Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 679

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж хийсэн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: Шар бичээч ургийн овогтой Мгийн Э /РД:НЭ83091011/,

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга 

Нэхэмжлэлийн шаардлага:

“Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн ***дугаар тушаалыг хүчингүй болгуулах, мөн өдрийн ***дүгээр тушаалын 2 дугаар хавсралтын Б.Бт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төлөвлөлт, хэрэгжилт, гүйцэтгэлийн хяналт, шинжилгээ хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Отгонням нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.Э шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:  “...Миний бие Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газарт 2013 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн даргын дугаар ***тушаалаар Хяналт-шинжилгээ, үнэлгээний асуудал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан. Ажиллах байх хугацаандаа Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөж Төрийн жинхэнэ албан хаагч болсон. 

Мөн тус дүүргийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай захирамжаар Төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналт, шинжилгээний хэлтсийн Гүйцэтгэлийн хяналт, шинжилгээ хариуцсан мэргэжилтнээр томилогдон 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл ажиллаж байсан. Дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн Батлагдсан бүтэц, орон тооны дагуу ажилтан, албан хаагчдыг чөлөөлж, албан тушалд томилох тухай ***дугаар тушаалаар үүрэгт ажлаас бүтцийн өөрчлөлт буюу орон тоо хасагдсан гэх үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн. 

Дээрх 2 тушаал нь хууль зүйн үндэслэлгүй гарсан бөгөөд миний хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл болсон. 

1. Хариуцагчийн 2017 оны ***дүгээр тушаалын нэгдүгээр хавсралтаар Тамгын газрын нийт ажилчдыг чөлөөлж, хоёрдугаар хавсралтаар томилоогүй нь хууль бус эс үйлдэхүй болж байна. Учир нь Тамгын газрын бүтцэд гүйцэтгэлийн хяналт шинжилгээний ажил хадгалагдсан хэвээр байна. Хэрэв орон тоог цөөрүүлж байгаа тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу аль илүү шаардлага хангаж байгаа албан хаагчийг цөөрсөн орон тоонд ажиллах тухай хуульчилсан. Хариуцагчийн зүгээс энэ ажиллагааг хийлгүй хууль зөрчиж байна. Мөн Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 40.2 дахь хэсэгт аливаа ажилтанг бүтэц орон тоо өөрчлөгдсөн, хасагдсантай холбогдуулан хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгоход 30-с доошгүй хоногийн өмнө мэдэгдэх ёстой. Гэтэл хариуцагч тус тушаалыг гартал огт мэдэгдээгүй шууд чөлөөлсөн. 

2. Тамгын газрын даргын ***дугаар тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйийн 27.2.4 дэх хэсгийг үндэслэсэн. Тус хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6 дах хэсэгт төрийн албаны тухай хуулиар зохицуулаагүй бусад хөдөлмөрийн харилцааг хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулахыг хуульчилсан. Төрийн байгууллагын тодорхой алан тушаалын орон тоо хасагдсан гэх ойлголт нь Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолын 15-т зааснаар “15.1.1.Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1.-д заасан “орон тоо хасагдсан” гэдэгт тухай хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсныг ойлговол зохино. Энэ тохиолдолд ажил олгогч зөвхөн хасагдсан орон тооны ажлын байранд ажиллаж байгаа ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцална”. Гэж дурдсанаас үзвэл тухайн ажлын байрын орон тоо огт байхгүй болох, тэр чиглэлийн ажил хийгдэхгүй байхыг ойлгож болно гэтэл ***дүгээр тушаалын 2 дугаар хавсралтын 3.2 дахь хэсэгт Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төлөвлөлт, хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн Б.Бийн өөрчлөн давхардуулж Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төлөвлөлт, хэрэгжилт, гүйцэтгэлийн хяналт, шинжилгээ хариуцсан мэргэжилтэн болгон өөрчлөлт хийж томилсон байна. 

Энэ нь Тамгын газрын дарга 2 албан тушаалыг нэгтгэж байгаа нь Төрийн албаны тухай хуулийн 27.2.3 дах хэсэгт заасны дагуу ерөнхий болон тусгай шаардлагыг аль илүү хангаж байгаа албан тушаалтныг авах үүрэгтэй байтал энэ үүргээ биелүүлээгүй ноцтой зөрчсөн. 

Мөн орон тоо цөөрсөн, хасагдсан гэх шалтгаанаар ажлаас чөлөөлөх тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д “Ажил олгогч энэ хуулийн 40.1.1, 4.1.2-т /орон тоо цөөрсөн, хасагдсан/ заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх...энэ хуульд заасны дагуу хэлэлцээ хийнэ”. 30-аас доошгүй хоногийн өмнө мэдэгдэхээр хуульчилсан. 

Тамгын газрын зүгээс энэ тухай тус тушаал гартал огт мэдэгдээгүй сөрөг захиргааны актыг Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагаа зэргийг хийлгүй тушаал гаргасан хууль зөрчсөн үйлдэл болсон байна. 

Ажиллах хугацаандаа би ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж байгаагүйг ажлын хамт олон мэдэх болно. 

Иймд ажил албан тушаалд томилохгүй байгаа хариуцагчийн хууль бус үйлдлийг тогтоож, эрхэлж байсан Төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналт, шинжилгээний хэлтсийн Гүйцэтгэлийн хяналт, шинжилгээ хариуцсан мэргэжилтнээр эгүүлэн томилулах, ажилгүй байсан хугацааны цалин, хөлсийг олгуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ. 

Нэхэмжлэгч М.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Сүхбаатарын дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн ***дугаар тушаал, ***дүгээр тушаалын 2 дугаар хавсралт буюу н.Бт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, ажиллаж байсан Төлөвлөлт гүйцэтгэл, хяналт шинжилгээний хэлтсийн Гүйцэтгэлийн хяналт шинжилгээ хариуцсан мэргэжилтний албан тушаалд эргүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн олгуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Иргэн М.Эын нэхэмжлэлтэй, тус дүүргийн Засаг даргын Тамгын даргын 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн ***дугаар хууль бус захиргааны акт гаргаж ажлаас чөлөөлсөн буруутай үйлдлтйг тогтоох, Төлөвлөлт гүйцэтгэл хяналт шинжилгээний хэлтсийн Гүйцэтгэлийн хяналт, шинжилгээ хариуцсан мэргэжилтний албан тушаалд эргүүлэн томилуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг эс хүлээн зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд: 

1. Дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн ***дүгээр тушаалаар байгууллагын бүтэц орон тоог баталсан. Тус тушаалаар Төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналт, шинжилгээний хэлтэс 7 албан хаагчийн бүрэлдэхүүнтэй баталсан боловч Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2017 оны 01 дүгээр сард зохион байгуулсан байгууллагын 2016 оны үйл ажиллагааны төлөвлөгөөт шалгалтаар ***дүгээр тушаал орон тоо нэмсэн байна. Засгийн газрын хэмнэлтийн горимд шилжих 2016 оны 08 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2016 оны ***дугаар захирамжийг биелүүлээүй гэж дүгнэж Ажлын хэсэг зөвлөмжийг 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн ***дугаар албан бичгээр ирүүлсэн. 

Зөвлөмжийн хүрээнд ажил үүргийн хуваарь давхардсан, илүү орон тоог бууруулж батлахаар дүүргийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 05—ны өдрийн Засаг даргын Тамгын газрын бүтэц орон тоог шинэчлэн батлах тухай ***дугаар захирамжийг үндэслэн хариуцагч ***пүгээр тушаалаар бүтэц орон тоог баталж Төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналт, шинжилгээний хэлтсийн орон тоо өмнө нь 2016 оны ***дүгэр тушаалаар 7 албан хаагч байсныг 5 болж цөөрсөн буюу нэхэмжлэгчийн албан тушаал Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлтйг төлөвлөлт, хэрэгжилт, гүйцэтгэлийн хяналт, шинжилгээ хариуцсан мэргэжилтэн гэж 2 албан тушаал нэгтгэгдсэн байна. 

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу бүтэц орон тоо цөөрсөн тул тус албан тушаалд Б.Б гүйцэтгэлийн хяналт, шинжилгээ хариуцсан мэргэжилтэн М.Э нарыг төрийн албанд хэн мэргэшсэн талаар дүгнэсэн. Учир нь нэхэмжлэгч нь 2016 оны бүтэн жилийн үр дүнгийн гэрээний биелэлтээр “В” үнэлэгдсэн. Харин Б.Б нь тус оны гэрээний биелэлтээр “А” үнэлгээтэй тус тус 2 албан хаагчийн илүү ур чадвартай байдлыг үнэлсэн. хоёр албан тушаалын хувьд Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл хариуцсан мэргэжилтний ажил үүргийн хуваарьд Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн төлөвлөт, хэрэгжилтийг хариуцаж ажилладаг зэрэг үндэслэлүүдээр шийдвэрлэсэн. Мөн нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл тодорхойгүй буюу хариуцагчийн 2017 оны ***, ***дугаар тушаалын алийг хүчингүйд тооцуулах эсэх нь тодорхойгүй, томилохгүй байгаа эс үйлдэхгүйг тогтоолгох шаардлага гаргасан байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг дурдах талаар хуульчилсан. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагад Төрийн албаны эсхүл, Хөдөлмөрийн тухай хуулиар хамгаалагдсан ямар эрх, хууль ёсны ашиг сонирхолыг зөрчсөн, тэр нь аль хуулийн заалтыг баримтлаагүй, ямар захиргааны акт хамааралтай гэх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тайлбарлаагүй байна. 

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг эс хүлээн зөвшөөрч байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож хэргийн хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч М.Эрдэнбаатар нь “Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга нь 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн дугаар ***тоот хууль бус захиргааны акт гаргаж ажлаас чөлөөлсөн тул хариуцагчийн хууль бус үйлдлийг тогтоож, эрхэлж байсан Төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналт, шинжилгээний хэлтсийн Гүйцэтгэлийн хяналт, шинжилгээ хариуцсан мэргэжилтний албан тушаалд минь эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичил хийлгүүлэх”-ийг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг анх гаргасан.

Нэхэмжлэлийн тодруулсан шаардлага:

 Шүүх хуралдаанд “Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн ***дугаар тушаалыг хүчингүй болгуулах, мөн өдрийн ***дүгээр тушаалын 2 дугаар хавсралтын Б.Бт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төлөвлөлт, хэрэгжилт, гүйцэтгэлийн хяналт, шинжилгээ хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан болно. 

Шүүх “Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн ***дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх”-ийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагуудыг хангаж, 

 “Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн ***дүгээр тушаалын 2 дугаар хавсралтын Б.Бт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасны дагуу захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл Тамгын газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн дугаар ***тоот тушаалын 2 дугаар хавсралтын Б.Бт холбогдох хэсгийг 2 сарын хугацаагаар түдгэлзүүлж, 

“...2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн ***дүгээр тушаалын 2 дугаар хавсралтын Б.Бт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасны дагуу захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл түдгэлзүүлж шийдвэрлэж байгаа тул энэ үндэслэлээр “Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төлөвлөлт, хэрэгжилт, гүйцэтгэлийн хяналт, шинжилгээ хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн томилуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

Нэхэмжлэгч М.Эыг Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2014 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн “М.Эыг албан тушаалд томилох тухай” Б/140 тоот тушаалаар Захиргаа хуулийн хэлтсийн Хяналт шинжилгээ, үнэлгээний асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилсон байна.

Улмаар М.Эыг Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн “Батлагдсан бүтэц, орон тооны дагуу ажилтан, албан хаагчдыг чөлөөлж, албан тушаалд томилох тухай” ***тоот тушаалын хоёрдугаар хавсралтаар Төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналт, шинжилгээний хэлтсийн Гүйцэтгэлийн хяналт, шинжилгээ хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилсон байна. 

Маргаан бүхий тушаал буюу Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн дугаар ***тоот тушаалаар Засаг даргын Тамгын газрын шинэчлэн батлагдсан бүтэц, орон тооны өөрчлөлтөөр Төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналт, шинжилгээний хэлтсийн гүйцэтгэлийн хяналт, шинжилгээ хариуцсан мэргэжилтний орон тоо хасагдаж албан тушаалаас чөлөөлсөн тул гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийг тус албан тушаалаас чөлөөлсөн байна. 

Хэрэгт цугларсан Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн дугаар ***тоот тушаалын 2 болон 3 дугаар хавсралт, мөн тус Тамгын газрын даргын мөн өдрийн дугаар ***тоот тушаалын хавсралт Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төлөвлөлт, хэрэгжилт, гүйцэтгэлийн хяналт, шинжилгээ хариуцсан мэргэжилтний болон Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төлөвлөлт, гүйцэтгэл хариуцсан мэргэжилтний ажлын байрны тодорхойлолт, Гүйцэтгэлийн хяналт, шинжилгээ хариуцсан мэргэжилтний ажлын байрны тодорхойлолт, нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэрэг нотлох баримтуудаас үзэхэд Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төлөвлөлт, гүйцэтгэл хариуцсан мэргэжилтэн болон Гүйцэтгэлийн хяналт, шинжилгээ хариуцсан мэргэжилтэн гэсэн хоёр албан тушаалыг нийлүүлж, Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төлөвлөлт, хэрэгжилт, гүйцэтгэлийн хяналт, шинжилгээ хариуцсан мэргэжилтэн гэсэн нэг албан тушаалыг бий болгож, хоёр орон тоог нэг болгож цөөрүүлсэн болох нь тодорхой нотлогдож байна.

Нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан Гүйцэтгэлийн хяналт, шинжилгээ хариуцсан мэргэжилтний албан тушаалын чиг үүрэг шинэ бүтцээр Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төлөвлөлт, хэрэгжилт, гүйцэтгэлийн хяналт, шинжилгээ хариуцсан мэргэжилтний албан тушаалын чиг үүрэгт хадгалагдан үлдсэн болох нь ажлын байрны тодорхойлолтууд болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар тодорхой нотлогдож байна.

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр) -ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна” гэж заасан байна. 

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд албан тушаалын орон тоо цөөрсөн тохиолдолд уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэрэг шалгуур үзүүлэлтүүдийг харгалзан үзэж, тухайн албан тушаалд тавигдах шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авахаар хуульчилсан ба хариуцагч шалгаруулалт явуулалгүйгээр нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн нь хууль зөрчсөн байна.

Мөн Монгол Улсын Дээд шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 08 дугаар тогтоолын 15-д Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь заалтыг тайлбарлахдаа: “...шалгаруулж авна” гэж эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр томилогдсон бүрэлдэхүүн, ажлын хэсэг /комисс/-ийн дүгнэлтийг үндэслэн ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа ажилтныг сонгохыг хэлнэ” гэжээ. 

Тодруулбал Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төлөвлөлт, гүйцэтгэл хариуцсан мэргэжилтний болон Гүйцэтгэлийн хяналт, шинжилгээ хариуцсан мэргэжилтний албан тушаалыг хашиж байсан 2 албан хаагчдын дунд дээрх хуульд заасан шалгуур үзүүлэлтүүдээр шалгаруулалт явуулж, тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг шалгаруулж томилох ёстой атал шалгаруулалтгүйгээр Б.Бийг томилж, нэхэмжлэгчийг албан тушаалаас чөлөөлсөн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна. 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “... нэхэмжлэгч нь 2016 оны бүтэн жилийн үр дүнгийн гэрээний биелэлтээр “B” үнэлэгдсэн, харин Б.Б “А” үнэлэгдсэн тул 2 албан хаагчийн илүү ур чадвартайг нь томилсон”  гэсэн агуулгаар тайлбарлаж буй боловч энэ шалтгаан, үндэслэлийг Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн дугаар ***, ***тоот тушаалуудад заагаагүй байх ба хариуцагч тушаалд заагаагүй үндэслэлээр маргаж байгаа нь үндэслэлгүй.

 Мөн Засгийн газрын 2017 оны 89 дүгээр тогтоолоор батлагдсан “Бодлогын  баримт  бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”-ын  4.6.1-д “хяналт-шинжилгээ, үнэлгээний чиглэлээр болон тухайн салбарт гурваас доошгүй жил ажилласан туршлагатай байх” гэж хяналт, шинжилгээ, үнэлгээ хийх албан тушаалтанд тавигдах шаардлагыг заасан ба Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төлөвлөлт, хэрэгжилт, гүйцэтгэлийн хяналт, шинжилгээ хариуцсан мэргэжилтний албан тушаалд дээрх шаардлагыг хангаагүй Б.Бийг томилсон нь хууль, журамд нийцэхгүй гэсэн агуулгаар тайлбарлаж байгаа нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй байна.  

Иймд Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн дугаар ***тоот тушаал нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна. 

Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Төрийн жинхэнэ албан хаагч дараахь нийтлэг эрх эдэлнэ”, 14.1.5-д “өөрийн хууль ёсны ашиг сонирхлыг шүүх болон холбогдох бусад байгууллагаар хамгаалуулах” гэж заасан байна. 

Дээрх үндэслэлүүдээр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн дугаар ***тоот тушаалыг шүүхээс хүчингүй болгож шийдвэрлэлээ. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж заасан байна.

Шүүх дээрх хуулийн зохицуулалтын дагуу хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзэж захиргааны байгууллагаас дахин шинэ акт гарах хүртэл Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн ***тоот тушаалын Б.Бт холбогдох хэсгийг 2 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ. 

Үндэслэлийг тайлбарлавал: 

Хариуцагч нь Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төлөвлөлт, гүйцэтгэл хариуцсан мэргэжилтэн болон Гүйцэтгэлийн хяналт, шинжилгээ хариуцсан мэргэжилтэн албан тушаалыг нийлүүлэн нэг болгож, орон тоог цөөрүүлсэн тул дээрх 2 албан тушаалыг хашиж байсан албан хаагчдаас хэнийг нь Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төлөвлөлт, хэрэгжилт, гүйцэтгэлийн хяналт, шинжилгээ хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилохоо хуульд заасан шалгуур үзүүлэлтүүдийн дагуу сонгон шалгаруулсны үндсэн дээр шийдвэрлэх ёстой байжээ. 

Өөрөөр хэлбэл хариуцагч нь Тамгын газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн ***тушаалын 2 дугаар хавсралтаар Б.Бийг албан тушаалд томилохоосоо өмнө Гүйцэтгэлийн хяналт, шинжилгээ хариуцсан мэргэжилтний албан тушаалыг хашиж байсан М.Э болон Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төлөвлөлт, гүйцэтгэл хариуцсан мэргэжилтний албан тушаалыг хашиж байсан Б.Б нарын дунд хуульд заасны дагуу сонгон шалгаруулалт явуулж, аль илүү шалгуур хангаж байгаа албан хаагчийг томилох ёстой байжээ. 

Хариуцагч Сүхбаатар дүүргийн Тамгын газрын дарга нь Гүйцэтгэлийн хяналт, шинжилгээ хариуцсан мэргэжилтний албан тушаалыг хашиж байсан албан хаагч болон Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төлөвлөлт, гүйцэтгэл хариуцсан мэргэжилтний албан тушаалыг хашиж байсан албан хаагч гэсэн хоёр албан тушаалтныг дараах хуульд заасан шалгуур, үзүүлэлтүүдээр шалгаруулсны  үндсэн дээр  хэнийг нь Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төлөвлөлт, хэрэгжилт, гүйцэтгэлийн хяналт, шинжилгээ хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилохоо шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ. Үүнд: 

• Үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ

• Мэдлэг, ур чадвар, 

• Ажлын дадлага, туршлага 

• Тухайн албан тушаалд тавигдах ерөнхий шаардлагыг хэн нь хамгийн илүү хангаж байгаа

• Тухайн албан тушаалд тавигдах тусгай шаардлагыг хэн нь хамгийн илүү хангаж байгаа

Дээрх шалгаруулалтыг хариуцан зохион байгуулж, шийдвэрлэх нь хариуцагчийн бүрэн эрх буюу чиг үүрэг, эрх хэмжээ тул шүүх дээрх нөхцөл байдлуудыг шалгаж тодруулах боломжгүй буюу нэмж шалгаж, тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байна.

Иймд Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төлөвлөлт, хэрэгжилт, гүйцэтгэлийн хяналт, шинжилгээ хариуцсан мэргэжилтний албан тушаалд дээр дурдсан 2 албан тушаалыг хашиж байсан албан хаагчийн хэнийг нь томилохоо сонгон шалгаруулалтын үндсэн дээр шийдвэрлэсэн захиргааны шинэ актыг Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргаас гаргах хүртэл хугацаагаар Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн дугаар ***тоот тушаалын 2 дугаар хавсралтын гуравын 2-ыг буюу Б.Бт холбогдох хэсгийн биелэлтийг шүүхээс түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д “Энэ хуулийн 106.3.11-д заасан шийдвэрийг гаргасан бөгөөд шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий актыг хүчингүй болгох талаар тогтоох хэсэгт тусгана” гэж заасан байна. 

Дээрх зохицуулалтаас үзэхэд Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга нь шүүхээс тогтоосон 2 /хоёр/ сарын хугацаанд Гүйцэтгэлийн хяналт, шинжилгээ хариуцсан мэргэжилтний албан тушаалыг хашиж байсан албан хаагч болон Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төлөвлөлт, гүйцэтгэл хариуцсан мэргэжилтний албан тушаалыг хашиж байсан албан хаагчдын дунд сонгон шалгаруулалт явуулж, хэнийг томилохоо шийдвэрлээгүй тохиолдолд Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн дугаар ***тоот тушаалын 2 дугаар хавсралтын гуравын 2 буюу Б.Бт холбогдох хэсэг хүчингүй болно. 

“Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төлөвлөлт, хэрэгжилт, гүйцэтгэлийн хяналт, шинжилгээ хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн томилуулах”-ийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үндэслэлийн тухайд:

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасан шалгуур үзүүлэлтүүдээр шалгаруулалтыг хариуцан зохион байгуулсны үндсэн дээр, хэнийг томилохоо шийдвэрлэх эрх нь хариуцагчийн бүрэн эрх буюу чиг үүрэг, эрх хэмжээ тул уг шаардлагыг шүүхээс хангаж шийдвэрлэх боломжгүй бөгөөд энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасан  нэмж шалгаж, тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэх үндэслэлийг бий болгож байна.

Иймд захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг түдгэлзүүлж шийдвэрлэсэн тул шүүх зөвхөн энэ үндэслэлээр “Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төлөвлөлт, хэрэгжилт, гүйцэтгэлийн хяналт, шинжилгээ хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн томилуулах”-ийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

  Шүүх шалгаруулалтгүйгээр нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн нь хууль зөрчсөн гэсэн үндэслэлээр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн дугаар ***тоот тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэж байгаа тул Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу нэхэмжлэгчид ажилгүй байсан хугацааны цалин, хөлсийг 2017 оны 04 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр гарсан буюу хүчинтэй болсон 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийг дуусталх хүртэл хугацаагаар зохих хууль, журмын дагуу тооцож олгохыг Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргад даалгах нь зүйтэй байна.

М.Эын ажиллаж байсан хугацааны цалингийн хүснэгтийн дагуу үндсэн болон нэмэгдэл цалин хөлсийг оруулан тооцож, 2017 оны 04 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр гарсан буюу хүчинтэй болсон 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийг дуусталх нийт 2,944,843 (хоёр сая есөн зуун дөчин дөрвөн мянга найман зуун дөчин гурав) төгрөгийг нэхэмжлэгчид олгож, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэлээ.

 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,  106.3.1, 106.3.11, 106.3.13-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 14 дүгээр зүйлийн 14.1, 27 дугаар зүйлийн 27.2.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн дугаар ***тоот тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч М.Эт 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр хүчинтэй болсон 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийг дуусталх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 2,944,843 (хоёр сая есөн зуун дөчин дөрвөн мянга найман зуун дөчин гурав) төгрөгийг олгож, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт  нөхөн бичилт хийхийг Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргад даалгасугай.

2. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасныг баримтлан Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төлөвлөлт, гүйцэтгэл хариуцсан мэргэжилтний албан тушаалыг хашиж байсан албан хаагч болон Гүйцэтгэлийн хяналт, шинжилгээ хариуцсан мэргэжилтний албан тушаалыг хашиж байсан албан хаагчдын дунд хуульд заасан шалгуур үзүүлэлтүүдээр шалгаруулалт зохион байгуулж, Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төлөвлөлт, хэрэгжилт, гүйцэтгэлийн хяналт, шинжилгээ хариуцсан мэргэжилтний албан тушаалд хэнийг томилохыг шийдвэрлэсэн захиргааны шинэ акт гаргах хүртэл Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн “Батлагдсан бүтэц, орон тооны дагуу ажилтан, албан хаагчдыг чөлөөлж, албан тушаалд томилох тухай” дугаар ***тоот тушаалын 2 дугаар хавсралтын гуравын 2-ыг буюу Б.Бт холбогдох хэсгийг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн хоёр сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

3. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн “Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төлөвлөлт, хэрэгжилт, гүйцэтгэлийн хяналт, шинжилгээ хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн томилуулах”-ийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг баримтлан Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төлөвлөлт, гүйцэтгэл хариуцсан мэргэжилтний албан тушаалыг хашиж байсан албан хаагч болон Гүйцэтгэлийн хяналт, шинжилгээ хариуцсан мэргэжилтний албан тушаалыг хашиж байсан албан хаагчдын дунд хуульд заасан шалгуур үзүүлэлтүүдээр шалгаруулалт зохион байгуулж, Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төлөвлөлт, хэрэгжилт, гүйцэтгэлийн хяналт, шинжилгээ хариуцсан мэргэжилтний албан тушаалд хэнийг томилохыг шийдвэрлэсэн захиргааны шинэ актыг шүүхээс тогтоосон хоёр сарын хугацаанд гаргаагүй тохиолдолд Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн дугаар ***тоот тушаалын 2 дугаар хавсралтын гуравын 2-ыг буюу Б.Бт холбогдох хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр  зүйлийн 51.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

  

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                М.БАТЗОРИГ