Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 001/ХТ2020/00818

 

Б.А-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 31 дүгээр шийдвэр,

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 13 дугаар магадлалтай,

Б.А-ын нэхэмжлэлтэй,

“С” ТӨХК-д холбогдох,

 Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Га, өмгөөлөгч Д.А нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор

 шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.А, хариуцагчийн өмгөөлөгч Д.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

 Нэхэмжлэгч Б.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Намайг ажлаас үндэслэлгүйгээр халсан гэж үзэж байна. Шалтгаан нь хариуцсан техник хэрэгслээ дур мэдэн бусдад шилжүүлсэн гэх үндэслэлээр халсан. Би 2017 оны 07 сард гараа хугалж, хариуцсан техникээ бүрэн бүтнээр нь хүлээлгэн өгсөн. Тэгээд 2018 оны 1 сард ажилдаа орсон. 2019 оны 04 сарын 27-ын үеэр ажил тарсны дараа машинтайгаа шороо асгахаар явах үед хамт ажилладаг Б.Энхбаяр надад наад шороогоо манай хашаанд асгачихаач гэж гуйж аваачиж буулгачихаад удаа ч үгүй ирсэн. Машинд ямар нэгэн хохирол учраагүй байгууллагын ажилд саад хийгээгүй ажил тарсан байсан юм. 2019 оны 05 сарын 03-ны өдрийн Б/29 дугаартай Б.Аыг ажлаас чөлөөлөх тухай С төрийн өмчит хувьцаат компанийн захирлын тушаал гарч байгууллагын техникийн зориулалттай машиныг удирдлагын зөвшөөрөлгүй, дур мэдэн бусдад шилжүүлсэн, тогтоосон байрнаас авч гарсан гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлснийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа билээ.

Иймд намайг эгүүлэн ажилд минь тогтоолгож, шүүхийн анхан шатны шүүх хуралдаан хуралдах хүртэлх хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг ажил олгогчид даалгах шаардлагыг гаргаж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Г шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 сүүлийн хагас жилд А нь өвчтэй байсан. Улирлын чанартай ажил маань дуусаад өвлийн ажил эхлэхэд машин техник хэрэгсэл зогсдог. Энэ үед Б.А ажилдаа орж ирсэн. А-г өөрөө барьж байсан 19-07 өөрөө буулгагч авто машиныг засаж, ажиллуул гэсэн. 4 дүгээр сарын 17-оос эхлээд хөдөө бригадаар томилогдож ажилласан. Энэ хугацаанд ургамал ургадаг өнгөн хар шороо хэсгийг ажлын Б.Э гэх залуу гэртээ буулгачихаад ирье гэхэд нь өөрийнхөө машиныг багийнхаа удирдлага, ахлах ажилтнуудад хэлэлгүйгээр дур мэдэн өгсөн нь ноцтой зөрчил болж байна. Захирлын зөвлөлийн хурал дээр өөрөө энэ асуудлын талаар бууруугаа хүлээн зөвшөөрөөд тайлбараа өгсөн. Ийм учраас захирлын зөвлөлийн хурал, шийдвэрээр ажлаас халсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 31 дүгээр шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Баатарцогтын Анхбаярыг С төрийн өмчит хувьцаат компанийн технологийн зориулалттай автомашины жолоочийн ажилд эгүүлэн тогтоож, тус компаниас Б.Аын ажилгүй байсан хугацааны цалин нийт 4 519 565.25 төгрөгийг гаргуулж Б.Ат олгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар ажилтан Б.Аын нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт дээрх ажилгүй байсан хугацааны /8 сар 5 хоног/ шимтгэлийг нөхөн төлж дэвтэрт бичилт хийхийг тус компани /ерөнхий санхүүч/-д даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас 70 200 төгрөг болон 4 519 565.25 төгрөгөнд ногдох улсын тэмдэгтийн хураамж болох 87 263 төгрөгийг тус тус нөхөн гаргуулж төрийн сангийн төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 13 дугаар магадлалаар: Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 31 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн 157.463 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Г, өмгөөлөгч Д.А нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан “...шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн...” байх тул тус шүүхийн 2020 оны 02-р сарын 19-ний өдрийн 13 дугаартай магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Нэхэмжлэгч Б.А нь “С” ТӨХК-ийн жолоочоор ажиллаж байхдаа өөрт нь хариуцуулан өгсөн автомашиныг эрх бүхий албан тушаалтнаас зөвшөөрөл авалгүй бусдад шилжүүлж, тухайн шилжүүлж авсан хүн нь байгууллагын машин техникээр хувийн ажил гүйцэтгэсэн байдаг. Байгууллагын удирдлага дээрх асуудлыг авч хэлэлцээд Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 7.7.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.5-р зүйлд зааснаар хариуцлага тооцон ажлаас чөлөөлсөн байдаг. Ажлаас чөлөөлсөн уг тушаалыг нэхэмжлэгч эс зөвшөөрч шүүхэд “Ажлаас халсан тушаал хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгүүлэх” зэрэг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Гэтэл анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан ба тушаал хүчингүй болгоогүй боловч ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинг дундаж цалингаар бус сарын үндсэн цалингаар тооцон гаргаж шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийг ажилд томилсон боловч ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгох шаардлага байхгүй гэж дүгнэснийг учир дутагдалтай гэж үзэж байна. Учир нь ажлаас чөлөөлсөн тушаал нь тухайн ажилтнаар цаашид ажил үүрэг гүйцэтгүүлэх шаардлагагүй болж, цалин хөлс олгохгүй байх үндэслэлийг бий болгож байгаа юм. Гэтэл шүүх шийдвэрээрээ тухайн ажилтныг ажилд нь эгүүлэн томилсон ч гэсэн тушаалыг хүчингүй болгоогүй нь өнгөрсөн хугацаанд үйлчилсэн тушаалын үйлчлэл хэвээр байх бөгөөд ажилгүй байсан тухайн хугацааны цалинг нөхөн гаргуулах эрх зүйн үндэслэл үүсэхгүй байна гэж үзэж байна.

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “дундаж цалин хөлстэй тэнцэх олговор”-ыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-д “ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалингаас тооцно” гэсний дагуу шүүх тооцох ёстой. Гэтэл нэхэмжлэгчийн цалин хөлсний дунджийг огт тооцолгүй зөвхөн сарын үндсэн цалин 550 000 төгрөг гэсэн тодорхойлолтыг үндэслэн ажилгүй байсан хугацааны цалин гаргаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Тухайн ажилтан сүүлийн 3 сард 550 000 төгрөгийн цалин авсан эсэхийг тогтоосон баримт хэрэгт авагдаагүй байхад цалинг тооцон гаргуулсан нь шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна. Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 31 дугаартай шийдвэр, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 13 дугаартай магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 Нэхэмжлэгч Б.А нь “С” ТӨХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийлгүүлэхээр нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хуулийн үндэслэл тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч Б.Аыг “С” ТӨХК-д технологийн зориулалттай автомашины жолоочоор ажиллаж байхад нь Компанийн захирлын 2019 оны  05 дугаар сарын 03-ны  өдрийн Б/29 тушаалаар “...хариуцсан техникээ эрх бүхий албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр дур мэдэн бусдад шилжүүлсэн, уг техникээр байгууллагын бус өөр ажил гүйцэтгэх боломж олгосон зэрэг ажил олгогчийн итгэлийг алдсан...” гэх үндэслэл зааж, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5.-д зааснаар үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

Нэхэмжлэгч өөрийн эзэмшдэг тээврийн хэрэгслийг эрүүл мэндийн байдлаас шалтгаалан хамт ажилладаг ажилтанд түр шилжүүлсэн зөрчил гаргаснаа хүлээн зөвшөөрдөг боловч энэ нь тушаалд заасан ажлаас чөлөөлөх үндэслэлд хамаарахгүй, байгууллагад хохирол учраагүй гэж тайлбарлажээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5.-д мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон бол ажил олгогчийн  санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж болно гэжээ.

Хуулийн дээрх зохицуулалтад заасан мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан гэдэгт ажил олгогчийн мэдлийн өмч хөрөнгийг бүртгэн авч, бүрэн бүтэн байдлыг хангах, хадгалах, хамгаалах, эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр бусдад шилжүүлэх үүрэг хүлээсэн эд хариуцагч байхаас гадна тодорхой зориулалт, чиглэлээр эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх мэдлийг өмчлөгчөөс шилжүүлэн авсан удирдах албан тушаалтан, мөн удирдах албан тушаалтантай зохих хэмжээгээр эд хөрөнгийг хамтран захиран зарцуулах эрхийг хэрэгжүүлж, эд хөрөнгийн хадгалалт хамгаалалтанд бүртгэлээр хяналт тавих эрх бүхий санхүүгийн албан тушаалтан зэрэг этгээд хамаарахыг заажээ.

Иймд ажилтны гаргасан шийдвэр ажил олгогчийн эрх зүйн байдалд нийцээгүй талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт буруу биш, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

Хоёр шатны шүүх зохигчийн хооронд үүссэн хөдөлмөрийн маргаантай харилцааг зөв тодорхойлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.

Түүнчлэн хэрэгт цугларсан баримтыг тал бүрээс нь харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй, үнэн, зөв талаас нь үнэлж, ажилтныг ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн тушаал хуульд нийцээгүй үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5., 128 дугаар зүйлийн 128.1.2., 69 дүгээр зүйлийн 69.1., 46 дугаар зүйлийн 46.1., 46.2. дахь заалтуудыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагад нийцжээ.

Ажил олгогч ажилтны дундаж цалин хөлсний талаар мэтгэлцээгүй, нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг татгалзсан, эс зөвшөөрсөн тайлбар үндэслэлээ баримтаар нотлоогүй тул шүүх хэрэгт цугларсан баримтад үндэслэн, ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг тооцсон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2. дахь заалтыг зөрчөөгүй, 116 дугаар зүйлийн 116.3. дахь заалтад нийцэн тул ажилтны дундаж цалин хөлсийг буруу тооцсон гэх хариуцагчийн гомдол үндэслэлгүй байна.

Ажил олгогчийн ажилтныг ажлаас чөлөөлсөн тушаал ажилтныг ажилд нь эгүүлэн тогтоох хууль зүйн үндэслэлийг бий болгож байгаагийн хувьд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр цаашид эрх зүйн үр дагавар үүсгэхгүй учир шүүх уг тушаалыг заавал хүчингүй болгох шаардлагагүй.

Иймд “ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгоогүй тул тушаалын үйлчлэл хэвээр байх бөгөөд ажилгүй байсан тухайн хугацааны цалин хөлсийг нөхөн гаргуулах боломжгүй” талаарх хариуцагчийн гомдол үндэслэлгүй.

 Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн алдаа гаргаагүй тул хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 31 дүгээр шийдвэр, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 13 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Ганбаатар, өмгөөлөгч Д.Ариунтуяа нарын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч “С” ТӨХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 157 463 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Х.СОНИНБАЯР   

                            ШҮҮГЧ                                                   Х.ЭРДЭНЭСУВД