Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 001/ХТ2021/01408

 

                                                     *******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч шүүгч Б.Мөнхтуяа даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Л.Атарцэцэг, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Баянхонгор аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 131/ШШ2019/00855 дугаар шийдвэр,

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 213/МА2020/00003 дугаар магадлалтай, 

*******гийн нэхэмжлэлтэй,

*******, *******д холбогдох, 

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэг 18.500.000 төгрөг тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг  

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Л.Атарцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Бурмаа, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Мөнгөндавалгаа, нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов. 

Нэхэмжлэгч А.Хүрэлтогоо шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: *******тай тохиролцон 2016 оны 07 сарын 02-ны өдөр Дөвөнтийн нурууны Ар чулуут гэх газрын хажууд алтын уурхайд шороо зөөж буулгах ажил хийхээр би өөрийн эзэмшлийн 28-99 БНХ улсын дугаартай ачааны автомашинаар ажил гүйцэтгэж, сарын 6 сая төгрөгийн хөлс авахаар 2016 оны 11 сарын 02-ны өдөр хүртэл ажилласан. ******* нь эхний нэг сарын ажлын хөлс 5,500,000 төгрөг өгөөд үлдэгдэл төлбөрийг 11 сар хүртэл төлөөгүй тул би ажиллахаас татгалзаж гэрээг цуцалсан. Энэ хугацаанд би 2 жолооч өөрөө цалинжуулж 1,200,000 төгрөгөөр хөлсөлж өөрөө цалинг нь өгч байсан. ******* нь жолоочийн хоол хүнс, автомашины шатахууныг хариуцаж байсан. Анх бол амаар тохиролцож ажиллаж байсан ч мөнгөө өгөхгүй болохоор нь Ажил гүйцэтгэх гэрээг нөхөж байгуулсан. Энэ гэрээний загвар надад байсан бөгөөд гэрээний хугацаа, ажлын хөлс зэргийг би бичээгүй нь миний буруу юм. Ер нь том оврын ачааны автомашинаар ажил хийхэд сарын дундаж ажлын хөлс зах зээл дээр 6,000,000 төгрөг байдаг. Би энэ хүнээс болж тухайн үедээ өөрөөсөө мөнгө гаргаж 2 хүн цалинжуулж машин тэрэг, дугуй зэргээр хохирч ажилласан тул гомдолтой байна гэжээ.

Хариуцагч *******, ******* шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь нийт 18,500,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд уг шаардлагыг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Хариуцагч нь нэхэмжлэгчтэй 2016 онд тохиролцож Баянхонгор аймгийн Галуут суманд байрлах уурхайд нэхэмжлэгчийн сомсамол маркийн авто машинаар ажил ажил гүйцэтгүүлэхээр амаар харилцан тохиролцож ажиллуулсан байдаг. Гэвч тухайн үед авто машины жолооч нь ажлын байранд удаа дараа согтууруулах ундаа хэрэглэж манай үйл ажиллагаанд саад учруулж байсан тул цаашид хамтран ажиллах боломжгүй болж ажилласан өдрийн нь төлбөр тооцоог бэлнээр хийж явуулсан. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ гэрээ байгуулсан гэх боловч бидний хооронд ямар нэгэн гэрээ бичгээр байгуулагдаагүй. Хариуцагч гэрээ байгуулаагүй учраас тухайн үед ажиллуулсан өдрийнх нь мөнгийг бэлнээр өгч явуулсан. Тухайн үеийн болсон явдлын талаар уурхай дээр ажиллаж байсан хүмүүс маш сайн мэдэж байгаа болно гэжээ. 

Баянхонгор аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 131/ШШ2019/00855 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан хариуцагч *******, *******аас ажил гүйцэтгэх гэрээний үүрэг 16,500,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-д тус тус заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 250,450 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамж 240,450 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэжээ.

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 213/МА2020/00003 дугаар магадлалаар: Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 131/ШШ2019/00855 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар хариуцагч ******* нь улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 250,450 төгрөгийг төрийн сангийн данснаас шүүгчийн захирамжаар буцаан гаргуулж, хариуцагчид олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч А.Хүрэлтогоо хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 213/МА2020/00003 дугаартай магадлалыг эс зөвшөөрөн дараах гомдлыг гаргаж байна.

Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т заасны дагуу шүүхээс 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хэргийн оролцогч нарт 2019 оны 11 дүгээр сарын 25-ны 11 цагт болох шүүх хурлын товыг утсаар мэдэгдсэн байх бөгөөд оролцогч нарт хурлын тов мэдэгдсэнээ баримтжуулан тэмдэглэсэн нь хавтаст хэргийн 113 дугаар талд авагдсан байна.

Шүүх хурлыг хэзээ хаана болохыг мэдээд хариуцагчийн өмгөөлөгч хүсэлтээ явуулахдаа 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 11 цагт болсон шүүх хуралдааныг явагдаж өнгөрсний дараа буюу тус өдрийн 12 цагт шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт явуулсан болох нь хавтас хэргийн 123 дугаар талд авагдсан нотлох баримтаар тогтоогдох бөгөөд мөн тус өдөр Улаанбаатар хотод болох өөрийн оролцох шүүх хуралдааны товыг болон холбогдох нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

Гэтэл хариуцагчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтээ явуулсныг анхан шатны шүүх хүлээн авсан боловч хүсэлтийг шийдвэрлэлгүйгээр шүүх хуралдааныг хийж хэргийг шийдвэрлэсэн гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэсэн нь буруу бөгөөд хууль зүйн үндэслэлгүй, мөн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

Иймд хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдол хууль зүйн үндэслэлгүй байх тул Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 213/МА2020/00003 дугаартай магадлалыг хүчингүй болгож тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 855 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ 

Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.2-т хэргийн болон шүүх хуралдааны оролцогчдод шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдэнэ гэж заасны дагуу анхан шатны шүүхээс хариуцагчийн өмгөөлөгч Ц.Мөнгөндавалгаад 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр болох шүүх хуралдааны товыг 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 88006645 дугаарын утсаар холбогдож мэдэгдсэн тухай баримт хэрэгт байна.  

Хариуцагч шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй гэж маргаагүй, харин 11 сарын 27-ны өдөр хурал болох тухай мэдэгдлийг 11 сарын 20-ны өдөр хүлээн авсан, ажлаа зохицуулсан байсан, гэтэл товыг гэнэт өөрчилснөөс хуралдаан давхцаж, энэ байдлаа тайлбарлаж, хуралдаан хойшлуулах хүсэлтээ хүргүүлсэн, хүсэлтийг хүлээн авалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн гэж маргаж, гомдол гаргажээ.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно... гэж заасан байна. 

Хариуцагчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтээ ирүүлсэн байхад дээрх хуульд зааснаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй гэж үзэхгүй бөгөөд шүүх энэ нөхцөлд хуралдаанаар хэргийг хэлэлцэж эхлэхээс өмнө хүсэлтийг хянаж, хүлээж авах эсэхийг шийдвэрлэх учиртай.  

Шүүх хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтийг шийдвэрлэлгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлж, түүний шүүх хуралдаанд биечлэн оролцох, нотлох баримт гаргаж өгөх эрхийг хангаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг талуудын мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлэх зарчмыг зөрчсөн талаар давж заалдах шатны шүүхийн хийсэн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй.  

Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй тул магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч *******гийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 213/МА2020/00003 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч *******гийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахад төлсөн 250,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД Л.АТАРЦЭЦЭГ

П.ЗОЛЗАЯА

Д ЦОЛМОН