Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 45

 

Ө.Б-гийн нэхэмжлэлтэй                                                                                               иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч  Ц.Ичинхорлоо             даргалж, шүүгч Ч.Цэнд, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 183/ШШ2019/02390 дүгээр шийдвэртэй нэхэмжлэгч Ө.Б-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч БХЗХТБАА-, БХЗХТБАА-ны шийдвэр гүйцэтгэгч Д.Г-нарт холбогдох

Төлбөр төлөгч “Нэйшнл химикал” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ө.Б-гийн банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоол гаргасан шийдвэр гүйцэтгэгч Д.Гантулгын үйлдлийг хууль бус болохыг тогтоолгож, төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоолын Ө.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулахыг тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд хариуцагч Д.Гантулга, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Алимаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцов.

Нэхэмжлэгч Ө.Б- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 4925 дугаар шийдвэр болон 2015 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 1058 тоот гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа шийдвэр гүйцэтгэгч Д.Г-нь 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай 15780685/1 тоот тогтоол гаргаж, иргэн Ө.Б-гийн арилжааны банкин дахь дансны мэдээллийг авч, дансны зарлагын гүйлгээ зогсоож, дансан дахь мөнгийг татан авахаар болсон байдаг. Шийдвэр гүйцэтгэгч Д.Гантулгын дээрх үйл ажиллагааг дараах үндэслэлээр хууль зөрчсөн, хууль бус ажиллагаа гэж үзэн холбогдох албан тушаалтнуудад нь гомдол гаргасан боловч төлбөр төлөгч “Нэйшнл химикал” ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчээр та бүртгэгдсэнийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан тул банкнаас суутгал хийх ажиллагааг зогсоох боломжгүй тул шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж гомдлын дагуу арга хэмжээ аваагүй. Хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 6 дугаар зүйлийн 6.2.1, 8 дугаар зүйлийн 8.1.4, 32 дугаар зүйлийн 32.3-д төлбөр авагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, үүргээ биелүүлээгүй гэж гүйцэтгэх баримт бичигт заасан хүн, хуулийн этгээдийг төлбөр төлөгч гэж тус тус зохицуулсан байдаг. Энэхүү хуулийн зохицуулалтаас харахад төлбөр төлөгч нь “Нэйшнл химикал” ХХК, шүүхийн шийдвэр болон гүйцэтгэх хуудсанд төлбөр төлөгчөөр “Нэйшнл химикал” ХХК гэж бичигдсэн байдаг. Гэтэл шийдвэр гүйцэтгэгч Д.Г-нь хуулийн дээрх зүйл, заалтыг санаатайгаар зөрчин, шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуудсанд заасан төлбөр төлөгч нь “Нэйшнл химикал” ХХК байсаар байтал Ө.Б- дээр шүүхийн шийдвэр, гүйцэтгэх хуудасгүйгээр гүйцэтгэх ажиллагаа явуулж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны тал биш иргэн Ө.Б-гийн дансны мэдээллийг хууль бусаар цуглуулан, арилжааны банкин дахь дансны зарлагын гүйлгээг хууль бусаар зогсоож, мөнгийг татан авах зэргээр нийтийн албан тушаалтанд байж боломжгүй албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, “Нэйшнл химикал” ХХК-ийн өр, төлбөрийг төлүүлэхийн тулд өөртөө давуу байдлыг бий болгож, хэт дураараа аашилсан болно.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4 дэх хэсэгт зохицуулсан байдаг. Мөн Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5-д заасан зохицуулсан зохицуулалтууд нь компанийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчээс шүүхийн шийдвэр, гүйцэтгэх хуудасгүйгээр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр гаргуулж болно гэсэн зохицуулалт биш болно. Хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгөөс зааглагдсан, зааглагдаагүйг тодорхойлох эрх, үүнийг өөрийн үзэмжээр хэрэгжүүлэх эрх хуулиар шийдвэр гүйцэтгэгчид олгогдоогүй болно. Мөн Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дах хэсэгт зохицуулсан байхад шийдвэр гүйцэтгэгч хуулийг буруугаар тайлбарлаж, хууль бус ажиллагаа явуулж иргэн Ө.Б-г хохироож байна. Иймд шийдвэр гүйцэтгэгч Д.Гантулгын хууль зөрчин, хууль бусаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулснаас болж Ө.Б-гийн эрх, хууль ёсны ашиг сонирхол илтэд зөрчигдөж, иргэн Ө.Б- дансаар гүйлгээ хийж чадахгүй, цалин мөнгөө дансаар авч чадахгүй зэргээр хохирч байх тул шийдвэр гүйцэтгэгчийн үйл ажиллагааг хууль бус болохыг тогтоолгож, төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоолын Ө.Б-д холбогдох хэсгийг нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч байгууллагын шүүхэд ирүүлсэн хариу тайбар болон хариуцагч Д.Г-шүүх хуралдаанд гаргасан тайлбараа: Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 4925 дугаар шийдвэрээр “Нэйшнл химикал” ХХК-иас 51.404.333 төгрөг гаргуулж, Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст, улын тэмдэгтийн хураамж 414.971 төгрөгийг улсын орлогод олгохоор тус тус шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч “Нэйшнл химикал” ХХК-ийн өмчлөлийн хөрөнгө зээлийн үүрэгт бусдад барьцуулагдсан, 2014 оноос хойш үйл ажиллагаа явуулаагүй болохыг эрх бүхий байгууллагаас тодорхойлсон, төлөөлөх эрх бүхий этгээдээс хөрөнгө оруулалт шийдвэрлэнэ гэх үндэслэлгүй тайлбарыг гаргасаар 4 жилийн хугацаанд төсөвт төвлөрүүлэх нийгмийн даатгалын шимтгэлийн төлбөрийг төлөөгүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанаас зайлсхийсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4, Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дах хэсэгт тус тус заажээ. Төлбөр төлөгч “Нэйшнл химикал”ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчээр Ө.Б- бүртгэгдсэнийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан. Төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх ажиллагаа Компанийн тухай хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 94 дүгээр зүйлийн 94.3, Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсэгт заасныг баримтлан БХЗХТБАА-ны төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 15780685/1 тоот тогтоолын Ө.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, төлбөр төлөгч “Нэйшнл химикал” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ө.Б-гийн банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоол гаргасан шийдвэр гүйцэтгэгч Д.Гантулгын үйлдлийг хууль бус болохыг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ө.Б-гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч БХЗХТБАА-наас улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ө.Б-д олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ө.Б- давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгчийн зүгээс шийдвэр гүйцэтгэгч Д.Гантулгын 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдөр гаргасан "Төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх, тухай" 15780685/1 тоот тогтоолын Ө.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгох шаардлагыг гаргасан бөгөөд энэхүү шаардлага хангагдаж шийдвэрлэсэн болно. Нэхэмжлэгч нь энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн хэсгийг зөвшөөрч байгаа бөгөөд гагцхүү энэхүү шаардлагыг хангахдаа үндэслэл болгосон тэрхүү үндэслэлийн зарим хэсгийг зөвшөөрөхгүй байгаа болно. Тухайлбал, шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт "... харин зааглагдаагүй тохиолдолд хувьцаа эзэмшигч нь Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5-д заасан бүрэн хариуцлага буюу өөрийн бүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр компанийн өр, төлбөрийг давхар хариуцах үндэслэлтэй байна. Шийдвэр гүйцэтгэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тхай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4 дэх хэсэгт заасны дагуу төлбөр төлөгч хуулийн эттээдийн үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгөөс төлбөр гаргуулах ажиллагааг явуулахдаа компанид оруулсан хувь нийлүүлэгчийн эд хөрөнгө зааглагдсан эсэхийг тодруулах, энэ талаар ажиллагаа хийгээгүй болох нь шийдвэр гүйцэтгэгч Д.Гантулгын тайлбар болон нөхөн гүйцэттэсэн баримтуудаар тогтоогдож байна" гэжээ. Өөрөөр хэлбэл, шүүх шийдвэр гүйцэтгэгч нь компанид оруулсан хувь нийлүүлэгчийн эд хөрөнгө зааглагдсан эсэхийг тодруулсан тохиолдолд Шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон Компанийн тухай хуулийн 9.5-д заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж болно гэсэн агуулга бүхий дүгнэлт хийсэн нь хууль бус байгаа болно. Учир нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4, Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дах хэсэгт заасан хуулийн зохицуулсан зохицуулалтууд нь компанийн уүсгэн байгуулагч, хувъцаа эзэмшигчээс шүүхийн шийдвэр, гүйиэтгэх хуудасгүйгээр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр гаргуулж болно гэсэн зохицуулалт биш болно. Шүүхийн шийдвэр гүйцэттэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 6 дугаар зүйлийн 6.2.1, 8.1.4, 32 дугаар зүйлийн 32.3 дах хэсэгт тус тус зохицуулсан байдаг. Энэхүү хуулийн зохицуулалтаас харахад иргэн Ө.Б-гаас төлбөр мөнгө гаргуулах тохиолдолд нэхэмжлэгч нь хариуцагчаар Ө.Б-г тодорхойлж, түүнээс өр, төлбөрийг давхар гаргуулахаар шүүхийн шийдвэр гаргуулж, гүйцэтгэх хуудас бичүүлсэн байх естой. Шүүх компанийн өр, төлбөрийг хувьцаа эзэмшигчээр давхар хариуцуулах шүүхийн шийдвэр, гүйцэтгэх хуудас байхгүй тохиолдолд шийдвэр гүйцэтгэгчийн үйлдлийг зөвтгөх агуулга бүхий дүгнэлт хийснээр цаашид шийдвэр гүйцэтгэгч нь хуулийг буруугаар тайлбарлан ашиглаж олон хувьцаа эзэмпшгч тодроос хувьцаа эзэмшигчдийн хэнээр нь төлбөр төлүүлэхээ дураараа тодорхойлох, өөрийн ажлыг хөнгөвчлөх замаар хууль бусаар компанийн эд хөрөнгөөр биш хувьцаа эзэмпшгчийн эд хөрөнгөөр нэн тэргүүнд төлүүлэх, одоо байгаа өмч хөрөнгөөр бус ирээдүйд бий болох өмч хөрөнгөөр төлүүлэх, цаашлаад авлига, хээл хахуул үүсэх нөхцлийг бүрдүүлж байна. Иймд шүүх шийдвэр гүйцэтгэгч нь шүүхийн шийдвэр, гүйцэтгэх хуудасгүйгээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, буруу жишиг тогтоож байхад шүүх зохигчдын гол үндэслэл болгон маргаж буй асуудлаар буюу шүүхийн шийдвэр, гүйцэтгэх хуудасгүйгээр компанийн хувьцаа эзэмшигчээс төлбөр гаргуулахаар явуулж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль бус болох талаар үнэлэлт дүгнэлт өгөөгүй тул компанийн өр, төлбөрийг давхар хариуцуулахаар хувьцаа эзэмшигчээс төлбөр гаргуулахад тухайн хувьцаа эзэмшигчтэй холбоотой шүүхийн шийдвэр, гүйцэтгэх хуудас зайлшгүй байх ёстой эсэх талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж өгнө үү. Анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгтээ "Иймд КомпаниЙн тухай хуулийн 9 дүтээр зүйлийн 9.5 дахь хэсэгт заасан нөхцөл байдлыг тодруулалгүйгээр төлбөр төлөгч хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгөөс төлбөр гаргуулах ажиллагааг явуулахаар 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 15780685/1 тоот тогтоол гаргасан нь хуульд нийцэхгүй тул..." гэж дүгнэсэн атлаа шийдвэр гүйцэтгэгч Д.Гантулгын үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож энэхүү үндэслэлийнхээ эсрэг шийдвэр гаргасан нь ойлгомжгүй байна. Энэ нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг ноцтой зөрчиж байна. Түүнчлэн тус 15780685/1 тоот тогтоолын Ө.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгох шаардлагыг хангаж шийдвэрлэсэн хэдий ч шийдвэр гүйцэтгэгчийн үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох шаардлагыг тус хангасан хэсгийн шаардлагатай холбоотой буюу түүний үндэслэл гэж үзэн 2 шаардлагын нэгийг нь хангаж, нөгөөхийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байгаа нь хууль зөрчсөн алдаатай шийдвэр болсон гэж үэж байна. Иймд дээр дурдсан үндэслэлүүдийг хянан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт үндэслэл бүхий дүгнэлт өгч, өөрчлөлт оруулан, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй.

Нэхэмжлэгч Ө.Б- нь хариуцагч БХЗХТБАА- болон шийдвэр гүйцэтгэгч Д.Г-нарт холбогдуулан “Нэйшнл химикал” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ө.Б-гийн банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоол гаргасан шийдвэр гүйцэтгэгч Д.Гантулгын үйлдлийг хууль бус болохыг тогтоолгож, төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоолын Ө.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 4925 дугаар шийдвэрээр “Нейшнл химикал” ХХК-иас 51 404 333 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст олгохоор шийдвэрлэжээ.

Дээрх шүүхийн шийдвэрийг биелүүлэхээр хариуцагч БХЗХТБАА- шүүгчийн 2015 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 1058 дугаар гүйцэтгэх хуудсыг үндэслэн 2015 оны 5 дугаар сарын 26-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хуульд заасан дараалал журмын дагуу нэлээд ажиллагаа явуулсан боловч шүүхийн шийдвэр одоо болтол биелэгдээгүй байна.

Нэхэмжлэгч Ө.Б- нь төлбөр төлөгч “Нэйшнл химикал” ХХК-ийн 2 757 096 ширхэг хувьцаа буюу хувь нийлүүлсэн хөрөнгийн 45 хувийн  хувьцааг эзэмшигч болох нь  хэрэгт авагдсан нотлох баримтууд болох “Нэйшнл химикал” ХХК-ийн улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаа, компанийн дүрэм зэргээр  тогтоогдсон байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4 дэх хэсэгт “Төлбөр төлөгчийн нийт хөрөнгө нь гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангахад хүрэлцэхгүй тохиолдолд тухайн хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгөөс төлбөр гаргуулах эсэх асуудлыг үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгийн хариуцлагын харилцааг зохицуулсан хууль тогтоомжид заасан журмын дагуу шийдвэрлэнэ.” гэж заасан тул шийдвэр гүйцэтгэгч “Нэйшнл химикал” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ө.Б-гийн харилцах болон хадгаламжийн дансыг шүүхийн шийдвэрт заасан дүнгийн хэмжээгээр битүүмжлэх ажиллагааг явуулахаар 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 15780685/1 тоот тогтоол гаргажээ.

Анхан шатны шүүх  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4 дэх хэсэгт заасны дагуу төлбөр төлөгч хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгөөс төлбөр гаргуулах ажиллагааг шийдвэр гүйцэтгэгч нь явуулахдаа  компанид оруулсан хувь нийлүүлэгчийн эд хөрөнгө зааглагдсан эсэхийг тодруулах талаар ажиллагаа хийгээгүй болох нь тогтоогдсон гэж үзсэн боловч энэ талаар ямар ажиллагаа явуулах ёстой байсан талаар  дүгнэлт хийгээгүй орхигдуулсан байна.

 Гэвч шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 15780685/1 тоот тогтоолын Ө.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэнд хариуцагч талаас давж заалдах гомдол гаргаагүй нь шүүхийн шийдвэрийн энэ хэсгийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь  зүйтэй.

Нэхэмжлэгч нь хариуцагч Банк,  хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны шийдвэр гүйцэтгэгч Д.Гантулгын 2018 оны 8 дугаар сарын   22-ны өдрийн 15780685/1 тоот тогтоолд гомдол гаргасан тул анхан шатны шүүх шийдвэр гүйцэтгэгчийн үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв.  

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 183/ШШ2019/02390 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг  хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн  төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Ц.ИЧИНХОРЛОО         

                                                          ШҮҮГЧ                                 Ч.ЦЭНД  

                                                                                                     Н.БАТЗОРИГ