Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 305

 

М.Э-ын нэхэмжлэлтэй,

Сүхбаатар дүүргийн Засаг даргын

Тамгын газрын даргад холбогдох

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:              Танхимын тэргүүн М.Батсуурь,  

Шүүгчид:                 Г.Банзрагч

                                  Х.Батсүрэн

                                  Д.Мөнхтуяа

Илтгэгч шүүгч:       П.Соёл-Эрдэнэ

Нарийн бичгийн дарга: Г.Гантогтох,

Нэхэмжлэлийн шаардлага: Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн Б/84 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, тушаалын 2 дугаар хавсралтын дагуу урьд эрхэлж байсан ажилд томилоогүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, Засаг даргын Тамгын газрын Төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналт, шинжилгээний хэлтсийн, гүйцэтгэлийн хяналт, шинжилгээ хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгах,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2018/0196 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 221/МА2018/0300 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгч М.Э-г оролцуулж,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Өмнөх шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2018/0196 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 14 дүгээр зүйлийн 14.1, 27 дугаар зүйлийн 27.2.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т заасныг баримтлан иргэн М.Э-ын нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдуулан гаргасан “Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн Б/84 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналт, шинжилгээний хэлтсийн Гүйцэтгэлийн хяналт, шинжилгээ хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн томилох, ажилгүй байсан бүх хугацааны хөлсийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргад даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн “Батлагдсан бүтэц, орон тооны дагуу ажилтан, албан хаагчдыг чөлөөлж, албан тушаалд томилох тухай” Б/84 дүгээр тушаалын 2 дугаар хавсралтын Б.Б-т холбогдох хэсгийг захиргааны байгууллага дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 221/МА2018/0300 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2018/0196 дугаар шийдвэрийн “Тогтоох” хэсгийн удирдлага болгосон заалтад баримталсан “106.1, 106.2, 106.3.11” гэснийг “106.3.4, 106.3.7, 106.3.13” гэж, 1 дэх заалтыг “Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3, Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч М.Э-н нэхэмжлэлээс “Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн Б/84 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлагыг хэрэгсэхгүй болгож, “Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн Б/84 дүгээр тушаалын 2 дугаар хавсралтаар ажилд томилоогүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоон, Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төлөвлөлт, хэрэгжилт, гүйцэтгэлийн хяналт, шинжилгээ хариуцсан мэргэжилтний албан тушаалд М.Э, Б.Б нарыг хуульд зааснаар шалгаруулан томилохыг болон захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаанаас учирсан хохиролд 6.207.186 төгрөг нэхэмжлэгчид олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг тус тус Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргад даалгасугай” гэж, 2 дахь заалтын “хэвээр үлдээсүгэй” гэснийг “хэвээр үлдээн, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Шүүхээс нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эргүүлэн томилуулах нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх хэсэгт, магадлалын тогтоох хэсгийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосон боловч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 29-ны өдрийн 221/МА2018/0300 дугаар магадлалд нэхэмжлэгчид 6207186 төгрөг хариуцагчаас олгохоор шийдсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгийг хууль буруу хэрэглэсэн шийдвэр юм.

4. Шүүхээс нэхэмжлэгчийг ажилд эргүүлэн тогтоох шийдвэрийг гаргаагүй, холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон атлаа нэхэмжлэгчид ажилгүй байсан хугацааны цалин олгохоор шийдсэн нь хуулийг буруу хэрэглэсэн. Хуульд зааснаар ажилд эгүүлэн тогтоосон бол цалинг олгохоор заасан байдаг. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Давж заалдах шатны шүүхээс хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан байх тул магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

6. Нэхэмжлэгч М.Э нь Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газарт Төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналт шинжилгээний хэлтэст гүйцэтгэлийн хяналт, шинжилгээ хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан бөгөөд Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн А/106 дугаар тушаалаар байгууллагын бүтэц, орон тоог шинэчлэн батлахад нэхэмжлэгчийн эрхэлж байсан албан тушаалын чиг үүргийг өөр албан тушаалын чиг үүрэгтэй нэгтгэж, өөрчлөн, хоёр орон тоог нэг болгож, Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төлөвлөлт, хэрэгжилт, гүйцэтгэлийн хяналт, шинжилгээ хариуцсан мэргэжилтний орон тоог бий болгожээ.

7. Нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн аль алины урьд эрхэлж байсан албан тушаалын чиг үүрэг нэгтгэгдсэн тул Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь хэсэгт зааснаар М.Э, Б.Б нарын үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, ур чадвар, ажлын дадлага туршлага зэргийг харгалзан, тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж томилох үүрэгтэй, энэхүү үүргээ захиргааны байгууллагаас биелүүлээгүй талаар анхан болон давж заалдах шатны шүүх зөв дүгнэсэн байна.

8. Нэхэмжлэгчээс давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч, хяналтын гомдол гаргаагүй, хариуцагчаас зөвхөн магадлалын цалин гаргуулах нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн хэсэгт гомдол гаргасан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар гомдлын хүрээнд буюу цалин гаргуулах нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэсэгт хяналтын шатны шүүхээс дүгнэлт өгөх учиртай. Иймээс гомдолд хамааралгүй асуудлаар буюу нэхэмжлэгчийн “хоёр орон тоог нэгтгэх хуулийн үндэслэлгүй, чиг үүргийн хувьд тусдаа байх шаардлагатай, олон орон тоонд шинээр албан хаагчдыг хууль бусаар томилсон” тухай тайлбарт эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй юм.

9. Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт “захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй”, мөн хуулийн 101 дүгээр зүйлийн 101.2 дахь хэсэгт “иргэн, хуулийн этгээд өөрт учирсан хохирлыг хохирол учруулсан захиргааны байгууллагаас нэхэмжилж, тухайн захиргааны байгууллагаас гаргуулна” гэж тус тус заасан байна. Энэ тохиолдолд хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын дарга нь бүтэц, орон тооны өөрчлөлтийг шийдвэрлэхдээ хууль зөрчсөн, адил нөхцөл байдалд байгаа төрийн албан хаагчдын хооронд сонгон шалгаруулах ажиллагааг зохих ёсоор явуулаагүй хууль бус үйлдэл гаргасан, энэхүү үйл ажиллагаанаас шалтгаалан нэхэмжлэгчид хохирол учирсан буюу хэрэв захиргааны байгууллагаас тухайн ач холбогдолтой цаг хугацаанд сонгон шалгаруулалт явуулсан бол нэхэмжлэгч маргаан бүхий албан тушаалд үргэлжлүүлэн ажиллах эсэх нь шийдэгдэх бүрэн боломжтой, нэхэмжлэгчийн тухайд ч гуравдагч этгээдийн адил сонгон шалгаруулалт явуулах хүртэл төрийн албанд ажиллах эрх хадгалагдаж байсан тул нэхэмжлэгчийн ажиллаагүй хугацааны цалинг хохиролд тооцон, буруу шийдвэр гаргасан захиргааны байгууллагаас гаргуулах нь хуулийн дээрх заалтад нийцэж байна.

10. Давж заалдах шатны шүүхээс цалин гаргуулах нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн хуулийг хэрэглээгүй, харин Захиргааны ерөнхий хуулийг хэрэглэсэн нь маргааны харилцааг зөв тодорхойлсон учир хариуцагчийн “ажилд эгүүлэн тогтоох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тул цалин олгох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох байсан” гэх агуулгаар гарсан гомдлыг хангах үндэслэлгүй байна. Төрийн албан хаагч албан тушаалын бүрэн эрх хэрэгжүүлсний төлөө цалин авах эрхтэй, харин нэхэмжлэгчид ийнхүү албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэх, маргаан бүхий албан тушаалын чиг үүргийг хэрэгжүүлэх боломж нэхэмжлэгч, гуравдагч этгээд хэн алинд байсан тул нэхэмжлэгчийг авах боломжтой цалингаар хохирсон гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан нь хууль хэрэглээний алдаагүй байна.

11. Дээрх үндэслэлүүдээр магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127 дугаар зүйлийн 127.2.1-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 221/МА2018/0300 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай. 

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                                М.БАТСУУРЬ    

ШҮҮГЧ                                                                                         П.СОЁЛ-ЭРДЭНЭ