Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 001/ХТ2020/00646

 

 Х.Э-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, Танхимын тэргүүн Х.Сонинбаяр, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШШ2019/02930 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 81 дүгээр магадлалтай,

Х.Э-ийн нэхэмжлэлтэй,

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

Анхан болон хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүйд тооцуулах, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Жавзмаагийн гаргасан гомдлыг үндэслэн,

Танхимын тэргүүн Х.Сонинбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Жавзмаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Дэлгэрцэцэг, нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч Х.Э- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Улсын Дээд шүүхийн 2018 оны 1631 дүгээр тогтоолоор Х.Э-ээс 130,180,000 төгрөгийг гаргуулж У.Гэсэрт олгохоор шийдвэрлэсэн. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 4/14078 дугаар мэдэгдэлд нэхэмжлэгч Х.Э-ийн барьцаалсан, Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хар усан тохой /13130/, Гачууртын зам 331 тоотод байршилтай 340,11 м.кв талбайтай, 2 давхар хувийн сууцыг газрын хамтаар нь 349,438,000 төгрөгөөр хөрөнгийн үнэлгээг хийлгүүлсэн байна. Тус мэдэгдлийг 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдөр гардуулж өгсөн. Миний барьцаанд тавьсан хөрөнгө байгалийн үзэсгэлэнт цогцолбор бүрдсэн газарт байршилтай, бие даасан дулаан болон цэвэр усан хангамж, бохир ус татан зайлуулах татуургын системтэй, байгалийн болон зохиомол гэрэлтүүлэг хүрэлцээтэй, арматураар арматурчилж хийсэн шугаман суурь  тай, газар хөдлөлтийн 7-8 баллд тэсвэртэй, галд тэсвэрлэх чадвараар 2 зэрэгтэй, гадна орчны нөхцөл байдал таатай, өөрийн эзэмшлийн цахилгааны дэд өртөөтэй, нийт 340,11 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө байхад 349,438,000 төгрөгөөр үнэлсэн нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар төлбөр авагчийн талд хэт үйлчлэн нэхэмжлэгч миний эрх ашгийг зөрчсөн гэж үзэж байна. Хөрөнгийн үнэлгээг хийхдээ хөрөнгийн өмчлөгч Э.Энхтайванаас үнийн санал аваагүй мөн түүнд мэдэгдэж, гэрийн эздийг хамт байлцуулалгүйгээр төлбөр авагч У.Гэсэрийн хамт хувийн сууцны хаалгыг эвдэн орж, үл хөдлөх хөрөнгийг битүүмжлэн, цоожны голыг сольж явсан.      

Иймд үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү, Х.Э-ийн барьцаалсан дээрх амины орон сууцыг газрын хамтаар албадан дуудлага худалдаанд оруулсан байх тул 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдөр 349,438,000 төгрөгийн 70 хувь болох 244,606,600 төгрөгөөс дуудах анхны албадан дуудлага худалдаа, 349,438,000 төгрөгийн 50 хувь болох 174,719,000 төгрөгөөс дуудах хоёр дахь албадан дуудлага худалдааг тус тус хүчингүйд тооцуулахаар шаардаж байна гэжээ.                                                 

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шүүхэд гаргасан тайлбартаа: Улсын Дээд шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 001/ХТ2018/01631 дугаар тогтоолоор Х.Э-ээс 129,930,172 төгрөгийг гаргуулж У.Гэсэрт олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийг үндэслэн Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Х.Э-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хар усан тохой /13130/, Гачууртын зам 331 тоотод байршилтай 2 давхар хувийн сууц болон газрыг 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 158/01 дугаар битүүмжлэх тогтоолоор битүүмжлэн, 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 19260452/09 дугаар эд хөрөнгө хураах тогтоолоор хураасан.

Төлбөр төлөгч Х.Э-ээс үнийн санал авахад 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдөр үл хөдлөх хөрөнгийг 950,000,000 төгрөгөөр үнэлсэн. Барьцаа хөрөнгийн өмчлөгч Э.Энхтайваны оршин суугаа хаяг болох Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 60 дугаар байрны 19 тоотод удаа дараа очиход хүнгүй байсан тул зарлан дуудах мэдэгдэл үлдээж, 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 4/11547 дугаар хөрөнгийн үнийн санал өгөх мэдэгдлийг баталгаат шуудангаар хүргүүлсэн боловч хариу ирүүлээгүй. Иймд 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 188 дугаар тогтоолоор Виннер Вэй ХХК-ийг шинжээчээр томилж, үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг тогтоолгосон. Виннер Вэй ХХК нь 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдөр 349,4383,000 төгрөгөөр үнэлсэн болохыг 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 4/14078 дугаар албан бичгээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудад мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар гомдол гаргах болон бие даан худалдан борлуулж болохыг анхааруулж тайлбарлан өгсөн.

Үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх хөрөнгийг үнэлгээчний тогтоосон үнэ болох 349,438,000 төгрөгийн 70 хувь болох 244,606,600 төгрөгөөр тооцон анхны албадан дуудлага худалдаанд 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдөр оруулсан боловч худалдан борлогдоогүй. Иргэний хуулийн 177 ду гаар зүйлийн 177.2-т зааснаар үнэлгээчний тогтоосон үнэ болох 349,438,000 төгрөгийн 50 хувь болох 174,719,000 төгрөгөөр тооцон хоёр дахь албадан дуудлага худалдаанд 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдөр оруулсан боловч худалдан борлогдоогүй байна.

Иймд үл хөдлөх хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулж төлбөр барагдуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.

Гуравдагч этгээд Э.Энхтайваны итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Давааравдан шүүхэд гаргасан тайлбартаа: Хэргийн материалтай танилцахад шүүх хуралдаан дээр шийдвэр гүйцэтгэгч нь мэдэгдсэн гэж байгаа хэдий ч албан ёсоор дуудлага худалдаа явуулах үнэлгээ хийлгэсэн асуудлыг Э.Энхтайванд огт мэдэгдээгүй. Э.Энхтайван нь хөдөө ажилладаг. Өөрт нь болоод гэр бүлийнхэнд нь мэдэгдсэн зүйл байдаггүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар хариуцагчаар тогтоогдсон этгээдэд буюу төлбөр төлөгчдөд заавал мэдэгдэж дуудлага худалдаа болон үнэлгээг тогтоосон байх ёстой. Одоо тогтоосон үнэлгээ ямар нэгэн хууль зүйн үндэслэлгүй байна. Уг үнэлгээнд 300,000,000 төгрөгөөр үнэлсэн боловч Э.Энхтайваны өөрийнх нь үнэлгээ анх баригдаж байхдаа 2000 гаруй ам.доллараар үнэлэгдэж байсан. Мөн үнэлгээ болон дуудлага худалдаанд орох талаар харилцан мэдэгдэл өгөөгүй. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу харилцан тохиролцож тохиролцсон үнэлгээгээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар дуудлага дуудлага худалдаа зарлах боломжтой байсан боловч энэ тухай ямар нэгэн ажиллагаа хийгдээгүй шууд 70 хувиар үнэлж дуудлага худалдаа явагдсан.Энэ нь хууль зөрчсөн ажиллагаа бөгөөд гуравдагч этгээд Э.Энхтайваын эрх зөрчигдөж байна. Иймээс нэхэмжлэгчийн гаргаж байгаа нэхэмжлэл хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШШ2019/02930 дугаар шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 12 дугаар зүйлийн 12.1-д тус тус заасныг баримтлан, хариуцагч Нийслэлийн шийдвэр Гүйцэтгэх албанд холбогдох, Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хар усан тохой /13130/, Гачууртын зам-331 тоот хаягт байрлах хувийн сууцны зориулалттай 340,11 м.кв талбайтай Ү-2204024323 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийг 349,438,000 төгрөгөөр үнэлсэн, шинжээч Виннэр Вэй ХХК-ийн 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн Ш-06/04 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайланг хүчингүй болгуулах, дээрх үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 10 цаг 00 минутад товлогдсон анхны албадан дуудлага худалдаа, 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдааг тус тус хүчингүйд тооцуулах Х.Э-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай Хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 81 дүгээр магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШШ2019/02930 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Жавзмаа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын гомдол гаргаж байна.

Нэхэмжлэгчийн зүгээс Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь: Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцогч төлбөр авагч, өмчлөгч нарт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, 14.4, 14.5, 14.6 дахь хэсэгт заасны дагуу “Мэдэгдэх хуудас”-ыг хүргүүлэх ажиллагаа хуулийн дагуу явагдаагүй мөн Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасныг зөвхөн төлбөр төлөгчид үүрэг болгосон, өмчлөгч Э.Энхтайванд 18\01 тоот мэдэгдлийг ... тоот хаалганд нааж үлдээснийг өмчлөгч гардан авсан баримт хэрэгт байхгүй байхад давж заалдах шатны шүүх шийдвэр гүйцэтгэх ажиллагааг буруутгахгүй байгаа нь ШШГТХуулийн 3 дугаар зүйлийн 3.1-дэх заалттай нийцэхгүй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаас өмчлөгч Э.Энхтайван, төлбөр төлөгч Х.Э-, төлбөр авагч У.Гэсэр нар “тохиролцоогүй” гэдгийг ИХШХШТХуулийн 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсгийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотолж, үгүйсгэж чадаагүй гэж үзэж байна.

“Баянзүрх дүүргийн 20 хороо, Хар усан тохой \13130\, Гацууртын зам-331 тоот хаягт байрлах хувийн сууцны зориулалттай 340,11 м\кв талбайтай үл хөдлөх хөрөнгийн шинжээч томилох, үнэлгээ хийлгэх ажиллагаа хуулийн хүрээнд явагдаагүй ШШГТХуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.2.2 дахь заалтуудыг зөрчсөн. Хуулийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцогчийн эрхийг бүрэн хангаагүй, өмчлөгчийн хаяг байршлыг үнэн зөв олж тогтоох ямар ч ажиллагаа хийгээгүй, албадан дуудлага худалдааны талаар мэдэгдээгүй, төлбөр төлөгч болон өмчлөгч нар тохиролцож санал гаргаагүй байхад шууд үнэлгээ тогтоож Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-д "... дуудлага худалдаатай холбоотой зардлыг өмчлөгч хариуцна” гэх хуулийн заалтыг зөрчсөн. Давж заалдах шатны шүүх "... өмчлөгч Э.Энхтайваны эхнэр Д.Мягмар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд гомдол гаргаж байсан талаарх баримт хэрэгт авагдсан байх тул өмчлөгч Э.Энхтайванд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар мэдэгдээгүй гэж үзэх үндэслэлгүй байна” гэжээ. Гомдол гаргагч Д.Мягмар тухайн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч биш бөгөөд түүнийг өмчлөгч Э.Энхтайваны эхнэр болохыг нотолсон тогтоосон баримт хэрэгт байхгүй, өмчлөгч Э.Энхтайван шийдвэр гүйцэтгэх ямар ч ажиллагаанд оролцоогүй байхад ... оролцуулах талаар шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан хуульд нийцсэн ажиллагааг буруутгах үндэслэл тогтоогдоогүй гэж дүгнэсэн нь ШШГТХуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 33 дугаар зүйлийн 1 дэх заалттай нийцэхгүй байна. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 140.000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг давж заалдах шатны шүүх буруу тооцож ИХЩхштХуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх заалтыг зөрчсөн. Давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг ИХШХШТХуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 40.3 дахь хэсэгт заасны дагуу тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь хуульд нийцүүлэн үнэлж дүгнээгүй, ШШГТХууль зөрчсөн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй тул Магадлал Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

Иймд ИХШХШТХуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-д зааснаар Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 сарын 13-ны өдрийн 81 дүгээр “Магадлал”-ыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

                     ХЯНАВАЛ

Х.Э- хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан анхан болон хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүйд тооцуулах, хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрчээ. 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээж шийдвэрлэжээ. 

Хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...мэдэгдэх хуудас”-ыг хүргүүлээгүй..., өмчлөгч Э.Энхтайваны шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцох эрхийг зөрчсөн..., төлбөр төлөгч болон өмчлөгч нар тохиролцож санал гаргаагүй байхад шууд үнэлгээг тогтоож Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-д "... дуудлага худалдаатай холбоотой зардлыг өмчлөгч хариуцна” гэх хуулийн заалтыг зөрчсөн...., давж заалдах шатны шүүх ... үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй, нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 140.000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг давж заалдах шатны шүүх буруу тооцож Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх заалтыг зөрчсөн...., магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү “ гэх агуулгыг заажээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Жавзмаагийн гомдлыг хангах хуулийн үндэслэл тогтоогдохгүй байна.

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШШ2018/00899 дүгээр шийдвэрээр Х.Э- нь иргэн У.Гэсэрт 129.196.440 төгрөг төлөх, сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Э.Энхтайваны өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, Хар усан тохой /13130/, Гачууртын зам-331 тоот хаягт байрлах хувийн сууцны зориулалт бүхий 340.11 м.кв талбайтай Ү-2204024323 тоот улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу хуульд нийцүүлэн худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ. Уг шийдвэрт хариуцагч гомдол гаргаснаар давж заалдах шүүх шийдвэрт өөрчлөлт оруулсныг хяналтын шатны шүүх хэргийг хянан хэлэлцэж магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн, хуулийн хүчин төгөлдөр шийдвэр байна. /хх35-49/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар шүүхийн шийдвэр заавал биелэгдэх бөгөөд сайн дураараа биелүүлээгүй бол хуульд заасан журмын дагуу албадан гүйцэтгэнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 185, 186  дугаар зүйлд  заасны дагуу шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж гарч гүйцэтгэх хуудас бичигдэнэ. Уг баримт бичгүүдийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлснээр шийдвэрийг  албадан биелүүлэх ажиллагаа  эхэлнэ.

Төлбөр төлөгч Х.Э- төлбөрийг сайн дураараа төлөөгүй тул, албадан гүйцэтгэх ажиллагааг 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоолоор эхлүүлжээ. /хх-54/

Албадан гүйцэтгэх ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага гүйцэтгэх ба иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг, иргэний хэргийн болон эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэсэн иргэний нэхэмжлэлийн талаарх шийдвэрийг үндэслэн явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.1-д заасан байх тул энэхүү барьцааны үл хөдлөх хөрөнгө болох Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хар усан тохой /13130/, Гачууртын зам-331 тоот хаягт байрлах хувийн сууцны зориулалттай 340,11 м.кв талбайтай, Э.Энхтайваны өмчлөлийн  орон сууцыг битүүмжлэн хурааж, үнийн санал авч, үнэлгээ хийлгэсэн шийдвэр гүйцэтгэх байгууллагын гүйцэтгэх  ажиллагаа нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48, 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасныг зөрчөөгүй байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд  Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 4/11547 дугаар мэдэгдлээр Х.Э-, Э.Энхтайван нарт хураан авсан үл хөдлөх хөрөнгийн үнийг төлбөр авагчтай харилцан тохиролцож 2018 оны 5 дугаар сарын 17-ний өдрийн дотор ирүүлэх талаар мэдэгдлийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт заасны дагуу 2019 оны 5 дугаар сарын 14-ний баталгаат шуудангаар хүргүүлсэн байна. /хх-92/

Харин Э.Энхтайван үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчийн хувьд заасан хугацаанд үнийн санал ирүүлээгүй бөгөөд дээрх мэдэгдлийг Х.Э- хүлээн авч үл хөдлөх хөрөнгийг 950.000.000 төгрөгөөр үнэлж, энэ талаар өмчлөгч Э.Энхтайванд утсаар болон мессэжээр мэдэгдсэн тухайгаа үнийн саналын хамт Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ирүүлжээ. /хх-96/

Барьцааны хөрөнгүүд нь анхны дуудлага худалдаагаар борлогдоогүй тул хоёр дахь дуудлага худалдааны доод үнийг үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 50 хувиар тооцон 2019.8.02-ны өдрийн 10 цагт дуудлага  худалдаанд оруулахаар шийдвэрлэж, төлбөр төлөгчид мэдэгдсэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62, 66, 69, 72 дугаар зүйлийн холбогдох зохицуулалтыг болон Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-т заасантай нийцсэн, шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх боломжгүй. /хх-130/

Хариуцагчаас Х.Э-т холбогдуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа  явуулахдаа, шүүхийн шийдвэрт заасан барьцааны хөрөнгийн өмчлөгчийн эрхийг зөрчсөн гэх байдал тогтоогдоогүйгээс гадна нэхэмжлэгч  нь Э.Энхтайваныг төлөөлөх эрхтэйг нотлох баримт хэрэгт байхгүй тул шүүх хэргийг шийдвэрлэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3, 64 дүгээр зүйлийн 64.2.1-г зөрчөөгүй гэж үзнэ. 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т “шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой шүүхэд гаргах гомдолд энэ хуулийн 7.1.2-т заасан хэмжээгээр” гэж зааснаар нэхэмжлэгч шүүхэд анх үнэлгээ хүчингүй болгуулах шаардлага гаргахдаа 70.200 төгрөгөөр тэмдэгтийн хураамж төлсөн байгаа ч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад анхан болон хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүйд тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэнд 70.200 төгрөг төлж хоёр тусдаа нэхэмжлэлийн шаардлагад төлсөн тэмдэгтийн хураамж 140.400 төгрөг болжээ. Анхан болон давж заалдах шатны шүүх улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын орлогод үлдээж шийдвэрлэсэн зөв тэмдэгтийн хураамжийг хувиарлах хуульд заасан журамд нийцжээ.

Гомдлын үндэслэлээр хэргийн нөхцөл байдалтай уялдуулан хоёр шатны шүүхийн шийдвэрийг нэгтгэн дүгнэхэд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хэрэгт авагдсан баримтад үндэслэгдсэн, нотлох баримтыг үнэлэх хуульд заасан журмыг зөрчөөгүй боловч маргааныг зохицуулсан хуулийн зохицуулалтыг зөв сонгон хэрэглээгүй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүх залруулаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-д заасантай нийцэхгүй байна.

Иймд шийдвэр магадлалд хууль хэрэглээний өөрчлөлт оруулж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Жавзмаагийн гомдлыг хангахгүй орхих зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 81 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШШ2019/02930 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “ ...12 дугаар зүйлийн 12.1-д тус тус...” гэснийг “...66 дугаар зүйлийн 66.3, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д ...” гэж, “...үнэлгээний тайланг...” гэснийг “...үнэлгээг...” гэж тус тус өөрчлөн шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Жавзмаагийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр төлсөн 140.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.УНДРАХ

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР