Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 101/ШШ2020/02930

 

 

 

 

 

 

2019 оны 10 сарын 29 өдөр

  Дугаар 101/ШШ2019/02930

Улаанбаатар хот

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Х.Э

 

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо Үндсэн хуулийн гудамж-3, өөрийн байранд оршин байрлах Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

 

Анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүйд тооцуулах, хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Жавзмаа, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Давааравдан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Золбоо, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Ичинхорлоо нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Х.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Жавзмаа шүүх  хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 899 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 1221 дүгээр магадлал, Улсын Дээд шүүхийн 2018 оны 1631 дүгээр тогтоолоор Х.Эээс 130,180,000 төгрөгийг гаргуулж У.Гэсэрт олгохоор шийдвэрлэсэн.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 4/14078 дугаар мэдэгдэлд нэхэмжлэгч Х.Эийн барьцаалсан, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204024323 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хар усан тохой /13130/, Гачууртын зам 331 тоотод байршилтай 340,11 м.кв талбайтай, 2 давхар хувийн сууцыг газрын хамтаар нь 349,438,000 төгрөгөөр хөрөнгийн үнэлгээг хийлгүүлсэн байна. Тус мэдэгдлийг 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдөр гардуулж өгсөн.

Нэхэмжлэгч миний барьцаанд тавьсан Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хар усан тохой /13130/, Гачууртын зам 331 тоотод байршилтай 2 давхар хувийн сууц нь байгалийн үзэсгэлэнт цогцолбор бүрдсэн газарт байршилтай, бие даасан дулаан болон цэвэр усан хангамж, бохир ус татан зайлуулах татуургын системтэй, байгалийн болон зохиомол гэрэлтүүлэг хүрэлцээтэй, 18, 22-ын арматураар арматурчилж хийсэн шугаман суурьтай, газар хөдлөлтийн 7-8 баллд тэсвэртэй, галд тэсвэрлэх чадвараар 2 зэрэгтэй, гадна орчны нөхцөл байдал таатай, өөрийн эзэмшлийн цахилгааны дэд өртөөтэй, нийт 340,11 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө байхад 349,438,000 төгрөгөөр үнэлсэн нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, шийдвэр гүйцэтгэгч М.Золбоо нь  төлбөр авагчийн талд хэт үйлчлэн нэхэмжлэгч миний эрх ашгийг зөрчсөн гэж үзэж байна.

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, 189 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч М.Золбоо нь үнэлгээний компанид хандан үнэлгээчин томилж хөрөнгийг үнэлүүлэх гэж байгаа талаар нэхэмжлэгч надад мэдэгдээгүй. Мөн хөрөнгийн үнэлгээг хийхдээ хөрөнгийн өмчлөгч Э.Энхтайванаас үнийн санал аваагүй мөн түүнд мэдэгдэж, гэрийн эздийг хамт байлцуулалгүйгээр төлбөр авагч У.Гэсэрийн хамт хувийн сууцны хаалгыг эвдэн орж, үл хөдлөх хөрөнгийг битүүмжлэн, цоожны голыг сольж явсан. Үнэлгээний компаниар хөрөнгийн үнэлгээг хийлгүүлэхдээ газрын хамтаар үнэлгээг хийлгүүлсэн байна. Миний хувьд газрыг барьцаалаагүй бөгөөд зөвхөн хувийн сууцыг барьцаалсан юм.

Иймд хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хар усан тохой /13130/, Гачууртын зам 331 тоотод байршилтай, нийт 340,11 м.кв талбайтай, 2 давхар хувийн сууцыг газрын хамт 349,438,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгоно уу.

Х.Эийн барьцаалсан дээрх амьны орон сууцыг газрын хамтаар албадан дуудлага худалдаанд оруулсан байх тул 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдөр 349,438,000 төгрөгийн 70 хувь болох 244,606,600 төгрөгөөс дуудах анхны албадан дуудлага худалдаа, 349,438,000 төгрөгийн 50 хувь болох 174,719,000 төгрөгөөс дуудах хоёр дахь албадан дуудлага худалдааг тус тус хүчингүйд тооцуулахаар шаардаж байна.

 

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Золбоо шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Улсын Дээд шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 001/ХТ2018/01631 дугаар тогтоолоор Х.Эээс 129,930,172 төгрөгийг гаргуулж У.Гэсэрт олгохоор шийдвэрлэсэн.

Дээрх шийдвэрийг үндэслэн Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Х.Эийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2204024323 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хар усан тохой /13130/, Гачууртын зам 331 тоотод байршилтай 2 давхар хувийн сууц болон газрыг 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 158/01 дугаар битүүмжлэх тогтоолоор битүүмжлэн, 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 19260452/09 дугаар эд хөрөнгө хураах тогтоолоор хураасан.

Төлбөр төлөгч Х.Эээс Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үний санал авахад 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдөр үл хөдлөх хөрөнгийг 950,000,000 төгрөгөөр үнэлсэн. Барьцаа хөрөнгийн өмчлөгч Э.Энхтайваны оршин суугаа хаяг болох Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 60 дугаар байрны 19 тоотод удаа дараа очиход хүнгүй байсан тул зарлан дуудах мэдэгдэл үлдээж, 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 4/11547 дугаар хөрөнгийн үнийн санал өгөх мэдэгдлийг баталгаат шуудангаар хүргүүлсэн боловч хариу ирүүлээгүй. Иймд 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 188 дугаар тогтоолоор “Виннер Вэй” ХХК-ийг шинжээчээр томилж, үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг тогтоолгосон.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.10-т заасны дагуу барьцаа хөрөнгөд нэвтрэн орж хөрөнгийн үнэлгээг “Виннер Вэй” ХХК нь 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдөр 349,4383,000 төгрөгөөр үнэлсэн болохыг 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 4/14078 дугаар албан бичгээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудад мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар гомдол гаргах болон бие даан худалдан борлуулж болохыг анхааруулж тайлбарлан өгсөн.

Үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх хөрөнгийг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар үнэлгээчний тогтоосон үнэ болох 349,438,000 төгрөгийн 70 хувь болох 244,606,600 төгрөгөөр тооцон анхны албадан дуудлага худалдаанд 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдөр оруулсан боловч худалдан борлогдоогүй. Иргэний хуулийн 177 ду гаар зүйлийн 177.2-т зааснаар үнэлгээчний тогтоосон үнэ болох 349,438,000 төгрөгийн 50 хувь болох 174,719,000 төгрөгөөр тооцон хоёр дахь албадан дуудлага худалдаанд 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдөр оруулсан боловч худалдан борлогдоогүй байна.

Иймд үл хөдлөх хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулж төлбөр барагдуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу гэв.

 

Гуравдагч этгээд Э.Энхтайваны итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Давааравдан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Д.Эрдэнэчимэгээс гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь тухайн шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотойгоор нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэл гаргахдаа миний үйлчлүүлэгч Э.Энхтайваны эрхийг зөрсөн гэж үзэж байна. Хэргийн материалтай танилцахад шүүх хуралдаан дээр шийдвэр гүйцэтгэгч нь мэдэгдсэн гэж байгаа хэдий ч албан ёсоор дуудлага худалдаа явуулах үнэлгээ хийлгэсэн асуудлыг Э.Энхтайванд огт мэдэгдээгүй. Э.Энхтайван нь хөдөө ажилладаг. Өөрт нь болоод гэр бүлийхэнд нь мэдэгдсэн зүйл байдаггүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар хариуцагчаар тогтоогдсон этгээдэд буюу төлбөр төлөгчдөд заавал мэдэгдэж дуудлага худалдаа болон үнэлгээг тогтоосон байх ёстой. Одоо тогтоосон үнэлгээ ямар нэгэн хууль зүйн үндэслэлгүй байна. Уг үнэлгээнд 300,000,000 төгрөгөөр үнэлсэн боловч Э.Энхтайваны өөрийнх нь үнэлгээ анх баригдаж байхдаа  2000 гаруй ам доллараар үнэлэгдэж байсан. Иймээс одоо боломжгүй гэж үзэж байгаа. Мөн үнэлгээ болон дуудлага худалдаанд орох талаар харилцан мэдэгдэл өгөөгүй. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу харилцан тохиролцож тохиролцсон үнэлгээгээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар дуудлага дуудлага худалдаа зарлах боломжтой байсан боловч энэ тухай ямар нэгэн ажиллагаа хийгдээгүй шууд 70 хувиар үнэлж дуудлага худалдаа явагдсан.Энэ нь хууль зөрчсөн ажиллагаа бөгөөд гуравдагч этгээд Э.Энхтайваын эрх зөрчигдөж байна. Дуудлага худалдаа болон бусад шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой асуудлыг Э.Энхтайванд мэдэгдэж байж эрх ашиг нь хөндөгдөж байгаа эсэх нь тодорхой болно. Иймээс нэхэмжлэгчийн гаргаж байгаа нэхэмжлэл хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчид, гуравдагч этгээдийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

                                                                                           

Нэхэмжлэгч Х.Э нь хариуцагч Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах, анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу явагдсан гэж нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргаж байна.

Шүүх, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШШ2018/ 00899 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 1221 дүгээр магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх  хуралдааны 2018 оны 1631 дүгээр тогтоолоор, Х.Эээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 129,196,440 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 733,732 төгрөг тус тус гаргуулж У.Гэсэрт олгож, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Э.Энхтайваны өмчлөлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хар усан тохой /13130/, Гачууртын зам-331 тоот хаягт байрлах хувийн сууцны зориулалттай 340,11 м.кв талбайтай Ү-2204024323 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШШ2018/ 00899 дүгээр шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудас 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр бичигдэн гарч, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 02 дугаар сарын 13-ны 19260482 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн явуулж, шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг төлбөр төлөгч Х.Э, Э.Энхтайван нарт 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр мэдэгдэж, 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Төлбөр төлөгчийн хөрөнгийн мэдүүлгийг бүрдүүлж, шийдвэр гүйцэтгэгч тэмдэглэл үйлдсэн, шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдөр төлбөр төлөгчид дахин хүргүүлсэн, 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцан данс битүүмжилж, хасалт хийх тухай 19260482/158 дугаар тогтоол гарсан, төлбөр төлөгч нь төлбөр төлөх хугацаа тогтоосон хүсэлтийг 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргасан, мөн өдрийн 19260482/158-1 дугаартай тогтоолоор төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах дансыг битүүмжлэлээс чөлөөлсөн, 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 158/01 дугаартай актаар төлбөр төлөгчийн биед болон эд хөрөнгөд үзлэг, нэгжлэг хийсэн, шийдвэр гүйцэтгэгч тэмдэглэл хөтөлсөн, шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг мөн өдөр дахин өгсөн, Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хар усан тохой /13130/, Гачууртын зам-331 тоот хаягт байрлах хувийн сууцны зориулалттай 340,11 м.кв талбайтай Ү-2204024323 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийг 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 158/01 дугаар тогтоолоор битүүмжилж, мөн оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 19260452/09 дугаар тогтоолоор хураан авч, тэмдэглэл үйлдсэн, шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдөр дахин өгсөн байна.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 4/11547 дугаартай Мэдэгдлийг төлбөр төлөгч Х.Эт өгч, Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хар усан тохой /13130/, Гачууртын зам-331 тоот хаягт байрлах хувийн сууцны зориулалттай 340,11 м.кв талбайтай Ү-2204024323 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн үнийг өмчлөгч, төлбөр авагч нартай харилцан тохиролцож тогтоон 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн дотор шийдвэр гүйцэтгэгчид мэдэгдэхийг төлбөр төлөгчид мэдэгджээ.

Төлбөр төлөгч Х.Э нь тогтоосон хугацаанд шийдвэр гүйцэтгэгчид хариу мэдэгдэж, дээрх үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнийг 950,000,000 төгрөгөөр үнэлж буйгаа илэрхийлжээ.

Үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч Э.Энхтайваны бүртгэлтэй хаяг болох Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 60 дугаар байрны 19 тоот хаягаар мэдэгдэл хүргэхэд, тухайн айлд бага насны хүүхэд гаднаасаа цоожтой, том хүн байхгүй гэх хариу өгсөн, төлбөр авагчийн хүсэлтэд дурдагдсан 99059799 дугаарт холбогдоход Э.Энхтайваны дүү нь гэх хүн утсыг авч, Э.Энхтайваныг Сүхбаатар аймаг руу тэмцээнд явсан гэх хариу хэлсэн, Э.Энхтайваныг зарлан дуудах 189/01 тоот мэдэгдлийг тухайн тоот хаалганд нааж үлдээсэн, дээрх хаягт 2019 оны 5 дугаар 29-ний өдөр хүн байгаагүй тул мөн өдрийн 19260482/05 дугаар мэдэгдлийг хаалган дээр нааж үлдээснийг шийдвэр гүйцэтгэгч тэмдэглэн авсан нь хэрэгт хавсаргагдсан.

Төлбөр төлөгч, төлбөр авагч болон үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч Э.Энхтайван нар нь үл хөдлөх эд хөрөнгийн үнийг харилцан тохиролцоогүй байх бөгөөд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 188 дугаар тогтоолоор Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хар усан тохой /13130/, Гачууртын зам-331 тоот хаягт байрлах хувийн сууцны зориулалттай 340,11 м.кв талбайтай Ү-2204024323 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тогтоолгохоор “Виннэр Вэй” ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээч 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн Ш-06/04 дугаартай дүгнэлтийг гаргаж, мөн өдрөө шийдвэр гүйцэтгэгчид хүлээлгэн өгчээ.

Шинжээч “Виннэр вэй” ХХК-ийн 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хар усан тохой /13130/, Гачууртын зам-331 тоот хаягт байрлах хувийн сууцны зориулалттай 340,11 м.кв талбайтай Ү-2204024323 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийг 349,438,000 төгрөг болохыг тодорхойлсон байх бөгөөд Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 4/14078 дугаартай “Мэдэгдэл”-ийг төлбөр төлөгч Х.Э болон төлбөр авагч У.Гэсэр, өмчлөгч Э.Энхтайван нарт хүргүүлж, шинжээчийн дүгнэлтээр тогтоосон үнэлгээг мэдэгдсэн, өмчлөгч Э.Энхтайваныг зарлан дуудах 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 189/10 тоот мэдэгдлийг Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 60 дугаар байрны 19 тоот хаягт хаалган дээр наасан тэмдэглэл хэрэгт авагдсан.

Хуулийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэх ажиллагааны хүрээнд шийдвэр гүйцэтгэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.9-т заасан ажиллагааг явуулах бүрэн эрхтэй бөгөөд төлбөр төлөгч, төлбөр авагч нар үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний талаар тохиролцоогүй байх тул мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.2.2-т зааснаар шийдвэр гүйцэтгэх тодорхой ажиллагаа явуулж хөрөнгийн үнэлгээг тогтоолгосон ажиллагаа нь хууль зөрчөөгүй, нэхэмжлэгчийн хөрөнгийг үнэгүйдүүлсэн гэж үзэх үндэслэл хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

Шийдвэр гүйцэтгэгч нь барьцаа хөрөнгийн албадан дуудлага худалдаанд оруулах саналыг 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдөр гаргаж, Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 7/28 дугаартай тогтоол гарч, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үнэлгээчний тогтоосон үнэ болох 349,438,000 төгрөгийн 70 хувь болох 244,606,600 төгрөгөөр тооцон 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 10 цаг 00 минутад товлож, уг тогтоолыг 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 4/14730 дугаартай мэдэгдлээр төлбөр төлөгч болон төлбөр авагч, өмчлөгч нарт мэдэгджээ.

Анхны албадан дуудлага худалдаагаар үнийн санал гараагүй буюу барьцаа хөрөнгө худалдан борлогдоогүйгээс 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 8/19 дугаартай тогтоолоор хоёр дахь албадан дуудлага худалдаа явууулахаар тогтож, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үнэлгээчний тогтоосон үнэ болох 349,438,000 төгрөгийн 50 хувь болох 174,719,000 төгрөгөөр тооцон албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоож 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 10 цаг 00 минутад товлож, уг тогтоолыг 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 4/16200 дугаартай мэдэгдлээр төлбөр төлөгч болон төлбөр авагч, өмчлөгч нарт мэдэгджээ.

Дээрх ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.2, 66.3, 69 дүгээр зүйлийн 69.1, 72 дугаар зүйлийн 72.1-д тус тус заасантай нийцсэн байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 12 дугаар зүйлийн 12.1-д тус тус заасныг баримтлан, хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох, Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хар усан тохой /13130/, Гачууртын зам-331 тоот хаягт байрлах хувийн сууцны зориулалттай 340,11 м.кв талбайтай Ү-2204024323 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийг 349,438,000 төгрөгөөр үнэлсэн, шинжээч “Виннэр Вэй” ХХК-ийн 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн Ш-06/04 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайланг хүчингүй болгуулах, дээрх үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 10 цаг 00 минутад товлогдсон анхны албадан дуудлага худалдаа, 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдааг тус тус хүчингүйд тооцуулах Х.Эийн нэхэмжлэлийг бүхэлд  нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.УНДРАА