Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 81

 

Х.Э-ийн нэхэмжлэлтэй                                                                                               иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч               Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШШ2019/02930 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Х.Э-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч НШШГГ-т  холбогдох

Анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүйд тооцуулах, хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Жавзмаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Золбоо, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч Х.Э- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Жавзмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 899 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 1221 дүгээр магадлал, Улсын Дээд шүүхийн 2018 оны 1631 дүгээр тогтоолоор Х.Э-ээс 130.180.000 төгрөгийг гаргуулж У.Гэсэрт олгохоор шийдвэрлэсэн. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 4/14078 дугаар мэдэгдэлд нэхэмжлэгч Х.Э-ийн барьцаалсан, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204024323 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хар усан тохой /13130/, Гачууртын зам 331 тоотод байршилтай 340,11 м.кв талбайтай, 2 давхар хувийн сууцыг газрын хамтаар нь 349.438.000 төгрөгөөр хөрөнгийн үнэлгээг хийлгүүлсэн байна. Тус мэдэгдлийг 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдөр гардуулж өгсөн. Хариуцагч НШШГГ-, 189 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч М.Золбоо нь үнэлгээний компанид хандан үнэлгээчин томилж хөрөнгийг үнэлүүлэх гэж байгаа талаар нэхэмжлэгч надад мэдэгдээгүй. Мөн хөрөнгийн үнэлгээг хийхдээ хөрөнгийн өмчлөгч Э.Энхтайванаас үнийн санал аваагүй мөн түүнд мэдэгдэж, гэрийн эздийг хамт байлцуулалгүйгээр төлбөр авагч У.Гэсэрийн хамт хувийн сууцны хаалгыг эвдэн орж, үл хөдлөх хөрөнгийг битүүмжлэн, цоожны голыг сольж явсан. Үнэлгээний компаниар хөрөнгийн үнэлгээг хийлгүүлэхдээ газрын хамтаар үнэлгээг хийлгүүлсэн байна. Миний хувьд газрыг барьцаалаагүй бөгөөд зөвхөн хувийн сууцыг барьцаалсан юм.

Иймд хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хар усан тохой /13130/, Гачууртын зам 331 тоотод байршилтай, нийт 340,11 м.кв талбайтай, 2 давхар хувийн сууцыг газрын хамт 349,438,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгоно уу. Х.Э-ийн барьцаалсан дээрх амины орон сууцыг газрын хамтаар албадан дуудлага худалдаанд оруулсан байх тул 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдөр 70 хувь болох 244.606.600 төгрөгөөс дуудах анхны албадан дуудлага худалдаа, 50 хувь болох 174.719.000 төгрөгөөс дуудах хоёр дахь албадан дуудлага худалдааг тус тус хүчингүйд тооцуулахаар шаардаж байна гэжээ.

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Золбоо шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Улсын Дээд шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 001/ХТ2018/01631 дугаар тогтоолоор Х.Э-ээс 129.930.172 төгрөгийг гаргуулж У.Гэсэрт олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийг үндэслэн Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Х.Э-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2204024323 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хар усан тохой /13130/, Гачууртын зам 331 тоотод байршилтай 2 давхар хувийн сууц болон газрыг 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 158/01 дугаар битүүмжлэх тогтоолоор битүүмжлэн, 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 19260452/09 дугаар эд хөрөнгө хураах тогтоолоор хураасан. Төлбөр төлөгч Х.Э-ээс Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үний санал авахад 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдөр үл хөдлөх хөрөнгийг 950.000.000 төгрөгөөр үнэлсэн. Барьцаа хөрөнгийн өмчлөгч Э.Энхтайваны оршин суугаа хаяг болох Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 60 дугаар байрны 19 тоотод удаа дараа очиход хүнгүй байсан тул зарлан дуудах мэдэгдэл үлдээж, 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 4/11547 дугаар хөрөнгийн үнийн санал өгөх мэдэгдлийг баталгаат шуудангаар хүргүүлсэн боловч хариу ирүүлээгүй. Иймд 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 188 дугаар тогтоолоор “Виннер Вэй” ХХК-ийг шинжээчээр томилж, үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг тогтоолгосон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.10-т заасны дагуу барьцаа хөрөнгөд нэвтрэн орж хөрөнгийн үнэлгээг “Виннер Вэй” ХХК нь 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдөр 349.4383.000 төгрөгөөр үнэлсэн болохыг 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 4/14078 дугаар албан бичгээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудад мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар гомдол гаргах болон бие даан худалдан борлуулж болохыг анхааруулж тайлбарлан өгсөн.

Үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх хөрөнгийг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар үнэлгээчний тогтоосон үнэ болох 349.438.000 төгрөгийн 70 хувь болох 244.606.600 төгрөгөөр тооцон анхны албадан дуудлага худалдаанд 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдөр оруулсан боловч худалдан борлогдоогүй. Иргэний хуулийн 177 ду гаар зүйлийн 177.2-т зааснаар үнэлгээчний тогтоосон үнэ болох 349.438.000 төгрөгийн 50 хувь болох 174.719.000 төгрөгөөр тооцон хоёр дахь албадан дуудлага худалдаанд 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдөр оруулсан боловч худалдан борлогдоогүй байна. Иймд үл хөдлөх хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулж төлбөр барагдуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.

 Гуравдагч этгээд Э.Энхтайваны итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Давааравдан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэргийн материалтай танилцахад шүүх хуралдаан дээр шийдвэр гүйцэтгэгч нь мэдэгдсэн гэж байгаа хэдий ч албан ёсоор дуудлага худалдаа явуулах үнэлгээ хийлгэсэн асуудлыг Э.Энхтайванд огт мэдэгдээгүй. Э.Энхтайван нь хөдөө ажилладаг. Өөрт нь болоод гэр бүлийхэнд нь мэдэгдсэн зүйл байдаггүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар хариуцагчаар тогтоогдсон этгээдэд буюу төлбөр төлөгчдөд заавал мэдэгдэж дуудлага худалдаа болон үнэлгээг тогтоосон байх ёстой. Одоо тогтоосон үнэлгээ ямар нэгэн хууль зүйн үндэслэлгүй байна. Уг үнэлгээнд 300.000.000 төгрөгөөр үнэлсэн боловч Э.Энхтайваны өөрийнх нь үнэлгээ анх баригдаж байхдаа 2000 гаруй ам доллараар үнэлэгдэж байсан. Иймээс одоо боломжгүй гэж үзэж байгаа. Мөн үнэлгээ болон дуудлага худалдаанд орох талаар харилцан мэдэгдэл өгөөгүй. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу харилцан тохиролцож тохиролцсон үнэлгээгээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар дуудлага дуудлага худалдаа зарлах боломжтой байсан боловч энэ тухай ямар нэгэн ажиллагаа хийгдээгүй шууд 70 хувиар үнэлж дуудлага худалдаа явагдсан.Энэ нь хууль зөрчсөн ажиллагаа бөгөөд гуравдагч этгээд Э.Энхтайваын эрх зөрчигдөж байна. Дуудлага худалдаа болон бусад шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой асуудлыг Э.Энхтайванд мэдэгдэж байж эрх ашиг нь хөндөгдөж байгаа эсэх нь тодорхой болно. Иймээс нэхэмжлэгчийн гаргаж байгаа нэхэмжлэл хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна гэжээ.

 Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 12 дугаар зүйлийн 12.1-д тус тус заасныг баримтлан, хариуцагч Нийслэлийн шийдвэр Гүйцэтгэх албанд холбогдох, Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хар усан тохой /13130/, Гачууртын зам-331 тоот хаягт байрлах хувийн сууцны зориулалттай 340,11 м.кв талбайтай Ү-2204024323 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийг 349,438,000 төгрөгөөр үнэлсэн, шинжээч Виннэр Вэй ХХК-ийн 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн Ш-06/04 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайланг хүчингүй болгуулах, дээрх үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 10 цаг 00 минутад товлогдсон анхны албадан дуудлага худалдаа, 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдааг тус тус хүчингүйд тооцуулах Х.Э-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай Хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Жавзмаа давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газраас "Баянзүрх дүүргийн 20 хороо, Хар усан тохой \13130\, Гацууртын зам-331 тоот хаягт байрлах хувийн сууцны зориулалттай 340,11 м\кв талбайтай Ү-2204024323 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх хөрөнгийн үнийг өмчлөгч, төлбөр авагч нартай харилцан тохиролцож тогтоон 2019 оны 5 сарын 17-ны өдрийн дотор шийдвэр гүйцэтгэгчид мэдэгдэх"-ийг зөвхөн төлбөр төлөгч Х.Э-т 2019 оны 5 сарын 13-ны өдрийн 4\11547 дугаартай Мэдэгдлээр мэдэгдсэн, харин дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч Э.Энхтайванд "...мэдэгдэл хүргүүлсэн, хаалганд нааж үлдээсэн...", төлбөр авагчид хэрхэн мэдэгдсэн нь тодорхойгүй. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасан хуулийн шаардлагыг хангах боломжийг өмчлөгч Э.Энхтайван, төлбөр төлөгч Х.Э-, төлбөр авагч У.Гэсэр нарт олгоогүй. Өмчлөгч Э.Энхтайван, төлбөр төлөгч Х.Э-, төлбөр авагч У.Гэсэр нар тохиролцоогүй гэдгийг ИХШХШТХуулийн 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсгийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.2-д заасан дагуу баримтаар нотолж, үгүйсгэж чадаагүй гэж үзэж байна. Гэтэл хуулийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцогчийн эрхийг бүрэн хангаагүй, өмчлөгчийн хаяг байршлыг үнэн зөв олж тогтоох ямарч ажиллагаа хийгээгүй, төлбөр төлөгч болон өмчлөгчийн саналыг харгалзан үзэхгүйгээр шууд үнэлгээ тогтоосон зэрэг нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Барьцаалагдсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч Э.Энхтайваныг анхны дуудлага худалдаанд оролцуулаагүй, 2 дахь дуудлага худалдааны талаар огт мэдэгдээгүй зэрэг нь мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.2-д заасан хуулийн заалтыг зөрчсөн. Анхан шатны шүүх ИХШХШТХуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 40.3 дахь хэсэгт зааснаар үнэлж дүгнээгүй, Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Иймд шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч Х.Э- нь хариуцагч НШШГГ-т холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах, анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүйд тооцуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан гэж маргажээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШШ2018/ 00899 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 1221 дүгээр магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны  11 дүгээр сарын 15-ны өдрийн 001/ХТ2018/01631 дүгээр тогтоолоор Х.Э-ээс  129.196.440 төгрөг гаргуулж У.Гэсэрт олгож, барьцаалагдсан  Э.Энхтайваны өмчлөлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хар усан тохой /13130/, Гачууртын зам-331 тоот хаягт байрлах хувийн сууцны зориулалттай 340,11 м.кв талбайтай Ү-2204024323 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг НШШГГ-т даалгаж шийдвэрлэжээ. /хх-ийн 35-49/

Дээрх шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудас 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр олгож,  Нийслэлийн шийдвэр Гүйцэтгэх газрын 2019 оны 2 дугаар сарын 13-ны 19260482 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн явуулж, шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг төлбөр төлөгч Х.Э-т 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр мэдэгдэж, 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Төлбөр төлөгчийн хөрөнгийн мэдүүлгийг бүрдүүлж, шийдвэр гүйцэтгэгч тэмдэглэл үйлдсэн, шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг 2019 оны 3 дугаар сарын    15-ны өдөр төлбөр төлөгчид дахин хүргүүлсэн, 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцан данс битүүмжилж, хасалт хийх тухай 19260482/158 дугаар тогтоол гарсан боловч шүүхийн шийдвэр биелэгдээгүй тул барьцаалагдсан Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хар усан тохой /13130/, Гачууртын зам-331 тоот хаягт байрлах хувийн сууцны зориулалттай 340,11 м.кв талбайтай Ү-2204024323 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийг 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 158/01 дугаар тогтоолоор битүүмжилж, мөн оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 19260452/09 дугаар тогтоолоор хураан авч, тэмдэглэл үйлдсэн, эдгээр ажиллагааг хариуцагч хуульд нийцүүлэн явуулсан байна. /хх-ийн 32-34, 54-97/

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 4/11547 дугаартай Мэдэгдлээр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хар усан тохой /13130/, Гачууртын зам-331 тоот хаягт байрлах хувийн сууцны зориулалттай 340,11 м.кв талбайтай Ү-2204024323 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн үнийг өмчлөгч, төлбөр авагч нартай харилцан тохиролцож тогтоон 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн дотор шийдвэр гүйцэтгэгчид мэдэгдэхийг төлбөр төлөгчид төлбөр төлөгч Х.Э-т  мэдэгджээ./хх-ийн 92/

Төлбөр төлөгч Х.Э- нь тогтоосон хугацаанд шийдвэр гүйцэтгэгчид дээрх үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнийн санал 950.000.000 төгрөг болохыг хариу мэдэгдэхдээ  өмчлөгч Э.Энхтайванд утсаар болон мессежээр мэдэгдсэн гэжээ. /хх-ийн 96/

Шийдвэр гүйцэтгэгч нь өмчлөгч Э.Энхтайваны иргэний бүртгэл дэх албан ёсны хаяг  Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 60 дугаар байрны 19 тоот хаягаар мэдэгдэл хүргүүлсэн боловч, тухайн хаягтай байгаагүй, төлбөр авагчийн хүсэлтэд дурдагдсан 99059799 дугаарт холбогдоход өөр хүн хариу өгсөн тул Э.Энхтайваныг зарлан дуудах 189/01 тоот мэдэгдлийг тухайн тоот хаалганд нааж үлдээсэн, уг байдлыг шийдвэр гүйцэтгэгч баримтжуулсан нь хэрэгт авагджээ.

Иймд  Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 6 дугаар сарын  04-ний өдрийн 188 дугаар тогтоолоор Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хар усан тохой /13130/, Гачууртын зам-331 тоот хаягт байрлах хувийн сууцны зориулалттай 340,11 м.кв талбайтай Ү-2204024323 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тогтоолгохоор Виннэр Вэй ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээч 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн Ш-06/04 дугаартай дүгнэлтийг гаргаж, мөн өдрөө шийдвэр гүйцэтгэгчид хүлээлгэн өгсөн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон Иргэний хуульд заасан журам зөрчсөн гэж үзэхээргүй байна.

Шинжээч “Виннэр вэй” ХХК-ийн 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хар усан тохой /13130/, Гачууртын зам-331 тоот хаягт байрлах хувийн сууцны зориулалттай 340,11 м.кв талбайтай Ү-2204024323 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийг газрын хамт 349.438.000 төгрөгөөр тогтоожээ. /хх-ийн 102-114/

 Дээрх үнэлгээний талаар Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 4/14078 дугаартай мэдэгдлээр төлбөр төлөгч Х.Э- болон төлбөр авагч У.Гэсэр нарт мэдэгдсэн өмчлөгч Э.Энхтайванд баталгаат шуудангаар  хүргүүлсэн /хх-ийн 115, 121/ байхаас гадна өмчлөгч Э.Энхтайваны эхнэр Д.Мягмар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд гомдол гаргаж байсан талаарх баримт хэрэгт авагдсан байх тул үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч Э.Энхтайванд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар мэдэгдээгүй гэж үзэх үндэслэлгүй байна. /хх-ийн 116, 123, 124/

Түүнчлэн албадан худалдах үл хөдлөх эд хөрөнгө битүүмжлэх, хураан авах, үнэлгээ хийх зорилгоор үзлэг хийх зэрэгт Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хар усан тохой /13130/, Гачууртын зам-331 тоот хаягт байрлах хувийн сууцны манаач Д.Жаргалсайхан, Н.Батбаяр нарт эдгээр ажиллагааны талаар мэдэгдэж байсан болох нь шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, тогтоолуудад тусгагдсан байна. /хх-ийн 88, 90, 99/

Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5 дах хэсэгт “бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцож болно” гэж заасан тул өмчлөгч Э.Энхтайванд шүүхийн шийдвэр гүйцэтгэх тодорхой ажиллагаануудын талаар хуульд заасан журмаар мэдэгдэж оролцуулах талаар шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан хуульд нийцсэн ажиллагааг буруутгах үндэслэл тогтоогдоогүй  тул хариуцагч байгууллага үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тогтоохдоо хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.

Шийдвэр гүйцэтгэгч нь барьцаа хөрөнгийн албадан дуудлага худалдаанд оруулах саналыг 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдөр гаргаж, Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 7/28 дугаартай тогтоол гарч, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үнэлгээчний тогтоосон үнэ болох 349,438,000 төгрөгийн 70 хувь болох 244.606.600 төгрөгөөр тооцон 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 10 цаг 00 минутад товлож, уг тогтоолыг 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 4/14730 дугаартай мэдэгдлээр төлбөр төлөгч болон төлбөр авагч, өмчлөгч нарт мэдэгдсэн,  анхны албадан дуудлага худалдаагаар үнийн санал гараагүй  тул 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 8/19 дугаартай тогтоолоор хоёр дахь албадан дуудлага худалдаа явууулахаар тогтож, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үнэлгээчний тогтоосон үнэ болох 349.438.000 төгрөгийн 50 хувь болох 174.719.000 төгрөгөөр тооцон албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоож 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 10 цаг 00 минутад товлож, уг тогтоолыг 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 4/16200 дугаартай мэдэгдлээр төлбөр төлөгч болон төлбөр авагч, өмчлөгч нарт мэдэгджээ.

Анхны болон хоёрдох дуудлага худалдаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох заалтад  нийцсэн байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь зөв байна.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШШ2019/02930 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Ц.ИЧИНХОРЛОО         

                                                          ШҮҮГЧ                                 Д.ЦОГТСАЙХАН           

                                                                                                     Н.БАТЗОРИГ