Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 202/МА2020/00008

 

М.Г-н нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Сайнтөгс даргалж, шүүгч Н.Болормаа, шүүгч Н.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;

Дорноговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 136/ШШ2019/00390 дүгээр шийдвэртэй, 

Нэхэмжлэгч: М.Г-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Г.Г-д холбогдох,

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагч Г.Г-ын давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Г, хариуцагч Г.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ууганбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Миний бие 2008 онд Г.Гтой танилцаж 2013 оны 05 сарын 15-ны өдөр гэрлэлтийн 41 тоот баталгаагаар бүртгүүлж гэр бүл болсон. Бид гэр бүл байх хугацаанд 2009 оны 09 сарын 13-ны өдөр охин Г.Э төрсөн. Манай нөхөр Г.Г бид хоёр зан аашийн хувьд таарч тохирохгүй байнгын шахуу хэрүүлтэй, надад үе үе гар хүрдэг байснаас 2013 оны 2 сард, 2014 оны 5 сард тусдаа амьдарч байгаад 2014 оны 08 сард эвлэрч хамт амьдарч байгаад 2015 оны 1 сараас дахин маргалдаж энэ үеэс өдийг хүртэл 5 гаруй жил тусдаа амьдарч байна. 2015 оны 5 сард шүүхэд салах өргөдөл өгч байсан. Г.Г үр хүүхдээ бодъё, дахин ийм асуудал гаргахгүй гэхээр нь буцаж шүүхэд өргөдөл өгч эвлэрч байсан. Өргөдлөө буцаан авангуут Г.Г элдэв янзын ааш гаргаж эхэлсэн тул эргэн нэг гэрт орж амьдраагүй. 5 жил гаруй тусдаа амьдарч байгаад 2015 онд шүүхэд салах өргөдөл өгөхөд эвлэрье гэж хэлж байснаас хойш дахин хэлээгүй хэрнээ эвлэрүүлэн зуучлахад нэхэмжлэл гаргахад эвлэрье гэж хэлж байгаатай нь огт санал нийлэхгүй байна. Үнэхээр л эвлэрч үр хүүхдээ бодъё гэж бодож байсан бол 5 гаруй жилийн хугацаанд тусдаа амьдарч байх хугацаанд энэ тухайгаа хэлээгүй хэрнээ одоо ингэж хэлж байгаад нь огт итгэхгүй байна. Миний хувьд Г.Гтой эргэн нэг гэрт орж эвлэрэн амьдрах хүсэлгүй, цаашид гэр бүл байх боломжгүй тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Охиныг маань миний асрамжид үлдээж, эцэг Г.Гоос хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй болно…” гэжээ.

Хариуцагч Г.Г шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Тусдаа амьдарсан 5 жилийн хугацаанд охин маань долоо хоногийн амралтын өдрүүдэд над дээр ирдэг. Зуны амралтаар нь амралт сувилалд авч явдаг. Охин маань саяхныг хүртэл гэр бүлээрээ хамт баймаар байна, амьдармаар байна гэдэг байсан. Мөрөөдөж зурсан зургууд нь гэрт олон бий. Сүүлийн үед арай өөр болсон. Багадаа эрх дураараа байдаг байсан боловч одоо ажихад өөртөө итгэлгүй, ээжийнхээ үгнээс гарахгүй болсон. Гэр бүлийн таагүй орчин охин хүүхдийн хүмүүжил төлөвшил, ирээдүйн амьдралд нь сөрөг нөлөө үзүүлэх вий гэж санаа зовниж байна. Охин Г.Э нь хоолойн махны архагшсан үрэвсэлтэй, бөөр давсаг эмэгтэйчүүдийн өвчтэй, уушиг хатгаатай, ходоод бактертай байнга базлаж өвддөг. Цөс өтгөрөлттэй нугаларсан. Тохирсон үр дүнтэй эм эмчилгээг санаанд хүртэл хангалттай хийж чадаагүй байгаа. Хэрэв шүүхээс гэр бүл цуцлах шийдвэр гаргасан тохиолдолд охиноо би өөртөө авна. Тусдаа амьдарсан 5 жилийн хугацаанд цалингаа хурааж 57 000 000 төгрөгөөр охиндоо Улаанбаатар хотод байр худалдаж авсан. Ирэх жилүүдээс ах нь оюутан болох үед нь Улаанбаатар хотод хамт байлгаж хувийн төлбөртэй сургуульд сургахаар хувьдаа төлөвлөж байгаа. Би охин хүүхэдтэй эцэг хүний хувьд охиноо хойд эцгийн гар харуулахгүй гэсэн хатуу байх суурьтай байна.

Г.Г миний бие 2008 онд М.Гтэй танилцаж 2013 оны 05 сарын 15-ны өдөр гэрлэлтийн 41 тоот баталгаагаар бүртгүүлж гэр бүл болсон. Биднийг гэр бүл байх хугацаанд буюу 2009 оны 09 сарын 13-ны өдөр охин Г.Э төрсөн. Охин Г.Эийг цэцэрлэгт хүмүүжиж 6 настай сургуульд элсэх хүртэл бид нэг гэрт амьдарсан. М.Гийн гаргаж тавьсан асуудлыг эсэргүүцэж няцаах зүйлгүй. Сая 8 сард болсон эвлэрүүлэн зуучлалын анхны уулзалтаар гэр бүл цуцлах нь зүйтэй гэсэн дүгнэлт шууд гарсан. Шүүхийн байгууллагад хандаж ганц сарын эцсийн эвлэрэх хугацаа өгнө үү гэж хүсэлт гаргаж байна. Эргэж эвлэрч охиноо элэг бүтэн орчинд өсгөхсөн гэж ямагт бодож хүсэж явдаг. М.Гт ингэж хэлэх бүрт эрс няцаасан хариу сонсдог байсан болохоор хаанаас яаж эхэлж, яаж шийдэхээ мэдэхгүй цаг хугацаа алдсан тал бий. Миний төрсөн ээж олон жил хүнд ужиг өвчтэй байснаас үүдэж тал бүр тийш самгардсан тал бий. Охин хүссэн үедээ ээж дээрээ, мөн аав дээрээ ирдэг. Охин хүүхдийн аав, ээж гэр бүлтэйгээ байх эрхийг нь харгалзан эцсийн удаа 1 сарын хугацаа өгнө үү гэж шүүхээс, М.Гээс хүсэж байна...” гэжээ.

Анхан шатны шүүх: Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар М.Г, Г.Г нарын гэрлэлтийг цуцалж,

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар 2009 оны 09 сарын 13-ны өдөр төрсөн охин Г.Э /10 настай/-г эх М.Гийн асрамжид үлдээж,

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6 дахь хэсэгт зааснаар М.Г нь Г.Гыг хүүхэдтэйгээ чөлөөтэй уулзах боломжоор хангаж, хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулж, хэн нэгнийхээ хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлаж болохгүйг дурдаж,

Гэр бүлийн тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хүүхдийн асрамжийг өөрчлөх тодорхой нөхцөл үүссэн тохиолдолд хариуцагч нь хүүхдийн асрамж өөрчлөх нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдаж,

Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3 дахь хэсэгт зааснаар 2009 оны 09 сарын 13-ны өдөр төрсөн охин Г.Э /10 настай/-ийг эцэг Г.Гоор тэжээн тэтгүүлэхээр тэтгэлэг тогтоож,

Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Г.Гоос сар бүр 11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр 2009 оны 09 сарын 13-ны өдөр төрсөн охин Г.Э /10 настай/-д хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлж,

Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар хүүхдийн тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг нэхэмжлэгч М.Гт үүрэг болгож,

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцалсан шийдвэрийн хувийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор гэрлэлтийг бүртгүүлсэн иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Д.Золбоод даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих тэтгэлгийн нийлбэр дүнгээс улсын тэмдэгтийн хураамж тооцож 31492 төгрөгийг хариуцагч Г.Гоос гаргуулан улсын орлогод оруулж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн эдийн бус шаардлагад төлсөн 70200 төгрөгийг хариуцагч Г.Гоос гаргуулан нэхэмжлэгч М.Гт олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдаж шийдвэрлэжээ.   

Хариуцагч Г.Г давж заалдсан гомдолдоо болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Дорноговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 сарын 18-ны өдрийн 136/ШШ2019/00390 дугаар шийдвэрээр М.Г бид хоёрын гэрлэлтийг цуцалж, охин Г.Эийг “эхийн асрамжид үлдээх” шийдвэрийг эс зөвшөөрч, охиноо өөрийн асрамжид авах үүднээс давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж байна. М.Г нь шүүхийн шийдвэрийг хүлээн авсан өдрийнхөө маргааш буюу 2020 оны 1 сарын 16-ны өдөр Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт хэвтэж, түүний маргааш нь амаржиж хүүтэй болсон. Энэ хүүхэд нь М.Гийн одоо хамт амьдарч байгаа залуугийн хүүхэд болно. Би хувьдаа энэ бол хүүхдийн асрамжийг өөрчлөх тодорхой нөхцөл мөн гэж ойлгож байна. Иймд 2019 онд тус бүр 2 удаа явагдсан эвлэрүүлэн зуучлах болон шүүн таслах ажиллагааны бүх хугацаанд шүүхийн байгууллагаас тодруулсан асуулгад М.Г нь хамтран амьдрагч байхгүй гэж удаа дараа худал мэдүүлж байсан гэж миний хувьд үзэж байна. Би бүх боломжоороо дээд зэргээр хүлээц, мэрийлттэй хичээсээр байхад М.Г нь гэрлэлтээ заавал цуцлуулна гэж улайран зүтгэж байсны учир шалтгаан ийм байжээ гэж ойлгож байна. Охин Г.Э нь одоо нэг сум сууринд цуг оршин сууж амьдардаг гурван өөр эцгийн 3 хүүхэдтэй айл гэр бүлийн орчинд өсч бойжиж, хүмүүжих болж байгаатай эвлэрэхэд миний хувьд маш хүнд байна. Нууж байсан хамтран амьдрагчийнхаа хүүхдийг төрүүлснийх нь дараа М.Гтэй холбогдож ярьсан. Бид хоёрын хооронд одоо маргалдаж үл ойлголцох ямар ч асуудал байхгүй. Угаасаа шүүхээр гэр бүл нь цуцлагдаж бие биедээ хамаагүй болсон хүмүүс. Охин Г.Э нь бодит байдал дээр одоо хүүхдийн тэтгэлэгийн мөнгөөр хязгаарлагдсан ахуй орчинд амьдрах боллоо гэдгийг М.Г ойлгож, дунд охиноо төрсөн аавд нь өгч өсгүүлье гэж хүлээн зөвшөөрч байгаа. Би охиныхоо болон гэр бүлийнхээ төлөө амьдралаа зориулна гэдгээ шүүх байгууллагад удаа дараа илэрхийлж байгаа. Би насаараа Улаанбаатар төмөр замд ажиллаж байгаа бөгөөд тэтгэвэрт гарах хүртлээ зүтгээд охиноо боловсрол мэргэжилтэй болгох цор ганц амьдралын зорилготой. Үүнийг М.Г ойлгож, охиноо өгөхийг зөвшөөрч байгаа. Иймд эдгээр байдлыг харгалзан үзэж охин Г.Эийг миний асрамжид үлдээж, М.Гт тэтгэлэг төлөх шийдвэрийг цуцалж өгнө үү...” гэв.

Нэхэмжлэгч М.Г давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би хариуцагчид охин маань одоогоор 10 настай, охин хүүхэд биеэ даах арай болоогүй байгаа, 14-15 нас хүрсэн бол чамтай байлгахад үгүй гэх шалтгаан надад алга гэж хэлсэн. Охиндоо бас энэ талаар хэлсэн. Миний охин аав, ээж хоёрынхоо хэнтэй хамт баймаар байна гэхэд ээжээ таньтай хамт баймаар байна гэдэг. Хариуцагч охиноо хот руу авч явахад 1, 2 хонохгүй ээж дээрээ очмоор байна, ээжийгээ санаад байна гэж уйлаад байдаг. Одоо болтол гараас гараагүй учир хүүхдээ өгмөөргүй байна. Хэрэв охин өөрөө аавтайгаа хамт амьдармаар байна гэвэл татгалзах санал надад байхгүй. Салаад 5 жил болоход би өөрөө асран хамгаалж, хүмүүжүүлж байна. Салаад 5 жил болоход сүүлийн 1 жилд нь хүүхдэдээ мөнгө өгдөг болсон, өнгөрсөн жилүүдэд санхүүгийн тал дээр харж ханддаггүй байсан. Хүүхдийн мөнгө 20000 төгрөгийг төрсөн цагаасаа хойш авч үзээгүй, 2019 оны 10 дугаар сараас л хүүхдийн мөнгийг Г.Г надад өгсөн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч М.Г нь хариуцагч Г.Год холбогдуулан гэрлэлт цуцлах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч Г.Г эс зөвшөөрч “... шүүхээс гэр бүл цуцлах шийдвэр гаргасан тохиолдолд охиноо өөртөө авна, ... эвлэрэх хугацаа өгнө үү, ... охиноо элэг бүтэн орчинд өсгөх хүсэлтэй...” гэсэн агуулга бүхий тайлбар гаргаж маргаснаар Дорноговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 136/ШЗ2018/01391 дугаартай шүүгчийн захирамжаар гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авахаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн боловч гэрлэгчид эвлэрээгүй байна.

Анхан шатны шүүх Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.6, 38 дугаар зүйлийн 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг тус тус хэрэглэж, гэрлэлтийг цуцалж, охин Г.Эийг эхийн асрамжинд үлдээж, эцэг Г.Гоор тэжээн тэтгүүлэхээр тус тус шийдвэрлэснийг хариуцагч Г.Г эс зөвшөөрч “...охин Г.Эийг миний асрамжинд үлдээж, тэтгэлэг төлөх шийдвэрийг цуцалж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдсан гомдол гаргажээ.

Давж заалдах шатны шүүх хариуцагчийн давж заалдсан гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзвэл  анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан журмын дагуу үнэлж, маргаанд холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн гэж  дүгнэв.

Хэрэгт цугларсан нотлох баримтаар нэхэмжлэгч М.Г болон хариуцагч Г.Г нар нь 2008 оны 05 дугаар сарын 27-ны өдөр гэр бүл болсныг 2013 оны 05 дугаар сарын 15-ны өдөр гэрлэлтийн бүртгэлд бүртгэсэн /хх-2/, тэдний дундаас 2009 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр охин Г.Э төрсөн /хх-3/, гэрлэгчдийг эвлэрүүлэх ажиллагаа амжилтгүй болсон /хх-8/, Дорноговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 136/ШЗ2018/01391 дугаартай шүүгчийн захирамжаар гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авахаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг 2 сарын хугацаагаар түдгэлзүүлсэн боловч гэрлэгчид эвлэрээгүй /хх-26-27/, охин Г.Э одоо эхийн асрамжинд байгаа зэрэг үйл баримт тогтоогдсон байна.

Анхан шатны шүүх хүүхдийн асрамжийг шийдвэрлэхдээ хүүхдийн нас, эцэг, эхийн хайр халамж, ахуйн нөхцөл бололцоо болон хүүхдийн санал зэргийг харгалзан хүүхдийг эхийн асрамжинд үлдээсэн нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 14.7-д нийцсэн байх бөгөөд ийнхүү хүүхдийг эхийн асрамжинд үлдээснээр эцгийн хувьд Гэр бүлийн тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан хүүхдийнхээ эрх, ашиг сонирхлыг хамгаалах, хүмүүжүүлэх эрх үүргийг хязгаарлахгүй болно.

Түүнчлэн хэрэгт цугларсан нотлох баримтаар 2009 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн охин Г.Эийг зайлшгүй эцгийн асрамжинд үлдээх шаардлагатай гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд хариуцагчийн давж заалдсан гомдолд дурдсанчлан хүүхдийн асрамжийг эцэгт нь үлдээхээр зохигчид тохиролцсон буюу нэхэмжлэгч энэхүү нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

Улмаар хүүхэд эхийн асрамжинд байгаа нөхцөлд эцэг хүүхдээ тэжээн тэтгэх үүргээс чөлөөлөгдөхгүй тул хариуцагч Г.Гоор охин Г.Эийг тэжээн тэтгүүлэхээр тэтгэлэг тогтоож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Гэр бүлийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1-т нийцсэн гэж үзнэ.

Иймд хариуцагчийн давж заалдсан гомдол үндэслэлгүй тул хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Хариуцагчийн давж заалдсан гомдлыг хангаагүй тул түүний гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4-т нийцнэ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорноговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 136/ШШ2019/00390 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Г.Гын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны  шүүх магадлал гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.      

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     А.САЙНТӨГС

                                         ШҮҮГЧИД                                     Н.БОЛОРМАА

                                                                                              Н.БАТЧИМЭГ