Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 001/ХТ2021/01130

 

 

,,,,,,,,,,,,,,,,,гийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Б.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 102/ШШ2019/02448 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2134 дүгээр магадлалтай,

,,,,,,,,,,,,,,,,,гийн нэхэмжлэлтэй,

,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,, нарт холбогдох

2012 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн бэлэглэлийн гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, гэрээний үнийн дүнд төлсөн 180,600,000 төгрөг, гэрээнээс учирсан хохиролд 143,611,970 төгрөг, нийт 324,211,970 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,,,,,,,,,,,,, , нэхэмжлэгчийн өмгөөлөгч ,,,,,,,,,,,,, , хариуцагч ,,,,,,,,,,,,,ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,,,,,,,,,,,,, , нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: ,,,,,,,,,,,,,,,,, нь ,,,,,,,,,,,,,,,той эртний танил, найзууд юм. 2012 онд ,,,,,,,,,,,,,,, нь ,,,,,,,,,,,,,,,,,д уул уурхай, барилгын салбарт ажиллаж байгаа, ажил сайн явж байна, найздаа тусална, хамтран ажиллана, бид 2 бие биедээ туслах ёстой хүмүүс гэж ярьсан байдаг. 2012 оны сүүлээр ,,,,,,,,,,,,,,, нь ,,,,,,,,,,,,,,,,,д за найзаа чи надтай маш яаралтай уулз, ашигтай бизнесийн санаа байна. Нүүрсний лицензтэй компани байна, би бүх зүйлийг газар дээр нь хүн явуулаад шалгуулчихсан. Захирал нь миний хуурай ах, итгэлтэй гэж хэлээд тухайн компанийг худалдан авах санал тавьсан. ,,,,,,,,,,,,,,,,, би уул уурхайн талаар ямар ч мэдлэггүй гэж хэлэхэд ,,,,,,,,,,,,,,, надад итгэ, асуудал байхгүй, хоёулаа 180,000,000, 180,000,000 төгрөг гаргаад компанийг авъя, би ,,,,,,,,,,,,, ахыг гуйж байгаад үнийг нь буулгасан, хурдан авахгүй бол сонирхсон хүн их байна гэж ятгасан. Ингээд ,,,,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,,ыг дагаад ,,,,,,,,,,,,, дээр очиж уулзахад алсдаа тэрбум тэрбумаар л ярих орд шүү, ,,,,,,,,,,,,,,,ыг гуйгаад байхаар нь үнийг буулгалаа гэж хэлсэн байдаг. Компанийг ,,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,,,, нар 360,000,000 төгрөгөөр худалдаж авахаар болоод 180,000,000, 180,000,000 төгрөг гаргаад 50, 50 хувиар нь авахаар тохирсон. Ингээд тохирсны дагуу ,,,,,,,,,,,,,,,,, нь ,,,,,,,,,,,,,д 20,600,000 төгрөгийг бэлнээр өгч, үлдэх 160,000,000 төгрөгт нь 105,000 ам.доллароор ,,,,,,,,,,,,,, гэх хүнээс авсан Америкт үйлдвэрлэсэн Хаммер H2 загварын авто машиныг өгсөн. Ингэж өгөхөд нь машиныг ,,,,,,,,,,,,,,, би энэ компанийг худалдаж авах ажлыг хариуцаж байгаа учир энэ машиныг чинь ,,,,,,,,,,,,, ахад өгье, бид хоёрын хооронд бас өөр тооцоо бий гэж хэлээд автомашиныг аваад явсан. Тэгээд улсын бүртгэлийн газарт очиж “,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн 50, 50 хувийн хувьцаа эзэмшигчээр ,,,,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,, нар бүртгүүлсэн. Компанийн үйл ажиллагааг өнгөрсөн 6 жилийн хугацаанд ,,,,,,,,,,,,,,,,, бүхэлд нь авч явж ирсэн бөгөөд татвар, нийгмийн даатгалд тайлан гаргах, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах зэрэгтэй холбоотой бүх зардлыг тэрээр ганцаараа өөрийн мөнгөөр төлж ирсэн. Улмаар энэ компанийн үйл ажиллагааг авч явахын тулд бусдаас их хэмжээний мөнгийг өндөр хүүтэй зээлж авч, өөрийнхөө ээжийн байр, өөрийн байр зэргээ энэ зээлийнхээ төлбөрт алдсан болно. Тухайн үед буюу 2012.11.05-ны өдөр ,,,,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,, нар нь “,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийг тусгай зөвшөөрлийн хамт худалдаж авсан боловч хувьцаа бэлэглэлийн гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэж үзэхээр байна. Мөн компанийн эрх шилжүүлэх гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т заасан хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл гэж үзэхээр байна. ,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,, нар нь бэлэглэл, хувьцаа шилжүүлэх гэрээ хийх үедээ “,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн эзэмшлийн Говь-Алтай аймгийн Алтай сумын Гурван хайрхан гэх газар орших ашигт малтмалын хайгуулын ,,,,,440Х дугаартай тусгай зөвшөөрөлтэй 722.21 гектар талбайтай газарт их хэмжээний нүүрсний нөөц байгаа, бид нар шалгасан, урьдчилсан хайгуул хийсэн гэж ,,,,,,,,,,,,,,,,,г хуурч, төөрөгдүүлсэн. ,,,,,,,,,,,,,,,,, нь энэ тухай 2018 оны 10 сард олж мэдсэн. Тухайн дугаар бүхий талбай дээр 2018 оны 10 сард Н.Алтанхуяг ахлагчтай мэргэжлийн геологичдын баг 6 хоног ажиллаад “,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн эзэмшлийн Говь-Алтай аймгийн Алтай сумын Гурван хайрхан гэх газар орших ашигт малтмалын хайгуулын ,,,440Х дугаартай тусгай зөвшөөрөлтэй 722.21 гектар талбайд нүүрсний ямар ч илэрц байхгүйг тогтоосон бөгөөд ,,,,,,,,,,,,,,,,,д анх өгсөн зураг талбай дээр цооног ухаж, нүүрс гаргасан байгаа цэг нь “,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн эзэмшлийн талбайгаас өөр цэгт байдгийг тогтоосон. Ингээд ,,,,,,,,,,,,,,,,, энэ талаар мэдсэн даруйдаа ,,,,,,,,,,,,,,,од мэдэгдэн гэрээний дагуу төлсөн мөнгөө авах, ,,,,,,,,,,тэй уулзуулахыг шаардсан. Гэвч ,,,,,,,,,,,,,,, нь би ,,,,,,,,,, ахтай ойрд уулзаагүй, хүлээж бай, би өөрөө зохицуулна гэж хэлсэн. ,,,,,,,,,,,,,,,,, нь “,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн үйл ажиллагааг хэвийн явуулахын тулд маш их хэмжээний мөнгийг бусдаас өндөр хүүтэй зээлж авсан ба өнөөдрийн байдлаар зээлийн хүүд 120,305,400 төгрөг төлсөн, мөн тухайн компанид сүүлийн 6 жилийн зарцуулсан зардал нь 23,306,570 төгрөг, нийт 143,611,970 төгрөг болж байна. ,,,,,,,,,,,,,,,,, нь тухайн компанийг худалдан авахдаа өөрийн танил ,,,,,,,,,,,,, гэх хүнээс Хаммер H2 автомашиныг 105,000 ам.долларт тооцож авсан, уг автомашины үнийг төлөхдөө 2013.01.23-ны өдөр ,,,,,,,,,,,,,,,,, нь өөрийн 3 өрөө орон сууцаа барьцаалж, ,,,,,,,,,,,, гэх хүнээс зээлийн гэрээгээр 80,000,000 төгрөгийг 6 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай зээлж авч өгсөн, энэ зээлийн хүүнд 5,600,000 төгрөг төлж, 1 сар 8 хоногийн дараа зээлийг хаасан. Дээрх зээлийг хаахын тулд 2013.01.23-нд ,,,,,,,,,аас 85,000,000 төгрөгийг 4.5 хувийн хүүтэйгээр мөн орон сууцаа барьцаалж авсан, энэ зээлийн хүүнд 5,640,500 төгрөг төлсөн. Дахин хүүгээ багасгахаар ,,,,,,,,,ээс 2013.6.03-ны өдөр 85,000,000 төгрөгийг зээлж, ,,,,,,,,,,,аас авсан зээлээ хаасан. Мөн ,,,,,,,,,,,,ээс 2016.6.04-нд найзынхаа байрыг барьцаалж 50,000,000 төгрөгийг 3 хувийн хүүтэй зээлж, Хаммер H2 автомашины эзэнд төлсөн. Уг 2 зээлийн хэмжээ 135,000,000 төгрөг болсон ба хүүнд нь нийт 6 сарын хугацаанд 24,100,000 төгрөг төлсөн. Тэрээр дахин хүүгээ багасгах зорилгоор Хас банкнаас хадгаламж барьцаалсан зээлийг ,,,,,,,,,,,,,аар авахуулж, өөрийн болон найзынхаа байрыг барьцаалсан зээлийг хаасан. Уг зээлийг 1 сарын хугацаатай авсан учир ,,,,,,,,,,аас 2014.01.04-ний өдөр 95,000,000 төгрөгийг 4 хувийн хүүтэйгээр мөн зээлсэн, ,,,,,,,,,,ээс 60,000,000 төгрөг 2014.02.20-нд 3.5 хувийн хүүтэй зээлж, ,,,,,,,,,,ын зээлийг төлж барагдуулсан. ,,,,,,,,,,ын зээлийн хүүнд 15,200,000 төгрөгийг төлсөн. Зээлээ төлөөгүй дахин 6 сараар сунгасан бөгөөд хугацаандаа төлж барагдуулаагүйн улмаас ээжийнхээ байрыг 95,000,000 төгрөгийн үндсэн болон сунгалтын 6 сарын хугацааны хүү 22,800,000 төгрөг, нийт 117,800,000 төгрөгт тооцон шилжүүлсэн. ,,,,,,,,,,ээс авсан 60,000,000 төгрөгийн зээлийн хүүнд 41,000,000 төгрөгийг төлсөн. Хаммер машины үлдэгдэл төлбөрийг өгөхийн тулд 2014.6.03-нд ,,,,,,,,,,аас 45,000,000 төгрөгийг зээлсэн, уг зээлийг төлж дуусгасан. Ж.Баярмаад зээлийн хүүнд 2,951,000 төгрөг төлсөн. Дээрх зээлүүдийн хүүнд өнгөрсөн хугацаанд ,,,,,,,,,,аас авсан зээлийн хүүнд 44,800,000 төгрөг, ,,,,,,,,,,аас авсан зээлийн хүүнд 8,592,000 төгрөг, ,,,,,,,,,,ээс авсан зээлийн хүүнд 65,100,000 төгрөг, Хас банкнаас авсан зээлийн хүүнд 1,813,400 төгрөг, нийт 120,350,400 төгрөгийг төлжээ. “,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн сүүлийн 6 жилийн татвар, нийгмийн даатгалын тайланг бусдыг хөлсөлж гаргуулсны хөлс, тусгай зөвшөөрлийн сунгалтын төлбөр, байгаль орчны төлбөр, геологийн баг хөлсөлсөн ба ажилчдын хоол, буудлын төлбөр, түлшний төлбөрт нийт 20,306,570 төгрөгийг зарцуулсан байна. Иймд ,,,,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,, нарын хооронд 2012.11.05-ны өдөр байгуулагдсан хувьцаа бэлэглэлийн гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээнүүдийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 56.1.10-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, гэрээний дагуу шилжүүлсэн 180,600,000 төгрөг, гэрээнээс учирсан хохирол буюу иргэд, банкнаас зээлсэн зээлийн хүүнд төлсөн 120,305,400 төгрөг, “,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн сүүлийн 6 жилийн үйл ажиллагаанд зарцуулсан 23,306,570 төгрөг, нийт 324,211,970 төгрөгийг хариуцагч нараас хувь тэнцүүлэн гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ,,,,,,,,,,,,,,,ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: ,,,,,,,,,,,,,,, нь “,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн хувьцаа эзэмшигч ба хариуцагч биш. ,,,,,,,,,,,,,,,,,тэй адил хохирол хүлээсэн этгээд. Анх ,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,тэй уулзаж, компанийг худалдаж авах асуудал эхэлсэн нь үнэн. Гэхдээ нэхэмжлэгч талын тайлбарласан шиг хоосон газар санал болгон ухуулж, залилсан зүйл байхгүй. Зэргэлдээ газраас илэрц гарсан учраас “,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийг авч, үйл ажиллагаа явуулах болсон. Талууд компанийг өгч, авалцахдаа ямар ч үнэ яриагүй, эрх шилжүүлж авсан. Үүнээс хойш нэхэмжлэгч 6 жилийн хугацаанд компанийг ажиллуулж, татвар төлж, тайлан тооцоо гаргаж яваад өөрийн буруугаас лицензээ хураалгасан. ,,,,,,,,,,,,,,,,, өгсөн, авснаа буцаая гэж байгаа бол лицензийг мөн өгөх ёстой. Х лиценз эрсдэлтэй, юм гарч болно, гарахгүй ч байж болно. Талууд анх гэрээ байгуулахдаа энэ байдлыг ойлгож, эрсдэлийг хамтдаа хүлээхээр болсон. Компанийн хувьцаа эзэмшигч нар асуудлыг дотроо компанийн тухай хуулиар шийдэх боломжтой байхад ,,,,,,,,,,,,,,,ыг хариуцагчаар татсан нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч тал зүс царай нь мэдэгдэхгүй, 3 хүний ярианд үзлэг хийлгэсэн. Уг бичлэгийг шүүх үнэлэхгүй байх. Хэрэв ,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,,,,г хуурсан бол компанийн 50 хувийг эзэмшихгүй байх байсан. Талуудын хооронд хүчин төгөлдөр бэлэглэлийн гэрээ байгуулагдсан. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан өөр хэлцлийг халхавчилсан хэлцэл байгуулагдаагүй. Нэхэмжлэгч компанийн төлбөрт машин өгсөн гэдэг. Гэтэл баримт нь байдаггүй. Нэхэмжлэгч өр зээлтэй холбоотой баахан баримт хамж авчраад хохирол гэж хариуцагч нараас нэхэмжилдэг. Нэхэмжлэгч талын гаргасан зээлийн гэрээний хөөн хэлэлцэх хугацаа юу болсон билээ. Талуудын хооронд өгсөн, авсан зүйл, тодорхой баримт байхгүй. Эрсдэлээ хамт үүрсэн. Нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх өмнөх шүүх хуралдаан дээр өгсөн тайлбараа дэмжиж байна. “,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийг бэлэглэлийн гэрээгээр ,,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,, нар шилжүүлж авсан нь үнэн. Компанийг шилжүүлж авахад ямар нэгэн үнэ төлбөр яригдаагүй, ,,,,,,,,,,,,,,, нь энэ гэрээний хариуд ,,,,,,,,,,д мөнгө төлөөгүй, аливаа үүрэг хүлээгээгүй. Х лиценз гэдэг бол яг л казино тоглож байгаатай адилхан эрсдэлтэй зүйл, тухайн газарт өрөм тавьж үзлээ, юм гарч ирэх, ирэхгүй нь тодорхойгүй. Ийм л зүйлийг худалдаж авсан. Эрсдэлээ өөрсдөө хариуцах ёстой. ,,,,,,,,,,,,,,, ч бас энэ гэрээнээс болж хохирсон, гэтэл өнөөдөр хариуцагч болчихсон явж байна, тэрээр хариуцагч биш гэжээ.

Хариуцагч ,,,,,,,,,,ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 2012 онд нэхэмжлэгч тал компанийн эрх, үүргийг шилжүүлэн авч, компанийн үйл ажиллагааг 6 жил явуулсан. Манай талаас бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр гэж үзэж байгаа. ,,,,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,, нарын байгуулсан гэрээний дагуу талуудад өгсөн, авсан зүйл байдаггүй. 2012.11.05-ны өдөр байгуулсан бэлэглэлийн гэрээний дагуу ,,,,,,,,,, компанийг хувьцааг бэлэглэсэн. Иргэний хуулийн 276 дугаар зүйлд зааснаар ,,,,,,,,,, гэрээний дагуу ,,,,,,,,,,,,,,,,,гээс хариу төлбөр аваагүй. Нэхэмжлэгч тал төлбөрт Хаммер H2 маркийн автомашин өгсөн гэдэг. Гэтэл ,,,,,,,,,,нд машин хүлээлгэж өгөөгүй. 20,600,000 төгрөг бэлэн бусаар өгсөн гэдэг. ,,,,,,,,,,,,,,,,, нь ,,,,,,,,,,д 12,000,000 төгрөг өгсөн гэсэн баримт байдаггүй, ,,,,,,,,,,,,,,,,, компанийн эрх шилжүүлж авснаас хойш 4 удаагийн үйлдлээр дансаар ,,,,,,,,,,д 8,600,000 төгрөг шилжүүлсэн. Хариуцагч ,,,,,,,,,,нь ,,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,,,, нарт компанийн эрх шилжүүлсний дараа хайгуулын ажил хэрхэн хийх талаар буюу шинээр бизнес эхлүүлж буй хүмүүст зөвлөгөө мэдээлэл өгч 1-2 жил байнгын холбоотой байсан гэж тайлбарладаг. ,,,,,,,,,,,,,,,,, нь энэ хугацаанд гарсан зардалд ,,,,,,,,,,д 8,600,000 төгрөг төлсөн. ,,,,,,,,,,,,,,,,, Хаммер H2 маркийн авто машиныг хүнээс зээлээр худалдаж авсан гэсэн баримтыг шүүхэд өгсөн. Гэтэл гэрээ хэзээ байгуулагдсан нь тодорхойгүй, 2018.11.30-ны өдөр гэрээг нотариатаар батлуулсан. Гэрээний дагуу П.Аюушжаваас ,,,,,,,,,,,,,,,,,д машин шилжсэн эсэх нь тодорхойгүй. Талуудын байгуулсан бэлэглэлийн гэрээ хүчин төгөлдөр тул хүчин төгөлдөр бусд тооцуулах үндэслэлгүй байна. Шүүхээс бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзэж шийдвэр гарлаа гэж бодоход нэхэмжлэгч тал компанийг шилжүүлэн аваад 6 жил үйл ажиллагаа явуулсан. Ашиг олох зорилгоор 6 жилийн хугацаанд лицензээ сунгуулаад явж байсан. Компанийн 50 хувийн эзэмшигч нь ,,,,,,,,,,,,,,, 50 хувийн эзэмшигч нь ,,,,,,,,,,,,,,,,, байсан. Компани өөрийн үйл ажиллагаанд зарцуулсан, ашиг олохоор өөрөөсөө гаргасан уг зардлыг хариуцагчаар татагдсан ,,,,,,,,,,ээс гаргуулах гэж байгаа нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэлийн 4 дэх шаардлагын хувьд машиныг хүлээж аваагүй учраас зээлтэй холбоотой асуудал нь хариуцагчид ямар ч хамааралгүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 102/ШШ2019/02448 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,, хариуцагч ,,,,,,,,,, , ,,,,,,,,,, нарын хооронд 2012 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр байгуулагдсан компанийн эрх шилжүүлэх гэрээ, компанийн хувьцаа бэлэглэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5, 76 дугаар зүйлийн 76.4, 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч ,,,,,,,,,, , ,,,,,,,,,, нараас 168,600,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 155,611,970 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,гээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,077,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ,,,,,,,,,, , ,,,,,,,,,, нараас улсын тэмдэгтийн хураамжид 2,077,400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид тус тус олгож  шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2134 дүгээр магадлалаар Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 сарын 19-ний өдрийн 102/ШШ2019/02448 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч ,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,, нарт холбогдуулан гаргасан 2012 оны 11 сарын 05-ны өдрийн бэлэглэлийн гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, нийт 324,211,970 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,095,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Жадамбын хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.12.19-ний өдрийн 2134 дүгээр магадлал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэн дараах гомдлыг гаргаж байна. Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,, нь хариуцагч ,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,, нарт холбогдуулан 2012.11.05-ны өдрийн бэлэглэлийн гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээнүүд нь хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагавар, учирсан хохирлыг арилгуулахаар шаардсан болно. Хэдийгээр анхан шатны шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлд дээрх гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулж гэж тодорхойлсон ч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулсан, хариуцагч энэхүү тодруулсан шаардлагын хүрээнд мэтгэлцсэн болно. Давж заалдах шатны шүүхээс хэргийг хянаад нэгдүгээрт: “2012.11.05-ны өдрийн бэлэглэлийн гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэн, түүний үр дагаврыг арилгуулахаар шаардсан гэж үзэх үндэслэлтэй, хоёрдугаарт: 2012.11.05-ны өдөр байгуулагдсан хоёр гэрээгээр хайгуулын тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудал тусгайлан зохицуулаагүй байхад анхан шатны шүүх хайгуулын тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудлыг шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй,  гуравдугаарт: 2012.11.05-ны өдөр “,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн эрх шилжүүлэх гэрээг байгуулсан, уг гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах, худалдан авах гэрээ байх бөгөөд хэн алины хүсэл зоригийн илэрхийлэл болно, хүчин төгөлдөр хэлцэл гэж зөрүүтэй дүгнэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна. Түүнчлэн, давж заалдах шатны шүүх хэргийн үйл баримт, нотлох баримтад тулгуурлан хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй, анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөн шийдвэрлэх үндэслэлгүй, нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага хоорондоо тохирохгүй байгаа тохиолдолд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон гэж танилцуулсан атлаа бичгээр үйлдсэн магадлалд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн гэжээ. Өөрөөр хэлбэл, давж заалдах шатны шүүх хэргийг хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд шийдвэрлэх боломжгүй, нэхэмжлэлийн шаардлага болоод үндэслэл тодорхойгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох тухай агуулга бүхий шийдвэрийг уншиж танилцуулсан байдаг. Иймд хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргасан байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “... Давж заалдах шатны шүүх хэргийн үйл баримт, нотлох баримтад тулгуурлан хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй, анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөн шийдвэрлэх үндэслэлгүй, нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага хоорондоо тохирохгүй байгаа тохиолдолд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон гэж танилцуулсан атлаа бичгээр үйлдсэн магадлалд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн гэжээ. Өөрөөр хэлбэл, давж заалдах шатны шүүх хэргийг хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд шийдвэрлэх боломжгүй, нэхэмжлэлийн шаардлага болоод үндэслэл тодорхойгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох тухай агуулга бүхий шийдвэрийг уншиж танилцуулсан байдаг...” гэх хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлтэй байна.

Учир нь, давж заалдах шатны шүүх хуралдааны бичлэгт даргалагч шүүгчээс шүүхийн шийдвэрийг уншиж танилцуулахдаа “... Нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаас үзэхэд талуудын хооронд 2012.11.05-ны өдөр байгуулагдсан компанийн эрх шилжүүлэх гэрээ, хувьцаа бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж тооцуулахаар, түүний үр дагаврыг арилгуулахаар шаардсан гэж үзэх үндэслэлтэй байна. Гэтэл тухайн өдөр байгуулагдсан хоёр өөр нэртэй, хоёр гэрээ байгаа, энэ гэрээний дагуу шүүхийн шийдвэрлээд байгаа талуудын маргааны зүйл болоод байгаа хайгуулын лицензтэй холбоотой асуудал тусгайлан тусгагдаж тохиролцоогүй юмаа, энэ гэрээ дотор тийм юм харагдахгүй байна. Тэгэхээр яг энэ байгуулагдсан гэрээний хүчин төгөлдөр байдал дээр яригдана уу гэхээс биш тухайн гэрээгээр юу шийдсэн бэ гэдэг тодорхойгүй байгаа тохиолдолд энэ хувьцаанд хамаарагдаж байгаа өөр эд хөрөнгөөс тусгайлан хайгуулын  лицензтэй холбоотой асуудлыг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзнэ. Нөгөө талаас энэ хоёр гэрээ, өөрөөр хэлбэл, бэлэглэлийн гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээ гэж байгуулагдсан байгаа 2012.11.05-ны өдрийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх, түүнтэй холбоотой гэрээний дагуу шилжүүлсэн гэж байгаа 180,600,000 төгрөг, учирсан хохирол гэх үр дагавар болох 143,618,970 төгрөгийг гаргуулах тухай энэ үндэслэл нь шаардлагатайгаа тохирохгүй байна. Тийм учраас давж заалдах шатны шүүх хэргийн баримт, талуудын тайлбарт үндэслэн хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй, тийм өөрчлөлт оруулах замаар анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлтийг өөрчлөн шийдвэрлэх үндэслэлгүй, нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага хоорондоо тохирохгүй байгаа ийм тохиолдолд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож байна...” гэжээ.

Үүнээс үзвэл, хэдийгээр даргалагч шүүгч “нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож байна” гэж танилцуулсан боловч үндэслэлээ “... хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй, тийм өөрчлөлт оруулах замаар анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлтийг өөрчлөн шийдвэрлэх үндэслэлгүй нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага хоорондоо тохирохгүй байгаа ийм тохиолдолд...” гэсэн нь хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаах агуулга бүхий дүгнэлт байна.

Мөн даргалагчаас “....маргааны зүйл болоод байгаа хайгуулын лицензтэй холбоотой асуудал тусгайлан тусгагдаж тохиролцоогүй, энэ гэрээ дотор тийм юм харагдахгүй байна. Тэгэхээр яг энэ байгуулагдсан гэрээний хүчин төгөлдөр байдал дээр яригдана уу гэхээс биш тухайн гэрээгээр юу шийдсэн бэ гэдэг тодорхойгүй байгаа тохиолдолд энэ хувьцаанд хамаарагдаж байгаа өөр эд хөрөнгөөс тусгайлан хайгуулын лицензтэй холбоотой асуудлыг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзнэ...” гэж шүүхийн шийдвэрийн үндэслэлээ танилцуулсан байх боловч энэ талаар магадлалд тодорхой заагаагүй, шүүхийн шийдвэр танилцуулснаас өөрөөр гарсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан “шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” хуулийн шаардлагад нийцээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчилд тооцогдоно.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн дээрх гомдол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчилтэй холбоотой байх тул уг гомдлоор магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх боломжгүй.

Иймд, шүүх бүрэлдэхүүн магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр давж заалдах шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзэв.      

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2134 дүгээр магадлалыг хүчингүй болгож, хэргийг давж заалдах шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр төлсөн 1000,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Г.ЦАГААНЦООЖ

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                       Г.АЛТАНЧИМЭГ

                         ШҮҮГЧИД                                                           Г.БАНЗРАГЧ

                                                                                                    П.ЗОЛЗАЯА

                                                                                                    Б.МӨНХТУЯА