Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Оюунчимэгийн Одгэрэл |
Хэргийн индекс | 181/2022/00087/И |
Дугаар | 181/ШШ2024/02234 |
Огноо | 2024-06-03 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 181/ШШ2024/02234
2024 06 03 | 181/ШШ2024/02234 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ................ байрлах, ГХ ХХК /Регистрийн дугаар.../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч:... байрлах, БА ГХОХХК /Регистрийн дугаар: .../-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 10,806,833,929 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч компанийг төлөөлж гүйцэтгэх захирал Т.Г.г, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ц., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ба., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э., Б.., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А.а нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч нь БА ГХОХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 10,806,833,929 төгрөг гаргуулахаар шаардсан. Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
БА ГХОХХК нь Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутагт орших Баян-Айраг М\/-.. болон Алтан хөндийн М\/-017666 алт, мөнгөний ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч, ашигт малтмалын хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээд бөгөөд үндсэн ордын нөөцөөрөө Монголд тэргүүлэх орд юм. 2014 оноос ашигт малтмалын олборлолтын үйл ажиллагаа эхэлсэн бөгөөд өнөөг хүртэл зөвхөн Баян-Айрагийн ордын исэлдсэн бүсийн нөөцөөс олборлолт хийсэн.
Анх 2002 онд Монгол Улсын хуулийн этгээд болох ГХ ХХК нь өөрийн эзэмшлийн 3000Х тоот Баян-Айрагийн ордын хайгуулын лицензийг шилжүүлж, Канад Улсын Онтарио мужийн хуулийн дагуу байгуулагдсан КГЭ ЛТД корпораци нь хөрөнгө оруулахаар тохиролцож БА компанийг үүсгэн байгуулсан.
Компанийг үүсгэн байгуулахтай холбоотойгоор ГХ ХХК болон КГЭ ЛТД корпораци (Куинкункс Канад), Куинкункс (БВА) ЛТД корпораци (Куинкункс БВА) нарын хооронд 2002 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Урьдчилсан нөхцөлтэй худалдах худалдан авах (Earn-in) болон Эскроу гэрээ байгуулсан. Энэхүү гэрээний А хавсралтаар Анхдагч лиценз, түүний талбайн солбилцлыг, В хавсралтаар Лиценз хамрах талбайн тодорхойлолт, С хавсралтаар БАий хувьцаа шилжүүлэх тухай гэрээ, D хавсралтаар БА ХХК-ийн үүсгэн байгуулах тогтоол болон дүрэм, Е хавсралтаар Анхдагч лиценз шилжүүлэх тухай гэрээ, F хавсралтаар зөвшөөрөгдсөн зардал, G хавсралтаар Зөрчлийн тухай мэдэгдэл, Н хавсралтаар Нөхцөл биелэгдсэн тухай мэдэгдэл, I хавсралтаар Худалдан авах тухай мэдэгдлийг баталсан байдаг.
Нэгдүгээрт, Нэхэмжлэгч нь дээрх гэрээний үүргийн гүйцэтгэлийг хариуцагч компаниас шаардаж байгаа бөгөөд энэ нь Компанийн тухай хуульд заасан хувьцаа эзэмшигчид олгох ногдол ашигтай ямар ч холбоогүй.
Урьдчилсан нөхцөлтэй худалдах, худалдан авах болон Эскроу гэрээ-г онолын үүднээс тайлбарлавал өмчийн болон үүргийн хэлцэл аль алийг нь тусгасан гэрээ юм. Өөрөөр хэлбэл, хариуцагч тал тухайн гэрээн дэх өмчийн хэлцлийн хариу төлбөрт 25,000 ам доллар болон компанийн 20 хувийн хувьцааг шилжүүлсэн бол үүргийн хэлцлээр компанийн мөнгөн гүйлгээ эерэг гарсан тохиолдолд бэлэн мөнгөний цэвэр гүйлгээний 20 хувийн 20 хувийг ГХ ХХК-д шилжүүлэхээр тохиролцсон тохиролцоо юм. Энэхүү тохиролцоо хуулийн хүрээнд манай талын хууль ёсны ашиг сонирхлын дагуу тухайн гэрээнд тусгасан БА ГХОХХК-ийг үүрэгжүүлсэн үүргийн хэлцэл юм.
Нөгөө талаасаа хамтран ажиллах, худалдах-худалдан авах зэрэг гэрээний шинжтэй холимог гэрээ юм. Тухайлбал: уг гэрээгээр компанийн хөрөнгө оруулалт, түүний хэлбэр болон талуудын эрх, хэмжээг зохицуулсан хамтран ажиллах хэлбэр, анхдагч лицензийг шилжүүлэх, нөгөө талаас лиценз болон хувьцааг харилцан өмчлөлд шилжүүлэх, 25,000 ам долларыг өгөх зэрэг олон харилцааг зохицуулсан холимог шинжтэй гэрээ юм.
Бидний нэхэмжилж буй гэрээний С хавсралт компанийн хувьцаа шилжүүлэх тухай гэрээний 3 дугаар зүйлд Гурван гол нь Баян айрагийн 200 ширхэг хувьцааг хүлээн авснаар Лицензит талбайтай холбогдуулан Куинкункс Канадын гаргасан, Зөвшөөрөгдсөн зардлын доод хэмжээ болох 450,000 ам доллараас давсан аливаа болон бүх хайгуул, боловсруулалт болон ашиглалтын үйл ажиллагааны зардал (Давсан зардал)-ын 20 хувийг Баян-Айрагт нийлүүлэх үүрэг хүлээхээ хүлээн зөвшөөрч байна. Үүнтэй холбогдуулан Гурван голын хүлээх үүрэг нь зөвхөн Лицензит талбай дээрх ашигт малтмалын ашиглалтын үйл ажиллагаанаас олсон бэлэн мөнгөний цэвэр гүйлгээний Гурван голд ногдох хувийн ная (80)-н хувиар төлөгдөх үүрэг (Гурван Голын үүрэг) болохыг ойлгон хүлээн зөвшөөрч байна гэсэн. Давсан зардлыг манай компани өөрийн эзэмшиж байгаа 20 хувийн 80 хувиар төлөх бөгөөд, үлдсэн 20 хувийг манай компанид жил бүр шилжүүлэхийг үүрэгжүүлсэн зохицуулалт юм. Өөрөөр хэлбэл, энэ нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.2-д Үүргийн агуулга, шинж чанарыг харгалзан талуудын алинд ч нөгөө талын эрх, эд хөрөнгийн хувьд онцгой үүрэг ногдуулж болно гэсний дагуу үүргийн хэлцлийн хүрээнд тохиролцсон юм.
Хоёрдугаарт,
А.гэрээний С хавсралтын 4 дүгээр зүйлд Киункункс Канад нь Давсан зардлын төлбөрийг Гурван Голын хүлээх үүрэгтэй холбогдуулан бүрэн хариуцахаа зөвшөөрч байна. Давсан зардлын Гурван Голд оногдох хувьд хамаарах, Киункункс Канадын зарцуулсан хөрөнгө мөнгийг үүрэг хүлээгээгүй зээллэг гэж үзнэ. Гурван Голын үүрэгт мөн эдгээр зээллэгийн Анхдагч хүүн дээр нэмэх хоёр хувийн хүү багтана. Анхдагч хүүгийн хэмжээг Торонто-Домино Банк өөрийн хамгийн найдвартай үйлчлүүлэгчиддээ өгдөг хүүгийн хэмжээгээр тoгтooнo гэж заасан. Үүний дагуу Киункункс Канадаас зээл хэлбэрээр БА ГХОХХК-ийн давсан зардлыг санхүүжүүлэх бөгөөд үүнд хамаарах ГХ ХХК-ийн хүлээх үүрэг болох уг зардлын 20 хувь нь ГХ ХХК-д ногдох зээл бөгөөд уг зээлийн дүн дээр Анхдагч хүүн дээр нэмэх хоёр хувийн хүүг ГХ ХХК нь уг гэрээний 3 дугаар заалтын дагуу БА ГХОХХК-ийн үндсэн үйл ажиллагааны цэвэр мөнгөн гүйлгээний өөрт ногдох хувийн 80 хувиар төлөхөөр талууд тохиролцсон байдаг.
Дээрх тохиролцооны дагуу, ГХ ХХК өөрийн хөрөнгөөс уг зээлийг төлөхгүй буюу БА ГХОХХК-д байгаа өөрт ногдох хувиасаа дамжуулан төлөх юм. Бид уг үүргээ ухамсарлаж, 2002 оноос өнөөг хүртэл өөрт ногдох хувийн 80 хувиасаа нэхэмжлээгүй, ямар нэгэн байдлаар маргаан үүсгэж байгаагүй.
Бидний зүгээс хариуцагч компани толгой компаниасаа зээлсэн хөрөнгө оруулалтын зээл болон манай зээлийн хэмжээ, эргэн төлөлтийн хэмжээний талаарх мэдээллийг авахаар албан бичгүүдийг хүргүүлж байсан боловч нэг ч удаа уг зээлийн дэлгэрэнгүй мэдээллийг манайд ирүүлж байгаагүй бөгөөд жилийн үйл ажиллагааны тайланд зээлийн хэмжээг ерөнхийлөн мэдээлж байсан. Иймд, бидний зүгээс өөрийн үүргээ ухамсарлаж, уг өр төлбөрийг төлөхөд холбоотойгоор ямар нэгэн саад учруулах гэх мэт нөхцөл байдлыг үүсгэхгүйгээр үүргээ биелүүлсээр байгаа юм.
Б.гэрээний С хавсралтын 3 дугаар зүйлд ...Лицензит талбай дээрх ашигт малтмалын ашиглалтын үйл ажиллагаа... нь уг компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрмийн дагуу үндсэн үйл ажиллагаа байна. Компани 2015 оноос эхлэн одоог хүртэл зөвхөн ашигт малтмалын ашиглалтын үйл ажиллагаа явуулсан байдаг. Иймд, Лицензит талбай дээрх ашигт малтмалын ашиглалтын үйл ажиллагааны бэлэн мөнгөний цэвэр мөнгөн гүйлгээ гэдэг нь үндсэн үйл ажиллагааны цэвэр мөнгөн гүйлгээ байна.
Нэхэмжлэгч нь Лицензит талбай дээрх ашигт малтмалын ашиглалтын үйл ажиллагаанаас олсон бэлэн мөнгөний цэвэр гүйлгээний өөрт ногдох хувь (20)-ийн ная (80)-н хувиар өр төлбөрөө төлөх бөгөөд үлдсэн 20 хувиа авахаар нэхэмжилж байгаа билээ. Иймд, бидний нэхэмжлэлийн зүйл нь БА ГХОХХК-ийн үндсэн үйл ажиллагааны цэвэр мөнгөн гүйлгээний хорин хувийн (өөрт ногдох хувь) хорин хувь юм. Үүнийг нэхэмжлэхдээ хариуцагч компанийн үндсэн үйл ажиллагааны цэвэр мөнгөн гүйлгээ эерэг гарсан жилүүд болох 2015-2021 оны үүргийн гүйцэтгэлийг нэхэмжилсэн.
Бид 2015-2021 оны Санхүүгийн тайлангаас Мөнгөн гүйлгээний тайлангийн 1.3 дахь баганад заасан Үндсэн үйл ажиллагааны цэвэр мөнгөн гүйлгээнд тусгагдсан дүн тус бүрийг нэмж 270,170,848,243 төгрөг гаргаж, үүнийгээ 100 хувь хэмээн үзэж хорин хувийг нь 0.2-оор үржүүлж олоход 54,034,169,648.60 гарсан бөгөөд үүнийг ахин 100 хувь хэмээн үзэж хорин хувийг нь 0.2-оор үржүүлж 10,806,833,929 төгрөгийг нэхэмжилж байгаа.
Гуравт. Гэрээний тохиролцоог дүрмээр өөрчилсөн эсэх:
Гэрээний 4 дэх буюу D хавсралтаар компанийн дүрмийн төслийг талууд тохиролцсон. Энэ нь маргаан бүхий гэрээний 3 дахь буюу С хавсралт Хувьцаа шилжүүлэх тухай гэрээнд өөрчлөлт орсон гэж үзэх үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл цогц гэрээний өөр хавсралтад өөрчлөлт оруулсан нь өөр хавсралтыг өөрчилсөн гэж үзэх үндэслэлгүй, С хавсралтад өөрчлөлт ороогүй учир тохиролцоо хэвэндээ гэж үзэж байна. БА ГХОХХК нь жижиг хувьцаа эзэмшигч болох манай компанид мэдэгдэлгүйгээр 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хуралдуулсан. Тус шийдвэрээр цорын ганц үйл ажиллагаа явуулж байгаа ашиглалтын MV-13409 тоот тусгай зөвшөөрөл бүхий уурхайн үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргасан байна. Энэхүү шийдвэр нь жижиг хувьцаа эзэмшигчийн хардлагыг бүрэн баталж, эцэстээ жижиг хувьцаа эзэмшигч өөрийн шилжүүлсэн лицензээс ямар ч ашиг авч чадахгүйгээр уурхайн үйл ажиллагаа хаагдаж байна. Компани гэдэг хувьцаа эзэмшигчийн хөрөнгө байдаг. Гэтэл эзнээс нь ч асуулгүйгээр хөрөнгийг үрэн таран хийх, эзэнд нь ямар ч ашиг өгөхгүй байх нь шударга бус юм. Их хэмжээний нөөцтэй лицензийг мэдсээр байж хариуцагчийн тайлбарлаж байгаа 25,000 ам долларт худалдсан байх боломжгүй.
Иймд Урьдчилсан нөхцөлтэй худалдах худалдан авах (Earn In) болон Эскроу гэрээ-ний С хавсралт болох Хувьцаа шилжүүлэх тухай гэрээ-ний үүрэгт тохиролцсоны дагуу 10,806,833,929 төгрөгийг БА ГХОХХК-иас гаргуулж өгнө үү гэв.
2.Хариуцагч нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч, шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
2002 оны 5 дугаар сарын 13-нд ГХ ХХК нь Канад Улсын Онтарио мужийн хуулийн дагуу байгуулагдсан КГЭ Лтд Корпораци болон Британийн Виржинийн Арлуудын дагуу байгуулагдсан Куинкункс корпораци болон Монгол Улсын бусад тодорхой хуулийн этгээдүүдтэй Урьдчилсан нөхцөлтэй худалдан авах (Earn-In) болон Эскроу гэрээ-г байгуулсан.
2002 оны 5 дугаар сарын 23-нд Куинкункс БВА нь БА ХХК-г байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн. 2005 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөр Куинкункс БВА нь Урьдчилсан нөхцөлтэй худалдан авах (Earn-In) болон Эскроу гэрээний 14 дүгээр хэсэгт заасны дагуу БА ГХОХХК дахь ГХ ХХК-ийн хувьцааг худалдан авах эрхээ шилжүүлснээ мэдэгдээгүй бөгөөд ГХ ХХК нь Баян-Айраг дахь өөрийн хувьцааг гуравдагч этгээдэд худалдах буюу шилжүүлэх эрхээ хэрэгжүүлээгүй учир хувьцаа шилжүүлэх тухай гэрээ хүчин төгөлдөр болж, ГХ нь БА ХХК-ийн 200 ширхэг хувьцаа эзэмшигч болж, улмаар Компанийн дүрэмд нэмэлт өөрчлөлт орсныг улсын бүртгэлд бүртгүүлсэн. 2008 оны 3 дугаар сарын 25-ны өдөр БА ГХОХХК дахь Куинкункс БВА-ийн эзэмшдэг 800 ширхэг хувьцааг Гибралтар Улсад бүртгэлтэй КьюЖиЭкс Голден Хиллс Лимитэд компанид шилжүүлсэн бөгөөд улмаар Компанийн дүрэмд нэмэлт өөрчлөлт орсныг улсын бүртгэлд бүртгүүлсэн. 2008 оны 5 дугаар сарын 06-ны өдөр БА ГХОХХК дахь Гибралтар улсад бүртгэлтэй КьюЖиЭкс Голден Хиллс Лимитэд компанийн эзэмшдэг 800 ширхэг хувьцааг Люксембургэд бүртгэлтэй КьюЖиЭкс Голден Хиллс С.ар.л компанид шилжүүлсэн бөгөөд улмаар компанийн дүрэмд нэмэлт өөрчлөлт орсныг улсын бүртгэлд бүртгүүлсэн. 2016 оны 8 дугаар сарын 16-нд компанийн дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн ба компанийн хувьцаа эзэмшигчдээр КьюЖиЭкс Голден Хиллс С.ар.л болон ГХ ХХК хэвээр үлдсэн.
Нэг.Урьдчилсан нөхцөлтэй худалдах-худалдан авах (earn in) болон эскроу гэрээ-ний С хавсралтын 3 дахь заалт нь зардал хуваарилах зохицуулалт болох тухайд:
Нэхэмжлэгч гэрээний С хавсралт болох хувьцаа шилжүүлэх тухай гэрээ-ний 3 дахь заалтыг баримталж шаарддаг ч энэ нь талууд зардлаа хэрхэн хувааж хариуцах тухай заалт бөгөөд хариуцагч үндсэн үйл ажиллагааны цэвэр мөнгөн гүйлгээний 20 хувийн 20 хувийг жил бүр өгөх, төлөх, ГХ ХХК нь авах тухай үг, өгүүлбэр, шууд утга байхгүй юм.
Тухайлбал, гэрээний 3 дугаар заалтад Гурван гол нь Баян айргийн 200 ширхэг хувьцааг хүлээн авснаар лицензэд талбайтай холбогдуулан Куинкункс Канадын гаргасан, зөвшөөрөгдсөн зардлын доод хэмжээ болох 450,000 ам доллараас давсан аливаа болон бүх хайгуул, боловсруулалт болон ашиглалтын үйл ажиллагааны зардал (давсан зардал)-ын 20 хувийг Баян айрагт нийлүүлэх үүргээ хүлээн зөвшөөрч байна. Үүнтэй холбогдуулан Гурван голын хүлээх үүрэг нь зөвхөн лицензэд талбай дээрх ашигт малтмалын ашиглалтын үйл ажиллагаанаас олсон бэлэн мөнгөний цэвэр гүйлгээний Гурван голд ногдох хувийн 80 хувиар төлөгдөх үүрэг (Гурван голын үүрэг) болохыг ойлгон зөвшөөрч байна. Гурван голд ногдох хувийг Баян айраг дахь Гурван голын хувь гэж үзэх бөгөөд уг хувийн хэмжээг лицензэд талбайд дахин нэг буюу хэд хэдэн уурхай ашиглалтад оруулахаар шийдвэрлэвэл тухай бүр нь шинэчлэн тогтоож болно гэж заасан. Гэрээний энэ заалтаар үндсэн үйл ажиллагааны бэлэн мөнгөний цэвэр гүйлгээнээс тодорхой хувь хэмжээгээр мөнгөн хөрөнгийг шаардах эрхийг нэхэмжлэгч ГХ ХХК-д олгосон гэж үзэхгүй юм.
Иймд, С хавсралт болох хувьцаа шилжүүлэх тухай гэрээний 3 дахь заалтыг Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1, 198.2-д зааснаар тайлбарлан хэрэглэх бөгөөд үндсэн үйл ажиллагааны цэвэр мөнгөн гүйлгээ эерэг гарсан тохиолдолд бэлэн мөнгөний цэвэр гүйлгээний 20 хувийн 20 хувийг нэхэмжлэгчид шилжүүлэхээр тохиролцсон шууд утга бүхий заалт байхгүй.
Хуулийн дээрх заалтын дагуу лиценз шилжүүлэх, лицензийн үнийг төлөх, хувьцаа шилжүүлэх талаарх харилцааг зохицуулсан байх ба ямар нэгэн ногдол хувь, ашиг тараах үүргийг зохицуулаагүй байна. Харин лицензийн эрх шилжин ирсэн БА ХХК-ийн үйл ажиллагаанаас хувьцаа эзэмшигчдэд ногдох хөрөнгийг хувьцаа эзэмшигчдийн баталсан дүрмээр зохицуулахаар байна.
Хоёр. Нэхэмжлэгч гэрээний үүргийн гүйцэтгэлийг тус компаниас шаарддаг. Хариуцагч БА ГХОХХК нь нэхэмжлэгчтэй иргэний эрх зүйн харилцаанд ороогүй. Нэхэмжлэгчийн өмнө ямар нэгэн хүлээсэн үүрэг байхгүй буюу 2002 оны 5 дугаар сарын 13-ны өдөр байгуулагдсан дээрх гэрээнд БА ГХОХХК ямар нэгэн эрх, үүрэг, хариуцлагыг хүлээж оролцоогүй.
Гурав. БА ГХОХХК-ийн дүрмээр тус компанийн үндсэн үйл ажиллагааны цэвэр мөнгөн гүйлгээний 20 хувийн 20 хувьтай холбоотой ашиг, алдагдлыг шийдвэрлэж зохицуулсан тухайд:
Гэрээний С хавсралтын 3 дах заалтаар ашигт малтмалын үйл ажиллагаа явуулахтай холбоотой зардлыг шийдвэрлэсэн буюу хэн нь ямар хэмжээ, нөхцөлөөр лицензэд талбайд гарах зардлыг хариуцах талаар шууд тусгасан агуулгатай.
Өөрөөр хэлбэл, 20 хувийн 80 хувьтай тэнцэх зардлыг нэхэмжлэгч Гурван гол холдинг ХХК нь лицензэд талбайд тарах зардалд суутган хариуцах бөгөөд үлдэх 20 хувийн 20 хувьд ногдох хэсгийг Баян айраг эксплорэйшн ХХК ашигтай ажилласан тохиолдолд Компанийн тухай хууль болон компанийн дүрэмд зааснаар хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэсний үндсэн дээр ногдох ашиг болгон тараахаар тохирсон. Энэ ч утгаар талууд БА ГХОХХК-ийн 2016 оны дүрэмд тусгасан байна.
Тодруулбал, БА ГХОХХК-ийн компанийн дүрмийн 7.1.2-д Тусгай зөвшөөрөлтэй талбай дээрх ашигт малтмалын үйл ажиллагаанаас олсон хуваарилах боломжит бэлэн мөнгөний цэвэр гүйлгээний Гурван гол холдинг ХХК-д ногдох 20% (хорин хувь)-с 20% (хорин хувь)-г ногдол ашиг хэлбэрээр Гурван гол холдинг ХХК-д олгоно, 7.3-д Хөрөнгө оруулалтын давсан зардал болон хүүгийн өглөг төлөгдөж дууссаны дараа ногдол ашиг хуваарилах асуудлыг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу хувьцаа эзэмшигчдийн хурлаар шийдвэрлэнэ гэж тус тус заасан. Иймд, нэхэмжлэгч ГХ ХХК-ийн 20 хувийн 20 хувьтай холбоотой ашиг, алдагдлыг хуваарилах асуудлыг гэрээний С хавсралт болох Баян айргийн хувьцаа шилжүүлэх гэрээгээр бус компанийн дүрмийн дээрх заалтаар зохицуулсан.
Компанийн хувьцаа эзэмшигчид КьюЖиЭкс Голден Хиллс С.ар.л болон ГХ ХХК нь компаниас ногдол ашиг болон ашигт малтмалын үйл ажиллагаанаас олсон цэвэр мөнгөн гүйлгээнээс ямарваа нэгэн хувь, хэмжээгээр авах эрхгүй.
Түүнчлэн Компанийн дүрмийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.3, Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2.7-т зааснаар ногдол ашиг тараах, ногдол ашгийн хэмжээг баталж, хуваарилах болон ашигт малтмалын үйл ажиллагаанаас олсон цэвэр мөнгөн гүйлгээнээс ямарваа нэгэн хувь, хэмжээгээр ашиг тараах, хуваарилах талаар хувьцаа эзэмшигчдийн шийдвэр гараагүй болно.
Компани, Компанийн Хувьцаа Эзэмшигчийн Харилцан Хамааралтай Этгээдүүд, КьюЖиЭкс Голден Хиллс Холдингс Лимитэд болон Голден Хиллс (Баян-Айраг) Лимитэд (Хувьцаа Эзэмшигчийн Харилцан Хамааралтай Этгээдүүд) компаниудын хооронд байгуулсан хэд хэдэн зээлийн гэрээний дагуу Компанийн хувьцаа эзэмшигчийн харилцан хамааралтай этгээдүүдээсээ буюу хүлээн авсан нийт зээлийн хэмжээ 40,071,742.11 ам доллар болон 64,999,685,940 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа билээ.
Дөрөв:гэрээний дагуу тухайн үеийн худалдан авагч Куинкункс Канад компани 3000Х тоот хайгуулын лицензийн үнэд 25,000 ам долларыг худалдагч буюу Сарны титэм үзэсгэлэн ХХК, нэхэмжлэгч ГХ ХХК-д төлж үүргээ гүйцэтгэсэн тухайд,
а/Нэхэмжлэгчийн хамаарал бүхий гэх Сарны титэм үзэсгэлэн ХХК өөрийн 3000Х тоот хайгуулын лицензийг БА ГХОХХК-д шилжүүлсний төлөө буюу худалдсаны төлөө тус лицензийн үнэд тухайн үеийн хувьцаа эзэмшигч Куинкункс Канад компаниас 25,000 ам долларыг шилжүүлэн авч үүрэг дуусгавар болсон ба энэ талаар нэхэмжлэгч маргаагүй.
Хайгуулын 3000Х тоот лиценз шилжсэнээр Сарны титэм үзэсгэлэн ХХК болон нэхэмжлэгч Гурван гол холдинг ХХК-ийн өмчлөх эрх Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д зааснаар дуусгавар болсон. Лицензтэй холбоотой аливаа үр шимийг тус компаниуд нь хүртэх эрхгүй гэж үзэх үндэслэлтэй юм. Тухайлбал, Сарны титэм үзэсгэлэн ХХК нь 3000Х тоот лицензээ шилжүүлээд 2002 ондоо лицензийн хариу төлбөрт 25,000 ам долларыг эскроу агентын дансаар шилжүүлэн авсан.
Гэтэл, үүрэг дуусгавар болсон атал нэхэмжлэгч ГХ ХХК уг лиценз бидний лиценз байсан, уг лицензээ шилжүүлсний хариу төлбөрт 20 хувийн 20 хувийг авах ёстой гэх агуулгаар нэхэмжлэл гаргасныг зөв гэж үзэхгүй. Нөгөөтэйгүүр, тус хоёр компани бие даасан тусдаа хуулийн этгээдүүд байх бөгөөд Сарны титэм үзэсгэлэн ХХК өөрийн эзэмшиж байсан 3000Х тоот хайгуулын лицензийг хариуцагчид шилжүүлсэнтэй холбоотой шаардах эрхийг нэхэмжлэгч ГХ ХХК-д ямар байдлаар шилжүүлсэн баримт хэрэгт авагдаагүй. БА ГХОХХК-д 3000Х тоот хайгуулын лиценз шилжсэнээр Иргэний хуулийн 88 дугаар зүйлийн 88.3-д зааснаар лицензтэй холбоотой үр шимийг нь тус компани олж авах эрхтэй гэж үзнэ.
Түүнчлэн хариуцагч компани өөрийн үйл ажиллагааны буюу ашигт малтмалаас олсон орлогыг ГХ ХХК-тай хуваах, тодорхой хувь хэмжээгээр жил бүр олгох талаар гэрээ, хэлцлийг нэхэмжлэгчтэй ямар байдлаар байгуулсан гэж үзэх, энэ нь ямар баримт сэлтээр бүрэн дүүрэн, эргэлзээгүй нотлогдож байгаа талаар нэхэмжлэгч нотлоогүй байна.
б/Худалдах худалдан авах гэрээний гол шинж нь худалдагч эд хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч түүний үнийг төлснөөр гэрээ хэрэгжих бөгөөд энэ хэлцлийн хувьд хиймэгц биелэх боломжтой болох нь хуулийн дээрх заалтын агуулгаас ойлгогдохоор байна.
Дээр дурдсанаар 3000Х тоот хайгуулын лиценз шилжүүлсний гэрээний үүрэг биелэгдсэн бөгөөд нөгөөтээгүүр, худалдах, худалдан авах гэрээ нь хөрөнгө шилжиж, үнэ төлөгдсөнөөр үүргийн харилцаа дуусгавар болдог ба нэхэмжлэгч нь худалдах-худалдан авах гэрээний үүрэг 20 жилийн турш хэрэгжих (үргэлжлэх) учиртай гэрээний заалт болон хуулийн холбогдох заалтуудыг буруу тайлбарлаж байна.
Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардпага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил, 76 дугаар зүйлийн 76.2-д Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан... үеэс үүснэ гэж заасан.
Нэхэмжлэгч ГХ ХХК нь хариуцагч Баян айраг эксплорэйшн ГХОХХК-ийн 20 хувийн хувьцаа эзэмшигчийн хувьд тус компанийн тайлан, санхүүгийн баримт бичигтэй танилцах бүрэн боломжтой буюу санхүү байдлын талаар мэдэх ёстой. Мөн хэрэв нэхэмжлэгч ГХ ХХК нөгөө хувьцаа эзэмшигч болон бусад хуулийн этгээдүүдтэй байгуулсан өөрт нь хадгалагдаж ирсэн 2002 оны 5 дугаар сарын 13-ний өдрийн гэрээний дагуу шаардах эрх үүссэн гэж үзэх байгаа бол тус гэрээтэй холбоотой үүргийн гүйцэтгэлийг 20 (хорин) жил өнгөрсний дараа шаардаж байгаа нь Иргэний хуулийн 75, 76, 88, 198-д заасантай тус тус нийцэхгүй.
в/Нэхэмжлэгч нь хайгуулын 3000Х тоот лицензэд талбайгаас ашигт малтмалын үйл ажиллагааг явуулсан орлогоос хувь хүртэх ёстой хэмээн тайлбарладаг бөгөөд хариуцагчийн зүгээс дээрх 3000Х тоот хайгуулын лицензээс гадна өөр ашигт малтмалын талбайд үйл ажиллагааг явуулдаг.
Ашигт малтмалын газраас шүүхэд ирүүлсэн баримтуудаар Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутагт орших Баян-айраг нэртэй 6967 гектар талбай бүхий ашигт малтмалын 3000Х тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг хариуцагч БА ГХОХХК-ийн хүсэлтээр 2008 оны 3 дугаар сарын 20-ний өдрийн Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 372 тоот шийдвэрээр ашиглалт болгож одоогийн MV-.. тоот ашигт малтмал ашиглах лицензийг олгосон болох нь, мөн үүнээс гадна хариуцагч БА ГХОХХК нь Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2007 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2538 дугаар шийдвэрээр тус газрын зэргэлдээ Дөрвөлжин сумын Баруун бор толгой-1 нэртэй газарт XV-013019 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг авч, Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2014 оны 9 дугээр сарын 02-ний едрийн 498 дугаар шийдвэрээр 3910.87 гектар талбай бүхий газарт ашигт малтмал ашиглах MV-017666 тоот тусгай зөвшөөрөл болгон авсан болох нь тогтоогддог. Нэхэмжлэгч нь MV-017666 тоот ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй Баруун бор толгой-1 талбайд үйл ажиллагаа явуулсан орлогоос нэхэмжлэхгүй гэж тайлбарладаг бөгөөд харин хариуцагчид шилжүүлсэн 3000Х тоот хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд ашигт малтмалын үйл ажиллагаа явуулсан орлогоос нэхэмжлэх эрхтэй гэж шүүхэд тайлбар гаргадаг. Харин энэхүү үйл баримтаа нэхэмжлэгч нотлоогүй.
Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3.Нэхэмжлэгчээс баримтаар: ГХ ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм, Баян-Айраг эксплорэйшн ГХОХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм, MV-017666 тоот ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл, түүний хавсралтууд, Урьдчилсан нөхцөлтэй худалдах, худалдан авах (earn-in) болон эскроу гэрээ, түүний A,B,C,D,E,F,G,H, I, хавсралтууд, Зөвшөөрөл олгох ба эрхээс татгалзах гэрээ хуулбараар, төлөөлөгчид эрх олгосон итгэмжлэл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Дөлгөөн хайрхан уул аудит ХХК-ийн хийсэн БА ГХОХХК-ийн 2018-2020 оны жилийн санхүүгийн тайлан, дүгнэлтүүд, ГХ ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 22/08 албан тоот, 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 22/11 албан тоот, Нууц хадгалах гэрээ хуулбараар, 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 22/06 албан тоот, 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 22/15 албан тоот, Баян-Айраг эксплорэйшн ГХОХХК-ийн 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 08/99 албан тоот, Баян-Айраг эксплорэйшн ГХОХХК-ийн 2020, 2021 оны жилийн эцсийн тайлан хуулбараар, СТОУС стандартууд А хэсэг, Сангийн сайдын 2017 оны 361 дүгээр тушаалын хавсралтаас, Сарны титэм үзэсгэлэн ХХК-ийн компанийн дүрэм, Хувьцаа эзэмшигчдийн 2023 оны ээлжит бус хурлын тэмдэглэл, 2022 оны жилийн санхүүгийн тайлан зэргийг ирүүлжээ.
/1хх 7-46, 79-145, 160-185, 2хх 111-116, 158, 3хх 113-136/
Хариуцагч талаас баримтаар: БА ГХОХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, төлөөлөгчид эрх олгосон итгэмжлэл, компанийн дүрэм, төлбөрийн нэхэмжлэхүүд, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт, 2023/21, 153,2023, 154/2023 төлбөрийн нэхэмжлэхүүд зэргийг ирүүлжээ.
/хх 50-53, 69-71, 3хх 167-168, 174-191/
Шүүхийн журмаар: хариуцагч талын хүсэлтээр Улсын бүртгэлийн Ерөнхий газраас ирүүлсэн 2022 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 4/6050 тоот хариу, түүний хавсралтууд, Ашигт малтмал, газрын тосны газраас ирүүлсэн 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 8/3697 тоот хариу, түүний хавсралтууд,
Нэхэмжлэгч талын хүсэлтээр хариуцагчаас ирүүлсэн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн хариу, санхүүгийн тайлангууд, гэрч Н.Бэхбатын мэдүүлэг, Ашигт малтмалын газрын тосны газраас ирүүлсэн 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 1/24 тоот хариу, Үндэсний геологийн албаны 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдийн 1/136 тоот хариу, түүний хавсралтууд, Татварын Ерөнхий газрын 2024 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 06/1606 тоот хариу, Сангийн яамны 2024 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 06/2199 тоот хариу, түүний хавсралтууд зэргийг бүрдүүлжээ.
/1хх 223-245, 246-252, 2хх 1-51, 57-107, 116, 124-126, 3хх 204, 211-250, 4хх 1-250, 5хх 1-250, 6хх 1-250, 7хх 1-250, 8хх 1-102, 107, 137- 207/
Шүүх хуралдаанд болон хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийг хангах нь зүйтэй гэж дүгнэв.
Нэхэмжлэгч ГХ ХХК нь хариуцагч БА ГХОХХК, Люксинбург улсын хуулийн этгээд Кью жи экс гоулдэн хиллс с.ар.л коипани нарт холбогдуулан гэрээний үүрэгт 10.806.833.929 төгрөг гаргуулахаар шаардсан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь хамтран хариуцагч Кью жи экс гоулдэн хиллс с.ар.л компанид холбогдуулан гаргасан шаардлагаасаа татгалзсан тул шүүх түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
2.Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ: гэрээний С хавсралтын 3 дахь заалтаар компанийн цэвэр мөнгөн гүйлгээний 20 хувийн 20 хувийг шилжүүлэх агуулгаар рояалти тохиролцсон, Хувьцаа эзэмшигчийн хувиар ногдол ашиг шаардаагүй, анхнаасаа лицензийн төлбөр 25,000 ам доллараас гадна үл маргах журмаар төлөхөөр рояалти тохирсон байсан, 2015 оноос хойш компанийн цэвэр мөнгөн гүйлгээ эерэг гарч эхэлснээр рояалти авахыг хүссэн ч татгалзсан хариуг өгсөн, жижиг хувьцаа эзэмшигч тул компанийн дотоод үйл ажиллагаанд оролцуулдаггүй шийдвэрийг 80 хувийн хувьцаа эзэмшигч тал гаргадаг, хувьцаа эзэмшигчийн хувиар ч ногдол ашиг хүртэж байгаагүй гэж тайлбарлав.
3.Хариуцагч татгалзлын үндэслэлээ: нэхэмжлэгчтэй эрх зүйн харилцаанд ороогүй, гэрээний оролцогч биш тул хариуцагч биш, компанийн цэвэр мөнгөн гүйлгээний 20 хувийн 20 хувийг нэхэмжлэх эрхгүй, Хувьцаа эзэмшигчдийн хурлаар компани ногдол ашиг хуваах, тараах талаар аливаа шийдвэр гараагүй, лицензийн үнэ 25,000 ам долларыг хувьцаа эзэмшигчээс төлсөн, гэрээний С хавсралтын 3 дахь заалтад компанийн цэвэр мөнгөн гүйлгээний 20 хувийн 20 хувийг шилжүүлэх шууд утга байхгүй, харин компанийн зардлыг хэрхэн хуваарилах талаарх тохиролцоо, түүнчлэн хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн, маргаанд хамаарах 3000Х тоот лицензит талбайгаас гадна өөр ашигт малтмалын талбайд үйл ажиллагаа явуулдаг, компанийн санхүүгийн тайланд тусгагдсан мөнгөн гүйлгээ нь бүхэлдээ тухайн лицензит талбайгаас олсон орлого биш гэж тайлбарлажээ.
4.Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримтууд тогтоогдсон. Үүнд:
4.1.Нэг талаас Монгол улсын хуулийн этгээд ГХ ХХК (цаашид А тал гэнэ), нөгөө талаас Канад улсын Онтарио мужийн хуулийн дагуу байгуулагдсан КГЭ ЛТД корпораци /Куинкункс Канад/, Британы Виржиний арлуудын хуулийн дагуу байгуулагдсан Куинкункс ЛТД корпораци /Куинскункс БВА/ (цаашид хамтад нь Хөрөнгө оруулагч тал гэнэ) нарын хооронд эскроу агент болон зөвлөх компаниудын тусламжтайгаар 2002 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Урьдчилсан нөхцөлтэй худалдах худалдан авах (earn-in) болон Эскроу гэрээ (цаашид Эскроу гэрээ гэнэ) байгуулжээ. /1хх 26-41/
Энэ гэрээ A, B, C, D, E, F, G, H, I гэсэн нийт 9 хавсралттай, түүнээс
- А, В хавсралтаар: А тал нь Монгол Улсын хуулийн дагуу ашигт малтмалын 3000Х тоот лиценз (цаашид: анхдагч лиценз гэнэ) эзэмшдэг талаар, анхдагч лицензийн тодорхойлолт, түүний хамрах талбайн тодорхойлолт зэргийг, /1хх 29 ар, 30,31/
D хавсралтаар: Хөрөнгө оруулагч тал Монгол Улсад ашигт малтмалын нөөцийн хайгуул, шинжилгээ хийх, боловсруулж ашиглах зорилгоор Баян айраг эксплорэйшн компанийг (цаашид Дундын компани гэнэ) үүсгэн байгуулах, компанийн дүрмийг батлах зэргийг, /1хх 33 ар, 34-37/
С хавсралтаар: Дундын компани-ийн хувьцаагаа Хөрөнгө оруулагч тал буцаан худалдан авах мэдэгдлээ хэрэгжүүлээгүй тохиолдолд А талд 200 ширхэг 20 хувийн хувьцааг шилжүүлэх талаар, /1хх 32-33/
E хавсралтаар: Анхдагч лицензийг А тал Дундын компани-д шилжүүлж, лицензтэй холбоотой хөрөнгө оруулагч болон А тал аль алин нь эрх үүргээ Дундын компани-д шилжүүлэхээр, /1хх 37ар, 38/
F хавсралтаар: лицензит талбайд хайгуулын ажил хийхэд зөвшөөрөгдөх зардлын нэр төрлийг тодорхойлж, /1хх 39/
G, H хавсралтуудаар: гэрээний зөрчил болон хэрэгжсэн талаарх мэдэгдлийг, /1хх 40/
I хавсралтаар:Хөрөнгө оруулагч тал нь Дундын компани дахь А талын 20 хувийн хувьцааг буцаан худалдан авах эрхээ хэрэгжүүлвэл зуучлагч агентад 800.000 ам долларыг хувьцааны үнэд байршуулах мэдэгдлийн талаар тус тус заажээ. /1хх 41/
4.2.Ашигт малтмал газрын тосны газраас ирүүлсэн лавлагаагаар: Маргаанд хамаарах анхдагч лиценз болох Завхан аймаг, Дөрвөлжин сум, Баян-Айраг нэртэй газарт орших 6967 гектар талбай бүхий ашигт малтмалын хайгуулын 3000Х тоот лицензийг анх Геологи, уул уурхайн кадастрын албаны даргын 2000 оны 577 дугаар шийдвэрээр Сарны титэм үзэсгэлэн ХХК эзэмшдэг байсан, улмаар Сарны титэм үзэсгэлэн ХХК болон Дундын компани нарын хоорондох 2002 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн лиценз шилжүүлэх гэрээг үндэслэж Геологи, уул уурхайн кадастрын албаны даргын 2002 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 525 дугаар шийдвэрээр анхдагч лицензийн эзэмшигчээр Дундын компани бүртгэгдсэн, түүний дараа Геологи, уул уурхайн кадастрын албаны даргын 2008 оны 372 дугаар шийдвэрээр хайгуулын 3000Х тоот зөвшөөрлийг 6102 гектар талбайд 30 жилийн хугацаатай ашиглалтын MV-.. тоот болгож үйл ажиллагааны төрлийг өөрчилж, Дундын компани-д ашиглалтын тусгай зөвшөөрөл олгожээ. /1хх 246-252, 2хх 1-52/
4.3.Анхдагч лицензийн эзэмшигч Сарны титэм үзэсгэлэн ХХК болон А тал нар хамаарал бүхий, нэгдмэл сонирхолтой хуулийн этгээдүүд болох нь А талын компанийн дүрмийн 1.1-ийн /с/ хэсэгт компанийн оноосон нэр англиар sarny titem exhibition Co.,Ltd гэж тусгагдсан байдал, хэрэгт авагдсан тус хоёр компаниудын дүрэм дэх хувьцаа эзэмшигчдийн нэрс зэргээр тогтоогдож байна. /1хх 8-12, 2хх 32, 111-115/
Ийнхүү эскроу гэрээний 3 дах заалт болоод A, B, Е хавсралтууд биелэгджээ.
4.4.Дундын компани болох БА Гадаадын хөрөнгө оруулалттай компанийг анх Хөрөнгө оруулагч тал дангаар 100 хувийн хувьцаа эзэмшигчтэй, 1000 ширхэг энгийн хувьцаатай, 10.000.000 төгрөгийн дүрмийн сантайгаар 2002 оны 5 дугаар сарын 15-ны өдөр байгуулж, Монгол Улсын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ авсан болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлээс ирүүлсэн лавлагаагаар тогтоогдож байна. /1хх 230-233/
Ийнхүү Эскроу гэрээний 2 дах заалт болон D хавсралт биелэгдсэн байна.
4.5.Хөрөнгө оруулагч тал Эскроу гэрээний 7-д заасан earn-in хугацаа болох анхдагч лицензийг шилжүүлснээс хойш 3 жилийн дотор, мөн гэрээний 13, 15-д зааснаар Дундын компани дахь хувьцаагаа буцаан худалдан авах мэдэгдэл хүргүүлээгүйгээс эксроу агентаас эрх бүхий этгээдэд 2005 оны 11 дугаар сарын 24-ны өдөр хандсан, улмаар Дундын компани-ийн энгийн хувьцаанаас 200 ширхэг буюу 20 хувийн хувьцаа эзэмшигчээр А тал бүртгэгдэж, хувьцаа эзэмшигч болсон болох нь тогтоогдсон. /1хх 234-245/
Ийнхүү эскроу гэрээний С хавсралтын 1, 2 дах заалтууд хэрэгжсэн.
4.6.Эскроу гэрээний 1, 4 дэх заалтад зааснаар анхдагч лицензийг шилжүүлснээр А талд эскроу хөрөнгө болох 25,000 ам долларыг шилжүүлсэн. Зохигчид дээр дурдсан үйл баримтуудад маргаагүй.
5.Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж, мөн зүйлийн 189.5-д Энэ хуулиар зохицуулаагүй, шууд нэрлэгдээгүй боловч гэрээний үндсэн шинж, хэлбэрийг илэрхийлсэн өвөрмөц агуулга бүхий гэрээг нэрлэгдээгүй гэрээ гэнэ. Нэрлэгдээгүй гэрээнд энэ хуулийн үүргийн тухай нийтлэг үндэслэл хамаарна гэж зохицуулсан.
Зохигчдын хоорондох дээрх гэрээ нэг талаас Иргэний хуулийн 265 дугаар зүйлийн 265.1-д заасан буцаан худалдан авах болзолтой хийсэн худалдах худалдан авах гэрээ /хувьцаагаа гурван жилийн хугацаанд буцаан худалдан авах болзол тавьсан/, нөгөө талаас Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасан хамтран ажиллах гэрээ /хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд ашигт малтмалыг эрэх хайх, улмаар олборлох, ашиглахад чиглэсэн, гарах зардлыг хуваарилсан/-ний шинжийг агуулсан хөрөнгө оруулалтын гэрээ байна. Гэвч Иргэний хуулийн 476 дугаар зүйлд заасан хамтран ажиллах гэрээнд хоёр ба түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр ашиг олох болон тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээх талаар зохицуулсан, харин манай тохиолдолд талууд хуулийн этгээд байгуулах замаар хамтран ажилласан байх тул шүүх Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5-д заасан нэрлэгдээгүй гэрээ байгуулагдсан гэж үзнэ.
Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй гэж, 206 дугаар зүйлийн 206.1-д зааснаар үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх үүрэгтэй гэж заасан.
5.1.Хариуцагч нь эскроу гэрээний тал биш тул А талтай эрх зүйн харилцаа үүсээгүй гэж маргасан.
Хэрэгт авагдсан баримтаар Эскроу гэрээний оролцогч нь хариуцагч компани биш харин Хөрөнгө оруулагч тал болох Канад улсын Онтарио мужийн хуулийн дагуу байгуулагдсан Куинкункс Канад, Британы Виржиний арлуудын хуулийн дагуу байгуулагдсан Куинскункс БВА компаниуд байна. Тус Куинскункс БВА, Куинкункс Канад нь Гибралтар улсын хуулийн дагуу байгуулагдсан Кью жи экс гоулдэн хиллс Лимитед компани, Люксинбург улсын хуулийн дагуу байгуулагдсан Кью жи экс гоулдэн хиллс с.ар.л компаниудын хооронд 2008 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хувьцаа шилжүүлэх гэрээнүүд байгуулагдаж, улмаар Дундын компани дахь өөрийн хувьцаагаа 100 хувийн эзэмшлийн охин компани болох Кью жи экс гоулдэн хиллс с.ар.л компанид шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан 2008 оны зөвшөөрөл олгох ба эрхээс татгалзах гэрээгээр тогтоогдож байна. Үүнийг бататгаж 2011 оны 3 дугаар сарын 23-ны өдөр 80 хувийн хувьцаа эзэмшигч болж хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэлд өөрчлөлт орж бүртгэгдсэн байна. /1хх 15-20,42-43, 224-225/
Түүнчлэн Дундын компани-ийн 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн ээлжит бус хурлаар баталсан компанийн дүрэмд Кью жи экс гоулдэн хиллс с.ар.л компани 80 хувийн хувьцаа эзэмшигчээр тусгасан байна. Ийнхүү эскроу гэрээний эрх, үүргийг Кью жи экс гоулдэн хиллс с.ар.л компани өөртөө шилжүүлж авсан байна.
Эскроу гэрээний D хавсралтын дагуу Дундын компани-ийг А тал, хөрөнгө оруулагч талууд үүсгэн байгуулахдаа Монгол Улсын хуулийн дагуу Монгол улс дах ашигт малтмалын хайгуулын талбайг эдийн засгийн эргэлтэд оруулах үүднээс байгуулсан, эскроу гэрээний эрх үүргийг өөртөө шилжүүлж авсан 80 хувийн хувьцаа эзэмшигч болох Кью жи экс гоулдэн хиллс с.ар.л компани нь Монгол Улсад байхгүй Люксинбург улсад байрладаг тул шүүх энэ тохиолдолд үр ашгийг шууд хүртэж байгаа Дундын компани-ийг хариуцагчаар тодорхойлсныг буруутгах боломжгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 189 дүгээр зүйлийн 189.2.1-д хариуцагч нь Монгол Улсад байнга оршин суудаг буюу аж ахуйн үйл ажиллагаа явуулдаг, 189.2.3-д заасан гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүйн улмаас нэхэмжлэл гаргасан ба тухайн үүргийг Монгол Улсад гүйцэтгэх ёстой байсан бол маргааныг Монгол Улсын шүүх өөрийн харьяалалд хамруулан харьяалан шийдвэрлэхээр, түүнчлэн Иргэний хуулийн 549 дүгээр зүйлийн 549.5-д Талууд өөрөөр тохиролцоогүй бол үйлдвэрлэлийн хамтын ажиллагаа явуулах, мэргэшүүлэх, хорших, их барилга барих, угсрах, бусад ажил гүйцэтгэх гэрээнд нутаг дэвсгэр дээр нь уг үйл ажиллагааг явуулж байгаа буюу гэрээний үр дагавар бий болж байгаа улсын хуулийг хэрэглэнэ. гэж, мөн зүйлийн 549.6-д гадаад улсын хуулийн этгээд буюу иргэн оролцсон хамтарсан үйлдвэр байгуулах тухай гэрээнд тухайн хамтарсан үйлдвэрийн оршин байгаа улсын хуулийг хэрэглэнэ гэж заасныг дурдав.
Иймд гэрээний оролцогч этгээд биш тул хариуцагч биш тухай татгалзлыг үндэслэлгүй гэж үзнэ.
5.2.Хариуцагч татгалзлын нэг үндэслэлээ: Анхдагч лицензийн эзэмшигч нь нэхэмжлэгч биш гэж тайлбарласан. Энэ шийдвэрийн 4.3-т нэгдмэл сонирхолтой, хамаарал бүхий этгээдүүд болохыг дүгнэсэн, түүнчлэн Эскроу гэрээний оролцогч тал мөн тул хариуцагчийн энэ татгалзал үндэслэлгүй.
6.Зохигчдын гол маргаан болсон эскроу гэрээний С хавсралтад 4 нөхцөл тусгасан, үүнээс 1, 2 дах заалтууд хэрэгжсэн талаар энэ шийдвэрийн 4.5-д дүгнэсэн.
3 дах заалтад
-А тал Дундын компани-ийн 200 ширхэг хувьцааг хүлээн авснаар лицензит талбайтай холбогдуулан Хөрөнгө оруулагч тал гаргасан, зөвшөөрөгдсөн зардлын доод хэмжээ болох 450,000 ам доллароос давсан аливаа болон бүх хайгуул, боловсруулалт болон ашиглалтын үйл ажиллагааны зардал /давсан зардал/-ын 20 хувийг Дундын компани-д нийлүүлэх үүрэг хүлээхээ хүлээн зөвшөөрч байна.
-Үүнтэй холбогдуулан А талын хүлээх үүрэг нь зөвхөн лицензэд талбай дээрх ашигт малтмалын ашиглалтын үйл ажиллагаанаас олсон бэлэн мөнгөний цэвэр гүйлгээний А талд ногдох хувийн наян хувиар төлөгдөх үүрэг (А талын үүрэг) болохыг ойлгон хүлээн зөвшөөрч байна.
-А талд ногдох хувийг Дундын компани дах А талын хувь гэж үзэх бөгөөд уг хувийн хэмжээг лицензэд талбайд дахин нэг буюу хэд хэдэн уурхай ашиглалтад оруулахаар шийдвэрлэвэл тухай бүр нь шинэчлэн тогтоож болно гэж талууд тохиролцсон байна. /1хх 32, 33/
Мөн С хавсралтын 4 дэх заалтад Хөрөнгө оруулагч тал давсан зардлын төлбөрийг А талын үүрэгтэй холбоотойгоор бүрэн хариуцахаа зөвшөөрч байна. Давсан зардлын А талд ногдох хувьд хамаарах Хөрөнгө оруулагч талын зарцуулсан хөрөнгө мөнгийг үүрэг хүлээгээгүй зээллэг гэж үзнэ. А талын үүрэгт зээллэгийн анхдагч хүү түүн дээр нэмэх хоёр хувийн хүү багтана. Анхдагч хүүгийн хэмжээг Торонто-Домино банк өөрийн найдвартай үйлчлүүлэгчдээ өгдөг хүүгийн хэмжээгээр тогтооно гэж тохирчээ.
6.1.Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.2-т Гэрээний аль нэг нөхцөлийн утга нь ойлгомжгүй бол түүний агуулгыг бусад нөхцөл болон гэрээний ерөнхий агуулгатай харьцуулах замаар тодорхойлно гэж, мөн зүйлийн 198.5-д Холимог гэрээний агуулгыг тайлбарлахдаа гэрээний гүйцэтгэлд илүү төсөөтэй тухайн төрлийн гэрээг зохицуулсан хуулийн хэм хэмжээг анхаарна гэж, мөн зүйлийн 198.6.-д Энэ хуулийн 198.1-198.5-д заасан журмаар гэрээний агуулгыг тодорхойлох боломжгүй бол гэрээний зорилгыг харгалзан талуудын нэгдмэл санааг тодруулах бөгөөд үүний тулд гэрээ байгуулахаас өмнө хийсэн хэлэлцээ, харилцан илгээсэн баримт бичиг, талуудын хооронд тогтсон практик, ажил хэргийн хүрээнд тогтсон заншил зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзнэ гэж гэрээг хэрхэн тайлбарлаж ойлгох талаар зохицуулсан.
Маргааны зүйл болсон С хавсралтын 3, 4 дэх заалтаар Дундын компани-аас ашигт малтмалын хайгуул, ашиглалттай холбоотой гарах зардлыг хувьцаа эзэмшигч нар ямар хувь хэмжээгээр, ямар нөхцөлөөр хариуцах талаар тусгасан байна. Гэхдээ тухайн зохицуулалтаар Дундын компани-ийн 20 хувийн хувьцаа эзэмшигч болсноор А тал хувьцаа эзэмшигчийн хувиар компанид хүлээх үүргийг тодорхойлохдоо өөрийн үүрвэл зохих 100 хувийн үүргийнхээ 80 хувиар үүрэг хүлээж хөрөнгө оруулалтад оруулахаар заасан, харин үлдэх 20 хувь нь хэрхэх талаар шууд зохицуулаагүй орхигдуулсан байна.
Үүнийг нэхэмжлэгч баялагын эзэн буюу лицензит талбайн эзэмшигч байсны хувиар үл маргах журмаар ашиг хүртэх нэмэлт тохиролцоо, рояалти гэж тайлбарласан. Харин хариуцагч ашиг өгөх талаарх шууд тохиролцоо биш, утга санаа өөр гэж маргасан.
Энэ тохиолдолд шүүх эскроу гэрээний зорилго, гэрээний бусад зохицуулалтууд, талуудын хамтын ажиллагааны үр дүнд хүрэхийг хүссэн анхны хүсэл зоригийн илэрхийлэл зэргийг харьцуулж Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.2, 189.6-д зааснаар тайлбарлаж хэрэглэнэ.
6.2.Эскроу гэрээний С дэх заалтад Хөрөнгө оруулагч тал өөрийн холбоотой компаниар дамжуулан талбайд хайгуулын ажил хийж, лицензит талбайгаас 80 хувийг эзэмших саналтай. А тал нь хувиа худалдах санал гаргасан тохиолдолд Хөрөнгө оруулагч тал тохиролцсон үнээр тэргүүн ээлжинд худалдаж авах давуу эрх эдлэх хүсэлтэй гэж, 9 дэх заалтад ...Үүнээс гадна хөрөнгө оруулагч тал Дундын компани дах А талын хувьцааг өөрийн сонголтоор 800.000 ам долларын үнээр худалдан авах эрхийг ... олж авсанд тооцно гэж, 13-т ...Дундын компани дах хувьцааг худалдан авах эрхээ хэрэгжүүлэхээр шийдснээ агентад мэдэгдэж эскроу дансанд үнэ 800.000 ам долларыг байршуулна, 16-д Хэрэв худалдан авах эрхээ хэрэгжүүлбэл А талын дундын компани дах лицензтэй холбоотой ямарваа эрх, эзэмших эрх, хувь эдлэхгүйг зөвшөөрөв гэж зохицуулжээ. Өөрөөр хэлбэл Эксроу гэрээний дээрх заалтууд болоод хавсралт С гэрээний 1,3,4-т заасныг харьцуулан үзвэл Хөрөнгө оруулагч тал нь гэрээгээр тохирсон болзол бүрдвэл гурван жилийн дараа хувьцааг буцаан худалдан авахдаа 800.000 ам доллар төлөхөөр тохирсон байдал зэргээр анхдагч лицензийн үнэ зөвхөн 25.000 ам доллар байсан гэж үзэх боломжгүй.
6.3.Эскроу гэрээг анх байгуулахдаа нэг талаас Хөрөнгө оруулагч тал уул уурхайн чиглэлээр хайгуулын талбайд хөрөнгө оруулах замаар орлого олох, А тал өөрийн эзэмшлийн хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайгаа Хөрөнгө оруулагч талд шилжүүлж ашиглуулснаар хувьцаа эзэмшигч болох, лицензит талбайгаас олсон орлогоос хүртэх үүднээс хамтарсан үйл ажиллагаа явуулах хүсэл зоригийг илэрхийлсэнд талууд маргаагүй.
Уул уурхайн салбар дах EARN-IN хөрөнгө оруулалтын гэрээгээр тухайн төслийн талбайд хайгуул, ашиглалтын тодорхой үе шатуудыг гүйцэтгэснээр ашигт малтмалыг олборлох, ашиг хүртэж орлого олох боломжийг олгодог, оролцогч бүх талуудад ашигтай байх зарчмыг баримтлах учиртай.
Хэргийн баримтаар лицензит талбайд ашиглалтын зөвшөөрөл 2008 онд олгогдсон, 2015-2021 онд орлого олсон, харин 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаар маргааны зүйл болсон MV-13409А тоот лицензит талбай дах төслийг зогсоох шийдвэрийг гаргасан үйл баримт тогтоогдсон. /2хх 32, 3хх 113-117/
Түүнчлэн энэ хугацаанд Дундын компани өөрийн 80 хувийн хувьцаа эзэмшигч, түүний хамаарал бүхий хуулийн этгээддээ их хэмжээний өртэй, ашиггүй ажилласан үндэслэлээр ногдох ашиг хуваарилж байгаагүй үйл баримтыг хариуцагч хуралдааны явцад няцаагаагүй, эсэргүүцсэн тайлбар гаргаагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй бол хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж зааснаар хүлээн зөвшөөрсөнд тооцно. Мөн хэрэгт авагдсан Дундын компани-ийн 2022 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан дах тодруулга 4 дэх холбоотой талаас авах авлага 2021 онд 188.701.743 төгрөг, 2022 онд 260.933.236 төгрөг гэж өссөн, тодруулга 10 дах өр төлбөр хэсэгт холбоотой талд өгөх өглөг 2021 онд 368.501.947 төгрөг, 2022 онд 390.343.674 төгрөг гэж өссөн, тодруулга 17-д холбоотой талд Кью жи экс голден хиллс холдингс ЛТД, Голден Хиллс (баян айраг) Лтд гэж тусгагдснаар нотлогдож байна. Дээрх байдлаар хэрэгт авагдсан жил бүрийн санхүүгийн тайлангийн тодруулга хэсгүүдэд 80 хувийн хувьцаа эзэмшигч, түүний толгой компанид Дундын компани-ийн авлага, өглөг тусгагдсан байгааг дурдав. /3хх 118-134, 1хх 80-138/
6.4.2016 онд баталсан компанийн дүрмийн 7-д ногдол ашиг хуваарилах журмыг 7.1.1, 7.1.2, 7.1.3-т тусгажээ. Ийнхүү тусгахдаа 7.1.1-д А тал өөрт ногдох 20 хувийн 80 хувийг давсан зардал болон хүүгийн өглөгт төлөх-өөр, 7.1.2-т А талд ногдох 20 хувийн 20 хувийг ногдол ашиг хэлбэрээр А талд олгох-оор, 7.1.3-т А талд ногдох 20 хувийн 80 хувийг давсан зардал болон хүүгийн өглөгт төлөх-өөр тусгажээ. Энэ нь маргаанд хамаарах Эскроу гэрээний C хавсралтын 3, 4 дэх заалтын утга санааг дэлгэрүүлж тодотгожээ. Үүнээс гадна дүрмийн 7.2-т ногдол ашиг хуваарилахад хөрөнгө оруулалтын давсан зардал болон хүүгийн өглөгийг барагдуулж дуустал дүрмийн 7.1.1, 7.1.2, 7.1.3-т заасан зарчмыг баримтална гэж, харин 7.3-т эсрэгээрээ өглөг төлөгдөж дууссаны дараа ногдол ашиг хуваарилах эсэх асуудлыг Хувьцаа эзэмшигчдийн хурлаар шийдвэрлэнэ гэж тусгаснаас үзвэл С хавралтын 3 дах заалтаар цаад утгаараа үлдэх 20 хувийн 20 хувийг ногдол ашигт тооцож олгохоор тохиролцож байсныг илтгэж байна гэж үзлээ. Өөрөөр хэлбэл компани өр төлөгдөж дуусахаар ногдол ашиг хуваарилах эсэх асуудлыг хуулийн дагуу Хувьцаа эзэмшигчдийн хурлаар шийдвэрлэхээр, харин тэр хүртэлх хугацаанд 7.1.1-7.1.3-т заасан хэлбэрээр А талын үүрэг болоод ногдол ашиг өгөх талаар тусгайлан заасан байна.
Харин дүрмийн 7.1.1, 7.1.2-т хуваарилах боломжит бэлэн мөнгөний цэвэр гүйлгээ хэмээн өмнөх С хавсралт дах бэлэн мөнгөний цэвэр гүйлгээ гэж тохиролцооноос өөрөөр тусгасан байх хэдий ч эргээд дүрмийнхээ 7.1.3-таа бэлэн мөнгөний цэвэр гүйлгээний гэж зөрүүтэйгээр тусгасан. Дээрх заалтуудаар зөвхөн А талд ногдож болзошгүй мөнгөн дүнгийн хэмжээнд өөрчлөлт оруулснаас өгөх тохиролцоо, А талын үүргийн тухайд С хавсралтын 3 дах заалтын агуулгатай адилхан байна.
Дээрхийг нэгтгэн дүгнэвэл шүүх тусгай зөвшөөрөл шилжүүлсний хариуд үнэ 25.000 ам доллар дээр нэмэлтээр төлөхөөр тохиролцсон нэмэлт тохиролцоо гэж үзлээ.
7.хариуцагчийн гаргасан компанийн цэвэр мөнгөн гүйлгээний 20 хувийн 20 хувийг нэхэмжлэх эрхгүй, Хувьцаа эзэмшигчдийн хурлаар компани ногдол ашиг хуваах, тараах талаар аливаа шийдвэр гараагүй, лицензийн үнэ 25.000 ам долларыг төлсөн, гэрээний С хавсралтын 3 дахь заалтад компанийн цэвэр мөнгөн гүйлгээний 20 хувийн 20 хувийг шилжүүлэх шууд утга байхгүй, харин компанийн зардлыг хэрхэн хуваарилах талаарх тохиролцоо гэсэн татгалзлуудыг шүүх энэ шийдвэрийн 6.-д дурдсан үндэслэлүүдээр няцаагдана гэж үзэв.
8.Хэрэгт авагдсан Эскроу гэрээ, хавсралт С-д хугацаа тогтоогоогүй, зөвхөн тодорхой тохиолдлуудад хугацаа заасан /мэдэгдэл 60 хоног, 10 хоног, буцаан худалдан авах хугацаа 3 жил гэх мэт/, түүнээс гадна талууд урт хугацаанд хэрэгжих агуулгатай хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан тул хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн тухай хариуцагчийн татгалзал үндэслэлгүй.
Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно гэж, 76.2-т шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан... хариуг авсан буюу хугацаа дууссан үеэс үүснэ гэж зохицуулсныг дурдав.
9.Ашигт малтмал, газрын тосны газраас ирүүлсэн 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 8/3697 дугаар албан бичгээр Дундын компани-ийн эзэмшилд Завхан аймгийн Дөрвөлжин суманд маргааны зүйл болсон 3000Х /шинээр: MV-13409А тоот/ ашигт малтмалын талбайгаас гадна Баруун-Бортолгой-1 нэртэй 3910,87 гектар талбай бүхий MV-017666 тоот ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг болох нь тогтоогдсон. Гэхдээ энэ талбайд олборлолт хийж ашиглаагүй, хэрэгт авагдсан санхүүгийн тайланд тусгагдсан бэлэн мөнгөний орлого зөвхөн маргаанд хамаарах ашиглалтын талбайд хамаарна гэж нэхэмжлэгч тайлбарласан, үүнийг хуралдааны явцад хариуцагч маргаагүй, хүлээн зөвшөөрсөн.
Мөн Үндэсний геологийн албанаас ирүүлсэн хайгуулын ажлын тайлангууд, Эрдэс баялгын мэргэжлийн зөвлөлийн 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн Т/22-02-09 тоот дүгнэлт буюу техник эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/-ийн тодотгол 2-т ...Харин алтан хөндийн алт зэсийн хүдрийн ордод ашиглалтын үйл ажиллагаа явуулаагүй гэж тусгагдснаар тогтоогдсон. /3хх 211-с 8 хх 102, 6хх 229-233/
10.Хэрэгт баримтаар компанийн 2015-2021 оны санхүүгийн байдлын тайлан болон Аудитын тайлангууд авагдсан.
Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 8.1-д Санхүүгийн тайлагналын олон улсын стандартын дагуу нягтлан бодох бүртгэл хөтөлж, санхүүгийн тайлангаа гаргах үүрэг бүхий аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайлан нь дараах бүрэлдэхүүнтэй байхаар 8.1.1.-д санхүүгийн байдлын тайлан, 8.1.2.-д орлогын дэлгэрэнгүй тайлан, 8.1.3.-д өмчийн өөрчлөлтийн тайлан, 8.1.4.-д мөнгөн гүйлгээний тайлан, 8.1.5.-д санхүүгийн тайлангийн тодруулгатай байхаар заасан.
Сангийн сайдын 2017 оны 12 сарын 14-ний өдрийн 361 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Аж ахуй нэгжийн санхүүгийн тайлан тодруулгыг бэлтгэх заавар-ын Мөнгөн гүйлгээний тайлан нь үндсэн үйл ажиллагааны, хөрөнгө оруулалтын, санхүүгийн үйл ажиллагааны мөнгөн гүйлгээ, бүх цэвэр мөнгөн гүйлгээ гэсэн хэсгүүдээс бүрдэнэ гэж, Тайлант хугацааны мөнгөн хөрөнгийн хөдлөл өөрчлөлтийг мөнгөн гүйлгээний тайланд хоёр жилээр зэрэгцүүлэн дараах байдлаар харуулна.Үүнд:
(а)Мөнгөн хөрөнгийг бүрдүүлсэн эх үүсвэрийг мөнгөн орлого, мөнгөн хөрөнгийн зарцуулалтыг мөнгөн зарлага гэсэн хэсэгт үзүүлнэ;
(б)Үндсэн үйл ажиллагааны, хөрөнгө оруулалтын, санхүүгийн үйл ажиллагааны цэвэр мөнгөн гүйлгээний нийлбэрээр нийт цэвэр мөнгөн гүйлгээг тодорхойлно;
(в)Тайлант хугацааны мөнгөн хөрөнгийн эхний үлдэгдлээс эцсийн үлдэгдлийг хасч тодорхойлсон мөнгөн хөрөнгийн цэвэр өөрчлөлт нь мөнгөн гүйлгээний тайлангийн Бүх цэвэр мөнгөн гүйлгээгэсэн дүнтэй тэнцүү байна;
(г)Мөнгөн гүйлгээний тайланг бэлтгэхэд шууд аргыг хэрэглэнэ.
Үндсэн үйл ажиллагааны мөнгөн орлогод, борлуулсан бараа, үзүүлсэн үйлчилгээний орлого, эрхийн шимтгэл, хураамж, төлбөрийн орлого, даатгалын нөхөн олговроос хүлээн авсан мөнгө, буцаан авсан албан татвар, улсаас авсан татаас, санхүүжилт, бусад мөнгөн орлого орно гэж тус тус заасан.
Хэрэгт авагдсан санхүүгийн тайлангийн мөнгөн гүйлгээний тайлангаас үндсэн үйл ажиллагааны цэвэр мөнгөн гүйлгээ нь дээр дурдсан үндсэн үйл ажиллагааны мөнгөн орлого болон зарлагын зөрүүгээр тооцоолон гаргахад 2015 онд 2,372,790,985 төгрөг, 2016 онд 3,152,172,602 төгрөг, 2017 онд 17,456,727,715 төгрөг, 2018 онд 39,930,621,730 төгрөг, 2019 онд 500,824,712 төгрөг, 2020 онд 198,766,492,000 төгрөг, 2021 онд 7,991,263,500 төгрөг, нийт 270,170,848,243 төгрөгийн гүйлгээ хийгдсэн, түүний 20 хувь нь 54,034,169,648 төгрөг, үүний 20 хувь нь 10,806,833,929 төгрөг болох нь тайлангуудаар тогтоогдсон, үүнд хариуцагч маргаагүй тул шүүх эскроу гэрээний С хавсралтын 3-т тухайлан тохиролцсны дагуу нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
11.Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.5-д зааснаар БА ГХОХХК-иас 10,806,833,929 /арван тэрбум найман зуун зургаан сая найман зуун гучин гурван мянга есөн зуун хорин есөн/ төгрөг гаргуулж, ГХ ХХК-д олгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 54.349.970 /24.050.714+30.299.256/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 54.192.119 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ