Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 001/ХТ2020/00386

 

Р.Т-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 133/ШШ2019/00346 дугаар шийдвэртэй,

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 215/МА2020/00003 дугаар магадлалтай, 

Р.Т-ийн нэхэмжлэлтэй

Говь-Алтай аймгийн Засаг даргад холбогдох, 

Хэвлэлийн төлөөлөгчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Р.Т-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Миний бие 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс Засаг даргын хэвлэл мэдээллийн ажилтнаар томилогдон ажиллаж байгаад 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс жирэмсний болон амаржсаны амралт авсан. Гэтэл миний жирэмсний амралт дуусаагүй байхад Засаг дарга намайг орон нутагт томоохон бүтээн байгуулалтын ажлууд эхлэж байгаа тул түр ажилдаа эргээд орж ажиллаач гэсэн хүсэлтийн дагуу ажилдаа түр томилогдон ажиллаж байгаад 2019 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Б.Алтайбаатарт жирэмсний болон амаржсаны амралтаа үргэлжлүүлэн эдлэх тухай хүсэлтээ өгсөн. Хүсэлтийг хүлээж авлаа чи амарч болно гэж үгээр илэрхийлсэн. Намайг амарч байхад буюу 6 дугаар сарын 20-ны үед хүний нөөцийн мэргэжилтэн Б.Итэшмаа над руу утсаар залгаж өөрийг чинь ажлаас чөлөөлсөн ирж танилц гэсэн. Миний тухайд хөдөө амарч байгаа тул танилцах боломжгүй байна утсаар танилцуулчих гэхэд зөрчлүүдийг сонсоод үүнтэй санал нийлэхгүй байна, би хэлтсийн даргад амралтаа сунгуулах хүсэлтээ өгсөн гэдгээ хэлсэн. Тэгэхэд хүний нөөцийн мэргэжилтэн дээр ирэх ёстой. Гэтэл ямар нэгэн бичиг одоогоор ирээгүй байна гэсэн. Тухайн орой яаралтай хөдөөнөөс ирээд маргааш нь Б.Алтайбаатар даргатай уулзаад би танд хүсэлтээ бичгээр өгсөн. Тэгэхэд хүний нөөцөөс над руу ингэж залгасан гэж хэлэхэд би чиний хүсэлтийг хүний нөөцийн мэргэжилтэн Б.Итэшмаад өгсөн. Хүсэлтийг чинь харгалзаж үзэлгүйгээр 3 хоногийн дараа халах тушаал гаргасан гэж Б.Алтайбаатар дарга өрөөндөө хэлсэн. Хөдөлмөрийн гэрээний хугацаа 2016 оны 10 сараас 2020 оны 10 сарын 02-ны өдөр хүртэл байгуулагдсан. Иймд Говь-Алтай аймгийн Засаг даргын 2019 оны 6 сарын 19-ний өдрийн Б/33 дугаар захирамжийг үндэслэлгүй гэж үзэж байгаа тул уг захирамжийг хүчингүй болгож, Хэвлэлийн төлөөлөгчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт: ...Төрийн албаны тухай хуулийн дагуу улс төрийн албан хаагчийг бүрэн эрхийнх нь хугацаанд зөвхөн өөрт нь үйлчлэх хэвлэл мэдээллийн ажилтнаар Р.Т- нь 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Б/83 дугаар захирамжаар томилогдсон байдаг. 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Б/69 дүгээр захирамжаар жирэмсэн болон амаржсаны амралт авсан. Мөн өөрийнх нь гаргасан хүсэлтийн дагуу Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсгийн дагуу 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн Б/22 дугаар захирамжаар үүрэгт ажилд нь томилсон байгаа. Томилохдоо Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.10 дахь хэсэгт зааснаар улс төрийн албан тушаалтны бүрэн эрхийн хугацаанд зөвхөн өөрт нь үйлчлэх орон тооны зөвлөх, туслах, хэвлэл мэдээллийн ажилтан гэсэн заалтын дагуу томилогдсон. Аймгийн Засаг дарга С.Гансэлэм бүрэн эрхийн хугацаанаас өмнө буюу Монгол Улсын Ерөнхий сайдын 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 68 дугаар захирамжаар үүрэгт ажлаас халагдсан. Хөдөлмөрийн гэрээг Р.Т- нь 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр тухайн үед тамгын газрын дарга байсан Ч.Бат-Эрдэнэтэй байгуулсан. Хөдөлмөрийн гэрээний 4.2.3б тусгагдсанаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3 ба түүнээс дээш өдөр ажил тасалсан гэсэн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзэж байгаа. Үүнийг өөрийнхөө тайлбараар нотоллоо гэж үзэж байна. Тэрээр 2019 оны 4 дүгээр сарын 20-ноос 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл цаг бүртгэлийн системд нэг ч удаа бүртгүүлээгүй. Ямар албан томилолт, чөлөө аваагүй байгаа. Иймд Засаг даргын 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн Б/33 дугаар захирамж нь хууль тогтоомжид нийцсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсч байна гэжээ.

Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 133/ШШ2019/00346 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Боржгин мундаг овогт Рэнцэндоржийн Төмөрчөдөр /ДЖ83111204/-г Говь-Алтай аймгийн Засаг даргын хэвлэл мэдээллийн ажилтаны албан тушаалд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газраас нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх 92 хоногийн нөхөн олговорт 3.128.920 /гурван сая нэг зуун хорин найман мянга есөн зуун хорин/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Р.Т-т олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Р.Т-ийн 0023648 дугаартай үндсэн ажлаас гадуур гүйцэтгэсэн ажил, үйлчилгээний орлогоос төлсөн шимтгэлийг бүртгэх дэвтэрт зохих бичилт хийж баталгаажуулахыг Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамжид 66.136 /жаран зургаан мянга нэг зуун гучин зургаан/ төгрөгийг Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газраас гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 215/МА2020/00003 дугаар магадлалаар Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д зааснаар Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 133/ШШ2019/00346 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 67.000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Р.Т- хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хууль хэрэглээний ноцтой алдаа гаргаж, талуудын хооронд үүсэн харилцаанд зөв дүгнэлт хийгээгүйн улмаас нэхэмжлэгч Р.Т- миний хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн шийдвэр гаргасан тул дараах шалтгаануудын улмаас магадлалыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Талуудын хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан эсэх талаар талууд огт маргаагүй бөгөөд гагцхүү давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгчийг ажлаас халсан шийдвэр нь үндэслэлтэй эсэхийг дүгнэх замаар тус маргааны шийдвэрлэх байсан. Анхан шатны шүүх ч ажлаас халсан шийдвэр нь үндэслэлтэй эсэхийг хянаж сахилгын зөрчил гаргасан гэх хангалттай нотлох баримт байхгүй тул нэхэмжлэгч Р.Т- намайг сахилгын зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлгүй, хариуцагчийн тайлбарлаж байгаачлан сахилгын зөрчил гаргасан гэж үзсэн ч сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш нэг сарын хугацаа өнгөрсөн тул хариуцлага тооцох үндэслэлгүй гэх дүгнэлтийг хийж нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан байдаг. Хэрэв давж заалдах шатны шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд хэргийг бүхэлд нь хянаж байгаа бол талуудын хооронд үүсэн харилцааг зөв тодорхойлж чадаагүйн улмаас алдаатай шийдвэр гаргасан гэж үзэж байна. Учир нь Р.Т- болон Говь-Алтай аймгийн Засаг дарга нарын хооронд 2016 оны 09 сарын 30-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т хөдөлмөрийн гэрээнд тусгах гол шинжүүдийг хуульчилж өгсөн бөгөөд тус хуулийн 21.3-т “Хөдөлмөрийн гэрээ байгуулах үед талууд энэ хуулийн 21.1-д заасан гэрээний гол нөхцөлийн аль нэгийг тохироогүй бол хөдөлмөрийн гэрээ байгуулсанд тооцохгүй.” гэж заасан. Иймд 2016 оны 09 сарын 30-ны өдрийн хөдөлмөрийн гэрээнд Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т заасан шинжүүд байгаа эсэхийг дүгнэсний үндсэн дээр талуудын хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан эсэхийг тогтоох боломжтой юм. Давж заалдах шатны шүүх нь талуудын маргаагүй асуудал буюу хариуцагчийн хүлээн зөвшөөрсөн асуудлаар түүний байр сууринаас өөр үнэлэлт дүгнэлт өгч, талуудын хооронд үүссэн харилцааг буруу тодорхойлж, нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулан төрийн албаны мерит зарчмыг үгүйсгэн шийдвэрлэсэн байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд хүчингүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Р.Т- нь хариуцагч Говь-Алтай аймгийн Засаг даргад холбогдуулан хэвлэлийн төлөөлөгчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах нэхэмжлэлийг гаргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Р.Т- магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргасан боловч зохигч 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулжээ. 

Эвлэрлийн гэрээнд “хариуцагч нь Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 133/ШШ2019/00346 дугаар шийдвэрийг хүлээн зөвшөөрч нэхэмжлэгчийг Говь-Алтай аймгийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорт 3.128.920 төгрөгийг олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхээр харилцан тохиролцов” гэжээ.

Эвлэрлийн гэрээнд зохигчийг төлөөлж нэхэмжлэгч Р.Т-, хариуцагч Говь-Алтай аймгийн Засаг дарга Ж.Ганбат нар гарын үсэг зурсан байх бөгөөд эвлэрлийн гэрээг эрх бүхий этгээдүүд байгуулсан гэж үзнэ.

Зохигч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд эвлэрэх эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.4-т “хяналтын журмаар гомдол гаргасны дараа зохигч эвлэрсэн, нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг зөвшөөрсөн бол анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгоно. Энэ тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй” гэж заажээ. 

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 133/ШШ2019/00346 дугаар шийдвэр, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 215/МА2020/00003 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хариуцагч нь нэхэмжлэгч Р.Т-ийг Говь-Алтай аймгийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорт 3.128.920 төгрөгийг олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхээр харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ