Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 00006

 

 

 

 

 

 

 

 2020        02             17                                             06

 

                                                                            

      “Х д с” ТӨХК

нэхэмжлэлтэй иргэний

  хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баярхүү даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, Б.Сосорбарам нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Алтаншагай, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батсайхан, хариуцагч Б.Мнарыг оролцуулан хийсэн хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын  16-ны өдрийн 1186 дугаар шийдвэртэй,                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                           

Нэхэмжлэгч: Х.Д.СТөрийн өмчит хувьцаат компанийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Мөнхсайханд холбогдох ажлаас чөлөөлөгдсөний тэтгэмж 7,800,000 төгрөг, актаар тогтоогдсон төлбөр 1,587,000 төгрөг гаргуулах тухай маргаантай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 1 дүгээр сарын 29-ний  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Х.Д.СТөрийн өмчит хувьцаат компани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Х.Д.СТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 09 дугаартай тогтоолоор Батаа овогтой Мөнхсайханыг ажлаас чөлөөлж, өөрийн саналын дагуу 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж болох 7,800,000 төгрөгийг олгосон. Гэвч Б.Мнь Хөвсгөл Дулааны станц ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн хуралдаанд өөрийн биеэр оролцож шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн ч дараа нь ажлаас үндэслэлгүйгээр халагдсан гэж шүүхэд нэхэмжлэл гаргаж, 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 629 дугаар шийдвэрээр 14,609,450 төгрөгийг гаргуулах шийдвэр гаргасан байна. Мөн Батаа овогтой М нь Х.Д.СТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа хувийн ашиг сонирхлын үүднээс эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, хууль зөрчсөн шийдвэрүүд гаргаж, байгууллагыг өмч хөрөнгө, санхүүгийн хувьд алдагдалд оруулж байсан нь 2018 оны Санхүүгийн аудитын дүгнэлтээр тогтоогдсон. Үүний дагуу Үндэсний Аудитын газрын 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 03/48 дугаартай төлбөр барагдуулах тухай актын дагуу Б.Маас 1,587,000 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод төвлөрүүлэх акт гарсан.  Иймд Батаа овогтой Мыг ажлаас чөлөөлөгдөхөд олгосон 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж болох 7,800,000 төгрөг, Үндэсний Аудитын газрын 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 03/48 дугаартай төлбөр барагдуулах тухай актын дагуу төлөх 1,587,000 төгрөг, нийт 9,387,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Хариуцагч Б.Мшүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Мби 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж 7,800,000 төгрөгийг олгохоор шийдвэрлэсний дагуу авсан нь үнэн. Би хууль зөрчөөгүй авах ёстой хуультай тэтгэмжээ авсан. Эрчим хүчний салбарын 2017-2018 оны Хамтын гэрээ хэлэлцээрийн 5.15 дахь хэсэгт: “Эрчим хүчний салбарт бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтөөр ажлын байрыг цөөрүүлэх, орон тоог цомхотгох, хувьчлагдсан тохиолдолд ажлаас халагдсан ажилтны нийгмийн баталгааг хангах зорилгоор өмчийн хэлбэрийг үл харгалзан уг ажилтанд тус салбарт 1-4 жил ажилласан бол 4 сар, 5-10 жил ажилласан бол 6 сар, 11-15 жил ажилласан бол 12 сар, 16 ба түүнээс дээш жил ажилласан бол 24 сарын албан тушаалын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг сүүлийн 1 жилийн дундаж цалингаар бодож олгоно” гэж заасан байдаг. Тийм болохоор би энэ мөнгийг буцааж төлөх үндэслэл байхгүй. Аудитын актын талаар би огт мэдээгүй. Тэр өр төлбөр тавигдах ёсгүй. 2017 оныхоо ажлыг дүгнээд манай байгууллага сайн ажилласан учраас урамшуулалт цалингаа авсан. Хэрвээ нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тохиролцъё гэвэл би 2,800,000 төгрөгийг буцаан өгч болох юм. Энэ саналыг маань хүлээж авахгүй байгаа болохоор би нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 12 дугаар сарын  16-ны өдрийн 1186 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, Төрийн Аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.12 дахь хэсэгт тус тус зааснаар Хөвсгөл Дулааны станц төрийн өмчит хувьцаат компаний нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Мд холбогдох ажлаас чөлөөлөгдөхөд олгосон 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж 7,800,000 төгрөг, аудитын төлбөр барагдуулах актын дагуу төлөх 1,587,000 төгрөг, нийт 9,387,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж  шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Х.Д.СТөрийн өмчит хувьцаат компани давж заалдах гомдолдоо: Х.Д.СТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн хуралдааны 09 дугаартай тогтоолоор Батаа овогтой Мыг ажлаас чөлөөлж, өөрийн саналын дагуу 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж болох 7,800,000 /долоон сая найман зуун мянга/ төгрөгийг олгосон байдаг. Гэвч Б.Мнь ажлаас үндэслэлгүйгээр халагдсан гэж байгууллагаас ажилгүй байсан хугацааны цалингаа нэхэмжилж байгаа бол дээрх шийдвэрээр ажлаас чөлөөлөгдөхдөө авсан 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж болох 7,800,000 /долоон сая найман зуун мянга/ төгрөгийг байгууллагад буцаан олгох, Х.Д.СТӨХКомпанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа хувийн ашиг сонирхлын үүднээс эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, хууль зөрчсөн шийдвэрүүд гаргаж байгууллагын өмч хөрөнгө, санхүүгийн хувьд алдагдалд оруулж байсан нь 2018 оны Санхүүгийн аудитын дүгнэлтээр тогтоогдсон байдаг. Үүний дагуу Үндэсний Аудитын газрын 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 03/48 дугаар бүхий Төлбөр барагдуулах тухай актын дагуу Б.Маас 1,587,000 /нэг сая таван зуун наян долоо мянга/ төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод төвлөрүүлэх акт гарсан байдаг.

Иймд Х.Д.СТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн хуралдааны 09 дугаартай тогтоолоор ажлаас чөлөөлж, өөрийн саналын дагуу 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж болох 7,800,000 /долоон сая найман зуун мянга/ төгрөгийг олгосон, Үндэсний Аудитын газрын 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 03/48 дугаар бүхий Төлбөр барагдуулах тухай актыг анхаараагүй үнэлээгүй шийдвэрлэсэн нь оролцогчийн эрхийг зөрчсөн, нэг талыг хэт барьсан үндэслэл болж байна.

Иймд Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 1186 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х.Д.СТөрийн өмчит хувьцаат компани нь хариуцагч Б.Маас ажлаас чөлөөлөгдөхөд олгосон 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж  7,800,000 төгрөг, төлбөр барагдуулах тухай актын дагуу 1,587,000 төгрөг, нийт 9,387,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

 Хариуцагч Б.Мнэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “...Эрчим хүчний салбарын хамтын хэлэлцээр, төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрээр 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж 7,800,000 төгрөг олгохоор шийдвэрлэсний дагуу авсан, төлөх үндэслэлгүй. ...Төлбөр барагдуулах  акт гарсан гэж мэдэхгүй, үзээгүй, надад тийм зүйл танилцуулаагүй, 1,587,000 төгрөг төлөх үндэслэл байхгүй.” гэж маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” тухай  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагад нийцээгүй байна.

Х.Д.Стөрийн өмчит хувьцаат компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 09 дүгээр тогтоолоор Б.Мыг тус компанийн гүйцэтгэх захирлын ажлаас чөлөөлж, 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгохоор шийдвэрлэжээ /хх-ийн 4-6-р хуудас/.

Нэхэмжлэгч нь хариуцагч Б.Мд “ажлаас халагдсан” гэсэн үндэслэлээр тэтгэмж олгосон нь тус компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын тогтоол, нэхэмжлэгчийн тайлбараар, хариуцагч ажилдаа эгүүлэн тогтоогдсон нь зохигчийн тайлбараар  нотлогдсон байна.

Хариуцагч Б.Мыг ажилд нь эгүүлэн тогтоосноор ажил олгогч болон ажилтны хооронд тэтгэмжтэй холбоотой үүрэг үүсээгүй гэж үзэх тул хариуцагч ажлаас халагдсаны тэтгэмж давхардуулан авах эрхгүй.

Иймд нэхэмжлэгч буюу ажил олгогч өмнө олгосон тэтгэмжээ Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар шаардах эрхтэй тул хариуцагч Б.Маас 7,800,000 төгрөг гаргуулах үндэслэлтэй байна.

Харин “Төлбөр барагдуулах тухай”  актаар тавигдсан төлбөр 1,587,000  төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй байна.

Төлбөр тогтоосон актад төлбөр тавихад  үндэслэл болгосон хууль тогтоомж, ногдуулах төлбөрийн мөнгөн дүн, төлбөр барагдуулах хугацаа зэргээс гадна төлбөр  хариуцвал зохих этгээдийн талаар тодорхой бичих шаардлага тавигддаг.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэл болгосон Үндэсний аудитын газрын 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 03/48 дугаартай “Төлбөр барагдуулах тухай” актад төлбөр хариуцвал зохих этгээдийн овог нэр, албан тушаалын талаар тодорхой тусгаагүй учир актаар тавигдсан төлбөрийг хариуцагчаас гаргуулах боломжгүй.

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрт зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын  16-ны өдрийн 1186 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг “1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч Б.Маас 7,800,000 төгрөг гаргуулж Х.Д.Стөрийн өмчит хувьцаат компанид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас  1,587,000  төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, 2 дахь заалтыг “2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Б.Маас улсын тэмдэгтийн хураамжид 139,750 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Х.Д.Стөрийн өмчит хувьцаат компани давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Н.БАЯРХҮҮ

                 ШҮҮГЧИД                                  Б.ОЮУНЦЭЦЭГ

                                                                    Б.СОСОРБАРАМ