Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Тунгалагсайхан |
Хэргийн индекс | 128/2017/0502/З |
Дугаар | 221/МА2017/0816 |
Огноо | 2017-11-16 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 11 сарын 16 өдөр
Дугаар 221/МА2017/0816
|
|
М.Э-ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Сайхантуяа, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Гангэрэл, нэхэмжлэгч М.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 128/ШШ2017/0679 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, М.Э-ын нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 128/ШШ2017/0679 дүгээр шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 14 дүгээр зүйлийн 14.1, 27 дугаар зүйлийн 27.2.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн дугаар Б/86 тоот тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч М.Э-т 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр хүчинтэй болсон 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийг дуусталх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 2,944,843 (хоёр сая есөн зуун дөчин дөрвөн мянга найман зуун дөчин гурав) төгрөгийг олгож, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргад даалгаж,
Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасныг баримтлан Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төлөвлөлт, гүйцэтгэл хариуцсан мэргэжилтний албан тушаалыг хашиж байсан албан хаагч болон Гүйцэтгэлийн хяналт, шинжилгээ хариуцсан мэргэжилтний албан тушаалыг хашиж байсан албан хаагчдын дунд хуульд заасан шалгуур үзүүлэлтүүдээр шалгаруулалт зохион байгуулж, Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төлөвлөлт, хэрэгжилт, гүйцэтгэлийн хяналт, шинжилгээ хариуцсан мэргэжилтний албан тушаалд хэнийг томилохыг шийдвэрлэсэн захиргааны шинэ акт гаргах хүртэл Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн Батлагдсан бүтэц, орон тооны дагуу ажилтан, албан хаагчдыг чөлөөлж, албан тушаалд томилох тухай дугаар Б/84 тоот тушаалын 2 дугаар хавсралтын гурвын 2-ыг буюу Б.Б-т холбогдох хэсгийг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн хоёр сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж,
Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн “Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төлөвлөлт, хэрэгжилт, гүйцэтгэлийн хяналт, шинжилгээ хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн томилуулах”-ийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг баримтлан Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төлөвлөлт, гүйцэтгэл хариуцсан мэргэжилтний албан тушаалыг хашиж байсан албан хаагч болон Гүйцэтгэлийн хяналт, шинжилгээ хариуцсан мэргэжилтний албан тушаалыг хашиж байсан албан хаагчдын дунд хуульд заасан шалгуур үзүүлэлтүүдээр шалгаруулалт зохион байгуулж, Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төлөвлөлт, хэрэгжилт, гүйцэтгэлийн хяналт, шинжилгээ хариуцсан мэргэжилтний албан тушаалд хэнийг томилохыг шийдвэрлэсэн захиргааны шинэ актыг шүүхээс тогтоосон хоёр сарын хугацаанд гаргаагүй тохиолдолд Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн дугаар Б/84 тоот тушаалын 2 дугаар хавсралтын гурвын 2-ыг буюу Б.Б-т холбогдох хэсгийг хүчингүй болсонд тооцохоор тус тус шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Болортуяа давж заалдах гомдолдоо: “...Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно”, 36.2.1-д “ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон” гэж заасан.
Гэтэл шүүхээс шийдвэрийн Тогтоох хэсгийн 3 дахь хэсэгт нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эргүүлэн томилуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон атлаа дээрх хуулийн заалтыг үндэслэн нэхэмжлэгчид 2944843 төгрөгийг олгож, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын даргад даалгасан нь хууль зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн шийдвэр юм.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хянахад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.
Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн Б/84 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтаар Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тоог шинэчлэн баталсантай холбогдуулан тус газрын ажилтан, албан хаагчдыг албан тушаалаас чөлөөлсний дотор Төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналт, шинжилгээний хэлтсийн Гүйцэтгэлийн хяналт шинжилгээ хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан нэхэмжлэгч М.Э багтаж, мөн өдрийн Б/86 дугаар тушаалаар М.Э-ын албан тушаалын орон тоо хасагдсан үндэслэлээр түүнд 2 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг олгохоор шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчээс дээрх шийдвэрийг эс зөвшөөрч “Тамгын газрын бүтцэд миний эрхэлж байсан Гүйцэтгэлийн хяналт, шинжилгээний ажил хэвээр хадгалагдан үлдсэн байхад хариуцагч 2017 оны Б/84 дүгээр тушаалаар Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төлөвлөлт, хэрэгжилт хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан Б.Б-ийг шинээр батлагдсан Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төлөвлөлт, хэрэгжилт, гүйцэтгэлийн хяналт, шинжилгээ хариуцсан мэргэжилтний ажилд томилсон нь хууль бус, 2 албан тушаал нэгтгэгдэж байгаа тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасны дагуу тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг шалгаруулж авах үүрэгтэй” гэсэн үндэслэлээр “Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн Б/86 дугаар тушаал, мөн өдрийн Б/84 дүгээр тушаалын 2 дугаар хавсралтын Б.Б-т холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах, Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төлөвлөлт, хэрэгжилт, гүйцэтгэлийн хяналт, шинжилгээ хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх” нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.
Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д “... тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаалын орон тоо цөөрсөн бол тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг шалгаруулж авах”-аар зохицуулсан.
Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналт, шинжилгээний хэлтсийн “Гүйцэтгэлийн хяналт шинжилгээ хариуцсан мэргэжилтэн” /М.Э ажиллаж байсан/ болон “Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төлөвлөлт, хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн” /Б.Б-ийн ажиллаж байсан/ гэсэн 2 албан тушаалын хэрэгжүүлэх чиг үүргийг нийлүүлж, “Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төлөвлөлт, хэрэгжилт, гүйцэтгэлийн хяналт, шинжилгээ хариуцсан мэргэжилтэн” гэсэн 1 албан тушаалыг бий болгож, 2 орон тоог 1 болгож цөөрүүлжээ.
Гэтэл хариуцагчаас уг албан тушаалд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасны дагуу шалгаруулалт явуулалгүйгээр Б.Б-ийг шинээр бий болсон Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төлөвлөлт, хэрэгжилт, гүйцэтгэлийн хяналт, шинжилгээ хариуцсан мэргэжилтний ажилд шууд томилсон атлаа нэхэмжлэгчийг орон тоо хассан үндэслэлээр ажлаас чөлөөлж, тэтгэлэг олгохоор шийдвэрлэсэн нь хуулийн дээрх заалттай нийцээгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна.
Анхан шатны шүүх энэ талаар шийдвэртээ тодорхой дүгнэж, “М.Э-ын ажлыг хүлээлцүүлж, нэг удаагийн тэтгэлэг олгох тухай” 2017 оны Б/86 дугаар тушаалыг хүчингүй болгож, шинээр бий болсон Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төлөвлөлт, хэрэгжилт, гүйцэтгэлийн хяналт, шинжилгээ хариуцсан мэргэжилтний албан тушаалд Б.Б, М.Э нарын хэнийг томилохыг шийдвэрлэсэн захиргааны шинэ акт гаргах хүртэл 2017 оны Б/84 дүгээр тушаалын Б.Б-т холбогдох хэсгийг 2 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж, ийнхүү шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгчийн “ажилд томилуулах” шаардлагыг хэрэгсэхгүй болгосон байх бөгөөд хэргийн оролцогчид энэ талаар гомдол гаргаагүй байна.
Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гомдолдоо “шүүхээс нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эргүүлэн томилуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон атлаа нэхэмжлэгчид 2944843 төгрөгийг олгосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн” гэснийг хүлээн авах боломжгүй юм.
Учир нь, хариуцагчаас нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөхдөө хууль зөрчсөн болох нь тогтоогдсон тул захиргааны байгууллага нь өөрийн гаргасан шийдвэрийн хууль зүйн үр дагаврыг хүлээх зарчмын хүрээнд нэхэмжлэгчид учруулсан хохирлыг хариуцаж, ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг хариуцагчаас гаргуулах хууль зүйн үндэслэлтэй, анхан шатны шүүх нэхэмжлэгчийн “ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв байна.
Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 128/ШШ2017/0679 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Болортуяагийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН