Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 001/ХТ2021/01479

 

 

М.Ганчимэгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Л.Атарцэцэг, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Дорноговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 136/ШШ2019/00390 дүгээр шийдвэр

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 202/МА2020/00008 дугаар магадлалтай, 

М.Ганчимэгийн нэхэмжлэлтэй,

Г.Гэрэлт-Одод холбогдох  

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийг өөрийн асрамжид үлдээх, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн гаргасан гомдлоор

Шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Ганчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч М.Ганчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Миний бие 2008 онд Г.Гэрэлт-Одтой танилцаж 2013.05.15-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж гэр бүл болсон. Бид гэр бүл байх хугацаанд 2009.09.13-ны өдөр охин Г.Эрхэс төрсөн. Манай нөхөр Г.Гэрэлт-Од бид хоёр зан аашийн хувьд таарч тохирохгүй байнгын шахуу хэрүүлтэй, надад үе үе гар хүрдэг байснаас 2013.02 сард, 2014.05 сард тусдаа амьдарч байгаад 2014.08 сард эвлэрч хамт амьдарч байгаад 2015.01 сараас дахин маргалдаж энэ үеэс өдийг хүртэл 5 гаруй жил тусдаа амьдарч байна. 2015.05 сард шүүхэд салах өргөдөл өгч байсан. Г.Гэрэл-Од үр хүүхдээ бодъё, дахин ийм асуудал гаргахгүй гэхээр нь буцаж шүүхэд өргөдөл өгч эвлэрч байсан. Өргөдлөө буцаан авангуут Г.Гэрэлт-Од элдэв янзын ааш гаргаж эхэлсэн тул эргэн нэг гэрт орж амьдраагүй. 5 жил гаруй тусдаа амьдарч байгаад 2015 онд шүүхэд салах өргөдөл өгөхөд эвлэрье гэж хэлж байснаас хойш дахин хэлээгүй хирнээ эвлэрүүлэн зуучлахад нэхэмжлэл гаргахад эвлэрье гэж хэлж байгаатай нь огт санал нийлэхгүй байна. Үнэхээр л эвлэрч үр хүүхдээ бодъё гэж бодож байсан бол 5 гаруй жилийн хугацаанд тусдаа амьдарч байх хугацаанд энэ тухайгаа хэлээгүй хирнээ одоо ингэж хэлж байгаад нь огт итгэхгүй байна. Миний хувьд Г.Гэрэлт-Одтой эргэн нэг гэрт орж эвлэрэн амьдрах хүсэлгүй, цаашид гэр бүл байх боломжгүй тул бидний гэрлэлтийг цуцалж, охиныг маань миний асрамжид үлдээж, эцэг Г.Гэрэлт-Одоос хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй гэжээ.

Хариуцагч Г.Гэрэлт-Од шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Тусдаа амьдарсан 5 жилийн хугацаанд охин маань долоо хоногийн амралтын өдрүүдэд над дээр ирдэг. Зуны амралтаар нь амралт сувилалд авч явдаг. Охин маань саяхныг хүртэл гэр бүлээрээ хамт баймаар байна, амьдармаар байна гэдэг байсан. Мөрөөдөж зурсан зургууд нь гэрт олон бий. Сүүлийн үед арай өөр болсон. Багадаа эрх дураараа байдаг байсан боловч одоо ажихад өөртөө итгэлгүй, ээжийнхээ үгнээс гарахгүй болсон. Гэр бүлийн таагүй орчин охин хүүхдийн хүмүүжил төлөвшил, ирээдүйн амьдралд нь сөрөг нөлөө үзүүлэх вий гэж санаа зовниж байна. Охин Г.Эрхэс нь хоолойн махны архагшсан үрэвсэлтэй, бөөр давсаг эмэгтэйчүүдийн өвчтэй, уушиг хатгаатай, ходоод бактеритай байнга базалж өвддөг. Цөс өтгөрөлттэй нугаларсан. Тохирсон үр дүнтэй эм эмчилгээг санаанд хүртэл хангалттай хийж чадаагүй байгаа. Хэрэв шүүхээс гэр бүл цуцлах шийдвэр гаргасан тохиолдолд охиноо би өөртөө авна. Тусдаа амьдарсан 5 жилийн хугацаанд цалингаа хурааж 57,000,000 төгрөгөөр охиндоо Улаанбаатар хотод байр худалдаж авсан. Ирэх жилүүдээс ах нь оюутан болох үед нь Улаанбаатар хотод хамт байлгаж хувийн төлбөртэй сургуульд сургахаар хувьдаа төлөвлөж байгаа. Би охин хүүхэдтэй эцэг хүний хувьд хойд эцгийн гар харуулахгүй гэсэн хатуу байх суурьтай байна. 2009.09.13-ны өдөр охин Г.Эрхэс төрсөн бөгөөд охин Г.Эрхэсийг цэцэрлэгт хүмүүжиж 6 настай сургуульд элсэх хүртэл бид нэг гэрт амьдарсан. М.Ганчимэгийн гаргаж тавьсан асуудлыг эсэргүүцэж няцаах зүйлгүй. Сая 8 сард болсон эвлэрүүлэн зуучлалын анхны уулзалтаар гэр бүл цуцлах нь зүйтэй гэсэн дүгнэлт шууд гарсан. Шүүхийн байгууллагад хандаж ганц сарын эцсийн эвлэрэх хугацаа өгнө үү гэж хүсэлт гаргаж байна. Эргэж эвлэрч охиноо элэг бүтэн орчинд өсгөхсөн гэж ямагт бодож хүсэж явдаг. М.Ганчимэгт ингэж хэлэх бүрт эрс няцаасан хариу сонсдог байсан болохоор хаанаас яаж эхэлж, яаж шийдэхээ мэдэхгүй цаг хугацаа алдсан тал бий. Миний төрсөн ээж олон жил хүнд ужиг өвчтэй байснаас үүдэж тал бүр тийш самгардсан тал бий. Охин хүссэн үедээ ээж дээрээ, мөн аав дээрээ ирдэг. Охин хүүхдийн аав, ээж гэр бүлтэйгээ байх эрхийг нь харгалзан эцсийн удаа 1 сарын хугацаа өгнө үү гэж шүүхээс, М.Ганчимэгээс хүсэж байна гэжээ.  

Дорноговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 136/ШШ2019/00390 дүгээр шийдвэрээр Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар М.Ганчимэг, Г.Гэрэлт-Од нарын гэрлэлтийг цуцалж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар 2009.09.13-ны өдөр төрсөн охин Г.Эрхэс /10 настай/-г эх М.Ганчимэгийн асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6 дахь хэсэгт зааснаар М.Ганчимэг нь Г.Гэрэлт-Одыг хүүхэдтэйгээ чөлөөтэй уулзах боломжоор хангаж, хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулж, хэн нэгнийхээ хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлаж болохгүйг дурдаж, Гэр бүлийн тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хүүхдийн асрамжийг өөрчлөх тодорхой нөхцөл үүссэн тохиолдолд хариуцагч нь хүүхдийн асрамж өөрчлөх нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдаж, Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3 дахь хэсэгт зааснаар 2009.09.13-ны өдөр төрсөн охин Г.Эрхэс /10 настай/-ийг эцэг Г.Гэрэлт-Одоор тэжээн тэтгүүлэхээр тэтгэлэг тогтоож, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар Г.Гэрэлт-Одоос сар бүр 11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр 2009.09.13-ны өдөр төрсөн охин Г.Эрхэс /10 настай/-д хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлж, Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар хүүхдийн тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг М.Ганчимэгт үүрэг болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих тэтгэлгийн нийлбэр дүнгээс улсын тэмдэгтийн хураамж тооцож 31,492 төгрөгийг Г.Гэрэлт-Одоос гаргуулан улсын орлогод оруулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн эдийн бус шаардлагад төлсөн 70,200 төгрөгийг Г.Гэрэлт-Одоос гаргуулан М.Ганчимэгт олгож шийдвэрлэжээ. 

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 202/МА2020/00008 дугаар магадлалаар Дорноговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 136/ШШ2019/00390 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, Г.Гэрэлт-Одын давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.  

Хариуцагч Г.Гэрэлт-Од хяналтын журмаар хамтран гаргасан гомдолдоо: М.Ганчимэг нь тусдаа байсан 5 жилийн хугацаанд нэг ч төгрөг авч байгаагүй гэж хурал болгон дээр ярьсан нь бичиж тэмдэглэгджээ. Охин төрж хөлд орсны дараа 2011 оны зун М.Ганчимэгийн зөвлөсний дагуу ар гэрийнхнээс нь би 4,000,000 төг төлж ДГА 38-06 дугаартай суудлын жижиг цагаан Ноnda машин худалдан авч байсан. Машиныг заавал чиний нэр дээр болгоод яахав, над дээр байж байг гэсэн. Дараа нь маргалдаж тусдаа амьдрах болсны дараа, охиноо төвөөр дагуулж явган яваад байхаар нь машинаа яасныг асуухад, зараад чиний охиныг тэжээж байгаа гэсэн. Эндээс би чадалтай цалинтай байгаа дээрээ охиндоо үлдэх бодит зүйл хийх хэрэгтэйг ойлгож, Улаанбаатарт байр авах гэж 4 жил орчим зүтгэсэн. Байрны зээлийг төлж дуусгамагцаа эвлэрэхийн төлөө тууштай зүтгэнэ гэж төлөвлөж байсан. Ер нь М.Ганчимэгийн ар гэрээс машин худалдаж авсан нь илүүц зүйл болж, энэ машин бид 2-ын мөнхийн маргааны сэдэв сэжүүр болж ирснийг хэлэх ёстой. Охины 20,000 төгрөгийг энэ удаад байрны төлбөрт хэрэглэсэн нь үнэн. Гэхдээ байрны зээл дуусмагц охины ирээдүйд зориулж, Голомт банканд 2 төрлийн хадгаламж хуримтлуулж байгаа нь одоо 10,000,000 гаруй төгрөг болсон. Би одоо ямар ч зээлгүй. Мөн давж заалдах шатны шүүх хурал дээр би жирэмсэн болсноо хэнээс ч нуугаагүй, бүгдэд ил харагдаж шүүх мэдэж байсан гэж ярьсан. Тус бүр 2 удаа болсон эвлэрүүлэх ба шүүх ажиллагааны үед хамтран амьдрагчийн тухай 4 удаа асуухад байхгүй гэж мэдүүлж байсан нь тэмдэглэл, бичлэгт байгаа байх гэж бодож байна. 2019.12.18-нд шүүхийн хүлээлгийн танхимд байхдаа, чи гэдсээрээ яагаад таргалаад байна аа гэхэд, харин ээ харвин суугаад болдоггүй ээ гэж хэвлий орчмоороо гараараа барьж хөдөлгөж үзүүлж байсан нь заалны камерт бичигдсэн гэж бодож байна. Гэхдээ энэ асуудал охины асрамжийг тогтоох асуудалд хамаагүй юм байна гэж ойлгогдлоо. 2019.12.18-ны өдрийн 136/ШШ2019/00390 дугаартай шийдвэр гарч, 3 дахь хүүхдээ төрүүлснийх нь дараа би давж заалдах эсэхээ сайн мэдэхгүй эргэлзэж, өөртэй нь ярьж үзэхэд жаахан томрохоор нь охиноо өөр дээрээ авч болно оо гэж байсан. Гэвч давж заалдах шатны шүүх хурал дээр болон дараа нь утсаар ярьсан ярианы үеэр охиныг хааяа ч болов надтай уулзуулж, над руу явуулж байх, арай томрохоор нь аавд нь өгнө гэж огт бодож төлөвлөөгүй гэдгээ тодорхой хэлсэн. Тэгээд давж заалдах шатны шүүхээр хүссэн шийдвэрээ гаргуулсныхаа дараа намайг охинтой уулзуулах нь бүү хэл яриулахгүй болсон. Охин ганцхан удаа ярихдаа ааваа би ээжтэйгээ амьдармаар байна гэж хэлсэн. Өөрийн хүсэл зоригоор ингэж хэлээгүй байх гэж итгэж байгаа. 2019.12.18-наас хойш би охиноо хараагүй. Би хувьдаа охинтойгоо гэр бүлийн маргаантай орчны талаар нэг ч удаа яриа өдүүлж, ятгаж сэнхрүүлж үзээгүй. Ийм юм ойлгож, шийдвэр гаргаж сонголт хийх хэмжээнд хүрээгүй гэж боддог. Охин над дээр ирээд өөрийнхөө юу хүссэнийг хийдэг, ээж рүүгээ одоо очъё гэмэгц нь шууд явуулдаг.

Охин багадаа их өвддөг, их уйлдаг, ээжгүйгээр бол хэвийн бойжих боломжгүй, ээжийнхээ ачаар л хүн болсон. Одоо ч гэсэн ээж нь ганцхан удаа аав руугаа яваарай чи гэж хэлэхэд л охины хувьд хорвоо дуусна. Маш зөөлөн сэтгэлтэй, надад ээж охин 2-ыг салгах, хүчлэх өчүүхэн ч бодол үгүй, би охиноо албадаж үзээгүй, тэгэх ч үгүй. Би охиндоо эцгийн хайр халамжаа зориулах гэсэн ганцхан бодолтой. Надад ийм боломж хуулиар үгүй, би охиныхоо хувьд хамт байх уулзах ч шаардлагагүй, зөвхөн тэтгэвэр төлөгч юм байна гэж ойлгогдлоо. Шүүх ээжийнх нь хүсэлтээр Г.Эрхэс охиныг хойд эцгийн гар харж амьдрахыг нь зөвшөөрч байгаа мөртлөө охины төрсөн эцэгт ямар ч боломж олгохгүй байгаад гомдолтой байна. Охин Г.Эрхэсийг аавтайгаа уулзаж байх өдөр цагийг тодорхой зааж, 13 наснаас нь эхлэн аавынх нь асрамжид шилжүүлэх шийдвэр гаргаж өгөхийг хүсч гуйж байна. 8-р анги буюу 13 наснаас нь охиноо Улаанбаатарт хувийн сургуульд суралцуулна. Би өөрөө охиноо дагаж Улаанбаатарт одоогийн ажил мэргэжлээрээ шилжиж ажиллахаар төлөвлөж байгаа. Одоогийн энэ нийгэмд, тэр тусмаа охин хүүхдэд боловсрол мэргэжил юу юунаас илүү чухал. Миний амьдралын ганц зорилго энэ. Мундаг зүйлгүй ч гэлээ надад одоо байгаа хэрэгтэй хэрэггүй бүх зүйл миний охиных. Надад хэн нэгнийг чадаж тооцоо хийх гэсэн өчүүхэн ч хүсэл байхгүй. М.Ганчимэг нь одоогоор дүүгийнхээ 1 өрөө байранд түр амьдарч байгаа гэсэн. М.Ганчимэг нь хүүхдүүдээ аваад охиныхоо Сайншанд, УБ дахь аль ч байранд амьдарч болно. Байртай холбогдон гарах буюу бусад шаардлагатай зардлыг нь би хариуцаж М.Ганчимэгийг асрамжлахад бэлэн гэдгээ шүүхийн байгууллагад батлан илэрхийлж байна. Болж өнгөрсөн бүх асуудалд буруутай хүн нь би мөн гэдгээ хүлээн зөвшөөрч гэмшиж байна. Би өмгөөлөгчдөөс хуулийн зөвлөгөө авсангүй, жирийн иргэн, эцэг хүний хувьд өөрийн бодож санаж байгаа зүйлээ бичлээ. гэжээ.  

ХЯНАВАЛ: 

М.Ганчимэг нь Г.Гэрэлт-Одод холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийг өөрийн асрамжид үлдээх, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэл гаргасныг хариуцагч хүүхдийн асрамжийн талаар маргаж, мэтгэлцжээ. 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна. 

Хариуцагч Г.Гэрэлт-Одын хяналтын журмаар гаргасан гомдлыг доор дурдсаны дагуу хангах үндэслэл тогтоогдсонгүй. 

Шүүхээс Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар М.Ганчимэг, Г.Гэрэлт-Од нарын гэрлэлтийг цуцалж шийдвэрлэсэнд зохигч хэн аль нь хяналтын журмаар гомдол гаргаагүй тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчмын дагуу дүгнэлт хийх шаардлагагүй.  

1. Хүүхдийн эцэг, эх тусдаа амьдардаг, цаашид гэр бүл болж хамт амьдрах боломжгүй энэ нөхцөлд шүүх гаргасан нэхэмжлэлийн дагуу асрамжийн асуудлыг шийдвэрлэх нь хүүхдийн эрх ашигт нийцнэ. 

Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-т Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална гэж, мөн зүйлийн 4.5-д Хүүхдийг гэр бүлийн дотор эрүүл чийрэг өсгөн хүмүүжүүлэх, хөгжүүлэх, түүний эрх, ашиг сонирхлыг нь нэн тэргүүнд хамгаалахыг эрхэмлэнэ гэж заасан тул шүүх хүүхдийн эрх ашгийг нэн түрүүнд авч үзэх үүрэгтэй. 

Хүүхдийн эцэг, эхийн аль алинтай нь байнга хувийн болон шууд харилцаа холбоотой байх эрхийг нь хангахдаа хүүхдийн ашиг сонирхолд харшлаагүй байх нөхцөлийг нэн тэргүүнд тавихыг Хүүхдийн эрхийн тухай конвенцийн 9.3, 18.1-д мөн адил заажээ. 

Шүүх хүүхдийн асрамжийн асуудлыг шийдвэрлэхдээ хүүхдийн нас буюу бага насны, эсхүл насанд хүрээгүй байдал, цэцэрлэгт хүмүүжиж, эсхүл сургуульд сурч байгаа зэргээс шалтгаалан тухайн насны хүүхдийн хөгжил, хүмүүжлийн онцлогийг харгалзан үзэх ёстой. 

Өөрөөр хэлбэл хүүхдийн хүмүүжил, эрүүл мэндэд тавих анхаарал, хүүхдийн өсөж бойжих орчин, орон сууц, эд хөрөнгийн байдал, эцэг, эхийн өөрсдийн хүмүүжил, боловсрол, хүүхдийг болон гэр бүлийн бусад гишүүдийг эд хөрөнгийн хийгээд сэтгэл санааны дарамтад байлгадаг эсэх зэргийг шүүх анхаарч хүүхдийн асрамжийг тогтооно.  

Түүнчлэн хүүхэд долоо ба түүнээс дээш настай бол асрамжийн асуудлыг шийдвэрлэхэд түүний саналыг харгалзан үзэх талаар Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7-т заасан байна.  

Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж хүүхдийн асрамжийг шийдвэрлэхдээ хүүхдийн нас, эцэг, эхийн хайр халамж, ахуйн нөхцөл бололцоо болон хүүхдийн санал, 2015 оноос хойш эхийн асрамжид байгаа зэргийг харгалзан 2009.09.13-ны өдөр төрсөн охин Г.Эрхэсийг эх М.Ганчимэгийн асрамжид үлдээж, эцэг Г.Гэрэлт-Одоос сар бүр 11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэснийг Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 14.7, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг зөрчөөгүй гэж үзнэ.  

Хүүхдийг эхийн асрамжид байлгах үндэслэл, шалтгааныг тодорхой заасан анхан болон давж заалдах шатны шүүхийн үндэслэлүүдийг буруутгах боломжгүй байх бөгөөд шүүхийн шийдвэр хууль ёсны, үндэслэл бүхий байх шаардлагыг хангажээ. 

Гэрлэгчид гэрлэлтээ шүүхийн журмаар цуцлуулснаар эхнэр, нөхрийн эрх, үүрэг дуусгавар болж байгаа бөгөөд харин тэдний эцэг, эхийн хувьд эдлэх эрх, хүлээх үүрэг хэвээр үлдэх тул хэн аль нь эдгээрийг зөрчихгүй байх үүрэгтэй.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.  

Хариуцагч Г.Гэрэлт-Од охин Г.Эрхэсийг өөрийн асрамжид үлдээх үндэслэл, шалтгааныг шүүхэд тодорхой нэрлэн заагаагүй, 2015 оноос хойш эх М.Ганчимэгийн асрамжид байхдаа болон шүүхээс эхийнх нь асрамжид үлдээснээр хүүхдийн эрх, ашиг зөрчигдөх, дассан орчныг өөрчлөх ямар шаардлага бий болсон зэргийг нотлох баримтаар нотолж чадаагүй байна. 

Иймд хариуцагч Г.Гэрэлт-Одын охин Г.Эрхэсийг өөрийн асрамжид үлдээх тухай гомдол хангагдахгүй. 

3. Анхан шатны шүүх хүүхдийг тэжээн тэтгүүлэх, улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилах, нөхөн төлүүлэхдээ Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-т заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэрийн тогтоох хэсгийн 5, 9 дэх заалтыг хүчингүй болгох нь зүйтэй. 

Учир нь нэхэмжлэгч нь эд хөрөнгө бус гэрлэлт цуцлуулах, түүнээс улбаатай хүүхдийн асрамж тэтгэлэг тогтоолгох шаардлагад Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд зааснаар 70,200 төгрөг төлүүлнэ.  

Түүнчлэн шийдвэрийн тогтоох хэсгийн 6, 10 дугаар заалт ойлгомжгүй, хуулийн үг, найруулгаас зөрүүтэй бичигдсэнийг засах шаардлагатай.  

Давж заалдах шатны шүүх дээрх алдааг залруулаагүй хэргийг хянан шийдвэрлэсэн байх тул шийдвэр, магадлалд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. 

Дээр дурдсанаар шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, хариуцагч Г.Гэрэлт-Одын гомдлыг хангахгүй орхив.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 202/МА2020/00008 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Дорноговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 136/ШШ2019/00390 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 5, 9 дэх заалтыг хүчингүй болгож, 6 дахь заалтыг Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2009.09.13-ны өдөр төрсөн охин Г.Эрхэсийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж эцэг Г.Гэрэлт-Одоор тэжээн тэтгүүлсүгэй, гэж, 10 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Г.Гэрэлт-Одоос 70,200 төгрөгийг гаргуулан М.Ганчимэгт олгосугай гэж, шийдвэрийн тогтоох хэсгийн 6 дахь заалтыг 5, 7 заалтыг 6, 8 дахь заалтыг 7, 10 заалтыг 8, 11 дэх заалтыг 9, 12 заалтыг 10 болгон өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагч Г.Гэрэлт-Одын гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ            Х.ЭРДЭНЭСУВД

ТАНХИМЫН ТЭРГҮҮН         Г.АЛТАНЧИМЭГ 

              ШҮҮГЧИД                Л.АТАРЦЭЦЭГ 

                                               С.СОЁМБО-ЭРДЭНЭ 

                                               Д.ЦОЛМОН