Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 31

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Энхтайван даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум 7 дугаар баг 4 дүгээр байр 55 тоотод оршин суух, Боржигин овогт Баатарцогтын Анхбаяр /РД:МЭ69072211/ -ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Сэлэнгэ Авто зам арчлалт Төрийн өмчит хувьцаат компани /РД:3735362/ -д холбогдох

2019 оны 05 сарын 03-ны өдрийн Б/29 дугаартай Б.Анхбаярыг ажлаас чөлөөлөх тухай Сэлэнгэ авто зам засвар арчлалт төрийн өмчит хувьцаат компанийн захирлын тушаалыг хүчингүй болгуулах, эгүүлэн ажилд минь тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин / анхан шатны шүүх хуралдаан хуралдах хүртэлх хугацаа /-г гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, Нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг ажил олгогчид даалгах тухай нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд; Нэхэмжлэгч Б.Анхбаяр, түүний өмгөөлөгч Р.Атарцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Ганбаатар, хариуцагчийн өмгөөлөгч Д.Ариунтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Нандин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Анхбаяр нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... 1990 оны 10 сарын 17-ны өдөр тус компанид жолоочоор ажилд орж өдийг хүртэл ажиллаж байна. Ажиллах хугацаандаа ажлын дутагдал, сахилгын зөрчил гаргаж байсан удаагүй. Удирдлагаас өгөгдсөн үүрэг даалгавар, хөдөлмөрийн гэрээнд заагдсан ажлын байрны тодорхойлолтод дурдагдсан ажлыг цаг хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэж байсан юм. 2019 оны 04 сарын 20-ын үеэр ажил тарсны дараа тухайн өдөр барьж явсан машинаа/ өрөө буулгагч 19-07 дугаартай/ хар хөрс ачиж гэрийнхээ гадаа буулгамаар байна гэж Энхбаярыг гуйхаар нь ахынх нь гар өвдөөд байна чи явчихаад хүрээд ир гэж хэлээд машинаа өгсөн юм. Дөнгөж буулгаад удаагүй ирсэн машинд ямар нэгэн хохирол учраагүй байгууллагын ажилд саад хийгээгүй ажил тарсан байсан юм. Би өөрөө яваагүйн учир нь 2018 оны 07 сарын 06-ны өдөр ажлын байрандаа бетон боржуурт гараа даруулж хугалсан өвчтэй байж байгаад ажилдаа орсон байсан. Намайг ажилд ороход энэ машиныг зас гэж хэлсэн өөрийн биеэр машиныг засаж ажилд яв гэхээр нь явсан. 2019 оны 05 сарын 01-ний өдөр дарга намайг дуудаж машинаа хүнд өгч явууллаа гэж зэмлэсэн. Би тухайн үед уучлаарай би гуйхаар нь өгөөд явуулсан хамт олон дунд ийм зүйл байдаг шүү дээ гэж хэлснийхээ төлөө ажлаас халагдсанд гомдолтой байна. Ингээд 2019 оны 05 сарын 03-ны өдөр намайг ажлын байран дээрээ ажлаа гүйцэтгэж байхад нарийн бичгийн дарга Баярсайхан ажлаас халсан тушаалаа ав гэж хэлэхээр нь очиж авсан. Энэ тушаалтай танилцаж үзэхэд ажил олгогчийн итгэлийг алдагдуулсан буруутай үйлдэл гаргасан гэж ажлаас халсан тул нэхэмжлэл бичиж байна. Нэхэмжлэлийн шаардлага: 1. 2019 оны 05 сарын 03-ны өдрийн Б29 дугаартай Б.Анхбаярыг ажлаас чөлөөлөх тухай Сэлэнгэ авто зам засвар арчлалт төрийн өмчит хувьцаат компанийн захирлын тушаалыг хүчингүй болгож намайг эгүүлэн ажилд минь тогтоолгох. 2.Ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах/ шүүхийн анхан шатны шүүх хуралдаан хуралдах хүртэлх хугацааны цалинг/ гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргаж байна гэжээ.

 

Тэрээр нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: ... 2019 оны 04 сарын 27-ын үеэр ажил тарсаны дараа машинтайгаа шороо асгахаар явах үед Энхбаяр надад наад шороогоо манай хашаанд асгачихаач гэж гуйж аваачиж буулгачихаад удаа ч үгүй ирсэн машинд ямар нэгэн хохирол учраагүй байгууллагын ажилд саад хийгээгүй ажил тарсан байсан юм. Байгууллагын техникийн зориулалтай машиныг удирдлагын зөвшөөрөлгүй дур мэдэн бусдад машинаа шилжүүлсэн гэсэн үндэслэлээр тушаал гаргасаныг хүлээн зөвшөөрөхгүй тогтоосон байрнаас авч гарсан гэсэн үндэслэлээр тушаал гаргасаныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа билээ. Үндсэн нэхэмжлэлд: 1. 2019 оны 05 сарын 03-ны өдрийн Б/29 дугаартай Сэлэнгэ авто зам засвар арчлалт Төрийн өмчит хувьцаат компанийн захиралын тушаалыг хүчингүй болгож, намайг эгүүлэн ажилд тогтоолгох. 2.Ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах /шүүхийн анхан шатны шүүх хуралдаан хуралдах хүртэлх хугацааны цалинг/ гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргасан. Үндсэн нэхэмжлэлийн шаардлага дээрээ нэмж нэхэмжпэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна.Үүнд:1 .Б.Анхбаяр миний Нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг ажил олгогчид даалгах шаардлагыг гаргаж байна гэжээ.

 

Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: ... Намайг ажлаас үндэслэлгүйгээр халсан гэж үзэж байна. Шалтгаан нь хариуцсан техник хэрэгслээ дур мэдэн бусдад шилжүүлсэн гэх үндэслэлээр халсан. Би хариуцсан техник хэрэгслээ 2017 оны 07 сард би гараа хугалж, хариуцсан техникээ бүрэн бүтнээр нь хүлээлгэн өгсөн. Тэгээд 2018 оны 1 сард ажилдаа орсон машин техникээ хүлээн авсан. Бүтэн 6 сар би ажилгүй өвчтэй байж байгаад ажилдаа орсон. Анх намайг чөлөө авахад дарга ажилдаа ороход чинь шинэ машин өгнө гэж хэлсэн. Тэгээд ажилдаа орсон чинь шинэ машин өгөөгүй хуучин машинаа ав гэсэн. Тухйан үед хуучин машинаа хүлээж авахад эвдэрсэн байсан. Эвдэрсэн машинаа янзлаад түр наад машинаа барьж бай гэж хэлсэн. Албан ёоор надад буцаагаад хүлээлгэж өгөөгүй. Тэгээд хөдөө бригадаар ажиллаж байхад манай ажлын Энхбаяр гэдэг залуу ахаа наад хаях гэж байгаа шороог чинь дүү нь гэрийнхээ гадаа буулгачихъя гээд гуйхаар нь би ажил тарсан юм чинь тэг тэг чи өрөө бариад явчих ахынх нь гар өвдөөд байна гэж хэлээд өгөөд явуулсан. Тэгээд удаагүй 30 гаран минутын дараа машиныг маань авчирч өгсөн. Маргааш нь байгууллага дээр ирсэн чинь дур мэдэн машинаа хүнд өгсөн гэж тайлбарлан тушаал гаргаад шууд ажлаас халсан. Тухайн үед би буруугаа хүлээн зөвшөөрч олон удаа уучлал гуйсан. Тэр өдөр захирлын зөвлөл хуралдаж байсан гэж яриад байна. Тийм зүйл огт болоогүй. Захирлын зөвлөлийн хоёр гуравхан хүн сууж байсан надад хэлэхдээ яагаад имй зүйл хийсэн талаархи таниас тайлбар авна гэж хэлсэн. Үүүнээс үүдээд намайг ажлаас халсан учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Одоо шүүхээс ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны тэтгэмж гаргуулах, нэмэлт нэхэмжлэлийн шаардлага дэрээ нийгмийн даатгал, эрүүл мэндийн дэвтэр дээр маань нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэх.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч; Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг, 8 хороо 12 дугаар хороолол 315 тоотод оршин суух, Сэлэнгэ АЗЗА ТӨХК-ийн ерөнхий санхүүч ажилтай, Олхонууд овогт Хасбаатарын Ганбаатар /РД:ЧК79110912/ нь шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: ... 2018 сүүлийн хагас жилд Анхбаяр нь өвчтэй байсан. Улирлын чанартай ажил маань дуусаад өвлийн ажил эхлэхэд машин техник хэрэгсэл зогсдог. Энэ үед Анхбаяр ажилдаа орж ирсэн. Анхбаярыг өөрөө барьж байсан 19-07 өөрөө буулгаагч авто машиныг засаж, ажлуул гэсэн. 4 дүгээр сарын 17-оос эхлээд хөдөө бригадаар томилогдож ажилласан. Энэ хугацаанд ургамал ургадаг өнгөн хар шороо хэсгийг Ажлын Энхбаяр гэх залуу гэртээ буулгачихаад ирье гэхэд нь өөрийнхөө машиныг багийнхаа удирдлага ахлах ажилтануудад хэлэлгүйгээр дур мэдэн өгсөн ноцтой зөрчил болж байна. Энэ тухай захирлын зөвлөлийн хурал дээр өөрөө энэ асуудлын талаар бууруугаа хүлээн зөвшөөрөөд тайлбараа өгсөн. Ийм учраас захирлын зөвлөлийн хурал шийдвэрээр ажлаас халсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд зохигч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын өгсөн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн чанартай нотлох баримтуудыг шинжлэн судлаж ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Б.Анхбаярын шүүхэд гаргасан ... 2019 оны 05 сарын 03-ны өдрийн Б/29 дугаартай Б.Анхбаярыг ажлаас чөлөөлөх тухай Сэлэнгэ авто зам засвар арчлалт төрийн өмчит хувьцаат компанийн захирлын тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин / анхан шатны шүүх хуралдаан хуралдах өдөр хүртэлх хугацааны/- г гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг ажил олгогчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг бүрэн хангах хууль зүйн болон бодит үндэслэлтэй гэж үзэв.

Учир нь; тус компанийн жолооч Б.Анхбаярыг үүрэгт ажлаас нь 2019 оны 05 сарын 03-ны өдрийн Б/29 дугаартай компаний гүйцэтгэх захирлын тушаалаар чөлөөлөх /халах/ -дөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан /мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон / ... ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл гаргасан болох нь тогтоогдсон гэсэн үндэслэлээр уг ажлаас нь халж, хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан байх бөгөөд жолооч Б.Анхбаяр нь 2019 оны 04 сарын 20-ны өдөр хээрийн бригадад ажиллаж байх үедээ тухайн өдөр ажил тарсаны дараа тус компанийн ажилтан Энхбаярын /гуйлт/ хүсэлтээр өөрийн эзэмшиж байсан 19-07 дугаартай өөрөө буулгагч автомашиныг шилжүүлж, хар хөрс шороо ачиж гэрийнхээ гадаа буулгасан гэх үйлдлийг өөрийн хариуцсан техникээ эрх бүхий албан тушаалтаны зөвшөөрөлгүйгээр дур мэдэн бусдад шилжүүлж, уг техникээр байгууллагын бус өөр ажил гүйцэтгэх боломжийг олгосон гэх зөрчил гаргасан болохыг тухайн ажилтан Б.Анхбаяр өөрөө хүлээн зөвшөөрсөн хийгээд тус компанийн инженер, техникийн ажилтан нар нь мэдсэн, улмаар тус компанийн захирлын зөвлөлийн хурал хийсэн тэмдэглэл /хх-ийн 37-41 тал/ зэргээр нотлогдож байгаа хэдий ч уг ажилтаны дээрх гэм буруутай гэх үйлдлийг тухайн байгууллагын эрх бүхий этгээдийн шалгалтын комисс болон бусад хууль хяналтын байгууллага /цагдаа, мэргэжлийн хяналт г.м/ -ын эрх бүхий этгээдээс албан ёсоор шалган тогтоосон зүйлгүй, энэ тухай баримтгүйгээс гадна Хөдөлмөрийн тухай хууль / 40.1.5 /-д заасан ... мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан гэдэгт дээрх жолооч Б.Анхбаяр хамаарахгүй, өөрөөр хэлбэл; дээрх машиныг тухайн үед эзэмшиж, ажил үүрэг гүйцэтгэж байсан боловч энэхүү автомашиныг уг этгээдэд албан ёсоор, баримт, бүртгэлээр шилжүүлж өгөөгүй, уг эд хөрөнгийн хадгалалт, хамгаалалтад бүртгэлээр хяналт тавих эрх бүхий /ня-бо, нярав гэх мэт/ албан тушаалтан мөн болохыг нотлох баримт хэрэгт авагдаагүй, хариуцагчаас үүнийгээ нотлоогүй, мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тайлбартаа ... Б.Анхбаяртай уг машин /эд хөрөнгө/-ыг хариуцах хариуцлагын гэрээ хийгээгүй, акт баримт байхгүй гэх тайлбар зэргээр нотлогдож байна. Мөн дээрх зөрчлийн улмаас тухайн компанид эдийн болон эдийн бус ноцтой хор хохирол учруулсан эсэхийг ажил олгогчийн зүгээс шалгаж тогтоосон зүйлгүй бөгөөд дээрх тушаалд байгууллагын дотоод журмын 7 дугаар бүлгийн 7.7, 7.7.4, Хөдөлмөрийн гэрээний 2.1.6-д заасныг баримталсан нь ... мөнгөн болон эд хөрөнгө хариуцсан ажилтанд хамаарахаар зохицуулагдсанаас гадна ажилтан Б.Анхбаярын гаргасан дээрх зөрчил нь Хөдөлмөрийн гэрээ болон дотоод журмын уг заалтаар ... хөдөлмөрийн гэрээг цуцлах, ажлаас халах ноцтой зөрчил мөн эсэхийг тодорхой тусгаагүй, нийтлэг ерөнхий байдлаар тусгасан нь /хх-ийн 32-36, 43-52 дугаар тал/ уг ажилтаныг ажлаас шууд халах хүртэл хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болохгүй гэж үзнэ.

Мөн хавтаст хэргийн 193-196 дугаар талд авагдсан шинжээчийн 5647 дугаартай дүгнэлтээр ... ажилтан Б.Анхбаяр нь хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтой танилцсан, гэрээнд гарын үсэг зурсан нь тогтоогдож байгаа хэдий ч байгууллагын хөдөлмөрийн дотоод журамтай танилцаагүй, танилцуулаагүй болох нь нотлогдож байх бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 130 дугаар зүйлийн 130.1-д ... ажил олгогч нь хөдөлмөрийн дотоод журмыг хууль тогтоомжид нийцүүлэн баталж мөрдүүлэхээр зохицуулсан байх тул ажилтан Б.Анхбаярыг Хөдөлмөрийн дотоод журамтай танилцуулсан, танилцсан гэж үзэхгүйгээс гадна ажил олгогчоос ажилтанд Хөдөлмөрийн дотоод журмын 7 дугаар зүйлийн 7.7, 7.7.4-д заасан үндэслэлээр хөдөлмөрийн сахилгын /ажлаас халах/ шийтгэл ногдуулах үндэслэл болохгүй гэж үзнэ. Мөн зохигчийн өмгөөлөгч нараас тухайн компанийн гүйцэгтэх захирал М.Ганболдын ажилтаныг ажлаас халах тушаал /шийдвэр/ гаргах үедээ компанийн захирлын үүрэг гүйцэтгэх эрх зүйн чадамж / контрактын гэрээтэй /-тай байсан эсэх нь энэхүү хөдөлмөрийн маргааныг шийдвэрлэхэд нөлөөлөхгүйгээс гадна тэрээр тус компанийн гүйцэтгэх захирлын үүргийг гүйцэтгэх эрхтэй байсан нь хэрэгт авагдсан 2019 оны 08 сарын 24-ний өдрийн 01 тоот контрактын гэрээгээр нотлогдож байна. Ажил олгогч нь тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1 -д заасан ... хөдөлмөрийн сахилгын шийтгэлийн хэлбэрүүдээс аль тохирох зүйл заалтыг баримтлаагүй /131.1.3 - ажлаас халах/ зөрчил гаргасаныг дурдах нь зүйтэй.

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Б.Анхбаярыг тус компанийн жолоочийн үүрэгт ажилд нь эгүүлэн тогтоож, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар түүний ажилгүй байсан хугацааны цалинг тооцохдоо ажлаас халсан тушаал гаргасан 2019 оны 05 сарын 03-ны өдрөөс өнөөдрийг буюу шүүхийн шийдвэр гарах / 2020 оны 01 дүгээр сарын 08 / өдөр хүртэлх хугацааны цалинг хавтаст хэргийн 2 дугаар талд авагдсан тус компанийн ерөнхий санхүүчийн тодорхойлолтод дурдсан нэг сарын 550.000 төгрөгөөр тооцож нийт 8 сар 05 хоногийн цалинг 8 сар*550.000= 4.400.000 төгрөг дээр 5 хоногийн цалин буюу 119.565.25 төгрөг, нийт 4.519.565,25 төгрөгийг тус компаниас гаргуулж Б.Анхбаярт олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар ажилтан Б.Анхбаярын нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт дээрх ажилгүй байсан хугацааны шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг тус компанид даалгах нь зүйтэй.

Ажил олгогчийн тушаал нь үндэслэлгүй гарсан хэдий ч ажилтанг ажилд эгүүлэн тогтоох үндэслэлийг бий болгох хууль зүйн факт бүхий хэргийн үйл баримт болж байгаа бөгөөд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр цаашид эрх зүйн үр дагавар үүсгэхгүй тул шүүхээс дээрх тушаалыг заавал хүчингүй болгох шаардлагагүй гэж үзнэ.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас 70.200 төгрөг болон 4.519.565.25 төгрөгөнд ногдох тэмдэгтийн хураамж 87.263 төгрөгийг нөхөн гаргуулж төрийн сангийн төсвийн орлогод оруулбал зохино.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Баатарцогтын Анхбаярыг Сэлэнгэ Авто Зам Арчлалт төрийн өмчит хувьцаат компанийн технологийн зориулалттай автомашины жолоочийн ажилд эгүүлэн тогтоож, тус компаниас Б.Анхбаярын ажилгүй байсан хугацааны цалин нийт 4.519.565,25 төгрөгийг гаргуулж Б.Анхбаярт олгосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар ажилтан Б.Анхбаярын нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт дээрх ажилгүй байсан хугацааны /8 сар 5 хоног/ шимтгэлийг нөхөн төлж дэвтэрт бичилт хийхийг тус компани /ерөнхий санхүүч/ -д даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас 70.200 төгрөг болон 4.519.565.25 төгрөгөнд ногдох улсын тэмдэгтийн хураамж болох 87.263 төгрөгийг тус тус нөхөн гаргуулж төрийн сангийн төсвийн орлогод оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

5. Хариуцагч нь энэхүү шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан биелүүлсүгэй.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4-т зааснаар шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 118 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Л.ЭНХТАЙВАН