Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 03142

 

 

 

 

 

2019 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 102/ШШ2019/03142

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн шүүхийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:Ч.Б-ын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: НШШГГт холбогдох

 

Үнэлгээ болон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай шаардлагатай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Болоржаргал, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунсүрэн, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Улаанбаатар Гурил ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Ундармаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 06732 дугаар захирамжаар Ч.Бээс 561 499 250 төгрөг гаргуулж Улаанбаатар Гурил ХХК-д олгохоор шийдвэрлэсэн, уг шийдвэрийн дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2019 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр эд хөрөнгө битүүмжлэх 18251018/02 дугаар тогтоол, мөн өдрийн эд хөрөнгө хураах тухай 18251018/03 дугаартай тогтоол, 2019 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 65 дугаартай шинжээч томилох тухай тогтоолыг үйлдсэн, шинжээч Мөнх-Оргил Трейд ХХК-иас 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдөр 25/Ш дугаартай шинжээчийн дүгнэлт ирүүлснийг 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдөр мэдэгдсний дагуу 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдөр гүйцэтгэх баримт бичигтэй танилцаж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар нэхэмжлэл гаргаж байна.НШШГГ нь 2019 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр эд хөрөнгө битүүмжлэх тухай, эд хөрөнгө хураах тухай тогтоолыг нэг өдөр үйлдсэн нь хууль зөрчсөн бөгөөд миний хөрөнгө болох Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр баг, Аюушийн 1/1-д байрлах үйлчилгээний зориулалттай 380 метр квадрат нэг давхар барилга, 96 м.кв агуулах, 948 м.кв газар зэргийн зах зээлийн үнэлгээг хийлгэхдээ талуудаас Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасан журмын дагуу үнийн санал аваагүй бөгөөд үнийн саналыг талуудаас авч, хэрэв харилцан тохиролцоогүй бол хөндлөнгийн шинжээч томилох байсан.Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1-т заасны дагуу ...төлбөр төлөгчийн хөрөнгө гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг гүйцэтгэхэд хүрэлцэхгүй бол түүний өмчлөлийн бусдад барьцаалсан хөрөнгөөс төлбөр гаргуулна... гэснийг зөрчсөн бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 50 дугаар зүйл болон 76 дугаар зүйлд заасан бусад ажиллагааг хийгээд уг төлбөр нь хүрэлцэхгүй бол үнэлгээ хийлгэх байжээ.Иймээс Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Ч.Бийн өмчлөлийн Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр баг, Аюушийн 1/1-д байрлах үйлчилгээний зориулалттай 380 м.кв нэг давхар барилга, 96 метр квадрат агуулах, 948 м.кв газар зэрэгт үнэлгээ хийлгэх тогтоол болон хөндлөнгийн байгууллагын хийсэн үнэлгээ, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Тус шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 6732 дугаартай талуудын эвлэрлийг баталсан шүүгчийн захирамжаар Ч.Бээс 561.499.250 төгрөг гаргуулж Улаанбаатар Гурил ХХК-д олгохоор шийдвэрлэсэн, уг шүүгчийн захирамжийн дагуу нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа 2019 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр эд хөрөнгө битүүмжлэх тогтоол болон эд хөрөнгө хураах тогтоол гаргасан.Мөн 2019 оны 2 дугаар сарын 21-ний өдөр 65 дугаартай шинжээч томилох тухай тогтоол гарч Мөнх-Оргил трейд ХХК-г шинжээчээр томилсон.Тус компаниас 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 25/Ш дугаартай шинжээчийн дүгнэлт ирүүлсэнийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн албан мэдэгдлээр мэдэгдсэний дагуу 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн гүйцэтгэх баримт бичигтэй төлбөр төлөгч Ч.Б танилцсан.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахдаа 2019 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоол болон эд хөрөнгө хураах тогтоолыг нэг өдөр гаргасан нь хууль зөрчсөн гэж үзэж байна.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Ч.Бийн өмчлөлийн Дорноговь аймгийн Сайншанд сум, 1 дүгээр багт 380 м.кв талбаатай, үйлчилгээний зориулалттай 1 давхар барилга, 96 м.кв агуулах, 948 м.кв газарт зах зээлийн үнэлгээ хийхдээ Иргэний хуулийн 177 дугаар зүйлд заасны дагуу үнийн санал аваагүй, харилцан тохиролцох ажиллагаа хийгээгүй байдал нь хууль зөрчсөн гэж үзэж байна.Мөнх-Оргил Трейд ХХК-иас хөрөнгийн үнэлгээ хийхдээ зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн гэж үзэж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухайн хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3-т барьцаалагч болон төлбөр авагч нь нэг этгээд бол төлбөр төлөгчид өөр эд хөрөнгө байгаа эсэхээс үл хамааран барьцааны хөрөнгөөс төлбөрийг суутгана гэх хуулийн заалтыг зөрчиж Ч.Бийн бусад хөрөнгөөс түрүүлж ажиллагаа хийсэн нь хууль зөрчсөн гэж үзэж байгаа тул шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.Эд хөрөнгө битүүмжлэх болон хураах тогтоолыг нэг өдөр гаргах хүсэлтийг Ч.Б өөрөө гаргасан гэж байна.Энэ тухай баримт болон үнийн санал авах ажиллагаа хийсэн талаарх баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна. Мөнх-Оргил Трейд ХХК-иас 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 25 дугаартай шинжээчийн дүгнэлт гаргахдаа тухайн үл хөдлөх хөрөнгийг зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн байдаг.Тухайн компани үнэлгээ хийх журам болон стандарт зөрчсөн учир хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад манай талаас дахин шинжээч томилуулах хүсэлт гаргасан.Уг саналыг шүүхээс хүлээн авч Хөрөнгийн Үнэлгээний Төв ХХК-ийг шинжээчээр томилсон ба уг төвийн 2019 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 347 дугаартай дүгнэлтээр уг хөрөнгийг 505.800.000 төгрөгөөр үнэлсэн бөгөөд энэ нь хуульд нийцсэн шинжээчийн дүгнэлт мөн гэж үзэж байна.Мөнх-Оргил Трейд ХХК-ийн гаргасан үнэлгээ нь нэгдүгээрт тухайн эд хөрөнгийг тэс өөр объекттэй харьцуулж гаргасан байсан.Үнэлгээ хийсэн тухайн үл хөдлөх эд хөрөнгө нь төв зам дагуу, үйлчилгээний зориулалттай байтал хэдэн оны ямар барилгатай харьцуулсан нь тодорхойгүй харагдаж байна.Мөн шинжээчийн дүгнэлт дээр хоёр шинжээч үнэлгээ хийсэн тухай дурдсан байна.Тухайн шинжээч нарт эрх үүрэг танилцуулсан баримт байдаг ч нэг шинжээчид эрх үүрэг танилцуулсан баримт байдаггүй ба зөвхөн нэг шинжээчид эрх үүрэг тайлбарласан харагдаж байна.Тухайн үнэлгээний тайлан нь эд хөрөнгийг хэт доогуур үнэлсэн гэдэг нь сүүлд хийсэн шинжээчийн дүгнэлтээс харагдаж байгаа тул эд хөрөнгийн үнэлгээ тайлан, шинжээчийн дүгнэлтийг хүчингүй болгож өгнө үү.Мөн шинжээч томилсон тогтоол нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийг зөрчсөн учир хүчингүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.Эд хөрөнгө битүүмжлэх болон хураах тогтоолыг нэг өдөр гаргах хүсэлтийг Ч.Б өөрөө гаргасан гэж байна.Энэ тухай баримт болон үнийн санал авах ажиллагаа хийсэн талаарх баримт хавтаст хэрэгт авагдаагүй байгаа.Нэхэмжлэгч нь үнэлгээ хийлгэх тогтоол болон үнэлгээг хүчингүй болгохыг л шийдвэр гүйцэтгэх ажиллагаа гэж хэлж байгаа юм гэв.

 

Хариуцагч НШШГГ шүүхэд гаргасан тайлбартаа:Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 102/ШЗ2018/06732 дугаар захирамжаар Ч.Бээс 561 499 250 төгрөгийг гаргуулан Улаанбаатар гурил ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.Төлбөр төлөгч Ч.Бийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Y-0713001029 дугаарт бүртгэлтэй Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр баг, Аюушийн 1 тоот, Y-0713003452 дугаарт бүртгэлтэй үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн нэгж талбарын 4410082671 дугаарт бүртгэлтэй Сайншанд сумын 1 дүгээр баг, Аюушийн 1 тоот, 100 тоот эзэмших эрхтэй газар зэргийг битүүмжлэн хураах тогтоол үйлдэж албадан дуудлага худалдаанд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч нараас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул хөндлөнгийн шинжээч томилон 460 150 000 төгрөгөөр үнэлснийг 2019 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр мэдэгдсэн.Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хэвийн явуулах нөхцөл боломжоор хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 6732 дугаар шүүгчийн захирамжаар 561.499.250 төгрөгийг төлбөр төлөгчөөс гаргуулж Улаанбаатар Гурил ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байхад Ч.Бийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн 7131029 дугаарт бүртгэлтэй Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр баг, Аюушийн 1 тоотод байрлах 0713003452 дугаар бүртгэлтэй үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, газрын хамт битүүмжлэн хураах хүсэлт гаргасны дагуу эд хөрөнгийн битүүмжлэн хурааж, албадан дуудлага худалдааг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч нараас үнийн санал авахад Ч.Б нь үнийн санал өгөөгүй тул шинжээч томилж 460.150.000 төгрөгөөр үнэлэгдсэнийг 2019 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр мэдэгдсэн.Ч.Б нь үнийн санал аваагүй гэж тайлбарлаж байгаа боловч 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар Гурил ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Эрдэнэ, Ч.Б нар нь нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчтэй байлцаж нэг сарын хугацаанд дээрх хөрөнгийг 450.000.000-500.000.000 төгрөгт худалдан борлуулна, хэрвээ нэг сарын хугацаа өнгөрвөл дахин ирж үнийн санал өгнө гэж тодорхойлолт гаргаж өгсөн байдаг.Тухайн 1 сарын хугацаанд үл хөдлөх эд хөрөнгө нь худалдан борлогдоогүй бөгөөд 2 сар өнгөрсөн тул шинжээч томилсон.Мөн Ч.Б нь Дорноговь аймгийн хөрөнгийг түрүүлж дуудлага худалдаанд оруулсан, бусад хөрөнгөд ажиллагаа явуулаагүй гэж байна, 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдөр эд хөрөнгийн мэдүүлгийг НШШГГт гаргаж өгсөн.Энэ эд хөрөнгийн мэдүүлэгт өөр эд хөрөнгө байхгүй уг эд хөрөнгийг худалдаж борлуулж төлбөрөө төлнө гэсэн байдаг.Одоо байгаа эд хөрөнгүүдийн жагсаалт дээр Дорноговь аймаг, Орхон аймгийн хөрөнгүүдийг жагсааж бичсэн ба Дорновговь аймгийн хөрөнгийг түрүүлж дуудлага худалдаанд оруулна гэсэн хүсэлтийг гаргасан.Тухайн хүсэлтийн дагуу уг хөрөнгийг худалдан борлуулсан.Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.Ч.Б нь тэтгэвэрт байдаг бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар арилжааны банкин дахь дансуудыг хаасан байсан.НШШГГт хүсэлт гаргасны дагуу тэтгэврийн дансыг нээсэн.Нотлох баримтад 2019 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр Ч.Б нь Дорноговь аймгийн Сайншанд суманд байрлах үл хөдлөх хөрөнгийг газрын хамт битүүмжилж, хураах ажиллагааг нэг дор хийж өгнө үү гэх хүсэлтийг эх хувиар нь хавсаргасан.Мөн Ч.Б нь Улаанбаатар Гурил ХХК-тай харилцан тохиролцож нэг сарын хугацаанд аль аль нь худалдан борлуулна, нэг сарын дараа өөрөө ирж үнийн саналаа өгнө гэх хүсэлт эх хувиараа байгаа, тохирсон хугацаа дуусаж тухайн эд хөрөнгө худалдан борлогдоогүй бөгөөд 2 сарын дараа шинжээч томилогдсон, энэ хугацаанд мөн л үнийн саналаа ирүүлээгүй гэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Улаанбаатар Гурил ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Нэхэмжлэгч Ч.Бтэй Улаанбаатар гурил ХХК нь 20 гаруй жилийн хугацаанд хамтран ажиллаж байгаа, Ч.Б нь 2017 оны 7 дугаар сард нийт 2 удаа 500.000.000 орчим төгрөгийн худалдан авалт хийсэн, тухайн төлбөрийг төлөхгүй байсан учраас 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн тус шүүхийн 06732 шүүгчийн захирамжаар 561.499.250 төгрөгийг Ч.Бээс Улаанбаатар Гурил ХХК-д гаргуулахаар шийдвэрлэсэн, эвлэрлийн гэрээ болон шүүгчийн захирамжийг Ч.Б нь гүйцэтгэхгүй байсан учир шүүхэд хандан гүйцэтгэх хуудас бичүүлж шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хандсан, ажиллагааны явцад төлбөр авагч болох Улаанбаатар Гурил ХХК-иас Ч.Бийн өмчлөлийн 7 хөрөнгийг удаа дараа дуудлага худалдаанд оруулж, үнэлгээ хийлгэж компанийн хохирол барагдуулахыг шаардаж байсан, 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр шийдвэр гүйцэтгэгч, төлбөр төлөгч Ч.Б, Улаанбаатар Гурил ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар уулзаж Ч.Б нь өөрийн өмчлөлийн Дорноговь аймагт байрлах хоёр үл хөдлөх, нэг газрыг сайн дураар зарж борлуулах хугацаа авсан байдаг. Тухайн нэг сарын хугацаанд зарж борлуулаагүй тохиолдолд дуудлага худалдаагаар борлуулна гэх тохиролцоо хийсэн, тухайн тохиролцоонд Ч.Б нь өөрийн хөрөнгийг 450.000.000-500.000.000 төгрөгөөр үнэлж байсан, тохирсон нэг сарын хугацаа өнгөрч Ч.Бд эд хөрөнгө үнэлүүлэхээр мэдэгдэл хүргүүлэхэд хариу өгөөгүй.Иймд хөрөнгийн үнэлгээний компаниар тухайн хөрөнгийг үнэлүүлсэн ба үнэлгээ нь 460.000.000 төгрөг болсон байдаг.Ч.Б нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84 дүгээр зүйлд заасны дагуу барьцаа хөрөнгөөр бус бусад хөрөнгөөр ажиллагаа хийлгүүлнэ гэх шаардлага гаргасан байна.Анхнаасаа Улаанбаатар Гурил ХХК эвлэрүүлэн зуучлагч болон шүүхэд хандан хэргийг хянан шийдвэрлүүлэхдээ барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэл хангуулах бус, мөнгөн хэлбэрээр нэхэмжлэлийн шаардлагаа авах сонирхолтой байсан.Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороололд байрлах 3 өрөө байраар нэхэмжлэлийн шаардлагыг хангуулахгүйгээр мөнгөн хэлбэрээр төлж барагдуулахаар шийдвэр гаргуулсан. Ч.Б нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хөрөнгийг битүүмжлэх болон хураах ажиллагааг нэг өдөр үйлдсэн нь хууль зөрчсөн гэж тайлбарлаж байна.Ч.Б нь Улаанбаатар хотод оршин суудаг, өмч хөрөнгө байрлах Дорноговь аймгийн Сайншанд сум хүртэл ирж очиход хүндрэлтэй байдаг гэх үндэслэлээр тухайн тогтоолыг нэг дор 2019 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр гаргуулсан.Тухайн хүсэлтийн дагуу 2 дугаартай тогтоолоор эд хөрөнгийг битүүмжилж, хураасан байгаа.Мөнх-Оргил Трейд ХХК-г шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас томилоход Улаанбаатар Гурил ХХК-иас хөрөнгийн үнэлгээг хурдан шуурхай гаргуулахын тулд шинжээчийн зардлыг гаргасан.Би хамт явж тухайн объектын нөхцөл байдалтай танилцаж ямар объект тухайн үед зарагдаж байгааг үзсэн.Үнэлгээнээс харахад ямар барилгатай, яаж харьцуулалт хийсэн нь харагдахгүй байна гэж байна.Яг тухайн объект нь төв зам дагуу байдаг бөгөөд 1 км орчим зайд байрлах ижил төрлийн үйл ажиллагаа явуулж буй үл хөдлөх хөрөнгүүдтэй харьцуулалт хийсэн байдаг.Мөнх-Оргил Трейд ХХК-ийн гаргасан шинжээчийн дүгнэлт нь хуульд нийцсэн, харьцуулалтын аргыг зөв ашигласан үзэж байна.Тухайн хөрөнгийг үнэлсэн Мөнх-Оргил Трейд ХХК-ийн үнэлгээ хуульд нийцсэн учир хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтууд, талуудын тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.Б нь хариуцагч НШШГГт холбогдуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Ч.Бийн өмчлөлийн эд хөрөнгийг битүүмжлэх, хураах тогтоолыг нэг өдөр үйлдэж хууль зөрчсөн, мөн үнийн санал аваагүй байж шинжээч томилж, дүгнэлт гаргуулсан, улмаар хөрөнгийг зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэн гэж үнэлгээ хийлгэх тогтоол болон үнэлгээг хүчингүй болгох тухай шаардлагыг шүүхэд гаргасан байна.

 

Энэхүү нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг үзвэл албадан дуудлага худалдаагаар худалдаалагдах үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ болон хариуцагч байгууллагын 2019 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 65 тоот шинжээч томилох тогтоолыг зөвшөөрөөгүй агуулгатай байна.

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 102/ШЗ2018/06732 дугаар захирамжаар Ч.Б нь 561 499 250 төгрөгийг Улаанбаатар Гурил ХХК-д 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд төлж барагдуулахаар талуудын эвлэрснийг баталгаажуулж шийдвэрлэсэн байна./хх 29/

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 102/ШЗ2018/07720 дугаартай шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамжаар дээрх 102/ШЗ2018/06732 дугаартай шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэхээр шийдвэрлэж, 556 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдсэн байна./хх 27,28/

 

Шийдвэр гүйцэтгэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т заасны дагуу 2019 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр 18251018/01 дугаартай Шийдвэр гүйцэтгэгчийн даалгавар гаргаж, 2019 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр 18251018/02 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол болон 18251018/03 дугаартай Эд хөрөнгө хураах тогтоолоор төлбөр төлөгчийн Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр баг, Аюушийн 1 тоотод байрлах үйлчилгээний зориулалттай 380 м.кв талбайтай барилга, 96 м.кв талбайтай агуулах, 948 м.кв талбайтай газар зэргийг битүүмжлэн хураасан байна./хх 5-8/

 

Ч.Б Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 2019 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр гаргасан хүсэлтдээ Би Улаанбаатар хотоос өнөөдөр ирсэн, надад орлогын эх үүсвэр байхгүй учраас дахин дахин ирж очих ажиллагаанд оролцох боломжгүй байгаа тул битүүмжлэх, хураах үйл ажиллагааг нэгэн дор хийж гүйцэтгэж өгнө үү гэжээ./хх 131/

 

Шийдвэр гүйцэтгэгч нь Ч.Бийн эд хөрөнгийг битүүмжлэх болон хураах ажиллагаа явуулахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49, 54 дүгээр зүйлд заасан журмыг зөрчөөгүй байна.

 

Ч.Б нь 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр НШШГГт тодорхойлолт гаргахдаа Миний өмчлөлийн Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр баг, Аюушийн 1 тоотод байрлах үйлчилгээний зориулалттай 380 м.кв талбайтай барилга, 96 м.кв талбайтай агуулах, 948 м.кв талбайтай газар байна, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах явцад 1 сарын хугацаанд би дээрх хөрөнгийг 450-500 сая төгрөгөөр зарж борлуулахаар харилцан тохиролцов, энэ хугацаанд зарагдахгүй болоод шийдвэр гүйцэтгэх газраар үнэлгээ хийлгэж, дуудлага худалдаанд оруулах болбол би өөрөө ахин өөр үнийн санал хэлнэ... /хх 132-133/ гэснээс үзэхэд нэхэмжлэгчийн Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасан журмын дагуу үнийн санал аваагүй гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Шийдвэр гүйцэтгэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42.1-т зааснаар 2019 оны 2 дугаар сарын 21-ний өдөр 65 дугаартай шинжээч томилох тухай 65 дугаартай тогтоолоор Мөнх Оргил Трейд ХХК-ийг шинжээчээр томилсон байх бөгөөд Мөнх Оргил Трейд ХХКомпани нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасан журмын дагуу хөрөнгийг үнэлсэн байх тухайн хөрөнгүүдийг зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Иймд Ч.Бийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Мөн Ч.Бээс шинжээчийн зардлын 1 000 000 төгрөгийг гаргуулан Хөрөнгийн Үнэлгээний Төв ХХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 177 дугаар зүйлийн 177.1-т заасныг баримтлан Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр баг, Аюушийн 1 тоотод байрлах үйлчилгээний зориулалттай 380 м.кв талбайтай барилга, 96 м.кв талбайтай агуулах, 948 м.кв талбайтай газар зэргийг 460 150 000 /дөрвөн зуун жаран сая нэг зуун тавин мянган/ төгрөгөөр үнэлсэн үнэлгээг болон хариуцагч байгууллагын 2019 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 65 тоот шинжээч томилох тогтоолыг хүчингүй болгохыг хүссэн Ч.Бийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Ч.Бийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар Ч.Бээс 1 000 000 /нэг сая/ төгрөгийг гаргуулан Хөрөнгийн Үнэлгээний Төв ХХК-д олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигчид, тэдний төлөөлөгч нар гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН