Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 215/МА2020/00003

 

 

 

 

 

 

                    

                   

 

 

Р.Т нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Б даргалж, шүүгч Ч.Э, Т.Ж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 133/ШШ2019/00346 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Жаргалан сумын 1 дүгээр баг, Бүрэн гэх газарт хаягийн бүртгэлтэй, одоо тус аймгийн Есөнбулаг сумын Жинст багийн 5 дугаар байрны 2-29 тоотод оршин суух, эмэгтэй, РД-ДЖ83111204, Б овогт Р.Т нэхэмжлэлтэй,

Хариуцагч- Говь-Алтай аймгийн Засаг даргад холбогдох,

Хэвлэлийн төлөөлөгчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг 2019 оны 12 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч шүүгч Т.Ж илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Р.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.И, түүний өмгөөлөгч Ж.М, нарийн бичгийн дарга Л.Б нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2014 онд Улаанбатар хотод Идэр дээд сургуулийг радио телевизийн, хөтлөгч мэргэжлээр төгсөж улмаар 2008 оноос Миний нутаг телевизэд хөтлөгчөөр, 2016 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс Засаг даргын хэвлэл мэдээллийн ажилтнаар томилогдон ажиллаж байгаад 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс жирэмсний болон амаржсаны амралт авсан билээ. Гэтэл миний жирэмсний амралт дуусаагүй байхад Засаг дарга намайг орон нутагт томоохон бүтээн байгуулалтын ажлууд эхлэж байгаа тул түр ажилдаа эргээд орж ажиллаач гэсэн хүсэлтийн дагуу ажилдаа түр томилогдон ажиллаж байгаад 2019 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Б.А жирэмсний болон амаржсаны амралтаа үргэлжлүүлэн эдлэх тухай хүсэлтээ өгсөн боловч за болно гэж аваад уг хүсэлтийг шийдвэрлээгүй улмаар мэргэжилтэндээ өгсөн гэх боловч уг мэргэжилтэн нь аваагүй гэх мэтээр хариуцлагагүй хандаж байна.

Миний тухайд өмнө нь энэ ажлыг хийж байсан учир ямар нэгэн татгалзах зүйлгүйгээр хүсэлтийг хүлээж авсан. Ингээд 2019 ны 4 дүгээр сарын 20-нд ажилдаа орж ажилласан. Тухайн үеийн тамгын газрын дарга байсан Ч.Б, одоо нийгмийн бодлогын хэлтсийн дарга тухайн үед Засаг даргын тамгын газрын төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга байсан Б.А нарт буцаад амрах хүсэлтээ бичгээр өгсөн. Тухайн өдөр хүсэлтээ бичгээр Б.А даргад өгсөн. Хүсэлтийг хүлээж авлаа чи амарч болно гэж үгээр илэрхийлсэн. Намайг амарч байхад буюу 6 дугаар сарын 20-ны үед хүний нөөцийн мэргэжилтэн Б.И над руу утсаар залгаж өөрийг чинь ажлаас чөлөөлсөн ирж танилц гэсэн. Миний тухайд хөдөө амарч байгаа тул танилцах боломжгүй байна утсаар танилцуулчих гэхэд зөрчлүүдийг сонсоод үүнтэй санал нийлэхгүй байна, би хэлтсийн даргад амралтаа сунгуулах хүсэлтээ өгсөн гэдгээ хэлсэн. Тэгэхэд хүний нөөцийн мэргэжилтэн дээр ирэх ёстой. Гэтэл ямар нэгэн бичиг одоогоор ирээгүй байна гэсэн. Тухайн орой яаралтай хөдөөнөөс ирээд маргааш нь Б.А даргатай уулзаад би танд хүсэлтээ бичгээр өгсөн. Тэгэхэд хүний нөөцөөс над руу ингэж залгасан гэж хэлэхэд би чиний хүсэлтийг хүний нөөцийн мэргэжилтэн Б.И өгсөн. Хүсэлтийг чинь харгалзаж үзэлгүйгээр 3 хоногийн дараа халах тушаал гаргасан гэж Б.А дарга өрөөндөө хэлсэн. Төрийн албанд хүний нөөцийн ажилтан Б.И, төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Б.А нар ямар ч хариуцлагагүйгээр, гудамжинд ярьсан яриа мэт хандсанд маш их гомдолтой байна. Ажлаас халсантай холбоотой маргааш нь Миний нутаг телевиз дээр очиход өнөөдрийн шүүх хуралд гэрчээр дуудаж оролцуулж байгаа М.Ж бусад ажилчидтай уулзаад сууж байхад хуурамч өргөдлийн талаар мэдсэн. Би 4 дүгээр сарын 20-ны өдөр буцаж ажилдаа томилогдож орохдоо Засаг даргыг гуйсны үндсэн дээрээс өргөдөл бичиж өгсөн. Өргөдлийг Миний нутаг телевиз дээр М.Ж өөрөө хажууд нь зогсож байгаад бичүүлсэн байдаг. Түр ажилдаа орох хүсэлттэй байна өргөдөл хүлээж авна уу гээд өргөдөл бичиж өгсөн. Өргөдөл өгсний маргааш тухайн үеийн хүний нөөцийн мэргэжилтэн байсан Б.И тааралдсан. Эгчийнхээ өргөдлийг авсан уу? эгч нь түр ажилдаа эргэж орохоор болсон гэхэд тэгсэн таны өргөдлийг М.Ж авсан гэж хариулсан. Тэгээд миний нутаг телевиз дээр очиход Б.И эгч таны өргөдлийг шинэчлээд аваад явсан гэхээр нь М.Ж тодруулж асуухад М.Ж өчигдөр намайг гадуур явж байхад Б.И гээд хүний нөөцийн мэргэжилтэн удаа дараа залгаад эгчдээ тус болоод Т эгчийн өргөдлийг бичээд өгөөч, Т эгчид өөрт нь хэлчихсэн гэж хэлсэн байсан. Би өмнө нь хүсэлтээ Засаг даргын Тамгын газар гэсэн толгойтой бичүүлсэн. Тухайн үед Говь-Алтай аймгийн Засаг даргаар В.Р томилогдон ажиллаж байсан. Тэгэхэд Говь-Алтай аймгийн Засаг дарга С.Г гэж бичүүлсэн. Толгойноос эхлэн хууран мэхлэх ажиллагаа эхэлсэн гэж харж байгаа. С.Г гэж Т эгч бичүүлээгүй гэж М.Ж хэлэхэд хамаагүй тэгээд биччих өөрчлөөд биччиж болдог гэж хэлсэн байгаа юм. Хэргийн материалд хуурамч өргөдөл хавсаргасан байгаа. Хуурамч өргөдөлд ажилдаа орох хүсэлтээ илэрхийлсэн байдлаар бичсэн байгаа. Өмнөх өргөдөл дээр түр хугацаагаар ороод ажиллана гэж би М.Ж хэлж бичүүлсэн. Төрийн захиргааны байгууллага байж хувийн байгууллагын ажилтнаар хуурамч өргөдөл бичүүлэх нь хуульд нийцдэг юм болов уу? гэж миний тухайд гомдолтой байна.

Нөгөө өргөдлөө Б.И нь М.Ж авахдаа эгчийн дүү нугалаад үнгэлээд хуучин юм шиг болгоод өгөөрэй гэж хэлсэн байсан. Тэгээд миний нутаг телевиз дээр ирж өргөдөл авахдаа найруулагч Х тааралдахдаа зугтаад явсан байсан. Миний өгсөн өргөдлийг Б.И, Б.И хоёр алга болгоод намайг ажлаас халахын тулд шинээр хуурамч өргөдөл бичүүлж авсан гэж хардах сэтгэл төрөөд байгаа. М.Ж өргөдөл авахдаа чи эгчдээ маш их тус хүргэлээ гэж хэлсэн байсан. Гэрээнд заасанчлан 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүртэл ажиллах хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Би С.Г гэдэг хүнтэй гэрээ байгуулж ажилд ороогүй. Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ч.Б гарын үсэг зурж баталгаажуулсан гэрээ байгаа. Засаг дарга С.Г ажлыг дуусгавар боллоо гэж хэлээд миний ажлыг дуусгавар болгосныг хуульд нийцсэн гэж үзэхгүй байгаа. Учир нь би С.Г гэдэг хүний хувийн ажилд үйлчилж байсан хүн биш намайг ямар ч үндэслэлгүйгээр ажлаас халсан. В.Р гэдэг хүн надтай нэг өдөр ч ажиллаж үзээгүй. С.Г, В.Р гэдэг хүмүүсийн хувийн өс хонзонгийн үүднээс хууль зөрчиж намайг халсан гэж үзэж байна.

Гэрчийн гаргаж өгсөн нэмэлт мэдээлэл дээр ажлаа хийдэггүй, тайлангаа өгдөггүй гэж бичсэн байсан. Би үүнтэй санал нийлэхгүй байна. Төрийн албан хаагчид өглөө 9 цагаас орой 18 цаг хүртэл ажлаа хийж байгаад тараад явдаг. Миний тухайд хэвлэл мэдээллийн ажилтан учир олны нүдэн дээр ил байдаг. Тухайн үеийн ажлын тайлангаа төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга байсан Б.А даргад удаа дараа гаргаж өгч байсан. Ямар нэгэн баталгаагүй намайг гүтгэж байна. Би сиди, флашин дээр 2017 оноос хойш Засаг дарга болон засаг даргын тамгын газартай холбоотой миний хийсэн ажлууд тайлангаараа байдаг. 4-6 сарын тайланг видео бичлэгээр авчирсан байгаа. Намайг Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч болоход Засаг даргын тамгын газар гэсэн пэйж 2200 хүний дагагчтай байхад намайг ажлаас халагдах үед 5700 хүний дагагчтай болсон. Тэр хуудсанд орсон мэдээллийг харахад ажил үүргээ гүйцэтгэж явахдаа төв суурин хөдөө орон нутаг гэлтгүй явж байсан нь он сар өдөртэйгөө байгаа. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3 ба түүнээс дээш өдөр ажил тасалсан гэдэг нь зөвхөн цаг бүртгэлд хуруу дараагүйг хэлээд байгаа юм уу? гэдгийг ойлгохгүй байна. Би ажил үүргээ гүйцэтгээд явж байсан. Ажил үүргээ гүйцэтгэхгүй байсан бол тухайн үедээ хариуцлага тооцохгүй яасан юм, үүнийг ямар ч үндэслэлгүй дүгнэлт гэж үзэж байна. Говь-Алтай аймгийн Засаг дарга, засаг даргын тамгын газар харьяа хэлтсийн ажил үүрэг хөдөө орон нутагт ихэвчлэн явагддаг. Хэвлэлийн төлөөлөгчийг хамт яв гэж хэлдэг. Би ажил үүргээ багадаа 10 хоног ихдээ 1 сарын хугацаанд хөдөө орон нутагт гүйцэтгэдэг. Надад Засаг даргын тамгын газарт өрөө тасалгаа байдаггүй. Тамгын газар гэрээ байгуулахдаа 2 өдөр очиж цагаа бүртгүүлж байгаарай гэж хэлж байсан. Түүнээс өдөр бүр цагаа бүртгүүлж байгаарай гэж тухайн үеийн тамгын газрын дарга Ч.Б хэлж байгаагүй. Засаг даргын тамгын газрын ажилтнуудын дотоод групп байдаг. Тухайн групп дээр цаг бүртгэлийн ажилтан Э.Б цаг бүртгэл тасалсан ажилтныг байнга тайлагнадаг. Гэтэл яагаад намайг өнөөдрийг хүртэл тасалсан ажилтнуудын тоонд оруулаагүй энэ талаар тайлагнаж байгаагүйг гайхаж байна. Хуруу дараагүйгээр намайг ажлаа хийгээгүй гэж үзэж байгаа юм уу. Хөдөө ажиллаж байсантай холбоотойгоор Говь-Алтай аймгийн Засаг дарга байсан С.Г, засаг даргын тамгын газрын дарга Ч.Б ажил үүргээ танилцуулаад гардаг байсан. Тухайн үед жолооч хийж байсан Т гэрчилнэ. Төрийн албан хаагч шиг цаганд баригдаж ажилладаггүй байсан. Шаардлагатай гэвэл эдгээр гэрч нарыг гэрчээр оролцуулахад бэлэн байна. Ажиллаж байх хугацаанд надад нэг ч илүү цагийн мөнгө өгсөн зүйл байхгүй, надад амралтын өдөр байдаггүй, байнгын ажилтай байдаг байсан.

Хэрэгт шинээр гаргаж өгсөн сэтгүүлийг өөрийн биеэр эрхэлж гаргасан. Эх бэлтгэлийн компани эх бэлтгэгчийг гэрчээр оролцуулсан ч бэлэн байна. Хянан тохиолдуулсан Засаг даргын тамгын газрын дарга Ч.Б гэрчээр оролцуулж болно. Тухайн үед хэвлэл мэдээллийн ажилтан байсан Э.Б гэдэг хүн хэвлэл мэдээллийн ажлаа хийдэггүй байсан. Би Говь-Алтай аймгийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч нэртэй Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын хэвлэлийн ажлыг ганцаараа нуруун дээрээ үүрч байсан. Хэвлэлийн эх бэлтгэх гээд байна гээд Засаг даргын тамгын газрын 2 давхарт хүрээд ир гэхэд Б гээд засаг даргын тамгын газрын жолооч, Ч.Б дарга хоёр Э.Б дамжилдаж орж ирж суулгаад тэгэхэд М мэргэжилтэн байсан. Хэдэн зураг хэрэгтэй байна гэхэд надад зураг байхгүй би найз нөхөдтэйгөө ууж идмээр байна гэж хэлээд буцаад гараад явж байсан. Засаг даргын 3 жилийн ажил тухайн сэтгүүлд багтсан. Видео бичлэг дээр миний ажилласан 2 сарын ажлын тайлан байгаа. Төрийн ажил явуулж байгаа хүмүүс төрийн алба залгамж халаатай байдаг. Хүнийг гүтгэн доромжлох үйлдэлд үнэхээр гомдолтой байна. Яагаад Б.А дарга би хүсэлтийг чинь хүлээж аваагүй 70481111 дугаарт санал гомдол аваагүй гэж хэлэх болов. Эдгээр хүмүүст бол хүн гэж хэлэх зүйл үлдээгүй гэдгийг хэлмээр байна. Миний хувьд үнэхээр гомдолтой байна. Говь-Алтай аймгийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгчөөр томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах хүсэлттэй байна. Бичгээр гаргасан шаардлагаа бүрэн дэмжиж байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус аймгийн Засаг даргын хэвлэл мэдээллийн ажилтнаар ажиллаж байсан Р.Т нь Аймгийн Засаг даргын 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн Б/33 дугаар захирамжаар нэхэмжлэлтэй холбогдуулан гаргасан шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Төрийн албаны тухай хуулийн дагуу улс төрийн албан хаагчийг бүрэн эрхийнх нь хугацаанд зөвхөн өөрт нь үйлчлэх хэвлэл мэдээллийн ажилтнаар Р.Т нь 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Б/83 дугаар захирамжаар томилогдсон байдаг. 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Б/69 дүгээр захирамжаар жирэмсэн болон амаржсаны амралт авсан. Мөн өөрийнх нь гаргасан хүсэлтийн дагуу Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсгийн дагуу 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн Б/22 дугаар захирамжаар үүрэгт ажилд нь томилсон байгаа. Томилохдоо Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.10 дахь хэсэгт зааснаар улс төрийн албан тушаалтны бүрэн эрхийн хугацаанд зөвхөн өөрт нь үйлчлэх орон тооны зөвлөх, туслах, хэвлэл мэдээллийн ажилтан гэсэн заалтын дагуу томилогдсон.

Аймгийн Засаг дарга С.Г бүрэн эрхийн хугацаанаас өмнө буюу Монгол Улсын Ерөнхий сайдын 2019 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 68 дугаар захирамжаар үүрэгт ажлаас халагдсан. Энэ хүнийг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасан ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчил давтан гаргасан эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэсэн заалтын дагуу чөлөөлсөн. Хөдөлмөрийн гэрээг Р.Т нь 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр тухайн үед тамгын газрын дарга байсан Ч.Б байгуулсан. Хөдөлмөрийн гэрээний 4.2.3б тусгагдсанаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3 ба түүнээс дээш өдөр ажил тасалсан гэсэн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзэж байгаа. Үүнийг өөрийнхөө тайлбараар нотоллоо гэж үзэж байна.

Тэрээр би Ч.Б болон Б.А дарга нарт хүсэлт өгсөн. Нөгөө хүмүүс хүсэлтийг хүлээж авсан гэж үгээр буюу амаар илэрхийлсэн. Ямар нэгэн байдлаар шийдвэр гараагүй байхад ажил таслан хөдөө явсан гэдгээ өөрөө нотолж байна гэж үзэж байна. Ямар нэгэн байдлаар чөлөөний хуудас, албан томилолт авалгүйгээр Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч гэдэг албан тушаалаа ашиглаж төрийн байгууллагад ажилладаг ажлын цаг, хууль дүрэм зөрчиж явсан гэж үзэж байна. Төрийн байгууллагуудад цаг бүртгэлийн систем нэвтэрснээс хойш төрийн албанд ажиллаж байгаа гэрээт болон жинхэнэ албан хаагчид бүгд төрөөс цалин авч байгаа албан хаагчид нүдний харцаар болон хурууны хээгээр бүртгүүлдэг. Энэ нь Р.Төмөрчөдөртэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 1 дүгээр зүйлийн 1.5 дахь хэсэгт 7 хоногийн ажлын цаг 40 хүртэл байна гэж зааж өгсөн байгаа.

Хөдөлмөрийн гэрээг гэрээт ажилтнуудтай байгуулаад явдаг. 2019 оны 4 дүгээр сарын 20-ноос 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл цаг бүртгэлийн системд нэг ч удаа бүртгүүлээгүй. Ямар албан томилолт, чөлөө аваагүй байгаа. Аймгийн тамгын газар бол төрийн байгууллага өөрийн ажиллах тодорхой чиг шугамтай байдаг. Мөн тодорхой асуудлыг хариуцсан мэргэжилтэн байдаг. Аймгийн тамгын газарт ирж байгаа өргөдлийг төрийн үйлчилгээний нэгдсэн төв дээр өргөдөл гомдол хариуцсан ажилтан бүртгэж аваад холбогдох хүмүүст нь цаасаар болон программаар өгдөг байгаа. Үүнийг Р.Т 2016 оноос хойш аймгийн тамгын газарт ажиллаж байгаагийн хувьд бүрэн мэдэж байгаа.  Гэтэл Б.А даргад өгсөн өргөдөл нь бүртгэлд бүртгэгдээгүй, тэр өргөдлийг би аваагүй. Анх ажилд томилсон өргөдлийг Б.И өгөхдөө өөрөө бичиж өгөөгүй. Анхнаасаа М.Ж бичүүлсэн байдаг. Иймээс өөрийнх нь гаргасан хүсэлтийн дагуу ажилд томилсон болохоос гэртээ хүүхдээ харж байгаа хүнийг чи төрийн ажил хий гэж хүчээр шахах ёс зүй хуулийн үндэслэл байхгүй. Зөвхөн өөрийн гаргасан хүсэлтийн дагуу ажилд томилсон байгаа. Шинээр нотлох баримтаар өгсөн сэтгүүлтэй холбоотой тайлбар хэлэхэд 2017-2019 оны аймгийн хэмжээнд хийж гүйцэтгэсэн ажлын тайлан байгаа. Үүнд аймгийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, албад, хэлтсүүд, аймгийн тамгын газар, аймгийн тамгын газар бодлого хариуцсан мэргэжилтнүүд гэж байгаа. Доторх текстүүдийг хэвлэлийн ажилтан өөрөө хийж гүйцэтгэх ямар ч боломжгүй. Тухайн текстүүдийг тухайн асуудал хариуцсан агентлагууд нь аймгийн тамгын газар хийсэн ажлаа, зурагтайгаа товч бөгөөд тодорхой судалгаатай ирүүлдэг. Үүнийг салбар хариуцсан мэргэжилтнүүд хянаад сайжруулаад хэлтсийн дарга, тамгын газрын даргаар хянуулаад хамгийн сүүлд сэтгүүл яаж гарах вэ гэдэг ажлыг хяналт шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын хэлтсийн мэргэжилтэн Б, нийгмийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн Э.Б гэдэг хүмүүс 7-10 хоног өдөр шөнөгүй сууж байж сэтгүүлийн эх бэлтгэлийг гаргаж өгсөн байдаг. Р.Т магадгүй хэвлэлийн компанитай холбосон байх. Манай мэргэжилтнүүд мөн агентлагуудын хийсэн ажлыг дамжуулагчийн ажил хийсэн гэж үзэж байна. Тухайн тайланг хийсэн гэж үзэхгүй байна. Хүний нэр төрд ямар ч үндэслэлгүйгээр халдаж байна. Үндэслэлгүйгээр хүний нэр төрд болон төрийн байгууллагын нэр төрд халдахгүй байхыг хүсч байна. Иймээс Засаг даргын 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн Б/33 дугаар захирамж нь хууль тогтоомжид нийцсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсч байна гэжээ.

 

Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б овогт Р.Т /ДЖ83111204/-г Говь-Алтай аймгийн Засаг даргын хэвлэл мэдээллийн ажилтаны албан тушаалд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газраас нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх 92 хоногийн нөхөн олговорт 3.128.920 /гурван сая нэг зуун хорин найман мянга есөн зуун хорин/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Р.Т олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Р.Т 0023648 дугаартай үндсэн ажлаас гадуур гүйцэтгэсэн ажил, үйлчилгээний орлогоос төлсөн шимтгэлийг бүртгэх дэвтэрт зохих бичилт хийж баталгаажуулахыг Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамжид 66.136 /жаран зургаан мянга нэг зуун гучин зургаан/ төгрөгийг Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газраас гаргуулан улсын орлогод оруулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Говь-Алтай аймгийн Засаг дарга түүний өмгөөлөгч Ж.М давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 133/ШШ2019/00346 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Шүүхээс Р.Т 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс ажил тасалсан гэх байдал нотлогдохгүй байна гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. Р.Т нь ажил тасалсан байдлаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон өөрөө шүүх хуралдаан дээр хэлдэг. Тухайн үед чөлөө хүссэн өргөдлөө өгөөд явсан гэдэг боловч энэ талаар хавтаст хэргийн материалд авагдсан бичгийн нотлох баримт байхгүй, нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй байгаа. Ажил тасалсан байдал нь нэхэмжлэгчийн өөрийн тайлбар болон цагийн бүртгэлээс тодорхой харагдаж байгаа. Р.Т нь хөдөлмөрийн гэрээний 4.2.3б заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3 ба түүнээс дээш өдөр ажил тасалсан, гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан байгаа. Мөн Р.Т нь уг ажилд томилогдохдоо Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.10 дахь хэсэгт зааснаар улс төрийн албан тушаалтны бүрэн эрхийн хугацаанд зөвхөн өөрт нь үйлчлэх орон тооны зөвлөх, туслах, хэвлэл мэдээллийн ажилтан гэсэн заалтын дагуу томилогдсон боловч тухайн үед ажиллаж байсан Засаг дарга С.Г нь бүрэн эрхийн хугацаанаасаа өмнө 2019 оны 6 дугаар сарын 6-ны өдөр үүрэгт ажлаасаа халагдсан байгаа. Иймд Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 133/ШШ2019/00346 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Давж заалдах шатны шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох хүсэлтэй байна гэжээ.   

 

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Нэхэмжлэгч Р.Т нь хариуцагч Говь-Алтай аймгийн Засаг даргад холбогдуулан хэвлэл мэдээллийн мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эс зөвшөөрч маргажээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч буй үндэслэлээ нэхэмжлэгч нь хөдөлмөрийн гэрээнд тусгасан ноцтой зөрчил гаргаж ажил тасалсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Нэхэмжлэгч Р.Т нь ажил олгогчийн санаачилгаар ажлаас үндэслэлгүй халагдсан гэж үзэж, жирэмсний болон амаржсаны амралтаа бүрэн эдэлж дуусаагүй байхад аймгийн Засаг дарга түр ажилдаа орж ажиллаач гэсэн хүсэлтийн дагуу түр ажиллаж байгаад 2019 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Б.А амралтаа үргэлжлүүлэн эдлэх тухай хүсэлтээ өгсөн боловч за гэж аваад уг хүсэлтийг шийдвэрлээгүй улмаар мэргэжилтэндээ өгсөн гэх боловч мэргэжилтэн нь аваагүй гэж хариуцлагагүй хандаж алга болгосон атлаа дараа нь ийм хүсэлтийг гаргаагүй гэж тайлбарладаг гэжээ.

Ажил олгогч нь Р.Т ажлаас чөлөөлсөн үндэслэлээ Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.10-т заасан улс төрийн албан тушаалтны бүрэн эрхийн хугацаанд зөвхөн өөрт нь үйлчлэх орон тооны зөвлөх, туслах, хэвлэл мэдээллийн ажилтны албан тушаал хамаарна, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8-д заасан хөдөлмөрийн гэрээг ажилтны буюу ажил олгогчийн санаачилгаар дуусгавар болгох үндэслэлийг, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасан ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан, хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2-т заасан ажил олгогч санаачилсан гэснийг тус тус заажээ.

Шүүх ажилтныг ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн Б/33 тоот захирамжийн үндэслэлийн талаар хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар нэхэмжлэгч нь 2019 оны 5 болон 6 дугаар сард ажил тасалсан гэх, аймгийн Засаг дарга хугацаанаасаа өмнө огцорсноор зөвхөн түүнд үйлчлэхээр томилогдсон хэвлэл мэдээллийн ажилтныг дараагийн томилогдсон Засаг дарга ажлаас чөлөөлөх эрхтэй болох нь нотлогдон тогтоогдохгүй байна гэж буруу дүгнэлт хийж, түүнийг аймгийн Засаг даргын хэвлэл мэдээллийн ажилтны албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг хариуцагч Говь-Алтай аймгийн Засаг даргаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, үндсэн ажлаас гадуур гүйцэтгэсэн ажил, үйлчилгээний орлогоос төлсөн шимтгэлийг бүртгэх дэвтэрт зохих бичилт хийж баталгаажуулахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Р.Т нь үндсэн ажил болох Говь-Алтай аймгийн “Миний нутаг” телевизийн сэтгүүлч /хөтлөгч/-ийн ажлын зэрэгцээ Говь-Алтай аймгийн Засаг даргатай Засаг даргын хэвлэл мэдээллийн ажилтнаар ажиллахаар хөдөлмөрийн гэрээ гэж нэрлэсэн гэрээ байгуулан 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ажиллаж иржээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтаар хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж ирсэн гэх уг хэвлэл мэдээллийн ажилтаны ажлын байр нь байнгын ажлын байр биш бөгөөд үндсэн ажлаас гадуур зэрэгцэн гүйцэтгэж ирсэн ажил байна.

Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын ажлын байрны чиг үүрэгт хэвлэл мэдээллийн ажилтны 1 орон тоотой бөгөөд уг орон тоонд өөр хүн буюу Э.Б гэх ажилтан хөдөлмөрийн гэрээний дагуу ажилладаг болох нь тогтоогдож байна./хх-ийн 76/

Нэхэмжлэгчийн ажиллаж байсан Засаг даргын хэвлэл мэдээллийн ажилтан гэх ажлын байрны орон тоо нь батлагдсан байнгын ажлын байр биш орон тооны бус гэрээт ажилтны цалингийн сангаас өр үүсгэн цалинг олгодог байсан болох нь тогтоогдож байна.  

Нэхэмжлэгч Р.Т нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-т зааснаар байнгын ажлын байранд хугацаагүйгээр хөдөлмөрийн гэрээ байгуулсан гэж маргажээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15-д “байнгын ажлын байр” гэж “ажил олгогчийн заасан ажлын байранд, тогтоосон горимын дагуу түүнээс олгосон хөдөлмөрийн багаж хэрэгслээр, ажил олгогч, эсхүл түүний төлөөлөгчийн удирдлагын дор баталсан норм, үнэлгээ, сүлжээгээр цалин хөлс авч, ажлын өдөр, ээлжийн давтамжтайгаар гүйцэтгэх ажил, үүргийг” хэлнэ гэж хуульчилжээ. Говь-Алтай аймгийн Засаг дарга С.Г нэхэмжлэгч Р.Т нарын хооронд байгуулсан гэрээ “Хөдөлмөрийн гэрээ” нэртэй боловч нэхэмжлэгч Р.Т нь хувийн хэвшлийн Ханлиг-Алтай ХХК-ий “Миний нутаг” телевизэд гүйцэтгэх захирал, сэтгүүлчийн үндсэн ажил эрхлэхийн зэрэгцээгээр ажлын цагийг бүртгүүлэхгүйгээр, аймгийн Засаг даргын Тамгын газар байрлан ажиллахгүйгээр, тогтоосон горимын дагуу биш батлагдаагүй орон тоон дээр ажил үүрэг гүйцэтгэж байсныг Хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан гэж үзэх боломжгүй байна. Талуудын хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулагдаагүй байх тул Төрийн албан хаагчийн баталгаа, Хөдөлмөрийн гэрээний үүргийн биелэлтийг Р.Т нэхэмжлэх эрхгүй байна. Анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч Р.Т нь нийгмийн даатгалын шимтгэлийг “Миний нутаг телевиз” төлдөг, үүнээс гадна үндсэн ажил үүргээс гадна гадуур ажил үйлчилгээ эрхэлсний нэмэлт орлогын шимтгэлийг аймгийн Засаг даргын Тамгын газар төлдөг талаар тайлбарлаж уг баримтыг нотлох баримтаар хэрэгт хавсаргажээ. Зөвхөн аймгийн Засаг даргыг хөдөө ажиллах үед дагалдан ажилладаг, ажлын цагаа бүртгүүлдэггүй, байрлан ажиллах байр Засаг даргын Тамгын газарт байдаггүй, батлагдсан гэх орон тоонд нь өмнө болон одоо өөр хүн ажилладаг зэрэг шинж нь Хөдөлмөрийн гэрээ гэх нэршилээр байгуулагдсан боловч Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдаж, гүйцэтгэсэн ажил үйлчилгээнийхээ хөлсийг төлж гэрээний үүргээ гүйцэтгэсэн гэж үзэхээр байна.

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгч Р.Т Говь-Алтай аймгийн Засаг даргын хэвлэл мэдээллийн ажилтны ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэсэн нь буруу байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д зааснаар Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 133/ШШ2019/00346 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 67.000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Ш.Б

                 ШҮҮГЧИД                           Ч.Э

                                                              Т.Ж