Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 133/ШШ2019/00346

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Янжиндулам даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

нэхэмжлэгч- Р.Т-н нэхэмжлэлтэй,

хариуцагч- Говь-Алтай аймгийн Засаг даргад холбогдох,

хэвлэлийн төлөөлөгчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Р.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.И, түүний өмгөөлөгч Ж.М /1623/, гэрч Э.Б, М.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2014 онд Улаанбатар хотод Идэр дээд сургуулийг радио телевизийн, хөтлөгч мэргэжлээр төгсөж улмаар, 2008 оноос Миний нутаг телевизэд хөтлөгчөөр, 2016 оны 10 сарын 1-ний өдрөөс Засаг даргын хэвлэл мэдээллийн ажилтнаар томилогдон ажиллаж байгаад 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс жирэмсний болон амаржсаны амралт авсан билээ. Гэтэл миний жирэмсний амралт дуусааг/й байхад Засаг дарга намайг орон нутагт томоохон бүтээн байгуулалтын ажлууд эхлэж байгаа тул түр ажилдаа эргээд орж ажиллаач гэсэн хүсэлтийн дагуу ажилдаа түр томилогдон ажиллаж байгаад 2019 оны 6 сарын 16-ны өдөр Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Б.Ат жирэмсний болон амаржсаны амралтаа үргэлжлүүлэн эдлэх тухай хүсэлтээ өгсөн боловч за болно гэж аваад уг хүсэлтийг шийдвэрлээгүй улмаар мэргэжилтэндээ өгсөн гэх боловч уг мэргэжилтэн нь аваагүй гэх мэтээр хариуцлагагүй хандаж байна.

Миний тухайд өмнө нь энэ ажлыг хийж байсан учир ямар нэгэн татгалзах зүйлгүйгээр хүсэлтийг хүлээж авсан. Ингээд 2019 ны 04 дүгээр сарын 20-нд ажилдаа орж ажилласан. Тухайн үеийн тамгын газрын дарга байсан Б, одоо нийгмийн бодлогын хэлтсийн дарга  тухайн үед Засаг даргын тамгын газрын төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга байсан А нарт буцаад амрах хүсэлтээ бичгээр өгсөн. Тухайн өдөр хүсэлтээ бичгээр А даргад өгсөн. Хүсэлтийг хүлээж авлаа чи амарч болно гэж үгээр илэрхийлсэн. Намайг амарч байхад буюу 06 дугаар сарын 20-ны үед хүний нөөцийн мэргэжилтэн И над руу утсаар залгаж өөрийг чинь ажлаас чөлөөлсөн ирж танилц гэсэн. Миний тухайд хөдөө амарч байгаа тул танилцах боломжгүй байна утсаар танилцуулчих гэхэд зөрчилүүдийг сонсоод үүнтэй санал нийлэхгүй байна, би хэлтсийн даргад амралтаа сунгуулах хүсэлтээ өгсөн гэдгээ хэлсэн. Тэгэхэд хүний нөөцийн мэргэжилтэн дээр ирэх ёстой. Гэтэл ямар нэгэн бичиг одоогоор ирээгүй байна гэсэн. Тухайн орой яаралтай хөдөөнөөс ирээд маргааш нь А даргатай уулзаад би танд хүсэлтээ бичгээр өгсөн. Тэгэхэд хүний нөөцөөс над руу ингэж залгасан гэж хэлэхэд би чиний хүсэлтийг хүний нөөцийн мэргэжилтэн И-д өгсөн. Хүсэлтийг чинь харгалзаж үзэлгүйгээр 3 хоногийн дараа халах тушаал гаргасан гэж А дарга өрөөндөө хэлсэн. Төрийн албанд хүний нөөцийн ажилтан И, төрийн удирдлагын хэлтсийн дарга А нар ямар ч хариуцлагагүйгээр, гудамжинд ярьсан яриа мэт хандсанд маш их гомдолтой байна. Ажлаас халсантай холбоотой маргааш нь Миний нутаг телевиз дээр очиход өнөөдрийн шүүх хуралд гэрчээр дуудаж оролцуулж байгаа М.Ж бусад ажилчидтай уулзаад сууж байхад хуурамч өргөдлийн талаар мэдсэн. Би 04 сарын 20-ны өдөр буцаж ажилдаа томилогдож орохдоо Засаг даргыг гуйсны үндсэн дээрээс өргөдөл бичиж өгсөн. Өргөдлийг Миний нутаг телевиз дээр Ж-аар өөрөө хажууд нь зогсож байгаад бичүүлсэн байдаг. Түр ажилдаа орох хүсэлттэй байна өргөдөл хүлээж авна уу гээд өргөдөл бичиж өгсөн. Өргөдөл өгсний маргааш тухайн үеийн хүний нөөцийн мэргэжилтэн байсан И-той тааралдсан. Эгчийнхээ өргөдлийг авсан уу? эгч нь түр ажилдаа эргэж орохоор болсон гэхэд тэгсэн таны өргөдлийг Ж-аас авсан гэж хариулсан. Тэгээд миний нутаг телевиз дээр очиход И эгч таны өргөдлийг шинэчлээд аваад явсан гэхээр нь М.Ж-аас тодруулж асуухад Ж өчигдөр намайг гадуур явж байхад И гээд хүний нөөцийн мэргэжилтэн удаа дараа залгаад эгчдээ тус болоод Төөгий эгчийн өргөдлийг бичээд өгөөч, Төөгий эгчид өөрт нь хэлчихсэн гэж хэлсэн байсан. Би өмнө нь хүсэлтээ Засаг даргын Тамгын газар гэсэн толгойтой бичүүлсэн. Тухайн үед Говь-Алтай аймгийн Засаг даргаар В.Р томилогдон ажиллаж байсан. Тэгэхэд Говь-Алтай аймгийн Засаг дарга Гд гэж бичүүлсэн. Толгойноос эхлэн хууран мэхлэх ажиллагаа эхэлсэн гэж харж байгаа. Г-д гэж Төөгий эгч бичүүлээгүй гэж Ж хэлэхэд хамаагүй тэгээд биччих өөрчлөөд биччиж болдог гэж хэлсэн байгаа юм. Хэргийн материалд хуурамч өргөдөл хавсаргасан байгаа. Хуурамч өргөдөлд ажилдаа орох хүсэлтээ илэрхийлсэн байдлаар бичсэн байгаа. Өмнөх өргөдөл дээр түр хугацаагаар ороод ажиллана гэж би М.Ж-д хэлж бичүүлсэн. Төрийн захиргааны байгууллага байж хувийн байгууллагын ажилтнаар хуурамч өргөдөл бичүүлэх нь хуульд нийцдэг юм болов уу? гэж миний тухайд гомдолтой байна.

Нөгөө өргөдлөө И нь Ж-аас авахдаа эгчийн дүү нугалаад үнгэлээд хуучин юм шиг болгоод өгөөрэй гэж хэлсэн байсан. Тэгээд миний нутаг дээр ирж өргөдөл авахдаа найруулагч Х-тай тааралдахдаа зугтаад явсан байсан. Миний өгсөн өргөдлийг И, И хоёр алга болгоод намайг ажлаас халахын тулд шинээр хуурамч өргөдөл бичүүлж авсан гэж хардах сэтгэл төрөөд байгаа. Ж-аас өргөдөл авахдаа чи эгчдээ маш их тус хүргэлээ гэж хэлсэн байсан. Гэрээнд заасанчлан 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүртэл ажиллах хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Би Г гэдэг хүнтэй гэрээ байгуулж ажилд ороогүй. Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын дарга Б гарын үсэг зурж баталгаажуулсан гэрээ байгаа. Засаг дарга Г ажлыг дуусгавар боллоо гэж хэлээд миний ажлыг дуусгавар болгосныг хуульд нийцсэн гэж үзэхгүй байгаа. Учир нь би Г гэдэг хүний хувийн ажилд үйлчилж байсан хүн биш намайг ямар ч үндэслэлгүйгээр ажлаас халсан. Р гэдэг хүн надтай нэг өдөр ч ажиллаж үзээгүй. Г, Р гэдэг хүмүүсийн хувийн өс хонзонгийн үүднээс хууль зөрчиж намайг халсан гэж үзэж байна.

Гэрчийн гаргаж өгсөн нэмэлт мэдээлэл дээр ажлаа хийдэггүй, тайлангаа өгдөггүй гэж бичсэн байсан. Би үүнтэй санал нийлэхгүй байна. Төрийн албан хаагчид өглөө 9 цагаас орой 18 цаг хүртэл ажлаа хийж байгаад тараад явдаг. Миний тухайд хэвлэл мэдээллийн ажилтан учир олны нүдэн дээр ил байдаг. Тухайн үеийн ажлын тайлангаа төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга байсан Т.А даргад удаа дараа гаргаж өгч байсан. Ямар нэгэн баталгаагүй намайг гүтгэж байна. Би сиди, флашин дээр 2017 оноос хойш Засаг дарга болон засаг даргын тамгын газартай холбоотой миний хийсэн ажлууд тайлангаараа байдаг. 4-6 сарын тайланг видео бичлэгээр авчирсэн байгаа. Намайг Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч болоход Засаг даргын тамгын газар гэсэн пэйж 2200 хүний дагагчтай байхад намайг ажлаас халагдах үед 5700 хүний дагагчтай болсон. Тэр хуудсанд орсон мэдээллийг харахад ажил үүргээ гүйцэтгэж явахдаа төв суурин хөдөө орон нутаг гэлтгүй явж байсан нь он сар өдөртэйгөө байгаа. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3 ба түүнээс дээш өдөр ажил тасалсан гэдэг нь зөвхөн цаг бүртгэлд хуруу дараагүйг хэлээд байгаа юм уу? гэдгийг ойлгохгүй байна. Би ажил үүргээ гүйцэтгээд явж байсан. Ажил үүргээ гүйцэтгэхгүй байсан бол тухайн үедээ хариуцлага тооцохгүй яасан юм, үүнийг ямар ч үндэслэлгүй дүгнэлт гэж үзэж байна. Говь-Алтай аймгийн Засаг дарга, засаг даргын тамгын газар харьяа хэлтсийн ажил үүрэг хөдөө орон нутагт ихэвчлэн явагддаг. Хэвлэлийн төлөөлөгчийг хамт яв гэж хэлдэг. Би ажил үүргээ багадаа 10 хоног ихдээ 1 сарын хугацаанд хөдөө орон нутагт гүйцэтгэдэг. Надад Засаг даргын тамгын газарт өрөө тасалгаа байдаггүй. Тамгын газар гэрээ байгуулахдаа 2 өдөр очиж  цагаа бүртгүүлж байгаарай гэж хэлж байсан. Түүнээс өдөр бүр цагаа бүртгүүлж байгаарай гэж тухайн үеийн тамгын газрын дарга Б хэлж байгаагүй. Засаг даргын тамгын газрын ажилтнуудын дотоод групп байдаг. Тухайн групп дээр цаг бүртгэлийн ажилтан Бямбаа цаг бүртгэл тасалсан ажилтныг байнга тайлагнадаг. Гэтэл яагаад намайг өнөөдрийг хүртэл тасалсан ажилтнуудын тоонд оруулаагүй энэ талаар тайлагнаж байгаагүйг гайхаж байна. Хуруу дараагүйгээр намайг ажлаа хийгээгүй гэж үзэж байгаа юм уу. Хөдөө ажиллаж байсантай холбоотойгоор Говь-Алтай аймгийн Засаг дарга байсан Г, засаг даргын тамгын газрын дарга Бд ажил үүргээ танилцуулаад гардаг байсан. Тухайн үед жолооч хийж байсан Төмөрбаатар гэрчилнэ. Төрийн албан хаагч шиг цаганд баригдаж ажилладаггүй байсан. Шаардлагатай гэвэл эдгээр гэрч нарыг гэрчээр оролцуулахад бэлэн байна. Ажиллаж байх хугацаанд надад нэг ч илүү цагийн мөнгө өгсөн зүйл байхгүй, надад амралтын өдөр байдаггүй, байнгын ажилтай байдаг байсан.

Хэрэгт шинээр гаргаж өгсөн сэтгүүлийг өөрийн биеэр эрхэлж гаргасан. Эх бэлтгэлийн компани эх бэлтгэгчийг гэрчээр оролцуулсан ч бэлэн байна. Хянан тохиолдуулсан Засаг даргын тамгын газрын дарга Б-г гэрчээр оролцуулж болно. Тухайн үед хэвлэл мэдээллийн ажилтан байсан Бямбаа гэдэг хүн хэвлэл мэдээллийн ажлаа хийдэггүй байсан. Би Говь-Алтай аймгийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч нэртэй Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын хэвлэлийн ажлыг ганцаараа нуруун дээрээ үүрч байсан. Хэвлэлийн эх бэлтгэх гээд байна гээд Засаг даргын тамгын газрын 2 давхарт хүрээд ир гэхэд Б гээд засаг даргын тамгын газрын жолооч, Б дарга хоёр Б-г дамжилдаж орж ирж суулгаад тэгэхэд М мэргэжилтэн байсан. Хэдэн зураг хэрэгтэй байна гэхэд надад зураг байхгүй би найз нөхөдтэйгөө ууж идмээр байна гэж хэлээд буцаад гараад явж байсан. Засаг даргын 3 жилийн ажил тухайн сэтгүүлд багтсан. Видео бичлэг дээр миний ажилласан 2 сарын ажлын тайлан байгаа. Төрийн ажил явуулж байгаа хүмүүс төрийн алба залгамж халаатай байдаг. Хүнийг гүтгэн доромжлох үйлдэлд үнэхээр гомдолтой байна. Яагаад А дарга би хүсэлтийг чинь хүлээж аваагүй 70481111 дугаарт санал гомдол аваагүй гэж хэлэх болов. Эдгээр хүмүүст бол хүн гэж хэлэх зүйл үлдээгүй гэдгийг хэлмээр байна. Миний хувьд үнэхээр гомдолтой байна. Говь-Алтай аймгийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгчөөр томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах  хүсэлттэй байна. Бичгээр гаргасан шаардлагаа бүрэн дэмжиж байна гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус аймгийн засаг даргын хэвлэл мэдээллийн ажилтнаар ажиллаж байсан Т нь Аймгийн Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн Б/33 дугаар захирамжаар нэхэмжлэлтэй холбогдуулан гаргасан шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Төрийн албаны тухай хуулийн дагуу улс төрийн албан хаагчийг бүрэн эрхийнх нь хугацаанд зөвхөн өөрт нь үйлчлэх хэвлэл мэдээллийн ажилтнаар Р.Т нь 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б83 дугаар захирамжаар томилогдсон байдаг. 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Б69 дүгээр захирамжаар жирэмсэн болон амаржсаны амралт авсан. Мөн өөрийнх нь гаргасан хүсэлтийн дагуу Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсгийн дагуу 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн Б22 дугаар захирамжаар үүрэгт ажилд нь томилсон байгаа. Томилохдоо Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.10 дахь хэсэгт зааснаар улс төрийн албан тушаалтны бүрэн эрхийн хугацаанд зөвхөн өөрт нь үйлчлэх орон тооны зөвлөх, туслах, хэвлэл мэдээллийн ажилтан гэсэн заалтын дагуу томилогдсон.

Аймгийн Засаг дарга Г бүрэн эрхийн хугацаанаас өмнө буюу Монгол Улсын ерөнхий сайдын 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 68 дугаар захирамжаар үүрэгт ажлаас халагдсан. Энэ хүнийг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасан ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчил давтан гаргасан эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэсэн заалтын дагуу чөлөөлсөн. Хөдөлмөрийн гэрээг Р.Т нь 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр тухайн үед тамгын газрын дарга байсан Бтэй байгуулсан. Хөдөлмөрийн гэрээний 4.2.3б тусгагдсанаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3 ба түүнээс дээш өдөр ажил тасалсан гэсэн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзэж байгаа. Үүнийг өөрийнхөө тайлбараар нотоллоо гэж үзэж байна.

Тэрээр би Б болон А дарга нарт хүсэлт өгсөн. Нөгөө хүмүүс хүсэлтийг хүлээж авсан гэж үгээр буюу амаар илэрхийлсэн. Ямар нэгэн байдлаар шийдвэр гараагүй байхад ажил таслан хөдөө явсан гэдгээ өөрөө нотолж байна гэж үзэж байна. Ямар нэгэн байдлаар чөлөөний хуудас, албан томилолт авалгүйгээр Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч гэдэг албан тушаалаа ашиглаж төрийн байгууллагад ажилладаг ажлын цаг, хууль дүрэм зөрчиж явсан гэж үзэж байна. Төрийн байгууллагуудад цаг бүртгэлийн систем нэвтэрснээс хойш төрийн албанд ажиллаж байгаа гэрээт болон жинхэнэ албан хаагчид бүгд төрөөс цалин авч байгаа албан хаагчид нүдний харцаар болон хурууны хээгээр бүртгүүлдэг. Энэ нь Р.Ттэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 1 дүгээр зүйлийн 1.5 дахь хэсэгт 7 хоногийн ажлын цаг 40 хүртэл байна гэж зааж өгсөн байгаа.

Хөдөлмөрийн гэрээг гэрээт ажилтнуудтай байгуулаад явдаг. 2019 оны 04 сарын 20-ноос 2019 оны 06 сарын 19-ний өдрийг хүртэл цаг бүртгэлийн системд нэг ч удаа бүртгүүлээгүй. Ямар албан томилолт, чөлөө аваагүй байгаа. Аймгийн тамгын газар бол төрийн байгууллага өөрийн ажиллах тодорхой чиг шугамтай байдаг. Мөн тодорхой асуудлыг хариуцсан мэргэжилтэн байдаг. Аймгийн тамгын газарт ирж байгаа өргөдлийг төрийн үйлчилгээний нэгдсэн төв дээр өргөдөл гомдол хариуцсан ажилтан бүртгэж аваад холбогдох хүмүүст нь цаасаар болон программаар өгдөг байгаа. Үүнийг Р.Т 2016 оноос хойш аймгийн тамгын газарт ажиллаж байгаагийн хувьд бүрэн мэдэж байгаа.  Гэтэл А даргад өгсөн өргөдөл нь бүртгэлд бүртгэгдээгүй, тэр өргөдлийг би аваагүй. Анх ажилд томилсон өргөдлийг Ид өгөхдөө өөрөө бичиж өгөөгүй. Анхнаасаа Ж-аар бичүүлсэн байдаг. Иймээс өөрийнх нь гаргасан хүсэлтийн дагуу ажилд томилсон болохоос гэртээ хүүхдээ харж байгаа хүнийг чи төрийн ажил хий гэж хүчээр шахах ёс зүй хуулийн үндэслэл байхгүй. Зөвхөн өөрийн гаргасан хүсэлтийн дагуу ажилд томилсон байгаа. Шинээр нотлох баримтаар өгсөн сэтгүүлтэй холбоотой тайлбар хэлэхэд 2017-2019 оны аймгийн хэмжээнд хийж гүйцэтгэсэн ажлын тайлан байгаа. Үүнд аймгийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, албад, хэлтсүүд, аймгийн тамгын газар, аймгийн тамгын газар бодлого хариуцсан мэргэжилтнүүд гэж байгаа. Доторх текстүүдийг хэвлэлийн ажилтан өөрөө хийж гүйцэтгэх ямар ч боломжгүй. Тухайн текстүүдийг тухайн асуудал хариуцсан агентлагууд нь аймгийн тамгын газар хийсэн ажлаа, зурагтайгаа товч бөгөөд тодорхой судалгаатай ирүүлдэг. Үүнийг салбар хариуцсан мэргэжилтнүүд хянаад сайжруулаад хэлтсийн дарга, тамгын газрын даргаар хянуулаад хамгийн сүүлд сэтгүүл яаж гарах вэ гэдэг ажлыг хяналт шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын хэлтсийн мэргэжилтэн Буянтөгс, нийгмийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн Э.Б гэдэг хүмүүс 7-10 хоног өдөр шөнөгүй сууж байж сэтгүүлийн эх бэлтгэлийг гаргаж өгсөн байдаг. Р.Т магадгүй хэвлэлийн компанитай холбосон байх. Манай мэргэжилтнүүд мөн агентлагуудын хийсэн ажлыг дамжуулагчийн ажил хийсэн гэж үзэж байна. Тухайн тайланг хийсэн гэж үзэхгүй байна. Хүний нэр төрд ямар ч үндэслэлгүйгээр халдаж байна. Үндэслэлгүйгээр хүний нэр төрд болон төрийн байгууллагын нэр төрд халдахгүй байхыг хүсч байна. Иймээс Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн Б33 дугаар захирамж нь хууль тогтоомжид нийцсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсч байна гэв.

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Р.Т нь хариуцагч Говь-Алтай аймгийн Засаг даргад холбогдуулан хэвлэл мэдээллийн мэргэжилтэний ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ /хх-1-2/.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хөдөлмөрийн гэрээнд тусгасан ноцтой зөрчил болох ажил тасалсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж мэтгэлцэж, маргасан.

Говь-Алтай аймгийн Засаг дарга нь 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн Б/33 тоот захирамжинд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.10, хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 38 дугаар зүйлийн 38.1.2, хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.3-ын б заалтыг тус тус үндэслэн аймгийн засаг дарга С.Г бүрэн эрхийн хугацаанаасаа өмнө огцорсон, хөдөлмөрийн гэрээнд тусгагдсан ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Р.Т-ийг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ /хх-10/.

Нэхэмжлэгч Р.Т нь 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс Говь-Алтай аймгийн Засаг даргын хэвлэл мэдээллийн ажилтнаар ажилд орж 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдөр ажлаас халагдсан болох нь Говь-Алтай аймгийн Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/83, 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Б/69, 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн Б/22, 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн Б/33 тоот захирамжууд /хх-7, 8, 9, 10/ болон хөдөлмөрийн гэрээ /хх-14-17, 36-39, 45-48/, 0023648 дугаартай үндсэн ажлаас гадуур гүйцэтгэсэн ажил, үйлчилгээний орлогоос төлсөн шимтгэлийг бүртгэх дэвтрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-18-19/, нягтлан бодогч Н.Н гэж гарын үсэг зурсан тодорхойлолт /хх-67/ зэрэг баримтуудаар нотлогдож байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргахаар заасан.

Нэхэмжлэгч Р.Т-ийг ажлаас чөлөөлсөн 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн Б/33 тоот захирамжийг ажил олгогчоос нэхэмжлэгчид хэзээ гардуулсан болон танилцуулсан болохыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч мэдэхгүй гэж тайлбарлан хөөн хэлэлцэх хугацааны талаар маргаагүй бөгөөд хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Р.Т-ийн 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдөр гаргасан нэхэмжлэлийг тус шүүхийн шүүгчийн 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 133/ШЗ2019/01034 дүгээр захирамжаар хүлээн авахаас татгалзсан байх боловч /хх-3-5/ нэхэмжлэгч Р.Т нь ажилд эгүүлэн тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд дахин 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдөр гаргасан /хх-1-р хуудас арын хуудас/ байх тул нэхэмжлэгчийг хуульд заасан хугацаанд шүүхэд гомдлоо гаргасан гэж үзэхээр байна.

Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3-т зааснаар хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн тохиолдолд шүүх уг хугацааг сэргээн тогтоож, хэргийг хянан шийдвэрлэж болно.

Нэхэмжлэгч Р.Т нь ажил олгогчийн санаачилгаар ажлаас халагдсан явдлыг үндэслэлгүй гэж үзэж, 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэл гаргасан байх боловч нэхэмжлэлийн шаардлагаа аймгийн Засаг дарга В.Р, аймгийн Засаг даргын тамгын газар гэж тодорхойлсныг шүүх 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 133/ШЗ2019/01034 дугаар захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байх ба захирамжийн үндэслэлд нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй буюу хариуцагчаар хэнийг оролцуулах гэж байгаа нь ойлгомжгүй гэж заажээ /хх-ийн 4 дүгээр тал/.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ажлаас халагдсан үйл баримтыг зааж, ажлаас үндэслэлгүй халагдсан тухайгаа дэлгэрэнгүй тусгаж, жирэмсний болон амаржсаны амралтаа үргэлжлүүэн авах тухай хүсэлтээ бичгээр өгсөн боловч алга болгосон, мэргэжилтэн аваагүй мэтээр хамт ажилладаг сэтгүүлчээр миний өмнөөс өргөдөл бичүүлж авсан талаар дурджээ.

Ажлаас үндэслэлгүй халагдсан тухай нэхэмжлэл нь ажил олгогчийн гаргасан актыг эс зөвшөөрч гаргасан гомдолд хариуцагчаа зөв тодорхойлоогүй байх нь хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болохоос бус нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл болохгүй.

Шүүгчийн захирамжийн үндэслэл болсон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухайхуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-д “энэ хуулийн 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй байвал” нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана гэж, хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-т “хариуцагчийн овог, эцгийн нэр, нэр, хаяг, хуулийн этгээд бол оноосон нэр, хаяг, оршин байгаа газар”-ыг тусгана гэж зааснаас үзвэл тухайн байгууллагыг төлөөлөх иргэний нэр нь зөвхөн тухайн байгууллагын төлөөлөгчийг тодорхойлох бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа тодорхой болгох, өөрчлөх, нэмэгдүүлэх, багасгах, хариуцагчийг солих зэрэг хэргийн оролцогчийн эдлэх боломжтой эрхийг хязгаарласнаар хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн эрх зүйн маргааныг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд мэдүүлэх эрхийн хөөн хэлэлцэх хугацааг алдагдуулахад хүргэсэн гэж үзэхээр байна.

Нэхэмжлэгч Р.Т анх шүүхэд гаргасан нэхэмжлэлд хариуцагчийг ойлгомжгүй тодорхойлсон гэх үндэслэлээр шүүх түүний нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсаны дараа нэхэмжлэлээ өөрчилж, хариуцагчаа тодорхойлон шүүхэд дахин нэхэмжлэл гаргах зэргээр хугацаа алдсан байх тул хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийг хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн гэж үзэж, уг хугацааг сэргээн тогтоож, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Нэхэмжлэгч Р.Т-ийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс жирэмсний болон амаржсаны амралтаа авч, 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүүхэд төрүүлсэн, аймгийн засаг дарга Г бүтээн байгууллалтын ажил явагдаж байгаатай холбогдуулан түр хугацаагаар ажилдаа орох хүсэлт гаргасныг хүлээн авч түр хугацаагаар ажилдаа орж ажилласан, үргэлжлүүлэн амаржсаны амралтаа авах хүсэлт гаргасан гэх үйл баримтын талаар хариуцагч тал үгүйсгэж маргаагүй.

Талуудын маргааны зүйл нь нэхэмжлэгч амаржсаны амралтаа үргэлжлүүлэн авах хүсэлтийг бичгээр гаргахад тамгын газрын дарга хүсэлтийг хүлээн авсан талаар амаар хэлсэн тул үргэлжлүүлэн амаржсаны амралтаа авсан гэх тайлбарыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч үгүйсгэж, Р.Т-ийн өргөдөл хүсэлт нэгдсэн мэдээллийн төвд бүртгэгдээгүй, миний оронд түр ажиллаж байсан Ичинхорлоод өгсөн өргөдлийг өөрөө бичээгүй Ж- гэдэг хүнээр бичүүлсэн байдаг, засаг даргын хэвлэлийн төлөөлөгч нь улс төрийн албан тушаалтанд зөвхөн өөрт нь үйлчилдэг тул аймгийн Засаг дарга Г нь 2019-06-06-ны өдрийн 68 дугаар захирамжаар огцорсон, нэхэмжлэгчид албан томилолт, чөлөө олгоогүй байхад ажил тасласан тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбарыг гаргаж маргасан.

1. Ажил олгогч Говь-Алтай аймгийн Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн Б/33 тоот захирамжаар нэхэмжлэгч Р.Т-ийг засаг даргын хэвлэлийн төлөөлөгчийн ажлаас чөлөөлөхдөө Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасан Засаг дарга эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана гэснийг,

Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.10-т заасан улс төрийн албан тушаалтны бүрэн эрхийн хугацаанд зөвхөн өөрт нь үйлчлэх орон тооны зөвлөх, туслах, хэвлэл мэдээллийн ажилтны албан тушаал хамаарна гэснийг,

Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8-д заасан  хөдөлмөрийн гэрээг ажилтны буюу ажил олгогчийн санаачилгаар дуусгавар болгох үндэслэлийг, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан, хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2-т заасан ажил олгогч санаачилсан гэснийг тус тус үндэслэжээ.

Дээрх захирамжийн үндэслэлийг аймгийн Засаг дарга С.Г бүрэн эрхийн хугацаанаасаа өмнө огцорсон гэж тодорхойлсон. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл нэхэмжлэгч Р.Тийг аймгийн засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/83 тоот захирамжаар засаг даргын хэвлэл мэдээллийн ажилтанаар томилсон /хх-7/ байна.

Тухайн үед дагаж мөрдөж байсан Төрийн албаны тухай /2002/ хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.14-т улсын төрийн албан тушаалд ...бүрэн эрхийнх нь хугацаанд өөрт нь үйлчлэх орон тооны ...хэвлэл мэдээллийн ажилтны албан тушаал хамаарна гэж,

хуулийн 6.4-т Улс төрийн албан тушаалтан хуульд заасан үндэслэлээр уг албан тушаалаас өөрчлөгдвөл энэ зүйлийн 6.1.14-т заасан ажилтан чөлөөлөгдөнө. Гэхдээ шинээр сонгогдсон буюу томилогдсон төрийн улс төрийн албан тушаалтан хүсвэл уг ажилтныг өөрт нь үйлчлэх орон тооны ажилтнаар үргэлжлүүлэн ажиллуулж болно гэж тус тус заасан.

Гэтэл 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлд Төрийн улс төрийн албан тушаалын талаар 11.1.10-д улс төрийн албан тушаалтны бүрэн эрхийн хугацаанд зөвхөн өөрт нь үйлчлэх орон тооны хэвлэл мэдээллийн ажилтны албан тушаал төрийн улс төрийн албан тушаалд хамаарна гэж,

11.3-т улс төрийн албан хаагчийн бүрэн эрхийн хугацаанд зөвхөн өөрт нь үйлчлэх орон тооны зөвлөх, туслах, хэвлэл мэдээллийн ажилтан нь тухайн албан тушаалтанд шууд захирагдах боловч төрийн албан хаагчийн хувьд тухайн байгууллагад харьяалагдана гэж заасан.

Харин төрийн албан хаагч гэдгийг Төрийн албаны тухай /2017/ хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т төрийн албан тушаалыг эрхэлж, эрх, үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг ойлгоно гэж заасан.

Дээрх хуулийн зохицуулалтаар нэхэмжлэгч Р.Т нь аймгийн засаг даргын бүрэн эрхийн хугацаанд зөвхөн өөрт нь үйлчлэх орон тооны хэвлэл мэдээллийн ажилтан буюу төрийн улсын төрийн албан тушаалд хамаарч байгаа тул төрийн албан хаагч байх бөгөөд уг албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой Төрийн албаны хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулахаар дээрх хуулийн 4.4-т заажээ.

Үүнээс үзвэл улс төрийн албан тушаалтны бүрэн  эрхийн хугацаанд зөвхөн өөрт нь үйлчлэх хэвлэл мэдээллийн ажилтны албан тушаал нь төрийн улс төрийн албан тушаалд хамаарч байх бөгөөд шинэчлэн батлагдсан Төрийн албаны тухай хуульд улс төрийн албан тушаалтан уг албан тушаалаас өөрчлөгдвөл зөвхөн өөрт нь үйлчлэх орон тооны хэвлэл мэдээллийн ажилтан төрийн албан хаагчийн ажлаас чөлөөлөгдөх эсэх талаар зохицуулаагүй байхад аймгийн засаг дарга С.Г бүрэн эрхийн хугацаанаасаа өмнө огцорсон нь хэвлэл мэдээллийн ажилтан Р.Т-ийг ажлаас чөлөөлөх үндэслэл болохгүй.

Түүнчлэн нэхэмжлэгчийг аймгийн засаг даргын хэвлэл мэдээллийн ажилтан гэж ажилд томилсон, Төрийн албаны тухай хуульд хэвлэл мэдээллийн ажилтан гэж албан тушаалыг нэрлэн заасан байхад ажил олгогчийн 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн Б/33 тоот захирамжид засаг даргын хэвлэлийн төлөөлөгч гэж дурдсан нь нэхэмжлэгчийн томилогдсон албан тушаалын нэр зөрүүтэй төдийгүй хөдөлмөрийн гэрээний 1.8-д ажлын байрыг орон тооны бус гэж ажлын байр гэж тусгасан байх бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д ...хэвлэл мэдээллийн ажилтаны албан тушаалыг орон тооны гэж тодорхойлон заасан.  

Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын дарга 2017-11-16-ны өдрийн Б/56 тоот тушаалаар ажлын байрны нэр, чиг үүргийг шинэчлэн баталсан /хх-70/ байх бөгөөд хавсралтад дурдсан ажлын байрны жагсаалтад төрийн бус байгууллагууд, хэвлэл мэдээлэл, мэдээллийн технологийн бодлого хариуцсан мэргэжилтэн гэх ажлын байрны нэр дурдсан /хх-76/ ба хэвлэл мэдээллийн ажилтан гэх албан тушаал дурдагдаагүй, нэхэмжлэгчид ажлын байрын тодорхойлолт гаргаж танилцуулсан эсэх талаарх баримт хэрэгт нотлох баримтаар авагдаагүй.

2. Ажил олгогч хөдөлмөрийн гэрээнд тусгасан ноцтой зөрчил гаргасан гэж ажилтаныг ажлаас чөлөөлсөн үндэслэлийг мөн тодорхойлсон. Хөдөлмөрийн гэрээг ажилтан эсхүл ажил олгогчийн хэний санаачлагаар цуцлах тохиолдлыг Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлд зохицуулсан бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлийг мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-ээр зохицуулсан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т ...хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэдэгт ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг буй болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдэл байна гэж ойлгох бөгөөд гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байх шаардлагатай.

Тиймээс ажил олгогчоос гаргасан дүрэм, журам, зааварт тусгагдсан ажлын байрны тогтоосон горим, журмыг ажилтан ноцтой байдлаар зөрчсөн ч тухайн актыг хөдөлмөрийн гэрээтэй адилтган үзэх боломжгүй, харин дээрх дүрэм, журам, зааврын зарим заалтыг зөрчвөл ноцтой зөрчилд тооцохоор хөдөлмөрийн гэрээнд заасныг адилтган үзэж болно.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл ажил олгогч, ажилтан хоёрын хооронд 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан байх бөгөөд албан тушаалыг хэвлэл мэдээллийн ажилтан гэж, гүйцэтгэх үндсэн үүргийг төвийн болон орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, аймгийн цахим хуудсаар дамжуулан аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийг иргэд олон нийтэд хүргэх, мэдээлэх, сурталчлах гэж тодорхойлсон байх бөгөөд уг гэрээний хугацааг 2017-10-02-ны өдрөөс 2020-10-02-ны өдрийг хүртэлх хугацаагаар сунгасан байна /хх-14-17, 36-39, 45-48/.

Зохигчдын хооронд үүссэн хөдөлмөрийн эрх зүйн маргаантай харилцаанд хөдөлмөрийн сахилгын давтан зөрчил үүсээгүй, хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гарсан эсэх үйл баримт, зохигчдын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээнд нэхэмжлэгч Р.Т чөлөө зөвшөөрөлгүй ажил тасалсан гэх үйлдэл нь ноцтой зөрчилд тооцогдохоор тусгагдсан эсэх нь ажил олгогчийн шийдвэрийн үндэслэлийг тодорхойлно. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч хөдөлмөрийн гэрээнд заасан дээрх сахилгын ноцтой зөрчил гаргасан эсэх, уг зөрчил нь хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах үндэслэл болохоор хөдөлмөрийн гэрээнд тусгагдсан эсэх нь маргааныг шийдвэрлэх үндэслэл болно.

Зохигчдын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 4.2.3-т хөдөлмөрийн харилцааг шууд цуцлах ноцтой зөрчлийн 4 тохиолдлыг, б-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3 ба түүнээс дээш өдрийн хугацаагаар ажил таслахыг ноцтой зөрчилд тооцохоор заажээ /хх-47/.

Нэхэмжлэгч Р.Т-ийг 2018-11-19-ний өдрөөс жирэмсний болон амаржсаны амралтыг Б/69 тоот захирамжаар олгосон байх бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасныг үндэслэн өөрийнх нь гаргасан хүсэлтийн дагуу гэж нэхэмжлэгчийг 2019-4-29-ний өдрийн Б/22 тоот захирамжаар хэвлэлийн төлөөлөгчийн ажилд томилсон байх боловч хэргийн үйл баримтаар нэхэмжлэгч түр хугацаагаар ажилд орж ажиллах, тодорхой хугацааны дараа амаржсаны амралтаа үргэлжлүүлэн авах талаар ажил олгогчтой тохиролцсон гэх үйл баримтууд нотлогдон тогтоогдохгүй байна.

Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “хүүхэд асрах чөлөө дууссан, эсхүл дуусаагүй боловч эх эцэг өөрөө хүсвэл ажил олгогч нь түүнийг ажил, албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй” гэж заасныг үндэслэн нэхэмжлэгчийг өмнөх ажилд нь эгүүлэн томилсон аймгийн засаг даргын захирамж гарсан байх бөгөөд тамгын газрын даргатай амаржсаны амралтаа үргэлжлүүлэн авахаар ярилцаж тохиролцон хүсэлтээ бичгээр өгсөн гэх үндэслэл тайлбар нотлогдоогүй.

Түүнчлэн улс төрийн албан хаагчийн бүрэн эрхийн хугацаанд зөвхөн өөрт нь үйлчлэх хэвлэл мэдээллийн ажилтан нь төрийн улс төрийн албан тушаалд хамаарч түүнийг улс төрийн албан хаагч болох аймгийн Засаг дарга томилж, чөлөөлөхөөр байна. Харин засаг даргын тамгын газар нь аймгийн Засаг даргын ажлын алба тул тамгын газрын даргад буюу Засаг даргын ажлын албаны дарга нь улс төрийн албан хаагчид үйлчлэх орон тооны хэвлэл мэдээллийн ажилтаныг томилох, чөлөөлөх эрх хэмжээ олгогдоогүй байх тул тамгийн газрын даргад чөлөө хүссэн өргөдөл гаргаж хүсэлтээ илэрхийлсэн гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй.

Тиймээс төрийн албан хаагчийн хувьд хүссэн цаг хугацаанд ажилдаа орж ажиллаад хүссэн цаг хугацаанд чөлөө авч ажиллах талаар хуулиар зохицуулаагүй бөгөөд нэхэмжлэгч бага насны хүүхэдтэй бол амаржсаны амралтаа үргэлжлүүлэх хүсэл сонирхолтой байсан бол энэ тухайгаа аймгийн Засаг даргатай харилцан тохиролцож түүнийг ажилд эгүүлэн томилсон 2019-04-29-ний өдрийн Б/22 тоот захирамжид ямар хугацаагаар ажиллах талаар тохиролцсон талаар тусгах боломжтой.

Ажил олгогчийн төлөөлөгч хөдөлмөрийн гэрээг цуцалсан захирамжийн үндэслэлээ томилолт, чөлөө олгоогүй байхад 40 өдөр ажил тасалсан, ажлын цагаар ажилладаггүй, цаг бүртгэлийн системд бүртгүүлдэггүй гэж татгалзал тайлбараа нотлохоор албан хаагчдын цагийн мэдээ 2019-04-30-ны өдрөөс 2019-06-21-ний өдрийг дуустал гэж гаргасан хүснэгтийн 31-рт Р.Т мэргэжилтэн гээд бүртгүүлээгүй 40 гэж бичигдсэн байна /хх-44/.

Хариуцагч байгууллагын цагийн бүртгэлийн системийг хариуцдаг шүүх хуралдаанд оролцсон гэрч Э.Б нь Р.Т 4 сараас хойш 6 дугаар сар хүртэл бүртгүүлээгүй. Тамгын дарга долоо хоногт 2-3 удаа бүртгүүлж бай гэж хэлсэн гэээд долоо хоногт 2-3 удаа бүртгүүлдэг байгаад 4 дүгээр сараас хойш огт бүргүүлээгүй гэж мэдүүлсэн бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 40 гэдэг нь өдөр гэж тайлбарласан.

Гэтэл үндсэн ажлаас гадуур гүйцэтгэсэн ажил, үйлчилгээний орлогоос төлсөн шимтгэлийг бүртгэх 0023648 дугаартай дэвтрийг 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэгч Р.Тт Говь-Алтай аймгийн НДХ-ийн дарга гарын үсэг зурж олгосон /хх-18/ байх бөгөөд дэвтрийн 4-р хуудсанд 2017 оны 1-12 дугаар сар, 5-р хуудсанд 2018 оны 1-11 дүгээр сар, 6 дугаар хуудсанд 2019 оны 5, 6 дугаар саруудын гүйцэтгэсэн ажил үйлчилгээний орлого бичигдэж, бичилт хийсэн, шалгасан байцаагчийн гарын үсэг тус тус зурагдаж тэмдэг дарагдсан байна /хх-18-19/.

Ажилтан Р.Т-ийг хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр хөдөлмөрлөх явцдаа ажил тасалсан ноцтой зөрчил гаргасан, 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс хойш ажлын цагийн бүртгэлийн системд бүртгэл хийгдээгүй гэж үзсэн бол Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т заасан хугацааны дотор буюу ...зөрчлийг илрүүлснээс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл ногдуулахаар байхад хэрэгт цаг ашиглалт бүртгүүлээгүй 40 гэсэн баримт авагдсан бөгөөд нэхэмжлэгч 2019-4-30-ны өдрөөс цагийн бүртгэл хийлгээгүй, ажил тасалсан гэж ажил олгогч үзсэн бол хөдөлмөрийн гэрээний 4.2.3-ын б-д 3 ба түүнээс дээш өдрийн хугацаагаар ажил таслахыг ноцтойд тооцохоор тохирсон гэвэл ажил олгогчийн ажлаас чөлөөлсөн шийдвэр 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдөр гарсан буюу Хөдөлмөрийн тухай хуульд заасан сахилгын зөрчлийг илрүүлснээс хойших нэг сарын хугацаа өнгөрсөн байна.

Ажилтныг ажлаас халахдаа холбогдох хуулийн зохицуулалтыг зөв баримталсан шийдвэр гаргах нь ажил олгогчийн үүрэг боловч хөдөлмөрийн харилцаанд оролцогчид тухайн харилцаанд дагаж мөрдөхөөр тогтоосон хэм хэмжээг мөн биелүүлэх үүрэгтэй бөгөөд ажил олгогчийн хөдөлмөрийн гэрээнд заасан 3 ба түүнээс дээш хоног ажил тасалсан гэх, өмнөх засаг дарга хугацаанаасаа өмнө огцорсоноор нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх үндэслэл болсон гэх тайлбараа хариуцагч тал нотлоогүй болно.

Учир нь хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн үндсэн ажлаас гадуур гүйцэтгэсэн ажил, үйлчилгээний орлогоос төлсөн шимтгэлийг бүртгэх дэвтэрт 2019 оны 5, 6 дугаар сард авсан үйлчилгээний орлого бичигдэж байцаагч шалгаж баталгаажуулан тэмдэг дарсан байх тул нэхэмжлэгч Р.Т-ийг 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс ажил тасалсан гэх байдал хэргийн үйл баримтаар нотлогдон тогтоогдохгүй байна.

Түүнчлэн 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс 6 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хуанлийн ажлын хоног 38 байх бөгөөд ажил олгогчийн шийдвэр 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдөр гарсан тул энэ өдөр хүртэлх ажлын хоног 36 байхад албан хаагчдын цагийн мэдээний хоног зөрүүтэй, нэхэмжлэгчийн 4 дүгээр сарын эхээр засаг дарга утсаар холбогдсоноор ажилаа хийж байгаад ажилд томилсон захирамж 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр гарсан гэх тайлбарыг хариуцагч тал үгүйсгэж маргаагүй.

Мөн нэхэмжлэгчийг 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр ажилд томилсон захирамж гарсан боловч ажилдаа ирсэн явсан цагаа бүртгүүлээгүй буюу хөдөлмөрийн гэрээнд заасан ажил таслах ноцтой зөрчлийг гаргасан гэж байгаа бол ажил олгогч нь ямар үндэслэлээр 2019 оны 5 дугаар сард 729.998 төгрөгийг, 6 дугаар сард 871.437 төгрөгийг нэхэмжлэгчид өгсөн гэх үйл баримтыг нотлоогүй, тухайн дэвтэрт бичигдсэн мөнгөн дүнгийн орлогыг нэхэмжлэгчид өгөөгүй талаар маргаагүй болно.

Маргааны зүйл ажилтаныг ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн Б/33 тоот захирамж тул уг захирамжийн үндэслэлийн талаар шүүх дүгнэлт хийх бөгөөд хэргийн үйл баримт болон хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар нэхэмжлэгч Р.Т 2019 оны 5 болон 6 дугаар сард ажил тасалсан гэх, аймгийн засаг дарга хугацаанаасаа өмнө огцорсноор зөвхөн түүнд үйлчлэхээр томилогдсон хэвлэл мэдээллийн ажилтаныг дараагийн томилогдсон Засаг дарга ажлаас чөлөөлөх эрхтэй болох нь нотлогдон тогтоогдохгүй байх тул хариуцагч Говь-Алтай аймгийн Засаг дарга нь нэхэмжлэгч Р.Тийг үндэслэлгүйгээр ажлаас халсан гэж үзэн түүнийг аймгийн засаг даргын хэвлэл мэдээллийн ажилтаны албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговорыг хариуцагч Говь-Алтай аймгийн Засаг даргаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, үндсэн ажлаас гадуур гүйцэтгэсэн ажил, үйлчилгээний орлогоос төлсөн шимтгэлийг бүртгэх дэвтэрт зохих бичилт хийж баталгаажуулахыг хариуцагчид мөн даалгаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “энэ хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор…олгоно...” гэж, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-д “ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалингаас тооцох”-оор тус тус заасан тул ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалинг тооцохдоо 0023648 дугаартай үндсэн ажлаас гадуур гүйцэтгэсэн ажил, үйлчилгээний орлогоос төлсөн шимтгэлийг бүртгэх дэвтрийн нотариатаар батлуулсан хуулбарт бичигдсэн сүүлийн бичилт нь 2019 оны 5 дугаар сар, 2018 оны 10, 9 дүгээр саруудаас 1 сарын цалингийн дунджийг тооцох үндэслэлтэй байна.

Учир нь нэхэмжлэгчийн 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдөр ажлаас чөлөөлсөн, 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр жирэмсний болон амаржсаны амралтыг тус тус олгосон байх тул 2019 оны 5 дугаар сарын орлого 729.998 + 2018 оны 10 дугаар сарын орлого 666.695 + 9 дүгээр сарын орлого 806.633 = 2.203.326 : 3 сар = 734.442 : 21,6 = 34.010 төгрөг байх тул нэхэмжлэгч Р.Тийн ажилгүй байсан хугацааг 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдөр буюу 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх ажлын 92 өдрөөр тооцож олговорт 3.128.920 төгрөгийг Говь-Алтай аймгийн засаг даргын тамгын газраас гаргуулах үндэслэлтэй байна.

Ажил олгогчийн ажилтаны хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн Б/33 тоот захирамжийн үндэслэлийн талаар талууд маргасаны улмаас шүүхээс нэхэмжлэгчийг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон бөгөөд ажил олгогч нь ажилтаны үндсэн ажлаас гадуур гүйцэтгэсэн ажил, үйлчилгээний орлогоос төлсөн шимтгэлийг бүртгэх дэвтэрт шимтгэл төлсөн талаар бичилт хийгдсэн байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар ажил олгогч шимтгэл, хураамжийг тооцон нэхэмжлэгч Р.Т-ийн 0023648 дугаартай дээрх дэвтэрт нөхөн бичилт хийж баталгаажуулахыг хариуцагч Говь-Алтай аймгийн засаг даргын тамгын газарт даалгах нь зүйтэй.

Учир нь Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д “Аймаг, ...Засаг даргын ажлын алба нь Тамгын газар байна” гэж,

Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4.15-т аймгийн засаг даргын тамгын газрын дарга нь тухайн шатны засаг даргын тамгын газрын төсвийн шууд захирамж байна гэж тус тус заасан тул ажилтаны ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор, ажилтаны үндсэн ажлаас гадуур гүйцэтгэсэн ажил, үйлчилгээний орлогоос төлсөн шимтгэлийг бүртгэх дэвтэрт зохих бичилт хийж баталгаажуулахыг аймгийн засаг даргын ажлын алба болох тамгын газарт даалгаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.6-д зааснаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгжиж, нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргадаг тул мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.5, 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар “зохигч гагцхүү бодит үнэнд нийцсэн тайлбар гаргах, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт гаргах үүрэгтэй” тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж, татгалзаж байгаа үндэслэл, тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.3-т зааснаар нотолж, нотлох баримтаа гаргах үүрэгтэй болно.

Зохигчдын хүсэлтээр шүүх хуралдаанд оролцсон гэрч М.Ж нь нэхэмжлэгчийн хүсэлтээр болон тамгын газрын ажилтан Ичинхорлоо гэх хүний хүсэлтээр Р.Тийн өмнөөс өргөдөл бичиж И-д өгсөн талаар, Э.Б нь тамгын газрын ажилчидын цагийн бүртгэлийн системийг хариуцдаг нэхэмжлэгч Р.Т нь 2019-04-30-ны өдрөөс 6-21-ний өдрийг хүртэлх хугацаанд цагийн бүртгэлд бүртгүүлээгүй, нэхэмжлэгчийн нотлох баримтаар гаргасан онцлох ажил 2017-2019 он нэртэй сэтгүүлийн эхийг бэлтгэж тамгын газрын даргад файлаар өгсөн талаар тус тус мэдүүлсэн бөгөөд нэхэмжлэгчийн нотлох баримтаар гаргасан СД болон плашинд бичигдсэн дүрстэй бичлэгт авагдсан үйл явдлын талаарх анонс дээрх огноо нь 2019-04-21-22, 2019-04-19 гэсэн бичигтэй, бусад үйл явдал нь хэзээний гэдэг нь тодорхой бус огноогүй, тухайн дүрстэй бичлэгийг Миний нутаг телевизийн оператор авсан гэж, тухайн телевиз нь аймгийн засаг даргын тамгын газартай гэрээтэй ажилладаг болохыг зохигчид тайлбарлаж хэн аль нь маргаагүй бөгөөд нэхэмжлэгч Р.Т тухайн дүрстэй мэдээнд хөтлөгчөөр ажилласан талаар дүрс авагдсан байсан болохыг дурдах нь зүйтэй.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хуульд зааснаар хураамж төлөхөөс чөлөөлөгддөг тул хангагдсан шаардлагад ногдох хураамж 66.136 төгрөгийг хариуцагчаас гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Р.Т-г Говь-Алтай аймгийн Засаг даргын хэвлэл мэдээллийн ажилтаны албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газраас нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх 92 хоногийн нөхөн олговорт 3.128.920 /гурван сая нэг зуун хорин найман мянга есөн зуун хорин/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Р.Т-т олгосугай.

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Р.Т-ийн 0023648 дугаартай үндсэн ажлаас гадуур гүйцэтгэсэн ажил, үйлчилгээний орлогоос төлсөн шимтгэлийг бүртгэх дэвтэрт зохих бичилт хийж баталгаажуулахыг Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газарт даалгасугай.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамжид 66.136 /жаран зургаан мянга нэг зуун гучин зургаан/ төгрөгийг Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газраас гаргуулан улсын орлогод оруулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ                                              Д.ЯНЖИНДУЛАМ