Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 216/МА2020/00003

 

Т б ХХК-ийн Д салбарын

 нэхэмжлэлтэй  иргэний хэргийн тухай

Говьсүмбэр аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Тэгшсуурь даргалж, шүүгч О.Однямаа, шүүгч Х.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 134/ШШ2019/00185 дугаар шийдвэртэй, Т б ХХК-ийн Д салбарын нэхэмжлэлтэй О.С, Б.А нарт холбогдох гэм хорын хохирол гэж О.С 15,744,885.40 төгрөг, Б.А 6,449,348.05 төгрөг, нийт 22,194,233.45 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б давж заалдах журмаар гаргасан гомдлын дагуу хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагч О.С  өмгөөлөгч Ж.Ж, хариуцагч Б.А итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, прокурор Ж.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ :

 

      Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ : Т б ХХК-ийн Д салбарын харъяа С тооцооны төв нь Хилийн цэргийн 0168 дугаар тусгай ангитай хамтран ажиллах гэрээг 2011 оноос эхлэн байгуулан ажиллаж цэргийн ангийн бие бүрэлдэхүүн, ажилтан албан хаагч нарт банкны үйлчилгээ үзүүлэхээс гадна гэрээт цэргийн албан хаагч нарын цалингаас 30 хувиар хадгаламж байршуулан ажилладаг. Гэтэл тус тооцооны төвд ахлах теллерээр ажиллаж байсан Б.А, теллерээр ажиллаж байсан О.С нар нь 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн хооронд ажиллаж байх хугацаандаа албан тушаалын эрх мэдлээ хэтрүүлэн нэр бүхий 46 харилцагчийн хадгаламжийн данснаас харилцагчийн зөвшөөрөлгүй бэлэн болон бэлэн бус гүйлгээ гаргаж нийт 22,194,233.45 төгрөгийг /Б.А 6,449,348.05 төгрөг, О.С 15,744,885.40 төгрөг/ хувьдаа авч ашигласан нь харилцагчийн гомдол болон Т б дотоодын хяналт шалгалтаар илэрч, Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад олж авсан баримт сэлт, мэдээлэл, яллагдагчаар татсан Б.А, О.С нарын тайлбар, мэдүүлгээр баталгаажиж Д аймгийн П газрын Прокурорын 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 05/04 тоот тогтоол зэргээр тогтоогдсон. Т б ХХК нь Б.А, О.С нарын харилцагчийн данснаас авч ашигласан 22,194,233.45 төгрөгийг нэр бүхий 46 харилцагчид буцаан олгосон, банк 22,194,233.45 төгрөгийн бодит хохирол хүлээгээд байна.

Д аймгийн П газрын 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн Прокурорын 5/04 дүгээр тогтоолд /...Шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 205 дугаартай дүгнэлтэд “...Төрийн банкны хяналт шалгалтын газрын 2017.03.23-с 2017.04.15-ны өдөр хүртэл хугацаанд Д салбарын харъяа “С” тооцооны төвд хийгдсэн ээлжит, иж бүрэн шалгалтын тайлангийн 2.1.1,2.1.2-д дурдсан Тооцооны төвд ажиллаж байсан тооцооны төвийн ахлах теллер Б.А, теллер О.С...нарын талаар дүгнэсэн хэсэг нь үндэслэлтэй байна. Шинжилгээгээр Т б Д салбарын харъяа С тооцооны төвд 22,194,233.45 төгрөгийн зөрчил дутагдлын үлдэгдэлтэй байна. Энэ нь Т б 2819001822010001 тоот авлагын болзошгүй эрсдэлийн сангийн үлдэгдэл, харилцагчдын хуулга, харилцагчийн хохирол барагдуулсан дүнтэй тохирч байна ...” гэсэн дүгнэлт, яллагдагч Б.А, /...тогтоол дээр намайг 6.449.348.05 төгрөг авсан гэсэн байна. Энэ мөнгийг хүлээн зөвшөөрч байгаа/ гэсэн мэдүүлэг, яллагдагч О.С /...” надад сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна”... гэсэн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг Б.А, О.С нар “Т албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх” гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдож байна/ гэсний дагуу хариуцагч Б.А, О.С нарын гэм буруутай хууль бус үйлдлийн улмаас “Т б ХХК-д 22,194,233.45 төгрөгийн бодит хохирол учирсан хангалттай тогтоогдож байгаа бөгөөд өнөөдрийг хүртэл Б.А, О.С нар нь хохирлыг барагдуулаагүй байгаа болно. Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсгийн дагуу хариуцагч иргэн Б.А 6,449,348.05 төгрөг, хариуцагч иргэн О.С 15,744,885.40 төгрөгийг гаргуулж  өгнө үү гэжээ. /1-рхх-1-2/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  ... Т б Д салбарын харъяа С тооцооны төвийн ахлах теллерээр Б.А 2010.03.23-с 2016.01.02-ны өдрийг хүртэл ажилласан, теллерээр ажиллаж байсан О.С 2014 оны 07 сараас  2015 оны 06-р сарын 08-ны өдрийг хүртэл ажиллаж байсан. ... Прокурорын тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэсэн нь тогтоогдсон боловч хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр хэрэг хаагдсан. Тиймээс бид иргэний журмаар хэргээ шийдвэрлүүлэхээр шүүхэд хандсан.

Банкны өдөр тутмын үйл ажиллагаа нь ахлах теллерт нэгдсэн касс өдөр бүр нэгтгэгдэж хоноод маргааш өглөө нь теллер ирээд, ахлах теллерээс цүнхтэй мөнгөө тусгаарлаж аваад хэдэн төгрөг авсан дүнгээрээ гүйлгээ хийгээд өдрийн гүйлгээнийхээ хуулгын дагуу баримт бүрээ үдээд эцсийн үлдэгдлээр баримтын хуулга, бэлэн мөнгө хэд байна тулгаад буцаагаад оройдоо ахлах теллертээ цүнхтэй мөнгө болох кассаа хүлээлгэж өгч байгаа. Тийм учраас сар бүр, сард олон удаа, өдөр тутамд Б.А, О.С цүнхтэй мөнгө рүү гараа хийгээд, программынх нь эрхээр нэвтрээд гүйлгээ хийгээд байх төдийлөн боломжгүй. Банкны ажилтан сар бүр программын эрхээ сольдог байгаа. Мөн бүх ажилтныг ажилд ороход нь ажлын байрны тодорхойлолтын дагуу Теллерийн системийн багц журамтай танилцуулан, гарын үсэг зуруулсан байдаг. Нууцлалын эрхээ хамгаалж чадаагүйтэй холбоотой хариуцлагаа бид өөрсдөө хүлээнэ гэж гарын зурсан байдаг. Манай зүгээс нэхэмжлэлийн дүнгээ теллерийн гарын үсгэнд тулгуурлаагүй, теллерийн программд нэвтрэх эрхийн түвшинд үндэслэсэн. Гарын үсгийг шинжлэх боломжгүй гэсэн шинжээчийн дүгнэлтүүдийг үндэслэн нэхэмжлэлээсээ татгалзах боломжгүй. Энэ хэрэг 2014 онд эхэлсэн Т б ХХК нь харилцагчийн хохирлыг 2017 оны 06-р сард төлж барагдуулсан. Банк харилцагчдын өмнө тодорхой хэмжээний хариуцлага хүлээдэг тиймээс эрсдлийн сангаасаа хохирлыг барагдуулсан. Яагаад энэ мөнгийг хариуцагч Б.А, О.С нарыг авсан гэж үзсэн гэхээр, хариуцагч нар нь нэр бүхий иргэдийн хадгаламжийн дансанд 2014-2015 оны хооронд удаа дараа халдаж, урт хугацаагаар гарын үсгийг нь лавлаж, үлдэгдлийг нь шалгаж санхүүгийн болон санхүүгийн бус гүйлгээ хийсэн байдаг. Санхүүгийн бус гүйлгээ гэдэг нь тухайн харилцагчийн дансыг удаа дараа, шалтгаангүй лавлаж шалгахыг хэлдэг. Жишээ нь нэг хүний дансыг өдөрт 20-30 удаа лавласан байдаг. Энэ үйлдлүүд нь Т б хяналт шалгалтын ажлын тайлан, шинжээчийн дүгнэлт, бусад гэрч нарын мэдүүлгүүдээр батлагдан тогтоогдож байна. Тиймээс 46 харилцагчид холбогдох 22,0 сая төгрөгийн гүйлгээг Б.А теллер эрхээр хэдэн төгрөгийн гүйлгээ хийсэн, О.С эрхээр хэдэн төгрөгийн гүйлгээ хийсэн гэдгээр нь шалгаж энэ нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан гэжээ.   

Прокурор Ж.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т б Д салбарын харъяа С тооцооны төвийн харилцагч нарын данснаас 22 000 000 төгрөгийн гүйлгээ хийгдэж 46 харилцагч хохирсон тухай гомдол шалгагдаж, улмаар Д аймгийн Цагдаагийн газар Т б гаргасан гомдол мэдээллийн дагуу шалган эрүүгийн хэрэг үүсгэж, тухайн үед ахлах теллерээр ажиллаж байсан Б.А, теллер О.С нарт холбогдуулан шалгахад уг хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр уг хэрэг прокурорын шатанд хэрэгсэхгүй болсон. Үүнтэй холбоотой Т б учирсан хохирлын асуудлыг шийдвэрлүүлэхээр Д аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Үүний дагуу Дорноговь аймгийн шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 31 дугаартай шийдвэрээр хариуцагч Б.А, О.С нараас 22 000 000 төгрөгийг гаргуулж Т б олгуулахаар шийдвэрлэгдсэн. Уг шийдвэрийг хариуцагч О.С өмгөөлөгч эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж уг хэргийн нотлох баримт бүрэн гүйцэд хэрэгт цуглараагүй гэдэг үндэслэлээр хэрэг буцаж, Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд харьяалал тогтоож өнөөдөр хэлэлцэж байна. Т б ХХК-ийн Д салбарын харъяа С тооцооны төвд ахлах теллерээр Б.А, теллерээр О.С нар нь Монгол Улсын хууль тогтоомжийг хэрэгжүүлж иргэд, харилцагч нарт банкны үйлчилгээг үзүүлж байсан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сая тайлбартаа банкны ажилтан өдөр тутамдаа ямар журмаар, ямар дарааллаар, яаж баримтыг бүрдүүлж ажилладгийг тодорхой хэлж байна. Тухайн цүнхтэй мөнгөө теллер өөрөө хариуцаж оройд нь хааж, ахлах теллерт хүлээлгэж өгдөг. Уг ажилтнууд өөрсдийн эрхээр нэвтэрч сейфэнд байсан ууттай мөнгөөрөө уг гүйлгээг хийж Т б хохирол учруулсан. Энэ нь иж бүрэн шалгалтаар илэрч, нийт 22 сая төгрөгийн хохирол учруулсан болох нь Т б гаргаж өгсөн актууд, харилцагч нарын гаргасан тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон. Тиймээс хариуцагч Б.А, О.С нараас нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

    Хариуцагч О.С шүүхэд гаргасан тайлбартаа: Т б нэхэмжилж байгаа 15.744.885 төгрөгийг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь миний бие ийм их мөнгийг хувьдаа завших нөхцөл, шаардлага ч байхгүй. Би 2014 оны 06 дугаар сард их сургуулиа төгсөөд Д аймаг Хатан булаг сумын 6 дугаар багт орших аав ээж дээрээ очсон. Би олон улсын гадаад харилцааны ажилтан мэргэжлийн хүн учир надад тэр газар хийх мэргэжлийн ажил байхгүй байсан. Төрийн банкны ахлах теллер Б.А манайд ажилд ор гэсэн гуйлтын дагуу 2014 оны 08 дугаар сард тус төрийн банкинд теллерээр орж ажиллаад 2015 оны 06 дугаар сарын эхээр өөрийн хүсэлтээр халагдсан. Т б 10 сар ажиллахад эхний 6 сар туршилтын ажилтан, дараагийн 4 сард нь үндсэн ажилтан болж ажилласан. Эхний 6 сард ахлах теллер А бүх ажиллах зүйлээ заалгаж ажилласан. Би ажлаа хүлээлгэн өгөхдөө ямар нэгэн дутагдал, гомдол санал байхгүйгээр гарсан. Ахлах теллер А өөрийн бүх ажлыг бүрэн хүлээлгэж өгсөн. Ажлаас гарсаны дараа 4 сар гарны дараа Улаанбаатар хотын Т б шалгалт ирж байгаа би бичиг баримтаа янзалж байтал чиний гарын үсэг зурагдаагүй хэд хэдэн баримт байна, ирээд гарын үсэг зураад өгөөч гэж надруу А утсаар ярьсан. Ажлаас гарахад чамд би бүх юмаа зүй зохисоор нь хүлээлгэж өгсөн надад гарын үсэг зуралгүй үлдсэн баримт байх учиргүй гээд 3 хоног очоогүй байтал А өөрийн биеэрээ манайд ирээд чи гарын үсэг зураад өгчих шальтай юм бишээ гээд суугаад байхлээр нь би очоод нилээн хэд хэдэн баримт үдэж хүлээлцсэн баримтан дундаас гаргаж авчираад гарын үсэг зуруулсан. 2016 оны 02 дугаар сарын үед А чиний теллер эрхээр нэг гэрээний хугацаатай /2 жилийн/ хадгаламжнаас 1 сая гаруй төгрөгний зарлага гараад дансыг нь хаачихсан байна. Гэрээт нь бие нь муу байна гээд ах нь хотоос дансыг нь шалгаад өгөөч гэж отрядын дарга руу ярьсан байна. Гэтэл А хамт ажиллаж байгаа Ч гэгч шалгаад үзээд тэр гэрээтийн дансанд мөнгө алга данс нь хаагдсан байна гэсэн хариуг зохих хүнд нь хэлсэн байдаг юм. Тэгээд А дахин шалгалт аймгаас ирэх гэнээ асуудал гарвал ч би ажилгүй болох байхдаа гэж манай гэрт ирээд ярьж байсан. Тэгээд шалгалт нь ирээд намайг дуудсан. 5 хүний хадгаламжны данснаас 5 сая гаруй төгрөг миний теллер эрхээр гарсан байна гэж харилцааны менежер Б хэлсэн, банктайгаа тохиролцоод төлчих юм бол цаашид асуудал үүсэхгүй гэж хэлсэн. Би энэ мөнгийг аваагүй, учрыг нь ч мэдэхгүй. Надад ийм мөнгөтэй холбогдох асуудал гарах учиргүй. Би ажлаа ямарч алдаа дутагдалгүй хүлээлгэж өгсөн. Би цагдаа шүүхээр явж шалгуулна. Надад айх зүйл байхгүй гэсэн. Цагдаагаас эдийн засгийн гэмт хэрэгтэй тэнцэх тасгийн байцаагч Т утсаар ярьсан. Т б гомдол ирсэн, ирж уулз гэсэн. Ингээд шалгагдаж явж байгаад прокурорт шилжсэн. Хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэмт хэргийн шинжтэй биш гээд хэрэгсэхгүй болгосон. Үүнээс хойш 1 жилийн дараа Т б дахин ярьж 15,744,885 төгрөгийн асуудал байна гэсэн. Цагдаад өгсөн байгаа гэж хэлсэн. Дуудах болгондоо мөнгө нь өссөн байдаг. Энэ мөнгө болон энэ хэрэгт бол хэдэн гэрээтүүдийн хадгаламжийн /2 жилийн хугацаатай/ дансан дахь мөнгө юм. Түүнээс гадна хадгаламжийг 2 жилээр битүүмжилдэг бөгөөд битүүмж хугацаа дууссан бол автоматаар битүүмж тайлагдана. Эсвэл ахлах теллерт битүүмжийг тайлах эрх нь байдаг. А надад ажлаа зааж сургаж байхдаа миний нууц кодыг ашигласан байх гэж би ойлгож байна. Энэ 15 сая гаруй төгрөгийг албадан хүлээлгэх гээд байгаа төрийн банкны шаардлагыг би хэрхэвч зөшөөрөхгүй. 15,744,885 төгрөгийг төлөх үндэслэл байхгүй. Энэ төлбөрийг хэзээ ч зөвшөөрөхгүй гэдгээ хэлж нэхэмжлэлийн хариуг бичсэн гэжээ./1-рхх-79-82/

 

Хариуцагч О.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Би ажилд ороод 9 сар ажилласан. Нөхөр рүүгээ явах шаардлагатай байсан тул би ажлаасаа халагдах өргөдлөө өөрөө гаргасан. Ажлаа хүлээлгэж өгөхөд надад ямар нэгэн мөнгө төгрөгийн холбогдолтой, дутагдалтай асуудал үүсээгүй. Миний ажлыг хүлээж авснаасаа хойш 1 жилийн дараа надад 4 сая гаран төгрөгийн гомдол байна гэж Цагдаагийн байгууллагаас ярьсан. Түүнийг би хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байгаад прокурорын шатанд хэрэг хэрэгсэхгүй болсон. Анх надаас 4 000 000 төгрөг нэхэмжилж байсан. Жил ирэх тусам үнэ нь нэмэгдээд, одоо надаас 15 000 000 төгрөг нэхэмжилж байгаа. Яагаад намайг авсан, чи гарын үсэг зурсан гэж яриад байгаан? Гэтэл ахлах теллер хадгаламжийн битүүмжийг тавьдаг. 30 хувийн данс бүгдээрээ битүүмжтэй байдаг данс. Надад түүнийг нээх эрх байхгүй. Үүнийг би ойлгохгүй байгаа. Намайг ажлаасаа гарснаас хойш 6 сарын дараа Б.А утсаар яриад Т б шалгалт ирж байгаа, чиний гарын үсэг дутуу баримтууд байна гээд 4-5 хоног гуйгаад сүүлдээ гэрт ирээд дагуулж яваад би хэдэн баримтан дээр гарын үсэг зурсан. Шинжээчийн дүгнэлтээр тэр гарын үсэг нь миний гарын үсэгтэй таарсан гэж ойлгож байгаа. Б.А надад ажил сургаж зааж өгч байхдаа миний нууц дугаарыг мэдэж аваад ашиглаж гүйлгээ хийсэн байх гэж ойлгож байна. Миний дардас бол байнга ширээн дээр байдаг. Цүнхтэй мөнгийг өглөө нь би хүлээж аваад орой нь Б.А хүлээлгэж өгдөг. Тэгээд нийлсэн, таарсан байна гэж хэлээд л авдаг байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

   Хариуцагч О.С өмгөөлөгч Ж.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн үнийн дүн тодорхой бус. Хэргээс харахад хариуцагч нарын хэн нь хэдэн төгрөг авсан нь тодорхой бус. Энэ нь эргэлзээгүй нотлох баримтаар нотлогдон тогтоогдох ёстой. Мөн нэхэмжлэгч талын нотолгооны гол хэрэгсэл нь эрүүгийн хэрэг үүсгэж хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоол гэж үздэг. Түүнд хариуцагч нарын гэм буруутай эсэх нь нотлогдон тогтоогдоогүй. Гагцхүү хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр прокурорын шатанд хэрэг хаагдсан байгаа. Гэм хорын хохирлын асуудлыг Төрийн банк тодорхой нотлох баримтаар нотолсоны эцэст хохирлын үнийн дүн тодорхойлогдож шийдэгдэх нь зүйн хэрэг. Үйлдэл, шалтгаант холбоог хэрэг хэрэгсэхгүй болгосон тогтоолтой холбож байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Хариуцагч нарын хэн нь хэдэн төгрөг авсан нь эдийн засгийн шинжээчийн дүгнэлт гэдэг. Гэтэл эдийн засгийн шинжээчийн дүгнэлт нь мөрдөн байцаагч үүнийг тодорхойлох боломжтой болохоос манайх тодорхойлох боломжгүй гэсэн байдаг. Мөн теллерийн гарын үсгээр манайх энэ бүгдийг тогтоодог гэдэг. Теллерийн гарын үсгээр 2018 оны 12 дугаар сард гарсан 6312 дугаар шинжээчийн дүгнэлтэд О.С гарын үсэгтэй 29 харилцагчид холбогдох нь тогтоогдож, үлдсэн хэсэг нь Б.А холбоотой гэж гарсан. Гэтэл өнөөдөр үүнтэй холбоотой нэхэмжлэлийн үнийн дүн өөрчлөгдсөн юм алга. Тиймээс бид хохирлын үнийн дүнг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Мөн харилцагчийн гарын үсгийг хэн дуурайлган зурсан гэдэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэлэлцэх нь ойлгомжтой. Үүнийг манай тал цуглуулсан. Иймд 15 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. За яахав шүүх хуралдааны явцад явцад нотлох баримтад тулгуурлан тодорхой хэмжээний үнийн дүнг хүлээн зөвшөөрч болно. ...11 харилцагчид холбогдох 4 915 847 төгрөгийн хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

  Хариуцагч Б.А шүүхэд гаргасан тайлбартаа:  ... Би анхнаасаа харилцагчийн данснаас 6,543,348 төгрөг авч завшсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Харин банк нэхэмжлэлдээ 6,449,348 төгрөг нэхэмжилснийг ойлгохгүй байна. Дээрх нэхэмжлэлтэй холбоотой асуудлаар Цагдаа, Авлигатай тэмцэх газраас шалгаад эрүүгийн журмаар хянан шийдвэрлэсэн. Би дээрх байгууллагаас болон аймгийн Прокуроос гаргасан шийдвэрийг хүлээн зөвшөөрч байгаа. Харин О.С гаргуулахаар нэхэмжилж байгаа 15,744,885.40 төгрөгийг хариуцан төлөхгүй, хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлж байна. тус банкны нэхэмжлэлийн 6,449,348 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Одоогоор би ажилгүй байгаа учраас хугацаа өгөөд бага, бага хэмжээгээр төлж барагдуулна ,банкыг хохиролгүй болгоно  гэжээ./1-рхх-76/

   Хариуцагч Б.А итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.А анхнаасаа нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрдөг. Үүнтэй маргахгүй байгаа. Харин үнийн дүнтэй холбоотой эргэлзээтэй зүйлүүд байна. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийнхээ үнийн дүнг шахаж гаргаж ирэхдээ гүйлгээ хийсэн баримтыг үндэслэдэг. Гүйлгээг хэн хийсэн нь банкны үйл ажиллагаа процессоороо харагддаг. Гэтэл гүйлгээг энэ хоёр хийхгүй, өөр хэн хийх юм бэ? гүйлгээг хийхдээ энэ хүний мөнгийг тэр авсан байна, гарын үсэг зурсан байна гэдгийг яг юугаар нотолж байгаа юм бэ? Хоёрдугаарт Төрийн банк дэндүү яараад харилцагч нарын хохирлыг чи л авсан байж таараа гээд төлж барагдуулсан. Харилцагч нар хохиролгүй болсон. Гэтэл харилцагч нарыг үнэн бодитойгоор нэг бүрчлэн тогтоож чадсан юм уу? би аваагүй гээд 12 нь хэлсэн байна. Давхардсан тоогоор 47 харилцагч байгаа. Тэр хүмүүсийгээ шалгалгүйгээр, гарсан л юм чинь авсан ч бай аваагүй ч бай, та нар л ажиллаж байсан юм чинь 22 000 000 төгрөгийг төлөх ёстой гэж хандаж байгаа бол энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдохгүй байгаа шүү гэдгийг анхаарч үзээрэй. Хариуцагч Б.А холбогдох хэсгээс харахад үгсэн тохирч, дуурайлган гарын үсэг зурсан гэж бичсэн. Энэ хоёр хүн үгсэн тохирсон гэдгийг яаж нотолж байгаа юм бэ? Эрүүгийн журмаар нотолж байгаа юм уу? иргэний журмаар нотолж байгаа юм уу? нотлох баримт нь хаана байна? шүүх энэ хэргийг тал бүрээс нь авч үзэн шийдвэрлэхэд үнэн бодитой байж чадаж байна уу? Шинжээч нарын 3 дүгнэлтэд эхнийх нь О.С хариуцагчийн гаргасан хүсэлтээр теллерийн гарын үсэг мөн эсэхийг шинжлэн тогтоосон. Тэрнээс биш Э, Б гарын үсгийг хэн нь зураад мөнгийг авсан юм бэ гэдгийг тогтоогоогүй. Хариуцагч Б.А яагаад зөвшөөрөөд байгаан гэхээр өөрийнхөө дансанд шилжүүлээд юм уу өөр хүний дансанд шилжүүлээд бэлнээр аваад өрөө төлсөн гэдэг нь хөдөлбөргүй учраас татгалзахгүй, өөрөө авсан учраас 6 сая төгрөгийг хүлээн зөвшөөрсөн. Иймд Б.А холбоотой шаардлагыг эвлэрүүлэн зуучлалын журмаар шийдэх боломжтой байсан гэжээ.

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.5, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч О.С гэм хорын хохиролд 10 701 116 төгрөг 72 мөнгө гаргуулж нэхэмжлэгч Т б ХХК-ийн Дорноговь салбарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5 043 768 төгрөг 68 мөнгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч Б.А нь гэм хорын хохирол 6 449 348 төгрөг 05 мөнгө гаргуулах тухай нэхэмжлэгч Т б ХХК-ийн Д салбарын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн болохыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 268 921 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.С улсын тэмдэгтийн хураамжинд 186 168 төгрөг гаргуулж, үүнээс 35 387 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод оруулж, үлдэх 150 781 төгрөгийг, хариуцагч Б.А улсын тэмдэгтийн хураамжинд 118 140 төгрөгийг гаргуулж тус тус нэхэмжлэгчид олгож,

шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б давж заалдах гомдолдоо: 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Говьсүмбэр аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 134/ШШ2019/00185 тоот шийдвэр гарсан. Уг шийдвэрт хэргийг хариуцагч нарт Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3-т зааснаар гэм хор учруулахад хэд хэдэн этгээд оролцсон бол тэдгээр нь уг гэм хорыг хамтран хариуцах бөгөөд энэ тохиолдолд шууд гэм хор учруулсан этгээд төдийгүй, түүнийг уруу татсан, дэмжсэн тусласан, түүнчлэн гэм хор учруулсаны үр дүнг санаатай ашигласан этгээд нэгэн адил хариуцлага хүлээнэ гэснээр үүрэг үүсгэж Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11-д зааснаар тэдний хамтран хүлээх үүрэг хуульд зааснаар үүсэж байгаа бөгөөд мөн хуулийн 497.3-т зааснаар ... гэм хор учруулсаны үр дүнг санаатай ашигласан этгээд нэгэн адил үүрэг хүлээх тул гэм хорыг учруулахад нөлөөлсөн тэдний оролцоог үл харгалзан гэм хорын хохирлыг тэнцүү хэмжээгээр хариуцуулах нь зүйтэй байна гэж үзсэн. Ингээд О.С 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөнөөс хойш 9 удаагийн үйлдлээр нийт 792,000 төгрөгийг ахлах теллерээр ажиллаж байсан Б.А нь дангаар үйлдсэн гэж үзэж 792,000 төгрөгийг Б.А хамааруулж нийт нэхэмжлэлийн дүн болох 22,194,233.45 төгрөгнөөс хасаж, үлдсэн 21,402,233.45 төгрөгийг 2 тэнцүү хувааж О.С 10,701,116.72 төгрөгийг төлөх, Б.А төрийн банкнаас нэхэмжилсэн 6,449,348,05 төгрөгийг төлөх, илүү нэхэмжилсэн 5,043,768.68 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

-мөн О.С 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөний дараа 9 удаагийн үйлдлээр нийт 792,000 төгрөгний гүйлгээг Б.А дангаар үйлдсэн гэх боловч 46 харилцагчийн 68 гүйлгээг дахин лавлаж шалгахад 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Б.А нь Х.Ө дансыг хааж 349,950 төгрөгийн гүйлгээг мөн дангаар үйлдсэн нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна.

-мөн тус шийдвэрт “шүүх нэхэмжлэгчийн шаардаагүй, иргэний хэрэг үүсгэгдээгүй асуудлаар шийдвэр гаргах эрхгүй тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд ийнхүү шийдвэрлэсэн ба нэхэмжлэгч байгууллага нь хариуцагч Б.А гэм хохирлын зөрүүг шаардахад энэ шийдвэр саад болохгүй” гэж шүүгч үзэж байгаа нь хэргийг хянан хэлэлцэж шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг үгүйсгэж байгааг нь ИХШХШТХуулийн 40 дүгээр зүйлийн 40.1. “шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 40.2. “нотлох  баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ”. хэмээн хуульчилсантай зөрчилдөж байна. Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагын нийт дүнг өөрчлөөгүй бөгөөд гагцхүү Б.А болон О.С нараас тус бүр нэхэмжилсэн мөнгөн дүнг шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд өөрчлөсөн болно.

Б.А дангаар үйлдсэн гүйлгээ тус бүр:

1. Харилцагч М.М данснаас 2015.06.09-ний өдөр бэлнээр зарлагын гүйлгээ хийсэн 100,000 төгрөг,

2. Харилцагч Б.О данснаас 2015.09.29-ний өдөр бэлнээр  зарлагын гүйлгээ хийсэн 180,000 төгрөг,   

3. Харилцагч М.Х данснаас 2015.06.25-ны өдөр бэлнээр  зарлагын гүйлгээ хийсэн 127,000 төгрөг,     

4. Харилцагч Ц.О данснаас 2015.12.03-ны өдөр Х.М дансруу шилжүүлсэн 20,000 төгрөг,       

5. Харилцагч О.Г данснаас 2015.09.24-ний өдөр Ш.Н дансруу 200,000 төгрөг шилжүүлсэн,

6. Харилцагч О.Г данснаас 2015.11.23-ны өдөр бэлнээр зарлагын гүйлгээ хийсэн 64,000 төгрөг,

7. Харилцагч Х.М данснаас 2015.12.04-ний өдөр бэлэн зарлагын гүйлгээ хийсэн 70,000 төгрөг,

8. Харилцагч Б.Б данснаас 2015.06.24-ний өдөр П.О дансруу шилжүүлсэн 16,000 төгрөг,

9. Харилцагч Э.Г данснаас 2015.06.24-ний өдөр П.О дансруу шилжүүлсэн 15,000 төгрөг,

10. Харилцагч Х.Ө дансыг 2015.07.10-ны өдөр бэлнээр хаасан 349,950 төгрөг. Б.А нь нийт 9 харилцагчийн 10 удаагийн үйлдэлээр 1,141,950 төгрөгний гүйлгээг дангаар хийсэн нь баримтаар нотлогдож байгаа тул нэхэмжлэлийн нийт үнийн дүн болох 22,194,233.45 төгрөгнөөс ахлах теллерээр ажиллаж байсан Б.А дангаар үйлдсэн буюу теллерээр ажиллаж байсан О.С ажлаас чөлөөлөгдсөнөөс хойш буюу түүнд хамаарагдахгүй мөнгөн дүн болох 1,141,950 төгрөгийг хасаж 21,052,283.45 төгрөгийг 2 тэнцүү хувааж О.С 10,526,141.72 төгрөг, Б.А дангаар үйлдсэн 10,526,141.73 төгрөг дээр 1,141,950 төгрөгийг нэмж нийт 11,668,091.73 төгрөг ноогдохоос хэрэг хянан шийдвэрлэх явцад Б.А нь 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 500,000 төгрөгийг Т б 281500000018 тоот дансанд тушаасаныг хасаж 11,168,091.73 төгрөгийг тус тус нэхэмжилж  Т б  281500000018 тоот дансруу олгуулж өнгө үү.

Иймд Анхан шатны шүүх хариуцагч талаас өгсөн нотлох баримтыг үнэлээгүй, хариуцагч Б.А эрх ашгийг хангасан шийдвэр гаргаж ИХШХШТХуулийг зөрчсөн тул 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 134/ШШ2019/00185 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, бүхэлд нь өөрчлөлт оруулж, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг дахин шинэчлэн судалж хариуцагч О.С 10,526,141.72 төгрөг, Б.А 11,168,091.73 төгрөгийг тус тус гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ :

Нэхэмжлэгч тал  анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч ... шүүх хариуцагч талаас өгсөн нотлох баримтыг үнэлээгүй, хариуцагч Б.А эрх ашгийг хангасан шийдвэр гаргаж ИХШХШТХуулийг зөрчсөн тул хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаж, анхан шатны шүүхийн 185 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч О.С 10,526,141.72 төгрөг, хариуцагч Б.А 11,168,091.73 төгрөгийг тус тус гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргасны дагуу хэргийг ИХШХШТХуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар бүхэлд нь хянан үзэв.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж, нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй, үнэн зөв талаас нь үнэлж чадаагүй,  нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхой бус байхад тодруулалгүй хэргийг эцэслэн шийдвэрлэснээс шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан “ хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” хуулийн шаардлагад нийцээгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Хэргийн материалаас үзвэл : нэхэмжлэгч Т б ХХК-ийн Д  салбар нь хариуцагч Б.А , О.С  нарт холбогдуулан тэдгээр нь тус салбарын харъяа С  тооцооны төвд ахлах теллер, теллерээр ажиллаж байхдаа 2014.10.14-ний өдрөөс 2015.09.29-ний өдөр хүртэл хугацаанд ...нэр бүхий 46 харилцагчийн хадгаламжийн данснаас харилцагчийн зөвшөөрөлгүй бэлэн болон бэлэн бус гүйлгээ гаргаж нийт 22,194,233.45 төгрөгийг ашиглаж,  Т  б  ХХК-д  энэ хэмжээний  бодит хохирлыг учруулсан тул Б.А  6,449,348.05 төгрөг, О.С 15,744,885.40 төгрөг, нийт 22,194,233.45 төгрөг  гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл/1-р хх-1-2/  гаргаж, нэхэмжлэлээ  Д  аймгийн Прокурорын газрын 2018.06.04-ний өдрийн 5/04 тоот тогтоол/1-р хх-13/, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл, гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл/1-р хх-16-27/, С  тооцооны төвд хийсэн ээлжит иж бүрэн шалгалтын тайлан/1-р хх-28-39/, 2017.12.07-ны 205 тоот шинжээчийн дүгнэлт/1-рхх-40-43/, Төрийн банкны теллерын системийн багц журам/1-р хх-44-55/, Төрийн банк ХХК-н дүрэм/1-р хх-56-67/ зэрэг бичгийн  баримтуудад үндэслэжээ.

Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогч нарын хүсэлтийн дагуу Шүүх Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийг  томилж,  Шүүх Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн  шинжээчийн 2018.12.18-ны өдрийн 6312 тоот/2-р хх-21-47/, шинжээчийн 2019.07.19-ний өдрийн 3476 тоот /2-р хх-217-252/, шинжээчийн 2019.10.17-ны өдрийн 4413 тоот /3-р хх-20-63/ дүгнэлтүүдийг тус тус гаргуулсан байх ба эдгээр нь  хэрэгт авагдсан  байна.

           Т  б ХХК-ийн Д  салбарын харъяа С  тооцооны төвд Б.А нь ахлах теллерээр, хариуцагч О.С нь теллерээр тус тус ажиллаж байх хугацаандаа нэр бүхий 46 харилцагчийн хадгаламжийн данснаас харилцагчийн зөвшөөрөлгүй бэлэн болон бэлэн бус зарлагын гүйлгээ хийж Т б Д салбарт 22,194,233.45 төгрөгийн гэм хорын хохирол учруулсан гэж нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар  тодорхойлжээ.

Гэвч нэхэмжлэгч нь ямар үндэслэлээр Б.А 6,449,348.05 төгрөг, О.С 15,744,885.40 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан, нэр бүхий 46 харилцагч нарын хадгаламжийн данснаас  зарлагын гүйлгээ хийхэд хэн нь ямар байдлаар оролцсон, ер нь хамтран оролцсон оролцоо “үйлдэл” байгаа эсэх, нэхэмжлэлийн үнийн дүнг хариуцагч тус бүрээр хэрхэн яаж тодорхойлж нэхэмжилж байгаа зэргийг анхан шатны шүүх анхаараагүй.

Өөрөөр хэлбэл,  Д аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.03.12-ны өдрийн 06 тоот магадлалд ...хариуцагч тус бүрийн өөрийн теллер эрхээр хийсэн “зарлагын гүйлгээ”-р хариуцагч тус бүрд холбогдох нэхэмжлэлийн шаардлага, түүний дүнг  хариуцагч тус бүрээр тодорхойлсон нь тогтоогдоогүй талаар дурдсан үндэслэлүүдийг  анхаараагүй,  энэ талаарх ажиллагааг нэхэмжлэгч нь бүрэн биелүүлээгүй байтал хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байна.

Түүнчлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь тайлбартаа хариуцагч  тус бүрийн өөрийн нь теллерийн гарын үсэг, программын эрхэнд нь тулгуурлан “гүйлгээ хийсэн”- ийг нь  үндэслэн тус бүрээс нь нэхэмжилсэн гэх боловч  энэхүү үйл баримтаар  хариуцагч тус бүрд холбогдох нэхэмжлэлийн шаардлага, түүний үнийг тодорхойлох боломж, нөхцөл хэрэгт цугларсан нотлох баримтаар бүрэн  тогтоогдсон эсэх,

Тухайлбал, харилцагч Ч.Т данснаас 2014.10.28-ны өдөр 1,300,000 төгрөгийн зарлагын гүйлгээг О.С хийсэн, Б.А дансны үлдэгдэл, хуулгыг үзэж, харилцагчийн программ дахь гарын үсгийг лавласан гэх үйл баримтын хувьд уг 1,300,000 төгрөгийг  О.С дангаар хариуцна,  тэрээр “зарлагын гүйлгээ”-г хийсэн гэж, 

 Мөн хариуцагч  О.С нь 2014.10.30-ны өдөр харилцагч Ч.Т дансны үлдэгдэл болон гүйлгээний хуулга зэргийг лавлаж, улмаар 300,000 төгрөгийн зарлагын гүйлгээ хийж,  харилцагчийн гарын үсгийг  дуурайлган зурсан үйл баримтын хувьд  уг 300,000 төгрөгийг О.С  дангаар  хариуцна, тэрээр  “зарлагын гүйлгээ” –г хийсэн гэж тус тус тайлбарладаг.

Дээрх хоёр үйл баримтаас үзэхэд эхний үйл баримтад хоёул “үйлдлээрээ” хамтран,  хоёр дахь  нь  бүх үйл ажиллагааг дангаар гүйцэтгэсэн нөхцөл байдал харагдаж байхад “зарлагын гүйлгээ”-г хийсэн  этгээд нь  хохирлыг хариуцна гэх тайлбар нь ойлгомжгүй байна.  

 Мөн  анхан шатны шүүх 68 үйлдлийн 59 үйлдэлд хариуцагч нар нь хамтран оролцсон гэж  нэр бүхий харилцагч нар болон  үнийн дүнг жагсаан бичсэн байх  боловч  энэ нь 30 үйлдэл болж байхаас гадна үүнд хариуцагч тус бүрийн дангаар хариуцна гэх  “зарлагын гүйлгээ”-тэй холбоотой үйл баримтуудыг хамааруулсан эсэх, 1-р хх-28-39 дүгээр талд авагдсан “С” тооцооны төвд хийсэн ээлжит, иж бүрэн шалгалтын тайлан-д тусгагдсан хариуцагч  нартай холбоотой “зарлагын гүйлгээ”-тэй тохирч байгаа эсэх, 

Хариуцагч Б.А 2015.06.09-ний өдрөөс 2015.12.04-ний өдөр хүртэлх хугацаанд  9 харилцагчид холбогдох 10 удаагийн 792,000 төгрөгийн гүйлгээг дангаар хариуцна гэж дүгнэсэн боловч Х.М 70,000 төгрөгийг 20,000 төгрөг гэж,  бичсэнээр нийт дүн 742,000 төгрөг болж байгаа, Х.Ө 349950 төгрөгийг орхигдуулсан, нийт 10 харилцагчид холбогдох 11 удаагийн гүйлгээ буюу  1,141,950 төгрөг болохыг  тус тус анхаараагүй.

Мөн хариуцагч Б.А нь 2015.06.09-ний өдрөөс хойш 2015.12.04-ний өдөр  хүртэл хугацаанд буюу О.С ажлаас чөлөөлөгдсөнөөс хойш  1,141,950 төгрөгийн  “зарлагын гүйлгээ”-г дангаар  хийж  ашигласан гэх ба  энэ нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хугацаанд буюу Б.А нэхэмжилж буй шаардлагын 6,449,348.05 төгрөгийн дүнд хамаарч байгаа,  эсхүл уг дүнд нэмэгдэж тооцогдох эсэхийг тодруулаагүй.     

Тухайлбал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбараас харахад хариуцагч тус бүрээс хэдэн төгрөг гаргуулахаар шаардаж буй нь тодорхойгүй, мөн давж заалдах шатны шүүх хуралдаан дээр хариуцагч Б.А нэхэмжилсэн дүн гэх 6,449,348.05 төгрөгийг харилцагч тус бүрээр нь ялгаж танилцуулсан бөгөөд уг дүнгийн нийлбэр нь 7,429,298.05 төгрөг буюу 979,950 төгрөгийн зөрүүтэй байдлаар нэхэмжлэлийн шаардлагын дүнг тайлбарласан зэргээс  үзэхэд нэхэмжлэлийн шаардлагын дүн тодорхой бус байна.                                                                                        Хариуцагч Б.А нь нийт 10,701,116.72 төгрөг хариуцах боловч нэхэмжлэгч нь  6,449,348.05 төгрөгийн шаардлага гаргасан тул нэхэмжилсэн шаардлагын хэмжээгээр хариуцагч Б.А гаргуулах, харин түүнээс зөрүүг шаардахад уг шийдвэр саад болохгүй гэж дүгнэсэн атал хариуцагч Б.А нь нэхэмжлэлийн шаардлагын 6,449,348.05 төгрөгийн үнийн дүнг зөвшөөрсөн гэх үндэслэлээр ИХШХШТХуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар түүний зөвшөөрсөн болохыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь энэ гэм хорын хохирлын асуудлаар нэхэмжлэгч тал дахин нэхэмжлэл гаргах эрх нь зөрчигдөж буй эсэхийг анхаараагүй.

 Нэхэмжлэгч байгууллага нь нийт 22,194,233.45 төгрөгийн бодит хохирол учирсан гэж нэхэмжилсэн атал нэхэмжлэлийн шаардлагаас 5,043,768.68 төгрөгийг илүү нэхэмжилсэн гэж  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь ойлгомжгүй.

 Учир нь  үүнийг  юуг үндэслэн  илүү нэхэмжилсэн гэж үзсэн,  харилцагч нар нь өөрсдөө авсан гэж үзсэн, эсхүл хариуцагч Б.А төлөх ёстой гэж үзсэн аль нь болох, мөн  харилцагч нарын гарын үсгийг хариуцагч Б.А, О.С нар дуурайлган зурсан эсэхийг шинжилсэн шинжээчийн  дүгнэлт/3-р хх-21/-ийг  хэрхэн үнэлсэн зэрэг  нь  тодорхойгүй   байна.

Иймд  нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус байхад  хэрэгт байгаа баримтын хэмжээнд давж заалдах шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэх буюу өөрчлөлт оруулах боломжгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

ИХШХШТХуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь :

1. Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 134/ШШ2019/00185  дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4, 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 268,921 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх магадлал гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Г.ТЭГШСУУРЬ

ШҮҮГЧИД                                          О.ОДНЯМАА

                                                              Х.БАЙГАЛМАА