Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 11

 

Дархан-Уул аймгийн Засаг даргын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2015/00792/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч О.Нарангэрэл даргалж, шүүгч Л.Амарсанаа, С.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны  12 дугаар сарын 16-ны өдрийн 1165 дугаар шийдвэртэй,

            Нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Засаг даргын нэхэмжлэлтэй,

            Хариуцагч “М- Х-” ХХК-д холбогдох

"18.000.000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтуяагийн давж заалдсан гомдлыг үндэслэн

           Шүүгч С.Энхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд прокурор Г.Яндаг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхсайхан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтуяа, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Даваасамбуу, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Засаг дарга шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхсайхан нь шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

...Дархан-Уул аймгийн засаг дарга Д.Хаянхярваа “М- Х-” ХХК-ийн захирал Р.Б- нарын баталсан Орхон сумын Цагдаагийн хэсгийн /кабон/ барилгын ажлыг гүйцэтгэх гэрээг 2007 оны 10 дугаар сарын 19-ний өдөр ГТ-05/02 дугаартай байгуулж, гүйцэтгэгчийг төлөөлж С.Батхүлэг гарын үсэг зурсан. Тус тендерт оролцох хүсэлтээ “М- Х-” ХХК-ийн 2007 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 08 дугаар албан бичгээр холбогдох 47 хуудас бүхий материалын хамт ирүүлсэн ба уг албан бичигт захирал Р.Б- өөрөө гарын үсэг зурж байгууллагын тамгыг дарсан байдаг. Гэрээний нийт дүн 18.0 сая төгрөг, ажил гүйцэтгэгч нь барилгын ажлыг 2007 оны 10 дугаар сарын 19-ний өдөр эхэлж, 2007 оны 12 дугаар сарын 26-ны өдөр ашиглалтад оруулахаар улсын комисст хүлээлгэн өгсөн бөгөөд барилга байгууламжийг ашиглалтад оруулах техникийн комисс 2007 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 13 дугаар акт, барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын 2007 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 14 тоот актаар барилгыг 2007 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн ашиглалтад оруулахыг зөвшөөрсөн.

Тус барилга нь аймгийн Цагдаагийн газрын эзэмшилд байгаа болно. Аймгийн цагдаагийн газрын 2009 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 2/643 тоот албан бичгээр хүргүүлсэн хүсэлтийн дагуу аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч үзлэг хийхэд ажлын өрөө болон сууцны өрөөнүүдийн гипсэн хавтангууд ховхорч унасан, гадна хана шавардлага, тамбарын хэсгээр хагарсан байна. Энэ нь дотор заслын ажил технологийн дагуу хийгдээгүй, барилгын чийг хатаагүй байхад гипсэн хавтангаар дүүжин тааз хийснээс болсон гэж үзээд Барилгын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.3-т Барилга байгууламжийн чанарын баталгаат хугацаа дуусаагүй байхад өөрийнх нь буруутай үйл ажиллагааны улмаас үүссэн чанарын зөрчлийг өөрийн зардлаар арилгах гэсэн заалтын дагуу барилгын чанарын баталгаат хугацаанд илэрсэн зөрчлүүдийг арилгуулах шаардлагатай гэсэн 2009 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 36/17/456 тоот дүгнэлтийг гаргасан.

2009 онд “М- Х-” ХХК-аас засвар хийсэн боловч барилгад хагарал үүссэн тул аймгийн Цагдаагийн газрын 2012 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 3/265 дугаартай албан бичгээр хүргүүлсэн хүсэлтийн дагуу аймгийн Мэргэжлийн хяналтын газрын шалгалт хийхэд гал тогооны өрөөний цонхны доод түвшингөөс суурь хүртэл, ялуунаас дээврийн банзан эмжээр хүртэл шаталсан хэлбэрээр 1-1,3 см өргөнтэй хагарсан, энэ хэсэгт сууринд цууралт үүссэн, барилгын үндсэн ханын хоорондын өрөг гэмтэж салсан, сууц ажлын өрөөг тусгаарласан 25 см-ийн зузаантай тоосгон хана 3.5 м урттай 0,1-1.2 см хүртэл өргөнтэй нэвт хагарсан, гал тогоо, амрах өрөө хоорондын 12 см-ийн зузаантай хана гадна ханаас хөндийрч өдрийн туршид 1-2 см зузаантай зааг гарсан, өрөө тасалгааны хаалганы, цонхны ялууны төвшинд ташуу цууралт үүссэн байдалтай байсан ба Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчаас дээр дурдсан гэмтлүүд нь Барилгын тухай хуулийн 9 дүгээр зүйл, барилгад тавигдах шаардлагын Хүний ажиллаж амьдрах таатай нөхцөл бүрдүүлсэн, түүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, аюулгүй байдлыг хангасан байх, 9.1.1 дэх заалтын ашиглалтын шаардлагыг хангаагүй гэсэн 2012 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 36/29/59 дугаартай дүгнэлтийг гаргасан. Мөн тус байранд хүн ажиллаж, амьдрахгүй байх, үйл ажиллагаа явуулахыг түр хугацаагаар зогсоох нь зүйтэй гэж шийдвэрлэсэн. Сум дундын 7 дугаар шүүхийн шүүгчээс 2014 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 380-4616 тоот захирамжаар шинжээчээр Арлын ам ХХК-г томилон, Орхон суманд баригдсан Цагдаагийн хэсгийн байрыг чанаргүй баригдсан гэж үзсэн ГМ05/02 дугаартай барилгын зургаар одоо уг барилгыг шинээр дахин барихад хэдий хэмжээний төсөв шаардлагатай болохыг тогтоож өгнө үү гэсэн хүсэлтийг тавьсан байх ба барилгыг одоо барихад 135.912.038 төгрөгийн өртөгтэй болохыг тодорхойлсон.

Монгол улсын Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.1 дахь хэсэгт заасны дагуу захиалагчийн шаардлага гаргах эрхийн дагуу ажлыг шинээр гүйцэтгүүлэхэд шаардагдах зардал 135.912.038 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрээний үнийн дүнгийн хэмжээгээр буюу 18.000.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна гэжээ.

Хариуцагч “М- Х-” ХХК нь шүүхэд гаргасан тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтуяа нь шүүх хуралдаанд дээр гаргасан тайлбартаа:

...Нэхэмжлэгч тал хэдийгээр нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан боловч уг нэхэмжлэлийн шаардлагыг гаргах шаардах эрхгүй байна. Учир нь нэхэмжлэгч тал Иргэний хуулийн 349 дүгээр зүйлд заасан гомдлын шаардлага гаргах хугацаанд гомдлын шаардлага гаргаагүй байгаа тул хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна гэж хариуцагчийн зүгээс үзэж байна. Барилгыг улсын комисс хүлээн авсан 2007 оны 12 сарын 05-ны өдрөөс эхлэн Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1-д заасан Барилга байшингийн ийм дутагдлын талаар ажил хүлээн авснаас хойш гурван жилийн дотор гомдлын шаардлага гаргаж болно гэсэн хугацаа эхэлсэн байх бөгөөд энэ гурван жилийн хугацаа 2010 оны 12 сарын 05-ны өдөр дууссан байна.

2010 оны 12 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл гэрээний захиалагч тал болох Дархан-Уул аймгийн засаг даргын зүгээс гүйцэтгэгч тал болох “М- Х-” ХХК-д хандаж ямар нэгэн гомдлын шаардлага гаргаагүй. Дархан-Уул аймгийн Цагдаагийн газар 2009 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн албан тоотоор Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газарт хандсаны дагуу Мэргэжлийн хяналтын газар 2009 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 36/17/456 тоот дүгнэлт гаргаснаар иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.2-т заасан Хууль буюу гэрээнд баталгаат хугацаа заасан бөгөөд уг хугацааны дотор ажлын дутагдлыг илрүүлсэн бол гомдлын шаардлага гаргах хугацааг дутагдал илрүүлсэн өдрөөс эхлэн тоолно гэсний дагуу 349.1-д заасан гомдлын шаардлага гаргах хугацаа дутагдал илрүүлсэн өдөр буюу 2009 оны 5 дугаар сарын 01-ний өдөр эхэлсэн гэж үзвэл энэ хугацаа 2012 оны 05 сарын 01-ний өдөр дууссан байна. 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Дархан-Уул аймгийн засаг даргын зүгээс “М- Х-” ХХК-д хандан ямар нэгэн гомдлын шаардлага гаргаагүй байх тул 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.3-т заасан Энэ зүйлд заасан гомдлын шаардлага гаргах хугацаа дууссан өдрөөс эхлэн хөөн хэлэлцэх хугацааг тоолно гэсний дагуу Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэх хугацаа нь 2012 оны 05 дугаар сарын 01-ээс эхлэж 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдөр дууссан байна.

Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1-д Ажил гүйцэтгэгч гэрээний нөхцөлийг зөрчсөн буюу гүйцэтгэсэн ажилд ямар нэгэн доголдол байвал захиалагч энэ тухай гомдлын шаардлагыг хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил хүлээн авснаас хойш зургаан сарын дотор, хэвийн байдлаар хүлээн авах үед илрүүлэх боломжгүй дутагдлын тухай гомдлын шаардлагыг ажил хүлээн авснаас хойш нэг жилийн дотор гаргана. Барилга байшингийн ийм дутагдлын талаар ажил хүлээн авснаас хойш гурван жилийн дотор гомдлын шаардлага гаргаж болно гэж зааснаас үзэхэд ажил гүйцэтгэх гэрээний талаарх гомдлын шаардлагыг зөвхөн гэрээний талууд болох захиалагч, гүйцэтгэгч гаргахаар хуульчилсан байна. Гэтэл хэрэгт авагдсан нотлох баримтаар гүйцэтгэсэн ажлын дутагдлын талаарх гомдлын шаардлагыг гэрээний захиалагч тал биш харин уг барилгыг ашиглаж байсан гэрээний оролцогч биш этгээд буюу Дархан-Уул аймгийн Цагдаагийн газар захиалагч талд хандан гаргаж байсан нь Дархан-Уул аймгийн мэргэжлийн хяналтын газрын дүгнэлтүүдээр нотлогдож байх тул гэрээний оролцогч биш этгээдээс гаргасан гомдлын шаардлагыг Иргэний хуулийн 349 дүгээр зүйлд заасан гомдлын шаардлага гаргасан гэж үзэх үндэслэл байхгүй болно.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл Дархан-Уул аймгийн засаг даргын зүгээс 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдрийг хүртэлх буюу шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл 8 жилийн хугацаанд “М- Х-” ХХК-д хандаж ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой гомдлын шаардлага нэг ч удаа гаргасан баримт байдаггүйгээс гадна захиалагч тал буюу Дархан-Уул аймгийн засаг дарга анх гэрээ хийхдээ Барилгын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д заасан Барилга байгууламж барих газрын зөвшөөрөл авах, техникийн нөхцөл бүрдүүлэх, зураг төсөл захиалах, 15.1.6-д заасан Барилгын зураг төсөл, барилгын ажилд хөндлөнгийн хяналт хийлгэх, 15.1.7-д заасан Барилга байгууламжийн баталгаат хугацаанд илэрсэн зөрчлийг арилгуулах мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1-д заасан инженер-геологийн судалгааны дүгнэлт гаргуулах үүргүүдээ биелүүлээгүйгээс болж тухайн барилга барих газрын хөрс нь ус чийг ихтэй байснаас болж цэвдэгшилт үүсч барилгыг ашиглах явцад ханаар нь цан цохиж цууралт хагарал үүссэн талаар МХГ-ын 2012 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 36/29/59 тоот дүгнэлтэнд: ..Гал тогооны өрөөний цонхны доод төвшингөөс суурь хүртэл, ялуунаас дээврийн банзан эмжээр хүртэл шаталсан хэлбэртэй 1-1.3 см өргөнтэй хагарсан, энэ хэсэгт сууринд цууралт үүссэн, ажлын өрөөг тусгаарласан 25 см-ийн зузаантай тоосгон хана 3.5м урттай нэвт хагарсан гэж дурдсан мөн уг барилгыг ашиглалтанд өгсний дараа дотор нь амьдарч байсан Орхон сумын хэсгийн төлөөлөгч Б.Г-ий мэдүүлэг /хх-ийн 54-р тал/ зэрэг баримтуудаар нотлогддог гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 1165 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.1-т зааснаар хариуцагч М- Х- ХХК-иас 18.000.000 /арван найман сая/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Засаг даргад олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Засаг даргыг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч М- Х- ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 247,950 /хоёр дөчин долоон мянга есөн зуун тавин / төгрөгийг гаргуулж, төрийн сангийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтуяа давж заалдсан гомдолдоо:

            Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг давж заалдах журмаар гаргаж байна.

Маргааны зүйл болж буй ажил гүйцэтгэх гэрээ нь Дархан-Уул аймгийн засаг дарга “М- Х-” ХХК-ны хооронд байгуулагдсан бөгөөд Цагдаагийн газар нь уг гэрээнд оролцоогүй, гэрээгээр барьж байгуулсан Орхон суман дахь Цагдаагийн хэсгийн /кабон/ барилгыг барьж байгуулсны дараа Засаг даргын зүгээс Цагдаагийн газрын өмчлөл, эзэмшил, ашиглалтанд хүлээлгэн өгсөн баримт хэрэгт авагдаагүй байдаг.

Нэхэмжлэгч тал болох Дархан-Уул аймгийн засаг дарга уг нэхэмжлэлийн шаардлагыг гаргах шаардах эрхээ алдсан байхдаа нэхэмжлэл гаргасан /хөөн хэлэлцэх хугацаа дууссан/ гэж хариуцагч тал маргаж энэ талаар маш тодорхой тайлбарыг шүүхэд гаргасан бөгөөд анхан шатны шүүх хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа нэхэмжлэгч шүүхэд хандсаныг хүлээн зөвшөөрсөн атлаа үндэслэлгүйгээр уг хугацааг сэргээсэн гэж үзэж байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаар гүйцэтгэсэн ажлын дутагдлын талаарх гомдлын шаардлагыг гэрээний захиалагч тал биш харин уг барилгыг ашиглаж байсан гэрээний оролцогч биш этгээд буюу Дархан-Уул аймгийн Цагдаагийн газар захиалагч талд хандан гаргаж байсан нь Иргэний хуулийн 349 дүгээр зүйлд заасан гомдлын шаардлага гаргасан гэж үзэх үндэслэл болохгүй болно. Нэхэмжлэгч хуульд заасан хөөн хэлэцэх хугацаа өнгөрсний дараа шүүхэд нэхэмжлэл гаргах тохиолдолд эхний ээлжинд хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх талаар шүүхэд хүсэлт гаргаж уг хүсэлтийг шүүх хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзэн хангаж шийдвэрлэсэн тохиолдолд шүүхэд нэхэмжлэл гаргах ёстой байсан.

Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.4-т “ Шүүх ... хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснийг хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзвэл уг хугацааг сэргээж, зөрчигдсөн эрхийг хамгаалж болно” гэж заасны дагуу Даран-Уул аймгийн засаг дарга нь хуульд заасан хугацааны дотор гомдлын шаардлага гаргаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай байх тул уг хугацааг сэргээж шийдвэрлэх нь зүйтэй байна” гэсэн дүгнэлт хийсэн нь хуульд нийцээгүй хэт нэг талыг барьсан үндэслэлгүй дүгнэлт хийсэн гэж үзэж байгаа бөгөөд шүүх нэхэмжлэгч тал хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн нь “хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна” гэж дүгнэхдээ чухам ямар баримтаар хэрхэн тогтоогдож байгаа, ямар хүндэтгэн үзэх шалтгаан байсныг тогтоогоогүй.

Хэрэв захиалагч тал хуульд заасан үүргээ биелүүлж барилга барихаас өмнө барилга барих газрын хөрснөөс геологийн хөрс, усны шинжилгээ хийлгэж дүгнэлт гаргасан бол тухайн барилгад цууралт үүсэж доголдол гарахгүй байсан. Хариуцагч талаас хөрсний шинжилгээ хийлгэж дүгнэлт гаргуулах талаар шүүхэд хандаж хүсэлт гаргасныг шүүгчийн захирамжаар хангаж шийдвэрлэсэн боловч хариуцагч төлбөрийн чадваргүй байсны улмаас шинжээчээр томилогдсон “Таван ус “ХХК-ны шинжээчийн дүгнэлт гаргах зардлыг төлж чадахгүй байсны улмаас анхан шатны шүүх хөрсний шинжилгээ хийлгэх шинжээч томилсон шүүгчийн захирамжийн биелэлтийг хангаагүй нь хэргийн оролцогчийн хуульд заасан эрхийг хангаагүй. хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж хариуцагчийн зүгээс үзэж байгаа болно.

Шүүх шийдвэрийнхээ Тогтоох хэсэгт нэхэмжлэгчийн хөөн хэлэлцэх хугацааг сэргээсэн талаарх заалт оруулах ёстой байсан боловч оруулаагүй.

Нэхэмжлэлийн шаардлага болох 18 сая төгрөг нь чухам гэрээний үүргээс үүссэн хохирол уу эсвэл доголдлыг арилгах зардал уу эсвэл нөхөн төлбөр үү гэдгийг тодруулаагүй ямар зорилгоор 18 сая төгрөг гаргуулах гээд байгаагаа нэхэмжлэгч тал ч тайлбарлаагүй байхад шүүх ямар үндэслэлээр 18 сая төгрөг хариуцагчаас гаргуулах болсон үндэслэлээ тогтоогоогүй гэж үзэж байгаа тул дээр дурдсан үндэслэлүүдээр хэргийг бүхэлд нь хяна үзэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

            Шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр буцааж  шийдвэрлэлээ.

Учир нь: нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байхад хэргийг шийдвэрлэсэн  шүүгчийн  2534 дүгээр захирамжид заагдсан ажиллагаа хийгдээгүй  байна.

            Нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Засаг даргаас хариуцагч “М- Х-” ХХК-д  холбогдуулан 18.000.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч  маргажээ.

            Дархан-Уул аймгийн Засаг дарга \захиалагч\ “М- Х-” ХХК \гүйцэтгэгч\ нарын  хооронд 2007 оны 10 дугаар сарын 19-ны өдөр Орхон сумын Цагдаагийн хэсгийн   барилгын ажлыг гүйцэтгэх ГТ-05\02 тоот гэрээ байгуулагджээ.

Гэрээний  төсөвт өртгийг 18.000.000 төгрөгөөр тогтоожээ.

Гэрээний дагуу барилгын ажил  2007 оны 10 дугаар сарын 19-ны өдрөөс 12 дугаар сарын 26-ны өдөр хүртэл хугацаанд хийгдэж, 12 дугаар сарын 05-ны өдөр Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын  акт  гарч  12 дугаар сарын  29-ний өдрөөс эхлэн ашиглалтад  оруулахыг зөвшөөрсөн байна.

Тус өдрөөс хойш уг барилгыг Дархан-Уул аймгийн Цагдаагийн  газар эзэмшиж, үйл ажиллагаа  явуулж байжээ.

Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын  2009 оны 04 дүгээр сарын  03-ны өдрийн  2\643 дугаартай хүсэлтийн дагуу аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2009 оны 05 дугаар сарын 01-ний  өдрийн  36\17\456,   2012 оны  02 дугаар сарын 08-ны өдрийн  36\29\59 тоот  гүйцэтгэсэн ажлын чанарын доголдолтой холбоотой дүгнэлтүүдийг  гаргасан байна.

Дээрх дүгнэлтүүдэд үндэслэн нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргасан харин  нэхэмжлэлийн шаардлагаа гэрээний үнийн дүнгийн хэмжээгээр 18.000.000 төгрөг  гаргуулах гэжээ.

Үүнээс  үзвэл  нэхэмжлэлийн  шаардлага  нь  тодорхой бус  байна.

Өөрөөр хэлбэл  мөнгө гаргуулах шаардлага нь  гэрээний үүргийн биелэлтийг эсхүл гэрээнээс татгалзсаны үр дагаврыг, гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн төлөөх хариуцлагын  гэх зэргээр  тодорхой байх  шаардлагатай.

Нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүйгээс шүүх хэрэглэх ёстой хуулийг зөв хэрэглэх, болсон үйл баримтад зөв дүгнэлт өгөх боломжгүй болдог.

Нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байвал шүүх түүнийг тодруулах  үүрэгтэй.

Хариуцагч нь “...Орхон суманд баригдсан Цагдаагийн хэсгийн байрны барилгын доорх газрын хөрсөнд  шинжилгээ  хийж тухайн газар нь хөрсний цэвдэгшилтэй эсэх, барилга барьсан тохиолдолд суулт үүсэх эсэхийг тогтоолгох...”-оор шинжээч   томилуулах хүсэлт гаргасныг, шүүх  шаардлагатай гэж үзэн  хүлээн  авч  2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 2534 дүгээр захирамжаар “Таван үндэс”  ХХК-ийг шинжээчээр томилсон, \хэргийн 1 дүгээр хавтас 174 дүгээр тал\ уг захирамжийн заалт   биелэгдээгүй  байхад хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуульд заасан  хэргийн  оролцогчийн эрхийг ноцтой зөрчжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  6 дугаар зүйлд зааснаар  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа мэтгэлцэх буюу талуудын тэгш эрхийг зарчимд үндэслэн явагдах бөгөөд  аливаа маргаан түүнийг  шүүхээр  шийдвэрлэх ажиллагаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулиар тогтоосон журмын дагуу явагдах ёстой.

Шүүхийн дээрх алдааг  давж  заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй  гэж  шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдолд дүгнэлт  хийгээгүй болохыг дурдаж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 1165 дугаар шийдвэрийг  хүчингүй болгож, хэргийг дахин  шийдвэрлүүлэхээр  тус шүүхэд буцаасугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн  162.4-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 247.950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

                           

 

          

              ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧИЙН

                        АЛБАН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН

                                                   ГҮЙЦЭТГЭГЧ                                 О.НАРАНГЭРЭЛ

                                                         ШҮҮГЧИД                                 Л.АМАРСАНАА

                                                                                                           С.ЭНХЖАРГАЛ