Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 122

 

Ч.Б-ийн нэхэмжлэлтэй                                                                                               иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Отгонцэцэг             даргалж, шүүгч Д.Байгалмаа, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 102/ШШ2019/03142 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Ч.Б-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч НШШГГ-т холбогдох

Үнэлгээ болон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Болоржаргалын гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Болоржаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунсүрэн, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Улаанбаатар гурил” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

Нэхэмжлэгч Ч.Б- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 06732 дугаар захирамжаар Ч.Б-ээс 561.499.250 төгрөг гаргуулж “Улаанбаатар гурил” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн, уг шийдвэрийн дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2019 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр эд хөрөнгө битүүмжлэх 18251018/02 дугаар тогтоол, мөн өдрийн эд хөрөнгө хураах тухай 18251018/03 дугаартай тогтоол, 2019 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 65 дугаартай шинжээч томилох тухай тогтоолыг үйлдсэн, шинжээч “Мөнх-Оргил Трейд” ХХК-иас 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдөр 25/Ш дугаартай шинжээчийн дүгнэлт ирүүлснийг 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдөр мэдэгдсний дагуу 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдөр гүйцэтгэх баримт бичигтэй танилцаж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар нэхэмжлэл гаргаж байна.НШШГГ- нь 2019 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр эд хөрөнгө битүүмжлэх тухай, эд хөрөнгө хураах тухай тогтоолыг нэг өдөр үйлдсэн нь хууль зөрчсөн бөгөөд миний хөрөнгөд зах зээлийн үнэлгээг хийлгэхдээ талуудаас Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасан журмын дагуу үнийн санал аваагүй бөгөөд үнийн саналыг талуудаас авч, хэрэв харилцан тохиролцоогүй бол хөндлөнгийн шинжээч томилох байсан. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 50 дугаар зүйл болон 76 дугаар зүйлд заасан бусад ажиллагааг хийгээд уг төлбөр нь хүрэлцэхгүй бол үнэлгээ хийлгэх байжээ. Иймээс Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Ч.Б-ийн өмчлөлийн Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр баг, Аюушийн 1/1-д байрлах үйлчилгээний зориулалттай 380 м.кв нэг давхар барилга, 96 метр квадрат агуулах, 948 м.кв газар зэрэгт үнэлгээ хийлгэх тогтоол болон хөндлөнгийн байгууллагын хийсэн үнэлгээ, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунсүрэн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 6732 дугаар шүүгчийн захирамжаар 561.499.250 төгрөгийг төлбөр төлөгчөөс гаргуулж “Улаанбаатар гурил” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байхад Ч.Б-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн 7131029 дугаарт бүртгэлтэй Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр баг, Аюушийн 1 тоотод байрлах 0713003452 дугаар бүртгэлтэй үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, газрын хамт битүүмжлэн хураах хүсэлт гаргасны дагуу эд хөрөнгийн битүүмжлэн хурааж, албадан дуудлага худалдааг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч нараас үнийн санал авахад Ч.Б- нь үнийн санал өгөөгүй тул шинжээч томилж 460.150.000 төгрөгөөр үнэлэгдсэнийг 2019 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр мэдэгдсэн. Ч.Б- нь үнийн санал аваагүй гэж тайлбарлаж байгаа боловч 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар гурил ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Эрдэнэ, Ч.Б- нар нь нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчтэй байлцаж нэг сарын хугацаанд дээрх хөрөнгийг 450.000.000-500.000.000 төгрөгт худалдан борлуулна, хэрвээ нэг сарын хугацаа өнгөрвөл дахин ирж үнийн санал өгнө гэж тодорхойлолт гаргаж өгсөн байдаг. Тухайн 1 сарын хугацаанд үл хөдлөх эд хөрөнгө нь худалдан борлогдоогүй бөгөөд 2 сар өнгөрсөн тул шинжээч томилсон. Мөн Ч.Б- нь Дорноговь аймгийн хөрөнгийг түрүүлж дуудлага худалдаанд оруулсан, бусад хөрөнгөд ажиллагаа явуулаагүй гэж байна, 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдөр эд хөрөнгийн мэдүүлгийг НШШГГ-т гаргаж өгсөн. Энэ эд хөрөнгийн мэдүүлэгт өөр эд хөрөнгө байхгүй уг эд хөрөнгийг худалдаж борлуулж төлбөрөө төлнө гэсэн байдаг. Одоо байгаа эд хөрөнгүүдийн жагсаалт дээр Дорноговь аймаг, Орхон аймгийн хөрөнгүүдийг жагсааж бичсэн ба Дорноговь аймгийн хөрөнгийг түрүүлж дуудлага худалдаанд оруулна гэсэн хүсэлтийг гаргасан. Тухайн хүсэлтийн дагуу уг хөрөнгийг худалдан борлуулсан. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ч.Б- нь тэтгэвэрт байдаг бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар арилжааны банкин дахь дансуудыг хаасан байсан. НШШГГ-т хүсэлт гаргасны дагуу тэтгэврийн дансыг нээсэн. Нотлох баримтад 2019 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр Ч.Б- нь Дорноговь аймгийн Сайншанд суманд байрлах үл хөдлөх хөрөнгийг газрын хамт битүүмжилж, хураах ажиллагааг нэг дор хийж өгнө үү гэх хүсэлтийг эх хувиар нь хавсаргасан. Мөн Ч.Б- нь “Улаанбаатар Гурил” ХХК-тай харилцан тохиролцож нэг сарын хугацаанд аль аль нь худалдан борлуулна, нэг сарын дараа өөрөө ирж үнийн саналаа өгнө гэх хүсэлт эх хувиараа байгаа, тохирсон хугацаа дуусаж тухайн эд хөрөнгө худалдан борлогдоогүй бөгөөд 2 сарын дараа шинжээч томилогдсон, энэ хугацаанд мөн л үнийн саналаа ирүүлээгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хэвийн явуулах нөхцөл боломжоор хангаж өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Улаанбаатар гурил” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Эрдэнэ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ч.Б-тэй “Улаанбаатар гурил” ХХК нь 20 гаруй жилийн хугацаанд хамтран ажиллаж байгаа, Ч.Б- нь 2017 оны 7 дугаар сард нийт 2 удаа 500.000.000 орчим төгрөгийн худалдан авалт хийсэн, тухайн төлбөрийг төлөхгүй байсан учраас 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн тус шүүхийн 06732 шүүгчийн захирамжаар 561.499.250 төгрөгийг Ч.Б-ээс “Улаанбаатар гурил” ХХК-д гаргуулахаар шийдвэрлэсэн, эвлэрлийн гэрээ болон шүүгчийн захирамжийг Ч.Б- нь гүйцэтгэхгүй байсан учир шүүхэд хандан гүйцэтгэх хуудас бичүүлж шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хандсан, ажиллагааны явцад төлбөр авагч болох “Улаанбаатар гурил” ХХК-иас Ч.Б-ийн өмчлөлийн 7 хөрөнгийг удаа дараа дуудлага худалдаанд оруулж, үнэлгээ хийлгэж компанийн хохирол барагдуулахыг шаардаж байсан, 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр шийдвэр гүйцэтгэгч, төлбөр төлөгч Ч.Б-, “Улаанбаатар гурил” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар уулзаж Ч.Б- нь өөрийн өмчлөлийн Дорноговь аймагт байрлах хоёр үл хөдлөх, нэг газрыг сайн дураар зарж борлуулах хугацаа авсан байдаг. Тухайн нэг сарын хугацаанд зарж борлуулаагүй тохиолдолд дуудлага худалдаагаар борлуулна гэх тохиролцоо хийсэн, тухайн тохиролцоонд Ч.Б- нь өөрийн хөрөнгийг 450.000.000-500.000.000 төгрөгөөр үнэлж байсан, тохирсон нэг сарын хугацаа өнгөрч Ч.Б-д эд хөрөнгө үнэлүүлэхээр мэдэгдэл хүргүүлэхэд хариу өгөөгүй. Иймд хөрөнгийн үнэлгээний компаниар тухайн хөрөнгийг үнэлүүлсэн ба үнэлгээ нь 460.000.000 төгрөг болсон байдаг. Ч.Б- нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84 дүгээр зүйлд заасны дагуу барьцаа хөрөнгөөр бус бусад хөрөнгөөр ажиллагаа хийлгүүлнэ гэх шаардлага гаргасан байна. Анхнаасаа “Улаанбаатар гурил” ХХК эвлэрүүлэн зуучлагч болон шүүхэд хандан хэргийг хянан шийдвэрлүүлэхдээ барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэл хангуулах бус, мөнгөн хэлбэрээр нэхэмжлэлийн шаардлагаа авах сонирхолтой байсан. Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороололд байрлах 3 өрөө байраар нэхэмжлэлийн шаардлагыг хангуулахгүйгээр мөнгөн хэлбэрээр төлж барагдуулахаар шийдвэр гаргуулсан. Ч.Б- нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хөрөнгийг битүүмжлэх болон хураах ажиллагааг нэг өдөр үйлдсэн нь хууль зөрчсөн гэж тайлбарлаж байна. Ч.Б- нь Улаанбаатар хотод оршин суудаг, өмч хөрөнгө байрлах Дорноговь аймгийн Сайншанд сум хүртэл ирж очиход хүндрэлтэй байдаг гэх үндэслэлээр тухайн тогтоолыг нэг дор 2019 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр гаргуулсан. Тухайн хүсэлтийн дагуу 2 дугаартай тогтоолоор эд хөрөнгийг битүүмжилж, хураасан байгаа. “Мөнх-Оргил Трейд” ХХК-ийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас томилоход “Улаанбаатар гурил” ХХК-иас хөрөнгийн үнэлгээг хурдан шуурхай гаргуулахын тулд шинжээчийн зардлыг гаргасан. Би хамт явж тухайн объектын нөхцөл байдалтай танилцаж ямар объект тухайн үед зарагдаж байгааг үзсэн. Үнэлгээнээс харахад ямар барилгатай, яаж харьцуулалт хийсэн нь харагдахгүй байна гэж байна. Яг тухайн объект нь төв зам дагуу байдаг бөгөөд 1 км орчим зайд байрлах ижил төрлийн үйл ажиллагаа явуулж буй үл хөдлөх хөрөнгүүдтэй харьцуулалт хийсэн байдаг. “Мөнх-Оргил Трейд” ХХК-ийн гаргасан шинжээчийн дүгнэлт нь хуульд нийцсэн, харьцуулалтын аргыг зөв ашигласан үзэж байна. Тухайн хөрөнгийг үнэлсэн “Мөнх-Оргил Трейд” ХХК-ийн үнэлгээ хуульд нийцсэн учир хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 177 дугаар зүйлийн 177.1-т заасныг баримтлан Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр баг, Аюушийн 1 тоотод байрлах үйлчилгээний зориулалттай 380 м.кв талбайтай барилга, 96 м.кв талбайтай агуулах, 948 м.кв талбайтай газар зэргийг 460 150 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг болон хариуцагч байгууллагын 2019 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 65 тоот шинжээч томилох тогтоолыг хүчингүй болгохыг хүссэн Ч.Б-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Ч.Б-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар Ч.Б-ээс 1 000 000 төгрөгийг гаргуулан “Хөрөнгийн Үнэлгээний Төв” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Болоржаргал давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Ч.Б- нь 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр НШШГГ-т гаргасан тодорхойлолтод өөрийн өмчлөлийн хөрөнгөө шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах явцад 1 сарын хугацаанд зарж борлуулахаар тохиролцож, энэ хугацаанд зарагдахгүй бол шийдвэр гүйцэтгэх газраар үнэлгээ хийлгэж, дуудлага худалдаанд оруулах болвол өөрөө дахин өөр үнийн санал хэлнэ... гэсэн байдаг. Гэвч 1 сарын хугацаанд хөрөнгө зарагдаагүй тул дээрх тодорхойлолтод бичсэний дагуу шийдвэр гүйцэтгэх газраас хөрөнгийг дуудлага худалдаанд оруулахдаа Ч.Б-ээс дахин үнийн санал авах ёстой байсан. Гэтэл дахин огт үнийн санал аваагүй байхад шуүхээс үнийн санал аваагүй гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад "Мөнх-Оргил трейд'' ХХК-ийн 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 25/Ш дугаартай шинжээчийн дүгнэлтээр үл хөдлөх хөрөнгийг зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн тул дахин шинжээч томилуулах хүсэлт гаргасны дагуу шүүхээс "Хөрөнгийн үнэлгээний төв" ХХК-ийг шинжээчээр томилсон. “Хөрөнгийн үнэлгээний төв" ХХК-ийн 2013 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 347 дугаартай шинжзэчийк дүгнэлтээр үл хөдлөх эд хөрөнгийг 505.800.000 гөгрөгөөр үнэлсэн бөгөөд уг үнэлгээгээр "Мөнх-Оргил трейд" ХХК нь хөрөнгийг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн болох нь илт харагдаж байхад шүүх энэ үйл баримтад дүгнэлт өгсөнгүй. Дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, хэрэгт авагдсан нотлох баримтуудад үнэлэлт дүгнэлт өгч шинжээч томилсон тогтоол болон үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Ч.Б- нь хариуцагч НШШГГ-т холбогдуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Ч.Б-ийн өмчлөлийн эд хөрөнгийг битүүмжлэх, хураах тогтоолыг нэг өдөр үйлдэж хууль зөрчсөн, мөн үнийн санал аваагүй байж шинжээч томилж, дүгнэлт гаргуулсан, улмаар хөрөнгийг зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэн гэж үнэлгээ хийлгэх тогтоол болон үнэлгээг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 102/ШЗ2018/06732 дугаар захирамжаар Ч.Б- нь “Улаанбаатар гурил” ХХК-д 561.499.250 төгрөгийг 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд хуваарийн дагуу төлөхөөр зохигчид эвлэрснийг баталгаажуулсан байна. \хх-ийн 29\

“Улаанбаатар гурил” ХХК нь Ч.Б- шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул албадан гүйцэтгүүлэх хүсэлт гаргасныг үндэслэн Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 102/ШЗ2018/07720 дугаартай шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, шүүхийн 2018 оны 556 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдэж НШШГГ-т хүргүүлсэн  байна./хх 27,28/

 

НШШГГ- Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т заасны дагуу 2019 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр 18251018/01 дугаар Шийдвэр гүйцэтгэгчийн даалгавар бичиж, 23 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 18251018\02 тоот тогтоолоор төлбөр төлөгчийн өмчлөлийн Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр баг, Аюушийн 1 тоотод байрлах үйлчилгээний зориулалттай 380 м.кв талбайтай барилга, 96 м.кв талбайтай агуулах, 948 м.кв талбайтай эзэмших эрхийн гэрчилгээтэй газрыг тус тус битүүмжилж, 2019 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 18251018\03 тоот тогтоолоор хураажээ. /хх-ийн 44-47 /

 

Төлбөр төлөгч Ч.Б-ийн “... би Улаанбаатар хотоос өнөөдөр ирсэн, надад орлогын эх үүсвэр байхгүй учраас дахин дахин ирж очих ажиллагаанд оролцох боломжгүй байгаа тул битүүмжлэх, хураах үйл ажиллагааг нэгэн дор хийж гүйцэтгэж өгнө үү...” гэсэн /хх 131/ хүсэлтийн дагуу хийсэн дээрх ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49, 54 дүгээр зүйлд заасан журмыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй болно.

 

Мөн төлбөр төлөгч Ч.Б-ээс НШШГГ-т “...шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах явцад 1 сарын хугацаанд би дээрх хөрөнгийг 450.000.000-аас 500.000.000 төгрөгөөр зарж борлуулахаар харилцан тохиролцов.. Энэ хугацаанд зарагдахгүй болоод үнэлгээ хийлгэж дуудлага худалдаанд оруулах болвол өөр үнийн санал хэлнэ...” гэж тодорхойлолт гаргасан боловч дахин  үнийн саналаа  гаргаж өгөөгүй, төлбөр авагч “Улаанбаатар гурил” ХХК нь төлбөр төлөгчийн дээрх 3 хөрөнгийг 450.000.000-аас 500.000.000 төгрөгөөр үнэлж өр төлбөртөө өгч төлбөр барагдуулах саналыг хүлээн зөвшөөрөөгүй үйл баримт тогтоогдсон байх тул Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас “Мөнх-Оргил трейд” ХХК-ийг үнэлгээчнээр томилж, уг үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийг тогтоолгосон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт  тус тус заасныг зөрчөөгүй байна. /хх-ийн 9, 132-133, 49 /

Хөрөнгийн үнэлгээний “Мөнх-Оргил трейд” ХХК нь 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 25/Ш дугаар дүгнэлтээр Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр баг, Аюушийн 1 тоотод байрлах үйлчилгээний зориулалттай 380 м.кв талбайтай барилга, 96 м.кв талбайтай агуулах, 948 м.кв талбайтай газар бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 460.150.000 төгрөгөөр үнэлсэн, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар нь шинжээчийн үнэлсэн үнэлгээний 70 хувиар анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг 322.105.000 төгрөгөөр тогтоосон тухай мэдэгдлийг нэхэмжлэгчид хүргүүлсэн нь хуульд нийцжээ. /хх-ийн 50-65 /

Нэхэмжлэгч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт заасан хугацаанд шүүхэд дээрх үнэлгээг болон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан байх боловч хариуцагч байгууллага шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль зөрчиж явуулсан гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүйгээс гадна шинжээч өртгийн хандлага болон зах зээлийн харьцуулалтын аргыг хэрэглэсэн үндэслэлээ үнэлгээний тайланд тодорхой тусгагдсан ,  тухайн хөрөнгүүдийг зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэн гэж үзэх үндэслэлийг нэхэмжлэгч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна.

Иймд хариуцагч НШШГГ- дээрх  хөрөнгүүдийг үнэлгээчний тогтоосон үнийн 70 хувиар тооцож 322.105.000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт нийцэж байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 Харин анхан шатны шүүх Шүүхийн шийдвэрийн гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, Иргэний хуулийн  177 дугаар зүйлийн 177.1-т заасныг хэрэглээгүй тул  хууль хэрэглээний хувьд зөвтгөж шийдвэрт өөрчлөлт оруулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т  заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 102/ШШ2019/03142 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “55.1” гэснийг “55.7” гэж, “55.7” гэснийн дараа “Иргэний хуулийн” гэж нэмж  өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

         

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 А.ОТГОНЦЭЦЭГ           

                                                          ШҮҮГЧ                                 Д.БАЙГАЛМАА  

                                                                                                     Н.БАТЗОРИГ