Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2021/01536

 

 

Д-ын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Б.Мөнхтуяа, Х.Сонинбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 1165 дугаар шийдвэр,

 

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 11 дүгээр магадлалтай,

 

Д-ын нэхэмжлэлтэй,

“М” ХХК-д холбогдох,

 

18,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтуяагийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

 

Шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтуяа, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х, прокурор Ш.Одонсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч Д-а болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Д-а Д.Х “М” ХХК-ийн захирал Р.Б нарын баталсан Орхон сумын Цагдаагийн хэсгийн /кабон/ барилгын ажлыг гүйцэтгэх гэрээг 2007.10.19-ний өдөр ГТ-05/02 дугаартай байгуулж, гүйцэтгэгчийг төлөөлж С.Б гарын үсэг зурсан. Тус тендерт оролцох хүсэлтээ “М” ХХК-ийн 2007.09.25-ны өдрийн 08 дугаар албан бичгээр холбогдох 47 хуудас бүхий материалын хамт ирүүлсэн ба уг албан бичигт захирал Р.Б өөрөө гарын үсэг зурж байгууллагын тамгыг дарсан байдаг. Гэрээний нийт дүн 18 сая төгрөг, ажил гүйцэтгэгч нь барилгын ажлыг 2007.10.19-ний өдөр эхэлж, 2007.12.26-ны өдөр ашиглалтад оруулахаар улсын комисст хүлээлгэн өгсөн бөгөөд барилга байгууламжийг ашиглалтад оруулах техникийн комисс 2007.12.05-ны өдрийн 13 дугаар акт, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын 2007.12.05-ны өдрийн 14 тоот актаар барилгыг 2007.12.29-ний өдрөөс эхлэн ашиглалтанд оруулахыг зөвшөөрсөн. Тус барилга нь аймгийн Цагдаагийн газрын эзэмшилд байгаа болно. Аймгийн цагдаагийн газрын 2009.04.03-ны өдрийн 2/643 тоот албан бичгээр хүргүүлсэн хүсэлтийн дагуу аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч үзлэг хийхэд ажлын өрөө болон сууцны өрөөнүүдийн гипсэн хавтангууд ховхорч унасан, гадна хана шавардлага, тамбарын хэсгээр хагарсан байна. Энэ нь дотор заслын ажил технологийн дагуу хийгдээгүй, барилгын чийг хатаагүй байхад гипсэн хавтангаар дүүжин тааз хийснээс болсон гэж үзээд Барилгын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.3-т Барилга байгууламжийн чанарын баталгаат хугацаа дуусаагүй байхад өөрийнх нь буруутай үйл ажиллагааны улмаас үүссэн чанарын зөрчлийг өөрийн зардлаар арилгах гэсэн заалтын дагуу барилгын чанарын баталгаат хугацаанд илэрсэн зөрчлүүдийг арилгуулах шаардлагатай гэсэн 2009.05.01-ний өдөр 36/17/456 тоот дүгнэлтийг гаргасан. 2009 онд “М” ХХК-иас засвар хийсэн боловч барилгад хагарал үүссэн тул аймгийн Цагдаагийн газрын 2012.02.07-ны өдрийн 3/265 дугаартай албан бичгээр хүргүүлсэн хүсэлтийн дагуу аймгийн Мэргэжлийн хяналтын газрын шалгалт хийхэд гал тогооны өрөөний цонхны доод төвшингөөс суурь хүртэл, ялуунаас дээврийн банзан эмжээр хүртэл шаталсан хэлбэрээр 1-1,3 см өргөнтэй хагарсан, энэ хэсэгт сууринд цууралт үүссэн, барилгын үндсэн ханын хоорондын өрөг гэмтэж салсан, сууц ажлын өрөөг тусгаарласан 25 см-ийн зузаантай тоосгон хана 3.5 м урттай 0,1-1.2 см хүртэл өргөнтэй нэвт хагарсан, гал тогоо, амрах өрөө хоорондын 12 см-ийн зузаантай хана гадна ханаас хөндийрч өдрийн туршид 1-2 см зузаантай зааг гарсан, өрөө тасалгааны хаалганы, цонхны ялууны төвшинд ташуу цууралт үүссэн байдалтай байсан ба Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчаас дээр дурдсан гэмтлүүд нь Барилгын тухай хуулийн 9 дүгээр зүйл, барилгад тавигдах шаардлагын Хүний ажиллаж амьдрах таатай нөхцөл бүрдүүлсэн, түүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, аюулгүй байдлыг хангасан байх”, 9.1.1 дэх заалтын ашиглалтын шаардлагыг хангаагүй гэсэн 2012.02.08-ны өдрийн 36/29/59 дугаартай дүгнэлтийг гаргасан. Мөн тус байранд хүн ажиллаж, амьдрахгүй байх, үйл ажиллагаа явуулахыг түр хугацаагаар зогсоох нь зүйтэй гэж шийдвэрлэсэнЧанар муутай барилга барьсан асуудалд М ХХК-ийн даамал ажилтай С.Бт эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж гэм буруутай нь тогтоогдсон боловч Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай 2009 оны хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн 201209000225 тоот хэрэг нь хэрэгсэхгүй болж шийдвэрлэгдсэн. Орхон сум дахь Цагдаагийн кабоныг ашиглах баталгаат хугацааны явцад чанарын гологдол нь илэрсэн ба 2012 оноос одоог хүртэл ашиглах боломжгүй байгаа болно. Аймгийн Цагдаагийн газраас уг асуудлаар Сум дундын шүүхэд хандан 2013.11.13-ны өдрийн шүүгчийн 3844 дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн боловч Сум дундын 7 дугаар шүүхийн шүүгчийн 2015 оны 05 дугаар сарын 1636 дугаар захирамжаар нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд биш гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон байна. Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт заасны дагуу аймгийн Цагдаагийн газраас гомдлын шаардлага гаргах хугацаанд /3 жил/ болон Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах улсын комиссын актанд дурдсан /2жил/ хугацаанд шүүхэд хандсан ба аймгийн Засаг даргаас дээрх хуулийн 349.2-т Хууль буюу гэрээнд баталгаат хугацааг заасан бөгөөд уг хугацааны дотор ажлын дутагдлыг илрүүлсэн бол гомдлын шаардлага гаргах хугацааг дутагдал илрүүлсэн өдрөөс эхлэн тоолно гэж заасны дагуу гомдлын шаардлагыг гаргаж байгаа болно. Сум дундын 7 дугаар шүүхийн шүүгчээс 2014.03.06-ны өдрийн 380-4616 тоот захирамжаар шинжээчээр Арлын ам ХХК-ийг томилон, Орхон суманд баригдсан Цагдаагийн хэсгийн байрыг чанаргүй баригдсан гэж үзсэн ГМ05/02 дугаартай барилгын зургаар одоо уг барилгыг шинээр дахин барихад хэдий хэмжээний төсөв шаардлагатай болохыг тогтоож өгнө үү гэсэн хүсэлтийг тавьсан байх ба барилгыг одоо барихад 135,912,038 /Нэг зуун гучин таван сая есөн зуун арван хоёр мянга гучин найм/ төгрөгийн өртөгтэй болохыг тодорхойлсон. Орхон сумын Засаг дарга болон иргэдээс уг барилгыг бариулах шаардлагыг удаа дараа гаргаж байна. Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.1 дэх хэсэгт заасны дагуу захиалагчийн шаардлага гаргах эрхийн дагуу ажлыг шинээр гүйцэтгүүлэхэд шаардагдах зардал 135,912,038 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрээний үнийн дүнгийн хэмжээгээр буюу 18,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна гэжээ.

 

Хариуцагч “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтуяа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ...Нэхэмжлэгч тал хэдийгээр нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан боловч уг нэхэмжлэлийн шаардлагыг гаргах шаардах эрхгүй байна. Учир нь нэхэмжлэгч тал Иргэний хуулийн 349 дүгээр зүйлд заасан гомдлын шаардлага гаргах хугацаанд гомдлын шаардлага гаргаагүй байгаа тул хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна гэж хариуцагчийн зүгээс үзэж байна. Тодорхой тайлбарлавал Д-а Д.Х М ХХК-ийн захирал Р.Б нар 2007.10.19-ний өдөр Орхон сумын Цагдаагийн хэсгийн барилгын ажлыг гүйцэтгэх гэрээг байгуулсан байх бөгөөд 2007.12.05-ны өдөр уг барилгыг улсын комисс хүлээн авсан байдаг. Барилгыг улсын комисс хүлээн авсан 2007.12.05-ны өдрөөс эхлэн Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1-д заасан Барилга байшингийн ийм дутагдлын талаар ажил хүлээн авснаас хойш гурван жилийн дотор гомдлын шаардлага гаргаж болно гэсэн хугацаа эхэлсэн байх бөгөөд энэ гурван жилийн хугацаа 2010.12.05-ны өдөр дууссан байна. 2010.12.05-ны өдрийг хүртэл гэрээний захиалагч тал болох Д-ын зүгээс гүйцэтгэгч тал болох М ХХК-д хандаж ямар нэгэн гомдлын шаардлага гаргаагүй байна. Д 2009.04.03-ны өдрийн албан тоотоор Дарханул аймгийн Мэргэжлийн хяналтын газарт хандсаны дагуу Мэргэжлийн хяналтын газар 2009.05.01-ний өдөр 36/17/456 тоот дүгнэлт гаргаснаар Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.2-т заасан Хууль буюу гэрээнд баталгаат хугацаа заасан бөгөөд уг хугацааны дотор ажлын дутагдлыг илрүүлсэн бол гомдлын шаардлага гаргах хугацааг дутагдал илрүүлсэн өдрөөс эхлэн тоолно гэсний дагуу 349.1-д заасан гомдлын шаардлага гаргах хугацаа дутагдал илрүүлсэн өдөр буюу 2009.05.01-ний өдөр эхэлсэн гэж үзвэл энэ хугацаа 2012.05.01-ний өдөр дууссан байна. 2012.05.01-ний өдрийг хүртэл Д-ын зүгээс М ХХК-д хандан ямар нэгэн гомдлын шаардлага гаргаагүй байх тул 2012.05.01-ний өдрөөс эхлэн Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.3-т заасан Энэ зүйлд заасан гомдлын шаардлага гаргах хугацаа дууссан өдрөөс эхлэн хөөн хэлэлцэх хугацааг тоолно гэсний дагуу Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэх хугацаа нь 2012.05.01-ээс эхэлж 2015.05.01-ний өдөр дууссан байна. Гэтэл Д-ын зүгээс 2015.05.01-ний өдрийг хүртэл М ХХК-д хандаж ямар нэгэн гомдлын шаардлага гаргаагүй бөгөөд 2015.07.09-ний өдөр анх шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан буюу дээр дурдсан хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссанаас хойш шүүхэд хандсан байх тул 2007.10.09-ний өдрийн Ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхээ алдсан байна. Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1-д Ажил гүйцэтгэгч гэрээний нөхцөлийг зөрчсөн буюу гүйцэтгэсэн ажилд ямар нэгэн доголдол байвал захиалагч энэ тухай гомдлын шаардлагыг хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил хүлээн авснаас хойш зургаан сарын дотор, хэвийн байдлаар хүлээн авах үед илрүүлэх боломжгүй дутагдлын тухай гомдлын шаардлагыг ажил хүлээн авснаас хойш нэг жилийн дотор гаргана. Барилга байшингийн ийм дутагдлын талаар ажил хүлээн авснаас хойш гурван жилийн дотор гомдлын шаардлага гаргаж болно” гэж зааснаас үзэхэд ажил гүйцэтгэх гэрээний талаарх гомдлын шаардлагыг зөвхөн гэрээний талууд болох захиалагч, гүйцэтгэгч гаргахаар хуульчилсан байна. Гэтэл хэрэгт авагдсан нотлох баримтаар гүйцэтгэсэн ажлын дутагдлын талаарх гомдлын шаардлагыг гэрээний захиалагч тал биш харин уг барилгыг ашиглаж байсан гэрээний оролцогч биш этгээд буюу Д захиалагч талд хандан гаргаж байсан нь Дарханул аймгийн мэргэжлийн хяналтын газрын дүгнэлтүүдээр нотлогдож байх тул гэрээний оролцогч биш этгээдээс гаргасан гомдлын шаардлагыг Иргэний хуулийн 349 дүгээр зүйлд заасан гомдлын шаардлага гаргасан гэж үзэх үндэслэл байхгүй болно. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл Д-ын зүгээс 2015.07.09-ний өдрийг хүртэлх буюу шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл 8 жилийн хугацаанд М ХХК-д хандаж ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой гомдлын шаардлага нэг ч удаа гаргасан баримт байдаггүйгээс гадна захиалагч тал буюу Д-а анх гэрээ хийхдээ Барилгын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д заасан Барилга байгууламж барих газрын зөвшөөрөл авах, техникийн нөхцөл бүрдүүлэх, зураг төсөл захиалах, 15.1.6-д заасан Барилгын зураг төсөл, барилгын ажилд хөндлөнгийн хяналт хийлгэх, 15.1.7-д заасан Барилга байгууламжийн баталгаат хугацаанд илэрсэн зөрчлийг арилгуулах мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1-д заасан инженер-геологийн судалгааны дүгнэлт гаргуулах үүргүүдээ биелүүлээгүйгээс болж тухайн барилга барих газрын хөрс нь ус чийг ихтэй байснаас болж цэвдэгшилт үүсч барилгыг ашиглах явцад ханаар нь цан цохиж цууралт хагарал үүссэн талаар МХГ-ын 2012.02.08-ны өдрийн 36/29/59 тоот дүгнэлтэнд: ..Гал тогооны өрөөний цонхны доод төвшингөөс суурь хүртэл, ялуунаас дээврийн банзан эмжээр хүртэл шаталсан хэлбэртэй 1-1.3 см өргөнтэй хагарсан, энэ хэсэгт сууринд цууралт үүссэн, ажлын өрөөг тусгаарласан 25 см-ийн зузаантай тоосгон хана 3.5м урттай нэвт хагарсан гэж дурдсан мөн уг барилгыг ашиглалтанд өгсний дараа дотор нь амьдарч байсан Орхон сумын хэсгийн төлөөлөгч Б.Ган-Эрдэнийн мэдүүлэг /хх-ийн 54-р тал/ зэрэг баримтуудаар нотлогддог... гэжээ.

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 1165 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.1-д зааснаар хариуцагч М ХХК-иас 18,000,000 /арван найман сая/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д-ад олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Д-ыг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч М ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 247,950 /хоёр зуун дөчин долоон мянга есөн зуун тавин/ төгрөгийг гаргуулж, төрийн сангийн орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

 

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 11 дүгээр магадлалаар: Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 1165 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тус шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 247,950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтуяа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: З.Энхтуяа миний бие Д-ын нэхэмжлэлтэй “М” ХХК-д холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2019.12.16-ны өдрийн 1165 тоот шийдвэр, Дархан-Уул аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.02.19-ний өдрийн 11 тоот магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг хяналтын журмаар гаргаж байна. 1165 тоот шийдвэр, 11 тоот магадлал нь “Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” хуулийн шаардлагыг хангаагүй буюу анхан болон давж заалдах шатны шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй гэж үзэж байгаа дараах үндэслэл байна. Маргааны зүйл болж буй ажил гүйцэтгэх гэрээ нь Д-а “М” ХХК-ийн хооронд байгуулагдсан бөгөөд Цагдаагийн газар нь уг гэрээнд оролцоогүй, гэрээгээр барьж байгуулсан Орхон сум дахь Цагдаагийн хэсгийн /кабон/ барилгыг барьж байгуулсны дараа Засаг даргын зүгээс Цагдаагийн газрын өмчлөл, эзэмшил, ашиглалтанд хүлээлгэн өгсөн баримт хэрэгт авагдаагүй байдаг. Нэхэмжлэгч тал болох Д-а уг нэхэмжлэлийн шаардлагыг гаргах шаардах эрхээ алдсан байхдаа нэхэмжлэл гаргасан /хөөн хэлэлцэх хугацаа дууссан/ гэж хариуцагч тал маргаж энэ талаар маш тодорхой тайлбарыг шүүхэд гаргасан бөгөөд анхан шатны шүүх хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа нэхэмжлэгч шүүхэд хандсаныг хүлээн зөвшөөрсөн атлаа үндэслэлгүйгээр уг хугацааг сэргээсэн гэж үзэж байна. Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1-д зааснаас үзэхэд ажил гүйцэтгэх гэрээний талаарх гомдлын шаардлагыг зөвхөн гэрээний талууд болох захиалагч, гүйцэтгэгч гаргахаар хуульчилсан байна. Гэтэл хэрэгт авагдсан нотлох баримтаар гүйцэтгэсэн ажлын дутагдлын талаарх гомдлын шаардлагыг гэрээний захиалагч тал биш харин уг барилгыг ашиглаж байсан гэрээний оролцогч биш этгээд буюу Иргэний хуулийн 349 дүгээр зүйлд заасан гомдлын шаардлага гаргасан гэж үзэх үндэслэл болохгүй болно. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл Д-ын зүгээс 2015.07.09-ний өдрийг хүртэлх буюу шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл 8 жилийн хугацаанд “М” ХХК-д хандаж ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой гомдлын шаардлага нэг ч удаа гаргасан баримт байдаггүй. Нэхэмжлэгч хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсний дараа шүүхэд нэхэмжлэл гаргах тохиолдолд эхний ээлжинд хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх талаар шүүхэд хүсэлт гаргаж уг хүсэлтийг шүүх хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзэн хангаж шийдвэрлэсэн тохиолдолд шүүхэд нэхэмжлэл гаргах ёстой байсан. Гэтэл анхан шатны шүүх хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа нэхэмжлэл гаргасан талаар шийдвэрийнхээ “Үндэслэх” хэсэгт хийсэн дүгнэлтэндээ: “Нэхэмжлэгч Д-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр “...ажил гүйцэтгэх гэрээний дагуу баригдсан Цагдаагийн байрыг ашиглалтанд оруулснаас хойшхи хугацаанд Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын өмчлөл ашиглалтанд өгсөн бөгөөд тухайн цагдаагийн байранд илэрсэн доголдлын талаар Д шаардлага гаргасан. Д-а тухайн “М” ХХК-иар бариулсан Цагдаагийн байранд доголдол илэрсэн талаар мэдээгүй, Д нь ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотой шаардлага гаргах эрхгүй гэж шийдвэрлэсэн тус шүүхийн шүүгчийн 2015.05.07-ны өдрийн 1636 дугаар захирамж гарснаар Д-а мэдэж, энэ талаар нэхэмжлэлийг шүүхэд 2015.07.09-ний өдөр гаргасан...” гэж хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааны дотор ажил гүйцэтгэх гэрээний дагуу шаардлага гаргаагүй шалтгаанаа тайлбарласан бөгөөд энэхүү тайлбар нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.4-т “Шүүх ...хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснийг хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзвэл уг хугацааг сэргээж, зөрчигдсөн эрхийг хамгаалж болно” гэж заасны дагуу Д-а нь хуульд заасан хугацааны дотор гомдлын шаардлага гаргаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай байх тул уг хугацааг сэргээж шийдвэрлэх нь зүйтэй байна” гэсэн дүгнэлт хийсэн нь хуульд нийцээгүй хэт нэг талыг барьсан үндэслэлгүй дүгнэлт хийсэн гэж үзэж байгаа бөгөөд шүүх нэхэмжлэгч тал хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн нь “хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна” гэж дүгнэхдээ чухам ямар баримтаар хэрхэн тогтоогдож байгаа, ямар хүндэтгэн үзэх шалтгаан байсныг тогтоогоогүй, нэхэмжлэгчийн зүгээс хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх хүсэлт гаргаагүй, ямар хүндэтгэн үзэх шалтгаан байснаа нотлоогүй байхад үндэслэлгүйгээр хөөн хэлэлцэх хугацааг сэргээж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс үзэж байгаа болно. Гэтэл давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн шаардах эрх дуусгавар болсон буюу хөөн хэлэлцэх хугацаа дууссан хойно шүүхэд нэхэмжлэл гаргасан, анхан шатны шүүх хөөн хэлэлцэх хугацааг үндэслэлгүйгээр сэргээсэн асуудалд дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох байтал энэ талаар дүгнэлт хийгээгүй нь хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хяналтын шатны шүүх бүрэлдэхүүнээс хүсэж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцжээ.

Нэхэмжлэгч Д-а нь “М” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт 18,000,000 төгрөг гаргуулахаар шаардан, ...“М” ХХК нь Орхон сумын Цагдаагийн хэсгийн /кабон/ барилгын ажлыг хийж гүйцэтгэсэн. ...аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2009.05.01-ний өдрийн 36/17/456, 2012.02.08-ны өдрийн 36/29/59 дугаартай дүгнэлтүүдээр барилгын ажил технологийн дагуу хийгдээгүй, тус барилгыг ашиглах боломжгүй талаар дүгнэсэн” гэж маргасан байна.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Давж заалдах шатны шүүхийн, нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй, төлбөр гаргуулах шаардлага нь гэрээний үүргийн биелэлтийг шаардсан, эсхүл гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйгээс учирсан хохирлыг нөхөн төлүүлэх зэргээр тодорхой байх шаардлагатай, түүнчлэн шинжээч томилсон захирамжийн заалт хэрэгжээгүй байхад анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн гэсэн дүгнэлт үндэслэлтэй байна. 

 

Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, “...Орхон сумын Цагдаагийн хэсгийн /кабон/ барилгын ажлыг ажил гүйцэтгэх гэрээ болон захиалагчийн гаргасан зургийн дагуу барьсан, барилга барьсан газар нь цэвдэгшилтэй газар учраас барилгын чанарт нөлөөлсөн...” гэж марган, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээч томилуулах хүсэлт гаргажээ.

 

Шүүх хариуцагчийн гаргасан хүсэлтийг хүлээн авч, 2016.04.15-ны өдрийн 2534 дүгээр захирамжаар Орхон сумын Цагдаагийн хэсгийн /кабон/ барилгын доорх газрын хөрсөнд шинжилгээ хийж, тухайн газар нь хөрсний цэвдэгшилтэй эсэх, барилга барьсан тохиолдолд суулт үүсэх эсэхийг тогтоолгохоор “Таван үндэс” ХХК-ийг шинжээчээр томилсон, гэвч шинжээч ямар шалтгаанаар дүгнэлт гаргаагүй нь тодорхойгүй, улмаар шүүх 2018.03.28-ны өдрийн 1446 дугаар захирамжаар Барилгын хөгжлийн төвийг шинжээчээр томилсон боловч тухайн байгууллага дүгнэлт гаргахаас татгалзсан байна. Гэтэл анхан шатны шүүх хариуцагчийн шинжээч томилуулж дүгнэлт гаргуулах хүсэлтийг шийдвэрлэхгүйгээр хэргийг шийдвэрлэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д заасныг зөрчсөн байна.

 

Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 79.7-д Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана, хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолохыг, 84 дүгээр зүйлийн 82.4-т хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснийг хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзвэл түүнийг сэргээж, зөрчигдсөн эрхийг хамгаалж болохыг тус тус хуульчилсан.

 

Хариуцагчаас ...Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1-д заасан гомдлын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж маргасан байх ба шүүх энэ үндэслэлд хууль зүйн дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх шаардлагатай байна.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулан, талуудын хооронд үүссэн маргааныг зөв тодорхойлж, нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан журмын дагуу цуглуулж, үнэлэн, мөн хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т заасан шийдвэрийн аль нэгийг гаргавал зохино. 

 

Иймд магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:  

 

1. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 11 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 247,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

 

    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ЦОЛМОН

                           ШҮҮГЧИД                                                       Г.БАНЗРАГЧ

                                                                                                   П.ЗОЛЗАЯА

                                                                                                   Б.МӨНХТУЯА

                                                                                                   Х.СОНИНБАЯР