Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 13

 

Б.Анхбаярын нэхэмжлэлтэй

                           иргэний хэргийн тухай

 

 

                                                                           Хэргийн индекс: 148/2019/00285/И

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                            Даргалагч, шүүгч                    Б.Батзориг

                             Шүүгчид                                 Д.Буянжаргал

                                                                             Г.Давааренчин

 

                             Оролцогчид

                                Нэхэмжлэгч                           Б.Анхбаяр

                                Нэхэмжлэгчийн өмгөөлөгч   Р.Атарцэцэг

                                Хариуцагчийн өмгөөлөгч      Д.Ариунтуяа

                                

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нарыг  оролцуулж,  Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 31 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгчийн давж заалдсан гомдлоор Б.Анхбаярын нэхэмжлэлтэй “Сэлэнгэ Авто зам засвар арчлалт” Төрийн өмчит хувьцаат компанид холбогдох “Ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг ажил олгогчид даалгах” тухай иргэний хэргийг 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч танилцаад, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч Б.Анхбаяр нь анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Намайг ажлаас үндэслэлгүйгээр халсан гэж үзэж байна. Шалтгаан нь хариуцсан техник хэрэгслээ дур мэдэн бусдад шилжүүлсэн гэх үндэслэлээр халсан. Би хариуцсан техник хэрэгслээ 2017 оны 07 сард би гараа хугалж, хариуцсан техникээ бүрэн бүтнээр нь хүлээлгэн өгсөн. Тэгээд 2018 оны 1 сард ажилдаа орсон. ... 2019 оны 04 сарын 27-ын үеэр ажил тарсаны дараа машинтайгаа шороо асгахаар явах үед хамт ажилладаг Б.Энхбаяр надад наад шороогоо манай хашаанд асгачихаач гэж гуйж аваачиж буулгачихаад удаа ч үгүй ирсэн.  Машинд ямар нэгэн хохирол учраагүй байгууллагын ажилд саад хийгээгүй ажил тарсан байсан юм. 2019 оны 05 сарын 03-ны өдрийн Б29 дугаартай Б.Анхбаярыг ажлаас чөлөөлөх тухай Сэлэнгэ авто зам засвар арчлалт төрийн өмчит хувьцаат компанийн захирлын тушаал гарч “байгууллагын техникийн зориулалттай машиныг удирдлагын зөвшөөрөлгүй дур мэдэн бусдад машинаа шилжүүлсэн тогтоосон байрнаас авч гарсан гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлснийг  хүлээн зөвшөөрөхгүй байгаа билээ.

Иймд намайг эгүүлэн ажилд минь тогтоолгож, шүүхийн анхан шатны шүүх хуралдаан хуралдах хүртэлх хугацааны цалин гаргуулах,  нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг ажил олгогчид даалгах шаардлагыг гаргаж байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Ганбаатар анхан шатны шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: ... 2018 сүүлийн хагас жилд Анхбаяр нь өвчтэй байсан. Улирлын чанартай ажил маань дуусаад өвлийн ажил эхлэхэд машин техник хэрэгсэл зогсдог. Энэ үед Анхбаяр ажилдаа орж ирсэн. Анхбаярыг өөрөө барьж байсан 19-07 өөрөө буулгагч авто машиныг засаж, ажлуул гэсэн. 4 дүгээр сарын 17-оос эхлээд хөдөө бригадаар томилогдож ажилласан. Энэ хугацаанд ургамал ургадаг өнгөн хар шороо хэсгийг Ажлын Б.Энхбаяр гэх залуу гэртээ буулгачихаад ирье гэхэд нь өөрийнхөө машиныг багийнхаа удирдлага ахлах ажилтануудад хэлэлгүйгээр дур мэдэн өгсөн ноцтой зөрчил болж байна. Энэ тухай захирлын зөвлөлийн хурал дээр өөрөө энэ асуудлын талаар бууруугаа хүлээн зөвшөөрөөд тайлбараа өгсөн. Ийм учраас захирлын зөвлөлийн хурал шийдвэрээр ажлаас халсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 31 дугаартай шийдвэрээр:

“1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Баатарцогтын Анхбаярыг Сэлэнгэ Авто Зам Арчлалт төрийн өмчит хувьцаат компанийн технологийн зориулалттай автомашины жолоочийн ажилд эгүүлэн тогтоож, тус компаниас Б.Анхбаярын ажилгүй байсан хугацааны цалин нийт 4.519.565,25 төгрөгийг гаргуулж Б.Анхбаярт олгож,

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар ажилтан Б.Анхбаярын нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт дээрх ажилгүй байсан хугацааны /8 сар 5 хоног/ шимтгэлийг нөхөн төлж дэвтэрт бичилт хийхийг тус компани /ерөнхий санхүүч/ -д даалгаж,

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас 70.200 төгрөг болон 4.519.565.25 төгрөгөнд ногдох улсын тэмдэгтийн хураамж болох 87.263 төгрөгийг тус тус нөхөн гаргуулж төрийн сангийн төсвийн орлогод оруулсугайBottom of Form

” гээд эрх бүхий этгээд хуульд заасан үндэслэлээр давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол  болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01-р сарын 08-ны өдрийн 31 дугаартай шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Гомдлын үндэслэл нь:

1-рт: Нэхэмжлэгч Б.Анхбаярын нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч Б.Анхбаярыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 7.7.4-А, Хөдөлмөрийн гэрээний 2.1.6-д заасныг тус тус баримтлан ажлаас чөлөөлсөн.  Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.5 дахь заалтыг хэрхэн ойлгох талаар Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 7.7.4 дэх хэсэгт нарийвчлан тайлбарласан байдаг. Үүнд “...хариуцуулсан машин техник, тоног төхөөрөмж, тоноглол багаж зэвсэг, эд зүйлсийг эрх бүхий албан тушаалтны зөвшөөрөлгүй дур мэдэн тогтоосон байрнаас авч гарсан, ажил гүйцэтгэсэн, .... энэ бүгдэд боломж олгосон...” зэргийг “мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан, ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл гаргасан нь тогтоогдсон гэх ойлголтод хамруулж ойлгоно” хэмээн тайлбарлаад уг дотоод журмыг 2013 оноос одоог хүртэл тухайн байгууллагын ажилчид дагаж мөрдсөөр ирсэн юм. Уг дотоод журам нь тухайн байгууллагын үйл ажиллагааны онцлогт тохируулан гаргасан ба ингэхдээ хуулийг дэлгэрүүлэн, нарийвчлан тайлбарлаж, дотооддоо тодорхой нэг дэглэмийг мөрдүүлж, хөдөлмөрийн харилцааг зохицуулж байгаа тухайн байгууллагын эрх хэмжээний хүрээнд боловсруулан гаргасан эрхийн акт юм. Тиймээс үүнийг бид үгүйсгэх боломжгүй юм. Мөн шүүхийн шийдвэрт “хөдөлмөрийн гэрээ болон дотоод журмын уг заалтаар ...хөдөлмөрийн гэрээг цуцлах, ажлаас халах ноцтой зөрчил мөн эсэхийг тодорхой тусгаагүй, нийтлэг ерөнхий байдлаар тусгасан нь уг ажилтныг шууд халах хүртэл хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлгүй болохгүй...” гэж дүгнэсэнийг хүлээн эөвшөөрөхгүй.

Б.Анхбаярын гаргасан үйлдлийг ажлаас халах ноцтой зөрчил гэж үэээгүй. Ноцтой зөрчил гэдэг нь тусдаа ойлголт ба хөдөлмөрийн гэрээ болон байгууллагын дотоод журамд тухайлан нэрлэн заасан байгаа. Хэрвээ түүнийг ноцтой зөрчил гаргасан хэмээн ажлаас чөлөөлсөн бол Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4 дэх хэсгийг үндэслэл болгох байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4 болон 40.1.5 дахь хэсэгт заасан үндэслэлүүд өөр өөр утга санаатай байхад шүүх дээрх үйлдлийг ажлаас чөлөөлөгдөх ноцтой зөрчил биш байна хэмээн дүгнэж байгаа нь учир дутагдалтай байна.

2рт: Шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаар ажилгүй байсан хугацааны цалин 4,519,565.25 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь мөн учир дутагдалтай байна. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорыг тооцон гаргах ёстой ба үүнийг тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалингаас тооцож тогтоох ёстой. Гэтэл хэрэгт нэхэмжлэгчийн сүүлийн 3 сарын хугацаанд авсан цалингийн талаарх нэг ч нотлох баримт хэрэгт авагдаагүй ба зөвхөн “сарын үндсэн цалин 550.000 төгрөг” гэсэн “Сэлэнгэ АЗЗА” ТӨХК-ийн ерөнхий санхүүчийн гаргасан тодорхойлолтоор  ажилгүй байсан хугацааны цалинг тооцон гаргасан үндэслэлгүй байна.

             Иймд анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байх тул 2020 оны 01-р сарын 08-ны өдрийн 31 дугаартай шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч Б.Анхбаяр давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа:  Би тус байгууллагад 1990 оноос эхлэн ажиллаж байгаа. Ажлаа сайн гүйцэтгэсээр ирсэн. Гэтэл ажлаас үндэслэлгүйгээр халсанд гомдолтой байна. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гэж үзэж байна гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч талын гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүх  Б.Анхбаярыг ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгоогүй байж эгүүлэн ажилд томилсон гэсэн гомдлын хувьд шүүх заавал тухайн тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэх хууль зүйн зохицуулалт байхгүй. Харин уг тушаал хууль зүйн үр дагаварт шүүх эрх зүйн дүгнэлт хийх ёстой.  Ажилгүй байсан хугацааны цалингийн хувьд  сардаа авах ёстой цалингаа авах эрхтэй. Гэтэл хууль бус үндэслэлгүй халсанаар тухайн ажилтан хохирох ёсгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 69-р зүйлийн 69.1 заалт нь ажилгүй байсан бүх хугацааны нөхөн олговор гэсэн нэр томъёолол юм. Нэхэмжлэгч ажилгүй байсан хугацааны цалингаа нэхэмжилсэн бөгөөд сард 550.000 төгрөгийн цалинтай гэсэн тодорхойлолтыг санхүүгээс гаргаж өгсөн. Цалингийн тал дээр шүүх хуралдаанаас өмнө болон шүүх хуралдааны үед ч ямар нэгэн маргаан гаргаагүй болно.

Хөдөлмөрийн дотоож журам нь 2013 онд батлагдсан гэх боловч хэдэн оноос эхлэн хүчин төгөлдөр үйлчилэх нь тодорхой бус он сар өдөр байдаггүй. Дээд шүүхийн 2006 оны 33-р тогтоолоор Хөдөлмөрийн хуулийн 40.1.5 зааптыг тайлбарлахдаа ...ажил олгогчийн итгэлийг алдсан ажилтаны гаргасан буруутай үйлдэл.эс үйлдэхүй” нь хууль, санхүүгийн болон хяналтын зэрэг эрх бүхий байгууллагын шалгалт, ажил олгогчийн дотоодын хяналт шалгалтаар тогтоогдсон байвал зохино гэсэн байдаг. Тэгвэл Б.Анхбаярын гаргасан үйлдэл байгууллагын эрх ашигт ямар нөлөөлөл үзүүлсэн, үүнийг ямар шалгалт хийж тогтоосон, хор уршиг нь юу байв, машин техникт ямар эвдрэл гарсан гэдгийг тогтоогоогүй,  тэгээд ч түүний гаргасан гэх үйлдэл нь ажлаас халах хэмжээний сахилгын зөрчил мөн эсэхийг тогтоож чадаагүй юм.

 Б.Анхбаярын ажил олгогчийн итгэлийг алдсан гэх үйлдлийг хэлэлцсэн гэх 3-н удаагийн зөвлөлийн хуралдаан явагдаагүй гэдэг тал дээр маргаан үүсдэг. Хэрэгт хариуцагч талаас гаргаж өгсөн хуралдааны 01, 02, 03 дугаартай тэмдэглэлүүд нь хуурамч гэдэг нь тухайн хуралдаанд оролцсон гэх гаржийн дарга Э.Түмэнжаргал нь тухайн цаг хугацаанд Улаанбаатар хотод Энхбаярын хамт ажлаар явж байсан гэдэг нь буудлын квитанц, томилолт, бэлэн мөнгө хүссэн өргөдөл, мөнгө хүлээн авсан баримтуудын он сараар тогтоогдож байгаа болно.

 2019 оны 05 сарын 03-ны өдрийн Б/29 дугаартай Б.Анхбаяр ажлаас чөлөөлөгдөх тухай тушаалыг гүйцэтгэх захирал Л.Ганболд гаргасан байдаг. Гэтэл Л.Ганболдын ажил олгогчийн зүгээс эрх үүрэг, үүсэх, хугацаа төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 04 сарын 25-ны өдрийн тогтоолоор 2019 оны 04 сарын 16-ны өдрөөр дуусгавар болсон байдаг. Гэтэл Б.Анхбаярыг ажлаас чөлөөлөх тушаалыг 2019 оны 05 сарын 03-ны өдөр гаргасан нь төлөөлөн удирдах зөвлөлөөс эрхийг нь сунгаагүй ажил олгогчийн эрхийг эдэлсэн нь хууль бус болсон гэж үзэж байгаа. Учир нь Л.Ганболдын гүйцэтгэх захирлын эрхийг эдлэх хугацааг 2019 оны 08 сарын 24-нөөс эхлэн 2020 оны 08 сарын 24-ний өдөр цуцлагдахаар сунгасан байдаг. Тэгвэл эрх нь цуцлагдсан үед тушаал гаргасан нь хууль бус гэж үзэж байна. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 31 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Б.Анхбаяр нь “Сэлэнгэ авто зам засвар арчлалт” ТӨХК-нд холбогдуулан ажлаас үндэслэлгүй халагдсан тухай гомдол гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан бөгөөд анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гомдлыг хангаж шийдвэрлэснийг хариуцагчийн өмгөөлөгч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан байна.

            Хариуцагч давж заалдах гомдлын үндэслэлээ шүүх ажилтаны байгууллагын дотоод журам зөрчсөн үйлдэлд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй гэж тайлбарлажээ.

 

            Хэргийг судлан үзвэл:  “Сэлэнгэ авто зам засвар арчлалт” ТӨХК-ийн захирлын  2019 оны 05 сарын 03-ны өдрийн Б/29 дугаартай “ажлаас чөлөөлөх тухай” захирлын тушаалаар жолооч Б.Анхбаярыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн бөгөөд  ажлаас чөлөөлсөн үндэслэлээ ажилтан  нь ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл гаргасан нь тогтоогдсон гэж байгууллагын дотооод журмын 7 дугаар зүйлийн 7.7, 7.7.4 дэх заалт  болон Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь заалтыг тушаалынхаа үндэслэл болгосон байна.

 

            Хөдөлмөрийн тухай хуулийн 5, 6 дугаар зүйлд зааснаар ажил олгогч хууль тогтоомжид нийцүүлэн хөдөлмөрийн дотоод журам баталж мөрдүүлэх эрхтэй.

Хөдөлмөрийн дотоод журам гэдэг нь ажил олгогчоос өөрийн дотоод үйл ажиллагааг зохион байгуулахтай холбогдож үүсэх хөдөлмөрийн харилцааг зохицуулах баримт бичиг юм.  Дотоод журмын зорилго нь хөдөлмөрийн харилцааг оновчтой зохион байгуулах, ажлын цагийг үр бүтээлтэй ашиглах, ажил, үйлдвэрлэл, үйлчилгээний чанар, бүтээмж дээшлүүлэхэд чиглэгдэг бөгөөд дотоод журам нь хөдөлмөрийн тухай хууль болон бусад хууль тогтоомжид нийцсэн байх шаардлагатай. 

Тухайн байгууллагын Дотоод журмын 7 дугаар зүйлийн 7.7.4 дэх заалт нь Хөдөлмөрийн тухай хуулийн хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай зохицуулалтыг үндэслэлгүйгээр буруу тайлбарлан зөвхөн ажил олгогчийг эрх ашигт нийцсэн байдлаар тусгасан нь хуульд нийцээгүй байна.  

            Ийнхүү хуульд нийцүүлж боловсруулаагүй дотоод журмаа баримтлан ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлаж байгаа нь үндэслэлгүй юм.  Мөн ажил олгогчоос дангаар тогтоосон дотоод журамтай  ажилтан танилцсан боловч зөрчил гаргасан нь тогтоогдсон тохиолдолд зөвхөн Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу хариуцлага хүлээх ёстой. Иймд  ажил олгогчийн 2019 оны 05 сарын 03-ны өдрийн Б/29 дугаартай Б.Анхбаярыг ажлаас чөлөөлөх тухай тушаал нь Хөдөлмөрийн тухай  хуульд нийцээгүй  талаар анхан шатны шүүхээс үндэслэл бүхий  дүгнэлт  хийсэн байна гэж үзлээ.

 

Хариуцагчийн ажилтаны ажилгүй байсан хугацааны цалинг буруу тооцсон гэх гомдлын тухайд хэрэгт авагдсан ажилтаны хөдөлмөрийн гэрээ болон ажил олгогчоос ирүүлсэн ажилтны цалингийн тодорхойлолт, цалингийн түүвэр зэрэг баримтуудыг үндэслэн ажилтаны үндсэн цалингаар тооцон ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна.

 

Шүүхээс ажил олгогчийн тушаал нь хуулийн үндэслэлгүй гарсан  гэж үзэж ажилтанг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоосноор тухайн үндэслэлгүй гарсан тушаал нь цаашид эрх зүйн ямар нэгэн үр дагавар үүсгэхгүй тул шүүх ажил олгогчийн үндэслэлгүй гаргасан шийдвэрийг заавал хүчингүй болгох шаардлагагүй  тул хариуцагчийн энэ талаар гаргасан гомдлыг хүлээн авах боломжгүй юм.

 Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хооронд үүссэн маргаанд Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг хэрэглэсэн байх тул энэ шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч түүний  өмгөөлөгчийн  давж заалдах  гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймаг  дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 31 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч түүний өмгөөлөгчийн  давж заалдах  гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн 157.463 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй. 

 

 

                                    ДАРГАЛАГЧ                           Б.БАТЗОРИГ

                                    ШҮҮГЧИД                               Д.БУЯНЖАРГАЛ

                                                                                   Г.ДАВААРЕНЧИН