Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 2134

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Ж-гийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч С.Энхтөр, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 9 сарын 19-ний өдрийн 102/ШШ2019/02448 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Б.Ж-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: О.Д-, Ж.С- нарт холбогдох,

 

Бэлэглэлийн гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, нийт 324 211 970 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Б, Б.Б

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ч.Ж

Хариуцагч О.Д-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Б

Хариуцагч Ж.С-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ж.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Одонтуяа нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Ж- нь Ж.С-той эртний танил, найзууд юм. 2012 онд Ж.С- нь Б.Ж-д уул уурхай, барилгын салбарт ажиллаж байгаа, ажил сайн явж байна, найздаа тусална, хамтран ажиллана, бид 2 бие биедээ туслах ёстой хүмүүс гэж ярьсан байдаг. 2012 оны сүүлээр Ж.С- нь Б.Ж-д за найзаа чи надтай маш яаралтай уулз, ашигтай бизнесийн санаа байна. Нүүрсний лицензтэй компани байна, би бүх зүйлийг газар дээр нь хүн явуулаад шалгуулчихсан. Захирал нь миний хуурай ах, итгэлтэй гэж хэлээд тухайн компанийг худалдан авах санал тавьсан. Б.Ж- би уул уурхайн талаар ямар ч мэдлэггүй гэж хэлэхэд Ж.С- надад итгэ, асуудал байхгүй, хоёулаа 180 000 000, 180 000 000 төгрөг гаргаад компанийг авья, би О.Д- ахыг гуйж байгаад үнийг нь буулгасан, хурдан авахгүй бол сонирхсон хүн их байна гэж ятгасан. Ингээд Б.Ж-, Ж.С-ыг дагаад О.Д- дээр очиж уулзахад алсдаа тэрбум тэрбумаар л ярих орд шүү, Ж.С-ыг гуйгаад байхаар нь үнийг буулгалаа гэж хэлсэн байдаг. Компанийг Ж.С-, Б.Ж- нар 360 000 000 төгрөгөөр худалдаж авахаар болоод 180 000 000, 180 000 000 төгрөг гаргаад 50, 50 хувиар нь авахаар тохирсон. Ингээд тохирсны дагуу Б.Ж- нь О.Д-д 20 600 000 төгрөгийг бэлнээр өгч, үлдэх 160 000 000 төгрөгт нь 105 000 ам.доллароор Аюушжав гэх хүнээс авсан Америкт үйлдвэрлэсэн “Хаммер эйч2” загварын автомашиныг өгсөн. Ингэж өгөхөд нь машиныг Ж.С- би энэ компанийг худалдаж авах ажлыг хариуцаж байгаа учир энэ машиныг чинь О.Д- ахад өгье, бид хоёрын хооронд бас өөр тооцоо бий гэж хэлээд автомашиныг аваад явсан. Тэгээд улсын бүртгэлийн газарт очиж “Нарука” ХХК-ийн 50, 50 хувийн хувьцаа эзэмшигчээр Б.Ж-, Ж.С- нар бүртгүүлсэн. Компанийн үйл ажиллагааг өнгөрсөн 6 жилийн хугацаанд Б.Ж- бүхэлд нь авч явж ирсэн бөгөөд татвар, нийгмийн даатгалд тайлан гаргах, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах зэрэгтэй холбоотой бүх зардлыг тэрээр ганцаараа өөрийн мөнгөөр төлж ирсэн. Улмаар энэ компанийн үйл ажиллагааг авч явахын тулд бусдаас их хэмжээний мөнгийг өндөр хүүтэй зээлж авч, өөрийнхөө ээжийн байр, өөрийн байр зэргээ энэ зээлийнхээ төлбөрт алдсан болно. Тухайн үед буюу 2012 оны 11 сарын 05-ны өдөр Б.Ж-, Ж.С- нар нь “Нарука” ХХК-ийг тусгай зөвшөөрлийн хамт худалдаж авсан боловч хувьцаа бэлэглэлийн гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан өөр хэлцлийг халхавчлах  зорилгоор хийсэн хэлцэл гэж үзэхээр байна. Мөн компанийн эрх шилжүүлэх гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т заасан хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл гэж үзэхээр байна. О.Д-, Ж.С- нар нь бэлэглэл, хувьцаа шилжүүлэх гэрээ хийх үедээ “Нарука” ХХК-ийн эзэмшлийн Говь-Алтай аймгийн Алтай сумын Гурван хайрхан гэх газар орших ашигт малтмалын хайгуулын 15440Х дугаартай тусгай зөвшөөрөлтэй 722.21 гектар талбайтай газарт их хэмжээний нүүрсний нөөц байгаа, бид нар шалгасан, урьдчилсан хайгуул хийсэн гэж Б.Ж-г хуурч, төөрөгдүүлсэн. Б.Ж- нь энэ тухай 2018 оны 10 сард олж мэдсэн. Тухайн дугаар бүхий талбай дээр 2018 оны 10 сард Н.А ахлагчтай мэргэжлийн геологичдийн баг 6 хоног ажиллаад “Нарука” ХХК-ийн эзэмшлийн Говь-Алтай аймгийн Алтай сумын Гурван хайрхан гэх газар орших ашигт малтмалын хайгуулын 15440Х дугаартай тусгай зөвшөөрөлтэй 722.21 гектар талбайд нүүрсний ямар ч илэрц байхгүйг тогтоосон бөгөөд Б.Ж-д анх өгсөн зураг талбай дээр цооног ухаж, нүүрс гаргасан байгаа цэг нь “Нарука” ХХК-ийн эзэмшлийн талбайгаас өөр цэгт байдгийг тогтоосон. Ингээд Б.Ж- энэ талаар мэдсэн даруйдаа Ж.С-од мэдэгдэн гэрээний дагуу төлсөн мөнгөө авах, О.Д-тэй уулзуулахыг шаардсан. Гэвч Ж.С- нь би Даваасүрэн ахтай ойрд уулзаагүй, хүлээж бай, би өөрөө зохицуулна гэж хэлсэн. Б.Ж- нь “Нарука” ХХК-ийн үйл ажиллагааг хэвийн явуулахын тулд маш их хэмжээний мөнгийг бусдаас өндөр хүүтэй зээлж авсан ба өнөөдрийн байдлаар зээлийн хүүд 120 305 400 төгрөг төлсөн, мөн тухайн компанид сүүлийн 6 жилийн зарцуулсан зардал нь 23 306 570 төгрөг, нийт 143 611 970 төгрөг болж байна. Б.Ж- нь тухайн компанийг худалдан авахдаа өөрийн танил П.Аюушжав гэх хүнээс Хаммер H2 автомашиныг 105 000 ам.долларт тооцож авсан, уг автомашины үнийг төлөхдөө 2013 оны 01 сарын 23-ны өдөр Б.Ж- нь өөрийн 3 өрөө орон сууцаа барьцаалж, Б.Ганбат гэх хүнээс зээлийн гэрээгээр 80 000 000 төгрөгийг 6 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай зээлж авч өгсөн, энэ зээлийн хүүнд 5 600 000 төгрөг төлж, 1 сар 8 хоногийн дараа зээлийг хаасан. Дээрх зээлийг хаахын тулд 2013 оны 01 сарын 23-нд Ж.Баярмаагаас 85 000 000 төгрөгийг 4.5 хувийн хүүтэйгээр мөн орон сууцаа барьцаалж авсан, энэ зээлийн хүүнд 5 640 500 төгрөг төлсөн. Дахин хүүгээ багасгахаар Ц.А-с 2013 оны 6 сарын 03-ны өдөр 85 000 000 төгрөгийг зээлж, Ж.Баярмаагаас авсан зээлээ хаасан. Мөн Ц.А-с 2016 оны 6 сарын 04-нд найзынхаа байрыг барьцаалж 50 000 000 төгрөгийг 3 хувийн хүүтэй зээлж, хаммер H2 автомашины эзэнд төлсөн. Уг 2 зээлийн хэмжээ 135 000 000 төгрөг болсон ба хүүнд нь нийт 6 сарын хугацаанд 24 100 000 төгрөг төлсөн. Тэрээр дахин хүүгээ багасгах зорилгоор Хас банкнаас хадгаламж барьцаалсан зээлийг Нармандахаар авахуулж, өөрийн болон найзынхаа байрыг барьцаалсан зээлийг хаасан. Уг зээлийг 1 сарын хугацаатай авсан учир Б.Ганбатаас 2014 оны 01 сарын 04-ний өдөр 95 000 000 төгрөгийг 4 хувийн хүүтэйгээр мөн зээлсэн, Ц.Алтанцэцэгээс 60 000 000 төгрөг 2014 оны 02 сарын 20-нд 3.5 хувийн хүүтэй зээлж, Нармандахын зээлийг төлж барагдуулсан. Б.Ганбатын зээлийн хүүнд 15 200 000 төгрөгийг төлсөн. Зээлээ төлөөгүй дахин 6 сараар сунгасан бөгөөд хугацаандаа төлж барагдуулаагүйн улмаас ээжийнхээ байрыг 95 000 000 төгрөгийн үндсэн болон сунгалтын 6 сарын хугацааны хүү 22 800 000 төгрөг, нийт 117 800 000 төгрөгт тооцон шилжүүлсэн. Ц.Ас авсан 60 000 000 төгрөгийн зээлийн хүүнд 41 000 000 төгрөгийг төлсөн. Хаммер машины үлдэгдэл төлбөрийг өгөхийн тулд 2014 оны 6 сарын 03-нд Ж.Бс 45 000 000 төгрөгийг зээлсэн, уг зээлийг төлж дуусгасан. Ж.Бд  зээлийн хүүнд 2 951 000 төгрөг төлсөн. Дээрх зээлүүдийн хүүнд өнгөрсөн хугацаанд Б.Гс авсан зээлийн хүүнд 44 800 000 төгрөг, Ж.Баярмаагаас авсан зээлийн хүүнд 8 592 000 төгрөг, Ц.Ас авсан зээлийн хүүнд 65 100 000 төгрөг, Хас банкнаас авсан зээлийн хүүнд 1 813 400 төгрөг, нийт 120 350 400 төгрөгийг төлжээ. “Нарука” ХХК-ийн сүүлийн 6 жилийн татвар, нийгмийн даатгалын тайланг бусдыг хөлсөлж гаргуулсны хөлс, тусгай зөвшөөрлийн сунгалтын төлбөр, байгаль орчны төлбөр, геологийн баг хөлсөлсөн ба ажилчдын хоол, буудлын төлбөр, түлшний төлбөрт нийт 20 306 570 төгрөгийг зарцуулсан байна. Иймд Б.Ж-, Ж.С-, О.Д- нарын хооронд 2012 оны 11 сарын 05-ны өдөр байгуулагдсан хувьцаа бэлэглэлийн гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээнүүдийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 56.1.10-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, гэрээний дагуу шилжүүлсэн 180 600 000 төгрөг, гэрээнээс учирсан хохирол буюу иргэд, банкнаас зээлсэн зээлийн хүүнд төлсөн 120 305 400 төгрөг, “Нарука” ХХК-ийн сүүлийн 6 жилийн үйл ажиллагаанд зарцуулсан 23 306 570 төгрөг, нийт 324 211 970 төгрөгийг хариуцагч нараас хувь тэнцүүлэн гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ж.С-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.С- нь “Нарука” ХХК-ийн хувьцаа эзэмшигч ба хариуцагч биш. Б.Ж-тэй адил хохирол хүлээсэн этгээд. Анх Ж.С- О.Д-тэй уулзаж, компанийг худалдаж авах асуудал эхэлсэн нь үнэн. Гэхдээ нэхэмжлэгч талын тайлбарласан шиг хоосон газар санал болгон ухуулж, залилсан зүйл байхгүй. Зэргэлдээ газраас илэрц гарсан учраас “Нарука” ХХК-ийг авч, үйл ажиллагаа явуулах болсон. Талууд компанийг өгч, авалцахдаа ямар ч үнэ яриагүй, эрх шилжүүлж авсан. Үүнээс хойш нэхэмжлэгч 6 жилийн хугацаанд компанийг ажиллуулж, татвар төлж, тайлан тооцоо гаргаж яваад өөрийн буруугаас лицензээ хураалгасан. Б.Ж- өгсөн, авснаа буцаая гэж байгаа бол лицензийг мөн өгөх ёстой. Х лиценз эрсдэлтэй, юм гарч болно, гарахгүй ч байж болно. Талууд анх гэрээ байгуулахдаа энэ байдлыг ойлгож, эрсдэлийг хамтдаа хүлээхээр болсон. Компанийн хувьцаа эзэмшигч нар асуудлыг дотроо компанийн тухай хуулиар шийдэх боломжтой байхад Ж.С-ыг хариуцагчаар татсан нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч тал зүс царай нь мэдэгдэхгүй, 3 хүний ярианд үзлэг хийлгэсэн. Уг бичлэгийг шүүх үнэлэхгүй байх. Хэрэв Ж.С- Б.Ж-г хуурсан бол компанийн 50 хувийг эзэмшихгүй байх байсан. Талуудын хооронд хүчин төгөлдөр бэлэглэлийн гэрээ байгуулагдсан. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-д заасан өөр хэлцлийг халхавчилсан хэлцэл байгуулагдаагүй. Нэхэмжлэгч компанийн төлбөрт машин өгсөн гэдэг. Гэтэл баримт нь байдаггүй. Нэхэмжлэгч өр зээлтэй холбоотой баахан баримт хамж авчраад хохирол гэж хариуцагч нараас нэхэмжилдэг. Нэхэмжлэгч талын гаргасан зээлийн гэрээний хөөн хэлэлцэх хугацаа юу болсон билээ. Талуудын хооронд өгсөн, авсан зүйл, тодорхой баримт байхгүй. Эрсдэлээ хамт үүрсэн. Нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх өмнөх шүүх хуралдаан дээр өгсөн тайлбараа дэмжиж байна. “Нарука” ХХК-ийг бэлэглэлийн гэрээгээр Ж.С-, О.Д- нар шилжүүлж авсан нь үнэн. Компанийг шилжүүлж авахад ямар нэгэн үнэ төлбөр яригдаагүй, Ж.С- нь энэ гэрээний хариуд О.Д-д мөнгө төлөөгүй, аливаа үүрэг хүлээгээгүй. Х лиценз гэдэг бол яг л казино тоглож байгаатай адилхан эрсдэлтэй зүйл, тухайн газарт өрөм тавьж үзлээ, юм гарч ирэх, ирэхгүй нь тодорхойгүй. Ийм л зүйлийг худалдаж авсан. Эрсдэлээ өөрсдөө хариуцах ёстой. Ж.С- ч бас энэ гэрээнээс болж хохирсон, гэтэл өнөөдөр хариуцагч болчихсон явж байна, тэрээр хариуцагч биш гэжээ.

Хариуцагч О.Д-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2012 онд нэхэмжлэгч тал компанийн эрх үүргийг шилжүүлэн авч, компанийн үйл ажиллагааг 6 жил явуулсан. Манай талаас бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр гэж үзэж байгаа. Б.Ж-, О.Д- нарын байгуулсан гэрээний дагуу талуудад өгсөн, авсан зүйл байдаггүй. 2012 оны 11 сарын 05-ны өдөр байгуулсан бэлэглэлийн гэрээний дагуу О.Д- компанийг хувьцааг бэлэглэсэн. Иргэний хуулийн 276 дугаар зүйлд зааснаар О.Д- гэрээний дагуу Б.Ж-гээс хариу төлбөр аваагүй. Нэхэмжлэгч тал төлбөрт “Хаммер эйч2” маркийн автомашин өгсөн гэдэг. Гэтэл О.Д-д машин хүлээлгэж өгөөгүй. 20 600 000 төгрөг бэлэн бусаар өгсөн гэдэг. Б.Ж- О.Д-д 12 000 000 төгрөг өгсөн гэсэн баримт байдаггүй, Б.Ж- компанийн эрх шилжүүлж авснаас хойш 4 удаагийн үйлдлээр дансаар О.Д-д 8 600 000 төгрөг шилжүүлсэн. Хариуцагч О.Д- нь Ж.С-, Б.Ж- нарт компанийн эрх шилжүүлсний дараа хайгуулын ажил хэрхэн хийх талаар буюу шинээр бизнес эхлүүлж буй хүмүүст зөвлөгөө мэдээлэл өгч 1-2 жил байнгын холбоотой байсан гэж тайлбарладаг. Б.Ж- нь энэ хугацаанд гарсан зардалд О.Д-д 8 600 000 төгрөг төлсөн. Б.Ж- “Хаммер эйч2” маркийн авто машиныг хүнээс зээлээр худалдаж авсан гэсэн баримтыг шүүхэд өгсөн. Гэтэл гэрээ хэзээ байгуулагдсан нь тодорхойгүй, 2018 оны 11 сарын 30-ны өдөр гэрээг нотариатаар батлуулсан. Гэрээний дагуу П.Аюушжаваас Б.Ж-д машин шилжсэн эсэх нь тодорхойгүй. Талуудын байгуулсан бэлэглэлийн гэрээ хүчин төгөлдөр тул хүчин төгөлдөр бусд тооцуулах үндэслэлгүй байна. Шүүхээс бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзэж шийдвэр гарлаа гэж бодоход нэхэмжлэгч тал компанийг шилжүүлэн аваад 6 жил үйл ажиллагаа явуулсан. Ашиг олох зорилгоор 6 жилийн хугацаанд лицензээ сунгуулаад явж байсан. Компанийн 50 хувийн эзэмшигч нь Ж.С- 50 хувийн эзэмшигч нь Б.Ж- байсан. Компани өөрийн үйл ажиллагаанд зарцуулсан, ашиг олохоор өөрөөсөө гаргасан уг зардлыг хариуцагчаар татагдсан О.Д-гээс гаргуулах гэж байгаа нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэлийн 4 дэх шаардлагын хувьд машиныг хүлээж аваагүй учраас зээлтэй холбоотой асуудал нь хариуцагчид ямар ч хамааралгүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Ж-, хариуцагч Б.Соронзонболд, О.Д- нарын хооронд 2012 оны 11 сарын 05-ны өдөр байгуулагдсан компанийн эрх шилжүүлэх гэрээ, компанийн хувьцаа бэлэглэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5, 76 дугаар зүйлийн 76.4, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Соронзонболд, О.Д- нараас 168 600 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Ж-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 155 611 970 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Ж-гээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 077 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Соронзонболд, О.Д- нараас улсын тэмдэгтийн хураамжид 2 077 400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “нэхэмжлэгч Б.Ж- нь “Нарука" ХХК-ийг худалдан авсны дараа худалдан авсны төлбөрт Хаан банк дахь О.Д-гийн эзэмшлийн 5037363331 тоот дансанд 2012 оны 12 сарын 18-ны өдөр 5 000 000 төгрөг Б.Ж-гээс, мөн түүний эзэмшлийн 5031211737 тоот дансанд 2013 оны 3 сарын 02-ны өдөр Б.Батнарангаас 3 000 000 төгрөг, мөн 5031670086 тоот дансанд 2013 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Б.Батнарангаас 200 000 төгрөг, 2013 оны 10 сарын 10-ны өдөр Б.Батнарангаас 400 000 төгрөг тус тус шилжүүлсэн нь мөнгөн шилжүүлгийн баримтуудаар” гэснээс үзэхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батнаран нь нийт 3 600 000 төгрөг шилжүүлсэн байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бус хамтран нэхэмжлэгч байна гэдгийг хариуцагчийн зүгээс шүүх хуралдаанд энэхүү алдаагаа засахыг сануулсан боловч шүүх энэхүү процессын алдаанд дүгнэлт хийх бус хариуцагч нараас 8 600 000 төгрөгийг тэнцүү хувиар гаргуулах болсонтой санал нийлэхгүй байна. Дээрх шилжүүлсэн гэх 4 удаагийн шилжүүлэг нь “Нарука” ХХК-ийн өмнөх эзэн болох О.Д-гээс шинэ эзэд болох Б.Ж-, Ж.С- нарт үйл ажиллагаагаа явуулахад нь туслалцаа үзүүлэх, зөвлөгөө өгөх, өөрийн ноу хауг ашиглан дэмжлэг үзүүлсний төлбөрт төлөгдсөн талаар тайлбарлаж, шилжүүлгийн огноог нь харахад 2012 оны 11 сарын 05-ны өдөр бэлэглэлийн гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээ байгуулагдсанаас хойш хамгийн сүүлд 2013 оны 10 сарын 10-ны өдөр Батнарангаас шилжүүлэг хийгдсэнийг шүүх харгалзалгүйгээр шийдлээ. Хариуцагч нарын зүгээс О.Д- болон Б.Ж- нарын хооронд 2012 оны 11 сарын 05-ны өдөр бэлэглэлийн гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээ байгуулагдсан талаар ямар нэгэн маргаангүй болно. 2012 онд нэхэмжлэгч Б.Ж-, хариуцагч Ж.С- нар нь О.Д-гээс “Нарука” ХХК-ийн хувьцаа, компанийн эрхийг шилжүүлэн авахыг хүссэнээр талуудын хооронд иргэний эрх зүйн харилцаа үүссэн байна. Улмаар О.Д- нь 2012 оны 11 сарын 05-ны өдөр нэхэмжлэгч Б.Ж-, хариуцагч Ж.С- нартай бэлэглэлийн гэрээ болон компанийн эрх шилжүүлэх гэрээг байгуулан, компанийн хувьцаа болон эрхийг шилжүүлэн өгсөн. Ж.С- нь хариуцагч болох үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгч О.Д- нар нь О.Д-гээс “Нарука” ХХК-ийн хувьцаа, компанийн эрхийг шилжүүлэн авч 50, 50 хувь эзэмшиж эрсдэлээ хамт үүрч ирсэн нэг субьект байхад Ж.С-ыг хамтран хариуцагчаар тэнцүү хэмжээгээр төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн нь буруу байна. Нотлох баримтыг буруу үнэлсэн тухайд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1. дэх хэсэгт заасны дагуу “... хуульд заасан арга хэрэгслээр олж авсан ... аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ”, 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт заасны дагуу “Хэргийн оролцогч хуурамч нотлох баримт гаргах буюу түүнийг хууль бус аргаар цуглуулахыг хориглоно”, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “ шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ" гэснийг тус тус зөрчиж дараах нотлох баримтуудыг илтэд нэг талыг баримталж буруу үнэлж шийдвэр гаргалаа. Үүнд: шүүх нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийн дагуу нууцаар, өөрт нь мэдэгдэлгүйгээр хийсэн яг хэн хэн гэж хүмүүсийн харилцан яриа гэдгийг нь мэдэх боломжгүй 3 хүний харилцан яриа гэх СD-нд буулгасан бичлэгт хариуцагч тал нотлох баримтын шаардлага хангахгүй гэсэн тайлбарыг үл харгалзан шүүх үзлэг хийж, тэмдэглэл үйлдэж хэргийн нотлох баримтаар хавсаргасан нь дээр дурьдсан хуулийг зөрчсөн юм. Шүүхийн шийдвэрт мөн 160 000 000 төгрөгт тооцож, 2009 онд үйлдвэрлэгдсэн “Хаммер эйч2” загварын авто машиныг О.Д-д шилжүүлсэн болох нь Автотээврийн үндэсний төвийн 2019 оны 8 сарын 15-ны өдрийн 240 тоот лавлагаа, зээлээр худалдах, худалдан авах гэрээ, гэрч П.Аюушжав нарын мэдүүлгээр тус тус тогтоогдож байна гэсэн байх бөгөөд энэхүү үндэслэл нь харин ч эсрэгээрээ юм. Учир нь тухайн үед энэхүү машин нь ийм ханштай огт биш байсан бөгөөд энэхүү үнэлгээг нэхэмжлэгчийн зүгээс нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн 2012 оны 11 сарын 01-ний автомашин зээлээр худалдах, худалдан авах гэрээ гэгчид санаанаасаа тавьсан тоо бөгөөд энэхүү автомашины үнэнд шүүх ямар ч үнэлэлт , дүгнэлт хийгээгүй юм. Мөн энэхүү 2012 оны 11 сарын 01-ний автомашин зээлээр худалдах, худалдан авах гэрээ гэгчид 2009 оны мөнгөлөг саарал өнгөтэй “Хаммер эйч2” маркын 1690 УНА улсын дугаартай гэсэн байх бөгөөд шүүхээс нотлох баримтаар гаргуулсан Автотээврийн үндэсний төвийн 2019 оны 8 сарын 15-ны өдрийн 240 тоот лавлагаанд өмнөх өмчлөгчийн мэдээллээс үзэхэд П.Аюушжав нь энэ гэрээ хийсэн хугацаанд тухайн тээврийн хэрэгслийн өмчлөгч биш байсан байх бөгөөд 2013 оны 4 сарын 02-ны өдрөөс 2013 оны 5 сарын 21-ний өдрийн хооронд өмчлөгч байж байгаад Д.Доржбат гэх хүн рүү шилжүүлсэн байна. Мөн лавлагаагаар тухайн гэрээнд заагдсан хугацаанд 1690 УНА гэсэн дугааргүй харин өөр дугаартай байсан байх бөгөөд энэхүү дугаарыг 2012 оны 11 сарын 01-ний автомашин зээлээр худалдах, худалдан авах гэрээ гэгчид дурьдагдсанаас хавьгүй сүүлд авсан байгаа нь нотлох баримтаар нотлогдож байхад шүүх албаар энэхүү нотлох баримтуудыг буруу нэг талыг барьж үнэллээ. Хэрэв 2012 оны энэхүү гэрээ нь хуурамч биш юмаа гэж бодоход ирээдүйд 1690 УНА гэсэн дугаартай болно гэж зөгнөсөн мэт харагдаж байна. 2013 онд энэхүү автомашин нь П.Аюушжаваас Б.Ж- рүү, Б.Ж-гээс О.Д-, Ж.С- нар руу шилжсэн гэсэн нэг ч нотлох баримт байхгүй бөгөөд нэг талыг барьж хуурамч 2012 оны 11 сарын 01-ний автомашин зээлээр худалдах, худалдан авах гэрээ гэгч нотлох баримт бүрдүүлэлцсэн П.Аюушжав гэгчийн өгсөн худал мэдүүлэгт үндэслэн шүүх шийдвэр гаргалаа. Гэрчийн мэдүүлэг өгөхдөө П.Аюушжав нь би тухайн үед буюу 2012 онд АНУ-аас шинэ машин оруулж ирээд 2012 онд Б.Ж-тэй гэрээ байгуулан зарсан гэх бөгөөд Ж.С- нарыг танихгүй гэсэн байдаг. Гэтэл нотлох баримтаас харахад 2012 онд П.Аюушжав нь тухайн машины өмчлөгч нь 2010 оны 9 сарын 16-ны өдрөөс 2013 оны 3 сарын 29-ний өдөр хүртэл Б.Төмөр гэж хүн байх бөгөөд тухайн автомашины Монголд орж ирсэн он нь 2010 оны 9 сарын 06-ны өдөр байна. Энэхүү нотлох баримтыг үндэслэн талуудын мэтгэлцээнийг үл харгалзан нэг талыг илтэд хууль зөрчиж нотлох баримтыг нэхэмжлэгчид ашигтайгаар үнэлж шийдвэр гаргалаа. Хууль зүйн үндэслэлийн тухайд Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 сарын 19-ний өдрийн 102/ШШ2019/02448 дугаартай шийдвэрт Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1.2-д “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил" гэжээ. Нэхэмжлэгч Б.Ж- нь худалдах, худалдан авах гэрээгээр худалдан авсан “Нарука” ХХК-ийн нэр дээрх 2010 оны 01 сарын 26-ны өдөр олгогдсон 15440х тоот тусгай зөвшөөрөл бүхий Говь-Алтай аймгийн Алтай сумын Гурван хайрхан гэх газарт 722.21 гектар талбайд нүүрсний илэрцгүй болох нь геологич Н.Алтанхуягийн 2017 оны 10 сарын 18-наас 23-ны өдрүүдэд тус талбайд ажилласан тов ажлын тайлангаар тогтоогдож байх тул хөөн хэлэлцэх хугацааг 2018 оны 10 сарын 23-ны өдрөөс эхлэн тоолох нь Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.4 дэх хэсэгт “Шаардах эрх нь нэхэмжлэгчийн үйлдлээс шалтгаалах бол хөөн хэлэлцэх хугацааг нэхэмжлэгч уг үйлдлийг хийх ёстой байсан үеэс эхлэн тоолно” гэж заасантай нийцсэн гэж үзнэ гэсэн бөгөөд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Ж-, хариуцагч Ж.С-, О.Д- нарын хооронд 2012 оны 11 сарын 05-ны өдөр байгуулагдсан компанийн эрх шилжүүлэх гэрээ, компанийн хувьцаа бэлэглэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5, 76 дугаар зүйлийн 76.4, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ж.С-, О.Д- нараас 168 600 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Ж-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 155 611 970 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Б.Ж-гээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 077 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.С-, О.Д- нараас улсын тэмдэгтийн хураамжид 2 077 400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид тус тус олгосугай  гэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Талуудын хооронд бэлэглэлийн гэрээ, худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан эсэхээс үл шалтгаалан нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 дахь хэсэгт заасан хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, хүчин төгөлдөр бус хэлцлийн улмаас үүссэн үр дагаврыг арилгуулах шаардлага гаргасан. Хэрэв шүүхийн дүгнэснээр худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэж байгаа бол шүүхээс хэрэгт ямар ч хамааралгүй үйл баримтын талаар дүгнэлт хийж, нэхэмжлэгч нь хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий газарт өрөмдлөгийн үйл ажиллагаагаар нүүрсний илэрц байхгүй гэдгийг тогтоосон гэх 2018 оны 10 сарын 18-аас 23-ны өдрүүдэд ажилласан товч тайлангаар хөөн хэлэлцэх хугацааг эхлэн тоолж, шаардах эрх нь үүссэн, нэхэмжлэгч нь хариуцагчтай байгуулсан гэрээнээс татгалзаж байгаа мэтээр тайлбарласан нь үндэслэлгүй, шүүгч хэрэгт авагдсан нотлох баримтуудын үнэн зөвөөр үнэлж дүгнэсэн, хэрэгт ач холбогдолтой нөхцөл байдлыг ойлгож шийдвэр гаргасан эсэхэд эргэлзээ төрүүлж байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5 дах хэсэгт “эрх зүйн чадамжгүй этгээдийн хийсэн хэлцэл” хүчин төгөлдөр бус байх талаар зохицуулсан байх ба Б.Ж-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ж.С-, О.Д- нарт холбогдох хэрэгтэй ямар ч хамааралгүй хуулийн зохицуулалт байна. Шүүхийн шийдвэрт талуудын хооронд байгуулагдсан хэлцлийн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 дах хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож шийдвэрлэсний үр дагаварт Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасны дагуу “Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй” гэж тусгасан байдаг. Гэтэл шүүхээс талуудын хооронд байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, нэхэмжлэгч Б.Ж-гээс хариуцагч нарт өгсөн гэх 8 600 000 төгрөг, 160 000 000 төгрөгийн үнэлгээтэй автомашины үнийг хариуцагч нараас гаргуулахаар шийдвэрлэсэн атлаа, нэхэмжлэгч Б.Ж-гийн тус гэрээний дагуу өөртөө хүлээн авсан 722.21 гектар талбайд дугаар 15440Х хайгуулын тусгай тусгай зөвшөөрөлтэй, тусгай зөвшөөрлийн хугацаа нь хоёр дахь жилдээ үргэлжилж байгаа /он залуу/, хайгуулын үйл ажиллагаа явагдаагүй “Нарука” ХХК-ийг өөрийн хүлээн авсан байдлаар нь нэхэмжлэгчээс гаргуулж, хариуцагч О.Д-д олгуулах талаар нэг ч үг үсэг тусгаагүй, хэт нэг талыг барьж үндэслэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн байна. Ашигт малтмал газрын тосны газраас гаргуулсан нотлох баримтанд тухайн тусгай зөвшөөрөл нь Ашигт малтмалын тухай хуулийн дагуу 2019 оны 01 сарын 26-ны өдөр хугацаа нь дууссан бөгөөд дахин хуулиараа сэргээх ямар ч боломжгүй болсон талаар хариуцагч талаас шүүх хуралдааны мэтгэлцээний шатанд дурьдаад байхад шүүх энэхүү үйл баримт, нотлох баримтуудыг үнэлэлт дүгнэлт хийсэнгүй. Хайгуулын тусгай зөвшөөрөлтэй компанийн үнэлгээ нь тухайн хайгуул хийх тусгай зөвшөөрөлтэй талбайн хэмжээ, тусгай зөвшөөрлийн хугацаа, хэд дэх жилдээ байгаа, тухайн газартай ойролцоо газарт нь ашигт малтмал илэрсэн эсэхээс хамаарч харилцан адилгүй байдаг. Тухайн хайгуулын тусгай зөвшөөрлийн дагуу хайгуул хийж тус газарт ашигт малтмал илэрвэл үнэлгээ хэдэн арав дахин нэмэгдэх ба тус газарт ашигт малтмалын илэрцгүй бол тусгай зөвшөөрөл нь ямар ч хэрэгцээгүй, үнэлгээгүй болж үлддэг. Ийм ч учраас хайгуулын тусгай зөвшөөрөлтэй компани худалдан авах асуудал нь азын сугалаа татахтай адил эрсдэлтэй бизнесийн үйл ажиллагаа юм. Гэтэл нэхэмжлэгч Б.Ж- нь "Нарука” ХХК-ийн үйл ажиллагааг 6 жилийн турш удирдаж, тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулан, өрөмдлөг хийлгэж, ашигт малтмалын илэрц байгаа эсэхийг тогтоолгоход илэрцгүй газар гэх хариу гарсны дараагаар дээрх нэхэмжлэлийг гаргаж, компанийн хувьцаа, компанийн эрхийг шилжүүлэн авсан хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэл гаргаж байгаа нь шударга ёсонд хэр нийцэх вэ гэдгийг ч шүүхээс шийдвэр гаргахдаа тусгах ёстой гэж үзэж байна. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт “Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжпэгчид хуваарилан хариуцуулна” гэж зохицуулсан байхад нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн атлаа улсын тэмдэгтийн хураамжийг бүхэлд нь хариуцагч нарт хариуцуулсан нь үндэслэлгүй, хууль зөрчсөн шийдвэр болсон байна. Иргэний хуулиар бэлэг өгсөн хүн нь гомдож гэрээнээсээ татгалзаж болдог атал, бэлэг авсан хүн нь гомдоод гэрээнээсээ татгалзаад байгаа нь өөрөө мөн хууль бус байна. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 102/ШШ2019/02448 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

                                     

            Нэхэмжлэгч Б.Ж- нь хариуцагч О.Д-, Ж.С- нарт холбогдуулан 2012 оны 11 сарын 05-ны өдрийн бэлэглэлийн гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, гэрээний үнийн дүнд төлсөн 180 600 000 төгрөг, гэрээнээс учирсан хохиролд 143 611 970 төгрөг, нийт 324 211 970 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

            Нэхэмжлэгч Б.Ж-, хариуцагч Ж.С- нар нь хариуцагч О.Д-тэй 2012 оны 11 сарын 05-ны өдөр компанийн эрх шилжүүлэх гэрээ байгуулж, уг гэрээгээр хариуцагч О.Д- нь “Нарука” ХХК-ийн 1 000 000 төгрөгийн үнэ бүхий 100 хувийн хувьцааг эрх хүлээн авагч Б.Ж-, Ж.С- нарт шилжүүлэх, Б.Ж-, Ж.С- нар нь эрх шилжүүлэгчийн өгсөн баримт бичгүүдийг 1 хоногийн хугацаанд хянаж үзэхээр харилцан тохиролцсон байна.

            Мөн өдөр талууд хувьцаа бэлэглэлийн гэрээг байгуулж, уг гэрээгээр хариуцагч О.Д- нь 1 бүр нь 10 000 төгрөгийн үнэтэй, “Нарука” ХХК-ийн 100 ширхэг хувьцааг нийт 1 000 000 төгрөгөөр нэхэмжлэгч Б.Ж-, хариуцагч Ж.С- нарт хариу төлбөргүй бэлэглэх гэрээ байгуулж, улмаар нэхэмжлэгч Б.Ж-, хариуцагч Ж.С- нар нь 2012 оны 11 сарын 15-ны өдөр ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлтэй “Нарука” ХХК-ийн 50, 50 хувийн хувьцаа эзэмшигчээр улсын бүртгэлд бүртгүүлэн, захирлаар Б.Ж-г томилсон нь зохигчдын тайлбар, компанийн эрх шилжүүлэх гэрээ, хувьцаа бэлэглэлийн гэрээ, улсын бүргэлийн гэрчилгээ зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 14-15-р тал/ 

 

                        Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйгээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ.

 

            Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ “Нарука” ХХК-ийг тусгай зөвшөөрлийн хамт Ж.С- бид хоёр тус бүр 180 000 000 төгрөг гаргаж нийт 360 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон, би О.Д-д бэлнээр 20 600 000 төгрөг, “Хаммер эйч2” автомашиныг 160 000 000 төгрөгт тооцож, нийт 180 600 000 төгрөгийг төлсөн, гэвч хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий газарт нүүрсний илэрц байхгүй болох нь тогтоогдсон тул намайг хууран мэхэлж хийсэн хэлцэл гэж үзнэ гэжээ. Түүнчлэн компанийн хувьцаа бэлэглэлийн гэрээ нь худалдах, худалдан авах гэрээг халхавчилж хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл тул гэрээний дагуу шилжүүлсэн 180 600 000 төгрөг, гэрээнээс учирсан хохирол 143 611 970 төгрөг, нийт 324 211 970 төгрөгийг гаргуулна гэж шаарджээ.

 

            Нэхэмжлэгч Б.Ж- нь хариуцагч нарт холбогдуулан дээрх үндэслэлээр бэлэглэлийн гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, гэрээний үнийн дүнд төлсөн гэх 180 600 000 төгрөг, гэрээнээс учирсан хохирол гэх 143 611 970 төгрөг, нийт 324 211 970 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан боловч тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа баримтаар нотлоогүй, нэхэмжлэлийн үндэслэл нь шаардлагатай тохироогүй байна. /хх-ийн 1-6-р тал/

 

            Тодруулбал, талууд 2012 оны 11 сарын 05-ны өдөр “Нарука” ХХК-ийн эрх шилжүүлэх гэрээг байгуулсан, уг гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байх бөгөөд хэн алины хүсэл зоригийн илэрхийлэл болсон хүчин төгөлдөр хэлцэл гэж үзнэ.

 

            Гэвч дээрх гэрээнд “Нарука” ХХК-ийг тусгай зөвшөөрлийн хамт нийт 360 000 000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохиролцсон гэх үндэслэлгүй байх бөгөөд нэхэмжлэгч Б.Ж- нь хариуцагч О.Д-д гэрээний үнийн дүнд 180 600 000 төгрөг төлсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна. Түүнчлэн нэхэмжлэгч Б.Ж- нь гэрээ байгуулснаас хойш 6 жилийн хугацаанд компанийг удирдан, хайгуулын үйл ажиллагаа явуулж ирсэн байх бөгөөд компаний үйл ажиллагаанд зарцуулсан гэх мөнгийг хохирол хэмээн шаардсан нь үндэслэлгүй болно.

 

            Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Ж-, хариуцагч О.Д-, Ж.С- нарын байгуулсан 2012 оны 11 сарын 05-ны өдрийн бэлэглэлийн гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, гэрээний үнийн дүнд төлсөн гэх 180 600 000 төгрөг, гэрээнээс учирсан хохирол гэх 143 611 970 төгрөг, нийт 324 211 970 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Ж-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

            Нөгөө талаар хариуцагч нар нь нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэх үндэслэл тогтоогдоогүй болно.

 

                        Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Ж-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 сарын 19-ний өдрийн 102/ШШ2019/02448 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч О.Д-, Ж.С- нарт холбогдуулан гаргасан 2012 оны 11 сарын 05-ны өдрийн бэлэглэлийн гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, нийт 324 211 970 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Ж-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 095 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

                   

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           М.НАРАНЦЭЦЭГ                                      

                                         ШҮҮГЧИД                                                С.ЭНХТӨР                                                                                        

                                                                                                            Г.ДАВААДОРЖ