Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 227

 

“О” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн

татварын улсын байцаагч

Ж.Э, Э.Э нарт холбогдох

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:                М.Батсуурь

Шүүгчид:                   Х.Батсүрэн

                                    Б.Мөнхтуяа

                                    Ч.Тунгалаг

Илтгэгч шүүгч:         Д.Мөнхтуяа

Нарийн бичгийн дарга: У.Батцэцэг

Нэхэмжлэлийн шаардлага: “Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн Татварын улсын байцаагч Ж.Э, Э.Э нарын 2016 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 250021364 тоот актыг хүчингүй болгуулах”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2017/0963 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 221/МА2018/0192 дугаар магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Хүрэлбаатар болон түүний өмгөөлөгч Л.Нинжбат нар,

Хариуцагч Э.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Номин-Эрдэнэ нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.          

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2017/0963 дугаар шийдвэрээр: 1. Татварын ерөнхий хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн тул хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ж.Э, Э.Э нарын 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 250021364 дүгээр татварын актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж, 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг баримтлан шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагчийн зүгээс шинэ акт гаргаагүй бол Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ж.Э, Э.Э нарын 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 250021364 дүгээр татварын акт хүчингүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.  

  2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 221/МА2018/0192 дугаар магадлалаар: нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2017/0963 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Татварын ерөнхий хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгч “О” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ж.Э, Э.Э нарын 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 250021364 дүгээр актыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.  

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Хариуцагч Э.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Номин-Эрдэнэ нар гомдолдоо: ... Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн улсын байцаагч нарын 2013 оны 0000777 тоот дүгнэлтийн дагуу цагдаагийн байгууллага мөрдөн шалгах явцад “О” ХХК нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч улсад учруулсан хохирол болох 143,821.000 төгрөгийн нөхөн татварыг төлсөн ба энэ үндэслэлээр прокурорын эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 07 дугаар тогтоол гарсныг улсын байцаагчийн 0000777 тоот дүгнэлт хүчингүй болсон гэж үзэхгүй, уг дүгнэлтийн дагуу нөхөн татвар төлөгдсөн байх тул Татварын ерөнхий хуулийн 35 дугаар зүйлийн 35.3-д “энэ хуулийн 33.2.6-д заасан дүгнэлтийг эрх бүхий байгууллага, албан тушаалтан хүчингүй болгосон нь зөрчил гаргасан этгээдийг Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэсэнд хамаарахгүй гэж үзэн хууль буруу хэрэглэн, Зөрчлийн хуулийн дагуу хариуцлага шийтгэл оногдуулсан 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 250021364 дүгээр захиргааны актыг хүчингүй болгосон нь:

4. Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 1-д “Зөрчлийн шинжийг энэ хууль, бусад хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлно”, 2-д “Зөрчил, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг энэ хуулиар тогтооно”, 2.1 дүгээр зүйлийн 2-д “Энэ хуульд заасан зөрчил тус бүрд шийтгэл оногдуулна”, 2-д “Хүн, хуулийн этгээд нь хууль, захиргааны хэм хэмжээний актыг биелүүлэх боломжтой байсан боловч түүнийг биелүүлэх зохих арга хэмжээг хэрэгжүүлээгүй бол зөрчил үйлдсэнд тооцно”, 3.1 дүгээр зүйлийн 1-д “Шийтгэлийн зорилго нь хүн, хуулийн этгээдийг зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх, зөрчил үйлдсэн тохиолдолд хариуцлага хүлээлгэх, шударга ёсыг тогтооход оршино”, 2-д “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд зөрчлийн шинжийг харгалзан энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийтгэл оногдуулна”, гэж тус тус заасныг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлан шийдвэрлэсэн тул магадлалыг хүчингүй болгож, татварын улсын байцаагчийн актыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            5. Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

            6. Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Ж.Э, Э.Э нарын 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн татварын улсын байцаагчийн 250021364 дүгээр актаар  “... 2011 онд 40,523,700 төгрөгийн ..., 2012 онд 1,397,686,300 төгрөгийн хий бичилттэй нэмэгдсэн өртгийн албан татварын падаан худалдан авч татвар ногдох орлогоо бууруулсан” гэх үндэслэлээр нийт 1,438,210,000 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох орлогод “... 143,821,000 төгрөгийн нөхөн татвар, 0 төгрөгийн торгууль, 0 төгрөгийн алданги, 0 төгрөгийн хүү” төлүүлэхээр тогтоож, “... эрүүгийн хэрэг бүртгэлийн мөрдөн байцаах ажиллагааны явцад төлж барагдуулсан дүнгээр хаах”-аар шийдвэрлэсэн, нэхэмжлэгч “О” ХХК “...Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн дагуу нэмэгдсэн өртгийн албан татварын зөрчилтэй холбоотой асуудлыг сайн дурын үндсэн дээр шинээр тайлагнаж, хариуцлагаас чөлөөлөгдөхөөр байхад дахин актаар нөхөн татвар ногдуулах үндэслэлгүй ...байцаагч нар актыг тавихдаа санхүүгийн анхан шатны баримт, нягтлан бодох бүртгэлийн баримтуудад тулгалт хийхгүйгээр процесс зөрчиж, зөвхөн байцаагчийн дүгнэлт, прокурорын тогтоолд үндэслэн актаар нөхөн татвар ногдуулсан нь хууль бус ...захиргааны хариуцлагын тухай хуульд заасан захиргааны шийтгэл ногдуулах хугацаа өнгөрсөн ...” гэж маргажээ.

            7. Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Ундрал, Б.Чимгээ нар анх “О” ХХК-ийн 2010-2012 онуудын албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хэсэгчилсэн хяналт шалгалт хийж, татварын улсын байцаагчийн 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 0000777 дугаар дүгнэлтээр  “... татварын хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн, их хэмжээний татвар ногдох орлогыг нуусан буюу бусад хэлбэрээр татвар төлөхөөс зайлсхийсэн 1,438,210.1 мянган төгрөгийн зөрчилд эрүүгийн хэрэг бүртгэлт хийлгэх”-ээр шийдвэрлэсэн, Цагдаагийн ерөнхий газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газраас “О” ХХК-ийн захирал Х.Батсайханд эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан, мөрдөн байцаалтын явцад “О” ХХК-ийн захирал Х.Батсайхан нь Сүхбаатар дүүргийн татварын улсын байцаагчийн 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 0000777 дугаартай дүгнэлтээр тогтоосон зөрчилд холбогдох 143,821,000 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг бүрэн төлсөн, дүүргийн 2 дугаар прокурорын газрын прокурорын 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 07 дугаар тогтоолоор “... улсад учруулсан хохирлоо сайн дураараа барагдуулсан...” болохыг дурдан “…гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй гэж үзэхэд эргэлзээтэй” гэх үндэслэлээр “О” ХХК-ийн захирал Х.Батсайханд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, нэхэмжлэгч “О” ХХК, захирал Х.Батсайхан нар дээр дурдсан татварын улсын байцаагчийн 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 0000777 дугаар дүгнэлттэй маргаагүй, прокурорын 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 07 дугаар тогтоолд гомдол гаргаагүй байна.

            8. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “... хувь хүн, хуулийн этгээд ... олсон орлого .../-оо/ ил тод болгон үнэн зөв, шударгаар санхүү, татварын ... тайланд тусгаж, шинээр тайлагнасан ...  ба эдгээр үйл ажиллагаа нь хувь хүн, хуулийн этгээдийн зүгээс сайн дурын үндсэн дээр хийгдсэн тохиолдолд тэдгээрийг хуульд заасан хариуцлага болон албан татвараас нэг удаа чөлөөлөхтэй холбогдсон харилцааг /энэ хуулиар/ зохицуулах”-аар заасан, тухайн тохиолдолд, “О” ХХК-ийн татвар төлөхөөс зайлсхийсэн 1,438,210.1 мянган төгрөгийн зөрчил нь татварын улсын байцаагчийн 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 0000777 дугаар дүгнэлтээр “илэрч”, тус компанийн захиралд эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж, мөрдөн байцаалтын шатанд буюу 2014 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 143,821,000 төгрөгийн нөхөн татварыг Төрийн сан банкны 90000603 тоот дансанд тушаан, “улсад учруулсан хохирлоо сайн дураараа барагдуулсан” байх тул Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн үйлчлэлд хамаарахгүй, “...Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн дагуу нэмэгдсэн өртгийн албан татварын зөрчилтэй холбоотой асуудлыг сайн дурын үндсэн дээр шинээр тайлагнасан /тул/ хариуцлагаас чөлөөлөгдөнө” гэж үзэхгүй, нэхэмжлэгчийн маргаан бүхий актыг хүчингүй болгуулахаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын энэ үндэслэлийг хүлээж авах боломжгүй талаар анхан болон давж заалдах шатны шүүх зөв дүгнэлт хийжээ.

            9. Татварын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.2.2-т “... /татварын улсын байцаагч/ татвар төлөгчид татварын хууль тогтоомжийн дагуу ногдох татварыг тодорхойлох, ... холбогдох хуульд заасан хариуцлага оногдуулахад акт үйлдэх”-ээр заасан, нэхэмжлэгч “О” ХХК нь 2011 онд 40,523,700 төгрөгийн, 2012 онд 1,397,686,300 төгрөгийн татвар ногдох орлогоо бууруулсан зөрчил гаргасантайгаа маргаагүй, нийт 1,438,210,000 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох орлогод холбогдох 143,821,000 төгрөгийн нөхөн татварыг 2014 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Төрийн сан банкны 90000603 тоот дансанд нэгэнт төлж барагдуулсан байхад татварын улсын байцаагч нар нэгэнт төлөгдсөн татварт татварын актаар хариуцлага ногдуулсан нь буруу, анхан шатны шүүх маргааны үйл баримтад буруу дүгнэлт хийж, “татварын актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж” шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв байна.  

            10. Хариуцагч нар маргаан бүхий актыг гаргах болсон үндэслэлээ “...татварын улсын байцаагч нарын 0000777 дугаар дүгнэлтийг баталгаажуулж, татвар төлсөн дүнгээр нь акт тавьсан нь дахин нөхөн татварыг ногдуулж байгаа асуудал биш, гагцхүү төлсөн дүнг нь баталгаажуулж, татварын программд зохицуулалт хийж байгаа хэлбэр” гэх боловч дээр дурдсан Татварын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.2.2-т зааснаар татварын улсын байцаагчийн актыг “...ногдох татварыг тодорхойлох, ... холбогдох хуульд заасан хариуцлага оногдуулах”-д үйлдэхээр заасан байх тул нэгэнт төлөгдсөн татварыг баталгаажуулах зорилгоор татварын улсын байцаагчийн акт үйлдсэн нь хуульд нийцээгүй, энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт мөн зөв гэж үзлээ.

            11. Өөрөөр хэлбэл, шүүхээс татвар төлөгч “О” ХХК-ийг татварын улсын байцаагчийн 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 0000777 дугаар дүгнэлт, маргаан бүхий татварын улсын байцаагчийн 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 250021364 дүгээр актаар тогтоосон нөхөн татварыг “төлөх ёсгүй”, “зөрчил гаргаагүй” гэж дүгнээгүй, харин нэгэнт төлөгдсөн 143,821,000 төгрөгийн нөхөн татварын үнийн дүнд татварын улсын байцаагчийн актаар дахин 143,821,000 төгрөгийн нөхөн татвар төлүүлэхээр шийлвэрлэсэн нь буруу гэх үндэслэлээр маргаан бүхий татварын улсын байцаагчийн 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 250021364 дүгээр актыг хүчингүй болгож байх тул хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын “...Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага шийтгэл оногдуулсан /байхад/ хууль буруу хэрэглэсэн, Зөрчлийн тухай хууль .../-ийг/ хэрэглээгүй” гэх зэрэг үндэслэлээр гаргасан гомдлыг хүлээж авах боломжгүй.

            12. Эдгээр үндэслэлээр, хариуцагч Э.Энх-Очир, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Номин-Эрдэнэ нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 221/МА2018/0192 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч Э.Энх-Очир, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Номин-Эрдэнэ нарын гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар  хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                            М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                    Д.МӨНХТУЯА