Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 181/ШШ2019/02139

 

 

 

 

 

2019 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 181/ШШ2019/02139

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч В.Амартүвшин даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

            нэхэмжлэгч: Ц.С-н нэхэмжлэлтэй,

            хариуцагч: “ШС” ХХК -д холбогдох

            Зээлийн гэрээний үүргийн биелэлт 112,576,078 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Сгийн өмгөөлөгч Ж.Энхчулуун, хариуцагчийн төлөөлөгч Б.Мөнгөн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа нар оролцов.

            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд дэмжиж гаргасан тайлбартаа:

Ц.С нь “Шүрэн” ХХК, “ШС” ХХК-иуд болон иргэн Г.Г нарын бизнесийн үйл ажиллагааны хэтийн төлөвийг харгалзаж зээлийн гэрээнүүдийг тус тусд нь байгуулж, дэмжлэг үзүүлсэн юм. Xарамсалтай нь зээлдэгч нар гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул хууль ёсны эрх ашгийг хамгаалуулахаар нэхэмжлэл гаргасан.

Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 001/ХТ2018/01877 дугаартай тогтоолоор “Шүрэн” ХХК-аас хийсэн төлөлтийг өөр этгээд буюу иргэн Г.Г, “ШС” ХХК-ний зээлийн төлөлт гэж үзэхгүй бөгөөд нэхэмжлэгчийн тооцоолол үндэслэл муутай байна гэж тус тус үндэслэсэн байна.

Иймд шийдвэрүүдээс үзэхэд “ШС” ХХК-ний зүгээс 2015 оны 2 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй, өнөөдрийг хүртэл үндсэн зээл, хүү, алдангийг төлөөгүй байгаа тул зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 42187.5 ам доллар буюу 112,576,078 төгрөгийг хариуцагч “ШС” ХХК-иас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2015 оны 2 дугаар сарын 17-ны өдөр Ц.С нь манай компаний үйл ажиллагааг дэмжих зорилгоор зээлж өгсөн гэх 25,000 ам долларыг манай компани авч үйл ажиллагаандаа хэрэглэсэн зүйл огт байхгүй.

Мөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдсан Шүрэн ХХК, иргэн Галтмаа болон манай компанийг гуравдагч этгээдээр оролцуулсан шүүх хуралдаануудад бодит тайлбарыг өгсөн. Үүнд дээрх 25,000 ам долларыг Төрболдын Бат-Оргил авсан, мөн Т.Бат-Оргил нь уг 25,000 ам долларыг авсан гэдгээ гэрчийн мэдүүлэг өгөхдөө хүлээн зөвшөөрдөг. Иймд нэхэмжлэлд дурдсан 25,000 ам доллар болон нэхэмжлэгчийн нэмж тооцсон хүү алданги нь манай компанид хамааралгүй тул хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.С нь “ШС” ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 42187.5 ам доллар буюу 112,576,078 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч “...хариуцагч нь 2015 оны 2 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй, өнөөдрийг хүртэл үндсэн зээл, хүү, алдангийг төлөөгүй байгаа тул зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг ШС ХХК-иас гаргуулна” гэж, 

хариуцагч “25,000 ам долларыг манай компани авч үйл ажиллагаандаа хэрэглээгүй, Төрболдын Бат-Оргил авсан, манай компанид хамааралгүй тул хүлээн зөвшөөрөхгүй” гэж маргажээ.

 

Шүүх нэхэмжлэгчээс “...2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн Монгол банкны ханшийн лавлагаа /хх-4/, 2015 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн зээлийн гэрээ /хх-5-7/,  2015 оны 2 дугаар сарын 17-ны өдөр Ц.Сгээс ШС ХХК-д 25.000 ам доллар шилжүүлсэн шилжүүлгийн маягт /хх-8/, 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн ШС ХХК-ийн захирал Б.Мөнгөний хүсэлт /хх-9/, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 181/ШШ2018/00920 дугаартай шийдвэр /хх-10-20/, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 1499 дүгээр магадлал /хх-21-28/, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 001/ХТ2018/01877 дугаартай тогтоол /хх28-36/ ” баримтаар,

Хариуцагчаас “...2015 оны 2 дугаар сарын 18-ны өдөр ШС ХХК-иас Бат-Оргилд 25.000 ам доллар шилжүүлсэн төлбөрийн баримт /хх-56/, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 181/ШШ2018/00920 дугаартай шийдвэр /хх-57-67/” зэргийг нотлох баримтаар бүрдүүлэн өгснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар үнэлж дүгнэв.

 

2015 оны 02 дугаар сарын 17-ны өдөр зээлдүүлэгч Ц.С 25,000 ам.долларыг зээлдэгч “ШС” ХХК-ийн өмчлөлд сарын 2.5 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай шилжүүлэх, буцаан өгөхөөр харилцан тохиролцож зээлийн гэрээ байгуулсан /хх 5-7/ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1., 282.3 дэх хэсэгт заасан гэрээг бичгээр, хүү, хугацаа тогтоож байгуулсан хуульд нийцсэн, хүчин төгөлдөр гэрээ байна.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 181/ШШ2018/00920 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 1499 дүгээр магадлал, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 001/ХТ2018/01877 дугаартай тогтоолоор “Шүрэн” ХХК-иас хийсэн төлөлтийг өөр этгээд буюу иргэн Г.Г, “ШС” ХХК-ийн зээлийн төлөлт гэж үзэхгүй бөгөөд нэхэмжлэгчийн тооцоолол үндэслэл муутай байна гэж тус тус үндэслэсэн байх ба Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т зааснаар шаардах эрх нь эрх зөрчигдсөн тухай мэдсэн, ...эдгээр хугацаа дууссан үеэс үүсэх тул хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болоогүй гэж үзэв.

Гэрээний 3.1, 3.2-д зааснаар зээлдүүлэгч Ц.С зээлдэгч Шүрэн солюшн ХХК-аас зээл, зээлийн хүү, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4., 232.6., зээлийн гэрээний 6.4-д зааснаар алданги шаардах эрхтэй байна.

Түүнчлэн 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Захирал Б.Мөнгөнийн хүсэлтээр зээлийн гэрээний хугацааг 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэл  сунгажээ.

Хавтаст хэргийн 56 дугаар хуудсанд авагдсан төлбөрийн баримтаар ШС ХХК-с Бат-Оргилийн Голомт банк дахь холбогдох дансанд 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 25,000 ам.доллар шилжүүлсэн бөгөөд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 281.4 дэх хэсэгт зааснаар Мөнгө ...-ийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцох ба Ц.Сгийн Худалдаа хөгжлийн банк дахь 452419981 тоот данснаас 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдөр “ШС” ХХК-ийн Голомт банк дах 3000005063 тоот дансанд 25,000 ам долларыг зээлийн зориулалтаар шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байна. /хх-8/ Харин уг шилжүүлсэн мөнгийг хэрхэн захиран зарцуулах нь зээлдэгчийн эрх хэмжээ тул Т.Бат-Оргилоос гаргуулах хариуцагчийн татгалзал үндэслэлгүй юм.

 

Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 9.1.3-т “Гэрээ байгуулсан өдрөөс хойш гэрээгээр хүлээсэн эрх үүргээ ямар нэг хэлбэрээр бусад этгээдэд шилжүүлэхгүй” гэж заасан байх тул хариуцагчийн тайлбар, татгалзал үндэслэлгүй.

 

Зээлдэгч “ШС” ХХК зээлийн гэрээний үүргийг 1540 хоног хэтрүүлсэн байх ба зээлийн гэрээний 6.4-т зааснаар хугацаа хэтэрсэн хоног тутам 0.2 хувьтай тэнцэх алданги төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасанд нийцэж байна.

 

            Иймд “ШС” ХХК-аас үндсэн зээл 25,000 ам.доллар буюу 66,711,750 төгрөг, 2015 оны 7-р сарын 01-ний өдөр хүртэл хүү 3,125 ам.доллар буюу 8,338,968 төгрөг 75 мөнгө, 1540 хоногийн 0.2%-ийн алданги буюу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй тул 14,062.5 ам.доллар буюу 37,525,359 төгрөг 375 мөнгө, нийт 42,187.5 ам доллар буюу 112,576,078 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

            Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийэн 60.1., 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 720,830 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

            1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1., мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.4., 232.6-д заасныг баримтлан “ШС” ХХК-иас 112,576,078 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Сд олгосугай.

            2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1., 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 720,830 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “ШС” ХХК-иас 720,830 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс хойш 7-21 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар Зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 В.АМАРТҮВШИН