Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 2151

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ц.С-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Т.Туяа, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 10 сарын 30-ны өдрийн 181/ШШ2019/02139 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Ц.С-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ш ХХК--д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 112 576 078 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг

 

Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Б.Содхүү,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ж.Э

Хариуцагчийн төлөөлөгч: Б.М

Хариуцагчийн өмгөөлөгч: Л.С

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхнаран нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.С- нь Ш ХХК-, Ш ХХК--иуд болон иргэн Г.Г- нарын бизнесийн үйл ажиллагааны хэтийн төлвийг харгалзаж, зээлийн гэрээнүүдийг тус тусд нь байгуулж, дэмжлэг үзүүлсэн юм. Xарамсалтай нь зээлдэгч нар гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул хууль ёсны эрх ашгийг хамгаалуулахаар нэхэмжлэл гаргасан. Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 001/ХТ2018/01877 дугаартай тогтоолоор Ш ХХК--иас хийсэн төлөлтийг өөр этгээд буюу иргэн Г.Г-, Ш ХХК--ийн зээлийн төлөлт гэж үзэхгүй бөгөөд нэхэмжлэгчийн тооцоолол үндэслэл муутай байна гэж тус тус үндэслэсэн байна. Иймд шийдвэрүүдээс үзэхэд Ш ХХК--ийн зүгээс 2015 оны 02 сарын 17-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй, өнөөдрийг хүртэл үндсэн зээл, хүү, алдангийг төлөөгүй байгаа тул зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 42187.5 ам доллар буюу 112 576 078 төгрөгийг хариуцагч Ш ХХК--иас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 02 сарын 17-ны өдөр Ц.С- нь манай компанийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор зээлж, өгсөн гэх 25 000 ам.долларыг манай компани авч үйл ажиллагаандаа хэрэглэсэн зүйл огт байхгүй. Мөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдсан Ш ХХК-, иргэн Галтмаа болон манай компанийг гуравдагч этгээдээр оролцуулсан шүүх хуралдаануудад бодит тайлбарыг өгсөн. Үүнд дээрх 25 000 ам.долларыг Т.Б- авсан, мөн Т.Б- нь уг 25 000 ам.долларыг авсан гэдгээ гэрчийн мэдүүлэг өгөхдөө хүлээн зөвшөөрдөг. Иймд нэхэмжлэлд дурдсан 25 000 ам.доллар болон нэхэмжлэгчийн нэмж тооцсон хүү, алданги нь манай компанид хамааралгүй тул хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасныг баримтлан, Ш ХХК--иас 112 576 078 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.С-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 720 830 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш ХХК--иас 720 830 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч Ц.С-гийн дүү Т.Б- нь Ш ХХК--ийн барилгын ажилд хууль зүйн зөвлөгөө өгөх тохиролцоотой ажиллаж байхдаа өөрийн ахаас 25 000 ам.доллар зээлэх гэтэл баталгаа шаардаад байна миний өмнөөс баталгаа гаргаж өгөөч гэсэн. Үүний дагуу "Шүрэн солюшнс" ХХК-ийн захирлаар ажилладаг Б.Мөнгөн миний бие компаниа төлөөлж, баталгаа гаргаж өгөхөөр Ц.С- дээр очиход Ц.С- зээлийн гэрээнд гарын үсэг зуруулсан. Манай компанийн зүгээс гэрээг өөрчлөхийг хүсэхэд Ц.С- тэгвэл мөнгө өгөх боломжгүй гэсэн. Тухайн үед хуулийн зөвлөгөө өгч байсан Т.Б-д үүнийг хэлэхэд надад итгээд гарын үсэг зураад өгчих мөнгө яаралтай хэрэг болоод байна гэсний дагуу манай компани гэрээнд гарын үсэг зурахад мөнгийг манай Ш ХХК--ийн данс руу хийсэн байсан. Би тэр дор мөн данснаас Т.Б-ын данс руу шилжүүлсэн юм. Гэтэл Ц. Содхүү нь Т.Б-д тус компаниар дамжуулан зээл өгснөө мэдсээр байж манай компаниас нэхэж дээр нь шүүх тус компаниас Т.Б-ын авсан зээлийн хүү алдангийн хамт гаргуулж шийдвэрлэсэн нь хууль бус, илт нэг талыг барьсан шийдвэр боллоо. Үүнд: Т.Б-ыг хамтран хариуцагч буюу гуравдагч этгээдээр татах манай компанийн хүсэлтийг хүлээн аваагүй. Гэрээг сунгасан тухай мөн хүү болон алданги хэрхэн тооцох 2 талын тохиролцоо байхгүй байхад гэрээг сунгасан гэж хүү болон алданги нэмж тооцсон. Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.7-д хугацаа дууссан үеэс гэрээг шинээр хийхээр заасан заалтыг анхаараагүй. Тус зээлийн гэрээ нь 2015 оны 3 сард дууссан байтал манай компаниас Т.Б-ын ятгалгаар өгсөн гэрээ сунгах хүсэлт 2015 оны 5 сарын 01-нд гаргасан байдаг. Ц. Содхүү нь зээлийн гэрээний төсөлдөө Т.Б-д өгөх зээлээ цааш нь дамжуулж болохгүй гэж бичсэн нь анхнаасаа намайг залилах гэсэн санаа агуулсан байхад шүүх үүнийг төлбөр гаргуулах үндэслэл болгож манай компаниас гаргуулахаар шийдсэн нь хууль бус. Иймд энэ гэрээний заалт хууль бус тул энэ заалтыг шүүх хүчингүй болгох ёстой. Зээлийн гэрээ 2015 оны 02 сарын 17-нд 1 сарын хугацаатай байгуулагдаж, зээлийн гэрээний хугацаа 2015 оны 3 сарын 17-нд дууссан, шаардах эрх үүссэн үе мөн 2015 оны 3 сарын 17-нд байгаа боловч Ц. Содхүү нь 2019 оны 9 сарын 20-нд Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил гэж заажээ. Иймд Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэж заасан байхад үүнийг шүүх харгалзаж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосонгүй. Шүүх хэргийн бодит байдлыг бүх талаас нь хянан үнэн зөв шийдвэрлэх үүргээ биелүүлэлгүй хэт нэг талыг барьж хууль бус шийдвэр гаргасан тул 2019 оны 10 сарын 30-ны өдрийн 02139 тоот шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

                                     

            Нэхэмжлэгч Ц.С- нь хариуцагч Ш ХХК--д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 112 576 078 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагчийн төлөөлөгч эс зөвшөөрч маргажээ.

 

Зохигчид 2015 оны 2 сарын 17-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч Ц.С- нь сарын 2,5 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай, 25 000 ам.долларыг хариуцагч Ш ХХК--д зээлдүүлэх, хариуцагч нь зээлийн хүүг сар бүрийн 17-ны өдөр зээлдүүлэгчийн дансанд шилжүүлж, үндсэн зээлийг гэрээний хугацаа дуусахад төлөхөөр харилцан тохиролцсон байх бөгөөд хариуцагч Ш ХХК--ийн захирал Б.Мөнгөний хүсэлтээр 2015 оны 5 сарын 01-ний өдөр зээлийн гэрээний хугацааг 2015 оны 7 сарын 01-ний өдөр хүртэл сунгасан байна. /хх-ийн  5-7, 8, 9-р тал/

 

Талуудын байгуулсан гэрээг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээ гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байх бөгөөд зээлдэгч зээлийн төлбөрийн үүргээ биелүүлээгүй байх тул хууль болон зээлийн гэрээний 3.1, 3.2, 6.4-т зааснаар нэхэмжлэгч Ц.С- нь хариуцагч Ш ХХК--иас зээл, зээлийн хүү, алданги шаардах эрхтэй болно.

 

Иймд хариуцагч Ш ХХК--иас үндсэн зээл 25 000 ам.доллар буюу 66 711 750 төгрөг, 2015 оны 7 сарын 1-н хүртэлх хугацааны хүү 3 125 ам.доллар буюу 8 338 968 төгрөг, алданги 14 062.5 ам.доллар буюу 37 525 359 төгрөг, нийт 112 576 078 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.С-д олгохоор шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дах хэсэгт заасантай тус тус нийцжээ.

 

Зээлийн гэрээний 6.4-т “зээл хүүгийн төлбөрийг хуваарийн дагуу төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутам төлбөрийн 0.2 хувьтай тэнцэх торгууль төлнө” гэж заасан боловч Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1, 198.4 дэх хэсэгт зааснаар үгийн шууд утга, агуулгаас үзвэл талуудыг хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.2 хувьтай тэнцэх хэмжээтэй алданги төлөхөөр тохиролцсон гэж үзэхээр байна. Анхан шатны шүүх талууд гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах нэг арга болох алдангийн талаар тохиролцсон гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.  

 

            Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо 25 000  ам.долларыг Т.Б- авсан, гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх боловч энэхүү гомдлыг хүлээн авах боломжгүй байна. Учир нь: Нэхэмжлэгч Ц.С- нь 2015 оны 2 сарын 17-ны өдөр 25 000 ам.долларыг хариуцагч Ш ХХК--д шилжүүлсэн болох нь Худалдаа хөгжлийн банкны шилжүүлгийн маягтаар тогтоогджээ. /хх-н 8 дугаар тал/

 

Ц.С-гийн нэхэмжлэлтэй, Ш ХХК--д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 596 544 ам.доллар буюу 1 470 480 960 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 сарын 20-ны өдрийн 181/ШШ2018/00920 дугаартай шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 сарын 27-ны өдрийн 1499 дүгээр магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 12 сарын 17-ны өдрийн 001/ХТ2018/01877 дугаартай тогтоолоор хянан шийдвэрлэсэн байх бөгөөд тус хэрэгт Ш ХХК-, Г.Г- нар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцсон байна. /хх-ийн 10-20, 21-27, 28-36-р тал/

 

Дээрх шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолоор Ш ХХК--иас хийсэн төлөлтийг өөр этгээд буюу иргэн Г.Г-, Ш ХХК--ийн зээлийн эргэн төлөлт гэж үзэхгүй талаар дүгнэсэн байх тул хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болоогүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дах хэсэгт заасантай нийцсэн, энэ талаар гаргасан хариуцагчийн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй болно.

 

             Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

                        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 сарын 30-ны өдрийн 181/ШШ2019/02139 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн төлөөлөгчөөс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 720 830 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

                                                                                     

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Ц.ИЧИНХОРЛОО                                      

                                         ШҮҮГЧИД                                                Т.ТУЯА

                                                                                                 

                                                                                                            Г.ДАВААДОРЖ