны дагуу нэхэмжлэгч тал үндсэн зээл 9,000,000 төгрөгийн 20 хувийн хүүг тооцон хариуцагч нараас шаардах эрхгүй бөгөөд хариуцагч нарын өгсөн 4,000,000 төгрөгийг үндсэн зээл 9,000,000 төгрөгөөс хасаж, зээлийн үлдэгдэл 5,000,000 төгрөг үлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-т “хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна”, 56 дугаар зүйлийн 56.3-т “.Энэ хуулийн 56.1.2-56.1.4, 56.1.8-д заасан хэлцлийг хийсэн этгээд уг хэлцлээр илэрхийлсэн хүсэл зоригоо хүчин төгөлдөр болохыг хожим хүлээн зөвшөөрч, хуульд заасан хэлбэрээр илэрхийлсэн бол шинээр хийсэнтэй адилтгаж хүчин төгөлдөр хэлцэл гэж үзнэ” гэж заасны дагуу талууд үндсэн зээлийн үлдэгдэл 5,000,000 төгрөг дээр хүү тохиролцож, бичгээр гэрээ байгуулсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Хэдийгээр хариуцагч тал Б.М гийн эхнэр Б.Э аас мөнгө зээлж аваагүй, дүр үзүүлэн дээрх зээлийн гэрээг байгуулсан гэсэн тайлбарыг гаргаж байх боловч талууд уг зээлийн гэрээг байгуулах болсон үндэслэл шалтгааныг  өмнө амаар байгуулсан зээлийн гэрээг бичгээр хүүтэй байгуулсан гэдгийг хүлээн зөвшөөрдөг, мөн хариуцагч Н.А нь зээлийн гэрээг бичгээр байгуулснаас хойших хугацаанд Б.Э ын эзэмшлийн ХААН банкин дахь данс руу нийт 2,700,000 төгрөгийг шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байх тул талууд үлдэгдэл зээлийн төлбөр 5,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 15 хувийн хүүтэйгээр бичгээр зээлийн гэрээ байгуулсан байна гэж дүгнэлээ.

Өөрөөр хэлбэл  “дүр үзүүлэн хийсэн хэлцэл” нь тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус, тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, хэлцэл хийсэн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохын тулд хийгддэг бол талуудын хооронд 2018 оны 10 дугаар сарын 21-ний өдөр бичгээр хийсэн зээлийн гэрээ нь дүр үзүүлэн хийсэн хэлцлийн дээрх шинжийг агуулаагүй байна.

 

Хариуцагч Н.А, П.Б нар нь зээлийн гэрээ бичгээр байгуулсан буюу 2018 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс хойших хугацаанд нэхэмжлэгч Б.М гийн ХААН банкин дахь эзэмшлийн ..... тоот данс руу 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 1,300,000 төгрөгийг, нэхэмжлэгч Б.Эын ХААН банкин дахь эзэмшлийн ..... тоот данс руу 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 800,000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 900,000 төгрөг, нийт 4,000,000 төгрөг болон 100,000 төгрөгийн үнэтэй 1 хонь, бүгд 4,100,000 төгрөгийг зээлийн төлбөрт нэхэмжлэгч нар авсан болох нь шүүх хуралдаан дээр гаргасан нэхэмжлэгч, хариуцагчийн өмгөөлөгч нарын тайлбар, ХААН банкны дансны хуулга зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Хариуцагч нар ...1,200,000 төгрөгийг цагаан сарын өмнө буцаан өгсөн гэсэн тайлбарыг гаргасан боловч энэхүү үйл баримт нь хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдохгүй байна.

2018 оны 10 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн үлдэгдэл 5,000,000 төгрөг, түүний 6 сарын хүү 4,500,000 төгрөг нийт 9,500,000 төгрөг өгөхөөс хариуцагч нар нь 4,100,000 төгрөгийг өгсөн байх тул хариуцагч нараас үндсэн зээл 5,000,000 төгрөг, түүний хүүгийн үлдэгдэл 400,000 төгрөг, нийт 5,400,000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй байна.

2018 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн зээлийн гэрээний 2.8-т “зээлдүүлэгч нь зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцож зээлдэгчээр төлүүлнэ” гэж заасан бөгөөд талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2019 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр дууссан бөгөөд нэхэмжлэгч нар нь шүүхэд нэхэмжлэл гаргасан өдөр буюу 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүртэлх хугацааны алдангийг нэхэмжилжээ.

Дээрх зээлийн гэрээнд заасны дагуу 2019 оны 04 дүгээр сарын 21-ны өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүртэл 108 хоногийн алданги 2,700,000 төгрөг болж байгаа бөгөөд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-т “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ”, 232.4-т “Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж заасны дагуу хариуцагч нараас алданги 2,500,000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иймээс хариуцагч Н.А, П.Бнараас үндсэн зээл 5,000,000 төгрөг, түүний хүү 400,000 төгрөг, алданги 2,500,000 төгрөг, нийт 7,900,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгож, нэхэмжлэлийн үлдэх 3,200,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

    

          1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-т зааснаар Н.А, П.Б нараас үндсэн зээл, түүний хүү, алданги нийт 7,900,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгож, нэхэмжлэлийн үлдэх 3,200,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

         2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 192,550 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамж 141,550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгосугай.

 

        3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

           

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             З.ТУНГАЛАГМАА