Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 0041

 

 

 

 

 

 

 

 

Э.Т нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

 Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, ерөнхий шүүгч З.Хосбаяр, шүүгч С.Цэцэгмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

Прокурор                                                      Л.О

Шүүгдэгч                                                       Э.Т, Г.Э,

Шүүгдэгчийн өмгөөлөгч                            Б.Д, Б.Б Б.Булгантамир/цахимаар/

Нарийн бичгийн дарга                             Э.Булгантамир нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалагийн даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 88 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Э.Т, түүний өмгөөлөгч Б.Б, Б.Б нарын давж заалдах гомдлоор шүүгдэгч Э.Т, Г.Э, М.Д нарт холбогдох эрүүгийн хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Цэцэгмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Х овогт М-н Д,

 

Б овогт Г-н Э,

 

С овогт Э-н Т,

 

   М.Д нь 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр         аймгийн       сумын        багт ажиллаж байхдаа иргэн Г.Эийн хувийн байдлыг тодруулсан, бичиг баримт болох ам бүлийн тодорхойлолтыг хуурамчаар үйлдсэн,

 Г.Э нь 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт болох          аймгийн     сумын       багийн зохион байгуулагчийн 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн ам бүлийн тодорхойлолт хуурамч болохыг нь мэдсээр байж гаргаж өгсөн,

Э.Т нь өмгөөлөгчөөр ажиллаж байхдаа Г.Эийг Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн         дугаартай шийтгэврээр 7 хоног баривчлах шийтгэл шийтгүүлж, шийтгэлийг биелүүлэхийг 7 хоног хойшлуулсан хугацаанд түүнд давуу байдал бий болгох зорилгоор “ганц бие эхэд баривчлах шийтгэл оногдуулахгүй, багийн Засаг даргаас хоёр хүүхэдтэйгээ амьдардаг” гэсэн тодорхойлолт авахыг зөвлөж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаагаа хууль бусаар явуулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Орхон аймгийн Прокурорын газраас: М.Дын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Г.Эийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Э.Тын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

            Шүүгдэгч Х овогт М-н Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний хувийн байдлыг тодруулсан, гэрчилсэн баримт бичгийг хуурамчаар үйлдсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

            шүүгдэгч Б овогт Г-н Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамч болохыг нь мэдсээр байж шүүхэд гаргаж өгсөн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

            шүүгдэгч С овогт Э-н Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өмгөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бусдад давуу байдал бий болгох зорилгоор мэргэжлийн үйл ажиллагаагаа хууль бусаар явуулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсгүүдэд заасныг баримтлан, шүүгдэгч М.Дад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, шүүгдэгч Г.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 5 /тав/ сарын хугацаагаар тэнсэж,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Тын хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 1 /нэг/  жилийн хугацаагаар хасаж, таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан, хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд шүүгдэгч Г.Эт Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 болон 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгүүдэд зааснаар тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Э.Т шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Т, Г.Э, М.Д нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арвандолдугаар бүлэгт зааснаар шүүгдэгч Э.Тт торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт, шүүгдэгч Г.Э хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэсэн хугацаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн хорьдугаар бүлэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гүйцэтгэж, хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгаж,

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Орхон аймаг дахь Цагдаагийн газрын өрөөний хяналтын камерын бичлэгтэй,

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Г.Эт холбогдох зөрчлийн хэргийн шүүх хуралдааны бичлэгтэй 2 ширхэг хуурцгийг хэрэгт хавсарган үлдээж,

битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Э.Т давж заалдах гомдолдоо:

... Анхан шатны шүүх “Э.Тын хувьд зөрчилд холбогдсон Г.Эийн нөхөртэйгээ гэрлэлтээ батлуулаагүйг далимдуулан, ганц бие эхэд баривчлах шийтгэл оногдуулахгүй гэсэн хуулийн заалтыг ашиглах давуу байдлыг бий болгох зорилгоор      аймгийн      сумын     багийн Засаг даргаас хоёр хүүхэдтэйгээ амьдардаг гэсэн тодорхойлолт авахыг зөвлөж, хуульчийн хувьд үнэнч шударга, итгэл даах байдал болон хуульчийн бусад шаардлагад сөргөөр нөлөөлөх гэмт хэрэг үйлдэж, нотлох баримтыг тухайлбал Г.Эийг нөхөртэй гэдгийг нь нууж, мөн ам бүл 3 гэж бичүүлж ирсэн нотлох баримтыг хуурамч гэдгийг мэдсээр байж хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд ашигласан нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байгаа” гэж дүгнэсэн нь илт үндэслэлгүйгээс гадна анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдахаар заасантай нийцэхгүй байна.

Зөрчлийн холбогдогч Г.Э өөрөө “нөхөр хаяад явсан талаар өмгөөлөгч М.М-тай уулзахдаа хэлж, бичгээр гомдол гаргахдаа мөн энэ талаараа дурдаж, надтай уулзаж өмгөөлөгчөөр оролцуулах хүсэлт гаргахдаа энэ талаараа ярьж, ямар учраас хаяж явсныг надад болон шүүх хуралдаан дээр шүүх бүрэлдэхүүнд тайлбарлаж, хүүхдээ тэврээд шүүх хуралд хүртэл ирж байхад” яаж мэдэх боломжтой байх вэ? Би энгийн нэгэн өмгөөлөгч болохоос “далдыг хардаг, зөн билэгтэй” хүн биш шүү дээ. Энэ талаараа мөрдөн шалгах ажиллагааны үед ч хэлж, хэргийг шүүх рүү шилжүүлэх хүсэлт гаргахдаа энэ талаар бичиж өгсөн.

Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэг 12-р талд “мөн 2 дахь хавтаст хэргийн 170-171 дэх талд авагдсан 2019 оны 10 сард зөвлөгөө авсан. Тухайн үед зөвлөгөө авч байхад нүдний шилтэй М өмгөөлөгч, Т өмгөөлөгч өөр бас нэг залуу хажуу өрөөний үүдний хажуу талын хэсэгт компьютер дээр сууж байсан гэх”, мөн 2 дахь хавтасны 19 дэх талд авагдсан 2020 оны 5 сарын 14-ний өдрийн шүүх хуралдааны үед өгсөн Г.Эийн”... би өрхийн эмнэлэг орж хоёр хүүхдийнхээ бичгийг авсан. Баг дээр очиход нийгмийн ажилтан нэг залуу байсан. Зохион байгуулагч байхгүй гэж хэлэхэд нь би тодорхойлолт бичээд өгөөч гэж гуйсан. Тэгэхэд надад оршин суугаа хаягийн тодорхойлолт гаргаж өгсөн. Тэгээд Э.Т өмгөөлөгчтэй утсаар ярихад Улаанбаатар хотод байна очсон үедээ холбоо барина гэж хэлсэн” гэх мэдүүлгүүдээр Э.Т, Г.Э нар нь 2019 оны 10 сарын 10-ны өдөр уулзаж, шүүгдэгч Э.Т нь Г.Эт         аймаг       сумын         багийн Засаг даргаас хоёр хүүхэдтэйгээ амьдардаг гэсэн тодорхойлолт авахыг зөвлөн хуульчийн хувьд үнэнч шударга, итгэл даах байдал болон хуульчийн бусад шаардлагад сөргөөр нөлөөлөх үйлдэл гаргасан гэж дүгнэв гэж хэтэрхий хийсвэр зохиомол дүгнэлт хийсэн байна. Мөн дээрх мэдүүлгүүдийг буруугаар ойлгож хэт нэг талыг барьж гуйвуулан тайлбарласан байна. Учир нь “Тэгээд Э.Т өмгөөлөгчтэй утсаар ярихад Улаанбаатар хотод байна очсон үедээ холбоо барина гэж хэлсэн” гэх мэдүүлгийг буруу ойлгож, тайлбарлажээ.

Энэхүү мэдүүлгийн агуулга нь Г.Э хувийн байдалтайгаа холбоотой баримтуудыг холбогдох байгууллагаас авсны өмгөөлөгч Э.Т надтай холбогдож уулзсан буюу надтай уулзаж өмгөөлүүлэхээсээ өмнө шүүхэд гаргаж өгсөн баримтуудаа цуглуулчихсан байсан талаар мэдүүлсэн байхад зөвлөгөө авсныхаа дагуу баримтуудаа цуглуулчихаад эргэж Э.Т надтай холбогдож буй мэтээр буруугаар ойлгож тайлбарласан байна. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгох үедээ ч мөн ийм агуулгаар тайлбарлаж байсан. Гэтэл 2020 оны 05 сарын 14-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл болон дуу- дүрсний бичлэгт тодорхой байгаа төдийгүй хуралд оролцсон хүмүүс сонссон болно.

“2 дахь хавтаст хэргийн 170-171 дэх талд авагдсан ... 2019 оны 10 сард зөвлөгөө авсан. Тухайн үед зөвлөгөө авч байхад нүдний шилтэй М өмгөөлөгч, Т өмгөөлөгч өөр бас нэг залуу хажуу өрөөний үүдний хажуу талын хэсэгт компьютер дээр сууж байсан гэх мэдүүлэг нь 2019 оны 10 сарын 30-ны өдөр анх уулзаж өмгөөлөгчөөр авах хүсэлтээ илэрхийлсэн тухай агуулгатай. Хэргийн бодит байдал нь 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр анх Г.Э өмгөөлөгч Э.Т надтай уулзсан бөгөөд тэр үед өрөөнд өмгөөлөгч М.М хамт байсан тухай М.М гэрчээр өгсөн мэдүүлэгтээ тодорхой мэдүүлсэн тул Г.Эийн дээрх мэдүүлгийг мөн буруугаар ойлгож, тайлбарлажээ.

Түүнчлэн 2019 оны 10 сарын 30-ны өдөр анх уулзсан хүндээ 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн “багийн тодорхойлолтыг авахыг зөвлөх” ямар ч боломжгүй Г.Э 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр ирж уулзсан болохыг гэрч М.М мэдүүлсэн, Г.Э 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Орхон аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаан дээр Э.Т гэж өмгөөлөгч сонгон авсан, гэрээ байгуулж амжаагүй гэж мэдүүлсэн мөн өмгөөлөгч авах үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтээ надаар бичүүлж авсан энэ баримт нь хэрэгт авагдсан байхад 2019 оны 10 сарын 10-ны өдөр уулзаж, зөвлөгөө өгсөн гэж дүгнэж буй нь бодит байдалд үл нийцэх буруу дүгнэлт болсон.

Иймд шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй төдийгүй шүүх мэдүүлгүүдийг буруугаар ойлгож тайлбарласан, бусад баримтуудтай харьцуулан дүгнэхгүйгээр хэт нэг талыг буюу яллах талыг барьсан гэж үзэж байна.

Хоёр. Дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан тухай.

Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр      аймагт шүүх хуралтай байсан гэх боловч энэ талаар нотолсон баримт хэрэгт авагдаагүй” гэжээ. Гэтэл хэрэгт     аймаг дахь шүүхийн тамгын газрын 2021 оны 01 сарын 26-ны өдрийн №27 тоот тодорхойлолт 2-р хавтаст хэргийн 158, 159-р талын дунд /дугаарлагдаагүй/ авагдсан 2019 оны 10 сарын 11-ний өдөр шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгчөөр оролцсон гэдгийг тодорхой бичсэн байхад энэ талаар баримт байхгүй гэж хэрэгт байгаа баримтыг олж харалгүй буруу дүгнэлт хийжээ. Уг баримтыг өмгөөлөгч Б.Б нотлох баримтаар судалсан. Өмнөх давж заалдах болон анхан шатны шүүх хуралдаан дээр судалсан баримт болно.

Дээрх Булган аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд Орхон аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын хүсэлтийн дагуу насан хүрээгүй хохирогчийн өмгөөлөгчөөр оролцсон бөгөөд хуралд оролцохын тулд өглөө эрт Булган аймаг руу очиж 18:30 цагаас хурал дууссаны дараа орой 19-20 цагийн үед Орхон аймагт ирэх боломжтой.

Мөн “О.Б-д холбогдох эрүүгийн хэрэгт өмгөөлөгчөөр Э.Тыг сонгон авсан тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж өгнө үү” гэсэн утга бүхий хүсэлт нь 2019 оны 12 сарын 27-ны өдрөөр огноологдсон байх тул гэмт хэрэг үйлдэгдсэн гэх хугацаанд хамаарахгүй баримт байна” гэж дүгнэсэн нь илт үндэслэлгүй. Энэхүү баримтыг миний бие өөрийн үйлдлийг нотлох, эсхүл няцаахаар гаргаж өгөөгүй. Харин анх эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол гаргаж, мөрдөн байцаалтын ажиллагаанд хяналт тавьж байсан хяналтын прокурор Б.О-тэй ашиг сонирхлын зөрчилтэй болохыг нотлох зорилгоор гарган өгсөн ба үүнийг ч 2020 оны 03 сарын 18-ны өдөр Б.О прокурор өөрөө хүлээн зөвшөөрч, татгалзан гарах хүсэлтээ өгсөн. Өөрөөр хэлбэл хяналтын прокурор Б.О-н хохирогчоор тогтоогдсон хэрэгт эсрэг тал буюу яллагдагч О.Б-ны өмгөөлөгчөөр ажиллаж байсан талаараа нотлох баримт болгон гаргаж өгсөн.

Гурав. Дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй тухай.

Миний бие мөрдөн байцаалтын ажиллагаа болон шүүх хуралдааны үед мэдүүлэг, тайлбар гаргасан ба уг мэдүүлэг, тайлбар нь холбогдох эх сурвалжаар нотлогдоно. Гэтэл Г.Эийн бодит үнэнд нийцэхгүй мэдүүлгийг үнэлээд ямар үндэслэлээр миний өгсөн мэдүүлэг, тайлбарыг үнэлэхгүй байгааг гайхаж байна. Миний мэдүүлгийг үнэлдэггүй юм гэхэд гэрчүүдийн мэдүүлгийг яагаад үнэлэхгүй байгааг огт ойлгохгүй байна.

Гэрч М.М-с мэдүүлэг авсан тэмдэглэл ХХ-147-р талд авагдсан ба 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Г.Э 2 хүүхэдтэйгээ гурвуулаа амьдардаг нөхөр маань хаяад явчихсан гэж хэлсэн, 2019 оны 10 дугаар сарын 30, 31-ний үед ирж Ттай уулзаж, өмгөөлүүлэхээр болоод гэрээ байгуулсан талаар тодорхой мэдүүлсэн.

Гэрч Ч.Б-с мэдүүлэг авсан тэмдэглэл ХХ-148-р талд авагдсан ба Э шүүх хуралдаанд ирэхдээ хүүхэдтэйгээ ирсэн шүүх хурлын танхимд насанд хүрээгүй хүн оруулдаггүй учир хүүхдийг нь шүүх хурал болох үед түр харж үлдсэн, Э давж заалдах гомдлоо өөрөө гаргасан гэж мэдүүлсэн.

Гэрч Г.Д-с мэдүүлэг авсан тэмдэглэл хавтаст хэргийн 150-р талд авагдсан ба Г.Этэй Т өмгөөлөгч уулзаад чиний худлаа ярьснаас болж над дээр эрүүгийн 2 зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгээд байна чи яагаад худлаа ярьсан юм бэ гэж хэлэхэд Г.Э би тухайн үед сандарсандаа мөрдөгчдөө худлаа хэлчихжээ гэж хэлж байсан. Тэгээд өмгөөлөгч чи худлаа хэлсэн юм бол мөрдөгчдөө очиж худлаа хэлсэн зүйлээ үнэнээр нь хэл гэж хэлсэн. Тэгээд Э Т өмгөөлөгчийн ажлын байрнаас мөрдөгчдөө очиж үнэнээ хэлнэ гэж хэлээд гарсан. Эийг ямар нэг байдлаар уурлаж зандраагүй гэж мэдүүлсэн.

Мөн 1-р хавтаст хэргийн 171-р талд Г.Эийн мэдүүлгийн тэмдэглэлд Т өмгөөлөгч энэ хэрэгт ямар ч хамаарал байхгүй, гэмгүй хүнийг хохироомооргүй байна, 2-р хавтаст хэргийн 225 дахь талд 7 хоногийн баривчилгааг хойшлуулснаас хойш 2-3 хоногийн дараа хууль зүйн фирм орсон, ороход М өмгөөлөгч байсан, 226 дахь талд Э.Т өмгөөлөгч худлаа мэдүүлэг өгсөн байна гэж хэлсэн. Би өмгөөлөгч тэгж хэлээрэй гэж хэлчихвэл гайгүй байх гэж бодоод хэлчихсэн гэж тус тус мэдүүлжээ.

Дээрх мэдүүлгүүдийг ямар баримтаар үгүйсгэж байгааг шийтгэх тогтоолд огт заагаагүй. Өөрөөр хэлбэл шүүхийн дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй байна.

2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн шүүх хуралдаан дээр Б.Б өмгөөлөгчийн чамд хэн нэгэн мэдүүлэг өгөхөд чинь заасан, чиглүүлсэн зүйл байна уу гэхэд Г.Э “мөрдөгч надад Т чамайг өмгөөлсөн биздээ, Т чамд зааж зөвлөсөн биздээ гээд байсан” тухай мэдүүлсэн,

2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс өмнө огт Г.Э гэх иргэнтэй уулзаж байгаагүй, хууль зүйн зөвлөгөө өгч байгаагүй. 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр анх удаа уулзалдсан болох нь миний Г.Эт бичиж өгсөн өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох тухай хүсэлт болон гэрч М.М-н мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдсон болно. Мөн Г.Эийг надтай 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр анх уулзсан талаар миний хадам аав болох Д.Г ч мөн гэрчлэх боломжтой. Учир нь Эийг надтай холбож, өмгөөлж өгөхийг хүссэн хүн нь миний хадам аав Д.Г юм. Анх прокурор нотлох баримтыг хуурамч болохыг мэдсээр байж хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд ашигласан гэж эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан. Сүүлд яллах дүгнэлт үйлдэхдээ “хоёр хүүхэдтэйгээ хамт амьдардаг талаар багийн тодорхойлолтыг авахыг зөвлөж” мэргэжлийн үйл ажиллагаагаа хууль бусаар явуулсан гэж өөрчилсөн тул мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр асуулгах хүсэлт гаргаагүй юм.

Миний бие хуульчийн мэргэжлийн эрх зүйн ухамсрыг удирдлага болгон зарчимтай, шударга байх зарчмыг баримтлан ажиллаж ирсэн.

Хэрэв би прокурорын яллаж буй хилс зохиомол үйлдлийг үнэхээр хийсэн байсан бол сайн дураараа хүлээн зөвшөөрч, хариуцлагаа шударгаар хүлээх байсан. Гэвч анхнаасаа зорилготой, хувийн ашиг сонирхлоор хандаж, над руу энэ асуудлыг чиглүүлж, худлаа ярьдаг хүний мэдүүлэгт хэтэрхий ач холбогдол өгч эсхүл зориудаар тийм мэдүүлэг гаргуулж, мэдүүлгийн үнэн зөв эсэхийг бусад нотлох баримттай харьцуулан, сайтар нягтлан шалгалгүйгээр эрүүгийн хэрэг үүсгэсэн гэж үзэж прокурорын үндэслэлгүй шийдвэрийг эсэргүүцэж, нэр төрөө цэвэрлэж авахын тулд шүүхэд шилжүүлж өгөхийг хүсэж хүсэлт гаргасан.

Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх тул шийтгэх тогтоолын надад холбогдох хэсгийг өөрчилж, надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү гэжээ.

Шүүгдэгч Э.Тын өмгөөлөгч Б.Б давж заалдах гомдолдоо:

... Э.Тыг гэм буруутайд тооцож /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт/ ял оногдуулсан нь үндэслэлгүй боллоо.

Шүүгдэгч Г.Э нь ... өмнө нь Зөрчил гаргасан үйлдэлдээ долоо хоногоор баривчлах шийтгэл авснаа хөнгөрүүлэх зорилгоор өөрийн санаагаа хэрэгжүүлэхийн тулд ажлаа хийж байсан өмгөөлөгч Э.Таас хууль бусаар, зөвлөгөө авсан болж элдвээр худлаа ярьж удаа дараагаар болсон байдлыг илтэд гуйвуулж өөр хоорондоо зөрүүтэй мэдүүлгийг өгсөөр байгаад анхан шатны шүүх үүнд бодитой дүгнэлт хийгээгүйгээс Э.Тын эрх зүйн байдлыг илтэд дордуулаа.

Г.Э нь 4 удаа мэдүүлэг өгөхдөө өөр хоорондоо зөрүүтэй мэдүүлсэн байдаг.

...Хуульд 0-14 настай хүүхэдтэй өрх толгойлсон ганц бие эмэгтэйд баривчлах ял оногдуулахгүй ... гэсэн заалтыг мэдсэн бөгөөд түүнийг тодорхойлсон багийн Засаг даргын тодорхойлолтыг хууль бусаар авсан үйлдэлдээ өмгөөлөгч Э.Тыг худлаа ярьж буруутгасан нь үнэнд гүйцэгдэх учиртай.

Г.Эийн өмгөөлөгч Э.Тыг буруутгахыг оролдсон үйлдэл нь эхнээсээ үнэмшилгүй бөгөөд түүний нөхөр М-н мэдүүлгээр няцаагддаг.

Г.Э нь баривчлах шийтгэлээ аргалах гэж байгаад энэ асуудалд холбогдсон юм байна лээ ... гэжээ.

Өмгөөлөгч /Э.Таас/ Г.Эийн ... хууль зөрчсөн зөвлөгөө өгсөн ... гэдгийг дан ганц худлаа ярьдаг Г.Эээс өөр үйл баримт огтхон ч  байхгүй. Харин Э.Тыг хууль бусаар зөвлөлөө өгөөгүйг гэрчүүд нотолдог.

Э.Тын хувийн байдлыг онцгойлон анхаарсангүй, хэрэгт авагдсан үйл баримтаас харахад түүнийг гэм буруутайд тооцон ял халдаасан нь илтэд үндэслэлгүй байх тул Э.Тт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү гэжээ.

 

Шүүгдэгч Э.Тын өмгөөлөгч Б.Б давж заалдах гомдолдоо:

... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон гэм буруугийн хэлбэр, шалтгаан нөхцөлийг нотолбол зохих байдал бөгөөд улсын яллагчийн яллах дүгнэлтэд “... шүүгдэгч Э.Т нь өмгөөлөгчөөр ажиллаж байхдаа... Г.Эийг Орхон аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2019/ЗШ/875 дугаартай шийтгэврээр 7 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл шийтгүүлж, шийтгэлийг биелүүлэхийг 7 хоног хойшлуулсан хугацаанд бусдад давуу байдал бий болгох зорилгоор Г.Эт “ганц бие эхэд баривчлах шийтгэл оногдуулахгүй, багийн даргаас хоёр хүүхэдтэйгээ амьдардаг гэсэн тодорхойлолт авах”-г зөвлөж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг хууль бусаар явуулсан гэж,

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд “...Тэгээд би Э.Т өмгөөлөгчтэй утсаар ярихад Улаанбаатар хотод байна, очсон үедээ холбоо барина гэж хэлсэн...” гэх мэдүүлгээр шүүгдэгч Э.Т, Г.Э нар нь Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн шүүх хуралдаанаас 2-3 хоногийн дараа буюу 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр уулзаж, шүүгдэгч Э.Т нь Г.Эт...тодорхойлолт авахыг зөвлөн хуульчийн хувьд үнэнч шударга, итгэл даах байдал болон хуульчийн бусад шаардлагад сөргөөр нөлөөлөх үйлдэл гаргасан гэж дүгнэв...” гэж тус тус дурджээ.

 

Тодруулбал, улсын яллагчийн зүгээс гэмт хэргийг 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс хойш 7 хоног буюу 2019 оны 10 дугаар сарын 14-ны өдрийн дотор үйлдэгдсэн гэж шүүхэд шилжүүлснийг шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд анхан шатны шүүх өөрийн санаачилгаар 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг гэмт хэрэг гарсан гэж тайлбарлаж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д зааснаар Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээ, хязгаараас хальж, гэмт хэрэг гарсан цаг хугацаа, газрыг өөрчилж, мөрдөн шалгах ажиллагаа огт явагдаагүй цаг хугацааг гэмт хэрэг үйлдэгдсэн гэж үзсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж байна. Улсын яллагчаас сонсгоогүй, огт байхгүй цаг хугацааны үйлдлийг гэмт хэрэгт тооцож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээ хязгаарыг зөрчсөн.

Тухайлбал, дээрх хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д мөн хуулийн 16.3 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг зөрчиж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох нь хуулийг ноцтой зөрчил гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл, мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчийн мэдүүлэг дангаар яллах мэдүүлэг болохгүй, түүний эх сурвалжийг шалгаж, бусад нотлох баримт, мэдүүлэг, баримт сэлтээр тогтоож байж хэргийн бодит байдлыг сэргээн дүрслэх учиртай.

Тодруулбал, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “...шүүгдэгч Г.Эийн яллагдагчаар өгсөн...Т өмгөөлөгч өрхийн эмнэлгээс ч 2 хүүхдээ эрүүл бойжиж байгаа гэсэн бичиг, багийн засаг даргаас 2 хүүхэдтэйгээ 3-уулаа амьдардаг гэж хэлээд тодорхойлолт авчих ... Өмгөөлөгч Т намайг хуурамч бичиг баримт авсныг мэдэж байсан ...” гэж мэдүүлснийг бусад ямар эх сурвалжаар нотолж, цагаатгах байр суурийг хэрхэн няцаасан, гэрч М, Д нарын мэдүүлэг, Улаанбаатар хот болон Булган аймагт шүүх хуралтай болон бусад шүүх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд эрдэнэт хотод байгаагүй талаарх баримтыг үгүйсгэсэн талаар дүгнэлт хийгээгүй байна.

Түүнчлэн шүүгдэгч Г.Э нь мөрдөн шалгах ажиллагааны явцад 5-6 удаа гэрч, яллагдагчийн мэдүүлэг, шүүх хуралдаанд гаргасан Т өмгөөлөгчтэй 10 дугаар сарын 30-ны өдөр уулзаад ... хуралд ороод өгөөч гэж хэлсэн ... оршин суух хаягийн тодорхойлолтоо 10 дугаар сарын 11-ний өдөр авсан гэх мэдүүлгийн зөрүүг хэрхэн үнэлсэн, арилгасан, аль мэдүүлгийг үнэн зөв, бусад нотлох баримт, сэлтийг харьцуулан гэм буруутайд тооцсон зэргийг дүгнээгүй нь хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзнэ. Мөн анхан шатны шүүх хэргийн бодит байдлыг тогтоох яллах болон цагаатгах нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хөтөлбөргүй талаас нь баримтыг үнэлээгүй ба яллах баримтыг үндэслэхдээ хэрхэн үнэлж, харьцуулан дүгнэлт гаргасан нь ойлгомжгүй байна.

Хэргийн үйл баримтыг хавтаст хэргийн хүрээнд дүгнэвэл шүүгдэгч Г.Э нь өмгөөлөгч Ттай 10 дугаар сарын 30-ны өдөр уулзсан, Т тодорхойлолт ав, тэгж хэлээгүй гэх харилцан адилгүй нэг үйл баримтыг 2 өөр байдлаар мэдүүлсээр ирснийг шүүх хавтаст хэрэгт авагдсан бусад гэрч болон нотлох баримтаар аль нь үнэн байх магадлалтай шалгаж тогтоохдоо илэрхий алдаа гаргалаа.

 

Тодруулбал улсын яллагчийн зүгээс 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн хуралд Тыг хуурамч нотлох баримтыг тайлбарлан оролцсон хэлбэр нь гэмт хэргийг төгсөөгүй, үргэлжилсэн гэж дүгнэх, мөн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр гэмт хэрэг үйлдэгдсэн гэж тодорхой заагаагүй нөхцөлийг таамаглаж, 10 дугаар сарын 10-ны өдөр уулзсан, утсаар ярьсан ямар ч баримт байхгүй байхад, тус өдөр зөвхөн Орхон аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хуралд оролцсон учраас тус аймагт оршин байсан, шүүгдэгч Г.Этэй уулзсан байна гэж хэт хийсвэрлэж дүгнэсэн.

 

Тухайлбал, Г.Эийн өөр мэдүүлгийн зөрүүг хэрхэн дүгнэсэн нь ойлгомжгүй бөгөөд Г.Э 2019 оны 10 дугаар сарын 07-ноос хойш 2-3 хоногийн дараа нэг өмгөөлөгчтэй уулзсан, гэрч М-н мэдүүлэгт Г.Э надаас зөвлөгөө авсан, мөн гэрч Д нарын мэдүүлгийг хэрхэн үгүйсгэсэн талаар тайлбарлаагүй, тэрхүү нөхцөлийг анхаарч үзэлгүй, ач холбогдол бүхий нөхцөлийг орхигдуулсан, ноцтой алдаа гаргалаа.

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд “...харин шүүгдэгч Э.Т “...2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Булган аймагт шүүх хуралтай гэх боловч энэ талаар нотолсон баримт хэрэгт авагдаагүй...” гэж дурджээ. Өмгөөлөгчийн зүгээс шүүхэд нотлох баримтыг шинжлэн судлуулах болон өмгөөлөгчийн дүгнэлтийг бичгээр хүргүүлсэн бөгөөд Булган аймгийн шүүхийн тамгын газрын 2021 оны 01 дүгээр сарын 26-ны №27 тоот тодорхойлолтыг дурдсан /хх-158-159 дүгээр талын голын хэсэг дугаарлагдаагүй, хавчуулагдан үдэгдсэн/ баримтыг шүүх шинжлэн судлаагүй, орхигдуулсан зэрэг байдлаас үзэхэд шүүгдэгчийн гэм буруугүй талаарх бүхий л баримтыг шинжлэн судлах, харьцуулан магадлах ажиллагаанд ноцтой алдаа гарсан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг зөрчжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.3-д “Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэл” гэж заажээ.

Тодруулбал, өмгөөлөгчийн санал буюу үндэслэл болгосон нотлох баримтыг хэрхэн няцаан үгүйсгэж байгаа талаар заавал дурдах бөгөөд өмгөөлөгчийн зүгээс Тыг цагаатгах байр сууринаас дараах нотлох баримтыг “    аймгийн      багийн Засаг даргын тодорхойлолт, хх-11 тал, Эийн гэрчээр өгсөн мэдүүлэг, хх-22 тал, Э.Тын гэрчээр өгсөн мэдүүлэг, хх-23 тал, 2019 оны 10 дугаар сарын 31-ний Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн Ч.Б-н гэрчийн мэдүүлэг, хх-148 тал, 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн М.М-н гэрчээр өгсөн мэдүүлэг, хх-147 тал, 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн Г.Д-н гэрчийн мэдүүлэг, хх-150 тал, 2019 оны 10 дугаар сарын 11-ний Шүүхийн шийдвэр гардуулсан баримт, 2021 оны 01 дүгээр сарын 26-ны №27 тоот Булган аймгийн шүүхийн тамгын газрын тодорхойлолт, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн шүүх хуралдааны тов мэдэгдсэн тухай баримт, шүүх хуралдааны тэмдэглэл хх-245-247, Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, зарлан дуудах хуудас, хх-248-249 тал” шинжлэн судлуулан оролцсон боловч шүүхийн шийдвэрт өмгөөлөгчийн үндэслэл болгосон нотлох баримтыг хэрхэн няцаасан, ялангуяа гэрч М.М, Г.Д нарын мэдүүлэг, Булган аймгийн шүүхийн Тамгын газрын 27 тоот албан бичиг зэргийг хэрхэн, ямар нотлох баримтаар няцаасан талаар нэг ч өгүүлбэр, үг үсэг шийтгэх тогтоолд дурдаагүй, тайлбарлаагүй нь хуулийн дээрх шаардлагыг зөрчиж байна.

 

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 875 дугаар шийтгэврийг шүүгдэгч Г.Э-ээс бусад зөрчлийн хэргийн оролцогч нар 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр /хх 45 дугаар тал/ гардан авсан нь нотлогдох бөгөөд шүүгдэгч Г.Э нь 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Тын ажлын байранд ирж зөвлөгөө авсан гэж үзвэл, шийтгэврийг тухайн өдөр яагаад гардан аваагүй зэрэг нөхцөлүүд нь эргэлзээтэй байна. Тодруулбал, шүүгдэгч Г.Эийн яллагдагчаар өгсөн 1 дэх хавтаст хэргийн 100-101 дэх талд авагдсан “...Орхон аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хуралдаанаар 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр шүүх хуралд орчихоод ...2 бил үү 3 хоногийн дараа Т өмгөөлөгчөөс зөвлөгөө аваад...” гэх мэдүүлэг нь гэрч н.М, н.Д, Э.Т нарын мэдүүлгээр үгүйсгэгдэж, гэрч н.М /өмгөөлөгч/-аас 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр буюу шүүх хуралдаанаас 2 хоногийн дараа хууль зүйн зөвлөгөө авсан болох нь нотлогдсон байна.

 

Г.Э нь 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр өмгөөлөгчийн ажлын байранд ирээгүй, зөвлөгөө аваагүй харин 2019 оны 10 сарын 30-ны өдөр өмгөөлөгч Э.Ттай анх уулзалдаж, өмгөөлөгчөөр оролцуулах хүсэлт тавьсан болохыг гэрч н.М, н.Д, Э.Т нарын мэдүүлгээр нотлогдсон.

 

Тухайлбал, хууль тогтоогч өмгөөлөгчийн мэтгэлцсэн, үгүйсгэсэн нотлох баримтыг яагаад үнэлээгүй талаар шүүх дүгнэхийг хуулиар үүрэг болгосныг орхигдуулан шийдвэрлэсэн нь, шүүхийн шийдвэр үндэслэл бүхий, хууль ёсны шаардлагыг хангахгүй юм.

Эрүүгийн хуулийг буруу хэрэглэх талаар:

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн 21.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хуулийн нөхцөлийг буруу тайлбарлан хэрэглэжээ. Тухайлбал, дээрх хуулийн 21.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...мэргэжлийн үйл ажиллагаа хууль бусаар явуулсан...” гэсэн агуулгыг буруу тайлбарласан ба шүүхийн шийтгэх тогтоолд “... Э ... 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр уулзаж, шүүгдэгч Э.Т, Г.Эт       аймаг      сумын    багийн Засаг даргаас “хоёр хүүхэдтэйгээ амьдардаг” гэсэн тодорхойлолт авахыг зөвлөн хуульчийн хувьд үнэнч шударга, итгэл даах...” гэж дурдахдаа өмгөөлөгчийг үйлчлүүлэгчийн өрх толгойлсон гэдгийг шалгах, тэрхүү нөхцөл байдлыг тогтоох, багийн Засаг даргын тодорхойлолтыг хуурамч болох талаарх эх сурвалжийг шалгах ажиллагаа явуулаагүй, үүрэгт ажилдаа хайнга хандсан мэтээр дүгнэхдээ илэрхий алдаа гаргаж, хуульд заасан нөхцөл, зүйл, заалтыг буруу тайлбарлан хэрэглэжээ.

Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны дүрмийн 1 дүгээр зүйлийн 1.5- д “Үндэслэлтэйгээр итгэх" гэж тодорхой нөхцөл байдалд хуульч хувийн бодит итгэл дээр тулгуурлан мэргэжлийн үйл ажиллагаа явуулж, үүнийгээ үндэслэлтэйгээр тайлбарлахыг” гэж ойлгохоор тайлбарласан ба шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтыг үйлчлүүлэгчийн итгэл дээр тулгуурлан, үндэслэл бүхий тайлбарласныг гэмт хэрэг гэж үзэх боломжгүй.

Мэргэжлийн үйл ажиллагааг хууль бусаар явуулах тухай ойлголт нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны дүрэмд заасан хуульчийн хоригловол зохих үйлдэл, эс үйлдэхүй, хязгаарлалтыг зөрчсөн байхыг шаардаж байна.

Шүүхийн шийтгэх тогтоолд дурдсанаар Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны дүрмийн ямар зохицуулалтаар багийн Засаг даргын тодорхойлолтыг хуурамч эсэхийг мэдэх, үйлчлүүлэгчийг нөхөртэйгээ хамт амьдардаг нөхцөл байдлыг тодруулах үүрэг байхгүй байгааг шүүх орхигдуулсан.

Нөгөөтэйгүүр Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2. дахь хэсэгт “Аливаа этгээдээс хуульчид эрх зүйн туслалцаа хүсэж хандсан болон үйлчлүүлэгчид хууль зүйн туслалцаа үзүүлэх явцад олж мэдсэн зүйлтэй нь холбогдуулан хуульчийг гэрчээр болон бусад байдлаар байцаах, нөхцөл байдлыг тодруулах зорилгоор мэдүүлэг, тайлбар авахыг хориглоно”,

Өмгөөллийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 “Хуульд өөрөөр заагаагүй бол өмгөөллийн үйл ажиллагаатай нь холбогдуулан өмгөөлөгч, өмгөөлөгчийн туслах, өмгөөллийн хуулийн этгээдийн ажилтны яриаг чагнах, албан байр болон орон байр, тээврийн хэрэгсэл, биед нь үзлэг, нэгжлэг хийх, мөрдөн мөшгөх, өмгөөллийн үйл ажиллагаатай холбоотой баримт сэлтийг гаргуулан авахыг хориглоно” гэж тус тус зохицуулжээ.

Өөрөөр хэлбэл, өмгөөлөгчийн хууль зүйн баталгаа нь ямар хүрээ хязгаарт үйлчлэх, мэргэжлийн үйл ажиллагааны зөрчил, ёс зүйн зөрчил, гэмт хэрэг гэх эдгээр ойлголтуудын хэмжээ, хязгаар, хүрээг тодорхойлохгүй тохиолдолд аль хэм хэмжээг зөрчсөн үйлдлийг гэмт хэрэг, зөрчил, мэргэжлийн үйл ажиллагааны алдаа гэх мэтээр дүгнэх, эрх зүйн харилцан адилгүй нөхцөл байдлыг дүгнээгүй байна. Иймд Э.Тт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү гэжээ.

Шүүгдэгч Г.Эийн өмгөөлөгч Б.Д тайлбартаа:

... Миний бие Г.Эт холбогдох хэргийн хэрэгсэхгүй болгох тухай хүсэлтийг хэргийн баримттай танилцсан цагаас л бичгээр гаргаж, шүүх ажиллагааны шатанд дэмжсээр ирсэн юм. Өмгөөлөгч Б.Б-н "... шүүгдэгч Э нь... долоо хоногоор баривчлах шийтгэл авснаа хөнгөрүүлэх зорилгоор өөрийн санааг хэрэгжүүлэхийн тулд ... өмгөөлөгч Э.Таас хууль бусаар зөвлөгөө авсан болж, элдвээр худлаа ярьж, удаа дараагаар өөр хоорондоо зөрүүтэй мэдүүлгийг өгсөөр байгаа...” гэдгийг зөвшөөрөхгүй.

Учир нь: Миний үйлчлүүлэгч тухайн үедээ ойрхон 2 төрсөн, нялх биетэй, сэтгэл зүйн хувьд айдастай, мартаж санах зэрэг эрүүл мэндийн байдал нь тогтворгүй байсан. Эхлээд М өмгөөлөгчөөс зөвлөгөө авснаа ч санахгүй тийм айдсын байдалтай надтай уулзаж байсан. Эхний зөвлөгөөг М өмгөөлөгчөөс авсан, баривчлах ялыг сольж болох талаар зөрчлийн тухай хуулиас мэдсэн тухайгаа тууштай мэдүүлдэг.Хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгох тухай саналыг дэмжиж байгаа гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Э.Т тайлбартаа: Анхан шатны шүүх үндэслэлгүй дүгнэлт хийж намайг гэм буруутай гэж үзэж ял шийтгэл оногдуулж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Г.Э тайлбартаа: ... Энэ хэрэг 3 жил үргэлжлээд явж байна. Миний бие өдий болтол хоёр хүүхэдтэйгээ хамт байгаа. Тийм учраас бодит байдлаа хэлээд тодорхойлолт авсан. Ш.Эрдэнэцэцэг шүүгчийн шийдсэнээр хэргийг шийдвэрлэж өгнө үү ... гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Д тайлбартаа: Шүүгдэгч Г.Э нь тухайн үед хоёр нялх хүүхэдтэй баривчлах шийтгэлээр шийтгүүлсэн байхдаа ямар ямар өмгөөлөгчтэй уулзсанаа ч сайн санадаггүй юм. Хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б тайлбартаа: анхан шатны шүүх гэмт хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэлгүй дүгнэлт хийж илтэд үндэслэлгүйгээр шүүгдэгч Э.Тт ял шийтгэл оногдуулсан тул хэргийг нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б тайлбартаа: Э.Тт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Л.О дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй тул хэвээр үлдээх саналтай байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүгдэгч Э.Т болон түүний өмгөөлөгч Б.Б, Б.Б нарын давж заалдах гомдлыг үндэслэн Э.Т, М.Д, Г.Э нарт холбогдох хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэр, хэргийн бүх ажиллагааг бүхэлд нь хянан үзлээ.

 

            Анхан шатны шүүх шүүгдэгч М.Дыг 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр       аймгийн    сумын     багт ажиллаж байхдаа иргэн Г.Эийн хувийн байдлыг тодруулсан, бичиг баримт болох ам бүлийн тодорхойлолтыг хуурамчаар үйлдсэн,

   шүүгдэгч Г.Эийг 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт болох     аймгийн     сум    багийн зохион байгуулагчийн 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн ам бүлийн тодорхойлолт хуурамч болохыг нь мэдсээр байж гаргаж өгсөн гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалд нийцсэн, шүүгдэгч нарт оногдуулсан ял шийтгэл тохирсон, шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль болон Өршөөл үзүүлэх тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

   Шүүгдэгч М.Д нь    аймгийн      сумын      багийн  нийгмийн ажилтнаар ажиллаж байхдаа тус багийн хүн ам өрхийн мэдээллийн санд нэвтрэх болон багийн засаг даргын тодорхойлолт өгөх эрхгүй атлаа 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Г.Эт “...Ам бүл 3” гэсэн тодорхойлолт бичиж багийн зохион байгуулагч М.А-н гарын үсгийг хуурамчаар зурсан үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан “Хүний хувийн байдлыг тодруулсан, гэрчилсэн баримт бичгийг хуурамчаар үйлдсэн” гэмт хэргийг,

   шүүгдэгч Г.Э нь     аймгийн      сумын     багийн       тоотод хүү М.О, М.О болон хүүхдүүдийн эцэг Г.М /гэрлэлтээ бүртгүүлээгүй боловч/ нартай хамт амьдардаг, уг хаяганд байнгын оршин суух бүртгэлтэй боловч шүүхээс оногдуулсан баривчлах шийтгэлээс чөлөөлөгдөх зорилгоор 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр    аймгийн     сумын     багийн нийгмийн ажилтан М.Даас дээрх “... Ам бүл 3” гэсэн тодорхойлолтыг хийлгэж, уг тодорхойлолтыг хуурамч болохыг мэдсээр байж давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргаж өгсөн үйлдэл нь хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамч болохыг нь мэдсээр байж шүүхэд гаргаж өгсөн гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

   Зөрчлийн тухай хуулийн 3.5 дугаар зүйлийн 4.д “Шүүх баривчлах шийтгэлийг ...14 хүртэлх насны хүүхэдтэй ганц бие эцэг, эх...д оногдуулахгүй” гэж заасан бөгөөд шүүгдэгч М.Дын хуурамчаар үйлдсэн “Тус багийн      тоот  хаягт иргэн Г овогтой Э оршин суудаг нь үнэн болохыг тодорхойлов.  Ам бүл 3” гэсэн баримт бичгийг давж заалдах шатны шүүх зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтаар үнэлж зөрчлийн холбогдогч Г.Эт анхан шатны шүүхээс оногдуулсан 7 хоног баривчлах шийтгэлийг торгох шийтгэлээр сольж шийдвэрлэсэн нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

   Харин хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтуудыг судалж үзэхэд шүүгдэгч Э.Тыг өмгөөлөгчөөр ажиллаж байхдаа Г.Эийг Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2019/ЗШ/875 дугаартай шийтгэврээр 7 хоног баривчлах шийтгэл шийтгүүлж, шийтгэлийг биелүүлэхийг 7 хоног хойшлуулсан хугацаанд түүнд давуу байдал бий болгох зорилгоор “ганц бие эхэд баривчлах шийтгэл оногдуулахгүй, багийн Засаг даргаас хоёр хүүхэдтэйгээ амьдардаг” гэсэн тодорхойлолт авахыг зөвлөж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаагаа хууль бусаар явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэхэд эргэлзээ бүхий нөхцөл байдал үүсч байна.

 

    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтыг шалгаж үнэлэх ажиллагааг мөн хуулийн 16.15 дугаар зүйлд зааснаар ... шүүгч нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлдэг.

 

   Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг хууль бусаар явуулах гэмт хэрэг нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах журамд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны явцад өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон идэвхтэй үйлдлийг хамааруулан ойлгоно.

 

   Мэргэжлийн үйл ажиллагааг хууль бусаар явуулсан гэдэгт Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд хориглосон үйлдлүүдийг хийснийг хамааруулах бөгөөд прокурорын яллах дүгнэлтэд Э.Тыг дээрх хуулийн чухам аль зүйл, заалтыг зөрчиж өмгөөлөгчийн мэргэжлийн үйл ажиллагааг хууль бусаар явуулсан, мөн түүний ямар үйлдлийн улмаас Г.Эт давуу байдал бий болгосон талаар тодорхой дурдаагүй байна.

 

   Прокурор яллах дүгнэлтэндээ Э.Тыг “бусдад давуу байдал бий болгох зорилгоор Г.Эт ганц бие эхэд баривчлах шийтгэл оногдуулахгүй, багийн засаг даргаас хоёр хүүхэдтэйгээ амьдардаг гэсэн тодорхойлолт авахыг зөвлөж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бусдад давуу байдал бий болгох зорилгоор мэргэжлийн үйл ажиллагааг хууль бусаар явуулсан” гэж дүгнэсэн атлаа давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Э.Т нь Г.Эт тодорхойлолт авахыг зөвлөснөөс гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мэргэжлийн үйл ажиллагааг хууль бусаар явуулсан гэж зөрүүтэй дүгнэлт гаргаж байгаа нь эргэлзээ бүхий нөхцөл байдал үүсгэж байна.

 

   Түүнчлэн прокурорын яллах дүгнэлтэд дурдсан яллах талын нотлох баримт болох Г.Эийн гэрчээр өгсөн мэдүүлэгт “... Т гэх өмгөөлөгчид учир байдлаа хэлээд баривчлах шийтгэл авахгүй байх ямар гарц гаргалгаа байна гэж асуухад 0-14 насны ганц бие эхэд баривчлах шийтгэл оногдуулахгүй гэсэн заалт байдаг. Харин чи нөхөртэй юм байна, гэрлэлтээ батлуулж байсан уу гэж надаас асуухаар нь би батлуулж байгаагүй гэж хэлэхэд өрхийн эмнэлгээсээ 2 хүүхдийнхээ эрүүл бойжиж байгаа бичиг, харьяа багаас 2 хүүхэдтэйгээ амьдардаг гэсэн тодорхойлолт хийлгүүлээд ир тэгээд шүүхээр ороод үзье даа гэж хэлсэн. Тэгэхээр нь би багаас тодорхойлолт аваад өрхийн эмнэлгээс хүүхдүүдийнхээ эрүүл бойжиж байгаа гэсэн бичиг аваад Нэг цонхны үйлчилгээнээс гэрлэж байгаагүй гэсэн бичиг авсан. Тэгээд өмгөөлөгчдөө өгсөн ...” гэж мэдүүлсэн байх боловч

 

   Г.Э нь ам бүлийн тодорхойлолт, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар болон бусад баримтуудыг өөрөө цуглуулж, дээрх зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэх давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд өөрөө нотлох баримтаар гаргаж өгсөн зэрэг үйл баримтаас үзэхэд өмгөөлөгч Э.Тыг дээрх нотлох баримтыг хуурамч гэдгийг мэдэх боломжтой байсан эсэх нь эргэлзээтэй байна.

 

   Мөн шүүгдэгч Э.Тын холбогдогч Г.Эт өгсөн зөвлөгөөнд дурдагдсан “ ... бага насны хүүхэдтэй, ганц бие эцэг, эхэд баривчлах шийтгэл оногдуулдаггүй ... ” гэсэн үндэслэл нь Зөрчлийн тухай хуульд тодорхой заасан байх бөгөөд ийнхүү зөвлөснийг мэргэжлийн үйл ажиллагааг хууль бусаар явуулсан гэж үзэх үндэслэлгүй байна.

 

   Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч ...шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг ... шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсэн зарчмыг баримтлан шүүгдэгч Э.Тт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3,  39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1. 2, 39 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 88 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтын 

 

            Шүүгдэгч Х овогт М-н Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний хувийн байдлыг тодруулсан, гэрчилсэн баримт бичгийг хуурамчаар үйлдсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

            шүүгдэгч Б овогт Г-н Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамч болохыг нь мэдсээр байж шүүхэд гаргаж өгсөн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

            шүүгдэгч С овогт Э-н Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өмгөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бусдад давуу байдал бий болгох зорилгоор мэргэжлийн үйл ажиллагаагаа хууль бусаар явуулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай гэснийг

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн С овогт  Э-н Тт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

            шүүгдэгч Х овогт М-н Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний хувийн байдлыг тодруулсан, гэрчилсэн баримт бичгийг хуурамчаар үйлдсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

            Шүүгдэгч Б овогт Г-н Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамч болохыг нь мэдсээр байж шүүхэд гаргаж өгсөн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай гэж,

шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 8 дахь заалтын 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арвандолдугаар бүлэгт зааснаар шүүгдэгч Э.Тт торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт,

Шүүгдэгч Г.Э хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэсэн хугацаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн хорьдугаар бүлэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гүйцэтгэж, хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгасугай гэснийг

 

   Шүүгдэгч Г.Э хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэсэн хугацаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн хорьдугаар бүлэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гүйцэтгэж, хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгасугай гэж тус тус өөрчилж,

 

шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4, 6 дахь заалтуудыг хүчингүй болгож, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Шүүгдэгч Э.Т болон түүний өмгөөлөгч Б.Б, Б.Б нарын давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

 

         3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              С.УРАНЧИМЭГ

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  З.ХОСБАЯР

 

ШҮҮГЧ                                                                       С.ЦЭЦЭГМАА