Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 215/МА2020/00002

 

 

С.М, С.Б нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Э даргалж, шүүгч Ш.Б, шүүгч Т.Ж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 133/ШШ2019/00333 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, Тахилтын 1 гудамжны 33 а тоотод хаягийн бүртгэлтэй, одоо Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил багийн Ган-Өргөө 21 дүгээр байрны 1 тоотод оршин суух, эрэгтэй, РД-ШЕ61111072, С овогт С.М,

 Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, Тахилтын 1 гудамжны 33 а тоотод хаягийн бүртгэлтэй, одоо Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил багийн Ган-Өргөө 21 дүгээр байрны 1 тоотод оршин суух, эмэгтэй, РД-ШЕ61042640, А овогт С. Б нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 1 дүгээр баг, Баянхайрхан, 2 дугаар гудамжны 24 тоотод хаягийн бүртгэлтэй, одоо тус аймгийн Есөнбулаг сумын Оргил баг, Ган-Өргөө 21 дүгээр байрны 7 тоотод оршин суух, эрэгтэй, РД-ДЮ86032071, И овогт Д.Г холбогдох Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат баг, АУК-н дотуур байрны ард байрлах 85 м.кв орон сууцны зориулалттай, Ү-0518000432 улсын бүртгэлийн дугаартай орон сууцыг хариуцагч Д.Г хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхийг хүссэн үндсэн нэхэмжлэлтэй,

Худалдах, худалдан авах хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулж, хэлцлийн дагуу шилжүүлсэн 15.000.000 төгрөг, хохиролд 15.000.000 төгрөгийг тус тус гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг шүүгч Т.Ж илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.М, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М, хариуцагч Д.Г, түүний өмгөөлөгч Ж.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Н нар оролцов.

 Нэхэмжлэгч нар 2019 оны 03 дугаар сарын 4-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 10 дугаар баг, Оргил Ган өргөө 21 дүгээр байр 7 тоот байрыг 2005 онд Т-ээс худалдан авч засвар хийж амьдарч байгаад бэр Д.Н-ыг Японоос бага хүүхдээ төрүүлэхээр ирэхэд нь оруулж байсан. 2015 онд Д.Н гараад түүний ах Д.Г орсон. Үүнээс хойш 2, 3 удаа байр чөлөөлж өгөхийг шаардсан боловч өдий хүртэл чөлөөлж өгөхгүй байгаа. Иймд С.М, С.Б бидний өмч болох Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 10 дугаар баг, Оргил Ган өргөө 21 дүгээр байр 7 тоот 45 м.кв хоёр өрөө орон сууцны зориулалттай байрыг Д.Г хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч нар 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдөр өөрчлөн гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын төв Харзат баг, АУК-н дотуур байрны чанх ард байрлалтай орон сууцны зориулалттай 85 м.кв хоёр өрөө байрыг 2005 онд Т-ээс худалдаж авсан. Энэ байранд засвар хийгээд амьдарч байгаад бэр байсан Д.Н-ыг Японоос бага хүүхдээ төрүүлэхээр ирэхэд нь оруулж байсан. 2015 онд Д.Н гарч түүний ах Д.Г орсон. Үүнээс хойш 2-3 удаа байр чөлөөлж өгөхийг шаардсан боловч өдий хүртэл чөлөөлж өгөхгүй байгаа. Өмнө шүүхэд гаргасан нэхэмжлэлд хажуу байрныхаа гэрчилгээг солиод өгсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн гаргаж байна. Одоо уг байранд Д.Г амьдарч байгаа болно гэжээ.

Хариуцагч Д.Г 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч нар бидний өмч болох Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 10 дугаар баг Оргил Ган өргөө 21 дүгээр байр 7 тоот 45 мкв 2 өрөө орон сууцыг миний хууль бус эзэмшилээс чөлөөлж өгнө үү гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. С.М нь 2011 онд манайд тухайн байрыг зарах гэсэн юм танайх авах уу гэж 15.000.000 /арван таван сая/ төгрөгөөр өгч авалцаж байсан. Тухайн үед С.М нь байрны гэрчилгээ гэж ер байхгүй дээр үеийн барилга учраас бичиг баримтгүй гэж хэлж манай гэр бүлийнхэн зээл авч тухайн байрыг худалдан авч байсан. Тухайн үед С.М, С.Б нартай худ ургийн холбоотой байсан учир тэр үед тэдний үгэнд итгэн худалдаж авсан. 2011 оноос хойш манайх тухайн байрыг бусдад түрээслэж байгаад 2015 оноос би хурим хийж гэр бүлтэй болон байрандаа амьдрах болсон. Нэхэмжлэлдээ байрыг надаас суллаж өгөхийг шаардсан гэж худал хэлж гүжирдэж байна. Эдгээр хүмүүстэй худ ургийн харилцаа тасарсанаас хойш тухайн байрыг бичиг баримтжуулж өг гэж шаардахад танай дүү Д.Н хүүхдүүдээ авчирч уулзуулж бидний өгч буй тэтгэлэгийг авч байх юм бол бичиг баримтыг чинь шилжүүлж өгнө гэж дарамталсан. Одоо тухайн асуудал буюу намайг болон манай гэр бүлийнхнийг С.М, С.Б нар залилсан байх тул тухайн хэргийг цагдаагийн байгууллагаар шалгуулж байгаа болно. Өөрчилсөн гэх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: С.М, С.Б нар маргааны зүйл болох Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын төв, Харзат баг, АУК-н дотуур байрны чанх ард байрлалтай орон сууцны зориулалттай байрыг 2012 онд бэлэн 15.000.000 төгрөгөөр худалдсан. Түүнээс хойш тус байрыг манайх засварлаж янзлан 1 өрөөг нэмж барих өргөтгөж уг байрандаа амьдарсаар өдийг хүрсэн. С.М нь надад гэрчилгээ байхгүй, гараагүй гэж зарсан, удахгүй гэрчилгээг гаргуулж өгнө гэж ярьдаг байсан. Гэтэл надад гэрчилгээг гаргаж өгөхгүй худал ярьж хууран мэхэлж, хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн болохыг 2019 оны 03 дугаар сарын 4-нд шүүхэд С.М нэхэмжлэл гаргаснаар мэдсэн. 2012 оноос хойш манайхыг тус байранд амьдарч байхад С.М нь байрыг суллаж өг гэсэн шаардлага гаргаж, хөөж тууж байгаагүй. Иймд С.М нь намайг хууран мэхлэж, хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн байх тул тус хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах, хүчин төгөлдөр бус хэлцэлд өгсөн 15.000.000 төгрөг, хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд болох С.М, С.Б нараас хохиролд 15.000.000 төгрөг нийт 30.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч нар хариуцагчийн дээрх сөрөг нэхэмжлэлийн шаардлагад 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр гаргасан тайлбартаа: Д.Г бидний хооронд Говь-Алтай аймаг, Есөнбулаг сум, Оргил баг, Ган өргөө хорооллын 21  дүгээр байрны 7 тоот байрыг худалдах, худалдан авах талаар ямар нэгэн хэлцэл хэзээ ч хийгдэж байгаагүй учир түүнээс байрны үнэ гэж 15.000.000 төгрөг авч байгаагүй. Харин Д.Г ах Д.Н нь надаас 8 тонны даацтай ачааны машин худалдан авсан. Тэр машины үнэ болох 10.000.000 төгрөгийг Д.Г, Д.Н нарын аав Н.Д манай гэрт авчирч бэлнээр өгч байсан. Одоо Г нь Д гуайн авчирч өгсөн Д.Н худалдан авсан ачааны машины үнэ 10.000.000 төгрөгийг өөрийнхөө одоо амьдарч байгаа байрны үнэнд өгсөн хэмээн мэдүүлээд байна. Д.Г одоо амьдарч байгаа байрыг 2005 онд Т-ээс худалдан авсанаас хойш өнөөг хүртэл С.Б бид хоёрын өмчлөлд байгаа бидний хууль ёсны өмч. Уг байрны талаар маргаан үүсэх болсон шалтгаан нь 2012 онд Д.Г аав Н.Д гуай надад түүнийг гэрлүүлэх гэж байгаа, манайх саяхан Д.Н гэрлүүлсэн, эгч Д.Ц, дүү Д.Н нарыг бас гэрлүүллээ, ойрын 2-3 жилийн хугацаанд гэр бүл болоод Д.Г байр авч өгч чадахгүй байна. Тиймээс танай саарал байранд түүнийг гэрлүүлье гэдэг санал тавьсан. Би Н.Д гуайтай худ ургийн холбоотой байсан, өмнө нь ч сайн таньдаг ойр дотно харьцаатай байсан байсан, манай хүү М.Т нь Н.Д хүргэн болсон зэрэг шалтгаануудыг бодолцоод Н.Д гуайн хүсэлтийг зөвшөөрч Д.Г 21-р байрны 7 тоот байранд хуримаа хйихийг зөвшөөрсөн. Би Д.Г боломжтой болсон үедээ манай байрыг чөлөөлж өгөх байх гэж бодож байсан. Гэтэл надаас худалдан авсан мэтээр маргаж байна. Айлын хуучин байранд хуримаа хийж байгаа хэн ч уг байраа засаж өнгө будгийг нь шинэчлээд хурим найраа хийдэг. Д.Г ч энэ ёсны дагуу манай байрны дотор ханыг будаж бага зэрэг засварласан. Өргөтгөл хийсэн гэх нөгөө байрны ханыг босгохдоо уг байрны зүүн хана, гараашний урд хана хоёрыг холбож босгосон хоёр хана байгаа. Энэ өргөтгөлийг хийхэд Д.Г хөрөнгө, мөнгө гараагүй, миний барилга барьж байсан материалын үлдэгдлүүд болон уурын зуухны үнсээр барьсан. Д.Г энэ байранд амьдрахдаа надад ямар ч түрээс төлдөггүй байсан., бидний хооронд ямар ч хэлцэл хийгдээгүй тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүчингүйд тооцож хүлээн авахаас татгалзаж өгнө үү гэжээ.       

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын төв, Харзат баг, АУК-н дотуур байрны чанх ард байршилтай, орон сууцны зориулалттай 85 м.кв, 2 өрөө, нэг давхар барилгын баруун хэсгийн, улсын бүртгэлийн Ү-0518000432 дугаарт бүртгэгдсэн нэхэмжлэгч С.М /ШЕ61111072/, С.Б /ШЕ61042640/ нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Д.Г /ДЮ86032071/-н хууль бус эзэмшлээс чөлөөлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д заасныг баримтлан хариуцагчийн гаргасан Н.Д, С.М нарын хооронд хийгдсэн хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулж, хэлцлийн үндсэн дээр шилжүүлсэн болон хохиролд нийт 30.000.000 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.М улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Г 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.М олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагч Д.Г өмгөөлөгч Ж.Д давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Д.Г өмгөөлөгч Ж.Д миний бие Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 133/ШШ2019/00333 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч  давж заалдах гомдолыг гаргаж байна. Анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж миний үйлчлүүлэгчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг буцаасан нь дараах байдлаар хууль зөрчсөн гэж үзэж, хүлээн зөвшөөрөхгүй байна.

1.Анхан шатны шүүх хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн.

2.Анхан шатны шүүхийн шүүгч шүүх хуралдааныг хэт нэг талыг барьж төвийг сахисан байр суурьнаас явуулаагүй.

3.Анхан шатны шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримт, шүүх хуралдааны явцад гэрчээр орсон гэрч нарын мэдүүлэг, хариуцагч, нэхэмжлэгч нарын гаргаж буй тайлбар мэдүүлгийг тал бүрээс нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, бодитой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүй миний үйлчлүүлэгчийн Үндсэн хууль болон Иргэний хууль, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар хамгаалагдсан эрх ашигийг зөрчсөн тул шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч С.М, С.Б нар нь Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын төв, Харзат баг, Анагаах ухааны коллежийн дотуур байрны ард байршилтай орон сууцны зориулалттай 85 м.кв талбай бүхий 2 өрөө, нэг давхар барилгын баруун хэсэгт байрлах улсын бүртгэлийн Y-0518000432 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Д.Г хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Д.Г нь Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын төв, Харзат баг, Анагаах ухааны коллежийн дотуур байрны ард байрлалтай, орон сууцыг 2012 онд бэлэн 15.000.000 төгрөгөөр худалдаж авсан, тухайн үед хуучны байр учраас гэрчилгээ гаргаагүй гэж итгүүлсэн, гэрчилгээг гаргаж өгөхгүй худал ярьж хууран мэхэлсэн байх тул хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулан, хэлцлийн үндсэн дээр шилжүүлсэн 15.000.000 төгрөг, хохиролд 15.000.000 төгрөг, нийт 30.000.000 төгрөгийг С.М, С.Б нараас гаргуулж өгнө үү гэсэн сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ.

Хэрэгт авагдсан баримтаар Д.Г хариуцагчаар нэрлэн заажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т “...хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ...” гэж заажээ.

Өөрийнх нь эрхийг зөрчсөн гэж нэхэмжлэгчийн үзэж буй этгээд иргэний хэрэгт хариуцагчаар орно.

Анхан шатны шүүх хариуцагчийн эрх, үүргийг тайлбарлаж өгөөгүй нь хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлэх боломжоор хангах үүргээ биелүүлээгүй байна./х/х-ийн 58 дугаар тал,

Хэргийн оролцогчийн эрхээ эдлэх боломжоор хангаагүй шүүхийн энэхүү үйлдэл нь шүүхээс хууль ёсны бөгөөд үндэслэлтэй шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөх бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болж байна.

Дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүхээс зөвтгөх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 133/ШШ2019/00333 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4, 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах гомдол гаргахад хариуцагч Д.Г улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ч.Э

 

                  ШҮҮГЧИД                             Ш.Б

 

                                                                Т.Ж