Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 00001

 

П.Б ХХК-ийн нэхэмжлэлтэй ХАМОДХ ТББ,

Баян-Овоо нөхөрлөл, Алтан-Од нөхөрлөлд тус тус холбогдох иргэний хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн  давж  заалдах шатны  шүүхийн Иргэний хэргийн  шүүх  хуралдааныг Ерөнхий шүүгч  М.Мөнхдаваа  даргалж, шүүгч Б.Болор-Эрдэнэ,  Г.Уламбаяр  нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн  шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Баянхонгор  аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2019 оны 09  дүгээр сарын 26-ны  өдрийн 131/ШШ2019/00697  дугаар  шийдвэртэй

            Нэхэмжлэгч П.Б  ХХК-ийн  нэхэмжлэлтэй   

            Хариуцагч Баянхонгор аймаг Баянхонгор сум Хувиараа ашигт малтмал олборлогчдыг дэмжих холбоо ТББ-аас тэсэлгээний ажил үйлчилгээний зардал  25.500.000 төгрөг,

Хариуцагч Баянхонгор аймаг Баянхонгор сум Ё.Ц ахлагчтай Баян-Овоо нөхөрлөлөөс тэсэлгээний ажил үйлчилгээ хийх хамтын ажиллагааны гэрээний төлбөр   762.100 төгрөг,

Хариуцагч Баянхонгор аймаг Баянхонгор сум Ш.Л ахлагчтай Алтан-Од нөхөрлөлөөс тэсэлгээний ажил үйлчилгээ хийх хамтын ажиллагааны гэрээний төлбөр 569.900 төгрөг гаргуулах тухай  нэхэмжлэлтэй   иргэний хэрэгт нэхэмжлэгч П.Б  ХХК-ийн   итгэмжлэгчдсэн төлөөлөгч Б.Бгийн  давж  заалдах  гомдлыг үндэслэн хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 28-ны   өдөр  хүлээн авч шүүгч Г.Уламбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч П.Б  ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б /онлайнаар/, хариуцагч Хувиараа ашигт малтмал олборлогчдын холбоо төрийн бус байгууллагын төлөөлөгч Б.Б, Алтан-Од нөхөрлөлийн ахлагч Ш.Л,  нарийн бичгийн дарга  В.Ундрах-Оргил  нар оролцов.

Нэхэмжлэгч Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 1 дүгээр хороо  П.Б  ХХК-аас  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэгт байрлах  П.Б ХХК нь  Хувиараа ашигт малтмал олборлогчдыг дэмжих холбоо төрийн бус байгууллагад бүртгэлтэй нөхөрлөлүүдтэй байгуулсан тэсэлгээний ажил, үйлчилгээ хийх хамтын ажиллагааны гэрээний төлбөрийг өдий хүртэл барагдуулаагүй. Дээрх төлбөрийг барагдуулахыг утсаар болон бичгээр удаа дараа шаардаж байсан боловч өнөөдрийг хүртэл төлбөр огт хийгдээгүй байна.

Иймд тэсэлгээний ажил, үйлчилгээ хийх хамтын ажиллагааны гэрээний дагуу нийлүүлсэн бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний  үндсэн төлбөр 41.329.191,67 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 842.765,88 төгрөг, нийт 42.171.957 төгрөгийг Хувиараа ашигт малтмал олборлогчдыг дэмжих холбооноос  гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 1 дүгээр хороо  П.Б ХХК-аас  2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:

П.Б ХХК нь Хувиараа ашигт малтмал олборлогчдыг дэмжих холбоо  болон түүнд бүртгэлтэй нэр бүхий 20 нөхөрлөл болон түүний ахлагч нартай байгуулсан тэсэлгээний ажил үйлчилгээ хийх хамтын ажиллагааны гэрээг байгуулан ажиллаж байсан боловч дээрх холбоонд бүртгэлтэй  нөхөрлөлүүд нь гэрээний дагуу төлөх ёстой төлбөрөө манай байгууллагад төлсөн буюу эвлэрэн хэлэлцээд хэргийг тусгаарласан тул одоо үлдэж байгаа төлбөрийн дүнгийн дагуу нөхөрлөл тус бүрээс нь гаргуулж өгнө үү.

1. Хувиараа ашигт малтмал олборлогчдын холбоо төрийн бус байгууллагаас  2016 оны 12 сар, 2017 оны 01 дүгээр саруудын ажил үйлчилгээний зардалд 25.500.000 төгрөг болон тус үнийн дүнд тушаасан улсын тэмдэгтийн хураамж 456.620 төгрөг  нийт 25.956.620 төгрөг

2. Ё.Цэрэнжамба ахлагчтай Баян-Овоо нөхөрлөлөөс  762.100 төгрөг

3. Ш.Л ахлагчтай Алтан-Од нөхөрлөлөөс  569.900 төгрөг  тус тус гаргуулж өгнө үү  гэжээ

Нэхэмжлэгч П.Б ХХК-ийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Баянхонгор аймгийн  Хувиараа ашигт малтмал олборлогчдын холбоо төрийн бус байгууллага  нь  П.Б ХХК-аас үйлчилгээ авсан болон төлбөрийн үлдэгдэл байгааг хүлээн зөвшөөрдөг. Харин үлдэгдэл төлбөрийг яаж төлөх вэ гэдэг асуудал дээр маргаж байгаа. 9, 10, 11 дүгээр саруудын тооцоо хийгдээд дуусчихсан. Хэрвээ тэсэлгээний ажил дутуу хийгдсэн гэж байгаа бол тухайн сар бүрд нь мэдэгдэх ёстой байсан. Хувиараа ашигт малтмал олборлогчдын холбоо төрийн бус байгууллага  нь нөхөрлөлүүдийг удирдлага зохион байгуулалтаар хангаж өдөр тутмын үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлэх чиг үүрэгтэй байгууллага. Энэ чиг үүргийнхээ дагуу нөхөрлөлүүдийг төлөөлөөд манай байгууллагатай уулзаж өдрийн 1.000.000 төгрөгөөр ажиллахаар тохиролцсон. Ингээд Хувиараа ашигт малтмал олборлогчдын холбоо төрийн бус байгууллага  нь сар бүр нөхөрлөлүүдээс тэсэлгээний ажил үйлчилгээ авсан төлбөрийг хурааж өөрийнхөө данснаас манай данс руу хийдэг байсан. Гэтэл сүүлийн 2 сар энэ үйлдлээ хийгээгүй. Хариуцагч талаас хариу тайлбараа нотолж ямар ч баримт гаргаж өгөөгүй. Сүүлд 2018 оны 10 сар хүртлэх дансны хуулга өгсөн байсан. Гэвч бид 2016 оны 12, 2017 оны 01 сарын төлбөр дээр маргаж байгаа. Хэрвээ Хувиараа ашигт малтмал олборлогчдын холбоо төрийн бус байгууллага  нөхөрлөлүүдээс сар бүрийн төлбөрийг хурааж өгч чадахгүй гэдэг талаараа урьдчилаад мэдэгдсэн бол бид нөхөрлөлүүдтэй байгуулдаг гэрээгээ байгуулаад явах боломжтой байсан. Тийм учраас 25.500.000 төгрөгийг Хувиараа ашигт малтмал олборлогчдын холбоо төрийн бус байгууллагаас  гаргуулж өгнө үү.

Алтан-Од нөхөрлөлд холбогдуулж 569.900 төгрөгийн нэхэмжилсэн. Ш.Л нь тухайн мөнгийг би өгөхгүй юмаа өөр хүн өгөх ёстой гэдэг боловч үнийгээ нотолсон баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй. Бидний хувьд шинээр мөнгө нэхээгүй үлдэгдэл төлбөрөө л нэхэмжилж байгаа. Баян-овоо нөхөрлөлөөс 762.100 төгрөгийг нэхэмжилж байгаа. Хариу тайлбар дээрээ төлбөрөө бүрэн төлсөн гэдэг боловч мөн энэ талаарх баримтаа хавтаст хэрэгт хавсаргаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

Хариуцагч Баянхонгор аймгийн Хувиараа ашигт малтмал олборлогчдыг дэмжих  холбоо төрийн бус байгууллагын тэргүүн Ч.Отгонбаатар шүүхэд гаргасан тайлбартаа:

Хувиараа ашигт малтмал олборлогчдын холбоо төрийн бус байгууллагад бүртгэлтэй нөхөрлөлүүд 2016 оны 7 дугаар сараас эхлэн П.Б ХХК-тай бичил уурхайгаар ашигт малтмал олборлох 308 дугаар журмын дагуу тэсэлгээний ажил үйлчилгээ авч, гэрээ байгуулан хамтран ажиллаж эхэлсэн. Манай холбоо нь  2016 оны 7, 8 дугаар саруудад гэрээ хийж ажил үйлчилгээ авсан нөхөрлөл тус бүр сарын ажлын хөлс 2.3 сая төгрөг байхаар тэсэлгээний бодис, тэсэлгээний хэрэгсэлийн үнийг тухайн нөхөрлөл хэрэглэсэн тоо хэмжээгээр үнийг бодож төлж байхаар тохиролцсон.  Бид 2016 оны 9, 10, 11 дүгээр саруудын ажлын хөлсийг нийтэд нь төлсөн боловч тухайн саруудад тус компанийн зүгээс шалтгаалан олон хоног ажил үйлчилгээ үзүүлээгүй юм.  Харин 2016 оны 12 дугаар сарын ажил үйлчилгээний хөлс 30.000.000 төгрөгийг тухайн сард ажил үйлчилгээ хийлгэсэн нөхөрлөлүүдэд хувааж төлөхөөр болсон. Нөхөрлөлүүд энэ ажлын хөлсийг 2016 оны 9,10,11 дүгээр саруудад сул зогссон хоногуудын ажил үйлчилгээний хөлсөнд нөхөн, шилжүүлж тооцох хэрэгтэй гэж үзэж байгаа бөгөөд гэрээ байгуулж ажил үйлчилгээ авсан нөхөрлөлүүд гэрээний дагуу хэрэглэсэн тэсрэх бодис тэсэлгээний хэрэгслийнхээ үнийг өөрсдөө бүрэн хариуцах бөгөөд энэ төлбөрийг манай ашигт малтмалын холбоо төрийн бус байгууллага хариуцахгүй юм гэжээ.

Хариуцагч Баянхонгор аймгийн Хувиараа ашигт малтмал олборлогчдыг дэмжих  холбоо төрийн бус байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баас анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Манай байгууллага гишүүддээ үйлчлэх төрийн бус байгууллага. Манайх гишүүдээсээ удирдлагаа сонгодог. Тэсэлгээний төлбөрийг манай байгууллагаас нэхэх үндэслэлгүй юм. Хувиараа ашигт малтмал олборлогчдын холбоо  төрийн бус байгууллагад тэсэлгээ хийлгэдэг нэг ч нүх байхгүй. Манай байгууллага нөхөрлөлүүдийг ажиллах нөхцөл боломжоор хангаж ажилладаг болохоос ямар нэгэн ашгийн төлөө ажилладаггүй. Боловсруулах цехээс үлдэгдэл шлам гэж гардаг. Түүнийгээ аймаг орон нутгийнхаа засаг захиргаатай хамтраад дахин боловсруулах үйлдвэрт өгч нэг удаагийн оролтоор аймагтаа 1.500.000.000 төгрөг өгч, үлдэгдэл 30 хувийг нь нөхөрлөлүүд авсан. Энэ мөнгөнөөсөө П.Б ХХК-ийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор 99.000.000 төгрөгийг 2 хувааж шилжүүлсэн. Гэтэл манай байгууллагыг нөхөрлөлүүдийн өгсөн мөнгөөр хөрөнгөжсөн мэтээр тайлбарлаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нөхөрлөлүүд тэсэлгээний ажил үйлчилгээ авсан төлбөрөө төлөхгүй байхад тэр төлбөрийг манай байгууллагаас нэхэх ямар ч үндэслэлгүй юм гэв.

 Хариуцагч Баян-Овоо нөхөрлөлийн ахлагч Ё.Цэрэнжамба шүүхэд гаргасан тайлбартаа:

Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын нутаг дахь Цагаан цахирт хувиараа ашигт малтмал олборлогч Баян-Овоо нөхөрлөлийн ахлагч Ё.Цэрэнжамба надад П.Б ХХК-аас 784.940 төгрөгийн нэхэмжлэл гаргасан байна. Тус компани 2016 оны 6 дугаар сард тус уурхайд тэсэлгээний материал нийлүүлсэн. Дараа нь 2016 оны 12 дугаар сар, 2017 оны 01 дүгээр сард Таван Эрдэнэ нөхөрлөлийн нэр дээр тэсэлгээ хийлгэж 298.000 төгрөгийг нөхөрлөлийн ахлагчийн дүү Сэргэлэнбаатарт өгсөн. Иймд миний бие нэхэмжлэгчид тооцоо байхгүй гэжээ. /2 дугаар хх-ийн 43 дугаар тал/ 

 Хариуцагч  Алтан-Од нөхөрлөлийн ахлагч Ш.Л шүүхэд гаргасан тайлбартаа:

Ш.Л миний бие нь П.Б ХХК-д Алтан-Од нөхөрлөлийг төлөөлж тэсэлгээний ажлын гэрээ хийгээгүй. Тус компанид миний хийх тооцоо байхгүй учир миний нэр дээр нэхэмжилсэн мөнгийг төлөхгүй гэжээ. / 2 дугаар хх-ийн 66 дугаар тал/

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан Баян-Овоо нөхөрлөлийн ахлагч Ё.Цэрэнжамбаас тэсэлгээний ажил үйчилгээ хийх хамтын ажиллагааны гэрээний үүргийн 762.100 төгрөг, Алтан-Од нөхөрлөлийн ахлагч Ш.Лас тэсэлгээний ажил үйчилгээ хийх хамтын ажиллагааны гэрээний үүргийн 569.900 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч П.Б ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас Хувиараа ашигт малтмал олборлогчдыг дэмжих холбоо Төрийн бус байгууллагаас ажлын хөлс 25.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-д тус тус заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч П.Б ХХК-ийн төлсөн нэхэмжлэлийн шаардлагад дүйцэх 292.110 төгрөгийг төвлөрсөн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Баян-Овоо нөхөрлөлийн ахлагч Ё.Цэрэнжамбаас 22.840 төгрөг, Алтан-Од нөхөрлөлийн ахлагч Ш.Лас 17.747 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 1 дүгээр хороо  П.Б  ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Баянхонгор аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянагдсан “П.Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Баянхонгор аймгийн  Хувиараа ашигт малтмал олборлогчдын холбоо төрийн бус байгууллагад холбогдох иргэний хэргийг анхан шатны журмаар хэлэлцээд гарсан 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 131/ШШ2019/00697 дугаар шүүхийн шийдвэрт дараах үндэслэлээр энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна.

Баянхонгор аймгийн  Хувиараа ашигт малтмал олборлогчдын холбоо төрийн бус байгууллагаас шаардсан 25.500.000 /хорин таван сая таван зуун мянган/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосон гол үндэслэлээ анхан шатны шүүх шийдвэртээ заахдаа   “..Шүүх зохигчдын тайлбар, хэрэг цугларсан нотлох баримттай харьцуулан дүгнэж үзэхэд талуудын хооронд гэрээнээс үүдэлтэй харилцаа үүссэн шинж үгүйсгэгдэж байна..” “...Нэхэмжлэгч талын мэтгэлцэж буй Иргэний хуулийн 210 дугаар зүйлд заасан гуравдагч этгээдээр үүрэг гүйцэтгүүлэх зохицуулалт нь үүрэг гүйцэтгэгч үүргээ биечлэн гүйцэтгэх үүрэгтэй эсэх, эсхүл үүргээ хэн нэгэн өөр этгээдээр гүйцэтгүүлж болох эсэхийг өөрөөр хэлбэл үүрэг гүйцэтгүүлэгчийн хувьд үүргийн гүйцэтгэл л чухал байх агуулгатай зохицуулалт учир талуудын маргаж буй үүрэг гүйцэтгээгүй гэх маргаанд хамааралгүй юм...”

Ямар харилцаа, үүссэн гэдгийг шалгах шаардлагатай гэж тодорхойлсон атлаа зөвхөн “гэрээний харилцаа биш, үндэслэлгүйгээр хөрөнгөжих харилцаа биш байна” гэж энэхүү хоёр шаардах эрхийг л шалгасан бөгөөд энэхүү харилцааг ямар харилцаа болохыг анхан шатны шүүх  00697 дугаар шийдвэрээрээ тодорхойлоогүй, тодорхойлох дүгнэлтийг хийгээгүй. Иргэний эрх зүйн ямар харилцаа болохоо эхлээд тодорхойлж байж, маргаанаа шийдвэрлэх ёстой байсан өөрөөр хэлбэл  Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн аль тохирох зүйлд  заасан ямар эрх зүйн хамгаалалт үүсэх бэ? гэдгийг тодорхойлж байж, хамгаалалтад хамаарах уу гэдгийг шүүх шалгах ёстой байсан.

Анхан шатны шүүх нь ямар эрх зүйн харилцаа болохоо тодохойлоогүй атлаа шийдвэр гаргаад буй нь маш үндэслэлгүй байна. Зөвхөн “гэрээний харилцаа биш байна, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн биш байна, гуравдагч этгээдээр үүрэг гүйцэтгүүлэх харилцаа биш байна” л гэсэн дүгнэлтийг өгсөн,   үүнээс харахад нэхэмжлэгч П.Б ХХК-д Монгол Улсын Иргэний эрх зүйн тогтолцоонд хийсэн ажлынхаа үлдэгдэл мөнгө болох 25.500.000 төгрөгөө нэхэмжлэх эрх буюу шаардах эрх байхгүй мэтээр дүгнэж,  Иргэний хуулиар хамгаалагдах хамгаалалт ерөөсөө байхгүй байна  гэсэн дүгнэлтийг шүүх өгсөн. Гэтэл Иргэний хуулийн 1.1-д “эдийн болон эдийн бус баялагтай холбоотой бүхийл харилцааг” энэ хуулиар зохицуулж хамгаална” гэж заасан байхад Иргэний хуулийн мөн чанар, агуулгын эсрэг тайлбар хийж шийдвэр гаргасан нь үндэслэлгүй байна.

Энэхүү тодорхой бусаар маргааны агуулгыг тайлбарлаж буй байдал нь анхан шатны шүүх нь шийдвэрлэсэн хэргээ ямар харилцаа болохоо анхнаасаа тодорхойлоогүй болохыг харуулж байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөпч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Хувиараа ашигт малтмал олборлогчдын холбоо төрийн бус байгууллага нь гишүүддээ үйлчилдэг, нөхөрлөлүүдийг удирдлага, зохион байгуулалтаар ханган ажилладаг чиг үүрэг бүхий байгууллага гэж тайлбарласан. Үүний хүрээнд П.Б ХХК-ийн тэсэлгээний ажил, үйлчилгээ явуулсан хөлсийг өөрийн байгууллагад бүртгэлтэй нийт нөхөрлөлүүдийг удирдлага, зохион байгуулалтаар ханган, тэсэлгээний ажил хийсэн хөлсийг нөхөрлөлүүдээс цуглуулан П.Б  ХХК-ний дансруу тогтмол 2017 оны 01 дүгээр сараас эхлэн шилжүүлсээр ирсэн. Тухайлбал:

1 дүгээр хавтаст хэргийн  180, 185 дугаар хуудаст  2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 39.100.000  төгрөгийг Хувиараа ашигт малтмал олборлогчдын холбоо төрийн бус байгууллагаас тэсэлгээний үнэ, 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 60.000.000 /жаран сая/ төгрөгийг 10, 11 дүгээр сарын тэсэлгээний ажлын хөлс, Хувиараа ашигт малтмал олборлогчдын холбоо гэж нийт 99.000.000 /өрөн есөн сая/ төгрөгийг шилжүүлсэн.

Харин одоо үлдэгдэл 25.500.000 төгрөгийг л шилжүүлэх үүргээ зөрчиж, хувьдаа авсан тухай маргаан юм. Учир нь Хувиараа ашигт малтмал олборлогчдын холбоо төрийн бус байгууллага нь нөхөрлөлүүдээс тэсэлгээний үнийг удирдлага, зохион байгуулалтаар хангах хүрээнд цуглуулан манай байгууллагад 2016 оны 11 дүгээр сар хүртэлх төлбөрийг шилжүүлсэн бөгөөд 2016 оны 12 дугаар сар, 2017 оны 01 дүгээр сарын нөхөрлөлүүдээс цуглуулсан төлбөрүүдийг шилжүүлээгүй болно.  Хариуцагч талаас Хувиараа ашигт малтмал олборлогчдын холбоо төрийн бус байгууллагын  данс болон кассаар нөхөрлөлүүдийн тэсэлгээний үнэ орж ирээгүй, тэд өөрсдөө төлнө гэдэг үндэслэлээ нотлох баримтаар хавтаст хэрэгт нотолж чадаагүй байхад анхан шатны шүүхээс зөвхөн гэрээнээс үүсэлтэй шаардах эрх харилцаа үүссэн шинж байхгүй, бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрхи хөрөнгөө буцаан шаардах эрх нэхэмжлэгч, хариуцагч хоёрын хооронд үүсээгүй гэсэн хэт туйлширсан, ерөнхий тайлбарыг үндэслэж хэргийг нотлох баримтанд тулгуурлалгүй шийдвэрлэсэн.  Хариуцагч бусад нөхөрлөлүүдийн зүгээс өөрсдийн төлбөр төлөх хэмжээгээ хүлээн зөвшөөрөх, эсхүл төлбөр төлөх өөр этгээдийн нэрийг зааж төлбөрийг хариуцах этгээдийг нэрлэн цохсоны дагуу нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийг өөрчлөх, хамтран хариуцагчаар татах ажиллагаа явуулахад солигдсон этгээд нь төлбөрийн үнийн дүнг хүлээн зөвшөөрч хялбаршуулсан журмаар дийлэнх хэргийг шийдвэрлэсэн.

Шүүх нь зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирсон этгээдийн хохирлыг буруутай этгээдээр барагдуулах үндсэн чиг үүрэг, тангарагтай, шүүн таслах ажиллагааг хэрэгжүүлэх эрх мэдэлтэй этгээд атлаа ийнхүү бодитоор хохироод байгаа этгээдийг улам хохироож буй шийдвэрийг гаргасан.

Иймд дээрх бүх үндэслэлээр 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 131/ШШ2019/00697 дугаар шүүхийн шийдвэрийн Хувиараа ашигт малтмал олборлогчдын холбоо төрийн бус байгууллагад холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.        

ҮНДЭСЛЭХ нь:

   Нэхэмжлэгч П.Б ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хариуцагч Хувиараа ашигт малтмал олборлогчдыг дэмжих холбоо ТББ-аас тэсэлгээний ажил үйлчилгээний зардал  25.500.000 төгрөг, хариуцагч Ё.Цэрэнжамба ахлагчтай Баян-Овоо нөхөрлөлөөс тэсэлгээний ажил үйлчилгээ хийх хамтын ажиллагааны гэрээний төлбөр   762.100 төгрөг, хариуцагч Ш.Л ахлагчтай Алтан-Од нөхөрлөлөөс тэсэлгээний ажил үйлчилгээ хийх хамтын ажиллагааны гэрээний төлбөр 569.900 төгрөг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Анхан шатны шүүх Баян-Овоо нөхөрлөлийн ахлагч Ё.Цэрэнжамбаас тэсэлгээний ажил үйчилгээ хийх хамтын ажиллагааны гэрээний үүргийн 762.100 төгрөг, Алтан-Од нөхөрлөлийн ахлагч Ш.Лас тэсэлгээний ажил үйчилгээ хийх хамтын ажиллагааны гэрээний үүргийн 569.900 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч П.Б ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас Хувиараа ашигт малтмал олборлогчдыг дэмжих холбоо Төрийн бус байгууллагаас ажлын хөлс 25.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэгт байрлах  П.Б  ХХК нь  Баянхонгор аймагт байрлах ашигт малтмал олборлох бичил уурхайнуудад  тэсэлгээний ажил үйлчилгээ үзүүлэх  гол зорилготойгоор Баянхонгор аймгийн Хувиараа ашигт малтмал олборлогчдыг дэмжих холбоо төрийн бус байгууллагад бүртгэлтэй 22 тооны  нөхөрлөлүүдтэй  “Тэсэлгээний ажил үйлчилгээ хийх хамтын ажиллагааны гэрээ” гэсэн нэртэйгээр /1 дүгээр хх-ийн 13-99 дүгээр тал/  байгууллан ажиллаж иржээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Алтанцэцэгээс 2018 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн шүүх хуралдаан дээр нэхэмжлэлээс 15 нөхөрлөл нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул үндсэн нэхэмжлэлээс тусгаарлаж өгнө үү гэсэн хүсэлтийн дагуу /хх-ийн 23-29 дүгээр тал, 2 дугаар хавтас/ 15 нөхөрлөлд холбогдох  нэхэмжлэлийн шаардлагыг тусгаарлаж, хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж  гарчээ. 

Гэрээний нэг талаас захиалагч нь  Баянхонгор аймгийн  Хувиараа ашигт малтмал олборлогчдыг дэмжих холбоо төрийн бус байгууллагад бүртгэлтэй нэр бүхий  нөхөрлөлүүд, нөгөө талаас  ажил гүйцэтгэгч нь Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэгт  байрлах  П.Б ХХК   байгаа бөгөөд талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ байгууллагджээ.

Хувиараа ашигт малтмал олборлогчдыг дэмжих холбоо төрийн бус байгууллагад бүртгэлтэй нөхөрлөлүүд нь  2016 оны 7 дугаар сараас эхлэн  П.Б  ХХК-тай  Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох 308 дугаар журмын дагуу тэсэлгээний ажил үйлчилгээ авч, гэрээ байгуулан хамтран ажиллаж эхэлсэн  байна.

Тэсэлгээний ажил үйлчилгээний хөлсийг тохирохдоо ажил үйлчилгээ авсан,  хэрэглэсэн тоо хэмжээгээрээ үнийг нь бодож  нөхөрлөл тус бүр сарын 2.300.000 төгрөг төлөхөд хүндрэлтэй байна гэж үзээд  өдрийн нэг сая төгрөг, сарын 30.000.000 төгрөгийг төлж байхаар харилцан тохиолцсон болох нь зохигч талуудын шүүхэд өгсөн тайлбар зэргээр тогтоогджээ. 

Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1-д зааснаар “..хуульд өөрөөр заагаагүй бол гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээ болон хөлс төлөх арга журам хугацааг талууд тохиролцон тодорхойлно..”   гэж заасны дагуу хөлсийг  тохиролцжээ.

Одоо П.Б  ХХК-н нэхэмжлээд байгаа мөнгө нь 2016 оны 12 дугаар сар, 2017 оны 1 дүгээр саруудын ажил үйлчилгээ явуулсан хөлсөө нэхэмжилж байгаа бөгөөд энэ хугацаанд П.Б ХХК нь  ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажил үүргээ гүйцэтгэж  тэсэлгээ хийсэн болох нь  хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна. 

Хариуцагч Хувиараа ашигт малтмал олборлогчдыг дэмжих холбоо төрийн бус байгууллагын тэргүүн Ч.Отгонбаатараас шүүхэд гаргасан тайлбартаа /1 дүгээр хх-ийн 108 дугаар тал/ “..нөхөрлөл тус бүрийн сарын хөлс  2.300.000 төгрөг  байхаар, тэсэлгээний бодис, тэсэлгээний хэрэгслийн үнийг тухайн нөхөрлөл хэрэглэсэн тоо хэмжээгээр үнийг нь бодож төлж байхаар тохиролцсон..”  гэсэн тайлбараас үзвэл  авсан ажил үйлчилгээнийхээ үнийг  тухайн нөхөрлөлүүд өөрсдөө хариуцан төлж  байхаар  талууд тохиролцсон болох нь тогтоогдож байна.

Нэхэмжлэгч П.Б ХХК-иас тайлбарлахдаа хариуцагч Хувиараа ашигт малтмал олборлогчдыг дэмжих холбоо төрийн бус байгууллага нь 2016 оны 9, 10, 11 дүгээр саруудын ажлын хөлс  99.000.000 төгрөгийг  манайд төлсөн тул энэ харилцаанд эрх үүрэг үүсэж,  төлбөрийг төлж барагдуулж  байсан тул үлдэх төлбөрийг төлөх ёстой гэж үзжээ.

Нэгэнт тухайн нөхөрлөлүүд авсан ажил үйлчилгээнийхээ үнийг  тухайн нөхөрлөлүүд өөрсдөө хариуцан төлж  байхаар  тохиролцсон болох нь хэрэгт авагдсан үйл баримтаар тогтоогдож байхад Хувиараа ашигт малтмал олборлогчдыг дэмжих холбоо төрийн бус байгууллага нь нийт нөхөрлөлүүдээ төлөөлөөд  2016 оны 9, 10, 11 дүгээр саруудын ажлын хөлсийг нөхөрлөлүүдээсээ цуглуулж  нийтэд нь 99.000.000 төгрөгийг П.Б  ХХК-д төлсөн байна хариуцагч  өмнөх төлбөрийг төлсөн тул  дараагийн 25.000.000 төгрөгийг мөн өмнөхийн адил төлж үүрэг хүлээх ёстой гэж  шүүхээс  Хувиараа ашигт малтмал олборлогчдыг дэмжих холбоо төрийн бус байгууллагад үүрэг хүлээлгэх үндэслэлгүй юм.  Учир нь Хувиараа ашигт малтмал олборлогчдыг дэмжих холбоо төрийн бус байгууллага нь нэхэмжлэгч П.Б ХХК-ийн өмнө Иргэний хуулийн 186 дугаар зүйлд зааснаар хууль  буюу гэрээгээр ямар нэг үүрэг хүлээгээгүй, тэдний хооронд үүрэг үүсээгүй байна.

Нэхэмжлэгч П.Б  ХХК-ийн давж заалдсан гомдолд дурьдсанаар “…ХАМОДХ төрийн бус байгууллага нь нөхөрлөлүүдээс энэхүү үлдэгдэл 25.500.000 төгрөг орж ирээгүй гэж амаараа тайлбарладаг боловч  хавтаст хэрэгт үүнийгээ нотлох баримтаар нотлоогүй байдаг. Тэгэхээр 25.500.000 төгрөгийг  өмнөх 99.000.000 төгрөгийн адилаар хариуцагч ХАМОДХ төрийн бус байгууллагад орж ирсэн гэж үзэх бөгөөд энэхүү 25.500.000 төгрөгийг эзэмших, өмчлөх болсон хууль болон гэрээнд заасан үндэслэл байх ёстой гэтэл ийм үндэслэл ХАМОДХ төрийн бус байгууллагад байхгүй тул П.Б  ХХК-ийн хүч хөдөлмөрийн үр дүнд бий болсон хөрөнгө үр шимийг  үндэслэлгүйгээр хүртсэн этгээд болно…”  гэж тайлбарлаж байгаа боловч энэ 25.500.000 төгрөг нь тухайн нэр бүхий нөхөрлөлүүдээс ХАМОДХ төрийн бус байгууллагын дансанд  орж ирсэн талаарх ямар нэг  нотлох баримт хэрэгт  байхгүй тул ХАМОДХ төрийн бус байгууллагыг  үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн  гэж үзэх үндэслэлгүй байна. 

Хувиараа ашигт малтмал олборлогчдыг дэмжих холбоо төрийн бус байгууллага нь тухайн нэр бүхий нөхөрлөлүүдийг удирдлага зохион байгуулалтаар хангаж ажилладаг, нөхөрлөлүүдийн нэрийн өмнөөс эрх ашгийг нь хамгаалдаг бөгөөд харин тухайн нэр бүхий нөхөрлөлүүдийн өмнөөс  санхүү, төлбөрийн асуудлуудыг хариуцдаггүй болох нь тогтоогдож  байна.  Баянхонгор аймгийн  Хувиараа ашигт малтмал олборлогчдыг дэмжих холбоо төрийн бус байгууллага нь энэ 99.000.000 төгрөгийг төлөхдөө мөнгийг өөрийн хөрөнгөнөөс гаргаагүй, хувиараа ашигт малтмал олборлогч нөхөрлөлүүдийн өөрийнх нь хөрөнгө болох  шлам  борлуулсаны орлогоос нөхөрлөлүүдийн ахлагч нартай болон  аймаг орон нутгийн удирдлагатай гурван тал зөвшилцсөнөөр төлж  барагдуулсан гэж  тайлбарладаг байна. 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ буюу  Тэсэлгээний ажил үйлчилгээ хийх хамтын ажиллагааний гэрээ нь П.Б  ХХК болон нэр бүхий 21  нөхөрлөлийн хооронд  хийгдсэн байдаг.  П.Б  ХХК-иас ажил үйлчилгээ авсан  этгээд нь буюу захиалагч тал нь   нэр бүхий 21 нөхөрлөл бөгөөд  Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.1-д зааснаар ажлын үр дүнг хүлээн  авсан гэж үзсэн нөхцөлд  хөлсийг зохих журмын  дагуу төлөх үүрэг  үүсэх  боломжтой.   Харин Хувиараа ашигт малтмал олборлогчдыг дэмжих холбоо төрийн бус байгууллага нь П.Б  ХХК-тай  ажил гүйцэтгэх гэрээ байгуулаагүй буюу талуудыг  гэрээг байгуулахад аль нэг талд ямар нэгэн үүрэг хүлээж оролцоогүй  байна.    

Баян-Овоо нөхөрлөлийн ахлагч Ё.Цэрэнжамбаас тэсэлгээний ажил үйчилгээ хийх хамтын ажиллагааны гэрээний үүргийн 762.100 төгрөг, Алтан-Од нөхөрлөлийн ахлагч Ш.Лас тэсэлгээний ажил үйчилгээ хийх хамтын ажиллагааны гэрээний үүргийн 569.900 төгрөгийг тус тус гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.  

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч П.Б  ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бгийн давж заалдах гомдлыг хангах  үндэслэлгүй  гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгч П.Б ХХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 285.450 төгрөгийг  төрийн сангийн дансанд хэвээр үлдээх  үндэслэлтэй байна.         

Иргэний  хэрэг  шүүхэд  хянан шийдвэрлэх  тухай  хуулийн  167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг  удирдлага болгон                                       

                                                                  ТОГТООХ  нь:

1.  Баянхонгор  аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн   2019 оны 9 дүгээр сарын 26-ны  өдрийн 131/ШШ2019/00697  дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч П.Б  ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бгийн гаргасан давж заалдах  гомдлыг  хангахгүй орхисугай.       

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56  дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч П.Б  ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 285.450    төгрөгийг   төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй. 

3. Давж  заалдах  шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн,  хуулийг буруу  хэрэглэсэн  гэж  үзвэл зохигчид магадлалыг  гардан  авсан, эсхүл хүргүүлснээс  хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд   хяналтын журмаар гомдол  гаргах  эрхтэй  болохыг  дурдсугай.

                                 ДАРГАЛАГЧ                                     

                                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  М.МӨНХДАВАА                           

                                 ШҮҮГЧИД                                                Б.БОЛОР-ЭРДЭНЭ    

                                                                                                  Г.УЛАМБАЯР