Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 00003

 

О.Х нэхэмжлэлтэй

 Х.ЦХХК, Д.Б нарт холбогдох иргэний хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн  давж  заалдах шатны  шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхдаваа  даргалж, шүүгч Б.Болор-Эрдэнэ, Г.Уламбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн  шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Баянхонгор  аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 131/ШШ2019/00855 дугаар шийдвэртэй

            Нэхэмжлэгч Баянхонгор аймаг О.Х нэхэмжлэлтэй

            Хариуцагч Х.ЦХХК

            Хариуцагч Д.Б 

            Ажил гүйцэтгэх гэрээний үүрэг 18.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Ц.Мөнгөндавалгаагийн  давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 8-ны өдөр хүлээн авч шүүгч Г.Уламбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч О.Х, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Бурмаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Ц.Мөнгөндавалгаа, нарийн бичгийн дарга  Ж.Чимэддорж нар оролцов.

Нэхэмжлэгч О.Х шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн иргэн О.Х би 2016 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Х.ЦХХК-ийн захирал Д.Бтай ажил гүйцэтгэх гэрээ байгуулан Д.Бы Баянхонгор аймгийн Галуут суманд байрлах уурхайд өөрийн өмчлөлийн хүнд даацын 28-99 БНХ улсын дугаартай самсомол автомашинаар 2016 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл ажил гүйцэтгэсэн. Энэ хугацаанд уурхайн уулын цул буюу шороог зөөж гэрээнд заасны дагуу өөрийн талаас ямар нэг зогсолт хийгээгүй, ажил цалгардуулаагүй болно. Бид хоёр ажил гүйцэтгэсний хөлсөнд 1 сард 6.000.000 төгрөгөөр харилцан тохиролцож ажлын хөлсийг тооцож миний хаан банкны 5225368086 тоот дансанд шилжүүлэхээр болсон. Би ажлын хөлснөөс нийт 5.000.000 төгрөгийг 2016 оны 7 дугаар сарын 20-нд авсан. Миний жолооч Занад 2016 оны 8 дугаар сард 300.000 төгрөг, 200.000 төгрөг тус тус өгч нийт Д.Баас 5.500.000 төгрөг авсан. Ингээд миний  ажил гүйцэтгэсний 4 сарын ажлын хөлс 24.000.000 төгрөг болж байгаа үүнээс 5.500.000 төгрөг хасаад 18.500.000 төгрөг авах ёстой тул гаргуулж  өгнө үү  гэжээ.

Нэхэмжлэгч О.Х анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлээ дэмжиж байна. Анх Д.Бтай тохиролцон 2016 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Дөвөнтийн нурууны Ар чулуут гэх газрын хажууд алтын уурхайд шороо зөөж буулгах ажил хийхээр би өөрийн эзэмшлийн 28-99 БНХ улсын дугаартай ачааны автомашинаар ажил гүйцэтгэж, сарын 6 сая төгрөгийн хөлс авахаар 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл ажилласан юм. Д.Б нь эхний нэг сарын ажлын хөлс 5.500.000 төгрөг өгөөд үлдэгдэл төлбөрийг 11 сар хүртэл төлөөгүй тул миний бие ажиллахаас татгалзаж гэрээг цуцалсан юм. Ингээд ажлын хөлсөө удаа дараа нэхсэн боловч өгөөгүй тул 2018 оны 11 дүгээр сард Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхэд хандсан юм. Ингээд түүнийг эрэн сурвалжилж байж олсон. Анх бол амаар тохиролцож ажиллаж байсан ч мөнгөө өгөхгүй болохоор нь Ажил гүйцэтгэх гэрээг нөхөж байгуулсан юм гэжээ.

Хариуцагч Х.ЦХХК болон Д.Б нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бадамхоролоос шүүхэд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч нь нийт 18.500.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд уг шаардлагыг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Хариуцагч нь нэхэмжлэгчтэй 2016 онд тохиролцож Баянхонгор аймгийн Галуут суманд байрлах уурхайд нэхэмжлэгчийн сомсамол маркийн авто машинаар ажил ажил гүйцэтгүүлэхээр амаар харилцан тохиролцож ажиллуулсан байдаг.

Гэвч тухайн үед авто машины жолооч нь ажлын байранд удаа дараа согтууруулах ундаа хэрэглэж манай үйл ажиллагаанд саад учруулж байсан тул цаашид хамтран ажиллах боломжгүй болж ажилласан өдрийн нь төлбөр тооцоог бэлнээр хийж явуулсан. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ гэрээ байгуулсан гэх боловч бидний хооронд ямар нэгэн гэрээ бичгээр байгуулагдаагүй. Хариуцагч гэрээ байгуулаагүй учраас тухайн үед ажиллуулсан өдрийх нь мөнгийг бэлнээр өгч явуулсан. Тухайн үеийн болсон явдлын талаар уурхай дээр ажиллаж байсан хүмүүс маш сайн мэдэж байгаа болно гэжээ. 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан хариуцагч Х.ЦХХК, Д.Баас ажил гүйцэтгэх гэрээний үүрэг 16.500.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.Хд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-д тус тус заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 250.450 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Д.Баас улсын тэмдэгтийн хураамж 240.450 төгрөг гаргуулж нэхэмжлэгч О.Хд олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Ц.Мөнгөндавалгаас давж заалдах шатны шүүхэд  гаргасан  гомдолдоо:

Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч Ц.Мөнгөндавалгаа миний бие Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 131/ШШ2019/00855 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.1-д шүүгч уг хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай захирамж гаргаж, шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг товлох гэж зааснаар О.Х нэхэмжлэлтэй Х.ЦХХК болон Д.Б нарт холбогдох иргэний хэргийн шүүх хуралдааны товыг 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 70440522 дугаараас миний 88006645 дугаарт шүүгчийн туслах залгаж шүүх хурал 2019 оны 11 дүгээр  сарын 27 ны өдөр болно гэж мэдэгдсэн.

Миний бие 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд У.Урнаагийн нэхэмжлэлтэй МРS ХХК -ийн мэдээ.мн-д холбогдох иргэний хэргийн шүүх хуралдаан 16 цаг 30 минутад товлогдсон байсан учир өөрийн хувийн ажлаа зохицуулсан байсан.

Гэтэл 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 70440522 дугаараас миний 88006645 дугаарлуу залгаж шүүгч 27, 28-ны өдөр Өвөрхангай аймагт бүрэлдэхүүнтэй шүүх хуралтай болсон. Уг хэргийн шүүх хурлыг 11 дүгээр сарын 25-ны өдөр 11 цагт болгон наашлуулсан гэж хэлсэн. Би Улаанбаатар хотод шүүх хуралтай очих боломжгүй гэж хэлэхэд та хүсэлтээ явуулаарай гэсэн.

Ингээд би 2019 оны 11 дүгээр  сарын 25-ны өдөр 10 цагт тус шүүх рүү шүүх хурал хойшлуулах тухай хүсэлтийг шүүхийн  мэйл хаягаар явуулсан.

Гэтэл миний хүсэлтийг хүлээн аваагүй, шүүх хуралдааныг хийж хэргийг шийдвэрлэсэн байна.

Хэргийн хувьд манай үйлчлүүлэгч талаас шүүхэд шинээр гаргаж өгөх нотлох баримт байсан. Шинжээч томилох хүсэлтээс татгалзаж шинээр нотлох баримт гаргаж өгөхөөр бэлтгэсэн байхад хүсэлтийг хангаагүй хэргийг шийдвэрлэсэн нь хэт нэг талыг барьж хэргийг бүрэн цугларсан нотлох баримтын хүрээнд шийдвэрлээгүйн дээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн процесс ажиллагааг зөрчсөн байна.

Иймд Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 131/ШШ2019/00855 дугаар шийдвэрийг ИХШХШТХуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д зааснаар хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

                                                      ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч О.Х нь хариуцагч Х.ЦХХК болон Д.Б нарт холбогдуулж  ажил гүйцэтгэх гэрээний үүрэг 18.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасаныг анхан шатны шүүх  нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэжээ. Өмгөөлөгч Ц.Мөнгөндавалгаас гаргасан гомдолдоо  “…О.Х нэхэмжлэлтэй Х.ЦХХК болон Д.Б нарт холбогдох иргэний хэргийн шүүх хуралдааныг  2019 оны 11 дүгээр  сарын 27 ны өдөр хийхээр товлож байна гэж  2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 70440522 дугаараас миний 88006645 дугаар руу шүүгчийн туслах залгаж  мэдэгдсэн билээ. Иймд би  2019 оны 11 дүгээр  сарын 25-ны өдөр Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд У.Урнаагийн нэхэмжлэлтэй МРS ХХК-ийн мэдээ.мн-д холбогдох иргэний хэргийн шүүх хуралдаанд оролцох байсан учир өөрийн хувийн ажлаа зохицуулсан байсан.

Гэтэл шүүх гэнэт хурлынхаа товыг өөрчилж 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 70440522 дугаараас миний 88006645 дугаарлуу залгаж шүүгч 27, 28-ны өдөр Өвөрхангай аймагт бүрэлдэхүүнтэй шүүх хуралтай болсон. Уг хэргийн шүүх хурлыг 11 дүгээр сарын 25-ны өдөр 11 цагт болгон наашлуулсан гэж хэлсэн. Би Улаанбаатар хотод шүүх хуралтай очих боломжгүй гэж хэлэхэд та хүсэлтээ явуулаарай гэсэн...” гомдол болон анхан шатны шүүхээс 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр шүүх хуралдааны товыг мэдэгдэх тухай хуудас баримтанд /хх-ийн 113 дугаар тал/  хариуцагчийн өмгөөлөгч Ц.Мөнгөндавалгаад 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр болох  шүүх хуралдааны товыг  2019 оны 11 дүгээр сарын 22-ны  өдөр 88006645 дугаарын утсаар холбогдож мэдэгдсэн тухай тэмдэглэл үйлдсэн зэргээс дүгнэлт хийж үзэхэд анхан шатны шүүх зохигчдыг шүүх хуралдаанд хүрэлцэн ирэх боломжит хугацаанд хуралдааны товыг мэдэгдээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.2-т зааснаар “…хэргийн болон шүүх хуралдааны оролцогчдод шүүх хуралдаан хэзээ хаана болохыг шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдэх...”  гэж заасан байхад талуудад шүүх хуралдааны товыг шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдээгүй байна.

Хариуцагчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтээ явуулсныг   анхан шатны шүүх хүлээн авсан боловч хүсэлтийг шийдвэрлэлгүйгээр шүүх хуралдааныг хийж хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг талуудын мэтгэлзэх үндсэн дээр хэрэгжүүлэх зарчимыг хангаагүй, хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох хүсэлттэй, нотлох баримт гаргаж өгөх гэж байсан зэргийг нь харгалзаж үзэлгүйгээр зохигч, хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн байна.

Иймд шүүхээс зохигч, хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн гэж үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Хариуцагч Д.Баас өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 250.450 төгрөгийг төрийн сангийн данснаас шүүгчийн захирамжаар буцаан гаргуулж, хариуцагчид олгох үндэстэй байна.

Иргэний  хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.2-д заасныг удирдлага болгон                                        

                                                                  ТОГТООХ  нь:

1.  Баянхонгор  аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 131/ШШ2019/00855 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.      

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар хариуцагч Д.Б нь улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 250.450  төгрөгийг төрийн сангийн данснаас шүүгчийн захирамжаар буцаан гаргуулж, хариуцагчид  олгосугай.    

3. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл зохигчид магадлалыг  гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол  гаргах  эрхтэй болохыг дурдсугай.

                                 ДАРГАЛАГЧ                                           М.МӨНХДАВАА                            

                                 ШҮҮГЧИД                                                Б.БОЛОР-ЭРДЭНЭ    

                                                                                                  Г.УЛАМБАЯР