Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 128/ШШ2019/0860

 

2019 оны 12 сарын 03 өдөр Дугаар Улаанб******* хот

128/ШШ2019/0860

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Н.Долгорсүрэн, шүүгч Г.Мөнхтулга нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч: Ц.Л*******

Хариуцагч: Чингэлтэй дүүргийн Засаг дарга

Гуравдагч этгээд: Т.Б*******

Нэхэмжлэлийн шаардлага: Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн А/754 дүгээр захирамжийн Т.Б*******эд газар эзэмшүүлсэн хэсгийг хүчингүй болгуулах

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б*******, өмгөөлөгч Ш.Г*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.С*******, гуравдагч этгээд Т.Б*******ийн өмгөөлөгч Б.Б*******, иргэдийн төлөөлөгч М.Б*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Энхжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн тодруулсан шаардлага, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ц.Л******* Чингэлтэй дүүргийн Засаг даргад холбогдуулан Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2015 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн А/497 дүгээр захирамжийн Б.М*******, 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн А/699 дүгээр захирамжийн Б.А******* нарт газар эзэмшүүлсэн хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан.

Гэтэл хэрэгт авагдсан нотлох баримт хариуцагч, гуравдагч этгээдийн тайлбар зэргээр Б.А*******од газар эзэмшүүлсэн Чингэлтэй дүүргийн Засаг даргын А/699 дүгээр захирамж нь Т.Б*******эд тухайн газрыг шилжүүлсэн Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн А/754 дүгээр захирамжаар хүчингүй болсон байна.

Иймд Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн А/754 дүгээр захирамжийн Т.Б*******эд газар эзэмшүүлсэн хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна. гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Ш.Г******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн тодруулсан шаардлага, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Л******* нь Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Яргайтын Богинын зусланд сахиулаар мал маллаж 1983 оноос хойш амьдарсан. 2007 онд М ХХК-иар тухайн амьдарч байсан газартаа Кадастрын зураг хийлгэж 2013 онд Чингэлтэй дүүргийн Газрын албанд газар эзэмшүүлэх хүсэлтийг гаргасан. Газрын албанаас таны асуудлыг шийдвэрлэнэ түр хүлээж байгаарай. Хавар болохоор газар дээр нь очиж үзээд асуудлыг шийдвэрлэнэ гэж хэлээд явдаг.

2016 оны 7 дугаар сард хэсэг хүмүүс очоод тухайн эзэмшиж байсан газар дээр хашаа бариад эхэлсэн. Яасан талаар тодруулахад бид энэ газрыг эзэмшиж улмаар эзэмших эрхийн гэрчилгээтэй гэж хэлдэг. Чингэлтэй дүүргийн Газрын албанд хандаад гаргасан хүсэлт юу болсон бэ? гэж асуухаар та 2013 онд Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороонд газар эзэмшүүлэх хүсэлт гаргаад 2014 онд өргөдлөө буцаагаад авсан гэдэг хариу өгсөн. Өргөдлөө буцааж аваагүй гээд Нийслэлийн Засаг даргад гомдол гаргасан боловч дээрх үндэслэлээр гомдлыг хүлээж аваагүй асуудлыг шийдвэрлэсэн.

Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн А/699 дугаар захирамжаар Б.А*******од нэхэмжлэгчийн хүсэлт гаргасан газрыг эзэмшүүлэхээр захирамж гарсан. Дээрх захирамж Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн А/754 дүгээр захирамжаар тухайн газрыг Б.А*******оос н.Б*******эд шилжүүлснийг хүчингүй болгосон. Анхнаасаа Газрын алба өөрсдөө хуулиа бариад ажилласан бол энэ асуудлыг цэгцлэх боломжтой байсан. Газрын харилцаа, Геодези зураг зүйн газрын даргын 2008 оны 83 дугаар тушаалын хавсралтаар өргөдлийг Газрын алба хүлээж аваад ямар ажиллагаа хийх ёстой вэ? гэхээр эхлээд суурин судалгаа хийх ёстой. Суурин судалгаа гэдэг нь бүрдэлд хавсаргасан кадастрын зураг, бичиг баримтууд бүрдэл хангаж байна уу гэдэг асуудал байна. Үүнийг судлаад газар эзэмших эрх олгох боломжтой юм байна гэж үзэх юм бол хээрийн судалгаа хийх ёстой. Хээрийн судалгаа гэдэг газар дээрээ очоод цэг тэмдэглэл тохирч байна уу гэдийг судалж үзэх ёстой. Хээрийн судалгаа ерөөсөө хийгдээгүй. Тухайн үед хээрийн судалгаа хийхэд тугалын хашаа бариатай байсан. Хээрийн судалгаа хийсэн бол тэр хашаа ямар учиртай талаарх асуудлыг шийдвэрлэх боломж байсан. Шууд цаасан дээр дүгнэлт хийгээд шийдвэр гаргасан. Тухайн үед хийсэн ажлыг зохион байгуулалттай хийсэн ажил гэж үзэж байна. Одоо хүчин төгөлдөр байгаа Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн А/754 дүгээр захирамжийн Т.Б*******эд холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Тус дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Яргайтын богино зусланд дүүргийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн А/699 дүгээр захирамжаар иргэн Б.А*******од 700 мкв талбай бүхий зуслангийн зориулалттай газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж улмаар 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн А/754 дүгээр захирамжаар Б.А*******оос Т.Б*******эд газар эзэмших эрхийг шилжүүлсэн.

Мөн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Яргайтын богино зусланд дүүргийн Засаг даргын 2015 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн А/497 дугаар захирамжаар 700 мкв талбай бүхий зуслангийн зориулалттай газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн.

Тухайн үед Ц.Л******* Газрын албанд өргөдөл өгөөд хүсч байсан гэдэг боловч тухайн хүсэлт нь Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо гэсэн өргөдлийн дугаартай бүртгэл байдаг. Газрын албанд Ц.Л*******тэй холбоотой өргөдөл, хүсэлт байхгүй.

Нэхэмжлэгчийн Монсэрвэй ХХК-ны хийлгэсэн кадастрын зураглал нь гуравдагч этгээд Т.Б*******ийн эзэмшиж буй газартай 147.71 мкв хэмжээгээр давхцаж байгаа бөгөөд нэхэмжлэгч нь дүүргийн Газрын албанд 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт газар эзэмших хүсэлт гаргаж байгаагүй, 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт хүсэлт гаргасныг тухай хороо хариуцсан газар зохион байгуулагч 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн хариу өгөх мэдэгдэл 17/26 дугаар хариу өгч 4 хуудас материалыг буцаан олгосон байдаг.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль, Газрын тухай хуульд заасан эрх хэмжээний хүрээнд дүүргийн Засаг дарга 2015 оны А/497, 2016 оны А/754 дүгээр захирамжаар гуравдагч этгээдүүдийн газар эзэмших эрхийг шийдвэрлэсэн бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

Гуравдагч этгээд Т.Б*******ийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гуравдагч этгээд Б.Б*******ийн хувьд хууль ёсны дагуу газар эзэмших эрхийг олж авсан. Маргаан гарсантай холбоотой эзэмших эрхээ хэрэгжүүлж чадахгүй байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл түүний шаардах эрхийн үндэслэлээ тайлбарлахдаа бид хүсэлтээ 19 дүгээр хороонд өгсөн гэж ярьдаг. Гэтэл хавтаст хэрэгт өгсөн нотлох баримтыг харах юм бол 17 дугаар хороонд хүсэлт өгч байсан харагдаж байдаг. Гэтэл Ц.Л*******гийн өмнөөс итгэмжлэгдсэн төлөөлөгч болох хүү нь яваад байдаг. Магадгүй хүсэлт гаргахдаа Ц.Л******* өөрөө гарын үсэг зураагүй байх магадлалтай.

Суурин судалгаа хийсэнгүй гэж тайлбарлаад байна. Хэн нэгний эзэмшил талбайтай давхцаагүй газар дээр очиж үзлээ гэж бодоход давхцаагүй гэдгийг харж байгаа болохоос биш тугалын хашаа болон гэрийн буйр байсан талаар бусдын эзэмшил гэж харагдахгүй. Нэхэмжлэгчийн ямар шаардах эрх зөрчигдөж байгаа талаар тодорхойгүй. Мөн газрыг нийлүүлэх юм бол хүн амьдарч болно гэдэг хууль бус зүйл яриад байна, үүнийг шүүх анхаарч үзнэ үү гэж хүсч байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсч байна гэв.

Иргэдийн төлөөлөгч дүгнэлтдээ: Газрын албанаас хариуцлага алдсан гэдэг нь зөв байх гэж бодож байна. Бүртгэл байхгүй гэдэг үндэслэлээр сүүлд бүртгэлтэй болсон үеийнхээ шийдвэрийг түрүүлж тавьж байна гэж үзсэн. гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Л*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б*******гээс Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн А/754 дүгээр захирамжийн Т.Б*******эд, 2015 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн А/497 дугаар захирамжийн Б.М*******д газар эзэмшүүлсэн хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2015 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн А/497 дугаар захирамжийн Б.М*******д газар эзэмшүүлсэн хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг тус шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 128/ШШ2019/0779 дугаар тогтоолоор баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нэхэмжлэлийн үндэслэлээ ... 2007 онд кадастрын зураг хийлгэж, 2013 онд газар эзэмших хүсэлт гаргасан байхад уг газарт давхцуулан эзэмшүүлсэн нь хууль бус гэж,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ... Ц.Л******* нь Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт газар эзэмших хүсэлт гаргаж байгаагүй, харин 17 дугаар хороонд газар эзэмшихээр гаргасан хүсэлтийг тухайн үед шийдвэрлэх боломжгүй гэсэн хариу өгч буцааж байсан. гэж тайлбарлан маргажээ.

Нэхэмжлэгчээс 2013 онд газар эзэмших хүсэлтдээ хавсарган өгсөн гэх Монсөрвэй ХХК-ийн 2007 оны 6 дугаар сарын 05-ны өдөр үйлдсэн кадастрын зурагт[1] заагдсан газар нь Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн А/699 дүгээр захирамжаар Б.А*******од, 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн А/754 дүгээр захирамжаар Б.А*******оос Т.Б*******эд шилжсэн 700 м.кв газартай 147,71 м.кв талбайгаар давхцсан болох нь Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 1/854 дүгээр албан бичгээр[2] тогтоогдож байгаа боловч гуравдагч этгээд Т.Б*******эд эзэмшүүлэхээс өмнө уг газрыг нэхэмжлэгч Ц.Л******* эзэмшихээр хүсэлт гаргаж байсан гэх үйл баримт тогтоогдсонгүй.

Тодруулбал, нэхэмжлэгч Ц.Л******* 2013 онд Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд газар эзэмшихээр тус дүүргийн Газрын албанд гаргасан гэх хүсэлт, кадастрын зураг, эдлэн газрын тоо бүртгэлийн хуудас зэрэг баримтыг шүүхэд ирүүлсэн боловч, 2013 онд Чингэлтэй дүүргийн Газрын албаны 2013 оны өргөдөл, гомдлын бүртгэлийн[3] 1370 дугаарт Ц.Л******* 17 дугаар хороонд гэрчилгээ гаргуулах-аар хүсэлт гаргасан нь бүртгэгдсэн, өргөдөл гомдлын бүртгэл-хяналтын картад Ц.Л*******гийн хүсэлт 17 дугаар хорооны газар зохион байгуулагч Л.Пүрэвдолжинд цохогдон 2013 оны 11 дүгээр сарын 01-ны өдрийн хариу мэдэгдэх хуудсаар[4] шийдвэрлэх боломжгүйг мэдэгдэж, 2014 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр материалыг буцаан олгосон[5] талаар тэмдэглэсэн бөгөөд гэрч[6] Л.Пүрэвдолжин ... 17 дугаар хороо миний хариуцаж байсан хороо учраас надад цохогдож ирсэн. Миний гарын үсэг мөн... гэсэн мэдүүлэг зэрэг баримтуудаар Ц.Л******* 2013 онд гуравдагч этгээд Т.Б*******ийн эзэмшиж буй газрын оршин байгаа 19 дүгээр хороонд биш 17 дугаар хороонд газар эзэмших хүсэлт гаргаж байсан нь нотлогдож байна.

Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Ц.Л*******гийн 2013 онд Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд гаргасан газар эзэмших хүсэлтийг шийдвэрлээгүй, 17 дугаар хороонд хүсэлт гаргасан гэж тайлбарлаж байгааг зөвшөөрөхгүй гэж нэхэмжлэлийн үндэслэлдээ дурдан маргаж байгаа боловч Газрын албанаас Ц.Л*******гийн хүсэлтийг шийдвэрлэж хариу өгсөн болох нь дээр дурдсан нотлох баримтуудаар нотлогджээ.

Харин тус шүүхээс томилогдсон шинжээчийн дүгнэлтээр[7] Ц.Л*******гийн гарын үсэгтэй харьцуулагдсан гарын үсэг нь газар зохион байгуулагч Л.Пүрэвдолжингийн гарын үсэг байх тул уг шинжээчийн дүгнэлтийг үнэлэх шаардлагагүй гэж үзсэн бөгөөд хүсэлтийн бүртгэл-хяналтын картад хүсэлт гаргасан Ц.Л******* гарын үсэг зураагүй.

Гэхдээ хүсэлтийг буцааж авсан талаар Ц.Л*******гийн гарын үсэг бүхий баримт байхгүй байгаа нь Газрын албанаас Ц.Л*******гийн хүсэлтийг шийдвэрлэсэн гэдгийг үгүйсгэх үндэслэл болохгүй юм.

Чингэлтэй дүүргийн Газрын албанаас Ц.Л*******гийн газар эзэмших хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэх боломжгүй байгааг мэдэгдсэн нь Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.4Энэ хуулийн 32.2, 32.3-т заасан баримт бичгийг хавсаргасан хүсэлтийг хүлээн авмагцаа сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан журмын дагуу бүртгэнэ. Бүртгэлд хүсэлтийг хүлээн авсан он, сар, өдөр, цаг, минутаар тэмдэглэх бөгөөд энэ тухай тодорхойлолтыг хүсэлт гаргасан этгээдэд гаргаж өгнө., 32.5Хүсэлт, түүнд хавсаргасан баримт бичгийг сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба нягтлан хянаж, шаардлага хангаагүй бол энэ талаархи үндэслэлийг хүсэлт гаргагч этгээдэд мэдэгдлээр өгч, бүртгэлээс хасна. гэж заасантай нийцсэн бөгөөд Ц.Л******* ийнхүү шийдвэрлэсэн Газрын албаны үйл ажиллагаа буюу газар эзэмших хүсэлтийг шийдвэрлээгүй талаар гомдол гаргаагүй байна.

Хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг даргаас Т.Б******* болон өмнө уг газрыг эзэмших эрхтэй этгээдэд газар эзэмшүүлэхээс өмнө Ц.Л******* уг газрыг эзэмших хүсэлт гаргасан гэх үйл баримт тогтоогдохгүй байх тул Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3-т заасан энэ хуулийн 21.2.3-т зааснаас бусад газрыг ..., дүүргийн хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэх үүргийн дагуу Т.Б*******эд газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь Ц.Л*******гийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, тэрчлэн Ц.Л*******д маргаан бүхий актыг хүчингүй болгуулахаар шаардах эрх үүсэхгүй.

Иймээс нэхэмжлэгч Ц.Л*******гийн гаргасан Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн А/754 дүгээр захирамжийн Т.Б*******эд газар эзэмшүүлсэн хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 32 дугаар зүйлийн 32.4, 32.5-д тус тус зааснаар нэхэмжлэгч Ц.Л*******гийн Чингэлтэй дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн А/754 дүгээр захирамжийн Т.Б*******эд газар эзэмшүүлсэн хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН

ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН

ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА