| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Чагдаагийн Хосбаяр |
| Хэргийн индекс | 188/2017/0161/Э |
| Дугаар | 157 |
| Огноо | 2019-04-05 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Д.Батцэнгэл |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2019 оны 04 сарын 05 өдөр
Дугаар 157
Б.Г-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын цагаатгал хариуцсан хяналтын прокурор Ц.Батцэнгэл, нарийн бичгийн дарга Н.Энхжил нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн ардын шүүх таслах газрын 1937 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн хурлын 28 дугаар тогтоолтой, Б.Г-д холбогдох хэргийг прокурорын дүгнэлтийг үндэслэн 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.
1937 оны байдлаар 20 настай, лам, Архангай аймгийн Хотонт сумын 8 дугаар багийн харьяат, ам бүл 4, эвлэлийн гишүүн бус, бичиг үсэг мэдэхгүй, сонгуулийн эрхтэй, Өвсний станцад ажилтай байсан, Архангай аймгийн ардын шүүх таслах газрын 1937 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 28 дугаар тогтоолоор 10 жил хорих ял шийтгүүлсэн, Б-ийн Г нь “Монгол Улсын эдийн засаг, аж ахуйн нэгэн чухал бөгөөд шинээр байгуулж буй чухал станцын байгууллагын хөгжилтийн ажил хэрэгт хувьсгалын эсэргүү хор хөнөөлийг хүргэх даалгаврыг эсэргүү Г-оос дуртайгаар хүлээн авч, түүний даалгасан галдан шатаах ажлыг биелүүлэхийн төлөө тэмцэж, станцын өвс баглах машины моторыг унтраах, масло тосыг асгах хийгээд тосны савыг эвдэх, ажлын цагт ажилчдыг үймүүлэх ба тус станцын нэр алдрыг ард олонд хүндгүй болгохын тулд элдэв эсэргүү, гүтгэлэг цуурхлыг гаргаж, Чойжамцын хамтаар тус станцын 10,980 төгрөгийн үнэ бүхий өвс хадланг санаатайгаар галдан шатаасан” гэх гэмт хэрэгт холбогджээ.
Архангай аймгийн ардын шүүх таслах газрын 1937 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 28 дугаар тогтоолоор Шүүх цаазны бичгийн 45 дугаар зүйлд зааснаар Б.Г-г 10 жил хорих ял оногдуулсан байна.
Хяналтын шатны шүүхэд Улсын ерөнхий прокурорын газрын цагаатгал хариуцсан хяналтын прокурор Ц.Батцэнгэл гаргасан дүгнэлт болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Б.Г-г галдан шатаах хэрэгт оролцоогүй байхад улс төрийн хэрэгт санаатайгаар холбогдуулан хилсээр шийтгэсэн нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд: Б.Г, Л.Ч нарыг нүүрэлдүүлэн байцаагаагүй ба өвс шатах үед байсан гэх ажилчдаас байцааж мэдүүлэг гаргуулаагүй байна. Л.Чойжамц эхний мэдүүлэгтээ: “... багласан өвс шатдаг эсэхийг туршиж үзэхийн тулд чүдэнз зурж орхиод нэлээн явтал Галсансамбуугаас “хөөе, хөөе өвс шатлаа” хэмээхэд эргэж очоод унтраах хэмээн оролдоод чадаагүй учраас тус станцын багласан 1 том нуруу өвсийг шатаасан ...” гэж мэдүүлсэн боловч 7 хоногийн дараа мэдүүлсэн 2 дахь мэдүүлэгтээ “... Гонжооноос галын аюулыг өвсний станцад тавих явдлыг даалгасан даруйд дуртай зөвшөөрч, бэлтгэлийг хийж байгаад тус станцын өвсөнд гал тавьсан нь чин үнэн ...” хэмээн мэдүүлсэн, Б.Г эхний мэдүүлэгтээ: “Ч-тай хамт гал тавиагүй” гэж мэдүүлсэн байх боловч 22 хоногийн дараа 3 дахь мэдүүлэгтээ “...миний бие тус станцын үлэмжхэн өвсийг галдан шатаасан ба шатаалцсан хэрэгт ногдох ялыг өршөөн хөнгөтгөж өгөхийг хүсэхээс өөр мэдүүлэх зүйлгүй” хэмээн мэдүүлсэн. Мөн Б.Г-гаас Дотоод явдлын яамны Улсыг аюулаас сахиж хамгаалах газрын даргад 1940 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хилс ташаа хэрэгт шийтгэгдсэн талаараа гаргасан хүсэлтэд: Гомбосүрэнгээс миний биеийг байцаахдаа хууль бус аргуудыг хэрэглэж, ... зодсон ба сандлаар цохих, шөнө гадаа дан хувцастай цасан дээр зогсоох, чиний мэдүүлэг гэж өөрийн санааны дур зоргоороо худал бичсэн зүйлүүдийг бичиж албан хүчээр гарын эрхий хурууны өндөг дээр улаан чернил түрхэж тавиулсан ба ийм албанаа ёсоор хүлээлгэх нь жанжин Чойбалсангийн тушаал болно гэсэн. Үнэнээ мэдүүлсээр байтал шууд тулган хүлээлгэж улмаар аймгийн шүүх таслах газарт шилжүүлсэн бөгөөд ... олны өмнө үнэнээ хэлээгүй гэж 10 жил хорих ял оногдуулсан. Миний энэ ташаа холбогдсон хэргийг дахин шалган өршөөж, суллаж өгнө үү” гэж дурдсан зэргээс үзэхэд түүнд хилс хэрэг тулган хүлээлгэж, Аливаа эрүүгийн хэргийг хэрхэн байцаах ба шийтгэх тухай хуулийг зөрчиж хэргийг мөрдөн байцааж, таслан шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Б.Г-д өөрийнх нь энэ хэрэгт оролцсон оролцоо байхгүй байхад бусдын санамсар болгоомжгүйгээр гал алдсан гэмт хэргийн санаа зорилгыг нь тогтоолгүйгээр зөвхөн Б.Г-гийн өөрийнх нь мэдүүлгийг үндэслэн, улс төрийн хэрэг гэж үзэж Шүүх цаазны бичгийн 45 дугаар зүйлд зааснаар хилсээр гэм буруутайд тооцож, хорих ял шийтгэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд Б.Г-д хорих ял оногдуулсан Архангай аймгийн ардын шүүх таслах газрын 1937 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн хурлын 28 дугаар тогтоолыг хүчингүй болгож, Б.Г-д холбогдох 2362 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгуулан, Б.Г-г цагаатгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйл, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсгийн заалтыг баримтлан прокурорын дүгнэлт бичсэн” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг сэргээн шалгах нь шүүхийн эцсийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан эсэхийг урьд мэдэгдээгүй байсан нөхцөл байдалд үндэслэн дахин хянаж буй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны онцгой үе шат бөгөөд шүүн таслах ажиллагаагаар шударга ёсыг хэлбэрэлтгүй тогтоох чухал баталгаа болж өгдөг.
Энэ ажиллагааны зорилго нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлэгч, оролцогч нарын хууль бус ажиллагаа, шүүхэд урьд мэдэгдээгүй байсан бусад нөхцөл байдлын улмаас алдаатай гарсан шүүхийн шийдвэрийг засаж залруулах байдлаар хүн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг тууштай хамгаалах явдал юм.
Хэргийг сэргээн шалгах үндэслэлд шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх үед бий болсон байсан боловч мэдэгдээгүй байгаад хожим илэрсэн шүүхийн дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлууд болон гэмт хэрэг, эрүүгийн хариуцлагыг үгүйсгэх хүчин чадалтай бөгөөд шүүх шийдвэр гарах үед бий болоогүй байгаад хожим үүссэн нөхцөл байдлууд бүгд хамаарна. Эдгээр нөхцөл байдлууд нь шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш тогтоогдсон байх ба шүүхийн шийдвэр үндэслэлтэй, хууль ёсны буюу шударга гарсан эсэхэд эргэлзээ төрүүлэх хэмжээнд байж хэргийг дахин шинээр хэлэлцэх үндэслэл болж чадна.
Шүүх хэргийн талаар эцсийн шийдвэр гарах үед бий болсон байсан шүүхэд мэдэгдээгүй нөхцөл байдлуудад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлэгч, эсхүл оролцогч нарын хууль бус ажиллагаа, тухайлбал гэрч, шинжээч, орчуулагч хуурамч мэдүүлэг, дүгнэлт, орчуулга санаатай гаргасан, шүүгч, прокурор, мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан нь эрх хэмжээгээ урвуулан ашигласан явдал хамаарч энэ нь хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээр нотлогдсон байх шаардлагатай бол хожим бий болсон нөхцөл байдал нь шүүхийн шийдвэрээс гадна Үндсэн хуулийн цэцийн шийдвэр, олон улсын хүний эрхийн болон бусад шүүхийн шийдвэрүүд болон Монгол Улс олон улсын гэрээ, конвенцид нэгдсэн, шинэ хууль тогтоомж баталсан зэргээр тогтоогдох боломжтой.
“Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай “ Монгол Улсын хууль 1998 онд батлагдаж уг хуулийн үйлчлэх хүрээнд хамаарах эрүүгийн хэргүүдийн хувьд шинэ нөхцөл байдлыг үүсгэсэн нь тухайн үеийн эрүүгийн хууль тогтоомжид заасан улс төрийн буюу төрийн эсрэг гэмт хэрэг, эрүүгийн хуульд шууд заагаагүй боловч намын эсрэг гэх хэргийг гүтгэлэг, бие махбодын болон сэтгэл зүйн хүчирхийлэл, албадлага зэрэг хууль бус аргаар зохиомлоор бүрдүүлсэн хэрэгт хууль бусаар холбогдуулж шүүх тусгай, онцгой бүрэн эрхт комиссын болон нам, төрийн бусад байгууллагын шийдвэрээр баривчлан мөрдөх, эрүүгийн ял шийтгэл эдлүүлэх, шүүхээс гадуур нутаг зааж суулгах, хууль бусаар эрх, эрх чөлөөг нь хязгаарлах, хасах замаар амь нас, эрүүл мэнд, нэр төр, сэтгэл санаа, эд хөрөнгийн хохирол учруулсан үйл ажиллагааг улс төрийн хилс хэрэгт хамааруулан хуульчилсантай холбоотой.
Монгол Улсын Их хурлаас батлан гаргасан дээрх хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дахь хэсгийн в-д шүүх, шүүхийг орлон ажилласан тусгай комисс, онцгой бүрэн эрхт комиссын шийдвэрээр 1934 оны “Шүүх цаазны бичиг”-ийн тусгай ангийн 1 дүгээр бүлгийн 42-50 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт ял шийтгүүлсэн нь хэргийг шинэ нөхцөл байдлын улмаас сэргээн хэлэлцэх үндэслэл болох талаар заажээ.
“Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай” хуульд заасан уг нөхцөл байдлууд нь зөвхөн хэргийг шинээр хэлэлцэх үндэслэл болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 41.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээсний дараа явагдах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг энэ хуульд заасан ердийн журмыг баримтлан явуулж, гэмт хэрэгт холбогдсон хүн, хуулийн этгээд гэм буруутай эсэхийг хянан шийдвэрлэнэ. Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон бол анхан шатны шүүх уг хэргийг дахин шийдвэрлэхдээ өмнөх шүүхийн шийдвэрийн заалтыг удирдлага болгохгүй.
Б.Г-д холбогдох хэргийг цагаатгал хариуцсан прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.4-д заасан “хуулийг илт буруу хэрэглэсэн шүүхийн шийдвэрийн улмаас хүний эрх зөрчигдсөн” гэсэн үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээх тухай дүгнэлтээ бичиж, хэргийг шүүхэд ирүүлсэн байна.
Б.Г нь “Монгол Улсын эдийн засаг, аж ахуйн нэгэн чухал бөгөөд шинээр байгуулж буй чухал станцын байгууллагын хөгжилтийн ажил хэрэгт хувьсгалын эсэргүү хор хөнөөлийг хүргэх даалгаврыг эсэргүү Гонжооноос дуртайгаар хүлээн авч, түүний даалгасан галдан шатаах ажлыг биелүүлэхийн төлөө тэмцэж, станцын өвс баглах машины моторыг унтраах, масло тосыг асгах хийгээд тосны савыг эвдэх, ажлын цагт ажилчдыг үймүүлэх ба тус станцын нэр алдрыг ард олонд хүндгүй болгохын тулд элдэв эсэргүү, гүтгэлэг цуурхлыг гаргаж, Чойжамцын хамтаар тус станцын 10,980 төгрөгийн үнэ бүхий өвс хадланг санаатайгаар галдан шатаасан” гэх гэмт үйлдэл болон үйл баримтыг нотолсон нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй, Шүүх цаазны бичгийн 45 дугаар зүйлд заасан гэмт хэргийн санаа зорилго, үйлдэл оролцоо нотлогдоогүй, гэмт хэргийн шинж тогтоогдоогүй байхад гэм буруутайд тооцож, ял шийтгэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Архангай аймгийн шүүн туслах газрын тогтоолд дурдсан дээрх үйлдлийг Б.Г-ийн хувьд эхний мэдүүлэгтээ хүлээн зөвшөөрөөгүй байхад Гонжооноос өгсөн даалгаврын дагуу өвсийг шатаасан хэмээн хүчээр хэрэг хүлээлгэж, уг ажиллагааг Чойбалсангийн тушаал мэтээр тайлбарлаж, гэм бурууг тогтоосон ямар ч нотлох баримтгүйгээр ял шийтгэсэн нь улс төрийн хилс хэрэгт ял шийтгүүлсэн гэж үзэх үндэслэл болно.
Иймд прокурорын дүгнэлтийг хүлээн авч, Архангай аймгийн ардын шүүх таслах газрын 1937 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн хурлын 28 дугаар тогтоолыг хүчингүй болгож, Б.Г-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгах хууль зүйн үндэслэлтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 4.2-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Архангай аймгийн ардын шүүх таслах газрын 1937 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн хурлын 28 дугаар тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр Б.Г-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Б-ийн Г-г цагаатгасугай.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧ Б.БАТЦЭРЭН
Д.ГАНЗОРИГ
Ч.ХОСБАЯР
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН