Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 0037

 

 

 

 

 

 

 

С.Б, С.О нарт

                                холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

                                             

           Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч С.Уранчимэг, шүүгч С.Цэцэгмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

    Прокурор                                         Г.Анх-Ирээдүй

    Шүүгдэгч                                          С.Б, С.О

 Шүүгдэгчийн өмгөөлөгч               Х.О

 Нарийн бичгийн дарга                Э.Булгантамир нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж, Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг, шүүгч Ц.Алтангадас нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 64 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.О, түүний өмгөөлөгч Х.О нарын гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч С.Б, С.О нарт холбогдох эрүүгийн хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Цэцэгмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

А овогт С-н О,

 

Б овогт С-н Б,

 

С.О нь 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр      аймгийн        сумын        баг       тоотод оршин суух Ш.Н-н гэрт архи ууж согтуурсан үедээ хэрүүл маргаан, зодоон үүсгэн хамтран амьдрагч С.Бгийн хэвлийн тус газарт хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан,

С.Б нь 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр        аймгийн        сумын       тоотод оршин суух Ш.Н-н гэрт хамтран амьдрагч С.Оийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Орхон аймгийн Прокурорын газраас: С.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, С.Оийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

            Шүүгдэгч А овогт С-н Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,      шүүгдэгч Б овогт С-н Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч С.Оийг 5 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар оногдуулсан 5 жил хорих ялаас хоёр жилийг өршөөн хасаж, эдлэх ялыг 3 жилийн хугацаагаар тогтоож,

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсгүүдэд заасныг баримтлан, шүүгдэгч С.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож,

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.От оногдуулсан 3 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Оийн цагдан хоригдсон 157 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож,

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч С.От авсан хувийн баталгаа гаргах таслах сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,

  Хохирогч С.Б нь цаашид эрүүл мэндийн шалтгааны улмаас эмчилгээ хийлгэсэн зардалтай холбоотой баримтаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар бүрдүүлж нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт хураан авсан, гар утасны бичлэгтэй хуурцагийг хэрэгт хавсарган үлдээж, хар өнгийн хуванцар иштэй, зүүн талын иш нь хагарсан түүнийг нь хөх өнгийн лентээр ороосон, бариул хэсэг нь 11.5см, ажлын хэсэг нь 19см нэг ширхэг хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж,

  Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй,  шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч С.Б цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч С.О давж заалдах гомдолдоо:

... Тухайн үед С.Бгийн гарт хутга байхыг хараад айж сандарч цочирдоод хутгыг авах санаатай болзошгүй эрсдэлээс хамгаалах зорилготой хутгыг авахаар булаацалдсан. Б бид 2 таталцаж, түлхэлцээд л ноцолдоод л би Бгийн гарын аясаар хүчинд нь автагдаад 1 хойшоо, 1 урагшаа таталдаад ноцолдож байх явц дунд л Б чи намайг хутгалчихлаа гэж хэлэхэд л бид хоёр өөд өөдөөсөө харчихсан наалдаад зогсож байсан. Тэгтэл Б хутгаа аваад хойд хойд хашаа руу шидсэн. Ноцолдож байх үед Б газар унаагүй. Гэтэл Б би газар хэвтэж байсан О дээрээс минь хутгалах гэсэн гэдэг.

Б намайг болон тэнд байсан хүмүүсийг дуудлага дуудаж тусламж үзүүлээгүй гэдэг, тэр үед би дуудлага өгөхөөр дугаар хийсэн боловч сандарч цочирдсондоо болоод 1 тоог /5-г/ илүү хийсэн дугаар утсан дээр хадгалагдсан байсныг байцаагчид тэмдэглүүлсэн байгаа. Тэр дуудлага 21 цаг 05 минутад өгөгдсөн /залгагдсан/ байсан. Б 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 12 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл 1 сар хэвтэж эмчлүүлсэн. Эмнэлэгт хүү А сахиж байсан. Ингээд 12 сарын 02-ны өглөө эмнэлгээс гарахад би гэртээ харж асарч сувилж байсан. 3 дугаар сард эмчид үзүүлээд эмнэлэгт хэвтэхэд нь би сахиж хамт хэвтэхэд эмч үзээд сайн босож явж бай хэвтээд байвал наалданги үүснэ шүү одоо ч бага зэрэг наалданги үүссэн байна гэж эмч анхааруулж байсан. Эмнэлэгт 10 хоног хэвтээд гарсан.

Түүнээс хойш гэрээр эмчилгээгээ хийж байгаад 2020 оны 05 дугаар сард дахин эмчид үзүүлэхэд эмчилгээ сувилгааг тогтмол зааврын дагуу хийж асаргааны үр дүнд ямар нэгэн үлдэгдэлгүй, сайхан эдгэрсэн байна одоо зүгээр гэж эмч хэлснээр Б машин тэргээ бариад бүр ажилд орсон. Гэтэл Б өмгөөлөгч дахин мэс засал хийлгэх шаардлагатай, наалданги үүссэн байгаа гэж хэлж байна. Мөн Б О намайг санаатай хутгалсан гэж над руу бүх гэм бурууг хүлээлгэж байгаа явдал болон тухайн үед болсон үйл явдлаа тодорхой үнэн зөвөөр нь ярьж хэлэхгүй янз бүрээр мэдүүлгүүдээ өөрчлөн өгч байгаа нь миний мэдүүлгүүдийг санаатай гуйвуулж эрх зүйн байдлыг доголдуулж байгаад нь би гомдолтой байна.

Эрхэм шүүгч нар болон прокурор та бүхэн намайг уучлаарай би мэстэй зүй бус болгоомжгүй харьцсанаас болж гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайгаа хүлээн зөвшөөрч гэмшиж байна. Мөн болчимгүй зан авир, бодлогогүй алхам хийж Бгийн эрүүл мэнд болон биед нь хүнд гэмтэл учруулсандаа маш ихээр гэмшиж уучлалт хүсэж байна. Би хорих ангид нилээд олон сар хоригдлоо, энэ хугацаандаа короногоор өвчилж элэгний архаг үрэвсэл маань сэдэрч, элгээр лугшиж хатгуулж өвддөг нь ихсэж, гэдэс дүүрч цанхайж томрох, хөлийн 2 шилбэний хаван ихсэж, мөн гар хөлийн шөрмөс татах, толгой байнга өвдөх, хамраас цус гарах, хоол идэж чадахгүй зэрэг зовиуруудтай байгаа тул эмчилгээ хийлгэж байгаад ядаж хэдэн хүүхдүүдийнхээ дэргэд нүдэнд нь харагдаж байх юмсан л гэж хүсэж байна ... миний насыг маань харгалзан үзэж мөн миний мэдүүлгийг үндэслэж гэм бурууг минь ойлгон харж үзэж ялыг минь хөнгөрүүлэн надад хорихоос өөр шийтгэл оногдуулж өгнө үү гэж хүсэж байна. Уучлаарай би хуулийн хэллэгээр нь хэлж мэдэхгүй учир ийм хүсэлт гаргалаа гэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.О давж заалдах гомдолдоо:

... Шүүгдэгч С.О нь тухайн үед бусдын биед хүнд гэмтэл учруулахдаа учруулна гэсэн санаа зорилго байгаагүй өөрөөр хэлбэл нийгэмд аюултай гэмт хэрэг гарч болзошгүй гэсэн айдас болон бусдыг хамгаалж /хохирогч С.Б Т руу хутга далайсан үйлдлийг хийх явцад/ хутгыг хохирогч Бгаас авах гэсэн үйлдлийг хийх явцад гэмтэл учруулсан. Энэ гэрч Т /56 хх/ ... араас С.О ирээд Бг хүн аллаа ш дээ гэж хэлээд араас нь татаад намайг салгасан ... 55 хх, ... С.О Н-н гэрээс гарч ирээд Бгийн хутгыг булааж авсан гэх мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан нотлох баримт, хохирогч С.Бгийн удаа дараагийн мэдүүлгээ өөрчилж байгаа зэрэг үйл баримтаас санаатай гэх дүгнэлт хийхэд эргэлзээтэй байна. Хохирогч С.Б нь бусдын биед халдсан гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдэж байх явцдаа хутга хэрэглэсэн байдал хэрэгт нотлогдсон байхад шүүгдэгч С.Оийг  “зэвсэг хэрэглэж” гэж ялласан нь мөн эргэлзээтэй. С.Бгийн хэрэглэж байсан хутгыг С.О хэрхэн яаж хэрэглэж, тухайн үед хутга хэрэглэж байсан этгээдэд гэмтэл учруулсан талаарх үйл баримт хэрэгт бүрэн нотлогдоогүй. Учир нь С.Бгийн удаа дараа мэдүүлгээ өөрчилж янз бүрээр мэдүүлж байгаа байдлаас түүний мэдүүлэг үнэн зөв гэж үзэхэд эргэлзээтэй байдлыг үүсгэсэн хутгыг яаж хэрхэн хэрэглэж гэмтэл учруулсныг үнэн зөвөөр шийдвэрлэхэд төвөгтэй эргэлзээтэй байдлыг үүсгэж байна. Энэхүү нөхцөл байдал нь яллагдагчид ашигтайгаар шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй болж байна.

Шүүгдэгч С.О нь бусдад хүнд гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг бүрэн барагдуулсан хохирогч нэхэмжлэх зүйлгүй гомдол саналгүй байгаа зэрэг нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэж, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т зааснаар ялыг хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэлээр гомдол шүүгдэгч гаргасныг шийдвэрлэхдээ хэрэгт нотлогдсон байдал буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 2-т заалтыг хэрэглэх үндэслэл байгааг анхаарч шүүгдэгч С.От холбогдох эрүүгийн хэргийн Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 64 тоот шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

Шүүгдэгч С.Б тайлбартаа:

... О намайг санаатай хутгалах хүн биш юм. Миний өөрийн минь төрсөн хүүгийн минь эх. ... ханийг минь хорихоос өөр төрлийн ялаар сольж өгөхийг хуулийн байгууллагын шүүх прокурорын та бүхнээс хүсэж байна. Н-н гэрээс гарахад О миний гарт байсан хутга булаацалдаж байгаад санамсар болгоомжгүйгээс болж миний биед хутга хүрч ийм байдалд хүрсэн болно. Иймд эхнэр О намайг санаатайгаар хутгалаагүй учир ноцолдож байгаад би өөрөө хутгандаа өртсөн. Ингээд би хутгандаа өртсөнөө мэдээд хашаа давуулж хаясан... Н-д ороод та нар эмч дууд гэхэд Н битгий дууд гэсэн. Тэгэхээр нь колонк руу очоод түргэн дуудаж тусламж авсан. Хагалгаанд орсон зардал мөнгийг хүү А, О хоёр төлсөн. Хүү А намайг сахиж асарч байсан. 11 дүгээр сарын 02-ноос 12 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл О хүү хоёрын ачаар эдгэрч гарсан. Одоогоор миний биеийн байдал сайжирч хуучин хэвэндээ орсон. Эмчлэгч эмч нарт үзүүлж эрүүл мэндээ баталгаажуулан нотолж авсан учир одоо надад өвдөх зовиургүй цаашид хор хөнөөлгүй учир эхнэр Оийг минь хорихоос өөр төрлийн шийтгэлээр сольж өгөхийг хүсэж тайлбар бичсэн. Ямар нэгэн гомдол санал байхгүй болно ... гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч С.Б тайлбартаа: ... Одоо миний эрүүл мэндийн байдал сайжирсан. Цаашид өвдөх зовиургүй учир эхнэр Оийг хорихоос өөр төрлийн ялаар сольж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч С.О тайлбартаа: ... миний нас, эрүүл мэндийн байдлыг минь харгалзан миний мэдүүлгийг үндэслэж, ялыг минь хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү гэв..

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Х.О тайлбартаа: Шүүгдэгч С.О нь бусдад хүнд гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа, хохирогч нэхэмжлэх зүйлгүй гэж байгаа зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзээд хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Г. дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

              Шүүгдэгч С.О, С.Б нарт холбогдох хэргийг шүүгдэгч С.О, түүний өмгөөлөгч Х.О нарын давж заалдах гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянан үзэв.

 

Шүүгдэгч С.Б нь 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр       аймгийн        сумын         тоотод оршин суух Ш.Н-н гэрт архидан согтуурч, улмаар хамтран амьдрагч С.Оийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч С.О нь хэрүүл маргаан, зодоон үүсгэн С.Бгийн хэвлийн тус газарт хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь

хавтаст хэрэгт авагдсан хохирогч С.Бгийн ... 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хамтран амьдрагч С.Оийн хамт        багийн  Ш.Н-д очсон. Т, Н, Ц.О, С.О бид нар архи уусан ... С.О намайг “зайл” гэхээр нь би “чамайг аваад харина” гэхэд “би явахгүй чи зайл” гээд байсан. П.Т “Би танай эхнэртэй олон жил явалдаж байна, эр эмийн харилцаатай” гэж хэлэхээр нь бид нар маргалдсан. Би Н-н гэрээс гарахад О хутга барьчихсан гарч ирээд намайг шууд хэвлийн тус газарт хутгалсан. Би Отэй ноцолдож байж хутгыг нь булааж аваад Ш.Н-н арын хашаа руу шидсэн. С.О намайг хутгалчихаад Н-н гэр лүү буцаад орж гэрт байсан хүмүүст С.О намайг хутгалсан талаар хэлсэн. Цагдаа, түргэн тусламж дуудаад өг гэхэд хэн ч дуудаж өгөөгүй тул би өөрөө явган бензин колонк дээр очиж тусламж гуйсан ... Т согтуу намайг заамдаж аваад хоолой боосон. Т Н-н гэрээс гарахад нь би араас нь гараад бид хоёр маргалдаж барьцалдаж авсан. Тэгээд байж байтал С.О Н-н гэрээс гарч ирээд намайг шууд хэвлийн тус газарт хутгалсан ... Би Т-т О намайг хутгалчихлаа гэж хэлээд Т-с салаад Оийн хутга барьсан гартай ноцолдож эхэлсэн. Хутгыг нь булааж аваад Н-н арын хашаа руу шидсэн ... гэсэн мэдүүлэг,

 

хохирогч С.Оийн ... Б намайг Т-тай хардаж маргаан үүсгэсэн. Б миний толгойн тус газар гараараа нэг удаа цохисон. Баруун мөр лүү мөн цохисон. Гэтэл Н-н эхнэр О намайг өмөөрч салгах гэтэл түүнийг ор луу цохиж унагаасан...Мөн миний зүүн гуя болон шилбэ рүү 2 удаа өшиглөж унагаасан ... гэсэн мэдүүлэг,

 

гэрч Ц.Оийн ... Б хамтран амьдрагч С.Оийг Т-тай хардаж маргалдаж эхэлсэн. Тэгээд Оийг багалзуурдсан, Т салгах гээд яваад очтол Т-г Б цохиж унагаасан. Би салах гээд очиход намайг бас цохиж унагаасан. Миний хамтран амьдрагч Н энэ асуудлын талаар бичлэг хийж байхад С.Б гаднаас орж ирээд Ш.Н-г цохисон. П.Т-г босч ирэхээр нь гараараа толгой руу нь цохиод унагаагаад байсан. Б С.Оийн хоолойг боосон, гараараа толгой болон бие рүү нь цохисон. Удалгүй Т гараад явсан, араас нь С.Б гарсан мөн араас нь С.О гарсан. Удалгүй байж байтал гаднаас Б гэдсээ дарчихсан С.О намайг хутгалчихлаа гээд орж ирсэн ... Удахгүй манай гэрт цагдаа нар ирсэн. Тухайн үед С.О би Бг хутгалчих шиг боллоо гэж хэлж байсан ... С.О Бг архи уухаараа их хэцүү ааш араншинтай гэж хэлж байсан, тухайн байдлаас харахад их ширүүн зантай хүн байна лээ ... гэсэн мэдүүлэг,

 

гэрч П.Т-н ... Намайг Н-нд очиход найз С.О хамтран амьдрагч С.Бгийн хамтаар байж байсан. Бид нар 0.75 л архи 3 шилийг хувааж уусан. Б архинд нилээд согтож эхэлсэн. Н бид хоёрыг эхнэртэйгээ хардаж эхэлсэн. Улмаар хоорондоо маргалдаж, Б миний баруун шанаа, эрүүн тус газар гараараа цохисон. Би Н-н гэрийн үүдний шүүгээг толгойгоороо мөргөж толгойноос минь цус гарсан. Б надтай хэрүүл хийгээд байхаар нь би Н-н гэрээс гарахад Б миний араас гарч ирээд дахин намайг цохиж газар унагаасан. Эргээд харахад Б гартаа хутга барьчихсан юм хэлээд байсан. Яг юу хэлснийг нь би санахгүй байна. С.О гэрээс гарч ирээд Бгийн гарт байсан хутгыг булааж авсан. Тэгээд Н-н хашаанаас тэр хоёр цугтаа гараад явсан ... Хэсэг хугацааны дараа С.О гаднаас орж ирээд “Би Бг хутгалчихлаа” гэж хэлсэн... гэсэн мэдүүлэг,

 

гэрч Ш.Н-н ... Миний хамтран амьдрагч Ц.О “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар шагнуулсан юм. Энэ баярт үйл явдлыг тэмдэглэхээр манай гэрт найз Т, зүс таних С.О, хамтран амьдрагч С.Б нар ирсэн. Айл бүхэн нэг шил архи гаргаж хувааж уусан. Би согтоод зээ хүүгийнхээ хамт унтсан байсан. Сэрээд харахад эхнэр Ц.О миний хөлд уйлаад суучихсан, Т-н толгойноос цус гарчихсан байсан. Тэд нар Бг агсам тавиад бид нарыг зодоод гараад явчихсан гэж хэлсэн. Би гар утсаараа бичлэг хийж байхад Б гаднаас орж ирээд миний хүзүүнд цохиж намайг унагаасан. Т гараад явсан. Араас нь С.Б, С.О хоёр гарсан ... Б гаднаас гэдсээ дарчихсан хэвлийн тус газраас нь цус гарсан байдалтай орж ирээд С.О намайг хутгалчихлаа гэж хэлсэн ... гэсэн мэдүүлэг,

 

 Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 795 дугаартай ... С.Бгийн биед үүссэн гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11.д зааснаар гэмтлийн хүнд зэрэг, бусад зулгаралт шарх нь 2.4.1.д заасан гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана гэсэн дүгнэлт,

 

Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 789 дугаартай С.Оийн биед цус хуралтууд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1.д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн дүгнэлт, хэрэг үйлдэлдэх үед С.Бгийн өмсөж явсан хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, хураан авсан хутганд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

  Анхан шатны шүүх шүүгдэгч С.Оийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэн үйлдсэн, шүүгдэгч С.Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ оногдуулж буй ялын төрөл, хэмжээ нь үйлдсэн гэмт хэргийн шинж байдал, хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хохирлын хэр хэмжээ зэрэгт зүй зохистой харьцаагаар тохирсон байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцсэн байхыг ойлгодог.

 

Шүүгдэгч С.Оийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хохирол зэргийг харгалзан анхан шатны шүүх түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4.д заасан хорих ялын доод хэмжээгээр буюу 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялаас 2 жилийг өршөөн хасаж, эдлэх ялыг 3 жилийн хугацаагаар тогтоож шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль болон 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийг буруу хэрэглээгүй байна.

Мөн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсгүүдэд заасныг баримтлан шүүгдэгч С.Бд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосон нь үндэслэл бүхий болжээ.

 

Хохирогч С.Бгийн барьж байсан хутгыг шүүгдэгч С.О булааж авахаар ноцолдож байх үед хохирогч С.Бд гэмтэл учирсан гэж үзэх нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдоогүй, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хүнд хохирол нь шүүгдэгч С.Оийн гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

 

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээр хэрэг хянан хэлэлцэх явцад шүүгдэгч, хохирогч нарын эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.  

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх зохицуулалтыг хуульчилсан бөгөөд гэмт хэрэг үйлдсэн хүн өөрийн гэм буруутай үйлдэл, түүнээс үүсэх үр дагавар, хууль зүйн дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тохиолдолд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.

 

Шүүгдэгч С.О нь мөрдөн шалгах ажиллагаа болон анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад өөрт холбогдох хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасны дагуу хөнгөрүүлэн өөрчлөх үндэслэлгүй байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Оийн ... хорихоос өөр төрлийн шийтгэл оногдуулж өгнө үү ... гэсэн, түүний өмгөөлөгч Х.О-н ... эргэлзээтэй нөхцөл байдал байгаа тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3.т зааснаар ялыг хөнгөрүүлж өгнө үү ... гэсэн давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2.д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

             1.Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 64 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.О, түүний өмгөөлөгч Х.О нарын давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

             2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                     ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            З.ХОСБАЯР

               ШҮҮГЧИД                                                                 С.УРАНЧИМЭГ

                                                                                                            С.ЦЭЦЭГМАА