Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 102/ШШ2019/02448

 

2019 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 102/ШШ2019/02448

Улаанбаатар хот

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ... дугаар хороо, ..... дүгээр хороолол, эрхүүгийн гудамж, .... дүгээр байр, ..... тоот хаягт оршин суух Ш овогт Б-ийн Ж /РД: 00000000/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, ... дугаар хороо, ... дугаар байр, .. тоот хаягт оршин суух, Б овогт О-ын Д /РД: 00000000/,

Хариуцагч: Сэлэнгэ аймаг, Хушаат сум, ... дугаар баг, Мөнхтолгойд оршин суух, Б овогт Ж-ын С /РД: 00000000/ нарт холбогдох,

2012 оны 11 сарын 05-ны өдрийн бэлэглэлийн гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, гэрээний үнийн дүнд төлсөн 180,600,000 төгрөг, гэрээнээс учирсан хохиролд 143,611,970 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Г.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Ж, хариуцагч О.Д-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, хариуцагч Ж.С-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхзул нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Б.Ж нь Ж.С-той эртний танил, найзууд юм. 2012 онд Ж.С нь Б.Ж-д уул уурхай, барилгын салбарт ажиллаж байгаа, ажил сайн явж байна, найздаа тусална, хамтран ажиллана, бид 2 бие биедээ туслах ёстой хүмүүс гэж ярьсан байдаг. 2012 оны сүүлээр Ж.С нь Б.Ж-д за найзаа чи надтай маш яаралтай уулз, ашигтай бизнесийн санаа байна. Нүүрсний лицензтэй компани байна, би бүх зүйлийг газар дээр нь хүн явуулаад шалгуулчихсан. Захирал нь миний хуурай ах, итгэлтэй гэж хэлээд тухайн компанийг худалдан авах санал тавьсан. Б.Ж би уул уурхайн талаар ямар ч мэдлэггүй гэж хэлэхэд Ж.С... надад итгэ, асуудал байхгүй, 2 лаа 180, 180 саяыг гаргаад компанийг авья, би О.Д ахыг гуйж байгаад үнийг нь буулгасан, хурдан авахгүй бол сонирхсон хүн их байна гэж ятгасан. Ингээд Б.Ж, Ж.С-ыг дагаад О.Д дээр очиж уулзахад ... алсдаа тэрбум тэрбумаар л ярих орд шүү, Сыг гуйгаад байхаар нь үнийг буулгалаа гэж хэлсэн байдаг. Компанийг С, Ж нар 360 саяар худалдаж авахаар болоод 180, 180 саяыг гаргаад 50, 50 хувиар нь авахаар тохирсон. Ингээд тохирсны дагуу Ж нь О.Д-д 20,600,000 төгрөгийг бэлнээр өгч, үлдэх 160,000,000 төгрөгт нь 105,000 ам.доллароор А гэх хүнээс авсан Америкт үйлдвэрлэсэн Хаммер Н2 загварын автомашиныг өгсөн. Ингэж өгөхөд нь машиныг Ж.С би энэ компанийг худалдаж авах ажлыг хариуцаж байгаа учир энэ машиныг чинь О.Д ахад өгье, бид 2-ын хооронд бас өөр тооцоо бий гэж хэлээд машиныг аваад явсан. Тэгээд улсын бүртгэлийн газарт очиж Н ХХК-ийн 50, 50 хувийн хувьцаа эзэмшигчээр Б.Ж, Ж.С нар бүртгүүлсэн.

Компанийн үйл ажиллагааг өнгөрсөн 6 жилийн хугацаанд Б.Ж бүхэлд нь авч явж ирсэн бөгөөд татвар, нийгмийн даатгалд тайланг гаргах, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах зэрэгтэй холбоотой бүх зардлыг тэрээр ганцаараа өөрийн мөнгөөр төлж ирсэн. Улмаар энэ компанийн үйл ажиллагааг авч явахын тулд бусдаас их хэмжээний мөнгийг өндөр хүүтэй зээлж авч, өөрийнхөө ээжийн байр, өөрийн байр зэргээ энэ зээлийнхээ төлбөрт алдсан болно.

Тухайн үед буюу 2012 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр Б.Ж, Ж.С нар нь Н ХХК-ийг тусгай зөвшөөрлийн хамт худалдаж авсан боловч хувьцаа бэлэглэлийн гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-д Өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэж үзэхээр байна. Мөн компанийн эрх шилжүүлэх гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл гэж үзэхээр байна.

О.Д, Ж.С нар нь бэлэглэл, хувьцаа шилжүүлэх гэрээ хийх үедээ Н ХХК-ийн эзэмшлийн Говь-Алтай аймгийн Алтай сумын Гурван хайрхан гэх газар орших ашигт малтмалын хайгуулын 00000 дугаартай тусгай зөвшөөрөлтэй 722.21 гектар талбайтай газарт их хэмжээний нүүрсний нөөц байгаа, бид нар шалгасан, урьдчилсан хайгуул хийсэн гэж Б.Ж*г хуурч, төөрөгдүүлсэн. Б.Ж нь энэ тухай 2018 оны 10 дугаар сард олж мэдсэн. Тухайн дугаар бүхий талбай дээр 2018 оны 10 дугаар сард Н.А ахлагчтай мэргэжлийн геологичдийн баг 6 хоног ажиллаад Н ХХК-ийн эзэмшлийн Говь-Алтай аймгийн Алтай сумын Гурван хайрхан гэх газар орших ашигт малтмалын хайгуулын 00000 дугаартай тусгай зөвшөөрөлтэй 722.21 гектар талбайд нүүрсний ямар ч илэрц байхгүйг тогтоосон бөгөөд Б.Ж-д анх өгсөн зураг талбай дээр цооног ухаж нүүрс гаргасан байгаа цэг нь Н ХХК-ийн эзэмшлийн талбайгаас өөр цэгт байдгийг тогтоосон. Ингээд Б.Ж энэ талаар мэдсэн даруйдаа Ж.С-д мэдэгдэн гэрээний дагуу төлсөн мөнгөө авах, О.Д-тэй уулзуулахыг шаардсан. Гэвч Ж.С нь би Д ахтай ойрд уулзаагүй, хүлээж бай, би өөрөө зохицуулна гэж хэлсэн.

 

Б.Ж нь Н ХХК-ийн үйл ажиллагааг хэвийн явуулахын тулд маш их хэмжээний мөнгийг бусдаас өндөр хүүтэй зээлж авсан ба нь өнөөдрийн байдлаар зээлийн хүүнд 120,305,400 төгрөг төлсөн, мөн тухайн компанид сүүлийн 6 жилийн зарцуулсан зардал нь 23,306,570 төгрөг, нийт 143,611,970 төгрөг болж байна. Б.Ж нь тухайн компанийг худалдах авахдаа өөрийн танил П.Ав гэх хүнээс Хаммер эйч 2 машиныг 105,000 ам.долларт тооцож авсан, уг машиныг үнийг төлөхдөө 2013 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр Б.Ж нь өөрийн 3 өрөө орон сууцаа барьцаалж Б.Г гэх хүнээс зээлийн гэрээгээр 80,000,000 төгрөгийг 6 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай зээлж авч өгсөн, энэ зээлийн хүүнд 5,600,000 төгрөг төлж, 1 сар 8 хоногийн дараа зээлийг хаасан. Дээрх зээлийг хаахын тулд 2013 оны 1 дүгээр сарын 23-нд Ж.Б-аас 85,000,000 төгрөгийг 4.5 хувийн хүүтэйгээр мөн орон сууцаа барьцаалж авсан, энэ зээлийн хүүнд 5,640,500 төгрөг төлсөн. Дахин хүүгээ багасгахаар Ц.А-ээс 2013 оны 6 дугаар сарын 3-ны өдөр 85,000,000 төгрөгийг зээлж Ж.Баярмаагаас авсан зээлээ хаасан. Мөн Ц.А-ээс 2016 оны 6 дугаар сарын 4-нд найзынхаа байрыг барьцаалж 50,000,000 төгрөгийг 3 хувийн хүүтэй зээлж Хаммер эйч 2 машины эзэнд төлсөн. Уг 2 зээлийн хэмжээ 135,000,000 төгрөг болсон ба хүүнд нь нийт 6 сарын хугацаанд 24,100,000 төгрөг төлсөн. Тэрээр дахин хүүгээ багасгах зорилгоор Хас банкнаас хадгаламж барьцаалсан зээлийг Н-аар авахуулж өөрийн болон найзынхаа байрыг барьцаалсан зээлийг хаасан. Уг зээлийг 1 сарын хугацаатай авсан учир Б.Г-с 2014 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр 95,000,000 төгрөгийг 4 хувийн хүүтэйгээр мөн зээлсэн, Ц.А-ээс 60,000,000 төгрөг 2014 оны 2 дугаар сарын 20-нд 3.5 хувийн хүүтэй зээлж Н-ын зээлийг төлж барагдуулсан. Б.Г-ын зээлийн хүүнд 15,200,000 төгрөгийг төлсөн. Зээлээ төлөөгүй дахин 6 сараар сунгасан бөгөөд хугацаандаа төлж барагдуулаагүйн улмаас ээжийнхээ байрыг 95,000,000 төгрөгийн үндсэн болон сунгалтын 6 сарын хугацааны хүү 22,800,000 төгрөг, нийт 117,800,000 төгрөгт тооцон шилжүүлсэн. Ц.А-ээс авсан 60,000,000 төгрөгийн зээлийн хүүнд 41,000,000 төгрөгийг төлсөн. Хаммер машины үлдэгдэл төлбөрийг өгөхийн тулд 2014 оны 6 дугаар сарын 3-нд Ж.Б-с 45,000,000 төгрөгийг зээлсэн, уг зээлийг төлж дуусгасан. Ж.Б-д зээлийн хүүнд 2,951,000 төгрөг төлсөн. Дээрх зээлүүдийн хүүнд өнгөрсөн хугацаанд Б.Г-с авсан зээлийн хүүнд 44,800,000 төгрөг, Ж.Б-с авсан зээлийн хүүнд 8,592,000 төгрөг, Ц.А-ээс авсан зээлийн хүүнд 65,100,000 төгрөг, Хас банкнаас авсан зээлийн хүүнд 1,813,400 төгрөг, нийт 120,350,400 төгрөгийг төлжээ.

Н ХХК-ийн сүүлийн 6 жилийн татвар, нийгмийн даатгалын тайланг бусдыг хөлсөлж гаргуулсны хөлс, тусгай зөвшөөрлийн сунгалтын төлбөр, байгаль орчны төлбөр, геологийн баг хөлсөлсөн ба ажилчдын хоол, буудлын төлбөр, түлшний төлбөрт нийт 20,306,570 төгрөгийг зарцуулсан байна.

Иймд Б.Ж, Ж.С, О.Д нарын хооронд 2012 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр байгуулагдсан Хувьцаа бэлэглэлийн гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээнүүдийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 56.1.10-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, гэрээний дагуу шилжүүлсэн 180,600,000 төгрөг, гэрээний учирсан хохирол буюу иргэд, банкнаас зээлсэн зээлийн хүүнд төлсөн 120,305,400 төгрөг, Н ХХК-ийн сүүлийн 6 жилийн үйл ажиллагаанд зарцуулсан 23,306,570 төгрөг, нийт 324,211,970 төгрөгийг хариуцагч нараас хувь тэнцүүлэн гаргуулж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-гийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Г.Б төлөөлөгчийн хэлсэн зүйлийг дэмжиж байна. Б.Ж, Ж.С, О.Д нарын хооронд 2012 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр байгуулагдсан Хувьцаа бэлэглэлийн гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээнүүдийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 56.1.10-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, гэрээний дагуу шилжүүлсэн 180,600,000 төгрөг, гэрээний учирсан хохирол буюу иргэд, банкнаас зээлсэн зээлийн хүүнд төлсөн 120,305,400 төгрөг, Н ХХК-ийн сүүлийн 6 жилийн үйл ажиллагаанд зарцуулсан 23,306,570 төгрөг, нийт 324,211,970 төгрөгийг хариуцагч нараас хувь тэнцүүлэн гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Ж.С-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Ж.С нь Н ХХК-ийн хувьцаа эзэмшигч ба хариуцагч биш. Б.Ж-тэй адил хохирол хүлээсэн этгээд. Анх Ж.С О.Д-тэй уулзаж, компанийг худалдаж авах асуудал эхэлсэн нь үнэн. Гэхдээ нэхэмжлэгч талын тайлбарласан шиг хоосон газар санал болгон ухуулж, залилсан зүйл байхгүй. Зэргэлдээ газраас илэрц гарсан учраас Н ХХК-ийг авч, үйл ажиллагаа явуулах болсон. Талууд компанийг өгч, авалцахдаа ямар ч үнэ яриагүй, эрх шилжүүлж авсан. Үүнээс хойш нэхэмжлэгч 6 жилийн хугацаанд компанийг ажиллуулж, татвар төлж, тайлан тооцоо гаргаж яваад өөрийн буруугаас лицензээ хураалгасан. Б.Ж өгсөн, авснаа буцаая гэж байгаа бол лицензыг мөн өгөх ёстой. Х лиценз эрсдэлтэй, юм гарч болно, гарахгүй ч байж болно. Талууд анх гэрээ байгуулахдаа энэ байдлыг ойлгож, эрсдэлийг хамтдаа хүлээхээр болсон. Компанийн хувьцаа эзэмшигч нар асуудлыг дотроо компанийн тухай хуулиар шийдэх боломжтой байхад Ж.С-ыг хариуцагчаар татсан нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч тал зүс царай нь мэдэгдэхгүй, 3 хүний яриад үзлэг хийлгэсэн. Уг бичлэгийг шүүх үнэлэхгүй байх. Хэрэв Ж.С Б.Ж-г хуурсан бол компанийн 50 хувийг эзэмшихгүй байх байсан. Талуудын хооронд хүчин төгөлдөр бэлэглэлийн гэрээ байгуулагдсан. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-д заасан өөр хэлцлийг халхавчилсан хэлцэл байгуулагдаагүй. Нэхэмжлэгч компанийн төлбөрт машин өгсөн гэдэг. Гэтэл баримт нь байдаггүй. Нэхэмжлэгч өр зээлтэй холбоотой баахан баримт хамж авчраад хохирол гэж хариуцагч нараас нэхэмжилдэг. Нэхэмжлэгч талын гаргасан зээлийн гэрээний хөөн хэлэлцэх хугацаа юу болсон билээ. Талуудын хооронд өгсөн, авсан зүйл, тодорхой баримт байхгүй. Эрсдэлээ хамт үүрсэн. Нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх өмнөх шүүх хуралдаан дээр өгсөн тайлбараа дэмжиж байна. Н ХХК-ийг бэлэглэлийн гэрээгээр Ж.С, О.Д нар шилжүүлж авсан нь үнэн. Комапнийг шилжүүлж авахад ямар нэгэн үнэ төлбөр яригдаагүй, Ж.С нь энэ гэрээний хариуд О.Д-д мөнгө төлөөгүй, аливаа үүрэг хүлээгээгүй. Х лиценз гэдэг бол яг л казино тоглож байгаатай адилхан эрсдэлтэй зүйл, тухайн газарт өрөм тавьж үзлээ, юм гарч ирэх, ирэхгүй нь тодорхойгүй. Ийм л зүйлийг худалдаж авсан. Эрсдэлээ өөрсдөө хариуцах ёстой. Ж.С ч бас энэ гэрээнээс болж хохирсон, гэтэл өнөөдөр хариуцагч болчихсон явж байна, тэрээр хариуцагч биш гэв.

Хариуцагч О.Д-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 2012 онд нэхэмжлэгч тал компанийн эрх үүргийг шилжлүүлэн авч, компанийн үйл ажиллагааг 6 жил явуулсан. Манай талаас бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр гэж үзэж байгаа. Б.Ж, О.Д нарын байгуулсан гэрээний дагуу талуудад өгсөн, авсан зүйл байдаггүй. 2012 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр байгуулсан бэлэглэлийн гэрээний дагуу О.Д компанийг хувьцааг бэлэглэсэн. Иргэний хуулийн 276 дугаар зүйлд зааснаар О.Д гэрээний дагуу Б.Ж-гээс хариу төлбөр аваагүй. Нэхэмжлэгч тал төлбөрт Нummer Н2 маркийн авто машин өгсөн гэдэг. Гэтэл О.Д-д машин хүлээлгэж өгөөгүй. 20,600,000 төгрөг бэлэн, бусаар өгсөн гэдэг. Б.Ж О.Д-д 12,000,000 төгрөг өгсөн гэсэн баримт байдаггүй, Б.Ж компанийн эрх шилжүүлж авснаас хойш 4 удаагийн үйлдлээр дансаар О.Д-д 8,600,000 төгрөг шилжүүлсэн. Хариуцагч О.Д нь Ж.С, Б.Ж нарт компанийн эрх шилжүүлсний дараа хайгуулын ажил хэрхэн хийх талаар буюу шинээр бизнес эхлүүлж буй хүмүүст зөвлөгөө мэдээлэл өгч 1-2 жил байнгын холбоотой байсан гэж тайлбарладаг. Б.Ж нь энэ хугацаанд гарсан зардалд О.Д-д 8,600,000 төгрөг төлсөн. Б.Ж Нummer Н2 маркийн авто машиныг хүнээс зээлээр худалдаж авсан гэсэн баримтыг шүүхэд өгсөн. Гэтэл гэрээ хэзээ байгуулагдсан нь тодорхойгүй, 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр гэрээг нотариатаар батлуулсан. Гэрээний дагуу П.А-с Б.Ж-д машин шилжсэн эсэх нь тодорхойгүй. Талуудын байгуулсан бэлэглэлийн гэрээ хүчин төгөлдөр тул хүчин төгөлдөр бусд тооцуулах үндэслэлгүй байна. Шүүхээс бэлэглэлийн гэрээг хүчинтөгөлдөр бус гэрээг үзэж шийдвэр гарлаа гэж бодоход нэхэмжлэгч тал компанийг шилжүүлэн аваад 6 жил үйл ажиллагаа явуулсан. Ашиг олох зорилгоор 6 жилийн хугацаанд лицензээ сунгуулаад явж байсан. Компанийн 50 хувийн эзэмшигч нь Ж.Соронболд 50 хувийн эзэмшигч нь Б.Ж байсан. Компани өөрийн үйл ажиллагаанд зарцуулсан, ашиг олохоор өөрөөсөө гаргасан уг зардлыг хариуцагчаар татагдсан О.Д-гээс гаргуулах гэж байгаа нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэлийн 4 дэх шаардлагын хувьд машиныг хүлээж аваагүй учраас зээлтэй холбоотой асуудал нь хариуцагчид ямар ч хамааралгүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч Б.Ж нь хариуцагч Ж.С, О.Д нарт холбогдуулан 2012 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн Бэлэглэлийн гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, гэрээний үнийн дүнд төлсөн 180,600,000 төгрөг, гэрээнээс учирсан хохиролд 143,611,970 төгрөг, нийт 324,211,970 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Б.Ж, хариуцагч Б.С нар нь 2012 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр компанийн эрх шилжүүлэх гэрээ, хувьцаа бэлэглэлийн гэрээ байгуулж, хариуцагч О.Д-гээс 1,000,000 төгрөгийн үнэ бүхий Н ХХК-ийн 100 ширхэг хувьцааг шилжүүлэн авч, Б.Ж 2012 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр гүйцэтгэх захирлаар томилогдсон, Н ХХК-ийн нэр дээр 2010 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр Говь-Алтай аймгийн Алтай сумын Гурван хайрхан гэх газарт 722.21 гектар талбайг хамарсан хайгуулан 15440Х тоот тусгай зөвшөөрөл 3 жилийн хугацаатай олгогдсон үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Н ХХК-ийн нэр дээрх тусгай зөвшөөрлийг худалдаж авах зорилгоор Б.Ж, Б.С бид нар 360,000,000 төгрөгийг хувааж гаргасан, бэлэглэлийн гэрээ гэж байгуулсан боловч компанийг тусгай зөвшөөрлийн хамт авахын тулд нэхэмжлэгч Б.Ж 180,600,000 төгрөгийг О.Дд 20,600,000 төгрөгийг бэлнээр болон Hummer H2 машин өгсөн гэжээ. Харин хариуцагч Б.С ... би ч бас тухайн компанийг авахад төлбөрт нь О.Дд мөнгө төлөөгүй гэх, хариуцагч О.Д нь ... Н ХХК-г би Б.Ж, Б.С нарт 360,000,000 төгрөгөөр зараагүй, Б.Ж-гээс дансаар авсан 8,600,000 төгрөг авсан боловч энэ нь компани худалдсаны хариу төлбөр биш, харин уул уурхайн тусгай зөвшөөрөлтэй компанийг хэрхэн ажиллуулах талаар зөвлөх үйлчилгээ үзүүлсний хөлсөнд авсан гэжээ. Дээр дурдсан нэхэмжлэгчийн тайлбар болон гэрч П.А-ын ... 2012 оны хавьцаа байхаа он сар өдрийг нь сайн санахгүй байна, Америкаас өөрийн оруулж ирсэн Hummer H2 загварын машиныг зарах гэхэд найз Б.Ж, түүний эхнэр Б.Б нар ирж уулзаад хүнээс уул уурхайн тусгай зөвшөөрөлтэй компани авч байгаа, түүнийхээ төлбөрт өгчье, төлбөрийг нь хугацаатайгаар график гаргаад төлье гэх санал тавьсны дагуу зарахаар зөвшөөрсөн, машины нэрийг тэд нар шууд өөрсдийнхөө нэр дээр аваагүй, өөр хүний нэр дээр шилжүүлж өгч байсан гэх мэдүүлэг, Хаан банкин дахь О.Д-гийн эзэмшлийн 5037363331 тоот дансанд 2012 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 5,000,000 төгрөг Б.Ж-гээс, мөн түүний эзэмшлийн 5031211737 тоот дансанд 2013 оны 3 дугаар сарын 2-ны өдөр Б.Баас 3,000,000 төгрөг, мөн 5031670086 тоот дансанд 2013 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Б.Б-гаас 200,000 төгрөг, 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Б.Б-гаас 400,000 төгрөг тус тус шилжүүлсэн мөнгөн шилжүүлгийн баримтуудаас үзэхэд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий Н ХХК-ийг Б.Ж, Б.С нар нь О.Д-гээс хариу төлбөртэйгээр буюу Б.Ж нь 8,600,000 төгрөгийг дансаар, 160,000,000 төгрөгт тооцож Hummer H2 загварын автомашин өгсөн болон нь тогтоогдож байна.

Бэлэглэлийн гэрээ нь Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1-д зааснаар хариу төлбөргүйгээр байгуулсан байхыг шаарддаг, хэдийгээр талууд бэлэглэлийн гэрээ бичгээр байгуулсан гэх боловч дээр дурдсан баримтуудаас үзэхэд Б.Ж, Б.С, О.Д нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагджээ. Гэрээ хуульд заасан хэлбэр, шаардлагыг хангасан ба нэхэмжлэгч шаардах эрхтэй гэж үзлээ.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д дараахь хэлцэл хүчин төгөлдөр бус байна, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-д Өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл-ийг хүчин төгөлдөр бус байхаар хуульчилжээ. Зохигчид 2012 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр компанийн хувьцаа худалдах-худалдан авах гэрээг байгуулсан атлаа уг хэлцлийг халхавчлах зорилгоор бэлэглэлийн гэрээ байгуулсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон тул Б.Ж, Б.С, О.Д хооронд 2012 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр байгуулагдсан компанийн эрх шилжүүлэх гэрээ, компанийн хувьцаа бэлэглэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, хүчин төгөлдөр бус хэлцлээр шилжүүлсэн бүр зүйлийг харилцан буцааж өгөх нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасантай нийцэнэ.

 

Нэхэмжлэгч Б.Ж нь Н ХХК-г худалдан авсны төлбөрт Хаан банкин дахь О.Дгийн эзэмшлийн 5037363331 тоот дансанд 2012 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 5,000,000 төгрөг Б.Ж-гээс, мөн түүний эзэмшлийн 5031211737 тоот дансанд 2013 оны 3 дугаар сарын 2-ны өдөр Б.Б-аас 3,000,000 төгрөг, мөн 5031670086 тоот дансанд 2013 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Б.Б-гаас 200,000 төгрөг, 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Б.Бгаас 400,000 төгрөг тус тус шилжүүлсэн болох нь мөнгөн шилжүүлгийн баримтуудаар,

Мөн 160,000,000 төгрөгт тооцож 2009 онд үйлдвэрлэгдсэн Hummer H2 загварын автомашиныг О.Д-д шилжүүлсэн болох нь Авто тээврийн үндэсний төвийн 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 240 тоот лавлагаа, зээлээр худалдах-худалдан авах гэрээ, гэрч П.А нарын мэдүүлгээр тус тус тогтоогдож байна. Харин 2012 оны 11 дүгээр сарын 9-нд бэлнээр 2,000,000 төгрөг, 2012 оны 12 дугаар сарын 19-нд бэлнээр 5,000,000 төгрөг, 2013 оны 3 дугаар сарын 27-нд бэлнээр 5,000,000 төгрөг өгсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч Б.Ж нь Б.Г-с авсан зээлийн хүүнд 44,800,000 төгрөг, Ж.Баярмаагаас авсан зээлийн хүүнд 8,592,000 төгрөг, Ц.А-ээс авсан зээлийн хүүнд 65,100,000 төгрөг, Хас банкнаас авсан зээлийн хүүнд 1,813,400 төгрөг, нийт 120,305,400 төгрөгийг төлсөн гээд хэрэгт дээрх иргэн, аж ахуйн нэгжтэй байгуулсан зээлийн гэрээ, барьцааны гэрээг нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор гаргасан өгсөн боловч зээлийн зориулалтаас харахад зээлүүдийг Н ХХК-г худалдаж авахад болон тухайн компанийн үйл ажиллагаанд зарцуулахаар зориулж авсан болох нь тогтоогдохгүй байна. Мөн Н ХХК-ийн сүүлийн 6 жилийн үйл ажиллагаанд буюу татвар, нийгмийн даатгалын тайланг бусдыг хөлсөлж гаргуулсны хөлс, тусгай зөвшөөрлийн сунгалтын төлбөр, байгаль орчны төлбөр, геологийн баг хөлсөлсөн ба ажилчдын хоол, буудлын төлбөр, түлшний төлбөрт нийт 20,306,570 төгрөгийг төлсөн гэх боловч эдгээр зардлууд нь баримтаар тогтоогдоогүй, мөн компанийн үйл ажиллагаанд зайлшгүй шаардлагатай дээрх зардлыг гэрээнээс учирсан хохиролд тооцох боломжгүй гэж үзлээ.

 

Иймд хариуцагч Б.С, О.Д нараас 168,600,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Ж-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх гэрээний төлбөрт бэлнээр төлсөн гэх 12,000,000 төгрөг, бусдаас авсан зээлийн хүүнд төлсөн гэх 120,305,400 төгрөг, компанийн үйл ажиллагаанд зарцуулсан гэх 23,306,570 төгрөг, нийт 155,611,970 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил; гэжээ. Нэхэмжлэгч Б.Ж нь худалдах-худалдан авах гэрээгээр шилжүүлсэн авсан Н ХХК-ийн нэр дээрх 2010 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр олгогдсон 15440Х тоот тусгай зөвшөөрөл бүхий Говь-Алтай аймгийн Алтай сумын Гурван хайрхан гэх газарт 722.21 гектар талбайд нүүрсний илэрцгүй болох нь геологич Н.А-ийн 2018 оны 10 дугаар сарын 18-наас 23-ны өдрүүдэд тус талбайд ажилласан товч ажлын тайлангаар тогтоогдож байх тул хөөн хэлэлцэх хугацааг 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн тоолох нь Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.4-т Шаардах эрх нь нэхэмжлэгчийн үйлдлээс шалтгаалах бол хөөн хэлэлцэх хугацааг нэхэмжлэгч уг үйлдлийг хийх ёстой байсан үеэс эхлэн тоолно. гэж заасантай нийцнэ гэж үзсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Ж, хариуцагч Б.С, О.Д нарын хооронд 2012 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр байгуулагдсан компанийн эрх шилжүүлэх гэрээ, компанийн хувьцаа бэлэглэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцсугай.

 

2.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5, 76 дугаар зүйлийн 76.4, 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Б.С, О.Д нараас 168,600,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Ж-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 155,611,970 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Ж-гээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,077,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.С, О.Д нараас улсын тэмдэгтийн хураамжид 2,077,400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид тус тус олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       М.МӨНХТӨР